Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 182/ШШ2017/00539

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 14 өдөр

     Дугаар 182/ШШ2017/00539

               Улаанбаатар хот

                                         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж

Нэхэмжлэгч: "ЖЗ" ХХК

Хариуцагч: “А” ХХК 

 

ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 14.053.420 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, хариуцагчийн өмгөөлөгч С.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дансүрэн нар оролцов.

 

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 2015 оны 06 сарын 24-ний өдөр нэг талаас захиалагч “А” ХХК, нөгөө талаас гүйцэтгэгч "ЖЗ" ХХК нарын хооронд Чингэлтэй дүүрэг, 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” ХХК-ийн зочид буудлын барилгын ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож, ажлын эхний үе шат буюу төмөр бетон карказ цутгалтын ажлыг 122.400.000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож, ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан.

 1 м.кв төмөр бетон карказ цутгалтын ажлыг 53.217 төгрөгөөр тохирсон ба суурь болон 6 давхрын цутгалтыг хийж дууссан үед, 8-р сард санхүүжилт байхгүй гэж ажил зогссон. Биднийг өөрсдийн мөнгөөрөө хийгээч гэсэн ба бид боломжгүй гэсэн. Тэр хүртэл манайх нийт 67.053.420 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Захиалагч “А” ХХК нь гүйцэтгэгч "ЖЗ" ХХК-д ажлын хөлс 53.000.000 төгрөгийг шилжүүлсэн байдаг.

Гэрээний 4.5-д гэрээний үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх дүнг чанарын баталгаа болгож Улсын комисст амжилттай хүлээлгэж өгөх хүртэл хугацаанд захиалагч өөрийн дансанд хуримтлуулна, үүнийг үе шатны гүйцэтгэл тус бүрийн санхүүжилтээс хасаж тооцож байх, мөн гэрээний 4.6-д Төслийн чанарын баталгаа болгож нийт үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх төлбөрийг барилга ашиглалтанд орсноос хойш 1 жилийн хугацаанд захиалагч тал өөрийн дансанд байлгана гэж заасан. Үүний дагуу санхүүжилтээс 15 хувийг шилжүүлэх бүртээ авч үлдэж байсан.

Захиалагч мөнгийг давхар давхар тус бүрээр өгч байсан. Гэтэл захиалагч нь ямар ч шалтгаангүйгээр гэрээгээ цуцлах саналыг гаргаж, өөр компаниар карказ цутгалтын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр болсон. Гэрээг цуцлахдаа “"ЖЗ" ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 14.053.420 төгрөгийг өгнө гэдэг боловч өдий хүртэл шилжүүлэн өгөхгүй байна. Энэ мөнгийг “А” ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбар болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: "ЖЗ" ХХК нь Чингэлтэй дүүргийн 5-р хороонд баригдсан манай захиалгат ажлын барилгын ажлын төмөр бетон бүтээцийн угсралтын ажлыг 2015 оны 06 сарын сүүлчээс 08 сарын хооронд гүйцэтгэгчээр ажилласан. Барилгын стандарт, хууль тогтоомж, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрмийг байнга зөрчиж захиалагчийн зүгээс удаа дараа өгсөн үүрэг зөвлөмжийн дагуу урьдчилан мэдэгдэлгүй ажлаа хаяж алга болсон. Мөн "ЖЗ" ХХК нь захирлаас өөр ажилчингүй нэг хүнтэй компани бөгөөд ажил гүйцэтгэх чадамж, чадваргүй. 12 давхар хүртэл барилга угсрах зөвшөөрөлгүй байсан зэргийг нь үндэслэн 2015 оны 8-р сард гэрээг цуцалсан. Үүнд манай буруу байхгүй. Манай компани нь "ЖЗ" ХХК-д хийгдсэн ажлын төлбөрийг тухай бүрт олгож байсан бөгөөд одоо үлдэгдэл төлбөргүй болно. Суурь, 6 давхрын караказыг босгосон. Давхрын талбайн хэмжээ ижил юм. Гэрээний үүрэг дууссан, шаардах эрх дууссан. Харин манай компанийн зүгээс Барилгын угсралтын ажлын явцад вибератор чигжилтийг муу хийснээс болж зоорийн давхраас 5-р давхар хүртэл бетоны сийрэгжилт, нүхжилтүүд гарсны улмаас угсралтын дараа дахин хөрөнгө гарган уг давхруудад мэргэжлийн инженер болон компаниар хүчитгэлийн ажлыг хийлгэсэн. Харин манай компанид ихээхэн хохирол гарсныг барагдуулахаар "ЖЗ" ХХК-д хандахаар бэлтгэж байна. нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээний үнийн дүн анх нэхэмжлэлд бичсэн 112.400.000 төгрөг нь зөв ба 122.400.000 гэсэн нь техникийн алдаа юм. Мөн түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй, хаяг нь буруу. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Шүүх нэхэмжлэл, барилгын ажил гүйцэтгэх гэрээ, гэрээ дүгнэсэн протокол, "ЖЗ" ХХК-ийн авлага, өглөгийн тооцоо, компанийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, дипозит дансны хуулга, орлогын ордер зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр болох 14.053.420 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна.

            Хариуцагч нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хөлсийг олгосон, өөрсдөө гэрээ цуцлахад хүргэсэн гэж нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргаж байна.

Нэхэмжлэгч "ЖЗ" ХХК нь хариуцагч “А” ХХК-тай 2015 оны 06 сарын 24-ний өдөр гэрээ байгуулж, ажлын эхний үе шат буюу 12 давхар барилгын төмөр бетон карказ цутгалтын ажлыг 122.400.000 төгрөгөөр буюу  1 м.кв-ыг 53.217 төгрөгөөр тооцон 2.300 м.кв-ын төмөр бетон карказ цутгалтын ажлыг хийхээр тохиролцсон нь гэрээ, тайлбараар тогтоогдож байна.

“А” ХХК 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гэрээ цуцлах санал гаргаж, түүнээс хойш "ЖЗ" ХХК-ийг ажиллуулаагүй байх ба гэрээ цуцлагдах хүртэл гүйцэтгэсэн ажил дээр талууд маргахгүй байна. "ЖЗ" ХХК барилгын зоорь болон 1-6 давхрын караказ цутгалтын ажлыг хийсэн байх бөгөөд энэ нь 1260 м кв талбайн ажил болох нь гэрээ болон гэрээ дүгнэсэн актаас харагдаж байна. Ажлын хөлсний хэмжээ 67.053.420 төгрөг болжээ.

“А” ХХК ажлын хөлсөнд 2015.06.26-нд зоорийн давхрын ажилд 9.000.000 төгрөг, 2015.07.06-нд 1 дүгээр давхрын ажилд 7.200.000 төгрөг, 2015.07.24-нд 2 дугаар давхрын ажилд 7.200.000 төгрөг, 2015.07.19-нд 3 дугаар давхрын ажилд 7.200.000 төгрөг, 2015.08.03-нд 4 дүгээр давхрын ажилд 7.200.000 төгрөг, 2015.08.08-нд 5 дугаар давхрын ажилд 7.200.000 төгрөг, 2015.00.14-нд 6 дугаар давхрын ажилд 8.000.000 төгрөг, нийт 53.000.000 төгрөгийг нь төлснийг талууд тайлбарлаж байна.

1260 м кв талбайтай ажлын хөлс 67.053.420 төгрөг болох ба хөлснөөс 14.053.420 төгрөгийг хариуцагч төлөөгүй байна.

Нэхэмжлэгчийн тайлбарласнаар, гэрээний 4.5-д гэрээний үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх дүнг чанарын баталгаа болгож Улсын комисст амжилттай хүлээлгэж өгөх хүртэл хугацаанд захиалагч өөрийн дансанд хуримтлуулна, үүнийг үе шатны гүйцэтгэл тус бүрийн санхүүжилтээс хасаж тооцож байх, мөн гэрээний 4.6-д Төслийн чанарын баталгаа болгож нийт үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх төлбөрийг барилга ашиглалтанд орсноос хойш 1 жилийн хугацаанд захиалагч тал өөрийн дансанд байлгана гэж заасны дагуу захиалагч гүйцэтгэгчид өгч шилжүүлж байсан санхүүжилтээс авч үлдэж байсан нь харагдаж байна.

 

Иймд хариуцагчаас 14.053.420 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гэрээ цуцлахад нэхэмжлэгч буруутай, гэрээний үнэ 122.400.000 төгрөг биш, 112.400.000 төгрөг гэж тайлбарласан боловч гэрээ цуцлахад хэн буруутай нь хэрэгт ач холбогдолтой биш байна. Нэхэмжлэгч ажлын хөлс тооцохдоо гэрээний үнийн дүнг 112.400.000 төгрөг гэснээ сүүлд залруулсан ба гэрээний үнийн дүн гэрээнд 122.400.000 төгрөг гэж заагдсан, хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа нэхэмжлэгчтэй 122.400.000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ хийснээ бичсэн байна.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон   

                                                                                                         ТОГТООХ НЬ:

1.Монгол улсын Иргэний хуулийн 343 дугаар 343.1-ийг баримтлан “А” ХХК-аас 14.053.420 төгрөгийг гаргуулж "ЖЗ" ХХК-д олгосугай.

2. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжинд төлсөн 254.754 төгрөгийн 228.217 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 228.217 төгрөгийг, улсаас 26.537 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

                     

 

 

ДАРГАЛАГЧ                                      С. БУД