Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 008

 

Е.А-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Б.Дамба, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийж, прокурор Х.Өрен, шүүгдэгч Е.А, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Бахытбек, Ш.Ж, орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маншүк нарыг оролцуулан, 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолтой, Е.А-д холбогдох эрүүгийн 1713000000035 дугаартай хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс Казах,1983 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын  дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Е. А, регистрийн дугаар Т.........

Шүүгдэгч Е.А нь 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 2-36 айлын орон зууцны 29 тоотод иргэн Ш.Ж-ыг хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 11-ний өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолоор:

“1. Шүүгдэгч Е.А-ыг зэвсэг хэрэглэн “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Е.А-ыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.А-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Аы урьдчилан цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.” гэж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн давж заалдах гомдлын агуулга: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Е.А-ын би дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Би мөрдөн байцаА шатнаас эхлэн Ш.Ж-ыг хутгалаагүй, гэмт хэрэг үйлдээгүй гэж удаа дараа мэдүүлэг өгч байснаас гадна шүүх хуралд ч гэсэн энэ мэдүүлгээ хэлж тайлбарласан.

2. Ш.Ж-ыг хутгалсан гэж миний эмэгтэй хүний чадваргүй сул дорой байдлыг минь мөн тухайн үед архи уусан байсныг минь далимдуулж Ш.Ж, Ө.Е, К.Б, Б.Б нар үгсэн тохиролцож, бүлэглэж намайг гүтгэн гэмт хэрэгт түлхэж байна гэж үзэж байна. Ингэж хэлэхийн учир гэвэл Ш.Ж, Ө.Е хоёр төрсөн баз, К.Б нь Ш.Ж-ын эхнэртэй дотно харилцаатай, Б.Б, /хоч нэр Ба/ К.Б, Ш.Ж, Ө.Е нар байнга хамт байдаг маш дотно харилцаатай бөгөөд тэд байнга хамт архи уудаг, гэр бүлийн найз нөхөд зэрэг нь намайг гүтгэхэд нөлөөлсөн.

3. Тэднийг байнга хамт архи уухыг миний бие зогсоодог учраас Ш.Ж нь намайг үзэн ядаж Б.Б-ээс /хоч нэр Ба/ салгахыг бодож, надад дарамт үзүүлж байдаг болохоор шууд намайг хутгалсан гэж гүтгэж байна.

4. Б.Б /хоч нэр Ба/: “Хаалгыг би тайлж өгсөн” гэж, Ж.М: “Хаалгыг би онгойлоогүй” гэж мэдүүлсэн байна. Хаалгыг Б.Б /хоч нэр Ба/ тайлсан нь үнэн болно. Б.Б /хоч нэр Ба/: “Хаалга тайлчихаад тамхи татаж орж, гарч явсан” гэж мэдүүлсэн нь худлаа. Би сэрж тэдний дэргэд ирэхэд Ш.Ж хана налаад сууж байсан. Хажууд нь Ө.Е, К.Б хоёр байсан. Б.Б /хоч нэр Ба/ Ш.Ж нарыг орой боллоо гэж хөөж айлгаж байсан. К.Б, Ө.Е нарыг паркетаар цохиогүй. Ш.Ж-ыг би хутгалаагүй. Асуудал хүндэрсэн үед миний Б.Бт /хоч нэр Ба/   хайртайг мэддэг учраас К.Б нар нь “эмэгтэй хүнийг хууль өршөөдөг. Чи санамсаргүй хутгалчихлаа гэж хэл” гэснээр би тэгж хэлээгүй.

Түүнээс гадна Б.Б /хоч нэр Ба/ нь би гэм буруутай. Гэм буруугаа хүлээж хуулийн байгууллагад очиж хэлнэ гэсэн. Үүнийг нь шүүхэд баримтжуулж өгсөн. Шүүх анхаараагүй. Иймд хэргийн бодит байдлыг тогтоолгохын тулд хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “Шүүгдэгч Е.А-ы өмгөөлөгч Ө.Бахытбек би Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд зааснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна.

1. Шүүгдэгч Е.А-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, мөн шүүгдэгчийн гэм бурууг тогтооход чухал мэдээлэл агуулсан СД-ийг өмгөөлөгчөөрөө дамжуулан /шүүгдэгчийн тайлбараар Б.Б буюу Баийн хэрэг хүлээсэн мэдүүлэг гэх бичлэг/ нотлох баримтаар гаргаж өгсөн боловч шүүх нотлох баримтаар үнэлээгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчсөн. Учир нь шүүгдэгч өөрийнхөө гэм буруугүйг нотлох баримт гаргаж өгөх, шалгуулах эрхийг Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт иргэн нь “өөрийгөө өмгөөлөх, нотлох баримтыг шалгуулах эрхтэй” хэмээн баталгаажуулж өгсөн бөгөөд энэхүү Үндсэн хуульд заасан иргэний үндсэн эрхээ эдэлж өөрийн гэм буруугүйг нотлох зорилгоор хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг гаргаж өгснийг хүлээн авч шүүх нотлох баримтаар үнэлж, СД-д агуулагдсан үйл баримт буюу хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг шалган тогтоолгох бүрэн боломжтой байсан. Гэтэл шүүх шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийнхээ дагуу гаргаж өгсөн нотлох баримт буюу аудио бичлэгийг хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг агуулсан гэж үзээгүй байж мөн Б.Б энэхүү хэрэгт хамааралтай эсэх нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй байхад “шүүгдэгч болон тэдний эцэг эх нар нь Ш.Ж-ад учруулсан гэмтлийг Б.Б буруутай мэт болгох нотлох баримтыг хуурамчаар үйлдэх санаа зорилготой байжээ” хэмээн хууль зүйн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Нөгөө талаар шүүгдэгч бусдад хууль сануулж гэрчийн мэдүүлэг авах ЭХХШТ-д заасны дагуу хууль ёсны нотлох баримт цуглуулах эрх мэдэлтэн биш учраас байгаа боломжоо ашиглан өөрийнхөө гэм буруугүйг нотлох нотлох баримтыг гаргаж өгсөөр байхад шүүгдэгчийн үйлдлийг хуурамч нотлох баримт бүрдүүлэх санаатай байсан гэж үзэж болохгүй.

Дээрх аудио бичлэгт 2 эмэгтэй хүний 1 эрэгтэй хүний дуу гарах бөгөөд эрэгтэй хүн нь “хэргээ хүлээнэ, үнэн зөвөөр мэдүүлэг өгнө” гэсэн агуулгатай зүйл ярьж байгаа нь бичигдсэн байна. Иймээс дээрх аудио бичлэгт агуулагдсан хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг шалган тогтоолгохгүйгээр шүүгдэгчийн гэм буруутай нь тогтоогдсон гэж үзэх боломжгүй ба дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзэхээр байна.

2. Хэрэг учралын газарт үзлэг хийх явцад хутганаас гарын хээ илрээгүй. Эд мөрийн баримтаар хураагдсан хутганы ажиллагааны хэсгийн 1-2 см нь гялгар төмрөөр бүрэгдсэн байдалтай байсан ба энэ хэсэгт гарын хээ үлдэх боломжтой. Учир нь гэрч Ж нь Е.Аы гарыг мушгиж байж хутгыг авсан гэж мэдүүлсэн ба хутгыг хүчээр булааж авсан бол гарын хээ үлдэх бүрэн боломжтой байсан. Нөгөө талаар шүүгдэгч Е.А нь шүүх хуралдааны явцад мэдүүлэхдээ хэрэг учрал гарах үед хутгыг арчсан гэж тайлбарлаж байгаа нь гарын хээ илрэхгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэхээр байна.

Мөн шинжээчийн 352 дугаартай дүгнэлтэд “хохирогчийн биед үүссэн гэмтэл ... хатуу мохоо ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн” гэсэн байхад хурц үзүүртэй хутгаар хатгаж хохирогчийн биед гэмтэл учруулсан гэж дүгнэсэн эргэлзээтэй байна.

Иймд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг буцааж өгөхийг хүсье.” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгч Е.А, түүний өмгөөлөгч Ө.Бахытбек нарын гомдлыг үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхэд бүхэлд нь хянав.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан үйл баримт тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Хохирогч Ш.Ж мөрдөн байцаА шатанд өгсөн мэдүүлэгтээ “А надтай зууралдаж хэрүүл маргаан үүсгэж эхэлсэн ба нэг мэдэхэд А миний зүүн талын цээжний тус газар хутга зоож хутгалсан ... Намайг А хутгалах үед Ф.Е, К.Б, Ба нар байсан. Аийн хүүхэд нь манай сууж байсан өрөөнд орж гараад явж байсан.

... 2017 оны 02 дугаар сарын үед...би Е.Ад хандаж чи хүний /Баийн/ амьдралд саад бололгүй, өөрийн гэр лүү яваач гэж хэлж байсан. Тэрнээс хойш бид нар Е.А, Б.Б нартай нэг их харьцахаа больсон байсан. Миний бодлоор Е.А тэр асуудлаас болж надтай үзэл бодол таардаггүй гэж үзэж байна…Тухайн үед би  Е.Ад нэг ч хараалын үг хэлж, хэл амаар доромжлоогүй…Е.А хутгалсан.

...Тухайн үед Е.А бидний сууж байсан заал өрөөнд орж ирсэнээ надад хандаж "Ж чи гар" гэж орилж, хашхирахаар нь би Е.Ад "би яасан юм" гэж хэлээд босоод ирж байтал шууд над руу дайрч ирээд гараа далайлгаж миний цээжний зүүн талд хутгалчихсан. Тэр үед би цээжнээс цус урсан гарч байхыг хараад шоконд орсон уу, ухаанаа алдчихсан уу тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Би Е.А гартаа хутга барьж над руу дайрч ирж байхыг анзаарч хараагүй. Хэрэв Е.Аы гарт хутга байсныг харсан бол өөрийгөө хамгаалах байсан, ... онгоцны зардал 574.100 төгрөг, аппаратны үнэ 750.000 төгрөг, шинжилгээ 95.000 төгрөг, эм тарианд 178.700 төгрөг, ор хоног 50.800 төгрөг, хувийн эмнэлэгт 10 хоног хэвмсэн 200.000 төгрөг, одоогийн байдлаар нийт 1.848.700 төгрөгийн хохирол учраад байна." гэжээ.

Хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан бөгөөд Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн №352 дугаартай дүгнэлтэд: “...Ш.Ж-ын биед цээжний хөндийд зүүн талаас хатгагдаж нэвтэрсэн шарх, зүрхний үнхэлцгийн хальс болон зүрхний баруун ховдлыг хатгагдаж орсон гэмтэл тогтоогдлоо...дээрх гэмтэл нь амь насанд аюултай, амь тэнссэн байдалтай, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2 заалтыг агуулах гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно” гэж дүгнэжээ.

 

Тухайн гэмт хэрэг гарсан 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 20 цагаас 20 цаг 20 минутын орчимд гэрч Ф.Е, К.Б, Б.Б, шүүгдэгч Е.А-гийн хүүхэд Ж.М нар байсан бөгөөд тухайн үед гэмт хэрэг гарсан үйл явдлыг дараах байдлаар тус тус гэрчилжээ. Үүнд:

Гэрч Ф.Е-ын мөрдөн байцаА шатанд өгсөн “Бид нар Баийн гэрт ороход Баийн эхнэр болох Е.А унтлагын өрөөнд газар ор зассан хэвтэж байх шиг харагдсан. ... бид нартай ярилцаж сууж байтал Баийн эхнэр нь болох Е.А бид нар сууж байсан том өрөө буюу зочны өрөөнд орж ирээд Ш.Ж-ыг хараад "Ж чи гар" гэж орилсон. Тэр үед Ш.Ж юу гэж хэлснийг нь анзаарсангүй босож ирж байтал Е.А хүрч ирээд гартаа барьсан хутгаар Ш.Ж-ын цээжний зүүн талд хутгалсан. Би А "чи яаж байгаа юм бэ, наад хүнээ аллаа" гэж хэлээд босож ирээд Ш.Жын цамцыг сөхөж үзэхэд Ш.Жын цээжнээс цус гарч байсан. ... Е.А Ш.Жыг хутгалсны дараа хүүхэд нь ээжээ та хүн алчихлаа шүү дээ гэж уйлаад явж байсан. Е.А бид нарын сууж байсан өрөөнд орилж, хашхирч орж ирснээ шууд Ш.Жын хажууд хүрч ирээд хутгалсан. Уг асуудал хоромхон зуурын хугацаанд болж өнгөрсөн.” гэх мэдүүлэг.

Гэрч К.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Ба-ийн гэрт ороход жижиг унтлагын өрөөнд Е.А зурагт үзээд хэвтэж байх шиг харагдсан. ...том өрөөнд Е.А хашхирч орж ирээд…паркетний хэлтэрхий...зүйлээр Ф.Е-ын толгойноос 3-4 удаа цохиж байхаар, би Е.Ад “чамд юу болсон юм” гэхэд Е.А уг гартаа барьсан зүйлээр миний толгой руу цохингуут нь би гараа өргөж өөрийгөө хамгаалсан. Е.А миний толгойноос цохиж байх үед Ш.Ж-ад хандаж "Ж чамайг ална" гэж хэлэхэд Ш.Ж Ад "Чамд би яасан юм бэ" гэж хэлээд урьдаас нь босож ирэх үед Е.А гартаа хутга барчихсан байсан ба Ш.Ж-ын цээжний зүүн талруу хутгалсан.

Тэр үед би сандарсандаа шууд Е.А-ы хутгатай гарыг барьж аваад мушигахад гарт нь байсан хутга газар унасан. Би уг хутгыг аваад Е.А-ы хажуунаас холдуулаад хана руу шидсэн. ... Е.А Ш.Ж нарын хооронд хэрүүл маргаан болоогүй...Е.А Ш.Жад “чамайг ална” гэж хэлэх үед гарт нь хутга байхыг хараад би босож Е.А-ыг бариад авах гэсэн боловч амжаагүй...Е.А нь Ш.Жын цээжний зүүн хэсэгт нэг удаа хутгалсан...хутгалах үед Ф.Е, Ба болон миний бие байсан болно...” гэх мэдүүлэг.

Гэрч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Тухайн үед миний бие нилээн согтуу байсан ба би тамхи татаад явж байх үед нэг мэдэхэд К.Б нар Ш.Ж-ыг Е.А хутгалчихлаа “А чамд юу болсон юм бэ” гэж хэлж байсан.

... Миний ойлгосноор тэд нарын ярьж байгаагаар Е.А хүүхдээрээ хутга авахуулж Ш.Ж-ыг хутгалчихлаа гэж ярьж байсан...Е.А Ш.Ж нар нь хоорондоо таарамж муутай юм. ...Ад хутгыг шүүгээнээс хүүхэд нь аваачиж өгсөн юм шиг байна...Е.А Ш.Ж-ыг хутгалах үед Ф.Е, К.Б нар харж байсан... хүмүүс намайг Бебик гэдэг хоч нэрээр дууддаг.” гэх мэдүүлэг.

Насанд хүрээгүй гэрч Ж.М-гийн “ Гэнэт Ш.Ж нь манай ээжид “янхан новш” гэж хэл амаар доромжилж байсан. ... тэгээд ээж намайг дуудаад хутга авчир гэж хэлсэн. Тэгээд би ээжид хутга байхгүй ээ гэж хэлэхэд махны хажууд байсан хөх хутгыг харсан байсан. Улмаар ээж хөх хутгыг барьсан ... Ш.Ж-ыг гэрээс гар гэхэд тэрээр гарахгүй байсан ба маргаан үүсэх үед манай ээж Ш.Ж руу хутга шидэх шиг болсон. Гэтэл хутга парны хажууд унаад Ш.Ж-ын цээжнээс цус гарсан. Харин яг юу болсныг би сайн анзаарч харж чадаагүй.” гэсэн мэдүүлэг.

Мөн гэрчээр насанд хүрээгүй гэрч Ж.А, Х.А, Х.Н, П.Б нар мэдүүлэг өгсөн баримтат мэдээлэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар бэхжүүлж авсан бусад баримтаар шүүгдэгч Е.А гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай тогтоогдож байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Е.А нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 2-36 айлын орон сууцны 29 тоотод оршин суух Б.Б-ийн гэрт 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 20 цагаас 20 цаг 20 минутын орчимд үл ялих зүйлээс шалтаглаж таарамжгүй харьцааны улмаас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед хохирогч Ш.Ж-ын цээжний хөндийн зүүн тал руу 1 удаа санаатайгаар хутгалж эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогджээ.

Баян-Өлгий аймгийн Прокурорын байгууллагаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд зүйлчлэл тохирсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж хууль зүйн зөв дүгнэлт хийж, шүүгдэгчид хуульд заасан ял шийтгэлийг оногдуулсан нь үндэслэлтэй байна.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгч тайлбар хэлэхдээ “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү? хохирлыг бүрэн төлж барагдуулсан байна.” гэв. Энэ байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно” гэж заасны дагуу давж заалдах шатны шүүх хүлээн авч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Ш.Ж-ын хохирол гомдолгүй талаарх хүсэлт гаргасныг үнэлж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх” заалтыг хэрэглэх боломжтой гэж үзлээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан шүүгдэгч Е.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гомдлын дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцаах үндэслэл тогтоогдохгүй байх уг давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

 

2 дахь заА “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Е.А-ыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан шүүгдэгч Е.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж,

7 дугаар заалтыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 1.850.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсныг дурдсугай.” гэж тус тус өөрчилж, шүүгдэгч Е.А, түүний өмгөөлөгч Ө.Бахытбек нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Е.А-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 65 хоногийн хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД                                                       Б.ДАМБА

                                                                                   

 

Д.МӨНХӨӨ