Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 182/ШШ2017/00487

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 182/ШШ2017/00487

       Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж

Нэхэмжлэгч: “ЭХБУТ” ХХК

Хариуцагч: “НХОГ” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар

Хариуцагч: НЗДТГ,

гэрээ цуцалж, гэрээний үүрэг зөрчигдсөнөөс үүссэн хохиролд нийт 9.786.001.538 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч С.С, Б.Б, хариуцагч НХОГ болон Нийслэлийн засаг даргын тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дансүрэн нар оролцов.

 

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

   Нэхэмжлэгч нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “ЭХБУТ” ХХК нь НХОГтай  2 том ажлын гэрээ байгуулсан. Нэг дэх нь 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдөр №ИТЗТБУ-2012/01 тоот “Улаанбаатар хотын Сонгино 220/110/35 кВ-ын 2x125 мВа чадалтай дэд станц, 220 кВ-ын 10 км цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын зураг төсөл, барилга угсралтын ажлын гэрээ” байгуулсан. Энэхүү гэрээгээр ажлыг 18.197.889.825 төгрөгийн төсөвт өртөгтэйгээр 2012.10.03-наас 2013.12.03-ны хооронд хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Энэхүү гэрээг 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №ИТЗТБУ-2012/01-01 тоот гэрээгээр ажлын хугацааг 2014.09.01-ний өдөр хүртэл сунгасан.

 

Улмаар гэрээг шинэчилж, 2014.09.25-ны өдрийн С-ДБ-Б 2014-165 тоот гэрээгээр ажлын хугацааг 2014.09.01-ний өдрөөс 2015.08.01-ний өдрийн хооронд дуусгахаар тохиролцож, Монгол Улсын Хөгжлийн банк гэрээний Санхүүжүүлэгч тал болон оролцсон. Энэхүү 3 талт гэрээнд 2015.09.01-ний өдрийн С-ДБ-Б 2014-165-01 тоот гэрээгээр өөрчлөлт оруулж ажлыг 2016.06.01-ний өдөр дуусгавар болгохоор тохиролцсон.                    

 

2 дахь гэрээ нь НХОГтай 2012 оны 6 дугаар сарын 18-ны өдөр №ИТЗТБУ-2012/02-3 тоот “Улаанбаатар хотын 220 кВ-ын Сонгино дэд станцаас 110 кВ-ын Зайсан дэд станц хүртэлх 50 км хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын зураг төсөл, барилга угсралтын ажлын гэрээ” байгуулсан. Энэхүү гэрээгээр заасан ажлыг 8.739.498.905 төгрөгийн төсөвт өртөгтэйгээр 2012.06.18-наас 2013.09.11-ний хооронд хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Энэхүү гэрээг 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн №ИТЗТБУ-2012/02-3-1 тоот гэрээгээр ажлын хугацааг 2014.09.01-ний өдөр хүртэл сунгасан.

Улмаар 2014.09.25-ны өдрийн С-ДБ-Б 2014-162 тоот гэрээгээр ажлын хугацааг 2014.09.01-ний өдрөөс 2015.08.01-ний өдрийн хооронд дуусгахаар тохиролцож, Монгол Улсын Хөгжлийн банк гэрээний Санхүүжүүлэгч тал болон оролцсон. Энэхүү 3 талт гэрээнд 2015.09.01-ний өдрийн С-ДБ-Б 2014-162-01 тоот гэрээгээр өөрчлөлт оруулж ажлыг 2016.06.01-ний өдөр дуусгавар болгохоор тохиролцсон.

Дээрх гэрээнүүдийн дагуу “ЭХБУТ” ХХК нь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын зураг төсөл барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн.

 

Нэхэмжлэлд дурдсан ажлуудыг гүйцэтгэж эхэлснээс хойш Гүйцэтгэгч талаас үл шалтгаалсан нөхцөл байдал болох ажил гүйцэтгэхтэй холбоотой зөвшөөрөл, захирамж, газар чөлөөлөлт, газрын маргаан, нэмэгдэл ажил гүйцэтгэх, санхүүжилтийн эх үүсвэр төсөвт тусгагдаагүй зэргээс шалтгаалан анх төлөвлөсөн хугацааг удаа дараа нэмэлт гэрээ байгуулан сунгасан.

Энэхүү хугацаа хэтрэлт нь Гүйцэтгэгч талын эрх ашгийг шууд хохироон дараахи зардал, хохирлыг хүлээгээд байна. Үүнд:

 

1.Валютын үнийн зөрүүгээс үүссэн гадаад материалын зардал: Дээрх ажлуудыг гүйцэтгэх төсөв тооцоог хийж гэрээ байгуулах үед ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1.350 орчим төгрөг байсан бол өнөөдрийн байдлаар ам.долларын ханш тасралтгүй өссөөр 50 орчим хувиар нэмэгдээд байна. Гэрээний дагуу хийгдэх ажлын үндсэн түүхий эд, материал нь импортоор оруулж ирдэг тул төлбөр тооцоог гадаад валютаар гүйцэтгэсэн болно.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2014.09.25-ны өдрийн С-ДБ-Б 2014-165 тоот гэрээний Хавсралт 2 буюу Гэрээний ерөнхий нөхцлийн Захиалагчийн хүлээх эрсдэл гэсэн 12 дугаар зүйлийн 12.1-д “Ажил эхлэх өдрөөс зөрчил, доголдол арилгасан тухай мэдэгдэл гарах хүртэлх хугацаанд Захиалагч дор дурдсан эрсдэлийг хүлээнэ” гээд 12.1.4-д “Валютын ханш уналт Гэрээ байгуулагдсан өдрөөс хойш 20% буюу түүнээс их хэмжээгээр унаад тасралтгүй 30 хоног үргэлжилвэл” гэж харилцан тохиролцсон. Энэ нь Гүйцэтгэгч тал ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай бараа материалыг импортоор оруулж ирэх, төлбөр тооцоог гадаад валютаар гүйцэтгэх онцлогтойг харгалзан үзсэн гэрээний нөхцөл юм.

 

2.Нэмэгдэл ажлын зардал: Гэрээний дагуу ажлыг гүйцэтгэх явцад газар чөлөөлөх болон газрын маргаантай холбоотой асуудал их гарсан. Газрын маргаан нь одоог хүртэл шүүхээр үргэлжилж байгаа болно. Анхны зургаар биш шугамыг өөр газраар дайруулах, зургийг өөрчлөх, шугамын шонг ажил хүлээн авагчийн шаардлагаар бетон байсныг төмөр болгох, мөн газар шорооны ажил гээд төлөвлөгдөөгүй зардал их гарсан.

Талуудын хооронд байгуулагдсан 2014.09.25-ны өдрийн С-ДБ-Б 2014-165 тоот гэрээний Хавсралт буюу Гэрээний ерөнхий нөхцлийн Захиалагчийн хүлээх эрсдэл гэсэн 12 дугаар зүйлийн 12.1.2-д "... гэнэтийн эсхүл давагдашгүй хүчний нөхцөл байдлын улмаас ажил... саатах эрсдэл, Гүйцэтгэгч ажлыг хийж чадахгүй байх нөхцөл байдал”, 12.1.4-д “валютын ханш уналт гэрээ байгуулагдсан өдрөөс хойш 20 хувь буюу түүнээс их хэмжээгээр унаад тасралтгүй 30 хоног үргэлжилбэл” -эрсдэлийг Захиалагч хүлээнэ, 43.1.9-д “Захиалагчийн хүлээх эрсдэл нь Гүйцэтгэгчид нөлөөлсөн” бол нөхөн төлбөр хийх нөхцөл болно, мөн гэрээний Ажлын талбайг ашиглуулах гэсэн 22 дугаар зүйлийн 22.2-д “Хэрэв захиалагч нь ажлын талбайн аль нэг хэсгийг гэрээний тусгай нөхцөлд заасан хугацаанд шилжүүлээгүй бол Захиалагчийн зүгээс холбогдох ажлыг эхлэхэд саад болсонд тооцох бөгөөд уг хожимдуулсан хугацааны хувьд Гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсний хариуцлагаас чөлөөлөгдөнө”, Нөхөн төлбөр хийх гэсэн 43 дугаар зүйлийн 43.1.1-д “Захиалагч гэрээний тусгай нөхцөлд заасан ажлын талбайг шилжүүлэн өгөх хугацаанд багтаж ажлын талбайн аль нэг хэсгийг ашиглах боломжийг гүйцэтгэгчид олгоогүй”, 43.1.2-д “Захиалагч бусад гүйцэтгэгчдийн хуваарьт гүйцэтгэгчийн гэрээний дагуу хийх ажилд нөлөөлөхөөр нэмэлт өөрчлөлт оруулсан”, 43.1.5-д “хөрсний нөхцөл нь гүйцэтгэгчид өгсөн мэдээлэл (ажлын талбайн судалгааны тайланг оролцуулан) нийтэд зарласан мэдээлэл болон ажлын талбайн хөрсний шинжилгээгээр Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл өгөхөөс өмнө төсөөлж байснаас ихээхэн зөрүүтэй” бол нөхөн төлбөр хийх нөхцөл болно гэж заасан.

Захиалагч тал нь төрийн байгууллага бөгөөд гэрээний зүйл болох ажил нь төрийн өмчид шилжих цахилгааны шугам сүлжээ, станц тул анх гэрээг байгуулах үед газар чөлөөлөх, гүйцэтгэгчээс хэвийн ажлаа явуулах нөхцөл бололцоог хангах үүргийг захиалагч тал хүлээж гэрээний дээрх нөхцлүүдийг тохиролцсон юм.

Улаанбаатар хотын 220 кВ-ын Сонгино дэд станцаас 110 кВ-ын Зайсан дэд станц хүртэлх 50 км хоёр хэлхээт ЦДАШ-ын ажлын зураг төсөл барилга угсралтын ажлын гэрээ нь дээрх гэрээтэй адил нөхцөлтэй болно.

 

3.Зээлийн шимтгэлийн зардал: (Гүйцэтгэлийн баталгааны эрсдлийн шимтгэл) Гүйцэтгэгч талаас үл хамаарах шалтгаанаар буюу газар чөлөөлөлт, санхүүжилт төсөвт тусгагдаагүй зэрэг шалтгаанаас болж гэрээний хугацааг хэд хэдэн удаа сунгасны зэрэгцээ ажлын гүйцэтгэл 90 хувьд хүрсэн хэдий ч баталгааны барьцааны дүнг бууруулаагүй, гүйцэтгэлийн баталгааны барьцаанд санхүүжилтээс давхар суутгаж улмаар арилжааны банкинд эрсдлийн шимтгэл болон зээлийн хүүнд их хэмжээний төлбөр төлсөн бөгөөд энэхүү зээлийн хүүгийн төлбөр нь захиалагчийн хариуцахаар гэрээнд урьдчилан тохиролцсон валютын үнийн зөрүү болон нэмэгдэл ажлын зардлаас шалтгаалсан тул захиалагч энэхүү хохирлыг хариуцах үндэслэлтэй болно.

 

4.Ажил гүйцэтгэх, үргэлжлүүлэх нөхцөл хангагдаагүй улмаас хүлээсэн хохирол: Газар чөлөөлөлт, газрын маргаантай асуудлаас шууд шалтгаалсан шүүхийн шийдвэрүүдээр ажил гүйцэтгэх, үргэлжүүлэх боломжгүй болж сул зогсолт, нэмэлт зардлууд гарсан болно.

 

Сонгинын дэд станцын ажлыг 2012 оны 12 дугаар сард хүлээн авсан. Энд гол нь тоног төхөөрөмж худалдан авах ажил байсан. Харин Сонгиноос Зайсан хүртэлх цахилгаан дамжуулах агаарын шугам явах газарт газрын асуудал ихээхэн хүндрэл учруулсан.

Сонгинын дэд станц дээр нэмж хийсэн ажил нь шаварлаг хөрс таарсныг шаврыг зөөж оронд нь хайрга хийх, налуу газрыг тэгшилж нягтруулах, мөн төмөр тулгуурын жингийн болон үнийн зөрүү, нийт 2.051.012.164 төгрөг болсон, ам долларын ханшийн зөрүү 3.654.997.366 төгрөг, эх үүсвэргүй баталгааны эрсдэлийн шимтгэл 136.605.543 төгрөг болж, нийт 5.842.615.073 төгрөгийн хохирол гараад байна.

 

Зайсан хүртэлх цахилгаан дамжуулах агаарын шугамын хувьд нэмж хийсэн ажил -угсралт хийх талбай бэлтгэх, хад асгатай газрыг бульдозороор ухах, түрж тэгшлэх, мөн бетон болон төмөр суурийн жингийн болон үнийн зөрүү 784.899.647 төгрөг, ам долларын ханшийн зөрүү 691.969.954 төгрөг, эх үүсвэргүй баталгааны эрсдэлийн шимтгэл 65.596.923 төгрөг, шүүхийн шийдвэрээр ажил зогсоосонтой холбоотойгоор материал худалдан авалт хийж эргэлтийн хөрөнгө түгжсэн алданги 154.463.755 төгрөг, материал нүүлгэн шилжүүлэлтийн зардал 2.131.000 төгрөг, сул зогсолтонд гарсан зардал 80 сая төгрөг, бүгд 1.779.000.000 төгрөгийн зардал байна.

Санхүүжилт хугацаандаа хийгээгүй алданги 2.164.325.186 төгрөг, нийт 9.786.001.537 төгрөгийг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас нэхэмжилнэ. НЗДТГ хамааралтай гэж нэмж хариуцагчаар татсан.

 

    Харин нэхэмжлэгч “ЭХБУТ” ХХК болон хариуцагч НХОГ-ын хооронд байгуулагдсан “Улаанбаатар хотын Сонгино 220/110/35 кВ-ын 2x125 мВа чадалтай дэд станц, 220 кВ-ын 10 км цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын зураг төсөл барилга угсралтын ажлын гэрээ, түүний нэмэлт гэрээ” болон “Улаанбаатар хотын 220 кВ-ын Сонгино дэд станцаас 110 кВ-ын Зайсан дэд станц хүртэлх 50 км хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын зураг төсөл барилга угсралтын ажлын гэрээ, түүний нэмэлт гэрээ”-ний үүргийг Захиалагч тал зөрчсөн тул дээрх гэрээг цуцлах тухай шаардлага гаргасан байснаасаа нэхэмжлэгч татгалзаж байна гэв.

            Хариуцагч НХОГ-ын төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: НХОГ нь бие даасан орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар бөгөөд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлуудад барилга захиалагчийн хяналтыг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлдэг. Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай А/125 дугаар захирамжаар Улсын төсвөөс Нийслэлийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгээр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалт болон жагсаалтад орсон төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулсан. Захирамжийн 3 дахь заалтаар Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтэст, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг НХОГт тус тус даалгасан. НХОГ нь энэхүү захирамжийн дагуу Захиалагчийн хяналт хэрэгжүүлэх үүргийг хүлээсэн.

 

НХОГ тендерт ялсан ЭХБУТтэй 2012 оны 06 дугаар сарын 18-нд Улаанбаатар хотын 220 кВ-ын “Сонгино дэд станцаас 110 кВ-ын “Зайсан” дэд станц хүртэлх 110 кВ-ын 50 км хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын ИТЗТБУ-2012/02-3 тоот гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний дагуу санхүүжилтийг гүйцэтгэлээр, дараах байдлаар олгосон байна. Үүнд:

•           1.356.347.562 төгрөгийг 2012 оны 12 дугаар сарын 04

•           1.120.334.044 төгрөгийг 2012 оны 12 дугаар сарын 25

•           778.150.053 төгрөгийг 2013 оны эхэнд

•           1.953.967.480 төгрөгийг 2013 оны 05 дугаар сарын 29

•           410.251.489 төгрөгийг 2013 оны 10 дугаар сарын 08

•           835.780.870 төгрөгийг 2013 оны 10 дугаар сарын 08

•           1.146.219.899 төгрөгийг 2014 оны 09 дугаар сарын 23

•           232.919.323 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 03

•           176.686.167 төгрөгийг 2015 оны 05 дугаар сарын 21

•           583.873.518 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 21-нд

2015 оны 12 дугаар сарын 21-нд барилга угсралтын ажил нь 93 хувьтай нийт олгосон санхүүжилт нь 8.155.625.387 төгрөг болсон ба үүнээс материал, тоног төхөөрөмжийн зардалд 6.540.640.107 төгрөгийг олгосон байна.

 

Мөн НХОГ ЭХБУТтэй Улаанбаатар хотын 220/110/35 кВ-ын 2x125 мВа чадалтай Сонгино дэд станц, 220 кВ-ын 10 км цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын зураг төсөл, барилга угсралтын ажлын ИТЗТБУ-2012/01 дугаартай гэрээг 2012 оны 10 дугаар сарын 03-нд байгуулж, санхүүжилтийг дараах байдлаар олгосон байна. Үүнд:

•           512.255.660 төгрөгийг 2012 оны 12 дугаар сарын 04

•           1.819.368.695 төгрөгийг 2013 оны 05 дугаар сарын 16

•           1.986.672.034 төгрөгийг 2013 оны 06 дугаар сарын 20

•           1.694.753.231 төгрөгийг 2013 оны 09 дугаар сарын 06

•           1.098.966.564 төгрөгийг 2013 оны 10 дугаар сарын 02

•           611.600.000 төгрөгийг 2013 оны 10 дугаар сарын 28

•           3.500.000.000 төгрөгийг 2013 оны 11 дүгээр сарын 27

•           926.513.941 төгрөгийг 2014 оны 05 дугаар сарын 09

•           1.349.869.876 төгрөгийг 12014 оны 07 дугаар сарын 01

•           902.276.271 төгрөгийг 2014 оны 09 дүгээр сарын 10

•           640.676.662 төгрөгийг 2014 оны 12 дүгээр сарын 03

2014 оны 12 дугаар сарын 03-нд барилга угсралтын ажил нь 91 хувьтай нийт олгосон санхүүжилт нь 16.628.320.231 төгрөг болсон ба үүнээс материал, тоног төхөөрөмжийн зардалд 13.121.126.297 төгрөгийг олгосон байна. НХОГ ОНӨААТҮГ-ын зүгээс нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл үйл ажиллагаа явуулж байгаагүй болно.

 

Нэхэмжлэгч зураг төслийн компанийг өөрсдөө сонгон шалгаруулж гэрээ байгуулан трассын зураг төсөл хийлгэсэн ба түүнээс үүдэн гарах аливаа хохирол, зардлыг гүйцэтгэгчээр төлүүлэхээр талууд тохиролцсон байдаг. Харин НХОГ нь тус гэрээнүүдэд ямар нэгэн тал болж ороогүй тул дээрх гэрээтэй холбоотой үүсэн гарах маргаанд хамааралгүй юм. Газар чөлөөлөлтийн асуудлыг манай тал дангаар хариуцахгүй бөгөөд холбогдох эрх бүхий байгууллагуудтай хамтарч ажиллан авч болох арга хэмжээг эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэгжүүлэн, хууль болон гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн.

 

Нэхэмжлэлд дурдагдсан зээлийн шимтгэлийн талаар: Нэхэмжлэгч компани нь тендерт ирүүлсэн материалдаа “зарлагдсан ажлыг гүйцэтгэх санхүүгийн бүрэн боломжтой, хангалттай техник, тоног төхөөрөмж, инженер техникийн ажилтантай” гэсэн материалыг ирүүлж, түүнийг нь үндэслэн тендерт шалгаруулсан байдаг. Гэтэл одоо гэрээ байгуулан ажил гүйцэтгэх явцдаа дээрх ажлыг гүйцэтгэх санхүүгийн болон техник, тоног төхөөрөмжийн хувьд боломжгүй гэж бусдаас зээл авсныг НХОГ хариуцах үндэслэлгүй болно.

 

Сул зогсолтын талаар: Эрчим хүч барилга угсралтын трест ХХК-д 93% -ийн санхүүжилт олгосон байхад зарим ажил хийгдээгүй, тухайлбал, трансформатор суурилуулах ажил, дэд станцын тоноглолын туршилт тохируулгын ажил хийгдээгүй, дэд станцын хоёрдогч хэлхээний туршилт зүгшрүүлэлт хийгдээгүй. Шугамын ажлаас 2 км буюу ХУД-ийн 5.11 хороонд БОАЖЯ-ний тусгай хамгаалалттай газар өнөөдрийг хүртэл асуудлыг шийдвэрлээгүйгээс төсөл арга хэмжээ зогсоод байна. Бусад хэсэгт 110 кВ-ын ЦДАШ-ын аянгын тросс татах ажил, 6,10,35 кВ-ын ЦДАШ-ын зөрлөгт хийгдэх ажил хийх боломжтой, 110 кВ-ын туршилт тохируулгын ажлыг мэргэжлийн байгууллагаар хийгдэх боломжтой, тоног төхөөрөмжийн зааврыг мэргэжлийн байгууллагаар орчуулах гэх мэт ажлуудыг хийх боломжтой.

НХОГ нь санхүүжилтийг хангалттай олгосон боловч нэхэмжлэгч компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, үндэслэлгүй шалтаг, шалтгаан хэлж өнөөдрийг хүртэл ажлаа хийж гүйцэтгэхгүй хариуцагчийг хохироож байгаа болно.

 

Дээр дурдагдсан ажил гүйцэтгэх 2 гэрээний гэрээний ерөнхий нөхцлийн 11.2-т “гэрээний ерөнхий нөхцөлд өөрөөр заагаагүй бол гэрээний үнэ нь зөвхөн байгууламжинд өөрчлөлт гарсан эсвэл Гэрээнд өөрөөр заасан тохиолдлоос бусад ямар ч нөхцөлд өөрчлөгдөхгүй хатуу тогтсон үнийн дүн байна. Гэрээний тусгай нөхцлийн 11.2-т “Гэрээний үнэнд үнийн тохируулга хийхгүй” гэж тус тус заасан.

            Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Нийслэлийн засаг даргын тамгын газрын төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: НХОГ нь засаг даргын тамгын газарт хамааралгүй, бие даасан орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар бөгөөд Сонгинын эрчим хүчний дэд станц болон Зайсан хүртэлх цахилгаан дамжуулах агаарын шугамын зураг төсөл, барилга угсралтын ажлын гэрээнд НЗДТГ санхүүжүүлэгчээр орсон. Захиалагч бол биш. Сүүлдээ хөрөнгө байхгүй, Хөгжлийн банк санхүүжүүлэгч болсон гэв.

                                                                                                     

Шүүх нэхэмжлэл, эрчим хүчний дэд станц болон цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын зураг төсөл болон барилгын ажлын гэрээнүүд, сунгалтууд, хавсралтууд, Нийслэлийн засаг даргын 2012 оны А/125 тоот, 2015 оны А/450 тоот захирамжууд, үнэлгээний хорооны зөвлөмж, гүйцэтгэлийн баталгааны баримт, хурлын тэмдэглэлүүд, ажлын гүйцэтгэлийн баримтууд, нэмэгдэл ажлын зардлын товчоо болон үндсэн баримтууд, захиалагч, гүйцэтгэгч, санхүүжүүлэгч нар өөр хоорондоо болон холбогдох төрийн байгууллага, компаниудтай харилцсан албан бичгүүд, хуулийн этгээдийн гэрчилгээ, дүрэм,  тусгай зөвшөөрлийн гэрчилгээ,  хөдөлмөрийн дотоод журам зэрэг баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                                ҮНДЭСЛЭХ НЬ:

 

   “ЭХБУТ” ХХК нь “НХОГ” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газартай дараахь гэрээнүүдийг байгуулж ажил гүйцэтгэсэн байна. Үүнд:

 

 1. 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдөр №ИТЗТБУ-2012/01 тоот “Улаанбаатар хотын Сонгино 220/110/35 кВ-ын 2x125 мВа чадалтай дэд станц, 220 кВ-ын 10 км цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын зураг төсөл, барилга угсралтын ажлын гэрээ” байгуулсан ба уг ажлыг 18.197.889.825 төгрөгийн төсөвт өртөгтэйгээр 2012.10.03-наас 2013.12.03-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Гэрээнд санхүүжүүлэгчээр Нийслэлийн засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс оролцсон байна. Энэ гэрээний хугацаа 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №ИТЗТБУ-2012/01-01 тоот гэрээгээр 2014.09.01-ний өдөр хүртэл сунгагдсан.

Улмаар гэрээг шинэчилж, 2014.09.25-ны өдрийн С-ДБ-Б 2014-165 тоот гэрээгээр Сонгино дэд станцын ажлыг 2015.08.01-ний өдөр гэхэд дуусгахаар тохиролцож, Монгол Улсын Хөгжлийн банк гэрээний Санхүүжүүлэгч тал болон оролцсон. Энэхүү 3 талт гэрээний хугацааг 2015.09.01-ний өдрийн С-ДБ-Б 2014-165-01 тоот гэрээгээр 2016.06.01-ний өдөр хүртэл сунгажээ.                 

 

2. 2012 оны 6 дугаар сарын 18-ны өдөр №ИТЗТБУ-2012/02-3 тоот “Улаанбаатар хотын 220 кВ-ын Сонгино дэд станцаас 110 кВ-ын Зайсан дэд станц хүртэлх 50 км хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын зураг төсөл, барилга угсралтын ажлын гэрээ” байгуулсан ба ажлыг 8.739.498.905 төгрөгийн төсөвт өртөгтэйгээр 2012.06.18-наас 2013.09.11-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Санхүүжүүлэгч-Нийслэлийн засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс. Энэ гэрээний хугацааг 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн №ИТЗТБУ-2012/02-3-1 тоот гэрээгээр 2014.09.01-ний өдөр хүртэл сунгасан.

Улмаар 2014.09.25-ны өдрийн С-ДБ-Б 2014-162 тоот гэрээгээр ажил гүйцэтгэх хугацааг 2015.08.01-ний өдөр хүртэл сунгасан ба Монгол Улсын Хөгжлийн банк гэрээний Санхүүжүүлэгч тал болсон. Энэ гэрээний хугацаа мөн 2015.09.01-ний өдрийн С-ДБ-Б 2014-162-01 тоот гэрээгээр 2016.06.01-ний өдөр хүртэл сунгагдсан байна.

 

Одоо ажлын гүйцэтгэл 95 хувьтай, санхүүжилт 93 хувьтайгаар ажил зогссон байдалтай байх бөгөөд “ЭХБУТ” ХХК шүүхэд дараахь нэхэмжлэлийг гаргажээ. Үүнд:

 

  1. “Улаанбаатар хотын Сонгино 220/110/35 кВ-ын 2x125 мВа чадалтай дэд

станц, 220 кВ-ын 10 км цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын зураг төсөл, барилга угсралтын ажлын гэрээ, түүний нэмэлт гэрээ”, “Улаанбаатар хотын 220 кВ-ын Сонгино дэд станцаас 110 кВ-ын Зайсан дэд станц хүртэлх 50 км хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын зураг төсөл, барилга угсралтын ажлын гэрээ, түүний нэмэлт гэрээ”-нүүдийг цуцлах,

 

            2.Нэмэлт ажил хийсний зардал, ажил сунжирснаас үүссэн хохирол гэж нийт 9.786.001.537 төгрөгийг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас нэхэмжилсэн шаардлагууд байна. Зардал, хохирлыг дараахь байдлаар ангилсан:

-Сонгинын дэд станц дээр нэмж хийсэн ажил 2.051.012.164 төгрөг болсон, ам долларын ханшийн зөрүү 3.654.997.366 төгрөг, эх үүсвэргүй баталгааны эрсдэлийн шимтгэл 136.605.543 төгрөг болж, нийт 5.842.615.073 төгрөгийн зардал, хохирол

- Сонгинын дэд станцаас Зайсан дэд станц хүртэлх цахилгаан дамжуулах агаарын шугамын хувьд нэмж хийсэн ажил 784.899.647 төгрөг, ам долларын ханшийн зөрүү 691.969.954 төгрөг, эх үүсвэргүй баталгааны эрсдэлийн шимтгэл 65.596.923 төгрөг, шүүхийн шийдвэрээр ажил зогсоосонтой холбоотойгоор материал худалдан авалт хийж эргэлтийн хөрөнгө түгжсэн алданги 154.463.755 төгрөг, материал нүүлгэн шилжүүлэлтийн зардал 2.131.000 төгрөг, сул зогсолтонд гарсан зардал 80 сая төгрөг, бүгд 1.779.000.000 төгрөгийн зардал, хохирол

-Санхүүжилт хугацаандаа хийгээгүй алданги 2.164.325.186 төгрөг,

Нийт 9.786.001.537 төгрөг

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Нийслэлийн засаг даргын тамгын газрыг нэмж хариуцагчаар татсан ба нэхэмжлэгч гэрээ цуцлах шаардлагаасаа татгалзаж байна.

 

            Хариуцагч нар нэхэмжлэгч өөрийн санал болгосон төсөвтөө ажлыг хийж чадна гэж тендэрт ялж захиалагчтай гэрээ байгуулсан, хариуцагч нар өөрсдийн зүгээс хийх ажлыг хийсэн, үүргээ гүйцэтгэсэн гэж нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргаж байна.

   Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэхдээ талуудын хооронд байгуулсан 2014.09.25-ны өдрийн С-ДБ-Б 2014-165 тоот гэрээний Хавсралт буюу Гэрээний ерөнхий нөхцлийн Захиалагчийн хүлээх эрсдэл гэсэн 12 дугаар зүйлийн 12.1.2-д "... гэнэтийн эсхүл давагдашгүй хүчний нөхцөл байдлын улмаас ажил... саатах эрсдэл, Гүйцэтгэгч ажлыг хийж чадахгүй байх нөхцөл байдал”, 12.1.4-д “валютын ханш уналт гэрээ байгуулагдсан өдрөөс хойш 20 хувь буюу түүнээс их хэмжээгээр унаад тасралтгүй 30 хоног үргэлжилбэл” эрсдэлийг Захиалагч хүлээнэ, 43.1.9-д “Захиалагчийн хүлээх эрсдэл нь Гүйцэтгэгчид нөлөөлсөн” бол нөхөн төлбөр хийх нөхцөл болно, мөн гэрээний Ажлын талбайг ашиглуулах гэсэн 22 дугаар зүйлийн 22.2-д “Хэрэв захиалагч нь ажлын талбайн аль нэг хэсгийг гэрээний тусгай нөхцөлд заасан хугацаанд шилжүүлээгүй бол Захиалагчийн зүгээс холбогдох ажлыг эхлэхэд саад болсонд тооцох бөгөөд уг хожимдуулсан хугацааны хувьд Гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсний хариуцлагаас чөлөөлөгдөнө”, Нөхөн төлбөр хийх гэсэн 43 дугаар зүйлийн 43.1.1-д “Захиалагч гэрээний тусгай нөхцөлд заасан ажлын талбайг шилжүүлэн өгөх хугацаанд багтаж ажлын талбайн аль нэг хэсгийг ашиглах боломжийг гүйцэтгэгчид олгоогүй”, 43.1.2-д “Захиалагч бусад гүйцэтгэгчдийн хуваарьт гүйцэтгэгчийн гэрээний дагуу хийх ажилд нөлөөлөхөөр нэмэлт өөрчлөлт оруулсан”, 43.1.5-д “хөрсний нөхцөл нь гүйцэтгэгчид өгсөн мэдээлэл (ажлын талбайн судалгааны тайланг оролцуулан) нийтэд зарласан мэдээлэл болон ажлын талбайн хөрсний шинжилгээгээр Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл өгөхөөс өмнө төсөөлж байснаас ихээхэн зөрүүтэй” бол нөхөн төлбөр хийх нөхцөл болно гэж заасныг тус тус үндэслэл болгожээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Сонгино дэд станцын хувьд тоног төхөөрөмж худалдан авах - гол ажил нь байсан байх бөгөөд дийлэнх ажил хугацаандаа хийгдсэн, зарим нэг ажлын хугацаа сунжрахад захиалагчийн зүгээс шалтгаалсан байдал харагдахгүй байна. Харин дэд станц барих газар налуу, шаварлаг хөрстэй газар таарснаас шаврыг зөөж, хайрга хийж тэгшилсэн, торон хашааг төмөр болгох, шугамын суурийг бетоноор хийх байсныг төмрөөр хийсэн зэрэг нэмэлт ажил хийгдсэн, үүнд 2.051.012.164 төгрөгийн зардал гарсан нь талуудын тайлбар, тухайн үед талуудын харилцан бичиж байсан албан бичиг, материал, зардлын баримтаар тогтоогдож байна.  

            Энэ хэсгийн нэхэмжлэлээс нэмж хийсэн ажлын зардлыг төлүүлэх, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Сонгинын дэд станцаас Зайсан дэд станц хүртэлх цахилгаан дамжуулах агаарын шугамын хувьд эхний 23 км шугамын ямар нэг бэрхшээлгүй хийгдсэн, үлдсэн хэсгийн шугам тавих ажил бэрхшээлтэй болсон, одоо ч 2 км шугам тавигдаагүй байгааг талууд тайлбарлаж байна.

            Шугамын трассын газрын захирамж гаргуулах, ажил эхлэх зөвшөөрөл авах, дэд станцын байрлалыг тогтоох, шугамын хамгаалалтын зурвас тогтоож, баталгаажуулах, газар чөлөөлүүлэх зэрэг ажлыг захиалагч хариуцаж байсан нь талуудын тайлбар, “ажлын бэлтгэл хангах тухай” НХОГ, Захирагчийн ажлын алба, ЭХБУТ ХХК, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ХК-ийн ажилтнуудын 2012-10-24-ний өдрийн хурлын тэмдэглэл, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас ЭХБУТ, Нийслэлийн газрын албанд явуулж байсан 2012-10-23-ны өдрийн 2/2146, 2012-2-6-ны өдрийн 2/2420 дугаар албан бичгүүдээс харагдаж байна. Мөн Нийслэлийн засаг даргын 2013-05-06-ны өдрийн “Газар чөлөөлж, хамгаалалтын зурвас баталгаажуулах тухай” А/450 дугаар захирамж, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас Нийслэлийн засаг дарга, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Ерөнхий сайд, Нийслэлийн өмчийн харилцааны газар болон шугамын ажилд газар нь хамаарагдсан компаниудад 2013 оны 2 дугаар сараас 2016 оны 6 дугаар сар хүртэл хугацаанд хандаж байсан албан бичгүүд, газар чөлөөлөх тухай цагдаагийн байгууллагаас холбогдох газруудад өгч байсан мэдэгдэл, шаардлагууд байна.

            Гэрээнд заасан ажлууд тогтоосон , сунгасан хугацаандаа бүрэн хийгдэхгүй, энэ нь захиалагч талын хариуцсан ажлаас ихээхэн хамааралтай байсан нь дээрхээс гадна ЭХБУТ ХХК-ийн зүгээс “газрын захирамж гаргаж ажил эхлүүлэх тухай”, “газар эзэмшигчид ажлын талбайд нэвтрүүлэхгүй, ажлыг эхлүүлэхгүй, хийлгэхгүй байгаа тухай “, “ажиллах нөхцөл боломжоор хангуулах тухай”, “төмөр хийц, бетон эдлэл ачсан автомашин явуулахгүй байгаа тухай” 2013-03-20, 2013-04-02, 2013-04-10, 2013-06-10, 2013-10-22, 2013-12-17, 2014-03-12, 2014-04-01, 2014-06-23, 2014-08-14-ний өдрүүдэд НХОГ, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн засаг дарга, Замын цагдаагийн газруудад хандаж байсан албан бичгүүд, “трасс хурдны замтай давхацсаныг шийдвэрлүүлэх”, “ажил зогсоосонд арга хэмжээ авахуулах тухай”, “компаниуд шүүхэд нэхэмжлэл гаргаж ажил хийлгэхгүй байгаа тухай”, “газар чөлөөлүүлэх, трассын асуудлыг шийдвэрлүүлэх тухай” 2014-02-19, 2014-03-03, 2015-07-24, 2015-11-04-ний өдрүүдэд Хөрөнгө оруулалтын газарт, “нэвтрэх зөвшөөрөл хүсэж, ажил хийлгэх тухай” “худгийн хамгаалалтын бүсэд нэвтрэх автомашинд зөвшөөрөл хүсэх тухай”, “газар чөлөөлөх, бургас зайлуулах, шинээр мод тарьсныг шилжүүлэх тухай” 2014-02-10, 2014-02-11, 2014-02-19, 2014-02-21-ний өдрүүдэд Төрийн тусгай хамгаалалттай газар, Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газар, НХОГ, Эрчим хүчний яаманд тус тус,  “трассын хүндрэлээс материалын үнийн зөрүү, ам долларын ханшийн зөрүү их гарч байгаа тухай” 2015-08-19-нд Эрчим хүчний яаманд, “бэрхшээлийг арилгаж өгөх тухай” 2015-06-26-нд Эрчим хүчний хүрээлэнд, “ажлыг үргэлжлүүлэн явуулах болсон болон ажлын талбарт нэвтрүүлэх”-ийг мэдэгдсэн 2015-08-06-нд ОЭНДЧ, Эс девелопмент ХХК, Даян тайж ХХК-иудад хандсан бичгүүд, 2015, 2016 онуудад нэр дурьдсан компаниудын нэхэмжлэлд хариуцагчаар оролцож байсан тухай шүүхэд өгсөн тайлбар, шүүхийн шийдвэрүүд, “ажилд нэмэгдэл зардал гарч байгаа, төсөвт тусгах тухай” 2014 оны 8, 9, 12 дугаар сард НХОГ, Эрчим хүчний яам, Сангийн яам, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд явуулж байсан албан бичгүүдээс тус тус харагдаж байна.

            Сонгинын дэд станцаас Зайсан дэд станц хүртэлх цахилгаан дамжуулах агаарын шугамыг Шинэ яармаг дэд станцаар дамжих байсныг салбараар тэжээх болсон, шугамын суурийг бетоноор хийх байсныг төмрөөр хийхээр шийдвэрлэснийг мөрдөх, мөн дэд станцын хашааг бетон хашаагаар солих, стандартыг  мөрдөх тухай Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ХК (шугамын ашиглалт хариуцах, шугамын ажлыг хүлээн авах газар)-иас 2012-10-05, 2013-04-23-нд ЭХБУТ ХХК-д өгч байсан албан бичгүүд байна.

            Мөн НХОГ болон Нийслэлийн засаг даргаас “Дархан цаазат Богдхан уулын нутагт хамгаалалтын зурвас тогтоон, ажлыг тасралтгүй явуулах тухай”, “агаарын шугамын трассын байршлын тухай болон трасс баталгаажуулах тухай” 2013-02-14, 2013-03-18, 2013-11-19, 2014-04-02-ны өдрүүдэд Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд,  “хамтран ажиллах тухай” 2013-11-13-нд Улиастай чулуу, Хайланд трэйвэл, Гобиресурсиз, Хо Хо ХХК-иудад, газрын асуудлаар НХОГ нь British school of UB, Кингстаун вилла, Эрин говь, Эс девелопмент, Бөхбат ХХК-иуд, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Ерөнхий төлөвлөгөөний газар, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны сайд, Ерөнхий сайд, Нийслэлийн засаг дарга, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд удаа дараа хандаж байсан албан бичгүүд байна.

            Дээрх байдлуудаас үзэхэд Сонгинын дэд станцаас Зайсан дэд станц хүртэлх цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын хувьд захиалагчаас хамааралтай байсан асуудлаас болж ажил сунжирсан, нэмэлт зардал гарсан, газрын асуудлыг хянан шийдвэрлэж байсан шүүхийн шийдвэрээр ажлыг зогсоож нэхэмжлэгч сул зогссон, ажлын хугацаа сунжирсантай холбоотойгоор ам долларын ханш өссөн (анх гэрээ байгуулахад ам доллар 1315 төгрөг, юань 208 төгрөг байсан бол гэрээг шинэчилж байгуулсан 2014 оны 9 дүгээр сарын 25-нд ам доллар 1895 төгрөг, юань 301 төгрөг болсон) нөхцөл байдлууд тогтоогдож байна.

            Нэхэмжлэгчийн Сонгинын дэд станцаас Зайсан дэд станц хүртэлх цахилгаан дамжуулах агаарын шугамын ажилд нэмж гаргасан зардал болон үүссэн хохирлыг нэхэмжилсэн хэсгээс материал худалдан авалт хийж эргэлтийн хөрөнгө түгжсэн алданги гэж нэхэмжилсэн 154.463.755 төгрөгийг хасаж, үлдэх 1.624.536.245 төгрөгийг захиалагчаар төлүүлэхээр шийдвэрлэв.

            Ажлын санхүүжилтийг гүйцэтгэлээр тухай бүрт өгч байсан, мөн нэмэлт ажлын зардлын санхүүжилтэнд алданги тооцох боломжгүй байх тул нэхэмжлэгчийн санхүүжилт хугацаандаа хийгдээгүй гэж хариуцагчаас нэхэмжилсэн 2.164.325.186 төгрөгийн алдангийг хэрэгсэхгүй болгов.

   Хариуцагч “ажил гүйцэтгэх 2 гэрээний ерөнхий нөхцлийн 11.2-т “гэрээний ерөнхий нөхцөлд өөрөөр заагаагүй бол гэрээний үнэ нь зөвхөн байгууламжинд өөрчлөлт гарсан эсвэл Гэрээнд өөрөөр заасан тохиолдлоос бусад ямар ч нөхцөлд өөрчлөгдөхгүй хатуу тогтсон үнийн дүн байна. Гэрээний тусгай нөхцлийн 11.2-т “Гэрээний үнэнд үнийн тохируулга хийхгүй” гэж тус тус заасан” гэж татгалзлынхаа нэг үндэслэлийг зааж байгаа ба үүнийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь гэрээгээр хатуу тогтоосон үнийг өөрчилж болох байгууламжинд өөрчлөлт гарах, гэрээнд өөрөөр заах гэсэн нөхцөлийг талууд тохиролцсон ба ийм нөхцөлүүд тохиолдсон, нөгөө талаар гэрээний үнэнд тохируулга хийсэн зүйлгүй бөгөөд гэрээнд заагдаагүй ажлууд хийгдсэн, ажил сунжирснаас үүссэн хохирлын асуудал яригдаж байгаа болно.

 

Хариуцагч НХОГ нь бие даасан хуулийн этгээд, орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байх бөгөөд дээрх ажлуудын захиалагч байх тул нэхэмжлэгч ЭХБУТ ХХК-д төлүүлэх 3.675.548.409 төгрөгийн зардал, хохирлыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас гаргуулан олгож, Нийслэлийн засаг даргын  тамгын газрыг хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.

           

            Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                                                                         ТОГТООХ НЬ:

 

1. Монгол улсын Иргэний 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1, 219 дүгээр зүйлийн 219.1-ийг баримтлан Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас 3.675.548.409 (гурван тэрбум зургаан зуун далан таван сая таван зуун дөчин найман мянга дөрвөн зуун есөн) төгрөгийг гаргуулж ЭХБУТ ХХК-д олгож, нэхэмжлэгчийн 6.110.453.129 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, Нийслэлийн засаг даргын  тамгын газрыг хариуцлагаас чөлөөлсүгэй.

2.Нэхэмжлэгч нь НХОГтай байгуулсан “Улаанбаатар хотын Сонгино 220/110/35 кВ-ын 2x125 мВа чадалтай дэд станц, 220 кВ-ын 10 км цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын зураг төсөл, барилга угсралтын ажлын гэрээ, түүний нэмэлт гэрээ”, “Улаанбаатар хотын 220 кВ-ын Сонгино дэд станцаас 110 кВ-ын Зайсан дэд станц хүртэлх 50 км хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын зураг төсөл, барилга угсралтын ажлын гэрээ, түүний нэмэлт гэрээ”-нүүдийг цуцлах тухай шаардлагаасаа татгазсаныг баталсугай.

 

3. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас тэмдэгтийн хураамжинд 18.535.692 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 49.087.958 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

4. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

                     

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ                                          С. БУД