Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2022/0533

 

Т.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан

Илтгэсэн шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б

Нэхэмжлэгч Т.Б

Хариуцагч: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаар тогтоолын хавсралтын 13 дахь хэсгийг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 424 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2022/0355/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т.Б нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаар тогтоолын хавсралтын 13 дахь хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 424 дүгээр шийдвэрээр:

2.1. “Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, 46 дугаар зүйлийн 46.1-д заасныг баримтлан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаар тогтоолын хавсралтын 13 дахь хэсгийн биелэлтийг дахин шинэ акт гартал 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж,

2.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаар тогтоолын хавсралтын 13 дахь хэсгийг хүчингүйд тооцож” шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Т.Б-ийн өмгөөлөгч А.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Өмгөөлөгч А.Б би иргэн Т.Б-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэрэгт анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

3.2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах агуулгаар шуухийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

3.3. Анхан шатны шүүхийн шүүгчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасны дагуу хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

3.4. Гэвч хуулийн тус хэсэгт заасан шийдвэрийг гаргах урьдчилсан нөхцөл болох "шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн" гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж байна.

3.5. Шүүхийн зүгээс тус нөхцөл байдал бий болсон гэж үзсэн үндэслэлээ тайлбарлахдаа "бусдын эзэмшил, ашиглалтад байгаа эсэх, сонсох ажиллагаа хийж ... бусдын эзэмшил газрыг солих буюу эргүүлэн авах, нөхөх олговор олгох эсэх болон бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг нийтийн эдэлбэр болон тусгай хэрэгцээнд ашиглах зэрэг хуульд заасан ажиллагааг хийгээгүй байна" гэж, "Нийслэлийн Засаг дарга болон Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дээрх үйл ажиллагааг явуулсан эсэхийг тодруулаагүй болох нь ... тогтоогдож байна" гэж тус тус тайлбарласан.

3.6. Гэвч эдгээр нь хариуцагч шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн, захиргааны актыг хууль бус гэж үзэх үндэслэлд л хамаарах юм. Харин захиргааны актын үндэслэл болсон бодит нөхцөл байдал, үйл баримтыг тодруулах хүрээнд хамаарах асуудал биш юм.

3.7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан "нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэх судлах боломжоос хэтэрсэн" гэх үндэслэл нь шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримтлаагүйг залруулах арга зам биш юм. Дээр дурдсан ажиллагаануудыг хариуцагч хийгээгүй нь захиргааны актыг хууль бус гэж үзэх үндэслэл болно.

3.8. Иймд анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.

3.9. Харин маргаан бүхий захиргааны акт нь ямар байдлаар хууль бус болох талаар бид анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа дурдсан бөгөөд тус тайлбараа дэмжиж байгаа.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах агуулгаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

3. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах тухай давж заалдах гомдлыг хангахгүй орхив. Үүнд:

3.1. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/667 дугаар захирамжаар иргэн Т.Бд Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 17554 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлснийг үндэслэн газар эзэмших эрхийн 000048797 дугаар гэрчилгээг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр олгосон байна.

3.2. Гэтэл Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 09/25 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Морин тойруулгын хойд талд байршилтай 50,000 м.кв газрыг нийтийн эдэлбэр газраар тогтоохоор шийдвэрлэсэн тул Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаар тогтоолын хавсралтын 13 дахь хэсгээр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Морин тойруулгын хойд талд байршилтай, 50,000 м.кв талбайг нийтийн эдэлбэрт авсан бөгөөд нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газар бүхэлдээ давхцсан хэмээн маргаж байна.

3.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж зааснаар захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах үүднээс ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулах үүрэгтэй.

3.4. Энэ тохиолдолд хэргийн оролцогчид хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн хэмээн маргаж байх тул шүүх нэхэмжлэгч Т.Б-ийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Морин тойруулгын хойд талд байрлах 17554 м.кв газрыг хууль ёсоор эзэмшиж байгаа эсэхийг тодруулах шаардлагатай ба хариуцагчийн шийдвэрийн үндэслэл шалтгаан, шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримталсан эсэхийг бүрэн тодруулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх ёстой байжээ.

3.5. Тодруулбал хэрэгт нэхэмжлэгчийн газар эзэмших эрх бүхий газрын гэрчилгээ зэрэг баримтууд авагдсан боловч Нийслэлийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/667 дугаар захирамж болон анх нэхэмжлэгчид Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 17554 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй талаар нотлох баримтыг цуглуулаагүй, хариуцагчаас маргаан бүхий шийдвэрийг гаргахдаа эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй нэхэмжлэгчийг хэрхэн тодорхойлсон буюу нийтийн эдэлбэр газрыг тогтоохдоо бусдын эзэмшил, ашиглалтад байгаа эсэх, хэрэв бусдын эзэмшил, ашиглалтад байгаа бол сонсох ажиллагаа хийсэн, нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа газрыг нийтийн эдэлбэрт авахдаа нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах эсвэл гэрээ байгуулсан эсэх талаарх нотлох баримтууд авагдаагүй байх тул шүүх маргаан бүхий нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй байдлыг үүсгэж байна.

3.6. Нөгөөтэйгүүр, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэж зааснаар захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллагын шийдвэрийн улмаас хөндөгдсөн иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилготой бөгөөд мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна:”, 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгчид хамаарах үйл явдлыг шийдвэрлэсэн захиргааны акт байх хуулийн зохицуулалттай.

3.7. Нэхэмжлэгчээс “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаар тогтоолын хавсралтын 13 дахь хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэхдээ тус хэсгээр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Морин тойруулгын хойд талд байршилтай 50,000 м.кв газрыг нийтийн эдэлбэр газраар тогтоосон ба нэхэмжлэгч Т.Б-ийн эзэмших эрх бүхий 17554 м.кв газар нь маргаан бүхий газартай ямар байдлаар давхцсан нь тодорхойгүй ба бусад давхцаагүй газрыг нийтийн эдэлбэр газарт оруулсан шийдвэртэй давхар хүчингүй болгуулахаар маргаж байгаа нь нэхэмжлэгчийн ямар эрх, ашгийг хамгаалах үр дагавартай эсэх нь ойлгомжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг эцсийн байдлаар тодруулах шаардлагатай байна.

Ийнхүү дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдааг давж заалдах шатны шүүх засах боломжгүй учир шийдвэрийг хүчингүй болгон анхан шатны шүүхэд буцааж, дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 424 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан  өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                       О.ОЮУНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА