Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2018/01474

 

 

З.И-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2018/00672 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 1212 дугаар магадлалтай,

З.И-ийн нэхэмжлэлтэй,

Т.Г, А.Г нарт холбогдох,

Газар, амины сууц худалдах-худалдан авах гэрээ хийгдсэн болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт нэр шилжүүлэх бичиг баримт бүрдүүлэхийг даалгах үндсэн,

худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Т.Гантулгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гантулгын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.И-, түүний өмгөөлөгч Ц.Ариунзул, хариуцагч Т.Гантулгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гантулга, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч З.И- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний ээж Б.Замбалгарав нь 2015 оны 12 сарын 08-ны өдөр нас барсан. Тэрээр 2005 оны 04 сард А.Гтай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уулын 10 дугаар гудамж, 20 тоот хашаа байшинг худалдан авч 3.400.000 төгрөг төлсөн. Т.Г, А.Г нар тухайн үед хашаа байшингаа барьцаанд тавьсан байсан ба банкнаас бичиг баримтаа аваад ирье гээд урьдчилгаа мөнгөө авсан. Ингээд үлдэгдэл 400.000 төгрөгийг хэд хоногийн дараа ирж авсан бөгөөд ингэхдээ дэвтрийн цаасан дээр гэрээ байгуулсан. А.Г , Т.Г нар нь байшингийн болон газрын ногоон, ягаан гэрчилгээнүүдийг барьцаанд байсныг сулласан гээд бичиг баримтуудаа эх хувиар нь ээжид өгөөд, ээж цахилгааны төлбөрийн үлдэгдэл 100.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Ингээд бичиг баримтаа өгөөд дахиж ирээгүй. 2009 онд шүүхэд эрэн сурвалжлуулаад цагдаагаас авсан хаягаар нь хөөцөлдөхөд А.Г удахгүй шилжүүлээд өгнө гээд сураггүй болсон. 2013 онд цагдаад өргөдөл гаргахад нэр дээр шилжүүлж өгнө гэхээр нь ээж өргөдлөө татаж авсан. Түүнээс хойш дахиад сураггүй алга болсон. Би Б.Замбалгаравын төрсөн охин буюу өв залгамжлагчийн хувьд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Б.Замбалгарав болон хариуцагч нарын хооронд худалдах-худалдан авах гэрээ хийгдсэн болохыг тогтоож, холбогдох бичиг баримтыг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэжээ.  

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваасүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан Сонгинохайрхан дүүргийн 10-р хороо Зүүнбаян Уулын 12-р гудамж 20 тоотод байрлах 362.2 мкв талбайтай газар, түүн дээр байрлах амины орон сууцыг худалдах худалдан авах гэрээ хуулийн дагуу албан ёсоор хийгдээгүй. Учир нь тухайн үед уг газар нь Т.Гантулгын нэр дээр /гэр бүлийн зориулалтаар өмчилж авсан газар/ байсан ба эхнэр А.Г нь түүнийг хөдөө ажлаар явсан хойгуур нь түүний зөвшөөрөлгүйгээр иргэн Б.Замбалгаравт худалдахаар амаар тохиролцсон, мөн уг газар дээрх хувийн орон сууц нь А.Ггийн нөхөр Т.Г, тэдний охид болох Г.Амаржаргал, Г.Азжаргал нарын гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгө байхад тэдний зөвшөөрлийг авахгүйгээр иргэн Б.Замбалгаравт зарахаар амаар тохиролцсон байдаг. Иймд А.Г болон Б.Замбалгарав нарын хооронд хийгдсэн үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авахаар амаар тохиролцсон асуудал нь өмчлөгчийн зөвшөөрлийг бичгээр аваагүй, гэрээг нотариатаар батлуулж эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангаагүй тул иргэн З.И-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Г, А.Г нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: А.Г зам тээврийн осол гаргасны улмаас газар, байшин зэргийг нөхөр Т.Гантулгыг хөдөө явсан хойгуур зөвшөөрлийг нь авалгүйгээр зарах талаар Б.Замбалгаравтай ярилцаж түүнээс 3.800.000 төгрөгийг авсан байна. Үүнээс хойш 7 хоногийн дараа нөхөр Т.Г хөдөөнөөс ирж авсан мөнгөө буцааж өгөөд энэ тохиролцоог цуцлах, эсхүл мөнгө нэмж өгөхийг шаардахад Б.Замбалгарав зөвшөөрөөгүй. А.Г болон Б.Замбалгарав нар үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авахаар тохиролцохдоо өмчлөгчийн зөвшөөрлийг бичгээр аваагүй гэрээг хуулийн дагуу бичгээр байгуулан нотариатаар батлуулж, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул хашаа байшин худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус болно. Иргэн А.Г болон Б.Гантулга нар нь талийгаач Б.Замбалгаравын охин З.И-д авсан 3.800.000 төгрөгөө буцааж өгөхөд бэлэн байна. Иймд А.Г болон иргэн Б.Замбалгарав нарын хооронд байгуулагдсан хашаа, байшин худалдсан гэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас үзэхэд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж болохоор байна. Учир нь хэлцэл хийгдсэн болоод хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргаж байна. Хуульд ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа 10 жил, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 6 жил, гэрээ хэлцэлтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг. Өнөөдрийг хүртэл шаардлага гаргаагүй нь хэлцэл хийгдсэнийг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2018/00672 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 110 дугаар зүйлийн 110.1-т заасныг баримтлан Б.Замбалгарав, Т.Г, А.Г нарын хооронд Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хороо, Зүүнбаян уулын 12 дугаар гудамж, 20 тоотод байрлах 362.2 м.кв талбай бүхий газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201014390 дугаарт бүртгэлтэй 60 м.кв талбайтай амины орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн болохыг тогтоож, Т.Г, А.Г нарт газар, амины орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч З.И-д шилжүүлэхийг даалгаж, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасныг баримтлан З.И-д холбогдох А.Г болон Б.Замбалгарав нарын хооронд байгуулагдсан хашаа, байшин худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай Т.Г, А.Г нарын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар З.И-оос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 145.950 төгрөгийг, Т.Г, А.Г нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 145.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.И-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 1212 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2018/00672 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хороо, Зүүнбаян уулын 12 дугаар гудамж, 20 тоотод байрлах хашаа байшин, газрын өмчлөх эрхийг нэхэмжлэгч З.И-д шилжүүлэн өгөхийг хариуцагч А.Гд даалгаж, хариуцагч Т.Гд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг баримтлан А.Г, Б.Замбалгарав нарын хооронд байгуулагдсан хашаа байшин, газар худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, 3 дахь заалтад “Т.Г” гэснийг хасч шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Т.Г, А.Г нарын төлсөн 216.150 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Т.Гантулгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гантулга хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1212 дугаар магадлалыг эс зөвшөөрч дор дурдсан үндэслэлээр давж заалдах шатны гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн 18 мөр бүхий гараар бичигдсэн бичвэрийг нотлох баримтаар үнэлж, талуудын хооронд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэсэн хуульзүйн үндэслэлгүй гаргасан шийдвэрт давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй магадлал гаргасан байна. Иргэний хэргийн 64-114,134-135 талд авагдсан баримтаар маргааны зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаян Уулын 12 дугаар гудамжны 20 тоо год байрлах газар, амины орон сууц нь хариуцагч Т.Г, А.Г нар болон тэдний хүүхэд Г.Амаржаргал, Г.Азжаргал нарын хамтран өмчлөх дундын хөрөнгө болох нотлогддог. Хариуцагч А.Г гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийг Б.Замбалгаравт худалдахаар хийсэн гэх хэлцэл нь Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 д заасан хуулийн шаардлагыг хангаагүй бөгөөд хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн үйл баримт болон Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-д заасан хуулийн зохицуулалтын хүрээнд талуудын хооронд үл хөдлөх худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй үйл баримт тогтоогдсон байна. Нэхэмжлэгч Монгол улсын нотариатын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-дэх хэсгийг зөрчин нотлох баримтыг бүрдүүлэн, анхан шатны шүүхэд гаргаж өгснийг шүүх нотлох баримтаар үнэлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсгийг зөрчин хэргийг хянан шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй магадлал гаргасан байна. Давж заалдах шатны шүүх иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн магадлал гаргасан байх тул 1212 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч З.И- нь хариуцагч А.Г, Т.Г нарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээ хийгдсэн болохыг тогтоолгох, өмчлөх эрх шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нар нэхэмжлэлийг татгалзаж, гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор сөрөг шаардлага гаргажээ.

Хариуцагч А.Г нь Б.Замбалгаравт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян уулын 12 дугаар гудамж, 20 тоотод байрлах хашаа, байшин газрыг 3.800.000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож, 2005 оны 4 дүгээр сарын 18-ний өдөр бичгээр хэлцэл хийжээ /хэргийн 3 дугаар тал/.

Дээрх тохиролцооны дагуу А.Г мөнгийг хүлээн авч, эд хөрөнгийг  шилжүүлэн өгсөн, Б.Замбалгарав уг хашаа байшинг эзэмшиж, ашиглаж байгаад 2015 онд нас барсан, түүний төрсөн охин нэхэмжлэгч З.И- дээрх гэрээний шаардах эрхийг өвлөн авсан нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.-т “энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно”. 43 дугаар зүйлийн 43.3.-т ”нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ” гэж тус тус заасан.

Хариуцагч А.Г маргааны зүйл болох хашаа байшинг худалдах хүсэл зоригоо бичгээр илэрхийлж, гарын үсгээ зурсан, улмаар мөнгийг хүлээн авч, эд хөрөнгийг шилжүүлэн өгсөн байх тул зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Хуулийн энэхүү зохицуулалтаар хариуцагч худалдсан эд хөрөнгийн  өмчлөх эрхийг худалдан авагчид шилжүүлэн өгөх үүрэгтэй бөгөөд худалдсан хашаа байшингийн өмчлөх эрхийг шилжүүлээгүй нь түүний эд хөрөнгөө худалдах хүсэл зоригийг үгүйсгэхгүй юм.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь зөв боловч хариуцагч Т.Гд холбогдох шаардлагын талаар хийсэн дүгнэлт учир дутагдалтай болжээ.

Б.Замбалгарав, А.Г нарын хооронд байгуулсан гэрээнд хариуцагч Т.Г оролцоогүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ /хэргийн 210-212 дугаар тал/.

Давж заалдах шатны шүүх энэхүү байдлыг харгалзан шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Т.Гд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй байна.

Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Маргааны зүйл болох орон сууцны өмчлөгч Г.Амаржаргал, Г.Азжаргал нар гэрээ байгуулах үед насанд хүрээгүй байсан учир эх Г.Гантуяа гэрээ байгуулахдаа тэдний хүсэл зоригийг илэрхийлсэн гэж үзнэ.

Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авахаар Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.-т заасан. А.Г дээрх эд хөрөнгийг худалдахдаа өөрөөс нь зөвшөөрөл аваагүй талаар хариуцагч Т.Г тайлбар гаргасан боловч тэрээр уг асуудлыг гэрээ байгуулагдсанаас 7 хоногийн дараа мэдсэн атлаа энэ талаар гомдол гаргаагүй байна.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 1212 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Т.Гантулгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гантулгын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 216.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.АМАРСАЙХАН

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ