| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвын Оюунчулуун |
| Хэргийн индекс | 105/2017/0036/Э |
| Дугаар | 246 |
| Огноо | 2018-03-13 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Э.Оюунтунгалаг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 246
Б.А, Г.С нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд; прокурор Э.Оюунтунгалаг,
өсвөр насны шүүгдэгч Г.Сын хууль ёсны төлөөлөгч Ц.А, түүний өмгөөлөгч Л.Г,
шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Б.Э,
нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Б.Э, шүүгдэгч Г.Сын өмгөөлөгч Л.Г нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.С, Б.А нарт холбогдох 1706000000012 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овогт Б.А, 1992 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Увс аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ....................... тоотод оршин суух,
2012 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 11 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 251 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, /РД: ............................../,
Ө овогт Г.С, 2001 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Дундговь аймагт төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, сургуульд сурдаггүй, ................................. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:..................../,
Б.А нь өсвөр насны буюу 16 настай Г.Стай бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 28-ны шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 105 дугаар байрны 4 тоотод оршин суух хохирогч Г.А-ийн байрны цонхоор нэвтэрч, 32 инчийн зурагт хулгайлах үйлдэлд нэгдэж, хулгайн гэмт хэрэг үйлдэхийг завдсан,
Өсвөр насны буюу 16 настай Г.С нь 2017 оны 7 дугаар сарын 28-ны шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 105 дугаар байрны 4 тоотод оршин суух хохирогч Г.А-ийн байрны цонхоор нэвтэрч, зөөврийн компьютер, цүнх, цэнэглэгч зэрэг эд зүйлийг хулгайлсан,
Мөн энэ шөнө Г.Б.Атэй бүлэглэж хохирогч Г.А-ийн байрны цонхоор нэвтэрч, 32 инчийн зурагт хулгайлахыг завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар, Г.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Ст прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон өөрчилж, Б.Аийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хүний байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн,
Г. Г.Сыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан хүний байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Б.Аийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Г.Сыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.А, Г.С нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх, Б.А, Г.С нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.А, Г.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.А, Г.С нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, тэдэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2017 оны 7 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө би таксинд явж байгаад нэг хүн авсан. Тэр зорчигч залуу онгорхой ломбард байгаа юу гэж асуухаар нь би байгаа байх гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө залуу “хоёулаа манайд очъё, гэрээсээ юм аваад ломбарданд тавина” гэж хэлсэн. Тэгээд “би түлхүүрээ хаячихсан, цонхоор орж байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд цонхоор ороод зурагт аваад гараад ирсэн. Би цонхны доор зогсож байсан юм. Намайг энэ зурагтыг барьж бай гээд өгсөн ба намайг тосч аваад зогсож байтал нэг ах ирээд “та хоёр юу хийж байгаа юм, авсан юмаа буцаагаад оруул, цагдаа дуудлаа шүү” гэхээр нь нөгөө залууд зурагтыг өгөөд “чи хулгай хийж байгаа юм уу, танай гэр гэсэн биз дээ” гэж хэлээд явж байтал цагдаа ирээд барьсан. Би зүгээр таксинд явж байгаад Г.С гэх залуугийн гүтгэлгэнд орж, хэрэгт холбогдож, хорих ялаар шийтгүүлсэндээ гомдолтой байна. Би Г.С гэх залууг огт танихгүй, хамт зугаалганд явна гэж юу ч яриагүй, намайг багаасаа хулгай хийсэн, хулгай хийж чадна гэж огт яриагүй байхад намайг гүтгэж, хэргийн хамсаатнаар татаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайн гэмт хэрэгт холбогдуулж, 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, миний бие сэтгэл болон нэр төрд халдсанд, намайг санаачилсан мэтээр өөрийн бурууг над руу чихэж, гэмт хэргийн золиос болгож байгаад улсын яллагч болон анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байна. Би урьд ийм хэрэгт холбогдож байгаагүй. Надад хулгай хийх ямар ч бодол санаа байхгүй. Би нийгэмдээ хэрэгтэй, үеийн залуусдаа үлгэр жишээч нэгэн байхаар хичээж явдаг ба хамт олон, гэр бүл, найз нөхөд дундаа нэр хүндтэй, гэмгүй нэгэн залуу юм. Би бусдын хорон хэл, муу санаанаас болж амьдралдаа арилашгүй хар толбо үлдээж байгааг тунгаан болгоож, надад холбогдох хэргийг дахин шалгаж, оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж шийдвэрлэж өгнө үү ...” гэв.
Шүүгдэгч Б.Аийн өмгөөлөгч Б.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үйлчлүүлэгч Б.Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэгдсэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж тодорхой заасан. Орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэдгийг түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад нь сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтрэн орохыг ойлгоно гэж тайлбарласан байна. Тэгвэл Б.А нь бусдын орон байранд нэвтэрсэн үйлдэл хийгээгүй бөгөөд нэвтрэхийг завдсан гэж өсвөр насны шүүгдэгч Г.Сын мэдүүлгээр яллаж байгаа нь түүнийг Г.Сыг хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаа болохыг лавтай сайн мэдээгүй, түүнтэй санаа зорилго нэгдээгүй болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Аийн мэдүүлгээс тодорхой харагддаг. Б.Аээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэлд “... Г.С “одоо онгорхой барьцаалан зээлдүүлэх газар байгаа юу” гэж асуухаар нь “байгаа” гэж хэлэхэд “хоёулаа манай гэрт очоод, зурагт аваад ломбарданд тавъя” гэж хэлсэн. Уг байранд ирэхээс өмнө Г.С надад “би гэртээ хэд хоног очоогүй байгаа, цонхоо хагалаад гэртээ орсон тул одоо цонхоороо орж зурагтаа авна” гэж хэлсэн. Г.С бид хоёр 105 дугаар байрны ертөнцийн зүгээр хойд зүгт харсан 1 давхарын цонхны гадна ирэхэд уг цонхны том салхивчны шил нь хагараад онгойсон байдалтай байсан. Г.С цонхоор дотогш ороод 32 инчийн нэрийг нь мэдэхгүй зурагтыг цонхоор надад өгсөн. Тэгээд байж байтал нэг танихгүй ах ирээд “та нар хулгай хийгээд байгаа юм уу” гэж асуухаар нь би нөгөө ахад хулгай хийгээгүй, манай найзын гэр байгаа юм гэж хэлсэн. Би өөрийгөө хулгай хийж байгааг мэдээд Г.Ст нөгөө зурагтаа өгөөд буцааж оруулж тавиулсан. Цагдаагийн машинд баригдаад явж байхдаа би Г.Саас “танай гэр биш юм уу” гэхэд “манай гэр биш, хадмын гэр байгаа юм” гэж хэлсэн. Би хулгай хийж байгаа талаараа мэдээгүй...” /хх-33/, Насанд хүрээгүй гэрч Г.С мэдүүлэхдээ: “... би зурагтыг нь хулгайлж байгаад баригдаад буцаагаад оруулж тавьсан. “105 дугаар байрны 4 тоот эзэнгүй талаар хаанаас олж мэдсэн юм бэ” гэсэн асуултад “Би Н гэх охинтой сар гаруй хугацаанд үерхэж байсан. Н эгчийнхээ хүүхдийг хардаг. Бид хоёр 2017 оны 7 дугаар сарын 27-ны шөнө хамтдаа тус тоотод хоносон,
насанд хүрээгүй яллагдагчийн мэдүүлэгт “... Н-ийн эгч ажлаар гадаад явсан бөгөөд 7 дугаар сарын 20-ны өдрөөс 26-ны өдрийн хооронд хоёр удаа хоносон. 29-ний шөнө авга эгч Ц-ийн гэрт байж байгаад 23 цаг өнгөрч байхад гарсан. Тэгээд Н-ийн эгчийн байрны гадаа ирээд ертөнцийн зүгээр хойд зүгт харсан, мөнгөлөг саарал өнгийн, хөнгөн цагаан рамтай цонхны салхивчны шилийг гараараа түлхээд цонхийг нь хагалсан. Хагархай цонхоор дотогш ороод гэр дотор нь байсан “Dell” загварын зөөврийн компьютерийг цүнх, маус, залгуур, цэнэглэгчийн хамт аваад гарсан. Такси бариад хорооллыг “Good” нэртэй барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний газарт хулгайлж авсан зөөврийн компьютерийг 80.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Уг барьцаанд тавьсан компьютерийг миний нэрээр тавьж болохгүй байсан учраас таксины жолооч ахаар тавиулсан. Б.А нөгөө ахад хандан энэ манай найзын гэр, чи хэлээч гэж хэлээд байсан. Б.А надад зурагтыг буцааж өгсөн,
хууль ёсны төлөөлөгч Ц.А-ийн мэдүүлэгт ...айлын цонхоор орж зурагт хулгайлж байгаад баригдсан гэж байсан. Мөн энэ айлаасаа зурагт хулгайлахаас өмнө “Dell” загварын компьютер хулгайлж барьцаалдан зээлдүүлэх газар тавьсан байсныг 80.000 төгрөгөөр буцааж авч, Цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн,
мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгчийн 1177 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцаахдаа хулгай хийж байхад ирсэн гэх хүнийг гэрчээр асуулгахаар буцаасан. Гэтэл захирамжийн заалт биелээгүй, өсвөр насны шүүгдэгч Г.Сын мэдүүлгээр Б.Аийг шийтгэж байгаад гомдолтой байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан. Миний үйлчлүүлэгч Б.А нь хулгайн гэмт хэргийг өөрөө хүсэж үйлдээгүй, туйлд нь хүргэхээс сайн дураараа татгалзаж, тухайн үед өөрт нь өгсөн зурагтыг буцааж Г.Ст өгч тэрээр байсан газарт нь буцааж тавьсан байхад түүнийг бусадтай бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзэж байгаа үндэслэлийг хянуулж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.
Өсвөр насны шүүгдэгч Г.Сын өмгөөлөгч Л.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өсвөр насны шүүгдэгч Г.Ст шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан ял оногдуулсан атлаа уг хуульд зааснаар эдлэх ялыг хоёр дахин багасгаагүй байна.
Мөн өсвөр насны шүүгдэгч Г.Ст оногдуулсан хорих ялыг эдлүүлэх дэглэмийг буруу зааж, насанд хүрсэн шүүгдэгч Б.Атэй ижил дэглэмд буюу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, хуулийг буруу хэрэглэсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1 дүгээр зүйлийн 1-т “Өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг удирдлага болгоно. Мөн 18.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх өсвөр насны шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах, шийдвэр гаргахдаа түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангана” гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж, өсвөр насны шүүгдэгчийн биечлэн эдлэх ялыг хуульд заасны дагуу багасгаагүй, ял эдлэх дэглэмийг буруу тогтоосныг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Сын эдлэх ялыг хөнгөрүүлж, ял эдлэх дэглэмийг Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлж өгнө үү...” гэв.
Өсвөр насны шүүгчдэгч Г.Сын хууль ёсны төлөөлөгч Ц.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Г.Ст оногдуулсан ялыг багасгаж өгнө үү ...” гэв.
Прокурор Э.Оюунтунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Прокуророос Б.А, Г.С нарт холбогдох хэрэг хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна. Б.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “Г.Стай танилцаад, бид хоёр мөнгө олох хэрэгтэй болсон учраас Г.С манайд очъё гэж намайг дагуулж явсан” гэж хэлдэг. Хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлаас харахад Б.А, Г.С нар нь үйлдлээрээ нэгдэж, үгсэн тохиролцож энэ гэмт хэргийг үйлдэж байгаа нь нотлогдсон гэж үзэж байна. Учир нь Б.А нь Г.Сыг мөнгө олъё, манайд очъё гэхэд нь машинтайгаа хамт яваад, очсоныхоо дараа машинаа байрлуулаад, Г.С зурагт гаргаж өгөхөд аваад, хүн ирэхээр буцааж оруулж тавиад байгаа үйлдэл, мөн зурагтыг ломбарданд тавьж, мөнгө олоод амралтанд явъя гэж ярьж байгаа зэрэг нь тэднийг бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдэхийг завдсан болохыг нотолж байна. Энэ гэмт хэргийг санаа сэдлээрээ хэрхэн нэгдэж хийснийг, хамт явж байхдаа юу ярьсныг Б.А, Г.С нараас өөр нотлох хүн байхгүй тул насанд хүрээгүй Г.С нь бодит байдлыг үнэн зөвөөр ярьсан, харин Б.А нь өөрийгөө гэмт хэрэг үйлдээгүй мэтээр мэдүүлэг өгсөн гэж прокурорын зүгээс дүгнэдэг. Иймд Б.А, Г.С нарт холбогдох хэрэг нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн Б.Аийн мэдүүлэг, Г.Сын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн Г.Сын мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогддог. Хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж байгаа. Орон байранд нэвтрээгүй байхад нэвтэрсэн гэж зүйлчилж, хулгайн гэмт хэрэгт буруутгаж байгаа нь буруу гэж өмгөөлөгч нар ярьж байна. Б.А, Г.С нар нь орон байранд нэвтэрч хулгайн гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэмт хэрэгт үйлдлээрээ, санаа сэдлээрээ нэгдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй. Харин анхан шатны шүүхээс өсвөр насны шүүгдэгч Г.Ст оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр заасан нь үндэслэлгүй байх тул энэ үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрлөлт оруулж, шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Б.Э , өсвөр насны шүүгдэгч Г.Сын өмгөөлөгч Л.Г нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.
ХЯНАВАЛ:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч Б.А нь өсвөр насны шүүгдэгч Г.Стай бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 28-ны шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 105 дугаар байрны 4 тоотод оршин суух хохирогч Г.А-ийн байрны цонхоор нэвтэрч, 32 инчийн зурагт хулгайлах үйлдэлд нэгдэж, хулгайн гэмт хэрэг үйлдэхийг завдсан,
Өсвөр насны шүүгдэгч Г.С нь 2017 оны 7 дугаар сарын 28-ны шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 105 дугаар байрны 4 тоотод оршин суух хохирогч Г.А-ийн байрны цонхоор нэвтэрч, зөөврийн компьютер, цүнх, цэнэглэгч зэрэг эд зүйлийг хулгайлсан, мөн шүүгдэгч Б.Атэй бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 28-ны шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 105 дугаар байрны 4 тоотод оршин суух хохирогч Г.А-ийн байрны цонхоор нэвтэрч, 32 инчийн зурагт хулгайлахыг завдсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
Хохирогч Г.А-ийн “... 2017 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс миний төрсөн ах Ц-ын охин Н нь миний 4 настай охин И-ийг манай гэрт харах болсон. Манай гэр :::::::::::::::::::::: тоотод байдаг. Би 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Камбуж улсад ажлаар явсан. Тэгээд 2017 оны 7 дугаар сарын 29-ний өглөө миний гар утас руу цагдаа залгаад танай гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Тухайн үед би гадаадад байсан учраас болсон хэргийн талаар сайн мэдэхгүй ба хэргийн талаар дүү Н-оос асуухад “манай найз залуу Г.С таныг байхгүйд танай гэрт ирж байсан. Тэгээд 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр ээж О намайг дүүгээ аваад гэртээ хүрээд ир гэж хэлэхээр нь би дүүгээ аваад Г.Стай хамт гарсан. Тэр шөнө танайд хулгай орсон байсан” гэж хэлсэн. Манайхаас “Dell” загварын зөөврийн компьютер, дагалдах хэрэгслийн хамт алдагдсан. Одоогоор надад нийт 983.700 төгрөгийн хохирол учирсан ...” гэв.
Б.Аийн яллагдагчаар өгсөн “... 2017 оны 7 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Г.С гэх залуутай танилцаад юм яриад зогсож байтал Г.С “... одоо онгорхой барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний газар байгаа юу...” гэж асуухаар нь “байгаа шүү дээ” гэхэд “хоёулаа манай гэрт очоод, манай гэрийн зурагтыг аваад барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний газарт тавъя” гэж хэлсэн. Тухайн үед би хүргэн ах А-гийн 68-18 УНП улсын дугаартай, цагаан өнгийн, “Toyota prius 11” загварын автомашинтай явж байсан ба бид Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 105 дугаар байрны гадаа ирсэн. Тэгээд бид хоёр 105 дугаар байрны ертөнцийн зүгээр хойд зүг харсан 1 давхарын цонхны гадаа ирэхэд уг цонхны том салхивчны шил хагараад онгойсон байдалтай байсан. Тэгээд Г.С цонхоор дотогш ороод 32 инчийн, нэрийг нь мэдэхгүй зурагт цонхоор надад өгсөн. Гэтэл нэг танихгүй ах миний хажууд ирээд “та нар хулгай хийгээд байгаа юм уу” гэж асуухаар нь би “хулгай хийгээгүй, манай найзын гэр байгаа юм” гэж хэлэхэд “тэгвэл гэрээсээ зургаа гаргаж ирээд үзүүлээч” гэхээр нь би Г.Ст “чи зургаа гаргаж ирээд үзүүлээч” гэж хэлэхэд Г.С ямар нэг юм хэлээгүй. Тэгэхэд би өөрийгөө хулгай хийж байгааг мэдээд Г.Ст нөгөө зурагтыг өгөөд буцааж оруулж тавиулсан. Тэгээд бид хоёр Дако-ийн хойд замаар явж байтал эргүүлийн цагдаа нар ирээд бид хоёрыг бариад явсан...” /хх-32-33/,
өсвөр насны шүүгдэгч Г.Сын яллагдагчаар өгсөн “... 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 23 цаг өнгөрч байхад авга эгч Ц-ийн гэрээс гараад найз охин Н-ийн эгчийнх нь байрны гадаа ирсэн. Тэгээд эгчийнх нь байрны ертөнцийн зүгээр хойд зүг харсан мөнгөлөг саарал өнгийн, хөнгөн цагаан рамтай цонхны салхивчны шилийг гараараа түлхсэн чинь цонх нь хагарсан. Тэгээд хагарсан цонхоор дотогш ороод гэр дотор байсан “Dell” загварын зөөврийн компьютер, цүнх, хулгана, залгуур, цэнэглэгч зэргийг аваад гарсан. Тэгээд буцаж хагархай цонхоор гараад Цайз хүртэл алхаж яваад тэндээсээ такси бариад хороолол ороод “Good” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт зөөврийн компьютерийг 80.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Уг зөөврийн компьютерийг миний нэрээр тавьж болохгүй байсан учраас таксины жолооч ахын нэр дээр тавиулсан. Тэгээд таксины жолоочид 20.000 төгрөг өгсөн. Тэгээд үлдсэн 60.000 төгрөгийн 20.000 төгрөгөөр ус, ундаа, тамхи аваад шөнийн 01 цаг өнгөрч байхад хорооллын эцсийн баруун талд байрлах нэрийг нь мэдэхгүй караокед орж 0.5 граммтай “Боргио” нэртэй пиво 2 ширхэгийг захиалсан. Тэгээд пиво уугаад байж байтал нэг залуу намайг гараад ир гэсэн. Караокены гадаа гараад тамхи байна уу гэж асуухаар нь тамхилсан. Тэгээд бид хоёр юм яриад байж байтал Б.А цагаан өнгийн, “Toyota prius” загварын автомашиныг энэ миний машин гэсэн ба бид хоёр Б.Аийн автомашинд суугаад жаахан юм ярьж байгаад буцаад караокед орох гэтэл хаалгаа нээж өгөхгүй байсан. Тэгэхээр нь Б.А бид хоёр халтууранд явсан. Тэгж яваад автомашинаас бууж тамхи татаад, шээгээд байж байхдаа би Б.Ад хандан “16-д цонх нь хагарсан нэг айл байгаа, тэр айлд зурагт байгаа гэж хэлээд, хэсэг байж байгаад лай, лай” гэж хэлэхэд Б.А “хоёулаа тэр айлын зурагтыг авах юм бол барьцаалан зээлдүүлэх газарт 200.000-300.000 төгрөгөөр тавиад олсон мөнгөөрөө 2-3 хоног салхинд гарах уу” гэхээр нь би “за за” гэж хэлээд Н-ийн эгчийн байрны гадаа ирэхэд Б.А надад хандан “чи цонхоор ор, би цонхон доор хүн хараад хүлээе” гэхээр нь “за” гэж хэлээд хагархай цонхоор дотогш ороод том өрөөнд байсан 32 инчийн, нэрийг нь мэдэхгүй зурагтыг аваад цонхоор гаргаад Б.Ад өгсөн чинь нэг танихгүй ах ирээд “та нар яагаад хулгай хийгээд байна” гэж асуухад Б.А “энэ манай найзын гэр, чи хэлээч” гээд байсан. Харин нөгөө ах зурагтыг нь буцааж оруулаад, цагдаа дуудахаас өмнө хурдан яв гэж хэлсэн. Тэгээд Б.А надад зурагтыг буцааж өгсөн. Би зурагтыг нь буцаагаад байранд нь тавьсан. Тэгээд цонхоор нь гараад Б.Атэй Дакогийн ар талын замаар явж байтал эргүүлийн цагдаа ирээд бид хоёрыг аваад явсан...” /хх-37-38/ гэх мэдүүлгүүд,
эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-10-11/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-12/, нас тоолсон тэмдэглэл /хх-47/, “Good” барьцаалан зээлдүүлэх газрын баримт /хх-52/, үнэлгээний тайлан /хх-53-58/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Б.А, Г.С нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүх Г.Ст прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон өөрчлөн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл, хохирогч Г.А-ийн байрны цонхоор нэвтэрч, зөөврийн компьютер, цүнх, цэнэглэгч зэрэг эд зүйлийг хулгайлсан, мөн Б.Атэй бүлэглэн уг байранд дахин нэвтэрч 32 инчийн зурагт хулгайлахыг завдсан үйлдлүүдийг үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцож зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “ Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэсэн хуулийн зохицуулалттай нийцсэн байна.
Түүнчлэн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.А, Г.С нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугийн хэр хэмжээнд тохирсон ял шийтгэл оногдуулсан байх ба Б.Ад ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дэх хэсэг, Г.С-т ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамласан нь зөв байна.
Өсвөр насны хүнд ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлд зааснаар “тусгай ангид заасан хорих ялыг оногдуулж, эдлэх ялыг хоёр дахин багасгах”-аар хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт нь 2-8 жилийн хорих ялтай тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамласнаар хорих ялын доод хэмжээ нь хоёр дахин буюу нэг жил болж багасаж байх тул шийтгэх тогтоол зөв байна, энэ талаархи өмгөөлөгч С.Г-ийн “шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялыг хоёр дахин багасгаж 6 сарын хорих ял болгох ёстой” гэсэн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй болно.
Харин шүүхээс өсвөр насны шүүгдэгч Г.Ст оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр заасан нь буруу байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Сын ял эдлэх дэглэмийг Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Г.Б.А, түүний өмгөөлөгч Б.Э нарын гаргасан давж заалдах гомдлуудыг бүхэлд нь, өсвөр насны шүүгдэгч Г.Сын өмгөөлөгч Л.Г-ийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
- 4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.А, Г.С нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар Г.Ст оногдуулсан хорих ялыг Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад тус тус эдлүүлсүгэй” гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧИД Д.ОЧМАНДАХ
Д.ОЮУНЧУЛУУН