Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 11

 

 

 

Говь-Алтай аймгийн Засаг даргын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Көбеш, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 431 дугаар шийдвэртэй, Говь-Алтай аймгийн Засаг даргын нэхэмжлэлтэй, хариуцагч Говь-Алтай аймгийн Есөн булаг сумын Шинэ-Алтай ХХК-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Бат-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: 200.000.000 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Есөнбулаг сумын иргэн Ч.Батдэлгэр 2012 онд УИХ-ын гишүүний багцаас 200.000.000 төгрөгийг зээлж авсан бөгөөд аймгийн Аудитын газраас гүйцэтгэлийн аудит хийж төлбөрийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэх албан шаардлага ирүүлсний дагуу аймгийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 12-ны 1/351, Санхүү төрийн сангийн хэлтсийн даргын 2014 оны 09 дүгээр сарын 18-ны 6/1599, 2015 оны 07 дугаар сарын 22-ны 6/1044 дүгээр албан бичгээр тус тус эргэн төлөх тухай мэдэгдсэн боловч төлбөрийг барагдуулаагүй байна.

 

Иймд уг төлбөрийг аймгийн төрийн сангийн орон нутгийн ерөнхий орлогын 050000910 тоот дансанд төвлөрүүлэх нэхэмжлэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: Аймгийн Засаг даргын нэхэмжлэлийг авсан. Улсын их хурлын гишүүний багцаас авсан мөнгийг 2016 онд төлөхгүйгээр гэрээнд тусгасан байсан санагдаж байна. Энэ жил санхүү хүнд төлөх боломжгүй байна. Гэрээ бичиг баримтаа харна гэжээ.

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 431 дугаар шийдвэрээр:“

 

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг үндэслэн хариуцагч Шинэ-Алтай ХХК-аас зээлийн гэрээний үүрэг 200.000.000 төгрөг гаргуулах тухай Говь-Алтай аймгийн Засаг даргын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга:Анхан шатны шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн маргааны эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон, ямар ч нотлох баримтанд үндэслээгүй, үндэслэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэг нь мөн чанарын хувьд хожим маргаан гаргахад мөнгө төлсөн л бол зээлийн гэрээ байгуулсанд тооцох тухай процессын ач холбогдол бүхий зохицуулалт бөгөөд мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийн дагуу талуудын зөвшилцлийг нотлох боломжгүй маргаан гарсан үед тооцох заалтыг хэрэглээгүй мөн хариуцагчийн тайлбар, нягтлан бодогч Г.Ганхүүгийн гар бичмэл бусад нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ач холбогдолтой байдлаар үнэлэлгүйгээр хэргийг нэг талыг барьж шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

 

Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д зааснаар хуулийн этгээд удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцоно. Шинэ-Алтай ХХК-ийн нягтлан бодогч Г.Ганхүү тухайн компанийг төлөөлөх эрхгүй этгээд гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэгт хуулийн этгээдийн удирдах байгууллагын эрх зүйн байдлыг хууль буюу үүсгэн байгуулах баримт бичгээр тодорхойлно. Компаний тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон, гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно мөн 84 дүгээр зүйлийн 84.2-д компани өөрийн онцлогтоо тохируулан эрх бүхий албан тушаалтны жагсаалтыг компанийн дүрэмдээ заасан байна гэж заасан байх тул ямар ч нотлох баримт байхгүй хийсвэрээр дүгнэж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй юм.

 

Анхан шатны шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг буруу тодорхойлсон хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн оролцогчдын тайлбар зэргээс тухайн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийн дагуу талуудын зөвшилцлийг нотлох боломжгүй, маргаан гарсан тохиолдолд тооцох заалтыг хэрэглэх бөгөөд энэ нь зээлийн гэрээг бодит гэрээ гэх үндэслэл болохгүй бөгөөд буцаан төлөх хугацааг тогтоох боломжгүй байхад Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтыг үндэслэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж өгнө үү гэжээ.

 

                                                                     ҮНДЭСЛЭХ нь

 

            Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Шинэ-Алтай ХХК-ийн захирал Ч.Батдэлгэр нь 2012 онд Улсын Их Хурлын гишүүний багцаас 200000000 төгрөгийг тус аймагт Хүнсний битүү зах барих зориулалтаар зээлж авсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрийг барагдуулаагүй тул аймгийн төрийн сангийн орон нутгийн ерөнхий орлогын 050000910 тоот дансанд төвлөрүүлэх нэхэмжлэлийг хангуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Шинэ-Алтай ХХК-ний захирал Ч.Батдэлгэр нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “ Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2008 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2/03 дугаартай тогтоолоор баталсан аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн 31 дүгээрт Хүнсний битүү захын үйл ажиллагааг эхлүүлж, хүнсний эрүүл ахуйн шаардлага хангасан худалдаа үйлчилгээний төвийг өргөтгөх ажлыг дэмжинэ гэж заасны дагуу 200000000 төгрөгийг буцалтгүй тусламжаар авсан” гэж тайлбарласан байна.

 

            Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг судлахад, Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа нотолж Шинэ-Алтай компаний дансанд 2009 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 200000000 төгрөг шилжүүлсэн санхүүжилтийн мэдэгдэл, 2009 оны 08 сарын 17-ны өдөр гүйлгээ хийсэн төрийн сангийн бүртгэлийн дансны хуулга, Шинэ-Алтай ХХК-ний нягтлан бодогч Г.Ганхүүгийн “манай компанид санхүүгийн хүндрэл учирч 200 сая төгрөгийн зээлийг хугацаандаа төлж чадахгүй байдалд хүрсэн тул төлөх хугацааг 2014 он хүртэл сунгаж өгнө үү” гэх гар бичмэл, Зөрчлийг арилгуулах тухай Говь-Алтай аймгийн Аудитын газрын 2012 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 14/01 дугаартай албан шаардлага, зээл төлж барагдуулах тухай аймгийн Засаг даргын нэг удаагийн, Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын хоёр удаагийн мэдэгдэл, Хариуцагч талаас өөрийн татгалзлын үндэслэл болгож Говь-Алтай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2008 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2/03 дугаартай тогтоолыг хавсралтын хамт гаргаж өгчээ.

 

            Хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн нотлох баримтуудыг дүгнэхэд, 200000000 төгрөг шилжүүлсэн Санхүүжилтийн мэдэгдлийн гүйлгээний утга хэсэгт  “Говь-Алтай аймгийн Есөн булаг сумын Хүнсний битүү захын барилгын ажлын зээлээр санхүүжилт /Улсын Их хурлын гишүүний хуваарьт төсвөөс зээлээр/” гэж бичсэн боловч байгууллагын нэр хэсэгт “захиалагч нь аймгийн Засаг дарга, гүйцэтгэгч нь Шинэ-Алтай ХХК” гэж бичсэн байна.

 

 Өөрөөр хэлбэл уг баримтаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүссэн маргаантай харилцааны төрлийг тогтоох, холбогдох хуулийг зөв хэрэглэх боломжгүй байна.

 

Мөн нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн санхүүжилтийн мэдэгдлээс бусад баримтуудаар зохигчийн хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцааны төрлийг зөв тогтоох боломжгүй байна.

 

Хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримт буюу Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, түүний хавсралтын 31 дүгээрт “Хүнсний битүү захын үйл ажиллагааг эхлүүлж, хүнсний эрүүл ахуйн шаардлага хангасан худалдаа үйлчилгээний төвийг өргөтгөх ажлыг дэмжинэ” гэсэн нь 200000000 төгрөгийг зээл хэлбэрээр өгсөн, эсхүл буцалтгүй тусламжаар өгсөн эсэх нь тогтоогдохгүй байна.  

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудын хууль зүйн бодит үндэслэл тогтоогдоогүй, уг баримтуудаар зохигчдын хооронд үүссэн маргаантай харилцааны төрлийг тогтоох боломжгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан маргааны талаар талуудыг мэтгэлцэх эрх бүрэн бодитойгоор хэрэгжээгүй бөгөөд мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

 

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэд хэргийн материал танилцуулаагүй нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 431 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Н.ТУЯА

 

                                           ШҮҮГЧИД                           Д.КӨБЕШ

                                  

                                                                                      М.НЯМБАЯР