Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/01158

 

Ж.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2018/00173 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 687 дугаар магадлалтай

Ж.Бгийн нэхэмжлэлтэй

Чт холбогдох

Хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/69 тоот сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Ж.Бгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Чингэлтэй дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн төвд нягтлан бодогч албан тушаалд 2013 оны 12 сарын 16-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан орсон бөгөөд ажиллаж байх хугацаандаа ямар нэг сахилгын зөрчил гаргаагүй. 2017 оны 10 сарын 04-ний өдрийн Б/69 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь хэсэгт заасны дагуу надад сахилгын шийтгэл ногдуулсан. Тушаалын үндэслэх хэсэгт Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй алдаа, дутагдал гаргасан тул үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Миний бие 2017 оны 10 сарын 02-ны өдрөөс 2017 оны 10 сарын 07-ны өдрийг хүртэл эмчийн акттай байсан бөгөөд удирдлагадаа өгсөн боловч өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, 2 хоногийн өмнө актаа өгөх ёстой байсан гэж хэлээд сахилгын шийтгэл ногдуулсан. Надад ямар үүрэг даалгавар, хэзээ өгсөн гэдэг нь тодорхойгүй зөрчлийн акт болон тэмдэглэл үйлдээгүй. Ямар зөрчлийг гаргасан талаар танилцуулаагүй болно. Иймд тус тушаалыг хүчингүй болгож, сахилгын зөрчил гаргаагүй байхад сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Энэ тушаалыг дарга надад гардуулж өгсөн, үүний дагуу би цалингийнхаа 20 хувийг хассан. Хассан шалтгаан нь дарга өөрийнхөө цалингаас суутгал хийхгүй бол цалингийн цэс дээр гарын үсэг зурахгүй гээд байсан юм. Тийм учраас би олон ажилчдыг бодож аргагүйн эрхэнд цалингаасаа суутгал хийсэн. Түүнээс биш тушаалыг зөвшөөрсөн хэлбэр биш юм. Харин энэ тушаалын агуулгыг дахиад зассан байгааг шүүх дээр л мэдлээ. Сүүлийн тушаалыг би мэдээгүй, ийм тушаалыг надад танилцуулаагүй. 2017.10.04-ний өдрөөс охин Э.Үүлэнсолонгыг өвчний учир асарсан эмнэлгийн магадлагаатай байх үед хүүхдээ өвдөх бол 2 хоногийн өмнө мэдэгдэх ёстой гэсэн шалтгаанаар цалин хассан. Өмнө нь мөн 4 сард өвчний магадлагаатай байхад 2 хоногийн өмнө мэдэгдээгүй гэсэн үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл ногдуулж байсан. Энэ нь биелэх боломжгүй заалт юм. Учир нь дээрх 2 удаагийн хүүхэд өвдсөн тохиолдол нь тухайн үедээ буюу шөнө нь халуураад шөнөдөө 103 түргэний машинаар, эсхүл өглөө нь эмнэлэгт үзүүлээд магадлагаа авч асрах шаардлага гарсан үед би яаж урьдчилан 2 хоногийн өмнөөс өвдөх нь гэж мэдэх боломжгүй. Тухайн үедээ даргад утсаар хүүхэд өвдөөд акттай ажилдаа очиж чадахгүй нь гэж хэлэхээр 2 хоногийн өмнө мэдэгдсэнгүй гэдэг шаардлага тавьдаг. Түүнээс биш ямар нэг ажлын алдаа дутагдал гаргасан, шалтгаангүйгээр ажил тасалсан бол сахилгын шийтгэл ногдуулахад татгалзах, эсэргүүцэх зүйлгүй. М.Цэцгээ нь 2017 оны 10 сарын 04-ний өдрийн гаргасан Б/69 тоот тушаалын доторх заалт үндэслэлээ шүүхэд өгөхдөө өөрчлөн засварласан байна. Өмнөх тушаал нь санхүүгийн баримттай үдэгдэж, цалин хасагдаж гүйлгээ хийсэн төрийн сангийн тамга, тэмдгээр баталгаажсан байгаа. М.Цэцгээ нь өөрт нь шаардлага тавьсан, хууль, дүрэм, журмын дагуу ажиллахыг зөвлөсөн, хэлсэн хүмүүсийг албан тушаалаа урвуулан ашиглаж, шахаж хавчих, сахилгын шийтгэл ногдуулж, халах, солих хүртэл арга хэмжээ авч, ашиг сонирхлын зөрчил гаргадаг. Санхүүгийн бодит мэдээллээр хангахаар би төсвийн шууд захирагч учраас өөрөө мэдэж байна гээд хүлээж авдаггүй. Өмнөх даргын нөтбүүк эвдрэлтэй байсан гэдэг нь ажил хүлээлцсэн баримтаас харагдана. Би эвдээгүй учир төлөх үндэслэлгүй, намайг төл гээд байгаа нь шударга бус байна. Мөн edoc хугацаа хоцроосон гээд байгаа. Миний зүгээс программаа буруу хаасан учраас хаагдаагүй гэж харагдсан байгаа. Түүнээс биш хугацаанд нь тайлангаа өгсөн. Иймд надад үндэслэлгүй сахилгын арга хэмжээ авсан тул хэлтсийн даргын 2017 оны 10 сарын 04-ний өдрийн Б/69 тоот тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ж.Б нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн тул 12.2.6, 12.2.7, 12.2.10 дахь заалтуудыг үндэслэн 1 сарын цалингийн 20 хувийн суутгал хийх хэлтсийн даргын 2017 оны 10 сарын 04-ний өдрийн 69 тоот тушаал гарсан. Ж.Б өмнө нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 14.1, 14.2, 14.3, 12.2.6, 12.2.7, 12.2.10 дахь заалтуудыг удаа дараа зөрчиж байгааг сануулж 2017 оны 4 сарын 14-ний өдрийн Б/10 тоот тушаалаар сахилгын сануулах шийтгэл өгч байсан. Гэвч сануулах шийтгэлд дүгнэлт хийн алдаагаа засахгүй төрийн албыг тасралтгүй явуулах зарчмыг алдагдуулах, төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчих, удирдлагыг үнэн зөв мэдээллээр хангахгүй мэдээллийг нуун дарагдуулах буюу шийдвэр гаргахад аливаа байдлаар саад учруулж цаг алдуулж, ажиллаж байгаа байгууллага, удирдлага олон нийтийн харилцаанд сөрөг нөлөө үзүүлсэн байдлыг удаа дараа гаргаж байгаа. Дээрх 69 тоот тушаалыг тухайн үед Ж.Бд гардуулж өгөөгүй, харин тэрээр өөрөө даргын өрөөнөөс шүүрээд авч гарсан гэдэг. Уг нь тус тушаалын агуулгыг нэмж тодруулах засвар оруулахаар хариуцсан ажилтан Ө.Даваасүрэнд хэлж байсан байдаг, энэ талаар гэрч Ө.Даваасүрэн мэдүүлнэ. Тэгээд дараа нь тушаалын агуулгыг зассан байдаг. Ж.Б нь өмнөх даргын эвдрэлтэй нөтбүүкийн эвдрэлийг нууж хүлээн авсан байдаг бөгөөд үүнийгээ одоо болтол засаагүй. Мөн санхүүгийн edoc тайланг хоцроосон. 2017.06.02-ны өдөр 11 цагийн үеэс оройн 17.30 цаг хүртэл дарга Цэцгээг, холбогдох хүмүүсийн хамт ажлын байранд нь түгжиж, хорьсон. Түүнчлэн тайлан тооцоог гаргаж, дарга Цэцгээгээр хянуулдаггүй, байгууллагын баримтыг эх хувиар нь авья гэхээр өгдөггүй. Ийм зөрчлүүдийг гаргаж байсан учир түүнд сахилгын арга хэмжээ авсан бөгөөд нэхэмжлэл нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2018/00173 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-т зааснаар хариуцагч Чийн даргын 2017 оны 10 сарын 04-ний өдрийн Б/69 тоот Ж.Бд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.Б нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Бгаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч Ж.Бд олгож, хариуцагч Чингэлтэй дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс 70 200 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 687 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2018/00173 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Чт холбогдох хэлтсийн даргын 2017 оны 10 сарын 04-ний өдрийн Б/69 тоот сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ж.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул нэхэмжлэл гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвөөс /Улаанбаатар хотын банк 2611016627 тоот данс/ буцаан гаргуулж нэхэмжлэгч Ж.Бд олгож, хариуцагч нь давж заалдах гомдолд улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ж.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Ж.Б миний бие Гэр бүл, Хүүхэд Залуучуудын Хөгжлийн хэлтэст 2013 онд анх байгуулагдсанаас хойш 5 дахь жилдээ нягтлан бодогчоор ажиллаж байна. Энэ хугацаанд ямар нэг зөрчил дутагдал гаргаагүй өөрийн хариуцсан ажлаа хариуцлагатай, сахилга баттай Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу ажиллаж ирсэн болно. Нягтлан бодох бүртгэлийн баримт бичгийг манай дүүргийн нягтлангууд бүгд нэгэн жигд хэвлүүлж авсан одоо ч миний ширээний шургуулганд байгаа.

...Ажлаас чөлөөлөгдсөн хүмүүсээс 3 хүн шүүхдээд анхан шатны шүүхээс эдгээр хүмүүсийн талд гарсан. Миний бие шүүхэд үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл оногдуулсан талаар нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүхээс Ж.Б миний талд шийдвэрлэгдсэн. ...Давж заалдах шатны шүүхээс процессын алдаатай тул анхан шатны шүүхэд буцаагдсан.

... Миний бие энэ хаалга түгжсэн гэх хэрэгт буруутай гэж тогтоогдоогүй, ямар ч холбоогүй. Тус хэлтсийн дарга М.Цэцгээ нь 2017 онд удаа дараа үндэслэлгүйгээр намайг 2 настай хүүхдээ асран эмнэлгийн магадлагаатай байхад 2 удаа сахилгын шийтгэлийг үндэслэлгүйгээр ногдуулсныг гэрчлэх, хөдөлмөрийн дотоод журмыг албан хаагчдаар хэлэлцүүлээгүй, танилцуулалгүйгээр хөдөлмөрийн дотоод журмыг баталж шийтгэл ногдуулсныг гэрчлэх,  дотоод журамтай танилцаагүй талаарх гарын үсэг бүхий баримт, 10 дугаар сарын 03-07-ныг дуустал акттай байсан эмчийн магадлагаа зэргийг хавтас хэрэгт өгсөн. Дээрх шийтгэлүүдээс болж би цалингийн 25 хувь, төрөөс өгсөн 300 000 төгрөгийг авч чадаагүй хохирсон.

Мөн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн эхний хагас жилийн ажил дүгнэсэн тухай албан бичгээр хангалттай үнэлгээ өгсөн нь намайг санхүүгийн тайлангаа цаг хугацаанд нь өгч сайн ажилласныг гэрчлэх баримт гэж үзэж байна.

Миний бие 2013-2016 оныг дуустал ажиллахдаа Аудитаар ямар ч зөрчил дутагдалгүй хуулийн хүрээнд ажиллаж ирсэн. Энэ хугацаанд миний бие Нийслэлийн засаг даргын жуух, Чингэлтэй дүүргийн Засаг даргын хөдөлмөрийн алдар, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын жуух зэргээр шагнагдаж, дүүргийн төрийн сангийн хэлтсээс жил бүр хангалттай сайн гэсэн үнэлгээг авдаг байсан.

Харин 2017 оны Аудитын дүгнэлтээр өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх М.Шаравнямбуугийн ажлын хөлс болох 1 199 000 мянган төгрөгийг төсвийн мөнгөнөөс гаргуулж өгсөн нь зөрчил болон гарсан. Мөн Иймэрхүү хууль бус зарцуулсан олон зөрчлүүд манай байгууллага дээр гарсан, Нийслэлийн аудитын газрын дүгнэлтүүд ч байгаа. Миний бие Ж.Б Хуулийн дагуу ажиллаж байгууллага санхүүг зүй зохистой зарцуулах талаар шаардлага тавьдаг, хууль бус үйл ажиллагаатай нь эвлэрдэггүй учраас тус байгууллагын дарга М.Цэцгээ нь албан тушаал эрх мэдлээ ашиглан ажлаас халах, зайлуулахаар санаархаж байгаа гэж үзэж байна.

Иймээс Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шударгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Ж.Б нь Чт холбогдуулан, хэлтсийн даргын Сахилгын шийтгэл ногдуулах тухай 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/69 тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, тушаал хууль зөрчөөгүй гэж  маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлээгүй байх тул магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгчийг Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн, удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг удаа дараа биелүүлээгүй алдаа, дутагдал гаргасан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2., Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.4.4., Хэлтсийн хөдөлмөрийн дотоод журмын 12.2.7., 12.2.10., 14 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон үндсэн цалинг нэг  сарын хугацаатай, 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Сахилгын шийтгэл нь ажилтны гэм буруу, зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон байхыг шаардах тул ямар зөрчилд хариуцлага тооцож байгаа нь тодорхой байх шаардлагатай.

Ж.Бд сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн тушаалд ажилтан нь төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг хэзээ, хэрхэн зөрчсөн, удирдлагаас өгсөн ямар үүрэг даалгаврыг  биелүүлээгүй талаар нэрлэн заагаагүй тул сахилгын шийтгэл ногдуулсан тушаал хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй бөгөөд хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбарыг тухайн хариуцлага тооцсон зөрчил гэж дүгнэх боломжгүй юм.

Иймд ажил олгогчоос ажилтанд сахилгын шийтгэл хүлээлгэсэн хууль зүйн үндэслэлээ нотлоогүй, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн үйл баримтад нийцсэн, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо: “...ажилтан Ж.Б нь нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг боловсруулж, хэлтсийн даргаар батлуулан мөрдөж ажиллаагүй бөгөөд байгууллагын дарга болон 3 ажилтанг “гаргасан шийдвэрээ цуцал” гэж байгууллагын өрөөнд 6 цаг түгжсэн” зөрчил гаргасан 4 ажилтны нэг нь Ж.Б болох нь тогтоогдсон...” гэж дүгнэн, дээрх зөрчил нь нягтлан бодогчийн ажил үүрэгтэй нь холбоотой болон ёс зүйн зөрчил гаргасан тул сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй гэж үзжээ.

Ажилтны нягтлан бодогчийн ажил үүрэгтэй холбоотой гаргасан зөрчил нь сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын үндэслэлд хамаарсан эсэх  нь тодорхойгүй, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байх бөгөөд ёс зүйн зөрчилд тооцогдох “байгууллагын дарга, ажилтныг ажлын байранд нь түгжсэн” гэх зөрчлийг 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гаргасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2.-т заасан зөрчлийг илрүүлснээс хойш хариуцлага тооцох нэг сарын хугацаа өнгөрсөн байгааг анхаарсангүй.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ зөрчсөн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж  хэрэглээгүй байх тул магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2., 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.4. дэх заалтад нийцээгүй гэж үзнэ.

Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 687 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2018/00173 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.Бгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ЦАГААНЦООЖ

    ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД