Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2019/00003

 

Э.Шын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/00829 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1501 дүгээр магадлалтай,

Э.Шын нэхэмжлэлтэй

“Х Б”ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах “Х Б”ХХК-тай байгуулсан зээлийн гэрээг хэвээр хадгалж үлдээхийг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Зүмбэрэлийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Ш, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Э.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд “Х Б”ХХК-ийн Тусгай активын газрын захирлаар ажиллаж байсан бөгөөд Хүний нөөц хариуцсан захирлын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 06/3940 тоот тушаалаар ажлаас халагдсан болно. “Х Б”ХХК-д 14 жил ажиллахдаа жил бүрийн авсан зорилт, төлөвлөгөөгөө давуулан биелүүлж, тус газрын үйл ажиллагааг Монгол Улсын хууль, тогтоомж, Банкны дотоод дүрэм, журмын хүрээнд зөв зохистой удирдан зохион байгуулж, банкны хугацаа хэтэрсэн, муу актив барагдуулах ажлыг сайжруулж, хөгжүүлсээр ирсэн нь тухайн жил бүрийн газрын зорилт, төлөвлөгөө, тайлан тэдгээрийн биелэлтийн тоо баримтаар нотлогдоно. Гэтэл “Х Б”ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн гишүүний хүсэлтийн дагуу Дотоод аудитын газрын Тусгай активын газрын үйл ажиллагаанд ээлжит бус хэсэгчилсэн аудитын шалгалтыг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд хийж, тайлан гаргасан бөгөөд уг тайланд намайг банкны дотоод дүрэм, журмыг ноцтой зөрчсөн мэтээр үндэслэлгүйгээр буруутгасан. Ажлаас халах тушаалд заасан үндэслэлийг бодит байдалд нийцэхгүй буруу ташаа үндэслэл гэж үзэж байна. Жил бүр аудитын ээлжит шалгалтыг хийдэг бөгөөд 2017 оны ээлжит аудитын шалгалт 04 дүгээр сард хийгдсэн атал яагаад ээлжит бус шалгалт хийх болсон, улмаар зохих ёсоор хийгдсэн ажлыг хулгай, луйвар мэт харагдуулах, хүч оруулсан, баримтгүй зүйлээр ишлэл хийж байгаа нь тус банкны хувьцаа эзэмшигч Ц.Баатарсайханы ёс зүйгүй шаардлагатай холбоотой юм. ТАГ-ын захирал, байцаагч нар 2004 оноос буюу байгуулагдсан үеэс журмын дагуу урамшуулал авч байсан. Ийнхүү чанаргүй зээл, хүү бусад өр авлага, тэнцлийн гадуурх муу активыг төлүүлэх, банкны зээлийн эрсдлийг бууруулах, зээлийн эргэн төлөлтийн явцад эрсдэл үүссэн зээлүүдийг төлүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлдэг үндсэн чиг үүргээ биелүүлэхдээ ТАГ-ын үйл ажиллагааны журам, /2015 он/, ТАГ-ын захирал, зээлийн байцаагчид урамшуулал тооцох, олгох журам, /2015 он/ болон бусад холбогдох хууль, тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулж урамшуулал авсан болно. Тусгай активын газрыг Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлдэг бүх арилжааны банкууд ажиллуулдаг бөгөөд тэдгээрийн ажиллах, урамшуулал авах журам нь нийтлэг нэг үндэслэлээр зохицуулагддаг болохыг дурдах нь зүйтэй. Иймд “Х Б”ХХК-ийн Тусгай активын газрын захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаа буюу 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх хугацаанд үндсэн цалин болох 2 850 000 төгрөгөөр тооцон гаргуулах, “Х Б”ХХК-ийн ажилтны хөнгөлөлттэй нөхцөл бүхий орон сууцны зээлийн гэрээ, “Х Б”ХХК-ийн ажилтны энгийн орон сууцны зээлийн гэрээ, барьцаат зээлийн гэрээг тус тус хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Х Б”ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Э.Ш нь “Х Б”ХХК-ийн Тусгай активын газарт захирлын ажлын байранд ажиллаж байсан бөгөөд тэрээр Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан. Иймд байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар Хүний нөөц хариуцсан захирлын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 06/3940 тоот тушаалаар цуцалсан. Э.Шын гаргасан зөрчлийг “Х Б”ХХК-ийн Дотоод аудитын шалгалтаар тогтоосон бөгөөд энэхүү зөрчил нь Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд хамаарч байгаа юм. “Х Б”ХХК-ийн ТАГ-ыг Э.Ш нь удирдан ажиллаж байх үед ТАГ нь “Х Б”ХХК-ийн Аудитын газрын удаа дараагийн шалгалтаар үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай буюу С үнэлгээ авсан. ТАГ-ын үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай гэж дүгнэсээр байхад тус газрын үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт сайжрахгүй байгаа буюу ТАГ-ын бүртгэлд байх зээлийн үлдэгдлийн дүнгээр 104 тэрбум төгрөг, зээлийн хүүг оруулан тооцоход 153 гаруй тэрбум төгрөгийн муу зээлд ажиллагаа хийгдэхгүй байгаа тул “Х Б”ХХК-ний Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Б.Баатарсайхан нь ТАГ-ын захирал Э.Ш, Хууль эрх зүйн газрын захирал Э.Хосбаяр нараас тайлбар авч, улмаар ТАГ-ын хариуцаж буй зээлийг төлүүлэх үйл ажиллагаа хангалтгүй байсан тул ТАГ-ын үйл ажиллагааг шалгуулах хүсэлт тавьж шалгуулсан. “Х Б”ХХК нь ажилтандаа зориулсан хөнгөлөлттэй нөхцөл бүхий орон сууцны зээл олгодог. Энэхүү зээлийн хөнгөлөлтийг хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа тохиолдолд эдлэх эрхтэй байдаг. Хэрэв хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан тохиолдолд тухайн үед мөрдөгдөж байгаа харилцагчийн зээлийн хүүд үл маргах журмаар шилжихээр зохицуулагдсан байдаг. Э.Ш нь энэхүү зээлийн гэрээг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан ба ажиллаж байх хугацаандаа хөнгөлөлтийг эдэлж байсан. Иймд Э.Шт зээлийн гэрээгээр олгосон зээлийн хүүг хэвээр хадгалах үндэслэлгүй. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/00829 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Э.Шын нэхэмжлэлтэй, “Х Б”ХХК-д холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасныг баримтлан Э.Шын нэхэмжлэлтэй, “Х Б”ХХК-д холбогдох, 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ30/14 дүгээр Ажилтны хөнгөлөлттэй нөхцөл бүхий орон сууцны зээлийн гэрээ, ЗГ31/14 дүгээр Ажилтны энгийн орон сууцны зээлийн гэрээ, 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ/201642640594 дүгээр Барьцаат зээлийн гэрээг хэвээр хадгалж үлдээхийг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Э.Ш нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1501 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/00829 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэж Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасныг баримтлан хариуцагч “Х Б”ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, зээлийн гэрээг хэвээр хадгалж үлдээх тухай нэхэмжлэгч Э.Шын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, 3 дахь заалтыг 2 гэж, 4 дэх заалтыг 3 гэж дугаарлан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Зүмбэрэл хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. ...Анхан шатны шүүх ...хэргийг шийдвэрлэхдээ ажилд эгүүлэн тогтоолгох үндсэн шаардлагын хүрээнд 3 дүгнэлт хийжээ. ...Ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх юм. /2012.06.15 УДШ- ийн зөвлөмж 3.1/ Гэтэл анхан шатны шүүх энэхүү нөхцөл байдлыг анхаараагүй байхаас гадна аль зөрчил нь хөдөлмөрийн гэрээний ямар ноцтой зөрчилд хамаарах эсэх, ямар зөрчил нь нотлогдож байгаа эсэх, ямар зөрчлийг аудитын дүгнэлтээр ноцтойд тооцож дүгнэлт гаргасныг анхаарч үзэхгүй байна. ...Хөдөлмөрийн гэрээний 5.7.2 ““Х Б”ны ёс зүйн дүрэм”-д хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилтэй адилтган тооцно гэж заасан ноцтой зөрчлийг гаргасан гэсэн байна. “Х Б”ны ёс зүйн дүрмийн 2.1.10-т Энэхүү дүрмийн 4.8, 4.9, 5.5, 5.7.1, 5.8.4, 5.14.2, 7.1, 7.2, 7.4 дахь заалтыг зөрчсөн тохиолдлыг хөдөлмөрийн ноцтой зөрчилд тооцно гэснээс харахад ажил олгогчийн ажлаас халсан тушаал болон аудитын дүгнэлтэд дурдсан “Х Б”ны ёс зүйн дүрмийн 4.1, 5.1, 5.2.1, 5.4.2 заалтуудыг зөрчсөн гэсэн нь түүний гаргасан гэх зөрчилтэй адилтган тооцохгүй буюу хамаарахгүй байна. Мөн 6. ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүргийн дагуу удирдлага дахь ажилтнуудыг оновчтой удирдлагаар хангаагүй, 7. ТАГ-ын бланс дахь зээлүүдийг төлүүлэхээр хангалттай ажиллаагүй зэрэг зөрчлүүд нь дээрх хөдөлмөрийн гэрээний 5.7.2, 5.7.3, 5.7.18, 5.7.21 дэх хэсэгт заасан ноцтой зөрчилд хамаарахгүй байхаас гадна бусад зөрчлүүд нь “Х Б”ны тусгай активын газрын үйл ажиллагаанд хийсэн хэсэгчилсэн аудитын тайлангаар шалгасан зөрчилтэй тохирохгүй байна. Тушаалд заасан зөрчлийг шалгасан талаарх материал, хэлэлцсэн хурлын тэмдэглэл, зөрчил гаргагчийн тайлбар зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг ажил олгогч гаргаж өгөөгүй тохиолдолд тушаалын үндэслэлийг хариуцагчийн тайлбар бүрэн нотлохгүй гэж үзэх /2012.06.15 УДШ-ийн зөвлөмж 3.3/ бөгөөд “Х Б”ны тусгай активын газрын үйл ажиллагаанд хийсэн хэсэгчилсэн аудитын тайлангаар л зөрчлийг шалгаснаас бус ажил олгогч ажлаас халсан тушаалтай холбогдуулж тусгайлан зөрчлийг шалгаж, түүнийг хэлэлцэж, зөрчил гаргагчаас тайлбар аваагүй байна. ...Ажил олгогчийн ажлаас халсан тушаалд аудитын дүгнэлтээр ноцтой зөрчилд хамруулаагүй 1. ажлын байрны давуу байдлаа ашиглан Тусгай активын газрын төлүүлээгүй, барагдуулаагүй 7 738 017 606 төгрөгийн зээлийг муу актив төлөлтийн тайланд тусгаж бодитой бус тайлан гаргасан, 2. удирдлагыг бодит бус мэдээллээр хангасан, 3. ТАГ-ын захирал, байцаагчид урамшуулал тооцох, олгох журмын 3.1, 4.3.1 дэх заалтыг зөрчиж нийт 38 690 088 төгрөгийг өөртөө урамшуулал хэлбэрээр авсан, 5. удирдлага дахь зээлийн байцаагч нарыг 61 938 865 төгрөгийн илүү урамшуулал авахад хяналт тавьж ажиллаагүй гэх үйлдлүүдийг аудит ноцтой зөрчилд хамруулан шалгасан мэтээр 5.7.3, 5.7.18, 5.7.21 дэх хэсэгт хамруулсан нь үндэслэлгүй болжээ. Энэ тохиолдолд ажил олгогч аудитын дүгнэлтэд үндэслэлгүй дээрх үйлдлүүдийг ноцтой зөрчилд тооцоод ажлаас халах нөхцөлд тусгайлан зөрчлийг шалгасан талаарх материал, хэлэлцсэн хурлын тэмдэглэл, зөрчил гаргагчийн тайлбар зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтад үндэслэж ажлаас халах боломжтой. Анхан шатны шүүх эдгээр илэрхий тодорхой нөхцөл байдлыг үл харгалзан ажил олгогчийн тушаал хууль зөрчөөгүй байна гэж хэргийн бодит байдалд нийцээгүй, хэрэгт авагдсан баримтад тулгуурлалгүй дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй болжээ. Шүүхээс ““Х Б”ны Тусгай активын газрын дүгнэлт, тайлан нь “Х Б”ХХК-ийн дүрмийн 6.4, “Х Б”ны дотоод аудитын дурэм, “Х Б”ны компанийн засаглалын кодексийн 2 дугаар хэсэг, Шүгэл үлээх бодлого, Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.7-д заасантай нийцжээ” гэсэн нь үндэслэл муутай болжээ. Ажил олгогчийн шахалт, шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоотойгоор хөдөлмөрийн гэрээг цуцалсан эсэхэд шүүх анхаарах учиртай. Ажил олгогч “Х Б”ны тусгай активын газрын үйл ажиллагаанд хийсэн хэсэгчилсэн аудитын тайланд үндэслэн ТАГ-ын захирал Э.Шыг ажлаас чөлөөлсөн бөгөөд дээрх үндэслэл болгосон дотоод аудитын газрын тайлан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байхад шүүх илт зөрүүтэй дүгнэлт хийжээ. Дотоод аудитын газар “Х Б”ны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний хүсэлтийн дагуу ТАГ-ын үйл ажиллагаанд хэсэгчилсэн аудит хийжээ. Гэтэл Дотоод аудитын дүрмийн 4.1.3-т зааснаар “ТУЗ болон Аудитын хорооноос өгсөн чиглэлийн дагуу аудит хийж дүгнэлт, санал, зөвлөмж боловсруулах үндсэн чиг үүрэгтэй байхад ТУЗ-ыг төлөөлөх эрх хэмжээгүй гишүүний хүсэлтэд үндэслэж хэсэгчилсэн захиалгат аудит хийсэн нь аудитын дүгнэлт хууль ёсны дагуу хийгдсэн гэж үзэхгүй юм. Компанийн тухай хуулийн 80.5 дахь хэсэгт зааснаар ТУЗ-ын хурал гишүүдийнх нь дийлэнх олонх оролцсоноор хүчин төгөлдөр болох бөгөөд ТУЗ-ын нэг гишүүн ТУЗ-ыг төлөөлөхгүй юм. Түүнчлэн “Х Б”ХХК-ийн дүрэмд ТУЗ-ын гишүүн “банкны өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохгүй байх”-ыг үүрэг болгосон байхад тухайлсан зээлтэй холбоотой банкны өдөр тутмын үйл ажиллагаанд оролцож, ажил олгогч мэтээр ажилтныг ажлаас халах болсон тушаалын үндэслэлийг аудитын дүгнэлт болон ажил олгогчийн ажлаас халсан үндэслэлээс өөр үндэслэлээр тайлбарлаж, банкны ажилтнуудад хамааралтай шүгэл үлээх бодлогоор өөрт эрх хэмжээ олгогдоогүй байхад ТУЗ-ыг төлөөлж дотоод аудитын газарт аудит явуулах чиглэл өгсөн нь дээрх дүрмийг зөрчиж байна. Шүгэл үлээх бодлогын 5.1-д ажилтан худал мэдээлэл ирүүлэх нь эргээд тухайн ажилтанд сахилгын арга хэмжээ авах үндэслэл болох бөгөөд ТУЗ-ын гишүүний тодорхойлсон мэдээлэл, хүсэлт нь ажилтны тодорхойлсон мэдээлэл биш юм. ...Иймд “Х Б”ны Дотоод аудитын газар Тусгай активын газрын үйл ажиллагаанд хийсэн хэсэгчилсэн аудитын тайланг гаргахдаа дотоод аудитын дүрэм баримтлалгүйгээр дотоод аудитын газар хүсэлт гаргах эрх хэмжээгүй этгээдийн өгсөн чиглэлээр хэсэгчилсэн, захиалгат аудит хийсэн нь “Х Б”ны дүрэм болон дотоод аудитын дүрэмд нийцээгүй байна. Мөн энэхүү аудитын тайланг гаргахдаа аудитын баримт хамрагдах хугацааг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх байдлаар тодорхойлсон боловч ДАГ-аас ТАГ-ын үйл ажиллагаанд хийсэн сүүлийн 5 удаагийн /жилийн/ аудитаар С үнэлгээтэй байсан гэж хамруулсан. Сүүлийн 4 жилийн ТАГ-ын балансаас зээл төлүүлсэн мэдээлэл /хүснэгт №2/, 2014 оноос хойш ТАГ-ын ажилтнуудын авсан урамшуулал, Нийгмийн даатгалын шимтгэл, Арованна ХХК-ийн Төрийн банкнаас авсан 1.9 тэрбум төгрөгийн зээл нь 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар хэвийн төлөлттэй байна гэх мэтээр хугацааны хувьд жишээ нь сүүлийн 5 жилийг хамруулж, бусад банкинд байгаа зээлийн төлөлтийг аудитын баримт хамрах хугацаанаас хэтрүүлж цуглуулж хэт субьектив байдлаар хандсан байгаа нь аудитын дүгнэлт үндэслэл бүхий гарсан гэж үзэхгүй юм. Иймд дээрх үндэслэлүүдээр дотоод аудитын дүгнэлт, тайлан хууль болон дүрэм, журамд нийцжээ гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй юм. Шүүхээс: “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч Э.Шын нэхэмжлэлийн шаардлагын Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалд дурдсан зөрчлийг гаргаагүй” гэсэн үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй болохыг дурдав” гэсэн нь хэрэгт авагдсан баримттайгаа нийцээгүй, хийсвэр дүгнэлт болжээ. ...Дотоод аудитын дүгнэлтэд Тусгай активийн газрын зээлийн байцаагчид зөрчилд хамаарах зээлүүдийг төлүүлэхээр ажилласан талаар тусгасан бөгөөд ажиллаагүй гэж талаар маргаагүй байна. Харин урамшууллын хувь хэмжээ буруу бодсон, өөр эх үүсвэрээс зээл хаагдсан тул ТАГ-т урамшуулал олгохгүй гэж маргажээ. Гэтэл Дотоод аудитын дүгнэлтийн муу активыг төлүүлсэнтэй холбоотой урамшуулал, зардлын хяналт хэсэгт: “Тусгай активын газрын захирал, зээлийн байцаагчид урамшуулал тооцох, олгох журам” нь сонирхлын зөрчил, зүй бус үйлдлийг хянах зохицуулалтгүй, урамшууллын хувь хэмжээ бодитой бус, зээлийн эрсдлийн түвшин, Тусгай активын газраас зээлийг төлүүлсэн эсэхээс үл хамааран урамшуулал олгох, зардлын хяналтыг алдагдуулах зэрэг үр ашиггүй тогтолцоог бүрдүүлж байна” гэснээс харахад дүрэм, журмын боловсронгуй биш байгаад Э.Ш буруугүй ...юм. ...Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ дээрх алдаа, зөрчлийг анхааралгүйгээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Магадлалдаа “хариуцагч нь “Тэдмэнт ХХК, Дөл түшиг ХХК-иас төлөгдөх зээл хөрөнгө оруулалтаар, Арованна ХХК-иас төлөгдөх зээл төрийн банкны зээлээр төлөгдсөн гэж тайлбарласныг нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүй, тэрээр хариуцагчийн тайлбарыг няцаасан нотлох баримтыг журмын дагуу бүрдүүлээгүй” гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан баримттай танилцаагүй, “Х Б”ны тусгай активийн газрын үйл ажиллагаа явуулах болон Тусгай активын газрын захирал, байцаагчид урамшуулал тооцох журмыг судлалгүйгээр ташаа дүгнэлт гаргасан байдал харагдаж байна. ...Иймд дээрх үндэслэлүүдээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч “Х Б”ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, орон сууцны зээлийн 2 гэрээг хэвээр үргэлжлүүлэх тухай Э.Шын нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулсан байна.

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагын талаар хийвэл зохих хууль зүйн дүгнэлтийг хийгээгүйгээс гадна хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах боломжтой байна.

Э.Ш нь “Х Б”ХХК-ийн Тусгай активын газрын захирлаар ажиллаж байгаад тус компанийн Хүний нөөц хариуцсан захирлын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 06/3940 дүгээр тушаалаар ажлаас халагдсан байна. Тушаалд Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8, 83 дугаар зүйлийн 83.8, “Х Б”ны дүрмийн 5.1, 5.2, “Х Б”ны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 4 дүгээр тогтоол, 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 5 дугаар тогтоол, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, хөдөлмөрийн дотоод журмын 9.2.3, хөдөлмөрийн гэрээний 5.7-д заасныг баримталжээ.

Тэрээр нэхэмжлэгч Э.Шыг ажлын байрны давуу байдлаа ашиглан Тусгай активын газраас төлүүлээгүй, барагдуулаагүй зээлийг муу актив төлөгдөлтийн тайланд тусгаж, бодит бус тайлан гаргасан, удирдлагыг бодит бус мэдээллээр хангасан, Тусгай активын газрын захирал, байцаагчид урамшуулал тооцох, олгох журмыг зөрчиж, үндэслэлгүйгээр өөртөө урамшуулал авсан, удирдлага дахь зээлийн байцаагч нарыг илүү урамшуулал авахад хяналт тавьж, ажилтнуудыг оновчтой удирдлагаар хангаагүй, Тусгай активын газрын баланс дахь зээлүүдийг төлүүлэхээр хангалттай ажиллаагүй гэж үзсэн байна.

Ажил олгогч нь нэхэмжлэгчийн гаргасан ноцтой зөрчлийг тус банкны дотоод аудитын шалгалт, тайлан, хөдөлмөрийн гэрээ, холбогдох дүрэм, журмаар нотолно гэж баримтуудыг шүүхэд гаргаж өгчээ. Шүүх “Х Б”ны дүрэм, ёс зүйн журам, Тусгай активын газрын захирал, зээлийн байцаагчид урамшуулал тооцох, олгох журам, Тусгай активын газрын үйл ажиллагааны журам, Хөдөлмөрийн дотоод журам, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Дотоод аудитын тайлан зэрэг нотлох баримтуудад тулгуурлан хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзснийг буруутгах үндэслэл байхгүй байна. Аудитын шалгалтыг 2017 оны 01 сарын 01-нээс 2017 оны 09 сарын 30 хүртэлх хугацааны үйл ажиллагааны хүрээнд явуулсан ба зарим зөрчил нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар сахилгын шийтгэл ногдуулах хугацааны дотор байна.

Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах нэхэмжлэлийг хангаагүй хоёр шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг зөрчөөгүй тул энэ талаарх гомдлыг хангах боломжгүй юм.

Харин орон сууцны зээлийн хоёр гэрээг хэвээр үлдээх агуулгатай нэхэмжлэлийг хангах боломжтой гэж үзэв. “Х Б”ны зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцалсны дараа, орон сууцны зээлийн хүүг өөрчлөх шаардлага тавьснаар нэхэмжлэгчийн эрх зөрчигджээ.

Нэхэмжлэгч нь “Х Б”тай 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ажилтны хөнгөлөлттэй нөхцөл бүхий орон сууцны зээлийн гэрээг байгуулж 150 000 000 төгрөгийг, ажилтны энгийн орон сууцны зээлийн гэрээг байгуулж 99 920 000 төгрөгийг тус тус зээлж авчээ.

Зээлийн үүргийг хангуулах зорилгоор орон сууцаа барьцаалж, барьцааны гэрээг байгуулсан байна.

Ажилтны хөнгөлөлттэй нөхцөл бүхий орон сууцны зээлийн гэрээний 3.1.6, ажилтны энгийн орон сууцны зээлийн гэрээний 3.1.5-д  “...банктай байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан, дуусгавар болсон бол дараа сарын 05-ны өдрөөс эхлэн зээлийн хүүг үл маргах журмаар тухайн үед мөрдөж байгаа энгийн зээлдэгчийн орон сууцны зээлийн хүүд шилжүүлэн тооцно.” гэж заасан тохиролцоо нь агуулгын хувьд хууль зөрчөөгүй, хүчин төгөлдөр байна.

Зээлийн гэрээний зорилго, зээлийг ашиглах зориулалтаас үзвэл ажилтан орон сууц худалдан авахад ажил олгогчийн зүгээс зээл олгосон, ийнхүү олгохдоо хөнгөлттэй хүү тогтоосон, уг нөхцөлийн дагуу ажилтан зээлийг буцааж төлснөөр орон сууцтай болох зорилго биелэгдэх учиртай байна. Э.Ш нь “Х Б”инд 14 жил ажилласан, олон жил ажилласан нь хөнгөлттэй зээл олгох нэг нөхцөл нь болсон тул зээлийн гэрээг хэвээр үргэлжлүүлэх шаардлагыг хангах боломжтой гэж үзэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар ажилтан нь аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хөдөлмөрийн нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, өөрөө болон төлөөллийн байгууллагаараа дамжуулан эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор эвлэлдэн нэгдэх, хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр, тэтгэмж авах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээрт заасан бусад эрх, хөнгөлөлт эдлэх эрхтэй ба энэ хүрээнд ажил олгогчоос үзүүлсэн хөнгөлөлтийг үргэлжлүүлэх нь хууль зөрчихгүй байна.

Нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг иргэний эрх зүйн аргаар сэргээхэд шүүх тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээг, ийм хэм хэмжээ байхгүй бол төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээ байхгүй бол тухайн харилцааг иргэний эрх зүйн агуулга, зарчим, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцүүлэн хэрэглэх бөгөөд зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргаанд хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох хэм хэмжээ байхад Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасан зохицуулалтыг хэрэглэх шаардлагагүй тул энэ үндэслэлээр мөн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1501 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг, Хан-уул  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/00829 дүгээр шийдвэрийн 1, 2 дах заалтыг нэгтгэж “Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсгийг баримтлан 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан ажилтны хөнгөлөлттэй нөхцөл бүхий орон сууцны зээлийн гэрээ, ажилтны энгийн орон сууцны зээлийн гэрээг хэвээр үргэлжлүүлэхийг “Х Б”инд даалгаж, нэхэмжлэлээс Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэр болон магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             Х.СОНИНБАЯР

      ШҮҮГЧ                                                                        П.ЗОЛЗАЯА