| Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Ганчимэг |
| Хэргийн индекс | 126/2018/0006/З |
| Дугаар | 00012 |
| Огноо | 2019-04-15 |
| Маргааны төрөл | Газар, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 00012
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
П.Ж-ын нэхэмжлэлтэй,
Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдох “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/141 тоот захирамжийн өөрт хамаарах хэсэг болох нэгж талбарын 21070032 дугаар бүхий 150 м2 газарт хамаарах хэсгийг хүчингүй болгуулах, нэгж талбарын 21070032 дугаар бүхий 150 м2 газрыг иргэн П.Ж-д эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах”,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргад холбогдох “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 136 тоот “Газар эзэмших гэрээ, гэрчилгээ шинэчлэх тухай” захирамжийн өөрт хамаарах хэсэг болох нэгж талбарын 21070032 дугаар бүхий 150 м2 газарт хамаарах хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга О.Ө, нэхэмжлэгч П.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.У, хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, Мөрөн сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь;
Нэхэмжлэгч П.Ж, түүний өмгөөлөгч А.У нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие П.Ж 1998 оноос 2013 оныг хүртэл анх Хаан даатгал нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байсан Түшиг даатгал ХХК-ийн Хөвсгөл аймаг дахь салбарт /2009 онд Соёмбо даатгал нэртэй болсон/ 15 жил жолоочоор ажилласан юм.
Намайг ажиллаж байх үед Соёмбо даатгал ХХК нь миний ажлын цалин хөлсийг өгч чадахаа байж арга буюу тухайн үед актлагдсан байсан тус компанийн хөрөнгө болох 21070032 нэгж талбарын дугаартай, 150 м2 талбай бүхий газрын эзэмших эрхийг иргэн П.Ж надад өгсөн юм. Энэхүү газар нь анх Байгалийн ухааны дунд сургуулийн эзэмшлээс Хаан даатгалын эзэмшилд шилжиж ирсэн агуулах, склад байсан газар юм.
Би газар эзэмших эрхээ хуулийн дагуу баталгаажуулж гэрээ, гэрчилгээ гаргуулахаар Соёмбо даатгал ХХК-ийн /өмнө нь Түшиг даатгал ХХК нэртэй байсан/ 2014 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 08 тоот албан бичгийг /Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай/ өөрийн хүсэлтийн хамт гаргаж Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандсан юм. Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь миний хүсэлтийг 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр шийдвэрлэсэн атлаа ийнхүү шийдвэрлэсэн албан бичгээ миний эхнэр Мөнхтуяад 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр гардуулснаар тухайн албан бичигт дурдсан “хуулийн байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ үү” гэсэн шийдвэрийг олж мэдсэн юм.
Улмаар миний бие Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.2-т заасан журмаар Хөвсгөл аймгийн Засаг даргад өөрт нь 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр гомдлоо гаргаж аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 1/2039 тоот албан бичгээр шүүхэд хандахыг хүссэн хариу авч арга буюу шүүхэд хандсан.
Гэтэл Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 16 дугаартай захирамжаар Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй хэмээн үзэж миний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.
Улмаар миний бие Хөвсгөл аймгийн Засаг даргад 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр дахин гомдлоо гаргаж нэгж талбарын 21070032 дугаар бүхий 150 м2 газрыг П.Ж миний нэр дээр эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хүссэн бөгөөд аймгийн Засаг даргаас “аймгийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/141 тоот захирамжаар 3533,5 м2 газрыг 29 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэр гаргахад Хаан банкны эзэмших эрхтэй газар болсон байна. Иймд таны хүсэлтийг хүлээн авч танд газар эзэмшүүлэх тухай албан ёсны шийдвэр гаргах боломжгүй байх тул шүүхэд хандана уу” гэсэн хариу өгсөн тул дахин шүүхэд хандаж байна.
Миний бие Түшиг даатгал ХХК-ийн Хөвсгөл салбарт хоёргүй сэтгэлээр ажиллаж, хөдөлмөрийнхөө үр шимээр алга дарам газартай боллоо гэж итгэж байсан ч Хөвсгөл аймгийн Засаг дарга нь Хаан банкны Хөвсгөл салбарт миний эзэмших ёстой газрыг эзэмшүүлсэн болохыг Хөвсгөл аймгийн Засаг даргад 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1/557 дугаартай албан бичгээс эцэслэн олж мэдэж байна. Урьд нь ийм нөхцөл огт яригдаж байгаагүй юм.
Иймд дээрх нөхцөл байдлуудыг шалгаж, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг Хаан банкны Хөвсгөл аймаг дахь төв тооцооны төвийн хашаанд байрлах нэгж талбарын 21070032 дугаар бүхий 150 м2 газрыг Хөвсгөл аймгийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/141 дугаартай захирамжаар Хаан банкны Хөвсгөл аймаг дахь төв тооцооны төвд эзэмшүүлснийг хүчингүй болгож, иргэн П.Ж миний нэр дээр нэгж талбарын 21070032 дугаар бүхий 150 м2 газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Хөвсгөл аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэж өгнө үү.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэхдээ: “... 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны явцад Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 136 тоот “Газар эзэмших гэрээ, гэрчилгээ шинэчлэх тухай” захирамжаар П.Ж миний эзэмшихийг хүсч маргаан үүсгээд байгаа газрын эзэмших эрхийг Хаан банкны Хөвсгөл салбарт шилжүүлсэн болохыг Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн Б.Б-ы гаргаж тайлбарласан шинжээчийн дүгнэлтээс олж мэдлээ.
Мөрөн сумын Засаг даргын дээрх хууль бус шийдвэрийн улмаас миний эрх, ашиг сонирхол хөндөгдөж байх бөгөөд тухайн шийдвэрийг хүчингүй болгохгүйгээр миний маргаан бүхий газрыг эзэмших хүсэлт шийдвэрлэгдэх боломжгүй нөхцөл байдал үүсч байна.
Иймд өмнө нь Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан шаардлага дээрээ Мөрөн сумын Засаг даргад холбогдуулан “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 136 тоот “Газар эзэмших гэрээ, гэрчилгээ шинэчлэх тухай захирамжийн өөрт хамаарах хэсэг болох нэгж талбарын 21070032 дугаар бүхий 150 м2 газарт хамаарах хэсгийг хүчингүй болгуулах” байдлаар шаардлагаа нэмэгдүүлж байна” гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагаа өөрчлөхдөө: “ ... шүүхийн санаачилгаар явуулсан нотлох ажиллагааны хүрээнд ирүүлсэн шинжээчийн дүгнэлтэд 2004 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 86 дугаартай Мөрөн сумын Засаг даргын захирамжаар Түшиг даатгал ХХК-ийн Хөвсгөл салбарт олгосон, нэгж талбарын 21070032 дугаар бүхий 150 м2 газрын эзэмших эрхийг Мөрөн сумын Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 136 тоот “Газар эзэмших гэрээ, гэрчилгээ шинэчлэх тухай” захирамжаар Хаан банкны Хөвсгөл салбарт эзэмшүүлсэн болохыг дурдсан. Иймд нэхэмжлэгчийн зүгээс үндсэн шаардлагаа нэмэгдүүлж, Мөрөн сумын Засаг даргад холбогдуулан түүний 2005 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 136 тоот “Газар эзэмших гэрээ, гэрчилгээ шинэчлэх тухай” захирамжийн өөрт хамаарах хэсэг болох нэгж талбарын 21070032 дугаар бүхий 150 м2 газарт хамаарах хэсгийг хүчингүй болгуулахаар шаардлагаа нэмэгдүүлсэн юм.
Нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд ирүүлсэн Мөрөн сумын Засаг даргын тайлбар, хэрэгт авагдсан баримт зэргээс Мөрөн сумын Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 136 тоот “Газар эзэмших гэрээ, гэрчилгээ шинэчлэх тухай” захирамж нь аймгийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/141 тоот захирамж гарах хүртэл хэрэгжиж улмаар тухайн захирамж гарахад хүчингүй болсон байна.
Өөрөөр хэлбэл, Мөрөн сумын Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 136 тоот “Газар эзэмших гэрээ, гэрчилгээ шинэчлэх тухай” захирамжид үндэслэн аймгийн Засаг дарга Хаан банкны гэрээ, гэрчилгээг шинэчилж захирамж гарган газар эзэмших эрхийг баталгаажуулж өгсөн байна.
Нэгэнт хэрэгжээд өнөөдөр хүчингүй болсон Мөрөн сумын Засаг дарга 2005 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 136 тоот “Газар эзэмших гэрээ, гэрчилгээ шинэчлэх тухай” захирамжийн нэгж талбарын 21070032 дугаар бүхий 150 м2 хэсэг нь Түшиг даатгал ХХК-ийн Хөвсгөл салбараас газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан П.Ж-ын эрх, ашиг сонирхлыг хөндөж байх тул тухайн захирамж хууль бус байсан болохыг тогтоолгохоор ийнхүү Мөрөн сумын Засаг даргад холбогдуулан урьд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна.
Мөрөн сумын Засаг дарга 2005 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 136 дугаартай захирамж гаргаж Түшиг даатгал ХХК-ийн Хөвсгөл салбарын газар эзэмших эрхэд халдахдаа өмнө өөрийн гаргасан 2004 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гаргасан 86 дугаартай захирамжаа хүчингүй болгоогүй бөгөөд Хаан банкны Хөвсгөл салбар болон Түшиг даатгал ХХК-ийн Хөвсгөл салбарын хооронд газар эзэмших эрхийн талаар хууль ёсны ямар ч тохиролцоо хийгээгүй байхад Хаан банкны Хөвсгөл салбарт дур мэдэн хууль бусаар газар эзэмшүүлсэн шийдвэрийг 2005 онд гаргасан нь хэрэгт авагдсан баримтаас нэгэнт тодорхой харагдаж байна. Иймд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 136 тоот “Газар эзэмших гэрээ, гэрчилгээ шинэчлэх тухай” захирамжаар Хаан банкны Хөвсгөл салбарт эзэмшүүлж шийдвэрлэсэн хэсэг буюу П.Ж-ын ашиг сонирхолд холбогдох хэсэг болох нэгж талбарын 21070032 дугаар бүхий 150 м2 газар хамаарах хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож өгнө үү. ... Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус гэж маргаж байна. 21070032 нэгж талбарын дугаартай газрын хувийн хэрэг материал болон кадастрын зураг анх байсан боловч сүүлд алга болчихсон гэдэг. Би 2014 оноос хойш 3 жил Улаанбаатар хотод ажиллаж байгаад ирсэн. Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулчихсан учраас аймгийн Засаг даргаар дараа шийдвэрлүүлж болох байхаа гэж бодсон” гэжээ.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Иргэн П.Ж нь Хөвсгөл аймгийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/141 дүгээр захирамжийн өөрт хамаарах хэсэг болох нэгж талбарын 21070032 дугаар бүхий 150 м2 газарт хамаарах хэсгийг хүчингүй болгуулах, нэгж талбарын 21070032 дугаар бүхий 150 м2 газрыг иргэн П.Ж-д эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах нэхэмжлэл гаргажээ.
Маргаж буй газрын хувийн хэрэг, кадастрын зураглалаар уг газар нь Хаан банкны эзэмшлийн газар ба аймгийн Засаг даргын 2010 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/141 дүгээр захирамжаар 3533,5 м2 газрыг 29 жилийн хугацаатай Хаан банк эзэмших эрхтэй байна.
Хаан банкны эзэмшил хуулийн дагуу аймгийн Засаг даргын шийдвэр үндэслэл бүхий гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэнтэй холбогдуулж гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгч П.Ж нь Мөрөн сумын Засаг даргын 2005 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 136 дугаар захирамжийн 21070032 дугаар бүхий 150 м2 газарт хамаарах хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлжээ.
Мөрөн сумын Засаг даргаас 2005 оны 136 дугаар захирамжийг гаргахдаа 21070032 дугаар бүхий 150 м2 газарт хамаарах хэсгийг Түшиг даатгал ХХК-д олгоогүй шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий шийдвэр болсон. Учир нь бусдын эзэмшил бүхий газарт давхцуулан 150 м2 газар олгосон Мөрөн сумын Засаг даргын хууль бус шийдвэрийн дагуу газрын нэгж талбарын хувийн хэрэг байхгүй асуудалд Мөрөн сумын газрын алба үндэслэл бүхий тайлбар өгөх байх. Харин хууль бус шийдвэрийн дагуу бусдын газар эзэмших эрхэд /Хаан банкны/ халдаж шийдвэр гаргах үндэслэлгүй байсан тул 2005 оны 136 дугаар захирамжид 150 м2 газрыг шийдвэрлээгүй үлдээсэн нь үндэслэл бүхий шийдвэр болсон гэж үзэж байна. Хаан банкинд эхэлж газар эзэмших эрх үүссэн, Хаан банк зөвшөөрөөгүй байхад 150 м2 газрыг Түшиг даатгал ХХК-д шилжүүлсэн нь хууль бус. 21070032 нэгж талбарын дугаартай газрын хувийн хэрэг анхнаасаа үүсээгүй, кадастрын мэдээллийн санд ороогүй байгаа нь Түшиг даатгал ХХК-ийн Хөвсгөл аймаг дахь салбарын газар эзэмших эрхийн гэрчилгээ хууль бус болохыг харуулж байна. П.Ж цалин хөлснийхөө оронд 21070032 нэгж талбарын дугаартай газар болон агуулахыг авсан гэдэг нь худал. Хаан банк нь Түшиг даатгал ХХК-ийн Хөвсгөл салбарт өөрийн эзэмшлийн газраас 150 м2 газрыг шилжүүлж өгөхийг зөвшөөрөөгүй байхад Мөрөн сумын Засаг дарга 2004 оны 86 дугаар захирамжаар Хаан банкны газраас 150 м2 газрыг Түшиг даатгал шилжүүлсэн нь буруу. Түшиг даатгал ХХК-ийн Хөвсгөл аймаг дахь салбар нь хуулийн этгээдийн эрхгүй, тус компанийн дүрэмд зааснаар салбар нь үндсэн хөрөнгийн талаар хэлцэл хийх эрхгүй учир Түшиг даатгал ХХК-ийн Хөвсгөл аймаг дахь салбарын захирал Ү.П газрыг агуулахын хамт нэхэмжлэгч П.Ж-д шилжүүлсэн 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 01 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” хүчин төгөлдөр бус. Мөрөн сумын Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 86 дугаар захирамж хүчинтэй байгаа” гэв.
Хариуцагч Мөрөн сумын Засаг даргад шүүхэд гаргасан тайлбартаа: “П.Ж-ын нэхэмжлэлтэй 150 м2 газартай холбоотой Мөрөн сумын Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 136 тоот “Газар эзэмшүүлэх гэрээ, гэрчилгээ шинэчлэх тухай” захирамжаар Хаан банкны 603 дугаар салбарт 4014,8 м2 газрыг банк санхүүгийн үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн байна.
Аймгийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/141 тоот захирамжтай 21070032 дугаар нэгж талбарын дугаартай хувийн хэрэг манай архивт байхгүй тул тайлбар хүргүүлэх боломжгүй байна. ... хувийн хэргийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас хайсан боловч архивт нь хувийн хэрэг үүсээгүй байна” гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хаан банк шүүхэд гаргасан тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “... Хаан банкны Хөвсгөл салбар /тухайн үед Хаан банкны 603 дугаар салбар нэртэй байсан/ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Газрын албатай 1999 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 4000 м2 газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмших гэрээг байгуулан 210106225 дугаар бүхий газар эзэмших газар эзэмших гэрчилгээг авсан байдаг. Газрын эзэмших эрх Мөрөн сумын Засаг даргын 1999 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 18 тоот захирамжаар үүссэн байна. Уг газрыг 1993 оноос хойш Хаан банкны Хөвсгөл салбар эзэмшиж ирсэн болно.
Мөрөн сумын Засаг даргын 2005 оны 136 тоот захирамжаар гэрээг шинэчлэх шийдвэр гарч 2005 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Мөрөн сумын Засаг даргын Тамгын газартай гэрээ байгуулан газрын гэрчилгээг шинэчлэн авсан болно. Энэхүү гэрээг шинэчлэн байгуулж гэрчилгээ авах үед Мөрөн сумын газрын албанаас манай байгууллагын эзэмшил бүхий газарт өөр ямар нэгэн байгууллага, иргэн газар эзэмшиж байгаа талаар мэдэгдээгүй болно.
Хөвсгөл аймгийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/141 тоот захирамжаар инженерийн шугам сүлжээтэй бүсэд шилжиж газраа хувааж гэрээ, гэрчилгээ шинэчлэх шийдвэр гарч 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газартай гэрээ байгуулан 000298403 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ авч нэгж талбарын 210700225 дугаартай 3533,5 м2 газрыг 29 жилийн хугацаатай эзэмших эрхийг хууль ёсоор баталгаажуулж авсан болно. Газрын хэмжээг банкны урд /ертөнцийн зүгээр баруун тал/ талын машины зогсоол талбайг нийтийн эзэмшлийнх гэж хасч газрын гэрчилгээ олгосон болно.
Түшиг даатгал ХХК-тай холбоотой газрын маргаантай асуудлыг Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газар хандаж шалгуулахад Түшиг даатгал ХХК-ийн газар эзэмших эрх нь Монгол Улсын Газрын тухай хуулийг зөрчсөн байна гэсэн дүгнэлт гарсан.
Иргэн П.Ж нэхэмжлэлдээ 21070032 нэгж талбарын дугаартай 150 м2 талбай бүхий газар анх Байгалийн ухааны дунд сургуулийн эзэмшлээс Хаан даатгалын эзэмшилд шилжиж ирсэн гэж байгаа боловч газрын гэрчилгээг Мөрөн сумын Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 86 тоот шийдвэрээр 2004 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр авсан байгаа нь манай байгууллагад анх газар эзэмших эрх үүссэнээс хойш авсан байна. Хаан банкны Хөвсгөл салбараас Түшиг даатгал ХХК-ийн Хөвсгөл аймаг дахь салбар Ү-ын П-д газар шилжүүлж өгөөгүй болно. Хаан банкны Хөвсгөл салбар нь Түшиг даатгал ХХК-д өөрийн байгууллагын эзэмшил бүхий газраас 150 м2 газрыг шилжүүлээгүй тул иргэн П.Ж-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байна” гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэнтэй холбогдуулж гаргасан тайлбартаа:
... гэрээг шинэчлэн байгуулж гэрчилгээ авах үед Мөрөн сумын газрын албанаас манай байгууллагын эзэмшил бүхий газарт өөр ямар нэгэн байгууллага, иргэн газар эзэмшиж байгаа талаар ямар нэгэн бүртгэл байгаагүй бөгөөд маргаангүй байсан болно. Улмаар Хөвсгөл аймгийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/141 тоот захирамжаар инженерийн шугам сүлжээтэй бүсэд шилжиж газар эзэмших гэрчилгээ шинэчлэх шийдвэр гарч 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газартай гэрээ байгуулан 000298403 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ авч нэгж талбарын 210700225 дугаартай 3533.5 м2 газрыг 29 жилийн хугацаатай эзэмших эрхийг хууль ёсоор баталгаажуулж авсан болно. Энэ талаар тус шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 07 дугаар захирамжаар шинжээчийн дүгнэлт гаргуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх захирамжаар шинжээч томилж “... шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дүгнэлтээр Хаан банкны Хөвсгөл салбарын эзэмшлийн газар 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээнд 3533,5 м2 хэмжээтэй болж өөрчлөгдөхөд тус банкны хашаанд байрлах Түшиг даатгал ХХК-ийн агуулахын доорх газар Хаан банкны эзэмшлийн газраас хасагдаагүй, харин Хаан банкны урд талын нийтийн эзэмшлийн газраас хасагдсан байна” гэсэн дүгнэлт болон урьд нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож байгаа билээ.
Мөн Соёмбо даатгал /хуучин нэрээр Түшиг даатгал/ ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 04/22 тоот албан бичигт “... 2007 оны 12 дугаар сарын 29-ний 235 дугаар тушаалаар акталсан агуулах гэдэг нь 21070032 тоот нэгж талбарын дугаартай газар дээр орших модон байшин байсан” гэж дурдсан бөгөөд газар эзэмшиж байсан талаар дурдаагүй, газар эзэмшиж байгаагүй талаар нотлох баримт байхгүй уг газар байгаагүй гэсэн талаар дурдсан. 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, гэрч Б.Б-ийн мэдүүлэгт “Хаан банкны Хөвсгөл салбарын захирлын гарын үсэгтэй албан тоотоор Түшиг даатгал ХХК-ийн Хөвсгөл аймаг дахь салбарт газар олгосныг зөвшөөрсөн албан бичиг авч өгсөн” гэх мэдүүлэг өгөх ба уг албан бичгийг үндэслэж Түшиг даатгал ХХК-д газар эзэмшүүлсэн талаар мэдүүлсэн.
Гэтэл Хаан банкны Хөвсгөл салбарын 2004 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 48 дугаартай тодорхойлолтод Түшиг даатгал ХХК-ийн Хөвсгөл салбарын агуулахын зориулалттай 8х6 м-ийн харьцаатай барилга манай байгууллагын хашаанд байрлаж байгаа болохыг тодорхойлсон. Гэтэл газрын алба нь Түшиг даатгал ХХК-д 2004 онд газар эзэмших гэрчилгээ олгохдоо Түшиг даатгал ХХК-ийн Хөвсгөл аймаг дахь салбараас 2004 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 05 тоот Мөрөн сумын Засаг даргын Тамгын газарт газрын зөвшөөрөл авах тухай албан тоотод “... Хаан банкны хашаан дотор байгаа газрын зөвшөөрөл олгохыг хүсч” албан тоот хүргүүлсэн нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангаагүй баримтаар гэрчилгээ гаргуулж авсан байна. Энэ талаар хэрэгт авагдсан 23-04-023/386 тоот гэрчилгээ шалгасан тухай албан тоотод “Түшиг даатгал ХХК нь Мөрөн сумын Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 86 тоот захирамжаар 150 м2 газрыг Хаан банкнаас шилжүүлсэн байх бөгөөд тухайн үед хувийн хэрэгт хоёр талын өргөдөл, Хаан банкнаас газар шилжүүлэхийг зөвшөөрсөн бичиг байхгүй байгаа нь Монгол Улсын Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийг зөрчсөн байна” гэж дүгнэсэн ба энэ талаар бусад нотлох баримтаар тогтоогдож байгаа болно. Мөн хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд уг маргаан бүхий газар нь Түшиг даатгал /хуучин нэрээр/ ХХК-д ямар нэгэн байдлаар газар олгохыг зөвшөөрч байгаагүй ямар нэгэн гэрээ хэлцэл хийгдэж байгаагүй тул нэхэмжлэгчийн Хөвсгөл аймгийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/141 тоот, 2005 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 136 дугаар захирамжийн өөрт хамаарах хэсэг болох нэгж талбарын 21070032 дугаар бүхий 150 м2 газарт хамаарах хэсгийг хүчингүй болгуулах, нэгж талбарын 21070032 дугаар бүхий 150 м2 газрыг П.Ж-д эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах” нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү. Манай банк Мөрөн сумын Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 86 дугаар захирамжийн талаар гомдол, нэхэмжлэл гаргаж байгаагүй” гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Соёмбо даатгал ХХК шүүхэд гаргасан тайлбартаа болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.И 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Маргааны зүйл болох Хаан банкны Хөвсгөл аймаг дахь тооцооны төвийн хашаанд байрлах нэгж талбарын 21070032 дугаар бүхий 150 м.кв талбай бүхий газартай холбоотой баримтуудыг Соёмбо даатгал ХХК-ийн архиваас шүүж үзэхэд уг газар дээр байршиж байсан агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь Түшиг даатгал ХХК-ийн Хөвсгөл салбарын эзэмшилд ашиглагдаж байгаад Түшиг даатгал ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2007 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 236 тоот тогтоол болон гүйцэтгэх захирлын 2007 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 235 тоот тушаалаар актлагдаж компанийн хөрөнгийн данснаас хасагдсан байх бөгөөд уг хөрөнгийг тухайн үед салбарын захирлаар ажиллаж байсан Ү-н П-д хүлээлгэн өгсөн байна. Өнөөдрийн байдлаар тухайн хөрөнгөтэй холбоотой Соёмбо даатгал ХХК-д ноогдох эрх, үүрэг байхгүй болно.
Жич: Одоогийн Соёмбо даатгал ХХК-ийн Монгол Улсын Засгийн газар хүнс хөдөө аж ахуйн салбарыг тогтолцоогоор хамгаалах зорилгоор 1990 онд ХАА-н хоршоологчдын холбооны хувь нийлүүлсэн хөрөнгөөр төрийн өмчийн даатгалын компани /ХААН даатгал/-ийг байгуулснаар үүссэн эхлэлтэй байдаг бөгөөд 1998 оноос төрийн даатгалын үйлчилгээг нийт ард иргэдэд хүргэхээр бүх төрлийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх төрийн өмчит Түшиг даатгал компани болгон өргөжүүлсэн байдаг. 2003 онд өмч хувьчлалын дагуу Түшиг даатгал компани хувьчлагдаж, 2010 оноос Соёмбо инк ХХК-ийг өөртөө нэгтгэн өргөжүүлж, оноосон нэрийг Соёмбо даатгал болгон өөрчилсөн. Улмаар 2016 онд хувьцаа эзэмшигч өөрчлөгдөж Бишрэлт холдинг ХХК-ийн охин компани болж өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байх бөгөөд Түшиг даатгал ХХК-аас өмнөх өөрчлөлтүүдтэй холбоотой баримтууд манай компанийн архивт байхгүй байна.
... Түшиг даатгал компанийн гүйцэтгэх захирлын 2007 оны 12 дугаар сарын 29-ний 235 дугаар тушаалаар акталсан Хөвсгөл аймаг дахь салбарын агуулах гэдэг нь 21070032 тоот нэгж талбарын дугаартай газар дээр орших модон байшин байсан байна. Соёмбо даатгал ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд 21070032 нэгж талбарын дугаартай газар дээр орших агуулах байхгүй байна. Түшиг даатгал ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2007 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 235 дугаар тушаалаар Хөвсгөл аймаг дахь салбарын агуулахыг актлахдаа агуулахын доорх 21070032 нэгж талбарын дугаартай газрыг хэрхэн шийдвэрлэсэн талаарх тушаал шийдвэр байхгүй байна. Өнөөдрийн байдлаар тухайн хөрөнгөтэй холбоотой Соёмбо даатгал ХХК-д холбогдох эрх, үүрэг, маргаан байхгүй болно. ... Манайх нэхэмжлэгч П.Ж-д газраа шилжүүлж өгсөн болохоор газрын тал дээр ямар нэгэн маргаан байхгүй” гэв.
Шүүх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагчид, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгчид, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүд, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь;
Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдох “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/141 тоот захирамжийн өөрт хамаарах хэсэг болох нэгж талбарын 21070032 дугаар бүхий 150 м2 газарт хамаарах хэсгийг хүчингүй болгуулах, нэгж талбарын 21070032 дугаар бүхий 150 м2 газрыг иргэн П.Ж-д эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах”,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргад холбогдох “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 136 тоот “Газар эзэмших гэрээ, гэрчилгээ шинэчлэх тухай” захирамжийн өөрт хамаарах хэсэг болох нэгж талбарын 21070032 дугаар бүхий 150 м2 газарт хамаарах хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлага бүхий П.Ж-ын нэхэмжлэлийг дараах үндэслэлүүдээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Хөвсгөл аймгийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/141, Мөрөн сумын Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 136 дугаар захирамжууд нь захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр байх тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын бүх шинжийг агуулж байна. Түүнчлэн П.Ж-ын газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авах тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа аймгийн Засаг даргын эс үйлдэхүй Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-т заасан захиргааны актын бүх шинжийг агуулж байна.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 86 дугаар захирамжийн 2 дахь хавсралтаар[1] 150 м2 газрыг Хаан банкнаас Ү.П-д шилжүүлжээ. Улмаар тухайн үед Түшиг даатгал ХХК-ийн Хөвсгөл аймаг дахь салбар, Ү-ын П-д нэгж талбарын 21070032 дугаар бүхий 150 м2 газрыг 15 жилийн хугацаатай даатгалын үйл ажиллагааны зориулалтаар эзэмшүүлж 2004 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр газар эзэмших эрхийн 0034267 дугаар гэрчилгээ[2] олгон, гэрээ[3] байгуулжээ.
Ийнхүү Түшиг даатгал ХХК-ийн Хөвсгөл аймаг дахь салбар Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.2-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгоно” гэж заасны дагуу газар эзэмших эрхтэй болжээ.
Түшиг даатгал ХХК-ийн захирлын 2007 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 235 дугаар тушаалаар[4] тус компанийн Хөвсгөл аймаг дахь салбарын 100000 төгрөгийн үнэ бүхий агуулахыг акталж, салбарын захирал Ү.П-д хүлээлгэн өгчээ.
Түшиг даатгал ХХК-ийн Хөвсгөл аймаг дахь салбарын захирал Ү.П дээрх агуулахыг, газрын хамт нэхэмжлэгч П.Ж-д шилжүүлэн өгөхөөр тохирч 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 01 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г[5] байгуулж талууд гарын үсэг зуран баталгаажуулсан байна.
Түшиг даатгал ХХК-ийн нэр Соёмбо даатгал болж өөрчлөгдсөн[6] нь хэргийн материалд авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Соёмбо даатгал ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулсан бөгөөд тус компани 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-гээр П.Ж-д шилжүүлэн өгсөн агуулах, түүний доорх газартай маргаагүй, бие даасан шаардлага гаргаагүй.
Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д” Газар эзэмшигч дараахь эрхтэй: ... 35.1.4.газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж ... болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх ... үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана” гэж заасны дагуу Түшиг даатгал ХХК-ийн Хөвсгөл аймаг дахь салбараас П.Ж-д Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 86 дугаар захирамж[7] бүхий 150 м2 газрыг шилжүүлэн өгөх эрхтэй, нэхэмжлэгч П.Ж өөрт шилжүүлсэн авч буй газрыг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар тухайн шатны Засаг даргаар шийдвэрлүүлэх эрхтэй юм.
“Түшиг даатгал ХХК-ийн Хөвсгөл аймаг дахь салбар нь хуулийн этгээдийн эрхгүй, тус компанийн дүрэмд зааснаар салбар нь үндсэн хөрөнгийн талаар хэлцэл хийх эрхгүй учир Түшиг даатгал ХХК-ийн Хөвсгөл аймаг дахь салбарын захирал Ү.П газрыг агуулахын хамт нэхэмжлэгч П.Ж-д шилжүүлсэн 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 01 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” хүчин төгөлдөр бус” хэмээн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаж байгаа боловч энэхүү гэрээний талаар сонирхогч этгээд маргаагүй, гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулаагүй, одоо Соёмбо даатгал ХХК маргах зүйлгүй гэж байх тул газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хууль бус гэж үзэх боломжгүй.
Иймд газрыг агуулахын хамт 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 01 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-гээр шилжүүлэн авахаар тохиролцсон нэхэмжлэгч П.Ж-д нэгж талбарын 21070032 дугаар бүхий газрын эзэмших эрхийг хууль ёсоор шилжүүлэн авах шийдвэр гаргуулахаар шаардах хууль ёсны ашиг сонирхол байна гэж шүүх үзлээ.
Мөрөн сумын Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 86 дугаар захирамжаар Хаан банкны Хөвсгөл салбарын эзэмшлийн газраас хэсэг газрыг /нэгж талбарын 21070032 дугаартай 150 м2/ Түшиг даатгал ХХК-ийн Хөвсгөл салбарт эзэмшүүлж гэрээ, гэрчилгээ олгосон явдал хууль бус эсэх талаар Хаан банк маргаж байгаагүй, энэ талаар бие даасан шаардлага гаргаагүй байна. Тодруулбал:
Хаан банкны Хөвсгөл салбар нь “Мөрөн сумын Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 86 дугаар захирамжаар манай банкны эзэмшил газраас Түшиг даатгал ХХК-ийн Хөвсгөл аймаг дахь салбарт 150 м2 газрыг манай банкны зөвшөөрөлгүйгээр олгосноос газрын маргаан үүсч байна” хэмээн аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хандсан бөгөөд газрын харилцаа, геодизи, зураг зүйн хяналтын улсын байцаагч Л.Э 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 23-04-023/386 тоот улсын байцаагчийн дүгнэлтээр[8] “Түшиг даатгал ХХК-ны эзэмшил газрыг Монгол Улсын Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэсний дагуу шийдвэрлэх нь зүйтэй байна” гэсэн хариу өгчээ.
Гэвч Хаан банк нь Мөрөн сумын Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 86 дугаар захирамж түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн талаар төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан эсхүл шүүхэд хандаагүй болох нь гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г-ын “манай банк Мөрөн сумын Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 86 дугаар захирамжийн талаар нэхэмжлэл, гомдол гаргаагүй” гэх тайлбараар нотлогдож байх ба Мөрөн сумын Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 86 дугаар захирамж өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 86 дугаар захирамжаар Хаан банкнаас Түшиг даатгал ХХК-ийн Хөвсгөл аймаг дахь салбарын захирал Ү.П-д нэгж талбарын 21070032 дугаар бүхий 150 м2 газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн захирамж гарсны дараа Мөрөн сумын Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 136 дугаар захирамжаар[9] иргэн, аж ахуйн нэгжүүдийн гэрээ, гэрчилгээг шинэчилж олгохдоо Хаан банкны Хөвсгөл салбарт 4014,8 м2 газар эзэмшүүлж, өмнө нь Түшиг даатгал ХХК-ийн Хөвсгөл салбарт шилжүүлсэн 21070032 нэгж талбарын дугаартай 150 м2 газрыг хасахгүйгээр шийдвэрлэсэн болох нь шинжээчийн дүгнэлт[10] болон шинжээч Б.Б-ны шүүх хуралдаанд гаргасан тайлбараар[11] тогтоогдож байна. Ийнхүү Мөрөн сумын Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 136 дугаар захирамжийн хавсралтаар Хаан банкинд 4014,8 м2 газар эзэмшүүлсний 21070032 нэгж талбарын дугаар бүхий 150 м2 газарт холбогдох хэсэг нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэснийг зөрчсөн байжээ.
Хөвсгөл аймгийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А-141 дүгээр захирамжаар[12] Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т “аймгийн Засаг дарга нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх”-ээр заасныг хэрэгжүүлж инженерийн шугам сүлжээтэй бүсэд газар эзэмших эрхтэй аж ахуйн нэгжүүдийн газар эзэмших эрхийг шинэчлэхдээ Хаан банкны Хөвсгөл салбар /тухайн үед Хаан банкны 603 дугаар салбар гэсэн нэртэй байсан талаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г тайлбарласан/-т 3533,5 м2 газар эзэмшүүлж, Мөрөн сумын Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 136 дугаар захирамжийг[13] цуцалжээ. Ингэхдээ Мөрөн сумын Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 136 дугаар захирамжаар Хаан банкны Хөвсгөл салбарын эзэмшиж байсан 4014,8 м2 газраас нийтийн эдэлбэрийн газрыг хассан боловч Түшиг даатгал ХХК-ийн Хөвсгөл аймаг дахь салбарт Мөрөн сумын Засаг даргын 2004 оны 86 дугаар захирамжаар[14] эзэмшүүлсэн 21070032 нэгж талбарын дугаартай 150 м2 газрыг мөн л хасалгүйгээр Хаан банкинд 3533,5 м2 газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэснийг зөрчжээ.
Иймд Мөрөн сумын Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 136 дугаар “Газар эзэмших гэрээ, гэрчилгээ шинэчлэх тухай” цуцлагдсан захирамжийн нэгж талбарын 21070032 дугаар бүхий 150 м2 газарт хамаарах хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож, аймгийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А-141 тоот захирамжийн нэгж талбарын 21070032 дугаар бүхий 150 м2 газарт хамаарах хэсгийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.
Түшиг даатгал ХХК-ийн Хөвсгөл аймаг дахь салбарын 21070032 нэгж талбарын дугаар бүхий 150 м2 газрыг аймгийн Засаг даргын 2010 оны А-141 дүгээр захирамжаар Хаан банкны эзэмшилд оруулан шийдвэрлэсэн гэх боловч энэ нь Мөрөн сумын Засаг даргын 2005 оны 136 дугаар захирамжаас улбаатай, Мөрөн сумын Засаг даргын 2005 оны 136 дугаар захирамжийн талаар нэхэмжлэгч П.Ж болон Түшиг даатгал ХХК-ийн Хөвсгөл аймаг дахь салбар мэдээгүй байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Ү.П-ийн мэдүүлэг[15], аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1/557 тоот албан бичгээр[16] тогтоогдож байх тул П.Ж-д Мөрөн сумын Засаг даргын 2005 оны 136 дугаар захирамжийн 21070032 нэгж талбарын дугаар бүхий 150 м2 газарт хамаарах хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, аймгийн Засаг даргын 2010 оны А-141 дүгээр захирамжийн 21070032 нэгж талбарын дугаар бүхий 150 м2 газарт хамаарах хэсгийг хүчингүй болгуулахаар шаардлага гаргах хууль ёсны ашиг сонирхол байна гэж шүүх үзсэн болно.
Хаан банкны Хөвсгөл салбарын эзэмшлийн 210700225 нэгж талбарын дугаартай газар болон Түшиг даатгал ХХК-ийн Хөвсгөл аймаг дахь салбарын 2004 оны гэрчилгээтэй 21070032 нэгж талбарын дугаартай газар нь инженерийн шугам сүлжээ бүхий газарт хамаарч байгаатай хэргийн оролцогчид маргаагүй.
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т “Аймгийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
21.3.2.аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. ...” гэж заасан тул нэхэмжлэгч П.Ж газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэн авахаар аймгийн Засаг даргад хандсаныг буруутгах боломжгүй байна.
П.Ж 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 01 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-гээр Түшиг даатгал ХХК-ийн Хөвсгөл аймаг дахь салбараас шилжүүлэн авахаар тохиролцсон 21070032 нэгж талбарын дугаартай 150 м2 газрын эзэмших эрхийн гэрчилгээг шийдвэрлүүлэхээр 2017 онд аймгийн Засаг даргад хандсан боловч аймгийн Засаг газрыг түүнд газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлээгүй байна.
Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн /2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулахаас өмнө/ 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана:
38.2.1.нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ
38.2.2.эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрсөн тухай нотолгоо
38.2.3.хураамж төлсөн баримт.
38.3-т “Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлийг тодруулна:
38.3.1.энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх
38.3.2.шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх
38.3.3.эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх.
38.4-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, сум, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” гэж тус тус заасан байна.
Аймгийн Засаг дарга нэхэмжлэгч П.Ж-ын нэгж талбарын 21070032 дугаар бүхий 150 м2 газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авахыг хүссэн өргөдлийн хариуд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.3-т заасан үндэслэлийг дурдаагүй бөгөөд “аймгийн Засаг даргын 2010 оны А-141 дүгээр захирамжаар уг газрын Хаан банкны эзэмшилд оруулан шийдвэрлэсэн тул танд газар эзэмшүүлэх тухай албан ёсны шийдвэр гаргах боломжгүй” гэсэн хариу өгчээ.
Ингэхдээ Түшиг даатгал ХХК-ийн Хөвсгөл аймаг дахь салбарт 21010032 нэгж талбарын дугаар бүхий 150 м2 газрыг эзэмшүүлсэн Мөрөн сумын Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 86 дугаар захирамж[17] хүчин төгөлдөр байгааг үл хэрэгсэн Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор шийдвэр гаргах үүргээ биелүүлээгүй тул аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус байна.
2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.3 дахь хэсэгт өөрчлөлт оруулж, 38.2.4 дэх заалтыг нэмж, шинээр эрхийн гэрчилгээ шилжүүлэх хүсэлтэд албан татвар төлсөн тухай баримт, татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолтыг хавсаргахыг үүрэг болгожээ.
Нэхэмжлэгч П.Ж газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авахаар анх 2017 оны 07 дугаар сард аймгийн Засаг даргад хандсан талаар нэхэмжлэлдээ дурдсан, энэ талаар хариуцагч маргаагүй. 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.3 дахь хэсэгт өөрчлөлт орж, 38.2.4 дэх заалтыг нэмж эрхийн гэрчилгээ шилжүүлэхийг хүссэн этгээдэд шинээр үүрэг хүлээлгэн, эрх зүйн байдлыг нь дордуулсан байх тул энэ хуулийг хэрэглэхгүй, харин 2017 оны 07 дугаар сард мөрдөгдөж байсан хуулийг буцаан хэрэглэх нь шударга ёсонд нийцнэ. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “Хаан банкинд эхэлж газар эзэмших эрх үүссэн, Хаан банк зөвшөөрөөгүй байхад 150 м2 газрыг Түшиг даатгал ХХК-д шилжүүлсэн нь хууль бус, 21070032 нэгж талбарын дугаартай газрын хувийн хэрэг анхнаасаа үүсээгүй, кадастрын мэдээллийн санд ороогүй байгаа нь Түшиг даатгал ХХК-ийн Хөвсгөл аймаг дахь салбарын газар эзэмших эрхийн гэрчилгээ хууль бус болохыг харуулж байна, П.Ж цалин хөлснийхөө оронд 21070032 нэгж талбарын дугаартай газар болон агуулахыг авсан гэдэг нь худал. Хаан банк нь Түшиг даатгал ХХК-ийн Хөвсгөл салбарт өөрийн эзэмшлийн газраас 150 м2 газрыг шилжүүлж өгөхийг зөвшөөрөөгүй байхад Мөрөн сумын Засаг дарга 2004 оны 86 дугаар захирамжаар Хаан банкны газраас 150 м2 газрыг Түшиг даатгал шилжүүлсэн нь буруу” гэх зэргээр маргаж байгаад дараах тайлбарыг өгөх нь зүйтэй байна.
Хаан банкны Хөвсгөл аймаг дахь салбар 1999 онд 4000 м2 газрын эзэмших эрхийн гэрчилгээ авч, гэрээ байгуулан газар эзэмшиж байсан талаар хэргийн оролцогчид маргаагүй. Улмаар Мөрөн сумын Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 86 дугаар захирамжаар Хаан банкны Хөвсгөл салбарын газар дээр байрлах Түшиг даатгал ХХК-ийн 6х8 метр харьцаатай агуулах орчмын 15х10 метр хэмжээтэй газрыг Түшиг даатгал ХХК-д шилжүүлж нэгж талбарын 21070032 дугаар олгон, нэгж талбарын дугаарын бүртгэлд[18] бүртгэж, 2004 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гэрээ[19] байгуулан, 0034267 дугаартай гэрчилгээ[20] олгосон. Энэхүү Мөрөн сумын Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 86 дугаар захирамжийн талаар Хаан банк 2013 онд мэдсэн[21] боловч маргаагүй, захирамж хүчин төгөлдөр байгаа. Нэгж талбарын 21070032 дугаар бүхий газрын хувийн хэргийг зохих журмын дагуу хөтөлж байсныг гэрч Б.Балдан мэдүүлсэн[22] бөгөөд газрын хувийн хэргийг хөтлөх, хадгалах, кадастрын мэдээллийн санд бүртгэх үүрэг нь иргэний үүрэг биш тул газар эзэмшигчийг буруутгах боломжгүй. Газар эзэмших эрхийн хувийн хэрэг, материал төрийн эрх бүхий байгууллагад байхгүй, кадастрын мэдээллийн санд тусгагдаагүй байгаа нь газар эзэмшигчийн газар эзэмших эрхийг дуусгавар болгох, үгүйсгэх үндэслэл болохгүй. Мөн П.Ж Түшиг даатгал ХХК-аас цалин хөлснийхөө оронд нэгж талбарын 21070032 дугаар бүхий газрыг авсан эсэх нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, энэ талаар гуравдагч этгээд Соёмбо даатгал ХХК маргаагүй.
Харин Хаан банкны Хөвсгөл салбар өөрийн эзэмшлийн газраас тасалж Түшиг даатгал ХХК-ийн Хөвсгөл салбарт 150 м2 газар шилжүүлэхийг зөвшөөрөөгүй байхад Мөрөн сумын Засаг дарга 2004 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 86 дугаар захирамжаар Түшиг даатгал ХХК-ийн Хөвсгөл аймаг дахь салбарт 150 м2 газар эзэмшүүлсэн нь хууль бус эсэхийг тогтоолгон, учирсан хохирлоо гаргуулахаар нэхэмжлэл гаргахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас 70 200 төгрөг, Мөрөн сумын Засаг даргын Тамгын газраас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.3, 106.3.4, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;
1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.1.4, 38 дугаар зүйлийн 38.1, 38.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч П.Ж-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 136 дугаар захирамжийн хавсралтын 2 дахь хэсэгт Хаан банкны 603 дугаар салбарт 4014,8 м2 газар эзэмшүүлснээс Түшиг даатгал ХХК-ийн Хөвсгөл аймаг дахь салбарын нэгж талбарын 21070032 дугаар бүхий 150 м2 газарт холбогдох хэсэг хууль бус байсан болохыг тогтоож, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А-141 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтын 8 дахь хэсэгт Хаан банкны 603 дугаар салбарт 3533,5 м2 газар эзэмшүүлснээс Түшиг даатгал ХХК-ийн Хөвсгөл аймаг дахь салбарын нэгж талбарын 21070032 дугаар бүхий 150 м2 газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэгж талбарын 21070032 дугаар бүхий 150 м2 газрын эзэмших эрхийн гэрчилгээг Түшиг даатгал ХХК-ийн Хөвсгөл аймаг дахь салбараас П.Ж-д шилжүүлэхгүй байгаа аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч П.Ж-д нэгж талбарын 21070032 дугаар бүхий 150 м2 газрыг шилжүүлэн эзэмшүүлэхийг Хөвсгөл аймгийн Засаг даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөг, Мөрөн сумын Засаг даргын Тамгын газраас 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Ж-д олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ
[1] Хэргийн 2 дахь хавтасны 40-45 дугаар хуудас Мөрөн сумын Засаг даргын 2004.08.26-ны 86 дугаар захирамж
[2] Хэргийн 1 дэх хавтасны 6 дугаар хуудас Газар эзэмшүүлэх гэрчилгээ
[3] Хэргийн 1 дэх хавтасны 109 дүгээр хуудас Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ
[4] Хэргийн 2 дахь хавтасны 16 дугаар хуудас Түшиг даатгал компанийн гүйцэтгэх захирлын тушаал
[5] Хэргийн 1 дүгээр хавтасны 5 дугаар хуудас Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ
[6] Хэргийн 1 дүгээр хавтасны 22-32 дугаар хуудас Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа, 33-51 дүгээр хуудас Соёмбо даатгал ХХК-аас ирүүлсэн баримтууд
[7] Хэргийн 2 дахь хавтасны 40-45 дугаар хуудас Мөрөн сумын Засаг даргын 2004 оны 86 дугаар захирамж, хавсралтын хамт
[8] Хэргийн 2 дахь хавтасны 48 дугаар хуудас
[9] Хэргийн 1 дэх хавтасны 70 дугаар хуудас
[10] Хэргийн 2 дахь хавтасны 88 дугаар хуудас
[11] Хэргийн 2 дахь хавтасны 127-135 дугаар хуудас
[12] Хэргийн 2 дахь хавтасны 83-86 дугаар хуудас
[13] Хэргийн 1 дүгээр хавтасны 70 дугаар хуудас
[14] Хэргийн 2 дугаар хавтасны 79-82 дугаар хуудас
[15] Хэргийн 2 дахь хавтасны 93 дугаар хуудас
[16] Хэргийн 1 дэх хавтасны 3 дугаар хуудас
[17] Хэргийн 2 дахь хавтасны 79-82 дугаар хуудас
[18] Хэргийн 1 дэх хавтасны 81-83 дугаар хуудас
[19] Хэргийн 1 дэх хавтасны 109 дүгээр хуудас
[20] Хэргийн 1 дэх хавтасны 6 дугаар хуудас
[21] Хэргийн 1 дэх хавтасны 71, 2 дахь хавтасны 48 дугаар хуудас
[22] Хэргийн 2 дахь хавтасны 103-104 дүгээр хуудас