Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2022/0521

 

 

“АДС” ТӨХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагч Б.Б, Б.Х, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.О

Нэхэмжлэгч “АДС” ТӨХК

Хариуцагч Нийслэлийн Татварын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын байцаагч Б.Б, Б.Х

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн татварын газрын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн НА-22210000053 дугаар нөхөн ногдуулалтын актын 3-д 2017 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй орхигдуулсан гэх 61,256,856.83 төгрөгийн зөрчилд ногдох 9,118,528.42 төгрөгийн нөхөн татвар, торгууль алдангийг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 332 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.У

Хариуцагч Б.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2022/0021/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “АДС” ТӨХК Нийслэлийн Татварын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын байцаагч Б.Б, Б.Х нарт холбогдуулан “Нийслэлийн татварын газрын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн НА-22210000053 дугаар нөхөн ногдуулалтын актын 3-т 2017 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй орхигдуулсан гэх 61,256,856.83 төгрөгийн зөрчилд ногдох 9,118,528.42 төгрөгийн нөхөн татвар, торгууль алдангийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 332 дугаар шийдвэрээр:

2.1. “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 16 дугаар зүйлийн 16.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч АДС ТӨХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч нарын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн НА-22210000053 дугаар нөхөн ногдуулалтын актын 3-т хэсгийг буюу 2017 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй орхигдуулсан гэх 61,256,856,83 төгрөгийн зөрчилд ногдох 6,125,685,68 төгрөгийн нөхөн татвар, 1,837,705,7 төгрөгийн торгууль, 1,225,137,14 төгрөгийн алданги нийт 9,188,528,52 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож” шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Б.Б, Б.Х, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.О нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар “АДС” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Татварын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын байцаагч Б.Б, Б.Х нарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн НА-22210000053 дугаар нөхөн ногдуулалтын актын 3 дахь хэсгийг буюу "2017 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй орхигдуулсан гэх 61,256,856.83 төгрөгийн зөрчилд ногдох 6,125,137.14 төгрөгийн алданги нийт 9,188,528.52 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

3.2. Хойшлогдсон орлого 60,273,857.00 төгрөгийг 2017 онд нэмэгдсэн өртгийн орлогын албан татварын тайланд дутуу тусгасан зөрчил нь:

3.3. Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн хурлын “Хөрөнгө шийдвэрлэх тухай” 234 дүгээр тогтоолд “...“АДС”-ын ажиллагаанд шаардагдах 3.9 тэрбум төгрөгийг төсвөөс эргэн төлөх нөхцөлтэйгөөр Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлэхийг Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрч ... тогтоолын хавсралтад заасан хөрөнгийг улсын төсөвт үе шаттайгаар тусгах замаар эргэн төлөхийг Сангийн сайд, Эрчим хүчний сайдад даалгасан" байна.

Уг тогтоолын дагуу дагуу Эрчим хүчний сайдын 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 131 дүгээр тушаалаар "АДС"-ын ажиллагаанд шаардагдах 3,9 тэрбум төгрөгийн зардлын задаргааг тушаалын хавсралтаар баталж, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн даргад үүрэг болгосон байна. Мөн Төрийн өмчийн хорооны тогтоолоор "Дэд бүтэц-Эрчим хүч” төсөл хэрэгжүүлэх нэгжийн болон Эрчим хүчний яамны хөрөнгөнд бүртгэлтэй хөрөнгөөс тус компанид балансаас балансад хөрөнгө шилжүүлэх шийдвэрүүд гарсан байна.

3.4. Тус компани 2017 онд 320210000 тоот "хойшлогдсон тусламжийн орлого" нэртэй Дансны ДТ 31110000 "Богино хугацаат хойшлогдсон орлого" дансны КТ-т 60,273,857.00 төгрөгөөр бууруулах бичилт хийсэн байна. Гомдол гаргагч дээрх 311110000 "Богино хугацаат хойшлогдсон орлого" дансны КТ-т бичилт хийсэн 60,273,857.00 төгрөг нь Засгийн газрын хандиваар авсан хөрөнгийн 2017 оны элэгдлийн дүн, уг дүнгээр нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд орлогоор тайлагнасан гэж тайлбарласан.

Тус компанийн 2017 оны 311110000 "Богино хугацаат хойшлогдсон орлого" данс 60,273,857.00 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь тухайн оны гүйлгээ балансаар нотлогдож байна. НББОУС 20-Засгийн газрын буцалтгүй тусламжийн бүртгэл болон Засгийн газрын туслалцааны тодруулга стандартын 20.24 “Хөрөнгөтэй холбоотой буцалтгүй тусламж"-д “Бодит үнэ цэнээр хэмжигдсэн мөнгөн бус буцалтгүй тусламжийг багтаасан хөрөнгөтэй холбоотой Засгийн газрын буцалтгүй тусламжийг хойшлогдсон орлого хэлбэрээр ... баланс толилуулна" гэж заасан.

3.5. Элэгдэх хөрөнгөтэй холбоотой тусламжийг орлогын аргаар бүртгэхэд: Засгийн газрын буцалтгүй тусламжийг хүлээн авсан үед: /ДТ Мөнгөн хөрөнгө, Хөрөнгө, КТ Хойшлогдсон орлого/

3.6. Хойшлогдсон Засгийн газрын тусламжийн орлогыг Хөрөнгийн ашиглалтын хугацаанд үндэслэн хуваарилах үед: /ДТ Хойшлогдсон орлого, КТ Бусад орлого/ гэж бүртгэхээр байгаагаас үзэхэд Засгийн газрын тусламжаар авсан хөрөнгийн "Хойшлогдсон орлого" дансанд бүртгэж, хөрөнгийг ашиглалтын хугацаагаар элэгдүүлсэн дүнгээр орлого хүлээн зөвшөөрөхөөр байна. Өөрөөр хэлбэл "Хойшлогдсон орлого" дансыг бууруулах бичилт хийж, орлогын дансанд бүртгэснээр орлого хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

Иймд 2017 онд тус компани нь 320210000 тоот "Хойшлогдсон тусламжийн орлого” дансыг 60,273,857.00 төгрөгөөр бууруулж, орлогын дансанд бичилт хийгээгүй, харин 311110000 "Богино хугацаат хойшлогдсон орлого" дансанд бичилт хийж, уг данс 60,273,857.00 төгрөгийн үлдэгдэлтэй байгаагаас үзэхэд орлого хүлээн зөвшөөрч бүртгэсэн гэж үзэхээргүй байна.

3.7. Гэтэл гомдогч тал 2018 онд орлогоор хүлээн зөвшөөрсөн гэсэн тайлбар өгсөн боловч 2018 оны ерөнхий журналын задаргааг харахад орлогоор хүлээн зөвшөөрөөгүй харин 311110000 "Богино хугацаат хойшлогдсон орлого" дансыг 60,273,857.00 төгрөгөөр нэмэгдүүлсэн байна.

Иймд шүүх эдгээр нөхцөл байдал, хуулийн үндэслэлийг дахин магадлаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

4. Гомдол гаргагчаас хариуцагчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

3. Шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

3.1. Хариуцагч Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч Б.Б, Б.Х нар гомдол гаргагч “АДС” ТӨХК-ийн 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татвар төлөгчөөс ирүүлсэн хүсэлтийн дагуу татварын хяналт шалгалт хийгээд, татварын улсын байцаагчийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн На-22210000053 дугаар “Нөхөн ногдуулалтын акт”-аар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 1.2, 4, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 82 дугаар зүйлийн 82.1.1, 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсгийг тус тус үндэслэн 19,904,223.29 төгрөгийн нөхөн татвар, 7,8618184.68 төгрөгийн торгууль, 6,960,592.01 төгрөгийн алданги, нийт 34,725,999.98 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.

3.2. Нэхэмжлэгчээс татварын улсын байцаагчийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн На-22210000053 дугаар “Нөхөн ногдуулалтын акт”-ын зөвхөн 3 дахь хэсгийг эс зөвшөөрч “2017 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй орхигдуулсан гэх 61,256,856.83 төгрөгийн зөрчилд ногдох 9,118,528.42 төгрөгийн нөхөн татвар, торгууль алдангийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэл гарган маргаж байна.

3.3. Тус актын 3-д “Хойшлогдсон болон түрээсийн орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй орхигдуулсан 2017 онд 69,981,714.95 төгрөгийн, 2018 онд 2,143,219.28 төгрөгийн орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд дутуу тусгасан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан татвар ногдуулах орлогыг татварын тайланд дутуу тусгасан зөрчил гаргасан гэж үзжээ.

3.4. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Нэмэгдсэн өртгийн албан татварын 2017 оны 12 дугаар сарын тайланд хойшлогдсон тусламжийн орлого болох 61,256,856.83 төгрөгийг бусад орлого хэсэгт тайлагнаж, татвараа төлсөн...” хэмээн тайлбарлаж байх ба харин хариуцагчаас “2017 онд тус компани нь “Хойшлогдсон тусламжийн орлого” дансыг 60,273,857 төгрөгөөр бууруулж, орлогын дансанд бичилт хийгээгүй, харин “Богино хугацаат хойшлогдсон орлого” дансанд бичилт хийж, уг данс 60,273,857 төгрөгийн үлдэгдэлтэй байгаагаас үзэхэд орлого хүлээн зөвшөөрч бүртгэсэн гэж үзэхээргүй хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна.

3.4. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна”, 7.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ”, 16 дугаар зүйлийн 16.1-д “Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн санд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана”, Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт 20-д “Засгийн газрын буцалтгүй тусламжийн бүртгэл болон “Засгийн газрын туслалцааны тодруулга стандарт”-д орлогын аргаар бүртгэсэн үед системтэй сууриар, холбоотой зардлыг харгалзан холбогдох тайлангийн үеүдэд ашиг, алдагдлаар хүлээн зөвшөөрч бүртгэнэ” гэж зааснаар татвар төлөгч нь бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээнээс олсон орлогоо холбогдох тайлангийн үеүдэд ашиг, алдагдлаар хүлээн зөвшөөрч бүртгэх хуулийн зохицуулалттай байна.

3.5. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч “АДС” ТӨХК нь Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Хөрөнгө шийдвэрлэх тухай 234 дүгээр тогтоол, Эрчим хүчний сайдын 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг хангах тухай 131 дүгээр тушаалаар АДС-ыг ажиллагаанд залгахад шаардагдах эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр Хөгжлийн банкаар дамжуулан олгож буй 3,988,318,000.00 төгрөгийн зээл авсан бөгөөд Төрийн өмчийн хорооны тогтоолоор тус компанид балансаас балансад хөрөнгө шилжүүлэх шийдвэрүүд гарсны дагуу 2015 онд 197,4 сая төгрөгийн, 2016 онд 84,9 сая төгрөгийн тавилга, эд хогшил, автомашин, 2017 онд 161,8 сая төгрөгийн худаг, цэвэр усны шугам, 2018 онд 1,106,3 сая төгрөгийн холбохын гарам зэрэг нийт 1,460,4 сая төгрөгийн хөрөнгийг хүлээн авсан ба эдгээр зардлыг 2017 онд ногдох элэгдлийн зардлын дүнгээр орлогоо хүлээн зөвшөөрч татварын тайланд мэдүүлжээ.

3.6. Шүүхээс нэхэмжлэгч “АДС” ТӨХК-ийн татварын тайлан, холбогдох санхүүгийн баримтуудад шинжилгээ хийлгэхээр шинжээч томилсон бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 46 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 4-д “Тайлант хугацаанд хойшлогдсон тусламжийн орлого 61,256,856.83 төгрөгийг орлого гэж хүлээн зөвшөөрч бүртгэсэн бичилт хийсэн байна” гэж хариулсан.

3.7. Мөн шинжээчийн дүгнэлтийн 6-д “...2017 оны Санхүүгийн байдлын тайлан дээр байгаа 60,273,857 төгрөгийн богино хугацаат өр төлбөрийн үлдэгдэл нь 2018 онд хүлээн зөвшөөрөгдөх орлого болно.” гэж хариулснаас үзвэл нэхэмжлэгчийн 2017 оны 12 дугаар сарын тайланд хойшлогдсон тусламжийн орлого болох 61,256,856.83 төгрөгийг тайлагнах үүргээ биелүүлсэн гэж үзэхээр байх бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгчийг буруутгаж буй 60,273,857 төгрөг нь 2018 онд хүлээн зөвшөөрөгдөх богино хугацаат өр төлбөр болох нь нотлогдож байна.

3.8. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс 2017 оны 12 дугаар сарын тайланд хойшлогдсон тусламжийн орлого болох 61,256,856.83 төгрөгийг бусад орлого хэсэгт тайлагнаж, татвараа төлсөн болох нь нотлох баримтуудаар тогтоогдож байх ба энэ нь татвар, санхүүгийн хууль тогтоомжийг зөрчсөн шинжгүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

3.9. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий, нотлох баримтыг зөв үнэлсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 332 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Б, Б.Х, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Оргил нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА