Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 06

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сугар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Б.Т

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргад холбогдох,

Гуравдагч этгээд: Б.Б,

“Тарагт сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалын орон тоонд Б.Т миний биеийг томилохыг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Т, хариуцагч Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг дарга Х.Д, хариуцагчийн өмгөөлөгч ****, гуравдагч этгээд Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ****шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ[1]:

“Б.Т миний бие Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны шалгалтыг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өгч, Өвөрхангай аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 19 дугаар тогтоолоор Тарагт сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажлын байрны нөөцийн 2 дугаар дэсэд 75,8 оноогоор бүртгэгдэж, тус төрийн албаны зөвлөлийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 03/114 албан тоотоор Тарагт сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд нэр дэвшигдсэн. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулж, нэр дэвшигдсэн ажлын байранд томилогдох тухай Тарагт сумын Засаг дарга Х.Д-д хандсан боловч тус ажлын байрны шалгалтын 4 дүгээр дэсэд бүртгэгдсэн, Төрийн албаны зөвлөлөөс нэр нь дэвшигдээгүй Б.Б-н Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулсан, ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн хариу ирсэн тул тус албан тушаалд томилно гэж мэдэгдсэн. Иймд холбогдох хууль тогтоомжийн дагуу тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалын орон тоонд Базаррагчаагийн Төмөртогтох миний биеийг томилохыг даалгаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Миний бие Төрийн албаны зөвлөлөөс нийтэд зарласан  Тарагт сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалын орон тоонд шалгалт өгч шалгалтын үр дүнгээр 2 дугаар байранд эрэмбэлэгдсэн. Өвөрхангай аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс Тарагт сумын Засаг даргын Тамгын газрын даргын орон тоон дээр нэр чинь дэвшигдсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу Тарагт сумын Засаг даргатай хувийн ашиг сонирхол байгаа эсэх талаар Авлигатай тэмцэх газарт хянуулаад тухайн ажлын байранд нэр дэвшүүлэхээр хянуулж байна. Үүний дагуу 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Тарагт сумын Засаг дарга Х.Д-тэй тухайн ажлын байранд албан ёсоор томилогдохоор ажлын өрөөнд нь очиж уулзсан. Тухайн үед очиж уулзахад Х.Д дарга чамайг томилох боломжгүй бид Авлигатай тэмцэх газарт мэдүүлгийг нь хянуулсан тухайн Тамгын газарт газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн, тухайн албан тушаалд шалгалт өгч тэнцсэн Б-г томилно гэсэн хариуг надад хэлсэн. Миний хувьд  Х.Д даргын байр суурийн хүлээн зөвшөөрөөгүй. Гэхдээ би хууль тогтоомжийн дагуу томилогдох ёстой. Гэхдээ би өөрийгөө заавал өнөө маргаашгүй томил гэсэн шаардлагыг Засаг даргад тавиагүй. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу өөрийнхөө хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянуулж тухайн ажлын байранд томилогдох үгүйгээ эрх бүхий байгууллагаар нь шалгуулж тогтоолгоод, нэр дэвшигдсэн ажлын байрандаа ажиллах хүсэлтэй байгаагаа бол Засаг дарга Д-д хэлсэн. Д Б-г томилно гэсэн. Батцэцэгийг томилно гэсэн байр сууриа илэрхийлэх юм, хэрвээ томилсон захирамж шийдвэр гаргах юм бол тэр шийдвэрт чинь гомдол, нэхэмжлэл гаргана шүү гэдгээ албан ёсоор өөрт нь  хэлсэн. Надад байр сууриа илэрхийлсэн шигээ шийдвэр гаргасан учраас иргэнийхээ хувьд хуулийн дагуу  эрхээ эдэлж шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Тарагт сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд хууль тогтоомжийн дагуу томилогдохыг хүсэж байна” гэв.

Нэхэмжлэгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

“Төмөртогтохоо ашиг сонирхлын мэдүүлгээ өгөөд  хянуулчих энэ хүн хоёрт байгаа гэдэг зүйлийг огт надад хэлээгүй. Хувийн ашиг сонирхлоор Б-г авна гэсэн бодолтой байсан учраас Төрийн албаны зөвлөлөөс албан ёсоор хэн нэр дэвшигдэх нь тодорхойгүй байхад Б-н мэдүүлгийг хянуулсан байгаа нь хууль бус, эргэлзээтэй байгаа гэж үзэж байна. Би төрийн албанд 8 жил ажилласных бичиг цаас эвлүүлж чадна. Танай Засаг даргын Тамгын газраас Авлигатай газар хүргүүлсэн Б-н мэдүүлгийг хянуулах гэж хүргүүлсэн бичгийг өмнө нь явуулсан байгаад хариу бичиг явуулсан хоёр дахь бичиг байна лээ. Үүнийг юугаар нотолж байгаа вэ гэхээр танай Авлигатай тэмцэх газар явуулсан хариутай бичигт хариу явуулсан байна лээ. Төрийн албанд ажиллаж байсан болохоор бичиг цааснаас гол юмыг нь олж харж чадна. Заваарсан хууль бус зүйл ярихыг хүсэхгүй байна. Х.Д дарга ингэж яриад байх юм. Чи нүүж ирээгүй учраас чамайг томилоогүй. Та хоёр намайг суурин байх байхгүйг яаж тааж мэдээд байгааг мэдэхгүй байна. Хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ хянуулж хууль ёсны дагуу томилогдох боломжтой үгүйгээ мэдэж байж Тарагт суманд нүүж очино уу гэхээс болох болохгүйгээ мэдэхгүй нүүж очих уу ер нь бол. Хууль ёсны дагуу Авлигатай тэмцэх газар хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ хянуулсны дараа нүүх эсэхээ шийднэ шүү дээ. Магадгүй Авлигатай тэмцэх газар миний мэдүүлгийг хянаад томилж болохгүй гэсэн бол тантай маргах шаардлага байхгүй. Миний мэдүүлгийг хянуулаагүй байж өнөөдөр ийм зүйл ярьж байгаа төрийн албан хаагчийн хувьд ёс зүйгүй байна гэж үзэж байна. Хэн дуртай нь төрийн албаны ажлыг хийхгүй гээд байх юм. Би дуртайдаа төрийн алба хашаагүй. Монгол улсын Төрийн албаны зөвлөлөөс нийтэд зарласан ажлын байранд шалгалт өгч Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшигдсэн зүйл дээр ингэж явж байгаа болохоос биш дуртайдаа зарга хийж яваагүй. Шалтаг гэх юм уу сонин сонин зүйл их яриад байх юм. Миний хэдэн хүүхэдтэй байх, миний төрөх төрөхгүй, жаахан хүүхэдтэй байх ерөөсөө хамаагүй. Нэг орон нутгийн хүмүүс бие биенийгээ мэднэ. Би хувийнхаа асуудлыг зохицуулаад төрийн ажлыг яаж хийх нь миний асуудал. Магадгүй хийж чадахгүй байгаад хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны асуудал. Цаад талын зүйлийг яриад байгаа нь аягүй эргэлзээтэй сонин санагдаж байна. Явуулын хүн Тамгын газрын даргын ажлыг хийх боломжгүй л гэнэ. Намайг явуулын байх байхгүй Б, Д дарга яаж мэдээд байгаа юм. Би ашиг сонирхлыг мэдүүлгээ хянуулаад энэ албан тушаалд хууль ёсоор томилогдохыг хүссэн. Дараагийн асуудлыг нийтийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянаад энэ албан тушаалд ажиллаж болно болохгүй гэсэн хариу ирсний дараа нүүж ирэх үгүйгээ шийднэ. Төрийн ажил тасралтгүй байх ёстой зарчим гэж яриад байх юм. Төрийн албаны тухай хуулиар төрийн алба тасралтгүй байх зарчмыг хуульчилсан. Гэхдээ Тамгын газрын даргын хувьд төрийн жинхэнэ албан хаагч. 2010 оны 62 дугаар Төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмаар дээрх асуудлыг бүрэн зохицуулсан байгаа. Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ гэж. 5, 6 сард зарласан ажлын байрыг шүлхийн өвчнөөр хаацайлж байгаа болохоос биш зарлуулж болох л байсан гэтэл тэгээгүй шүү дээ. Та нар анхнаасаа Б-тэй тохируулж ажлын байраа зарлах гэж өдийг хүргэсэн. Б намайг чи хүний нөөцийн хэдхэн хоногийн сертификаттай би бол магистрын дипломтой гэсэн тайлбарыг хийсэн байна лээ. Би ганцхан хуулийн дагуу томилогдохыг шаардсан болохоос биш миний бичиг баримт хуурамч байна үгүйг Төрийн албаны зөвлөлөөс энэ 15 хүний бичиг баримтыг шалгаж шалгалтад оруулсан. Х.Д дарга Засаг даргын тамгын газрын албан тушаалын сул орон тооны ажлын байранд тавигдах шаардлагад тавигдсан төрийн удирдлагаар мэргэшсэн байх гэсэн шаардлагыг хангалгүй шалгалтад орсон байна. Иймд гомдол гаргасан иргэн Б.Т нь Төрийн албаны салбар зөвлөлд гаргаж өгсөн бичиг баримт дутуу ажлын байрны захиалгын дагуу бүрдэл шаардлага хангалгүй шалгалтад орж төрийн албыг мэхэлсэн байна гэж хариу тайлбартаа бичсэн байна лээ. Тэгж бичихэд нь эмзэглэсэн. Шаардлага хангахгүй гэж бичсэн байна лээ. Надад бол төрийн албыг хуурч мэхэлсэн зүйл бол байхгүй. Өвөрхангай аймаг дахь Төрийн албаны зөвлөл шалгалтад орох юм байна гээд бүртгэж шалгалтад оруулсан байх гэж бодож байна. Миний хувьд хууль ёсны дагуу хандсан болохоос биш хууль бусаар хандаагүй. Батцэцэгийн магистрын диплом авсан хугацаа нь 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төгссөн юм байна лээ. 10 дугаар сарын 23-ны өдөр ажлын байрны сонгон шалгаруулалт болсон. 5, 6 дугаар сард Балбан ёсоор тэр магистраа төгсөөгүй байсан. Би өмнө нь Х.Д дарга, Б-тэй хоёулантай нь хамтарч ажиллаж байсан. Х.Д даргын хувьд төрийн захиргааны ажил хариуцсан түшмэл гээд хуулийн зөвлөх байсан. Хэн  хэн нь нэгнийхээ багцааг мэднэ. Батцэцэгийн тайлбар дээр төрийн ажил хийж байсан хүмүүс Төрийн албаны зөвлөлөөс илүү оноо өгсөн байна гэж байна лээ. Би Төрийн албаны зөвлөлийг тэгж хараагүй гэж бодож байна. Би эрх зүйч мэргэжилтэй энэ мэргэжлийнхээ дагуу ажилладаг учраас бичиг баримт, тушаал захирамж төлөвлөж чадна. 2014 онд Тарагт сумын Тамгын газрын даргын ажлын орон тоо гарч байхад хууль тогтоомжийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн үүргийг түр орлон гүйцэтгэх журмын дагуу төрийн захиргааны ажил хариуцсан түшмэл байсан учраас 6 сар шахуу түр орлон гүйцэтгэгчийг хийж байсан. Тухайн үеийн шалгалт дээр түр орлон гүйцэтгэх журамтай холбоотой кейс ирсэн учраас практик дээр нэлээн хэдэн тушаал захирамж, өдөр тутмын ажлыг төлөвлөөд хийсэн учраас надад илүү оноо өгсөн байх гэж хувьдаа ойлгодог. Урьдчилж нүүж ир, олон жоохон хүүхэдтэй гэж ярих шаардлагагүй. Үр хүүхэдтэй болохын хувьд хууль, дүрэм журмын хувьд хүүхэдтэй болох миний жам ёсны болоод хууль ёсны эрх. Энэ эрх энд хамааралгүй асуудал гэж хэлэхийг хүсэж байна” гэв.

Хариуцагч Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг дарга шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа[2]:

“Тус сумын Засаг даргын тамгын газрын даргын сул орон тоон дээр нөөцөөс орох ажилтан байхгүй байсан тул сонгон шалгаруулалтын ажлын байрны тодорхойлолтыг захиалгын хамт гарган төрийн албаны салбар зөвлөлд 2018.09.17 ны өдөр хүргүүлсэн. Өвөрхангай аймгийн төрийн албаны салбар зөвлөлөөс 2018-10-23 ны өдөр шалгалт зохион байгуулсан.Шалгалтанд хамгийн өндөр оноо авсан Д.Э-г төрийн албаны салбар зөвлөлийн 2018.10.23 ны өдрийн 3/95 тоот албан бичигт Тарагт сумын Засаг даргын тамгын газрын даргад нэр дэвшүүлэх, бусад нэр дэвшигчийн авсан оноог хавсралтаар хүргүүлж ирсэн. Миний зүгээс Д.Э-г томилох боломжгүй гэсэн хариуг 2018-10-30 өдөр 1/151 тоот албан бичигээр саналаа хүргүүлсэн. Энэ албан бичигт Монгол улсын Их хурлын 2003 оны 13 дугаар тогтоолын хавсралтаар баталсан" Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам"-ын 36, 37 дахь заалтын дагуу сонгон шалгаруулалтаар 75,27 оноо авсан Б.Б-н нэрийг санал болгон явуулсан.Төрийн албаны салбар зөвлөлөөс хариу ирээгүй удсан тул 2018.11.19 өдөр Авилгалтай тэмцэх газарт Б.Б-н Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулах тоот илгээсэн. Уг бичгийн хариу Б.б-г тус албан тушаалд томилоход татгалзах зүйлгүй болно гэсэн албан тоот 2018.11.28-ны өдрийн 05/9796 бичиг ирсэн байна. Мөн 2018-12-07-нд манайд төрийн албаны салбар зөвлөлөөс 2018.11.27-ны өдрийн 03/114 тоот албан бичигт Б.Т-г Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд томилуулах санал ирсэн. Тус албан бичгийн дагуу Б.Т-той уулзан ярилцаад энэ албан тушаалд орвол даруй ор манай тамгын газрын даргын ажил хүлээгдээд байна өнөө маргаашгүй нүүж ирж суурин бол ЗДТГ-ын Тамгын газрын даргын ажлыг явуулын журмаар хийх боломжгүй гэсэн шаардлагыг тавьсан. Аймгийн төрийн албаны салбар зөвлөлд 2018.12.17-ны өдөр 1/168 тоот бичиг хариу илгээсэн. Б.Т нь миний бие одоо жирэмсэн, жирэмсний амралт авч байгаа он гаргаад нэг сарын дундуур төрнө, намайг 4 буюу 5 сард ажилд орохыг хүлээгээч гэсэн, эсвэл одоо тушаалаа гаргуулаад 4 сарын үед ажилд орно гэсэн хариу өгсөн. Б.Т-д манай сум Засаг даргын Тамгын газрын даргаа нэн даруй авч ажилд оруулах шаардлагатай нөхцөл үүсээд байгааг ойлгуулсан. Үүнд: ЗДТГ ын ажил үүргийн дагуу тайлан мэдээ гаргах, нэгтгэх 2018, 2019 оны цэргийн тоо бүртгэл хийх нууцын зэрэгтэй тайлан гарах, Нууцын материалтай танилцах, эрх бүхий албан тушаалтантай болох ЭБАТ эрх авах, Нотариат үйлчилгээ үзүүлэх эрх бүхий ажилтантай болох, малчид иргэд банкнаас зээл их авч байгаа хүндрэл бэрхшээл их гарч байна. Шинэ он гарч байгаа тул 1-р сарын 25-наас өмнө шинээр орсон хүнээ ХАСХОМ бүрдүүлэлт хийх тухай сургалтанд хамруулах зэрэг ажил ихтэй тул, шинэ оны эхний сард багтаан ЗДТГ-ын үйл ажиллагааны төлөвлөгөө гаргах батлах, 2019 оны гамшигаас хамгаалах төлөвлөгөөнд нэмэлт тодотгол хийн онцгой байдлын албаар батлуулах зэрэг ажил ихтэй байгаа учир ЗДТГ-ын дарга түүний үүрэг роль их байгаа нэн даруй ажилд оруулах шаардлагатай байгаа болно. Б.Б нь дээрх шаардлагын дагуу аймгийн Хууль эрх зүйн хэлтсийн захиалгаар энэ сарын 8-9-нд УБ хотод Авлигатай тэмцэх газрын /ХАСХОМ/ сургалтанд хамрагдаж байгаа болно. Мөн аймгийн Хууль зүйн хэлтсээс наториат үйлчилгээ үзүүлэх эрхээ авч иргэдэд үйлчилгээ үзүүлж байна. Аймгийн тагнуулын газар, аймгийн Цэргийн хэлтсээс нууцын материалтай танилцах ЭБАТ-ны эрхээ авч цэргийн шинэчилсэн тоо бүртгэл хийж байгаа болно. Эдгээр эрх зөвшөөрлийг зохих хууль журмын дагуу цаг хугацаанд нь материал бүрдэлт хийж өгч авсан. Дээрх эрх, зөвшөөрлийг үүрэг гүйцэтгэгч хүнд олгодоггүй бөгөөд төрийн жинхэнэ албанд томилогдсон ажилтанд эрх зөвшөөрлийг олгодог болно. Манай байгууллага Монгол улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолын хавсралт "Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам"-ын 12 дугаар заалтын дагуу Засаг даргын тамгын газрын албан тушаалын сул орон тооны ажлын байранд тавигдах шаардлагад тавигдсан төрийн удирдлагаар мэргэшсэн байх гэсэн шаардлагыг хангалгүй шалгалтанд орсон байна. Иймд гомдол гаргасан иргэн Б.Т нь төрийн албаны салбар зөвлөлд гаргаж өгсөн бичиг баримт дутуу ажлын байрны захиалгын дагуу бүрдэл шаардлага хангалгүй шалгалтанд орж төрийн албыг хуурч мэхэлсэн байна” гэв.

 Гуравдагч этгээд Б.Б шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа[3]:

“Миний бие Б овогтой Б нь Б.Т-н энэхүү нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй бас үндэслэлгүй гэж үзэж байна. Төрийн албанаас нэр дэвшүүлсний дагуу сумын Засаг даргатай өөрөө ирж уулзахдаа би одоо жирэмсэн төрөх дөхөж байна, ажилдаа шууд орж чадахгүй 5 сард орно. Тэр хүртэп хүлээ гэж хэлсэн гэсэн. Төрийн алба тасралтгүй байх зарчимтай энэ зөрчилдөх зүйл шүү дээ. Тэгээд ч төрийн албаны салбар зөвлөл сонгон шалгаруулалт явуулахдаа шудрага бусаар хандаж төрийн албаны зөвлөлийн 13-р тогтоолын хавсралт журмын 26-р зүйлийг зөрчсөн. Учир нь 2018 оны 10-р сарын 22-ны өдөр Тарагт сумын Засаг даргын Тамгын газрын даргын удирдах албан тушаалын шалгалтанд бүртгүүлэхдээ мэргэшил дээр нь би төрийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн байх гэсэн шаардлагыг бүрэн хангаж, МУЭИСургуулийн Төрийн захиргааны менежментийн магистрийн дипломоо бүртгүүлсэн. Гэтэл төрийн албаны зөвлөлөөс Б.Т-н хэдхэн хоног сууж төгссөн хүний нөөцийн ажилтны сертифкатыг мэргэшүүлсэнд тооцож бүртгэсэн байсан бөгөөд бичиг баримтанд оноо өгөхдөө адилхан 10 оноо өгсөн байсан. Мөн уг удирдах албан тушаалтны шалгалтын 2-р шат болох ур чадварын шалгалтыг авахдаа тушаал төлөвлүүлсэн нь өмнө нь удирдах албан тушаал хашиж байсан болон Б.Т шиг төрийн захиргааны түшмэл хийж байсан хүмүүст илт давуу байдал олгож өндөр оноо өгсөн байсан. Үүнд би маш их гомдолтой байгаа. Мөн Төрийн албаны салбар зөвлөл УИХ-ын 2003 оны 13-р тогтоолын удирдах албан тушаалтны сонгон шалгаруулах журмаа зөрчсөн. Энэ журмаар уг албан тушаалын шалгалтанд тэнцсэн иргэдээс 2-оос доошгүй иргэнийг сумын Засаг даргад санал болгох ёстой, Засаг дарга тухайн нэр дэвшүүлсэн иргэдээс сонгох, эсвэл нэг удаа татгалзах эрхтэй байдаг гэтэл үйлчилгээний албан тушаалтантай адилтган нэг нэгээр нь нэр дэвшүүлж журмаа зөрчсөн. Иймд сумын Засаг даргадаа энэхүү байдлын талаар болон Төрийн албаны 2003 оны 13-р тогтоолын хавсралт журмын 14-ийн а, б заалтуудыг танилцуулж, миний бие энэ сумын Засаг даргын Тамгын газарт 8 жил тогтвор суурьшилтай ажилласан, сумандаа байран суурин амьдардаг, сумынхаа нөхцөл байдлыг сайн мэддэг, ажлын ачаалал даан ажиллах боломжтой учир Засаг даргын Тамгын газрын даргаар томилж өгөхийг уламжилсан. Мөн нэн даруй энэ албан тушаалтныг томилохгүй бол төрийн алба тасралтгүй байх зарчим алдагдаж, сумын тайлан мэдээ хоцорч, ард иргэдэд хүндрэл учирч байгааг танилцуулсан. Сумын Засаг дарга энэхүү байдлыг судалж үзээд Авлигатай тэмцэх газарт Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахад тухайн албан тушаалд томилоход хувийн ашиг сонирхпын зөрчилгүй гэсэн 05/9796 тоот албан бичиг 2018 оны 11 сарын 28-ны өдөр ирсэн. Ингээд Төрийн албаны зөвлөлийн 2003 оны тогтоолыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр намайг Засаг даргын Тамгын газрын даргаар томилсон. Сумын Засаг даргын Тамгын газар нь хагас жил шахам Тамгын газрын даргагүй байсан бөгөөд жилийн эцсийн тайлан мэдээ гээд маш их ажил беөгнөрсөн байсан. Иймд яаравчлан аймгийн Тагнуулын байгууллагад нууцын ажилтнаар ажиллах бичиг баримтаа өгч, Цэргийн штабаас нууцын баталгаа гаргуулан цэргийн шинэчилсэн тоо бүртгэлийн ажлыг зохион байгуулан тайлан мэдээгээ гаргасан. Мөн иргэд банкнаас зээл авахтай холбогдуулан Хууль эрх зүйн хэлтэст бичиг баримтаа бүрдүүлэн өгч нотариатчийн эрхийг авч иргэдэд үйлчилж, ХАСХОМ болон Хөрөнгө орлогын мэдүүлэг, мэдэгдэл хүлээн авах талаар 2018 оны 11-р сарын 08-09-нд Авлигатай тэмцэх газарт очиж сургалтанд сууж Эрх бүхий албан тушаалтны эрхийг авч хуулийн хугацаанд буюу 2 дугаар сарын 15-ны дотор албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг авч бүртгэх, программд 5аталгаажуулах ажлуудыг гүйцэтгэж байна. Ажилд томилогдсноос хойш 30 орчим хоног шөнийн 1, 2 цаг хүртэл сууж ажиллах шаардлага байнга л гарч байсан. Ингэж ачаалалтай ажиллаж байж л сумын тайлан мэдээг цаг хугацаанд нь амжиж гаргасан.Одоогоор жилийн ажлын төлөвлөгөө гаргах, зорилтот жилийн төлөвлөгөөнүүд боловсруулах зэрэг ажил ихтэй байгаа бөгөөд 2-р сард гамшгийн зарлан мэдээлэх комманд штабын сургалттай холбогдуулан төлөвлөгөө боловсруулах, ажлын хэсгүүдээр хуралдуулах зэрэг ажил ихтэй байгаа. Б.Т нь 2014 онд манай суманд Төрийн захиргааны түшмэл хийж улмаар ЗДТГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч хийж байсан бөгөөд тухайн үедээ аймагт ажилд орж гэр бүлээрээ сумын харъяалалаас шилжин явсан. Одоогоор аймагт байран суурин амьдардаг ажилтай, өөрийн эзэмшлийн 8 нэрийн хүнсний дэлгүүртэй. Ийм хүн манай суманд тогтвор суурьшилтай ажиллахгүй болов уу гэж бодож байна. Засаг даргын Тамгын газрын даргын ажлыг явуулын байдлаар хийх боломжгүй байдаг. Үнэхээр сум орноо гэсэн сэтгэлтэй эндээ энэ албан тушаалд ажиллах хүсэлтэй, зорилготой байсан бол шилжиж ажлаа хаяж явахгүй л байсан болов уу. Б.Т нь одоогоор аймгийн Арвайхээр сумын Тамгын газраас 1-р сараас эхлэн жирэмсэн амаржсаны амралтаа авсан байгаа. Иймд энэхүү захиргааны хэрэгт гуравдагч этгээд болох миний эрх ашиг хөндөгдөж байна” гэв.

Шүүх хуралдаанаар хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтас хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтад тулгуурлан доорх хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Б.Т-н “Тарагт сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалын орон тоонд Б.Т миний биеийг томилохыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүх гагцхүү нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааны шийдвэрлэхээр үүрэгжүүлж хуульчлан заасан тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу нэхэмжлэгч Б.Т-г Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилохыг даалгах хууль эрх зүйн үндэслэл бий эсэх талаар хянан үзсэн болно.   

Маргааны үйл баримтыг эхнээс нь хөөн үзвэл Өвөрхангай аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэх тухай” 19 дүгээр тогтоолын[4] Нэгдүгээр хавсралтын 9-19 дэх хэсэгт Тарагт сумын сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажлын байрны сонгон шалгаруулалтад тэнцсэн нэр бүхий 11 иргэнийг “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалт”-д бүртгэж[5], уг тогтоолын Хоёрдугаар хавсралтын 7-д хамгийн өндөр буюу 77.6 оноо авсан Д.Э-г Тарагт сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилуулахаар нэрийг нь дэвшүүлжээ[6].

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргад Х.Д-д хүргүүлсэн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Нэр дэвшүүлэх тухай” 3/95 тоот албан бичигт “… хамгийн өндөр үнэлгээ буюу 77.6 оноо авсан Д.Э-г тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд тоимлуулахаар нэрийг нь дэвшүүлж байна... томилсон шийдвэрээ ирүүлэхийг мэдэгдье...[7] гэжээ.

Тарагт сумын Засаг дарга Х.Д хамгийн өндөр оноо авсан Д.Э-г  томилуулахаар нэр дэвшүүлсэн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн саналыг хүлээн авах боломжгүй байгаа болохоо 5 үндэслэл дурьдаж 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1/151 тоот албан бичгээр[8] буцаан мэдэгдсэн байна.

Улмаар Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Хариу хүргүүлж, нэр дэвшүүлэх тухай” 03/114 тоот албан бичгээр “… Тарагт сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны нөөцийн жагсаалтад онооны дарааллаар 2-т бүртгэгдсэн Б.Т-г тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилуулахаар нэрийг нь дэвшүүлж байна... томилсон шийдвэрээ ирүүлэхийг мэдэгдье...[9] гэж дараагийн буюу онооны дарааллаар 2 дугаарт эрэмбэлэгдсэн нэр дэвшигчийг санал болгож, түүнийг мөн томилох боломжгүй гэх 2 үндэслэлийг дурьдаж Тарагт сумын Засаг дарга 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1/168 тоот албан бичгээр[10] Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд мэдэгдэж нэн даруй шийдвэрлэж өгөхийг хүсчээ[11].

Өвөрхангай аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөл 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 3/07 тоот албан бичгээр “Тарагт сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдээс онооны дарааллаар Д.Э, Б.Т нарыг нэр дэвшүүлсэн болно...”[12] гэж нэр бүхий 2 нэр дэвшигчийг уг албан тушаалд томилуулахаар санал болгосон болохоо мэдэгдсэн байна.

Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д төрийн албаны зөвлөл нь “төрийн захиргааны болон хуульд өөрөөр заагаагүй бол төрийн тусгай албаны удирдах албан тушаалд томилогдох нэг ажилтныг Улсын Их Хурлаас тогтоосон журмын дагуу сонгон шалгаруулж, нэр дэвшигчийн талаархи дүгнэлтээ уг ажилтныг томилох эрх бүхий байгууллагад өгөх” бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр хуульчлан заажээ.

Монгол Улсын Их хурлын 2003 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн “Журам батлах тухай” 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам” /уг тогтоолын хавсралт/-ын 36-д “... томилох эрх бүхий этгээд ... Салбар зөвлөлөөс нэр дэвшүүлсэн иргэдийн дотроос нэг хүнийг сонгож, тухайн албан тушаалд томилсон тухай шийдвэр гаргана”,

37-д “Томилох эрх бүхий этгээд Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөлийн санал болгосон нэр дэвшигчийг тухайн  албан тушаалд томилохоос татгалзвал энэ тухайгаа зохих үндэслэлийн хамт нэр дэвшигчийн материалыг хүлээн авснаас хойш ажлын 7 өдрийн дотор Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөлд албан бичгээр мэдэгдэнэ. Энэ тохиолдолд Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөл нь тухайн сонгон шалгаруулалтад тэнцэж нөөцийн жагсаалтад орсон иргэдээс нэр дэвшүүлэх, эсхүл сонгон шалгаруулалтыг дахин явуулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж тус тус журамлан зааж өгч уг харилцааг нарийвчлан зохицуулсан байна.  

Хуулийн дээрх заалтын дагуу Өвөрхангай аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөл сонгон шалгаруулалтад авсан онооны дарааллын дагуу 1 болон 2 дугаарт эрэмбэлэгдсэн нэр бүхий нэр дэвшигч нарыг томилуулахаар нэрийг нь тухай бүр Тарагт сумын Засаг даргад санал болгож, тэдгээр 2 нэр бүхий нэр дэвшигч нарыг томилохоос Засаг дарга татгалзаж энэ тухай үндэслэлээ албан бичгээр буцаан мэдэгдэж байжээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т “Тамгын газрын даргыг хуулийн дагуу нэр дэвшүүлсэн иргэдээс сонголт хийж Засаг дарга томилно” /Энэ хэсгийг “33.3. Тамгын газрын даргыг Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд заасан журмын дагуу сонгон шалгаруулж, Засаг дарга 6 жилийн хугацаагаар томилж, чөлөөлнө. Тамгын газрын даргыг улируулан томилж болно. Тайлбар: Тамгын газрын даргын бүрэн эрхийн хугацаа хуулиар тогтоосон хугацаанаас өмнө дуусгавар болсон бол дараагийн томилогдсон этгээдийн бүрэн эрхийн хугацаа өмнөх даргын бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна” гэж 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ гэж хуульчлан зааж өгсөн байна. 

Хуулийн дээрх заалтаас үзэхэд 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж мөрдөгдөж буй Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ын үйлчлэлээс өмнө үүссэн харилцаанд Засаг дарга нь Засаг даргын Тамгын газрын даргад нэр дэвшигч нараас сонголт хийж томилох боломжтой байсан байна. Өөрөөр хэлбэл энэхүү боломжийг нь Засаг даргад хуулиар олгосон байжээ.

Иймээс 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1/168 тоот албан бичгээр хариуцагч Тарагт сумын Засаг дарга нь Төрийн албаны зөвлөлөөс санал болгож томилуулахаар нэр дэвшүүлсэн нэр дэвшигч Б.Т-г томилох боломжгүй байгаа болохоо мэдэгдэж, улмаар томилоогүй нь илт хууль бус, хууль зөрчсөн байна гэж үзэх, дүгнэх боломж хууль зүйн хувьд байхгүй байна.

Харин 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр батлагдаж 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж мөрдөгдөж буй Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай уяалдуулан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсгийг “Тамгын газрын даргыг Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд заасан журмын дагуу сонгон шалгаруулж, Засаг дарга 6 жилийн хугацаагаар томилж, чөлөөлнө. Тамгын газрын даргыг улируулан томилж болно. Тайлбар: Тамгын газрын даргын бүрэн эрхийн хугацаа хуулиар тогтоосон хугацаанаас өмнө дуусгавар болсон бол дараагийн томилогдсон этгээдийн бүрэн эрхийн хугацаа өмнөх даргын бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна” гэж өөрчлөн найруулсан байна. 

Өөрөөр хэлбэл 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс өмнө дээрх сонгон шалгаруулалттай холбоотой маргааны үйл баримтууд болж өнгөрсөн байна.  

Иймд дээрх хууль, эрхийн актын нарийвчлан журамласан зохицуулалт болон үүссэн нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд нэхэмжлэгч ****нь сонгон шалгаруулалтад орж онооны дарааллаар 2 дугаарт эрэмбэлэгдсэн байх бөгөөд 1 дүгээрт эрэмбэлэгдсэн нэр дэвшигчийг томилохоос татгалзсан тул 2 дугаарт эрэмбэлэгдсэн Б.Төмөртогтохыг томилуулахаар нэр дэвшүүлж, улмаар түүнийг томилохоос татгалзсан нь холбогдох хууль тогтоомж зөрчөөгүй, хууль бус захиргааны үйлдэл, үйл ажиллагаа, шийдвэр шийдэл байсан байна гэж үзэх, дүгнэх боломж хууль зүйн хувьд байхгүй байна гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн 35 дугаар зүйлийн 35.1.6, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Т-н “Тарагт сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалын орон тоонд Б.Т миний биеийг томилохыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч Б.Т-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 


[1] Хавтаст хэргийн 1 дэх тал.

[2] Хавтаст хэргийн 18-21 дэх тал.

[3] Хавтаст хэргийн 62-63 дахь тал.

[4] Хавтаст хэргийн 5 дахь тал.

[5] Хавтаст хэргийн 6 дахь тал.

[6] Хавтаст хэргийн 7 дахь тал.

[7] Хавтаст хэргийн 89 дэх тал.

[8] Хавтаст хэргийн 87 дахь тал.

[9] Хавтаст хэргийн 88 дахь тал.

[10] Хавтаст хэргийн 86 дахь тал.

[11] Хавтаст хэргийн мөн тал.

[12] Хавтаст хэргийн 85 дахь тал.