Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2019/0585

 

Б.Т-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Б.Т, хариуцагч Х.Д, хариуцагчийн өмгөөлөгч П.А нарыг оролцуулан, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 121/ШШ2019/0006 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Т-ын нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 121/ШШ2019/0006 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн 35 дугаар зүйлийн 35.1.6, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Т-ын “Тарагт сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалын орон тоонд Базаррагчаагийн Төмөртогтох миний биеийг томилохыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “...Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 121/ШШ2019/0006 дугаар шийдвэрийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Учир нь хариуцагч Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг дарга Х.Днь Өвөрхангай аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга Ц.Г-д 2018 оны оны 12 дугаар сарын 17-ны өдөр “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр Б.Т намайг томилох боломжгүй нөхцөл шалтгаан байна гэж хуурамч албан бичиг явуулсан. Х.Д дарга намайг дуудаж уулзаад чамайг томилохгүй гэж хэлсэн. Тийм болохоор миний бие Х.Д даргын эс үйлдэхүйг гаргах ёстой шийдвэрийг гаргахгүй байна, энэхүү эс үйлдэхүй нь миний хуульд заасан хөдөлмөрлөх, шударгаар төрийн албанд томилогдох эрхийг зөрчиж байгаа захиргааны акт мөн гэж үзээд 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ажиллахгүй гэж байгаа хүн шүүхэд хандаад намайг Тарагт сумын Засаг даргын тамгын газрын даргаар томилохыг Х.Д даргад даалгаад өгөөч гэсэн нэхэмжлэл гаргахгүй шүү дээ.

Хариуцагч Х.Д дарга Өвөрхангай аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга Ц.Г-д 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр Б.Т намайг томилох боломжгүй гэсэн хариу өгсөн өдрөө хууль бусаар Б.Б-г 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/06 дугаар “Б.Б-г ажилд томилох тухай” тушаалаар Б.Б-г Тарагт сумын Засаг даргын тамгын газрын даргаар томилсон байсан. Энэхүү хууль бус захиргааны актыг миний бие 2019 оны 02 сард хэргийн материалтай танилцахдаа олж мэдсэн. Миний бие Өвөрхангай аймгийн Тарагт суманд биш Арвайхээр суманд амьдардаг болохоор хэргийн материалтай танилцахдаа хариуцагчийн тайлбар болон Б.Б-г гуравдагч этгээдээр татсан материал зэргээс Б.Б-г сумын тамгын газрын даргаар томилсон тушаалыг олж мэдсэн. Б.Б-г томилохдоо надад мэдэгдээгүй. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагааг явуулаагүй болно. Миний бие нэгдүгээрт хууль мэдэхгүй, хуульчаас хууль зүйн туслалцаа аваагүй хоёрт хууль бус захиргааны акт гарснаас хойш 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах ёстой гэсэн заалт байдаг гэж хүнээс сонсоод хугацаа нь өнгөрсөн байна гээд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлээгүй болно.

Нэхэмжлэгч Б.Т миний гаргасан нэхэмжлэлд холбогдох захиргааны хэргийн анхан шатны шүүх хурал 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр буюу Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлснээс хойш болсон. Шинээр хэрэгжиж буй Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт “энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно. Томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагын санал болгосон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд төрийн албаны төв байгууллага өөр хүнийг зохих журмын дагуу санал болгоно” гэж заасан. Хариуцагч Х.Д дарга Энтуяаг томилохоос нэг удаа татгалзсан. Хуулиар хариуцагчид дахин татгалзах эрх үлдээгүй байтал Б.Т намайг томилохоос мөн татгалзсан. Хуульд нэг удаа татгалзах эрхтэй талаар заасан. Иймд анхан шатны шүүх нь шүүх хурал болох үед хэрэгжиж байсан төрийн албаны хуулийг хэрэглээгүй нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 121/ШШ2019/0006 дугаар шийдвэр нь дээр дурдсан хууль буруу хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй. Иймд дээрх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн тодруулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч Б.Т нь Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргад холбогдуулан “Тарагт сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалын орон тоонд Б.Тыг томилохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж шүүхээс гарах шийдвэрийн төрлийг заажээ.

Тодруулбал, нэхэмжлэгчээс түүнийг Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилоогүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, эсхүл хариуцагчийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1/168 дугаар “...салбар зөвлөлөөс санал болгож буй Б.Ттой уулзаж ярилцаад Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилох боломжгүй шалтгаан байгаа..., нэн даруй шийдвэрлэж өгнө үү” гэсэн албан бичгийг хууль бус гэж үзсэн эсэх нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх албан тушаалд томилохоос татгалзсан шийдвэрийг хууль бус эсэхэд дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Зүй нь анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эс үйлдэхүй хууль бус эсэхийг тогтоолгох, улмаар маргаан бүхий албан тушаалд томилохыг даалгах, эсхүл хариуцагчийн татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан эсэхийг бүрэн тодруулах шаардлагатай байжээ.

Нөгөөтэйгүүүр, нэхэмжлэгчээс 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хариуцагчаас 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Б.Б-г маргаан бүхий албан тушаалд томилсон байна.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд захиргааны хэрэг үүсгэж, маргаан бүхий албан тушаалд томилогдсон Б.Б-г гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан атлаа үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг мөн тодруулаагүй нь учир дутагдалтай болжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ өөрөө тодорхой тусгахаас гадна биелэгдэх боломжтой байдлаар тодорхойлох учиртай. Өөрөөр хэлбэл, хэрэв нэхэмжлэлийн шаардлага биелэгдэх боломжгүй, түүний үндэслэл хоорондоо зөрүүтэй, эсхүл тодорхойгүй, үндсэн нэхэмжлэлийн шаардлага хангагдах эсэх нь бусад нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдохоор байгаа тохиолдолд шүүхээс үүнийг тодруулах үүрэгтэй юм.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулаагүй, маргаж буй үндэслэлийг тал бүрээс нь судлалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 121/ШШ2019/0006 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                               Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                               Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН