Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/01157

 

Н.Мийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2017/02254 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 725 дугаар магадлалтай

Н.Мийн нэхэмжлэлтэй

Э.Г, С.З нарт холбогдох

Автомашины үнэ 20 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Золзаяагийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Н.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие өөрийн Инфенити Q-56 маркийн суудлын автомашиныг худалдан борлуулах бодолтой байсан. Энэ тухайгаа Э.Гд хэлэхэд тэрээр өөрийн Резо маркийн автомашинаа эмэгтэй хүн унахад тохиромжтой гэж надад сурталчилж автомашинаа сольж болно, зөрүү мөнгийг нь өгнө гэхээр нь би зөвшөөрч өөрийн Инфенити Q-56 маркийн автомашинаа С.Зийн нэр дээр шилжүүлж өгсөн. Надад өгч байгаа Резо маркийн автомашиныг аваад 3 хоноод наймаа буцахаар шийдэж автомашинаа аваарай гээд өөрийн Инфенити Q-56 автомашинаа очиж авсан. Учир нь би автомашиныг сайн мэдэхгүй бөгөөд Резо автомашин нь эвдрэл гэмтэлтэй доголдолтой байсан. Үүний дараа тэд намайг шүүхэд өгсөн. Энэ хугацаанд 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Резо маркийн автомашиныг бүрэн бүтэн хүлээлгэж өгөх, мөн 1 000 000 төгрөгийг 3 сарын хугацаанд нэмж өгөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Хэрвээ гэрээний хугацаанд үүргээ биелүүлэхгүй бол наймаа буцахаар гэрээнд тусгасан. Гэтэл өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй тул би гэрээнээс татгалзаж байна. Өөрийн Инфенити Q-56 маркийн автомашинаа буцаан авах хүсэлтэй боловч автомашиныг бусдад худалдсан гээд өгөхгүй байгаа тул автомашины үнэ 20 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 3 дугаар сарын 2-нд Э.Г, С.З, Н.М нар харилцан тохирч Э.Гантулгын эзэмшлийн DAEWOO маркийн 75-61 УБЛ дугаартай автомашиныг Н.Мийн эзэмшлийн INFITI маркийн 11-18 УНЧ дугаартай автомашинаар солилцохоор тохирч Э.Г автомашинаа Н.Мд шилжүүлж, Н.М автомашинаа Э.Гантулгын эхнэр С.Зийн нэр дээр шилжүүлсэн байдаг. Энэхүү арилжааны хэлцэл хүчин төгөлдөр байгаа. Н.Мээс шилжүүлсэн автомашин маш их эвдрэлтэй байсан тул Э.Г түүнд 1 500 000 төгрөгийн зардал гаргаж засвар хийсэн ба 2016 оны 6 сард Н.М нь автомашинаа буцаан авах санал гаргасан шалтгаан нь Daewoo маркийн автомашин нь эвдрэлтэй байна гэсэн байдаг. Үүний дагуу уг автомашиныг Э.Г, С.З нар үзэхэд эзэмшигчийн буруугаас эвдэрч асдаггүй, явдаггүй болсон, айлын хашаанд тавьснаас 4 дугуй нь хагарч хий нь гарсан, обуд гадар нь хонхойж цөмөрсөн, астатчер цахилгаан нь гэмтсэн байдалтай болсон байсан. Энэ байдлын талаар болон үүссэн нөхцөл байдлын улмаас талууд уулзалдаж 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Э.Г нь Н.Мд 1 сая төгрөг автомашины үнийн зөрүүд нэмж өгөх, Н.М нь Daewoo маркийн автомашины шаардлагатай сэлбэгийг авч өгөх, Э.Г уг автомашинд засвар хийж өгөхөөр тохиролцсон бөгөөд хэлцлийн дагуу Н.Мд 1 сая төгрөг өгөх гэтэл авахаас татгалзаж DAEWOO маркийн автомашиныг засч өгсөн нөхцөлд мөнгийг авна гэсэн атлаа өнөөг хүртэл сэлбэгээ авч өгөөгүйгээс автомашин засагдаагүй байна. Нэхэмжлэгч нь хэлэлцэн тохиролцсон гэрээний үүрэг 1 сая төгрөгийг шаардах эрхтэй, харин 20 сая төгрөгийн шаардлага үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2017/02254 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 205 дугаар зүйлийн 205.2.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.Заас 10 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Мд олгож, нэхэмжлэлээс үлдэх 10 000 000 төгрөгийн шаардлагыг болон хариуцагч Э.Гд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар Н.Мийн эзэмшлийн Dаewoo Rezzo маркийн 75-61УБЛ улсын дугаартай суудлын автомашин, хариуцагч С.Зийн эзэмшлийн infinty QX-56 маркийн 11-18 УНЧ улсын дугаартай суудлын автомашинуудын бүртгэлд өөрчлөлт оруулах буюу дээрх эзэмшигч нарыг харилцан буцааж бүртгэхийг Автотээврийн үндэсний төвд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 257 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Заас улсын тэмдэгтийн хураамж 174 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Мд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 725 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2017/02254 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж,

Хариуцагч С.З нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШЗ2018/02086 тоот захирамжаар давж заалдах гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д Золзаяа миний бие Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 725 дугаартай магадлалыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан бөгөөд анхан шатны шүүх хуулийн хүрээнд нотлох баримтыг зөв үнэлж хууль зүйн үндэслэлтэй, процессийн алдаагүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Учир нь давж заалдах шатны шүүх хэргийг шийдэхдээ нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, мөн арилжааны гэрээний дагуу талууд авсан зүйлээ харилцан буцааж байгаа тохиолдолд авто машины үнэ ач холбогдолтой юм. Маргаан бүхий нэхэмжлэгчийн авто машин гуравдагч этгээдэд шилжсэн нь тодорхойгүй байна. Үүнийг тогтоох шаардлагатай гэжээ. Гэвч анхан шатны шүүхэд хариуцагчийн төлөөлөгч болон хариуцагч нь уг авто машин нь одоо бодитоор байхгүй гуравдагч этгээдэд зарж борлуулсан гэсэн тайлбарыг өгсөн байдаг. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.9-т зааснаар уг баримтыг гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулсан бөгөөд уг авто машин нь хариуцагчаас хэн нэгэн рүү шилжээгүй гэсэн баримт хэрэгт авагдсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хариуцагчийн тайлбар нь өөрөө нотлох баримт болно гэж заасан. Нэхэмжлэгч нь нэгэнт гэрээний зүйл устаж үгүй болсон тул өөрийн авто машиныг 20 000 000 төгрөгөөр үнэлж нэхэмжилсэн. Мөн шүүхэд анх уг автомашиныг худалдаж авсан талаарх баримт буюу 10 000 000 төгрөгөөр худалдаж авсан талаарх баримтыг өгсөн. Шүүх уг баримтыг үндэслэн шийдвэр гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэж үзэж байгаа нь мөн үндэслэлгүй байна. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд биечлэн оролцсон байтал шүүх анхан шатны шүүх рүү буцаах шийдвэр гаргаж байгаа нь иргэнийг хохироосон шийдвэр гарсан гэж үзэж байна.

Иймд дэвж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Н.М нь Э.Г, С.З нарт холбогдуулан 20 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...хариуцагчийн Резо маркийн автомашиныг өөрийн Инфинити маркийн машинаар арилжсан бөгөөд хариуцагч нар нь эвдэрхий, гэмтэлтэй автомашин шилжүүлсэн байсныг засуулж авахаар харилцан тохиролцсон боловч гэрээгээр тохирсон хугацаанд машиныг засч, хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй. Миний автомашиныг бусдад шилжүүлсэн гэх  тул гэрээний дагуу шилжүүлсэн автомашины үнийг нэхэмжилж байна...” гэж тайлбарлаж,

Хариуцагч нар: “...Резо маркийн автомашин нь нэхэмжлэгчийн буруугаас эвдэрсэн байсан бөгөөд нэхэмжлэгчийн зардлаар автомашиныг засч өгөхөөр тохирсон боловч нэхэмжлэгч нь эвдэрсэн сэлбэг хэрэгслээ авч өгөөгүйгээс автомашин засагдаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэж маргасан байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1., 205 дугаар зүйлийн 205.2.2.-т зааснаар хариуцагч С.Заас 10 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10 000 000 төгрөг болон хариуцагч Ж.Гантулгад холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д зааснаар нэхэмжлэгчийн эзэмшлийн Daewoo Rezzo маркийн 75-61 УБЛ дугаартай автомашин, хариуцагч С.Зийн эзэмшлийн Infiniti QX-56 маркийн 11-18УНЧ дугаартай суудлын автомашинуудын бүртгэлд өөрчлөлт оруулж, харилцан буцааж бүртгэхийг Автотээврийн үндэсний төвд даалгаж шийдвэрлэжээ.

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй, шүүх хариуцагчаас автомашиныг үнийг гаргуулахаар шийдвэрлэсэн атлаа хариуцагчийн нэр дээр шилжсэн автомашины эзэмшлийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхээр Автотээврийн үндэсний төвд даалгаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй, хэрэгт авагдсан баримт хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй, хэргийн нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий нотлох баримт хангалттай цуглараагүй байхад хэргийг шийдвэрлэсэн, хариуцагч Э.Гд хэргийн оролцогчийн эрх үүргийг тайлбарлах ажиллагааг хийгээгүйг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх болон  хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаажээ.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянахдаа өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй байх боловч магадлалд заасан зарим үндэслэл хуульд нийцээгүй байна.

Тухайлбал: Хэргийн 45-46 дугаар талд авагдсан Автотээврийн үндэсний төвөөс ирүүлсэн тээврийн хэрэгслийн лавлагаанд байгууллага тэмдгээ дарсан, нотлох баримтын шаардлага хангасан байхад шүүх ямар үндэслэлээр нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзсэн нь тодорхойгүй, мөн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй гэсэн атлаа хэргийн нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий нотлох баримт хангалттай цуглараагүй гэж дүгнэсэн нь хоорондоо зөрчилтэй байхаас гадна шүүх хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэх зарчимд нийцээгүй гэж үзэхээр байна.

Мөн хариуцагч Э.Г өөрийгөө төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч томилон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан /хх-24/, шүүх итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бат-Өлзийд эрх үүргийг танилцуулсан болох нь хэргийн 10 дугаар талд авагдсан байхад хариуцагчид эрх, үүргийг нь танилцуулаагүй гэх үндэслэл шийдвэрийг хүчингүй болгох ноцтой зөрчилд хамаарахгүй.

Харин нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус байгаагаас үйл баримтыг дүгнэх, хэрэгт авагдсан баримтыг үнэлэх боломжгүй талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй тул давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан зөрчлийг хяналтын шатны шүүхээс засч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.

Дээрх дүгнэлтээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалын дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5., 168 дугаар зүйлийн 1681.1., 168.1.3., 168.1.7. дахь заалтуудад нийцсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 725 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Золзаяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Н.Мийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 175 000 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД