Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 006

 

    Х.Б-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Б.Дамба, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 136 дугаар шийтгэх тогтоолтой, Х.Б-д холбогдох 201404000156 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Х.Б болон түүний өмгөөлөгч С.Алтай нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд хяналтын прокурор Б.Ботакөз, шүүгдэгч Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маншүк нар оролцов. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1979 оны 5 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Ө сумын  дугаар багт оршин суудаг, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй /урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан тус хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн/, Ж овогт Х.Б, регистрийн дугаар Б00000

  Шүүгдэгч Х.Бл нь Баян-Өлгий аймгийн Ө сумын  дугаар багийн конторын барилгыг барьж, хүлээлгэж өгнө гэж хуурч, итгэлийг урвуулан ашиглаж иргэн Х.Б-аас (1) 2012 оны 9 дүгээр сарын эхээр 2 удаагийн тээвэрлэлтээр тоосго, дээврийн төмөр зэрэг барилгын материалыг, (2) 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 3000000.00 төгрөг, 2012 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 3000000.00 төгрөг, 2012 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 1500000.00 төгрөг, нийт 7500000.00 /долоон сая таван зуун мянга/ төгрөгийг бэлэн бусаар иргэн М.С-ы ХААН банк дахь 5180720082 дугаартай дансаар дамжуулж шилжүүлэн авч, (3) улмаар Увс аймгийн Б сумын нутаг дэвсгэрт, Хотгорын уурхайд баригдсан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын  дугаар багийн конторын барилгыг өөрийн хувийн байшин болгон ашиглаж, улсын комисст хүлээлгэн өгөөгүй, “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Ч-т 22852718.00 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэгт холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 136 дугаар шийтгэх тогтоолоор: 

 

“1. Шүүгдэгч Х.Б-ийг хуурах аргаар өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч 22852710 төгрөг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  заасныг журамлан Х.Б-ын эдлэх  2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тусгаарлаж эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-оос 14142718 төгрөг гаргуулан, иргэний нэхэмжлэгч Д.Ч-т олгож, иргэний нэхэмжлэгчийн хэлэлцээгүй орхисон 13947282 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргуулах эрхтэйг дурдсугай.

5. Энэ хэргийн учир шүүгдэгч нь баривчлагдаж, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар  хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө  болох Увс аймгийн Бөхмөрөн сум, Хотгорын нүүрсний уурхайн орчим байрлах Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 7 дугаар багийн байрын зориулалтаар баригдсан шүүгдэгч Х.Б-ын амьдарч буй орон сууцыг хураан авч, худалдан борлуулан, хохирлыг барагдуулж, илүү гарсан хөрөнгө орлогыг улсын төсөвт шилжүүлэхийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт даалгаж, шүүгдэгч Х.Б-ын гэр бүлийн дундын өмч болох улсын дугаартай “Ланд-80” маркийн автомашин, 10 адуу битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газрын мэдэлд шилжүүлсүгэй. 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасны дагуу шүүгдэгч Х.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.” гэж шийдвэрлэжээ. 

 

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 136 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч  гэм буруутайгаар тооцогдон хохирсон Б379050815 регистрийн дугаартай Х.Б би өмгөөлөгч С.Алтайн хамтаар энэхүү гомдлыг дараах үндэслэлтэй гаргаж байна. Үүнд: 

1. Х.Б би гэмт хэрэг хийгээгүй, хэн нэгнийг залилан мэхлээгүй, бусдын хөрөнгө мөнгийг ашиглаагүй, завшаагүй гэдгийг анх хэрэг шалгагдаж эхэлсэн үеэс эхлэн цагдаа, прокурор, шүүхэд мэдүүлсэн ба одоо ч гэсэн эрхэм шүүх бүрэлдэхүүнд гомдлоо бичиж байна. 

2. Энэ хэрэг шалгагдаж эхэлснээс хойш 6 жилд цагдаагийн байгууллага 4 удаа, прокурорын хяналтаас 3 удаа хэрэгт Х.Б намайг ямар ч холбогдолгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож байсан бөгөөд анхан шатны шүүхээс миний гэм буруутайг тогтооход хангалттай нотлох баримтаар нотлогдохгүй байна, харин Х.Бай-г эрүүгийн хэрэгт татан шалгах нь зүйтэй гэж хэргийг Прокурорт буцааж байсан.  

3. Хэргийг прокурорт буцаасны дараа өмнөх хэрэг, баримт, материалд содон болон сонирхол татсан намайг буруутгахаар нотлогдсон шалгалтууд хийгдээгүй бөгөөд хяналтын прокуророос намайг хэрэгт холбогдолгүй талаар баримт, нотолгоо үндэслэлүүдээ хангалттай дурдаад 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн тогтоолоор хэргийг дахин хэрэгсэхгүй болгосон. 

4. Гэтэл ямар нэгэн шалтгаанаар хэргийг Улсын прокурорт татан авч хянаад сэргээснээс гадна миний гэм бурууг шүүхээр тогтоолгох чиглэлийг Аймгийн прокурорт үүрэгдсэнээр прокурор хэргийг сэргээж шүүхэд ирүүлсэн. Анхан шатны шүүх нь:

1. Хэрэг, үйлдэл болон миний холбогдлыг тал бүрээс нь хангалттай нотлогдоогүй байхад хэт нэг талыг барьж, хуулийг буруугаар тайлбарлан, миний эрх, эрх зүйн байдлыг дэндүү доордуулж гэм буруутайд тооцож, өршөөлд хамруулсан болгож шийдвэрлэхдээ амьдралдаа арай гэж олон жил хөөцөлдөн байж барьж босгосон гэр бүлийн минь хэрэгцээний өвлийн сууц өмчийг минь улсын өмч болгон хураалгаж, төлбөр төлүүлэхээр болж хохироосон.

2. Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт заасан “... эргэлзээ гарвал шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зүйл заалтыг хэрэглээгүй. Учир нь миний гэм буруутай байдал хавтаст хэрэгт тал бүрээс нь хангалттай нотлогдож батлагдаагүй эргэлзээтэй байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 14 дүгээр зүйлд заасан заалтыг мөн 16.2-ын “Нотолбол зохих байдлыг” ноцтойгоор зөрчиж намайг үндэслэлгүйгээр гэм буруутайд тооцож хохироосон. Намайг гэм буруутайд тооцохдоо шүүх нь зальт этгээд Х.Бай-гийн худал хуурмагаар гаргаж өгсөн тайлбар, ямар ч нотлох баримтаар үнэлэх боломжгүй тооцоо нийлсэн гэх баримт, намайг гүтгэсэн мэдүүлэг, намайг гүтгүүлэхээр зориуд миний эсрэг худал, хуурмаг мэдүүлэг өгүүлэхээр бэлдэж гэрч болгосон худ нь болох н.Г, амин найз нь н.Б, н.Б-ны эхнэр н.М, н.Б-ны төрсөн дүү н.Т нарын эх сурвалж зааж чадаагүй мэдүүлгүүд, барааны захын барилгын материал зарагч Х.Өнерханы олон удаа зөрүүтэй өгсөн хуурамч мэдүүлэг зэргийг миний эсрэг хийсвэр нотолгоо болгосон байна. 

Анхан шатны шүүх нь нотлох баримтаар ашиглах боломжгүй гэдгийг мэдсээр байж шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан нотолгоо гэгчүүдийг нотлох баримт болгон үнэлж хуулийг ноцтой зөрчиж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Түүнээс гадна анхан шатны шүүх нь Х.Бай нь надтай багийн төв бариулахаар ямар ч гэрээ хэлцлийг бичгээр хийгээгүйг, нүүрс ачихаар Хотгорын уурхайд очсон н.Д гэдэг жолоочид 2 удаа 30 литр дизель түлш өгч дайж явуулсан барилгын материал гэгчийг хүлээлгэж албан ёсоор өгөөгүйг, блок хийлгүүлж өгч туслахыг хүсэж шилжүүлсэн 7.500.000 төгрөгийг блок хийлгэх боломжгүйгээс ашиглалгүй мөн бусад барилгын материалын хамт хадгалж байсныг өвлийн сууцыг өөрийн хөрөнгөөр зарим барилгын материалыг худалдан авч Өлгийгөөс зөөвөрлөн авч ирж бусдыг хөлслөн бариулсныг, барьсан байшинд худалдаж авсан хүний байшингийн хуучин модон шургааг, банз, нуруу мод зэргийг ашигласныг минь, газрын зөвшөөрлийг Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг даргын Тамгын газрын албанаас Х.Бай буюу захиалагч, гүйцэтгэгч нь аваагүй байсан ба би хуучин байшинг нурааж тэр газарт сэргээж, шинээр барьсныг, Х.Бай нь барилга хүлээн авагч комисс гэгчид байшинг минь гаднаас нь үзүүлж шинээр барьсан багийн төв гэж итгүүлж хууран мэхэлж хүлээлцсэн зэргийг надад олон талаар ашигтайгаар авагдсан хэрэгт бүрдсэн баримт материалыг миний талд эергээр авч үнэлээгүй бөгөөд хэргийг хийсвэрээр бодож намайг хардаж сэрдэж хэлмэгдүүлж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 136 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүйд тооцож намайг цагаатгаж өгнө үү.” гэжээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Б болон түүний өмгөөлөгч С.Алтай нарын давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх тул дараах үндэслэлээр бүхэлд нь хүчингүй болгож, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Х.Б-г цагаатгаж шийдвэрлэлээ. 

 

Нэг. Хэргийн талаар тогтоогдсон байдал

 

Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогджээ. Үүнд: 

1. Цагдаагийн байгууллагад анх гомдол, мэдээлэл гаргасан гэрч Х.Бай  нь “НӨ” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Ч-ээс  Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 7 дугаар багийн (Увс аймгийн Бөхмөрөн сумын нутаг дэвсгэр, Хотгорын уурхайд байрлах) болон тус аймгийн Дэлүүн сумын багийн конторын барилгыг барих зориулалтаар 55000000.00 төгрөгийг гэрч Ш.Д-аар  дамжуулан авч, үүнээс 18200000.00 төгрөгийг иргэн Ш.Э-ны ХААН банк дахь 2222222 дугаартай дансаар  дамжуулан 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр иргэний нэхэмжлэгч Д.Ч-т буцаан өгсөн, мөн тэрээр 7500000.00 төгрөгийг 2012 оны 10 дугаар сарын 05, 06, 07-ны өдрүүдэд 3 удаагийн бэлэн бус шилжүүлгээр гэрч М.С-ны  ХААН банк дахь 3333333 дугаартай дансаар дамжуулан  Х.Б-д шилжүүлсэн,  гэрч Б.Д-ний   тээврийн хэрэгслээр 2 удаагийн тээвэрлэлтээр тоосго, дээврийн төмөр зэрэг барилгын материалыг Увс аймгийн Бөхмөрөн сумын нутаг дэвсгэрт, Хотгорын уурхайн орчим байрлах шүүгдэгч Х.Б-ын эзэмшил хашаанд хүргэж өгсөн зэрэг үйл баримтууд тогтоогджээ. 

Гэрч Х.Бай нь “НӨ” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Ч-ээс авсан 55000000.00 төгрөгийн зарцуулалтын талаар  7500000.00 төгрөгийг Х.Б-д шилжүүлсэн, 26000000.00 төгрөгийн барилгын материалыг худалдан авч Х.Б-ын хашаанд хүргүүлсэн, уг барилгын материалын тээвэрлэлтийн зардалд 1600000.00 төгрөг зарцуулсан, хуримтлалын ашигт 1700000.00 төгрөг, 18200000.00 төгрөгийг Д.Ч-т буцааж өгсөн гэж тайлбарласан байна. 

2. Х.Бай-гаас М.С-ны эзэмшил дансаар дамжуулан бэлэн бус хэлбэрээр шилжүүлэн авсан 7500000.00 төгрөгийг шүүгдэгч Х.Б нь 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр “НӨ” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Ч-т бэлнээр хүлээлгэж өгсөн  нь тогтоогдсон, харин Х.Бай-гийн шүүгдэгч Х.Б-ын эзэмшил хашаанд Б.Д-ний тээврийн хэрэгслээр 2012 оны 9 дүгээр сарын эхээр 2 удаагийн тээвэрлэлтээр буулгасан гэх барилгын материалын төрөл, тоо хэмжээ нь тодорхой тогтоогдоогүй байна. 

 

Шүүгдэгч Х.Б-ын хашаанд үзлэг хийхэд  Б.Д-ний буулгасан гэх 3962 ширхэг саарал өнгийн тоосго, 26 ширхэг дээврийн улбар шар өнгийн төмөр байсан, тэдгээрийг мөрдөн байцаагчийн шийдвэрээр битүүмжилсэн  байх ба Х.Б нь уг тоосго, төмрийг прокурорын зөвшөөрлөөр  худалдан борлуулж, дээврийн төмрийн үнэ 625000.00 төгрөг, тоосгоны үнэ 585000.00 төгрөг, нийт 1210000.00 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Д.Ч-т хүлээлгэн өгсөн байна. 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн баримтад  иргэний нэхэмжлэгч Д.Ч нь “Бай-ийн хүлээлгэж өгсөн барилгын материалыг Х.Б-оор дамжуулан зарж, мөнгийг авсан, бидний хооронд барилгын материал болон мөнгөний асуудалгүй болно.” гэж тэмдэглэжээ. 

3. Увс аймгийн Бөхмөрөн сумын нутаг дэвсгэрт, Хотгорын уурхайн орчим байрлах шүүгдэгч Х.Б-ын 2013 оны 9-10 дугаар сард барьж дуусган хувьдаа ашиглаж байгаа  гэх сууцыг мөрдөн байцаагчийн шийдвэрээр битүүмжилсэн  ба уг байшинг барихдаа шүүгдэгч Х.Б нь Х.Бай-гаас шилжүүлсэн 7500000.00 төгрөг болон 2 удаагийн тээвэрлэлтээр түүний хашаанд буулгасан барилгын материалыг ашигласан, уг сууцыг Х.Бай-гийн захиалгаар, түүний шилжүүлсэн хөрөнгөөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 7 дугаар багийн конторын зориулалтаар барьсан боловч улсын комисст хүлээлгэж өгөхгүйгээр залилсан гэж прокурор яллах дүгнэлт  үйлджээ. 

Мөрдөн байцаалтын шатанд тухайн байшинд үзлэг хийж , шинжээчийн 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн дүгнэлтээр  Х.Б-ын эзэмшлийн уг байшин нь 95 м.кв талбайтай бөгөөд өрөө тус бүрийн хэмжээг схем зургаар тогтоож, тухайн байшинг барихад ашиглагдсан барилгын материалын тоо, ширхэг, зардлыг тооцон гаргасан байна. Мөрдөгчийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 375 дугаар тогтоолоор  уг байшингийн талаарх дээрх дүгнэлт нь тодорхойгүй, зарим зардлыг тооцоолоогүй орхигдуулсан гэх үндэслэлээр нэмэлт шинжилгээ хийлгэхээр тогтоосон бөгөөд шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаар дүгнэлтэд  Увс аймгийн Бөхмөрөн сумын нутаг дэвсгэрт, Хотгорын уурхайн орчим байрлах шүүгдэгч Х.Б-ын эзэмшлийн байшин нь 2015 оны зах зээлийн ханшаар 32092625.00 төгрөг, 2017 оны нэмэгдсэн төсөвт өртгөөр 42175156.00 төгрөгийн үнэлгээтэй, зардлын нэр төрлөөр нь авч үзвэл, цалингийн зардал /5143292.00 төгрөг/, машин механизмын зардал /1502489.00 төгрөг/, материалын зардал /14660556.00 төгрөг/, тээврийн зардал /1546381.00 төгрөг/ нийлээд 22852718.00 төгрөгийн төсөвт өртөгтэй гэжээ. 

Прокурорын яллах дүгнэлтэд  шинжээчийн дээрх дүгнэлтэд заасан үнийн дүн буюу шүүгдэгч Х.Б-ын эзэмшлийн байшинг барихад гарсан гэх 4 нэр төрлийн /цалингийн, машин механизмын, материалын, тээврийн/ зардлын үнэлгээ 22852718.00 төгрөгийг үндэс болгож, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг уг үнийн дүнгээр тодорхойлжээ. 

 

Хоёр. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх

 

1. Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Х.Б-ын Х.Бай-гаас 7500000.00 төгрөг, барилгын материалыг авч, уг мөнгө, эд хөрөнгөөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 7 дугаар багийн конторын барилгыг барьж дуусгасан боловч өөрийн хувийн сууцын зориулалтаар ашиглаж, улсын комисст хүлээлгэж өгөхгүйгээр бусдыг хуурч, итгэлийг нь урвуулан ашиглах замаар 22852718.00 төгрөгийн эд хөрөнгийг өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Х.Б нь Х.Бай-гаас дээрх мөнгө, эд хөрөнгийг залилан мэхэлж авсан болох нь нотлогдоогүй байна.

Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар (1) шүүгдэгч Х.Б нь Х.Бай-гаас 7500000.00 төгрөгийг бусдын дансаар дамжуулан авч, уг мөнгийг иргэний нэхэмжлэгч Д.Ч-т буцаан хүлээлгэж өгсөн, (2) Х.Бай нь 2 удаагийн тээвэрлэлтээр Х.Б-ын хашаанд гэрч Б.Д-ний тээврийн хэрэгслээр барилгын материал хүргүүлсэн нь тогтоогдох боловч уг барилгын материалын төрөл, тоо ширхэг бүрэн тогтоогдоогүй, (3) Х.Б-ын хашаанд буулгасан гэх тоосго, төмрийг прокурорын зөвшөөрлөөр тэрээр худалдан борлуулж, үнэ 1210000.00 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Д.Ч-т хүлээлгэж өгсөн зэрэг үйл баримтууд тус тус тогтоогдсон боловч шүүгдэгч Х.Б нь дээрх мөнгө болон эд хөрөнгийг өөртөө хууль бусаар олж авахын тулд Х.Бай-г үгээр буюу үйлдлээр хуурч, эсхүл нэр төр, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг шилжүүлэн авч, залилсан гэж үзэх үндэслэлгүй байна. 

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3.-т зааснаар гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудын нэг болгон хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжүүдээс үзвэл, гэмт хэрэгт холбогдсон этгээд эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгч, эсхүл тэдгээрээс эрх олгосон этгээдийг хуурах, өөрийн болон бусдын нэр төр, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч буюу эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар тухайн гэмт хэргийн бүрдэл шинж хангагдахаар хуульчлагджээ. 

 

Гэрч Х.Бай-гийн мэдүүлгүүдээс дүгнэвэл, тэрээр шүүгдэгч Х.Б-ыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 7 дугаар багийн Засаг даргаар ажиллаж байсан байдал, түүгээр үндэслэгдэх итгэлийг урвуулан ашиглаж, тус багийн конторын барилгыг барьж өгнө гэж хуурч мэхэлсэн гэж тайлбарлахдаа Х.Б-ын авсан материал гэх , З.Ө-аас барилгын материал авсан гэх  баримт бичгүүд, 2012 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл  зэрэг нотлох баримтуудыг иш үндэс болгожээ.

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан, бэхжүүлсэн дээрх баримтуудыг гэрч Х.Бай-гийн мэдүүлгүүдтэй харьцуулан дүгнэвэл, шүүгдэгч Х.Б нь түүнээс 7500000.00 төгрөгийг болон барилгын материалыг авахдаа Х.Бай-г хуурсан, эсхүл нэр төр, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж дээрх мөнгө, эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан нь тогтоогдохгүй байна. Тиймээс Х.Байгийн яллагдагчаар өгсөн “Х.Б нь хуурч, нэр төр, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан” гэсэн агуулгатай  мэдүүлгүүд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэг, 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар дангаараа нотлох баримт болохгүй бөгөөд харин түүний гэрчээр өгсөн мэдүүлгүүдийг мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусад нотлох баримтуудтай харьцуулан, бодит байдалд нийцсэн гэж үзэж үнэлэх боломжгүй байна. 

Шүүгдэгч Х.Б-д Х.Бай-гаас 2 удаагийн тээвэрлэлтээр барилгын материал хүргүүлсэн, 3 удаагийн бэлэн бус шилжүүлгээр 7500000.00 төгрөг шилжүүлэхээс өмнө Х.Б болон иргэний нэхэмжлэгч Д.Ч нарын хооронд ямар нэгэн тохиролцоо бүхий эрх зүйн харилцаа үүсээгүй нь иргэний нэхэмжлэгч Д.Ч-ийн өгсөн мэдүүлгүүдээр тогтоогджээ. Тэрээр хэн буруутай этгээдээс хохирол 36800000.00 төгрөгийг барагдуулахыг шаардаж, дээрх байдлын талаар болон Х.Бай-тай Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 7 дугаар баг, Дэлүүн сумын багийн конторын барилгыг барих талаар хэлэлцэн тохирч, Х.Бай нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 7 дугаар багийн конторын барилга баригдаж дууссан гэж хэлж байсан талаар удаа дараа тайлбарлаж байжээ. 

Иймд шүүгдэгч Х.Б нь залилах гэмт хэргийн шинж болох хуурч, итгэлийг урвуулан ашиглах замаар бусдын эд хөрөнгийг олж авах санаа зорилгыг агуулж, үүнд чиглэсэн буюу гэрч Х.Бай болон иргэний нэхэмжлэгч Д.Ч нарын хэн алийг нь хуурч мэхлэн, итгэлийг нь эвдсэн ямар нэгэн идэвхтэй үйлдэл хийсэн нь тогтоогдохгүй байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй байна. 

2. Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Х.Б нь Х.Бай-гаас шилжүүлсэн 7500000.00 төгрөг болон барилгын материал нийлээд 22852718.00 төгрөгийг 2013 оны 10 дугаар сард ашиглалтад оруулсан гэх Увс аймгийн Бөхмөрөн сумын нутаг дэвсгэрт, Хотгорын уурхайн орчим байрлах байшинг барихдаа зарцуулсан гэж дүгнэж, үүнд шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаар дүгнэлтийг үндэслэл болгосон нь буруу байна. Шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаар дүгнэлтээр уг байшинг барихад гарсан барилгын ажлын төсөвт өртгийг тогтоосон нь уг байшинг барьж, ашиглалтад оруулахдаа Х.Б нь Х.Бай-гаас авсан 7500000 төгрөг болон барилгын материалыг /эдгээрийн нийлбэр нийт 22852718.00 төгрөг гэх/ ашигласан талаарх үйл баримтыг нотлохгүй юм. Иймээс дээрх шинжээчийн дүгнэлтийг прокурор яллах дүгнэлтийн үндэслэл болгохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэх журмыг зөрчсөн байна. 

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг хуурч, итгэлийг урвуулан ашиглах аргаар олж авсан эд хөрөнгийн хэмжээгээр буюу бусдад учирсан шууд хохирлын хэмжээгээр тодорхойлох атал прокуророос шүүгдэгч Х.Б-ын учруулсан гэх хохирлын хэмжээг түүний эзэмшлийн, 2013 оны 10 дугаар сард ашиглалтад оруулсан гэх 95 м.кв талбайтай байшинг барихдаа гарсан гэх цалин, машин механизм, материалын болон тээврийн зардлуудын нийлбэр 22852718.00 төгрөгөөр тогтоосон нь үндэслэлгүй, бодит байдалд нийцэхгүй юм. Х.Бай-гийн шүүгдэгч Х.Б-ын хашаанд 2 удаагийн тээвэрлэлтээр хүргүүлсэн барилгын материалын төрөл, тоо хэмжээний талаар гэрч Б.Д, Х.Бай, шүүгдэгч Х.Б нар зөрүүтэй мэдүүлдэг бөгөөд мөрдөн байцаалтын явцад үзлэг хийж, 3962 ширхэг саарал өнгийн тоосго, 26 ширхэг дээврийн улбар шар өнгийн төмрийг битүүмжилсэн зэргээс үзвэл, Х.Бай-гийн хүргүүлсэн гэх барилгын материалын төрөл, тоо хэмжээ бүрэн тогтоогдоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5.-д нийцээгүй, гэмт хэргийн улмаас учирсан гэх шууд хохирлын хэмжээ тодорхойгүй байна. 

Х.Б, Х.Бай нарын  хооронд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 7 дугаар багийн конторын барилгыг барих талаар хэлэлцэн тохиролцож байсан нь тогтоогдоогүй байхад прокуророос Х.Б нь Х.Бай-гийн захиалгаар конторын зориулалтаар байшин барихдаа түүний шилжүүлсэн мөнгө болон барилгын материалыг ашигласан, улмаар уг байшинг болон түүнд зарцуулсан 22852718.00 төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгө, эд хөрөнгийг залилсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасан нотлох баримтыг үнэлэх журамд нийцээгүй гэж үзнэ. 

 

3. Прокурорын яллах дүгнэлтэд  шүүгдэгч Х.Б-ын гэм бурууг нотлохоор иргэний нэхэмжлэгч Д.Ч-ийн мэдүүлэг, С.Х нарын 19 гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, баримт бичиг зэрэг нийт 16 төрлийн баримтат мэдээллийг үндэслэл болгожээ. 

Иргэний нэхэмжлэгч Д.Ч-ийн мэдүүлгүүд , гэрч Х.Бай , М.С , З.Ө , Б.Д , Ш.Да  нарын мэдүүлэг, Х.Б-ын байшинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл , Х.Бай-гийн зурсан гэх схем зураг , Х.Бай-гийн Х.Б-д 7500000 төгрөг шилжүүлсэн тухай банзны хуулга , М.С-ны данс эзэмшигчийн тодорхойлолт , Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл , Х.Бай, Х.Б нарын хооронд тооцоо нийлсэн тухай /Х.Б-ын авсан материал гэх/ баримт , шинжээчийн 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 04 дугаар , 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 50 дугаар дүгнэлтүүд , Х.Бай-г яллагдагчаар байцаасан тэмдэглэл  зэрэг нотлох баримтуудыг дээр дурдсан үндэслэлүүдээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж, бүхэлд нь үнэлж, харьцуулан дүгнэвэл шүүгдэгч Х.Б нь бусдыг хуурч, итгэлийг нь урвуулан ашиглах замаар эзэмшигч, өмчлөгчийн мөнгө, эд хөрөнгийг өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. 

Харин хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан гэрч С.Х , Е.Г , Х.Р , А.Б , Ж.А , Т.М , Ш.Х , К.Т  , Т.Б , Ж.К , О.Ж , Н.А , Ж.С , С.А  нарын мэдүүлэг, Х.Бай-гийн иргэн Ш.Э-ний ХААН банк дахь 1111111 дугаартай дансаар  дамжуулан 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр иргэний нэхэмжлэгч Д.Ч-т 18200000 төгрөг шилжүүлсэн баримт, Х.Бай-гийн үйлдсэн гэх тооцооны жагсаалт , шинжээчийн 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн  болон нэмэлт шинжилгээ хийсэн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаар дүгнэлт  зэрэг баримтат мэдээллүүдийг бусад баримтуудтай харьцуулан шинжлэн судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэг, 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгт ач холбогдолтой, хамааралтай талаас нь үнэлэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

Иймд шүүгдэгч Х.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдоогүй, түүний үйлдэл гэмт хэргийн шинжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар түүнийг цагаатгаж, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-т зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгосон 201404000156 дугаартай, 4 хавтаст хэргийн материалыг Баян-Өлгий аймгийн Прокурорын газраар дамжуулж хэрэг бүртгэлтэд буцаах нь хуульд нийцнэ. 

 

Гурав. Шийтгэх тогтоол болон давж заалдах гомдлын талаар

 

Анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, мөн хуулийн нотлох баримт, түүнийг үнэлэх журмыг зохицуулсан 16 дугаар бүлгийн холбогдох заалтыг ноцтой зөрчсөн байх тул мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2.-т зааснаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэлээ. 

Тухайлбал, шүүхийн “шүүгдэгч Х.Б-ыг хуурах аргаар өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч 22852710 төгрөг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзлээ.” гэх дүгнэлт шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй байна.  Шүүгдэгч Х.Б нь хэнийг хэзээ, хэрхэн, ямар үг, үйлдлээр хуурч мэхэлсэн, итгэлийг нь хэрхэн урвуулан ашигласан буюу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, санаа зорилгыг тогтоосон нотлох баримт байхгүй байхад “...“НӨ ХХК-аас багийн барилгыг барих үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй хэт хайхрамжгүй байдал, барилга захиалагч байгууллагын хараа хяналт сул зэрэг нөхцөл байдлыг ашиглан амар хялбар аргаар хөрөнгөжих зорилгоор ... шунахайн сэдэлтээр, шууд санаатайгаар тус гэмт хэргийг үйлдсэн.” гэж, “...анх багийн байрыг барьж эхлэхдээ л өөрийн хашаанд, зураг төслийг гэр бүлийн хэрэгцээнд зориулж өөрчлөн барьж, бусдад өөрийн өмчлөлийн байшин гэсэн итгэл үнэмшил төрүүлж...” гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-т заасныг зөрчсөн, хууль бус болжээ. 

Анхан шатны шүүх “Х.Б, Х.Бай нар тухайн гэмт хэргийг хамтран үйлдсэн гэж үзэх боломжгүй юм.” гэж, “2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар яллагдагчаар татагдсан Х.Бай-гийн үйлдсэн гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцсэн байна.” гэж тус тус дүгнэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг буюу анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчсөн байна. 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шинжээчийн 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн болон 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаар дүгнэлтийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь, хуульд заасан журмаар бүхэлд нь хянаж үнэлээгүйгээс гадна “...Х.Б-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас “НӨ” ХХК-д нийт 22852710 төгрөгийн хохирол учирсан байна.” гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэжээ. Залилах гэмт хэргийн хохирлыг уг гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлын хэмжээгээр тогтоох бөгөөд тухайн барилгыг барихад гарсан гэх 4 төрлийн зардлын нийлбэр дүн 22852710 төгрөгийг тухайн гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол гэж үзэж, үүнээс 7500000 төгрөг /Д.Ч-т бэлнээр өгсөн/, 1210000 төгрөг /мөрдөн байцаалтын шатанд битүүмжилсэн тоосго, төмрийн үнэ/ зэргийг хасаж, шүүгдэгч Х.Б нь иргэний нэхэмжлэгч Д.Ч-ийг хуурч мэхэлсэн, итгэлийг нь эвдэж, түүний эд хөрөнгийг өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдоогүй, “НӨ” ХК болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч нарыг тухайн гэмт хэргийн хохирогчоор тогтоогоогүй байхад түүнээс 14142718 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Д.Ч-т олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-т нийцээгүй байна. 

Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “Шүүгдэгч Х.Б 2012 оны 9 дүгээр сард Х.Бай-гаас барилгын материал болон мөнгийг авч, өөртөө зориулан байшин барьж эхэлснээр түүний бусдыг залилах гэмт үйлдэл нь эхэлж, 2013 оны 9 дүгээр сард барилгын ажлыг бүрэн дуусгаж, 2013 оны 10 дугаар ард Хотгор багийн байрыг улсын өмчид хүлээлгэн өгөлгүй, өөрийн хувийн орон сууц болгон ашигласнаар түүний гэмт үйлдэл дууссан байна.” гэж дүгнэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөнөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжүүдийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ. 

Шүүгдэгч Х.Б болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй байхад үндэслэлгүйгээр гэм буруутайд тооцож хохироосон, нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй, буруу үнэлсэн, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү” гэсэн гомдол үндэслэлтэй тул хүлээн авах нь зүйтэй. 

“НӨ” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Ч нь “...буруутай хүнээс хохирлыг гаргуулах, хэрэв уг багийн төв баригдаагүй бол Х.Байгаас яаралтай мөнгө гаргуулж авмаар байна.” , “Бид нэгэнт иргэн Х.Бай-тай тооцоотой байгаа тул тэр хүнтэй л асуудал тавьж ярьдаг болохоос биш өөр хэн нэгэнтэй асуудал байхгүй гэж бодож байгаа. Тэгээд ч одоо Х.Бай-гаас 35 сая гаруй төгрөг нэхэмжилж байгаа юм.” , “...би 36.8 сая төгрөгийг хэн буруутай этгээдээс нэхэмжилнэ.”  гэж тайлбарлаж байсан бөгөөд түүний уг нэхэмжлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2.-т зааснаар хэлэлцэхгүй орхиж, мөн хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Д.Ч нь уг нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргах эрхтэйг тайлбарлах нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 136 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Х.Б-д холбогдуулан 2015 оны Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үлдэж ирүүлсэн 201404000156 дугаартай эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-т зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Х.Б-ыг цагаатгаж, Х.Б болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай. 

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгосон 201404000156 дугаартай, 4 хавтастай хэргийн материалыг Баян-Өлгий аймгийн Прокурорын газраар дамжуулан хэрэг бүртгэлтэд буцаасугай. 

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 5/07 дугаар тогтоолоор Х.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаагчийн 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн тус аймгийн Өлгий сумын 7 дугаар багт байрлах, 110 м.кв талбайтай, 4 өрөө өвлийн байшинг битүүмжилсэн тогтоолыг, мөн өдрийн Х.Б-ын өмчлөлийн Land cruiser 80 маркийн, улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг, 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Х.Б-ын эзэмшлийн 10 тооны адууг битүүмжилсэн тогтоолыг тус тус хүчингүй болгосугай. 

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан “НӨ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Ч-ийн 36800000.00 төгрөг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч Д.Ч нь уг нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

Б.ДАМБА 

 

Н.МӨНХЖАРГАЛ