| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2016/08035/И |
| Дугаар | 561 |
| Огноо | 2017-02-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 561
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Сайншанд, 4 дүгээр баг 139-9 тоот хаягт оршин суух, Хар хиргэс овогт Жамбалын Мөнхбат /РД:ТБ73091071/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 хороо, Сөүлийн гудамж, өөрийн байранд байрлах Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-д холбогдох
Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан хууль бус тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 11 дүгээр сарын цалин болох 1,548,939 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болор-Эрдэнэ, П.Ариунаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Мөнхбат шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ж.Мөнхбат миний бие 2012 оны 9 сарын 22-ны өдөр УБТЗ ХНН-ийн Сайншанд дахь замын 4 дүгээр ангийн даргаар томилогдон ажиллаж байгаад Монгол-Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргын 2016 оны 11 сарын 01-ний Б-2-153 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Энэхүү тушаалд Хөдөлмөрийн тухай Монгол Улсын хуулийг зөрчсөн, сахилгын шийтгэл ногдуулахдаа харгалзан үзвэл зохих нөхцөл байдлуудыг зөв үнэлээгүй гэж үзэх тодорхой үндэслэлүүд байх тул хууль бус шийдвэр гэж үзэн нэхэмжлэл гаргаж байна.
Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3 дахь заалт нь үүсгэж буй хууль зүйн фактаараа сахилгын шийтгэл ногдуулах тухай бусад заалтаас /131.1.1, 131.1.2 дахь хэсгийн заалтууд/ ялгаатай, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох үр дагаварт хүргэдэг. Тиймээс “Ажлаас халах сахилгын шийтгэл” ногдуулах зохицуулалтыг хуульд тусгайлан зааж, ажилтан сахилгын ноцтой зөрчил /хөдөлмөрийн гэрээнд заасан/ гаргасан үед эрх бүхий албан тушаалтан “Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” гэсэн шийдвэр гаргадаг. Харин энэхүү тушаал “Сахилгын шийтгэл ногдуулах” гэсэн нэртэй, хөдөлмөрийн харилцаа үргэлжилж байгаа тохиолдлыг зохицуулсан мэт боловч иргэн миний хөдөлмөрийн харилцааг бүрэн зогсоосон үр дагаврыг үүсгээд байна. Тушаалын үндэслэх хэсэгт иш татсан хуулийн заалтууд нэр дурдсан 6 ажилтны ямар, ямар зөрчилд холбогдож байгаа нь тодорхойгүй байх тул миний бие үндэслэх хэсгийн “Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахтай” холбоотой хуулийн заалтуудыг өөрт хамааралтай гэж таамаглаж байгаа болно. Тушаалын нэгдүгээр заалтанд Ж.Мөнхбатад ямар шийтгэл ногдуулсан нь ойлгомжгүй. Тодруулбал: “Ажлын ноцтой алдаа гаргасан, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг ноцтой зөрчснөөс осолд дөхсөн нөхцлийг бүрдүүлсэн, байнгын хяналт тавиагүй зэрэг хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй Замын 4-р ангийн дарга Ж.Мөнхбатыг үүрэгт ажлаас нь 2016 оны 11 сарын 01-ний өдрөөс чөлөөлж, Ж.Мөнхбатыг Хөдөлмөр харилцааны албаны мэдэлд....сахилгын шийтгэл тус тус ногдуулсугай” гэж заасан нь утга агуулгын хувьд авцалдаагүй, уялдаа холбоогүй, ойлгомжгүй байдаг.
УБТЗ ХНН-ийн Хөдөлмөрийн харилцааны албаны дарга Б.Оюунчимэгтэй уулзаж, тушаалын утга агуулгыг тодруулж, ямар төрлийн зөрчилд, яг ямар сахилгын шийтгэл хүлээж байгаагаа асуухад: “2016 оны 10 сарын 24-ний өдөр төмөр замын Цагаанхад зөрлөг дээр Зам засварын машинт станцын ажилтан К.Энхбаатар бетонон дэр ачих ажил хийж байгаад өндөр хүчдэлийн шугамын утас тасдсантай холбогдуулж, чамайг ажлаас халсан. Ажлаас халагдсан гэж ойлгож болно. Одоогоор өөр ажил байхгүй. Төмөр замын байгууллагад ажилласан удаан жил чинь тасарна” гэж хэлсэн. Тушаалд намайг буруутгаж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах гурван үндэслэл дурдсан байдаг. Ажлын ноцтой алдаа гаргасан, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг ноцтой зөрчсөнөөс осолд дөхсөн нөхцөл бүрдүүлсэн, байнгын хяналт тавиагүй зэрэг хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх. УБТЗ ХНН-ийн даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.3 дахь хэсэгт заасан ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлүүдэд эдгээрийн аль нь ч байхгүй. Тушаалын үндэслэх хэсэгт ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.3 дахь заалтыг иш татсан боловч энэ заалтанд хамаарах нэг ч үйл баримтыг дурдаагүй байдаг. Шийтгэл ногдуулахад хүргэсэн гэх үйл баримтыг товч дурьдаж, өмнөх үндэслэлүүд үгүйсгэгдэж байгааг харуулья.
Сахилгын шийтгэл ногдуулахдаа бодит үйл баримтанд тулгуурлаагүй: 2016 оны 10 сарын 24-27-ны хооронд Улаанбаатар төмөр зам ХНН-н даргын намрын улирлын ээлжит үзлэг Замын-Үүдээс Сайншандын хэсэглэлд хийгдсэн. Төмөр замын суурь бүтэц хариуцсан замын орлогч дарга Д.Батбаатараас ангийн дарга нар өөрийн биеэр үзлэгт оролцож, ажлаа шалгуулахыг үүрэг болгосон тул миний бие Замын-Үүдээс эхлэн шугам замын хэсэг, цехүүдэд ажиллаж байсан. Энэ үеэр ангийн даргын үүрэгт ажлыг орлогч дарга Д.Эрдэнэбаатар орлож, хөдөлгөөний аюулгуй байдлыг сахиулж үлдсэн. Ангийн орлогч дарга Д.Эрдэнэбаатар 2016 оны 10 сарын 24-ний өдөр “Цагаанхад” зөрлөгт бетонон дэр ачих ажлыг төлөвлөж, шуурхай ажлын тушаал гарган ажил удирдагчаар замын 4-р ангийн инженер Д.Жамъянсүрэнг томилж Зам засварын машинт станцын ажилтнуудаар гүйцэтгүүлэхээр заасан байдаг. Ажил гүйцэтгэх явцдаа Зам засварын машинт станцын ажилтан К.Энхбаатар ажил удирдагч Д.Жамъянсүрэнгийн зөвшөөрөлгүйгээр краныг хөдөлгөж, өндөр хүчдэлийн шугам тасдсан зөрчил гаргасныг Замын даргын үзлэгийн комисстой хамт Замын-Үүд өртөөнд ажиллаж байхад замын 4-р ангийн диспетчер мэдэгдсэн. Энэ үйл явдалд холбогдуулж дээрх шийтгэлийг ногдуулсан гэх боловч үүнтэй холбоотой нэг ч заалт тушаалд дурьдаагүй байдаг. Эндээс тушаалд заасан үндэслэлүүд дараах байдлаар үгүйсгэгддэг.
Ажлын ноцтой алдаа гаргасан: Миний бие удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, өөрийн чиг үүргийн дагуу улирлын үзлэгт оролцсон. Цагаан хад зөрлөгт хийгдсэн ажлыг зохион байгуулах талаар ямар нэг үүргийн ажилтнуудад өгөөгүй. Зөвхөн хэрэг явдал болсоны дараа ангийн диспетчер мэдэгдсэний дагуу холбогдох хүмүүсийн хамт газар дээр нь очиж шуурхай арга хэмжээ авч ажилласан.
Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг ноцтой зөрчсөнөөс осолд дөхсөн нөхцөл бүрдүүлсэн: “осолд дөхсөн нөхцөл” гэсэн ойлголт хууль тогтоомжид зохицуулагдаагүй. Харин “осолд дөхсөн тохиолдол”-ыг Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27.5.3-т заасны дагуу байгууллагын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан албан ёсоор бүртгэдэг. Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын албаны дарга Д.Ариунбаатараас Цагаан хад зөрлөгт өндөр хүчдэлийн шугам тасалсан асуудал өсөлд дөхсөн тохиолдлоор бүртгэгдсэн эсэхийг тодруулж, лавлагаа гаргаж өгөхийг хүсэхэд “Осолд дөхсөн тохиолдолоор бүртгэгдээгүй. Лавлагаа хийж өгөх боломжгүй. Эрх бүхий байгууллага шаардсан үед л болно” гэсэн хариу өгсөн. Тэгэхээр огт ийм нөхцөл үүсээгүй байхад ийм нөхцлийг бий болгосонд буруутгаж намайг ажлаас халсан нь үндэслэлгүй болж байна.
Байнгын хяналт тавиагүй: Замын 4 дүгээр ангийн инженерүүдийн гаргасан тооцооллоор энэ ажил 2 цагаас илүүгүй хугацаанд бүрэн хийгдэж дуусдаг. Тодорхой хугацаанд онцгой шаардлагаар хийгдээд дуусдаг энэ төрлийн ажилд байнгын хяналтыг хэрэгжүүлэх боломжгүй. Ажил явагдаж байх хугацаанд миний бие өөр ажилд томилогдсон. Харин ангийн орлогч дарга Д.Эрдэнэбаатар өөрийн бүрэн эрхийн хүрээнд энэ ажлыг зохион байгуулж, хяналтаа хэрэгжүүлж байсан. Ийм ажил төлөвлөж хийх гэж байгаа тухай урьдчилж мэдэгдээгүй. Гэхдээ ангийн орлогч дарга ангийн даргыг эзгүй үед орлож бүрэн эрхийг нь хэрэгжүүлэх боломжийг ажлын байрны тодорхойлолтоор олгосон байдаг. Иймээс байнгын хяналт тавиагүй гэх үндэслэл үгүйсгэгдэж байна. Нөгөө талаар зөрчил гаргасан ажилтан К.Энхбаатар нь Зам засварын машинт станц буюу төмөр замын өөр нэг салбар байгууллагын ажилтан байдаг. Тэс өөр байгууллагын ажилтны үйл ажиллагаанд замын 4-р ангийн даргыг байнгын хяналт тавиагүй гэх үндэслэлээр буруутгасан нь зүйд нийцэхгүй тул тушаалын үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Үүнээс гадна тушаалын хэрэгжилттэй холбоотой процессын алдаа байна. 2016 оны 10 сарын 29-нөөс 2016 оны 11 сарын 13-ны хооронд миний бие ОХУ-д суралцах томилолттой байхад буюу 2016 оны 11 сарын 01-нд тушаал гарч, миний оронд А.Оргодол замын 4-р ангийн даргаар томилогдож, 2016 оны 11 сарын 04-ний өдөр ажлаа хүлээж авсан байдаг. 2015 онд эдэлсэн ээлжийн амралтаас хойш тушаал гарах хүртэл буюу 2016 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэл 11 сар тасралтгүй ажилласантай холбоотой ээлжийн амралтын болон цалин хөлсний тооцоо хийгдээгүй. 2016 оны 11 сарын 01-ээс хойш цалин хөлс, олговор бүгд зогссон. Нэг ёсондоо хөдөлмөрийн харилцаа зогсоогдсон тушаалын заалт хэрэгжээд түүнийг дагалдаж үүсдэг цалин хөлс, төлбөр тооцооны зохицуулалт орхигдсон. ОХУ-д суралцах томилолтоо дуусган Монголд ирсэний дараа тушаалыг албан ёсоор надад танилцуулаагүй. Хууль зүйн хувьд үндэслэлгүй, утга агуулгын хувьд ойлгомжгүй, илт алдаатай, огт үүсээгүй нөхцөл байдлуудыг бий болгосон хэмээн буруутгаж надад ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан энэхүү хууль бус тушаалыг хүчингүй болгож, ажилд эргүүлэн тогтоолгох хүсэлтийг ханган шийдвэрлэж өгнө үү. Ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 11 дүгээр сарын цалин болох 1,548,939 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийг даатгалын дэвтэрт нөхөн бичилтийг хийлгэн, төмөр замын байгууллагад ажилласан хугацааг тасраагүйгээр тооцуулах хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам” нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Ж.Мөнхбатын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй хэмээн үзэж дараах хариу тайлбарыг гаргаж байна. “УБТЗ”-ын даргын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б-2-153 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал нь Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж гарсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах, ажилтан хөдөлмөрийн харилцааг зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол”, 131 дүгээр зүйлийн 131.3-т “Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ...” зөрчсөн ажилтанд дор дурьдсан сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна, ажлаас халах”, Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.4-т “Төмөр замын байгууллагын захиргаа хөдөлмөрийн сахилга зөрчсөн ажилтанд дараах сахилгын шийтгэл ногдуулна, ажлаас халах” гэж тус тус ажил хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан ажилтныг ажил олгогчийн санаачилгаар ажлаас халах үндэслэлийг тодорхойлж өгсөн байдаг. Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 2008 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 88 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журам”-ын 5-р зүйлийн 5.3.1-д хөдөлмөрийн гэрээнд тухайлан тусгасан дор дурдсан ноцтой зөрчил гаргасан ажилтныг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно. Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнд сүйрэл, осол, онцгой тооцоот гологдол гаргасан, байгууллагад өөрийн буруутай үйлдлийн улмаас нэг сарын дундаж цалин хөлснөөс их хэмжээний хохирол учруулсан бол”, Ж.Мөнхбаттай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.3-т “...Ажилтан нь аваар сүйрэл, ажлын ноцтой алдаа, гологдол гаргасан, гаргах нөхцөлийг бүрдүүлсэн, ... түүнээс урьдчилан сэргийлэх, байнгын хяналт тавих үүргээ биелүүлээгүй ... тохиолдолд сахилгын шийтгэл урьд ногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр ажил олгогч нь захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална” гэж заасан. Төмөр замын тээврийн тухай хуулийн 5-р зүйлд төмөр замын тээврийн үйл ажиллагааны үндсэн зарчмуудыг тодорхойлж өгсөн бөгөөд нэг зарчим нь “байнгийн ‘хяналттай байх” зарчим юм. Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журмын 3-р зүйлийн 3.1.3-т Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтан нь дор дурдсан үүргийг хэрэгжүүлнэ: ...хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлэх” гэж заасан. Ж.Мөнхбаттай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1-р зүйлийн 1.3-т “Гүйцэтгэх ажил үүрэг, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ”, 4-р зүйлийн 4.1-д “Ажилтан Мөнхбат би ажлын байрны тодорхойлолтын дагуу хариуцсан ажлаа чанартай хийж, бүрэн гүйцэтгэнэ” гэж талууд тохиролцсон. Түүнийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан ажлын байрны тодорхойлолтын 6-д “Ажлын байрны зорилго, үндсэн чиглэл, чиг үүрэг, ямар ч цаг үе хугацаанд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зөрчил дутагдалгүй ажиллах 7-р зүйлд “Ажлын байранд хийгдэх ажлууд А./Үүрэг талаасаа/ 1-д “Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд нийцүүлэн удирдаж байгаа анги нэгжийнхээ, үйлдвэрлэл, ГТХАБ, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, боловсон хүчний ба бусад тулгамдсан асуудлаар тушаал шийдвэр гарган биелэлтийг нь хангуулна”, 11-д Галт тэрэгний хөдөлгөөнд аваар, гологдол зөрчил, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд үйлдвэрийн осол зөрчил, ажлын гологдол зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг байгууллага дээрээ өргөн далайцтай зохион байгуулна “ гэж заасан байгаа.
Гэтэл Ж.Мөнхбат нь өөрийн удирдсан ангийн үйл ажиллагаанд байнгын хяналттай байх зарчмыг хэрэгжүүлээгүйгээс тус ангийн хэмжээнд ажлын төлөвлөлтийг зөв хийгээгүй, өвлийн бэлтгэл ажил хангалтгүй, ажиллагсадын ажлын сахилга хариуцлага суларсанаас 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Цагаан хад зөрлөгийн хажуугийн замаас КЖДЭ -253 кранаар төмөр бетон дэр ачих, буулгах ажлыг Замын 4-р ангийн ажилчид гүйцэтгэх үедээ өртөөний зам дээгүүр хөндлөн гарсан цахилгааны 10 квт-ын агаарын шугамыг тасалсан ноцтой зөрчил гарсан. Замын 4-р анги дээр Замын аж ахуйн албаны дарга Белош К.Р-ийн удирдаж хийлгэсэн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Шуурхай хурлын тэмдэглэл №01-д албаны дарга нь тухайн осолд дөхсөн нөхцөл гарсан шалтгааныг тус ангийн хэмжээнд өвлийн бэлтгэл ажил хангалтгүй байсан, ажиллагсадын ажлын сахилга хариуцлага эмх замбараагүй байгаагаас үүдэлтэй гэдгийг онцолсон байна. Уг хурлаас “2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр КЖДЭ кранаар төмөр бетон дэр ачих ажил гүйцэтгэж байхдаа цахилгааны 10 000 квт-ын цахилгааны утас тасалсан, замын ангийн өвөлд бэлдэх ажил хангалтгүй байгаа тул Замын 4-р ангийн дарга Ж.Мөнхбатын ажлыг өөрчлөх саналыг Замын даргад илтгэх” гэсэн шийдвэрийг гаргасан. Энэхүү шийдвэрийн дагуу Замын дарга нь “УБТЗ” ХНН-ийн дүрмээр олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд Ж.Мөнхбаттай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Дээр дурьдсан нөхцөл, үндэслэлийг харгалзан үзэж Ж.Мөнхбатын гаргасан “Замын даргын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний Б-2-153 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, төмөр замд ажилласан хугацааг тасралтгүйгээр тооцуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Мөнхбат нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-д холбогдуулан Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 11 дүгээр сарын цалин болох 1,548,939 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Ж.Мөнхбат нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын даргын 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б-1-137 дугаартай тушаалаар замын 4 дүгээр ангийн даргын ажилд томилогдон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б-2-153 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн замын 4 дүгээр ангийн даргын үүрэгт ажлаас халагдсан болох нь зохигчийн тайлбар, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б-2-153 дугаартай тушаал зэргээр тогтоогдож байна.
Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам” нь ... Замын 4 дүгээр ангийн дарга Ж.Мөнхбат нь өөрийн удирдсан ангийн үйл ажиллагаанд байнгын хяналттай байх зарчмыг хэрэгжүүлээгүйгээс тус ангийн хэмжээнд ажлын төлөвлөлтийг зөв хийгээгүй, өвлийн бэлтгэл ажил хангалтгүй, ажиллагсадын ажлын сахилга хариуцлага суларсанаас 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Цагаан хад зөрлөгийн хажуугийн замаас КЖДЭ -253 кранаар төмөр бетон дэр ачих, буулгах ажлыг Замын 4-р ангийн ажилчид гүйцэтгэх үедээ өртөөний зам дээгүүр хөндлөн гарсан цахилгааны 10 квт-ын агаарын шугамыг тасалсан ноцтой зөрчил гаргасан нь хөдөлмөрийн гэрээний 2.3 дахь хэсэгт заасан ноцтой зөрчил тул түүнийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн тушаал үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын даргын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б-2-153 дугаартай тушаалаар Ж.Мөнхбатыг түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.3 дахь хэсэгт заасан “ноцтой зөрчил” гаргасан гэж үзэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасныг болон Замын аж ахуйн албаны дарга Белош К.Р-ийн удирдан хийсэн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн шуурхай хурлын тэмдэглэлийн шийдвэрийн саналыг үндэслэн Ж.Мөнхбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан “ноцтой зөрчил” гаргасан бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийг гэрээг цуцлах талаар зохицуулсан байна.
Ж.Мөнхбаттай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.3 дахь хэсэгт “...Ажилтан нь аваар сүйрэл, ажлын ноцтой алдаа, гологдол гаргасан, гаргах нөхцөлийг бүрдүүлсэн, ... түүнээс урьдчилан сэргийлэх, байнгын хяналт тавих үүргээ биелүүлээгүй ... тохиолдолд сахилгын шийтгэл урьд ногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр ажил олгогч нь захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална” гэжээ.
2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Цагаан хад зөрлөгийн хажуугийн замаас КЖДЭ-253 кранаар төмөр бетон дэр ачих, буулгах ажлыг гүйцэтгэх үед КЖДЭ-253 краны машинчаар зам засварын машинт станцын машинч К.Энхбаатар, туслах машинч Д.Энхбаатар, тус ажлын удирдагчаар замын 4 дүгээр ангийн хэсэглэл хариуцсан инженер Д.Жамъянсүрэн нар ажиллаж байсан болох нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн шуурхай хурлын тэмдэглэлээр тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Цагаан хад зөрлөгийн хажуугийн замаас КЖДЭ-253 кранаар төмөр бетон дэр ачих, буулгах ажлыг гүйцэтгэх үедээ өртөөний зам дээгүүр хөндлөн гарсан цахилгааны 10 квт-ын агаарын шугамыг тасалсан үйлдэл гаргасан машинч К.Энхбаатар, туслах машинч Д.Энхбаатар нар нь замын 4 дүгээр ангийн ажилчид биш байх тул ...Замын 4 дүгээр ангийн дарга Ж.Мөнхбат нь өөрийн удирдсан ангийн үйл ажиллагаанд байнгын хяналттай байх зарчмыг хэрэгжүүлээгүйгээс тус ангийн хэмжээнд ажлын төлөвлөлтийг зөв хийгээгүй, өвлийн бэлтгэл ажил хангалтгүй, ажиллагсадын ажлын сахилга хариуцлага суларсан...гэх хариуцагч талын тайлбар үндэслэлгүй байна.
Замын аж ахуйн албаны дарга Белош К.Р-ийн удирдан хийсэн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн шуурхай хурлын тэмдэглэлд ... 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Цагаан хад зөрлөгийн хажуугийн замаас КЖДЭ -253 кранаар төмөр бетон дэр ачих, буулгах ажлыг Замын 4-р ангийн ажилчид гүйцэтгэх үедээ өртөөний зам дээгүүр хөндлөн гарсан цахилгааны 10 квт-ын агаарын шугамыг тасалсан, замын ангийг өвөлд бэлдэх ажил хангалтгүй байгаа тул замын 4 дүгээр ангийн дарга Ж.Мөнхбатын ажлыг өөрчлөх саналыг Замын даргад илгэх... гэж шийдвэрлэсэн байхад түүнийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.
Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Цагаан хад зөрлөгийн хажуугийн замаас КЖДЭ-253 кранаар төмөр бетон дэр ачих, буулгах ажлыг гүйцэтгэх үедээ өртөөний зам дээгүүр хөндлөн гарсан цахилгааны 10 квт-ын агаарын шугамыг тасалсаныг нэхэмжлэгч Ж.Мөнхбат хөдөлмөрийн гэрээний 2.3 дахь хэсэгт заасан “Ажилтан нь аваар сүйрэл, ажлын ноцтой алдаа, гологдол гаргасан, гаргах нөхцөлийг бүрдүүлсэн, ... түүнээс урьдчилан сэргийлэх, байнгын хяналт тавих үүргээ биелүүлээгүй” ноцтой зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй юм.
Иймд ажил олгогч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б-2-153 дугаартай тушаалын үндэслэлд хамаарах шалтгаан, нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Ж.Мөнхбатыг үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх боловч уг шаардлага нь ажилд эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэл болж байгаа бөгөөд цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй тул шүүхээс уг шаардлагыг шийдвэрлэх шаардлагагүй юм.
Нэхэмжлэгч нь Ж.Мөнхбат нь шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны цалинд 1,548,939 төгрөгийг нэхэмжилж байх боловч нэхэмжлэгчийн сарын үндсэн цалин 1,259,300 төгрөг болохыг зохигчийн хэн алин нь хүлээн зөвшөөрч маргахгүй байх тул нэхэмжлэгчийн ажлын нэг өдрийн цалин 59,401 төгрөг болно.
Нэхэмжлэгч Ж.Мөнхбатын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2016 оны 12 дугаар сарын 09-ны өдөр хүртлэх хугацааны ажлын 29 хоногийн цалин 1,722,629 төгрөг байх боловч нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 1,548,939 төгрөгийг хэмжээнд хариуцагчаас гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч талд даалгах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118,160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1,128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Мөнхбатыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын Замын 4 дүгээр ангийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 1,548,939 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэгч Ж.Мөнхбатад олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Мөнхбатын ажилгүй байсан хугацааны ниигмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-д үүрэг болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-аас улсын тэмдэгтийн хураамжид 39,733 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА