Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 007

 

Х.Э-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Б.Дамба, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд прокурор Б.Ботакөз, шүүгдэгч Х.Э, шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маншүк нарыг оролцуулан хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолтой, Х.Э-д холбогдох эрүүгийн 1713001240111 дугаартай хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс Казах,1992 оны 6 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-7, ээж, эхнэр 2 хүүхэд, дүү нарын хамт Баян-Өлгий аймгийн Ө сумын  дугаар баг, Ховд гол ... дугаар гудамж, .. тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Н овогт Х.Э, регистрийн дугаар У...........

Шүүгдэгч Х.Э нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 07 цаг 03 минутаас 07 цаг 08 минутын хооронд Ө сумын .. дугаар багийн нутагт орших “А” зах дотор байрлах иргэн П.А-ын алт мөнгөний дархны газрын хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж мөнгөн эдлэл хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 15-ны өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолоор:     “1. Шүүгдэгч    Х.Э-г хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э-ыг 1 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд цагдан хоригдож буй шүүгдэгч Х.Э би Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 13 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Э надад холбогдох эрүүгийн 1713001240111 дугаартай /гомдолд 1713000000114 дугаартай гэж бичсэнийг зөвтгөв/ хэргийг хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Шүүгдэгч Х.Э би анх удаа тохиолдлын шинж чанартай хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн гэмт хэргээ мөрдөн байцаалтын шатнаас эхлэн чин санаанаасаа гэмшин ухамсарласан, гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон гэм хорыг арилгасан, хохирогч нар гомдолгүй гэсэн, миний  ар гэрийн байдал /эцэг нас барсан, ээжтэйгээ хамт амьдардаг/ зэрэг нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхээс намайг заавал нийгмээс тусгаарлахгүйгээр тэнсэн харгалзах эсхүл торгуулийн ял оногдуулах боломжтой байсан гэж үзэж байна. Би өөрөө хувьдаа 10 тоннын даацтай автомашинтай, Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хотруу сард 2 удаа явж ачаа тээвэрлэдэг, сард 4 саяас доошгүй орлого олдог, мөн ээжийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгөтэй байгаа. Хэрвээ шүүхээс миний ар гэрийн байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулвал уг торгуулийг төлөх бүрэн боломжтой гэж үзэж байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 13 дугаар / гомдолд 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 07 дугаар гэж бичсэнийг зөвтгөв/ тогтоолд өөрчлөлт оруулан шүүгдэгч Х.Э надад оногдуулсан 1 жилийн хорих ялыг тодорхой хугацаагаар тэнсэн хянан харгалзах эсхүл торгуулийн ял болгон өөрчилж өгөхийг гүнээ хүсэж байна.” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгч Х.Э-ы гомдлыг үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянав.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан үйл баримт тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Хурметханы Эркебулан нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн өглөөний 7 цаг 03 минутаас 08 минутын орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байрлах “А” зах дотор байрлах иргэн П.А-ын алт мөнгөний дарханы газрын хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж 1.653.020 төгрөгийн мөнгөн эдлэл хулгайлсан гэмт хэрэг үйлджээ.

 

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ухамсарлан гэмшсэн, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Х.Э-ыг 1 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ. 

 

            Шүүгдэгч Х.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч болон гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд нь энэ хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, шалгаж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогджээ.         

 

Анхан шатны шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдалгүй, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2, 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгч Х.Э-д хуульд заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Шүүгдэгч Х.Э нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо “надад оногдуулсан 1 жилийн хорих ялыг тодорхой хугацаагаар тэнсэн хянан харгалзах эсхүл торгуулийн ял болгон өөрчилж өгөхийг гүнээ хүсэж байна” гэжээ.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “хоёр жилээс дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр заасан бөгөөд өөр ялын төрөл хуульчлагдаагүй байна.

 

Гэмт хэргийн шинж, хохирогч П.А-н “танай алт мөнгөний дарханы хаалга онгорхой байна” гэсэн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн 15 ширхэг зураг зэргээр “хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч” гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогджээ. 

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Х.Э нь 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарахад цагдан хоригдсон бөгөөд давж заалдах шатны шүүхийн магадлал гарахад 59 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар” гэж буруу бичсэнийг тэмдэглэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 39.9 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолын хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Э, түүний өмгөөлөгч Я.Съезд нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар урьдчилан цагдан хоригдсон 59 хоногийн хугацааг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                                 

 

 

ДАРГАЛАГЧ, 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Б.ДАМБА

 

                                                                                                Д.МӨНХӨӨ