Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 128/2015/0931/З |
Дугаар | 294 |
Огноо | 2016-10-10 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 294
Ц.Цэвэлдоржийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дашдэмбэрэл, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 175 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2016/0323 дугаар магадлалтай, Ц.Цэвэлдоржийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ
Нэхэмжлэгч Ц.Цэвэлдоржийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 334 тоот шийдвэр, 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 387 тоот шийдвэрүүдийг тус тус илт хүчин төгөлдөр бус захиргааны акт болохыг тогтоолгох” гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 175 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.15-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Цэвэлдоржийн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “...Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 334 тоот шийдвэр, 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 387 тоот шийдвэрүүдийг тус тус илт хүчин төгөлдөр бус захиргааны акт болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2016/0323 дугаар магадалалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 175 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Дашдэмбэрэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх "... Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь ... хуульд үндэслэсэн байна гэсэн зохицуулалтыг зөрчсөн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт байрших ашигт малтмалын ашиглалтын 13713А тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2008 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 764 дүгээр шийдвэрээр “Баярсгоулд” ХХК-д олгосон. Энэ шийдвэрийг илт хүчин төгөлдөр бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэрийг 2008 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс гаргасан. Үүний дараа Ашигт малтмалын газраас уг тусгай зөвшөөрлийг цуцласан байдаг.
Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд хандахдаа өөрийн Үндсэн хуулиар баталгаажсан “...эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах...” эрхээ зөрчигдөж байгаа талаар дурьдсан.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-т “...Давж заалдах шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлэж байгаа захиргааны хэргийн шүүх давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүй захиргааны хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй...” гэсэн заалтыг хэрэглээгүй.
Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 334, 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 387 дугаар шийдвэрүүдийг илт хүчин төгөлдөр бус захиргааны акт мөн эсэхийг огт хянаж үзээгүй, тус актуудыг гаргах эрх зүйн үндэслэл байсан эсэх, өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн эсэхийг хянаж үзээгүй.
“Баярсгоулд” ХХК-д нөхөн олгогдсон гэх тусгай зөвшөөрөл нь анхнаасаа л илт хууль бусаар олгогдсон зөвшөөрөл бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу нөхөн олгосон гэх хариуцагчийн үйлдэл нь мөн Ашигт малтмалын тухай хуулийг зөрчиж гарсан учраас нэхэмжпэгч 334, 387 тоот актуудыг илт хүчин төгөлдөр бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийг гаргасан.
Гуравдагч этгээдийн эзэмшиж байсан гэх тусгай зөвшөөрөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.3-т зааснаар дуусгавар болсон зөвшөөрөл юм.
Анхан шатны шүүх шийдвэрээ гаргахдаа баримталсан Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.15 дахь заалтууд нь Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг нөхөн олгох гэсэн зохицуулалттай огт хамааралгүй зөвхөн хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих, цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох, цуцлах, шилжүүлэх, барьцаалах, талбайг хэсэгчлэн болон бүхэлд нь буцаан өгөх, шилжүүлэх ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх л гэсэн хариуцагчийн хуулиар хүлээсэн үүргийг баталгаажуулсан заалт юм.
Иймд, давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2016/0323 тоот магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 334, мөн оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 387 дугаар шийдвэрүүдийг илт хүчин төгөлдөр бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай иргэн Ц,Цэвэлдоржийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал үндэслэл муутай болжээ.
Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг, Өлтийн дэнж нэртэй газарт “Баярсгоулд” ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын 13713А дугаар тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээсэн 2015 оны 334, үрэгдүүлсэний улмаас уг тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг нөхөн олгох тухай мөн оны 387 дугаар шийдвэрүүд нь “...Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг зөрчиж олгогдсон...” гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэлээ тодорхойлсон байна.
Шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудад ач холбогдол өгөлгүйгээр зөвхөн “...Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 91 дүгээр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн гаргасан..., нэхэмжлэгчийн үндэслэлээ болгон маргаж байгаа асуудал нь дээрх актыг илт хууль бусад тооцох үндэслэл болохгүй...” хэмээн хэт өрөөсгөл дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2008 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 764 дүгээр шийдвэрээр анх “Баярсгоулд” ХХК-д ашигт малтмалын ашиглалтын 13713А дугаар тусгай зөвшөөрлийг олгосон байна.
Уг тусгай зөвшөөрөл олгосон шийдвэр нь илт хүчин төгөлдөр болохыг хүлээн зөвшөөрсөн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 350 дугаар шийдвэр хүчин төгөлдөр байгааг нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарлаж байжээ. Иймээс өмнө нь шүүхээс “Баярсголд” ХХК-ийн 13713А тусгай зөвшөөрөлтэй хамааралтай ямар шийдвэрүүд гарч байсныг судалж, эдгээр шийдвэрийн үндэслэл нь харилцан уялдаатай эсэхийг анхаарах нь зайлшгүй чухал болно.
Тодруулбал, Гуравдагч этгээд “Баярсгоулд” ХХК-ийн эзэмшиж буй ашигт малтмалын ашиглалтын 13713А дугаар тусгай зөвшөөрлийн тухайд өмнө нь шийдвэрлэгдэж байсан маргаан, шүүхээс гарсан хүчин төгөлдөр шийдвэрүүдэд хийгдсэн дүгнэлтүүдийг нарийн анхаарч судлахгүйгээр, зөвхөн маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 91 дүгээр шийдвэрийг үндэслэж дүгнэх нь өмнө хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэртэй зөрчилдөх, шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлсэн хэргийн оролцогчийн аль нэг талын эрхийг хөндөх, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх үүрэг бүхий хэргийн оролцогчдод ойлгомжгүй нөхцөлд байдал үүсгэх зэрэг сөрөг үр дагаварыг бий болгохоор байна.
Энэ нь агуулгын хувьд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг дахин үнэлж, дүгнэж байгаа асуудал биш, харин шүүхээр хянан шийдвэрлэж байгаа маргааны тухайд өмнөх шүүхийн шийдвэрээр нэгэнт дүгнэгдсэн асуудлыг үгүйсгэлгүйгээр, эдгээр нь тухайн шийдвэрлэгдэж байгаа маргаан, түүний үндэслэлийн хувьд хамааралтай эсэхийг анхаарах шаардлагатайг илэрхийлж байгаа дүгнэлт юм.
Үүнээс гадна “Баярсгоулд” ХХК-ийн хүсэлтийг үндэслэн MV-018764 /13713А/ дугаар тусгай зөвшөөрлөөр эзэмшиж буй 350.91 гектар ашиглалтын талбайгаас 223.47 гектар талбайг буцаан өгснийг бүртгэж, үлдэж байгаа 127.44 гектар талбайг MV-018764 /13713А/ дугаар тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэхээр шийдвэрлэсэн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 629 дүгээр шийдвэр хэрэгт авагджээ.
Ийнхүү талбайн хэмжээ багассан нь “...хуулиар хориглосон газартай давхцалтай...” гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд нөлөөлөх эсэхийг шүүх тодруулах нь зүйтэй байжээ.
Мөн “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ өөрийнхөө эсхүл бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргаж байгаа болон түүний эрх хэрхэн зөрчигдсөнийг тодорхой заагаагүй...” гэх хариуцагчийн тайлбарыг анхаарч энэ байдлыг шалгаж дүгнэлт хийх шаардлагатай.
Шүүхүүд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30, 31 дүгээр зүйлд заасан нотлох үүргээ хангалтгүй биелүүлж, бүрдэл дутуу баримтад дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн алдааг хяналтын шатны шүүхээс зөвтгөх боломжгүй байна.
Иймээс шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Дашдэмбэрэлийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 175 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2016/0323 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ Х.БАТСҮРЭН
ШҮҮГЧ Л. АТАРЦЭЦЭГ