| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
| Хэргийн индекс | 105/2017/0917/Э |
| Дугаар | 266 |
| Огноо | 2018-03-20 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Б.Мөнх-Од |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 266
Х.Дад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Н.Батсайхан, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
прокурор Б.Мөнх-Од,
шүүгдэгч Х.Дын өмгөөлөгч О.Сайнгэрэл, Э.Ганбат,
нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 111 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Х.Д, түүний өмгөөлөгч О.Сайнгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Х.Дад холбогдох эрүүгийн 170200119 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
О овогт Х.Д, 1988 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Бизнесийн удирдлага, олон улсын харилцааны мэргэжилтэй, “Металь Индустрали” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын 4 дүгээр багийн “Хүрэнбулаг” 11 дүгээр хорооллын 11б байрны 9 тоотод оршин суух албан ёсны хаягийн бүртгэлтэй боловч, ....тоотод оршин суух,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 448 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хугацаа дуусч суллагдсан, /РД:..../;
Х.Д нь 2017 оны 9 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 29 дүгээр байрны 19 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9” тетрагидроканнабинолын агууламж бүхий каннабис гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн Прокурорын газраас: Х.Дад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О овогт Х. Дыг сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Дад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасныг баримтлан Х.Дад согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн “Эпл дроп” /Аpplе drop/ гэсэн бичигтэй төмөр сав 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар, Х.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Х.Д гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие гэм буруугийн хувьд анхнаасаа маргаагүй, согтуу байхдаа хэрэглэсэн гэдгээ мэдүүлсээр ирсэн. Манайд төмөр хайрцагтай эд зүйл байсныг хүлээн зөвшөөрч байна. Анхан шатны шүүх хуралдаанд төмөр хайрцагтай эд зүйл хэнийх вэ гэж асуухад гаднаас намайг согтуу байхад хүн оруулж ирсэн би өөрөө идэвхитэй үйлдлээр олж аваагүй гэдгээ үнэнээр хэлсэн. Тэр төмөр хайрцагтай өвсийг Д гэж найз маань оруулж ирсэн. Мөрдөн байцаалтын шатанд битгий хэлээрэй гэж намайг гуйгаад байхаар нь би хэлээгүй, шүүх хуралдаанд үнэнээ хэлсэн боловч нэгэнт манай гэрээс гарсан болохоор хадгалсанд тооцогдох юм байна гэдгийг бүрэн ойлголоо. Түүнээс би гэм буруугаа огт хүлээгээгүй юм биш. Өөрийн буруутай үйлдлээс болж ийм хэрэгт холбогдсоноо хүлээн зөвшөөрч байна. Дөнгөж сургуульд сурч байхад минь манай гэр бүлийн түшиг болсон хангай шиг сайхан аав минь 2013 онд ажлынхаа ширээний ард гэнэт зуурдаар нас барснаас хойш надад сэтгэл санааны маш их хүнд цохилт өгсөн. Өрөнд орж хамаг эд хөрөнгөө хураалгаж, гудамжаар явж хүн болгоноос ажил гуйж явсан хүнд өдрүүд маш олныг ардаа өнгөрүүлсэн. Би засарч хүмүүжихээргүй хүний итгэл даахааргүй хүн биш юм аа. Өнгөрсөн жилүүдэд би зүгээр суулгүй над шиг зовж шаналсан хүмүүст чин сэтгэлээсээ туслах үүднээс төрийн бус байгууллага байгуулж өөрийнхөө хэмжээнд тусалж дэмжиж байсан маань үнэн. Хэрэв надад шүүхээс боломж олгон тэнсэн харгалзах ял оногдуулан хоригдохоос өмнө хийж байсан өөрийн байгуулсан төрийн бус байгууллагаа ажиллуулж ядарсан хүмүүст тусална гэдгээ илэрхийлж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр надад оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү...” гэжээ.
Шүүгдэгч Х.Дын өмгөөлөгч О.Сайнгэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Х.Дад холбогдох хэргийг шалгахдаа мөрдөн шалгах ажиллагааг хэт нэг талыг барьж шалгасан. Өөрөөр хэлбэл, Х.Дын гэрээс гарч хураагдсан гэх ногоон өнгийн төмөр савыг түүний гэрээс олдсоноор нь түүнийг хадгалсан гэж прокуророос яллах дүгнэлт үйлдсэн. Хэрэгт ач холбогдол бүхий мэдүүлэг өгч болох хүмүүсийг дутуу байцаасан, Д буюу Х.Дын хамт байсан гэх гэрчийн хувийн байдлыг тодруулж урьд нь ямар гэмт хэрэгт шийтгүүлж байсныг тодруулаагүй зөвхөн түүний өгсөн мэдүүлгээр дээрхи хайрцагийг мэдэхгүй гэж нэг удаа байцааснаар хэргийг шийдсэн байгаа. Гэтэл дөнгөж Д гараад явсаны дараа Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн гэрт нь очиж үзлэг хийхдээ мөн энэ хэргийн эд мөрийн баримтыг хадгалж бэхжүүлэхдээ хууль зөрчсөн, хайрцган дотор юу байсан, мөн ямар бодис болохыг тогтоохоор шинжээч томилсон мөртлөө яагаад хайрцагны гаднах гарын хээний ул мөрийг бэхжүүлж аваагүй байгаа нь энэ хэргийн эд мөрийн баримт болох зүйлийг хэн хадгалж, Х.Д нь санаатай идэвхитэй үйлдлээр олж авсан уу, эсвэл өөр бусад хүмүүс гэрт нь авчирч тавьсан уу, энэ хэргийн эх сурвалжийг олж тогтоох үйл баримтыг дутуу шалгасан байна. Энэ нь шүүхийн хэлэлцүүлэг явуулахдаа тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох байдлыг тодруулалгүй орхигдуулсан нөхцөл бөгөөд эд мөрийн баримтыг хураан авах, мөн Х.Дын гэрт үзлэг хийсэн зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4, 23.1 дэх заалтуудыг зөрчсөнийг огт үнэлэлгүй шүүхийн шийтгэх тогтоол гаргасан нь үндэслэлгүй байна.
Гэрч гэх Э.Дий 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэгт засвар оруулсан байх бөгөөд мэдүүлгийн эцэст үнэн зөв бичигдсэн байна гэх гар бичмэл нь түүний өгсөн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн мэдүүлгийн эцэст бичигдсэн бичвэрээс энгийн нүдээр харахад эрс ялгаатай байхад шүүх энэ талаар тодруулж хэн бичсэнийг асууж тодруулаагүй. Мөн шүүх хуралдаанд гэрч Х.Д нь ногоон өнгийн савтай эд зүйлийг Д барьж байсан, гарахдаа гутлын тавиур дээр тавиад гарсан гэх мэдүүлэг өгсөн байхад шүүхээс гүйцэт тодруулан шалгуулахаар прокурорт хэргийг буцаалгүй шийдсэн нь үндэслэлгүй байна.
Хэргийн эд мөрийн баримт болох төмөр хайрцагтай ногоон өнгийн ургамлыг Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгээс “шинжээчийн дүгнэлтийн хамт шүүх рүү буцаав” гэсэн атал шүүхэд уг эд мөрийн баримт ирээгүй байна.
2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн №9179 тоот Шинжээчийн дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Химийн шинжилгээ хийх тухай журмыг зөрчиж гаргасан байгааг шүүх хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй. Гэмт хэргийн шинж тэмдгийг илрүүлэх, эрүүгийн хэргийг мөрдөн шалгах явцад тусгай мэдлэгтэй эрх бүхий этгээдэд даалгаж явуулдаг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тодорхой ажиллагааны нэг бие даасан төрөл нь шинжилгээ юм. Нотолбол зохих нөхцөл байдал буюу миний үйлчлүүлэгчийг буруутгаж байгаа эд мөрийн баримт болох ногоон өнгийн бодис нь өөрөө сэтгэцэд нөлөөт бодис мөн эсэхийг тогтоох зорилгоор шинжээчийн өмнө тусгай мэдлэг шаардсан асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд шинжилгээ хийлгэж гарсан дүгнэлт үр дүнг үндэслэн хэргийг нотолсон хэмээн зүйлчилж гэм бурууг шийдвэрлэн ял оногдуулсан байгаа. Гэтэл шинжээчийн дүгнэлт нь өөрөө шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гарсан гэхэд эргэлзээ төрүүлж байгаа бөгөөд энэхүү нөхцөл байдал нь шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох байдлыг үүсгэсэн байхад шүүхээс бодит байдалд нийцсэн гэж дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарч байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх шатанд дахин хэлэлцүүлэхээр давж заалдах гомдол гаргасан. Одоо өөрийн гаргасан давж заалдах гомдлоосоо татгалзаж байна. Үйлчлүүлэгч Х.Дын гаргасан гомдлыг дэмжиж байна. Түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэх, эсвэл торгох, нийтэд тустай ажил хийлгэх ялын аль нэгээр сольж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Х.Дын өмгөөлөгч Э.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Х.Д нь үйлдэл дээрээ маргадаггүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тэнсэх боломжтой. Энэ хүний хувийн байдал, сайн талын нотлох баримт хангалттай байна. Дахиж ийм асуудалд оролцохгүй цэг тавина гэж хэлдэг. Аавынхаа нэрээр сайн үйлсийн сан нээсэн байдаг. Тодорхой хугацаанд суусан байна. Эхнэр хүүхэд, ээжийнх нь эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан хорих ялыг тэнсэж өгнө үү...” гэв.
Прокурор Б.Мөнх-Од тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. Өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын үндэслэлтэй танилцлаа. Шүүх эрх мэдлийнхээ хүрээнд шийдвэрлэхийг нээлттэй үлдээх саналтай байна...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар харгалзахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Шүүгдэгч Х.Д нь 2017 оны 9 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 29 дүгээр байрны 19 тоот гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9” тетрагидроканнабинолын агууламж бүхий каннабис гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
гэрч Х.Дын: “...шөнө бааранд орж үргэлжлүүлэн архи уугаад би нилээд согтоод нэг сэргэхэд Д /Д/ явчихсан байсан. Ингээд 9 дүгээр сарын 23-ны өдөр би шартаад дахин архи уухаар найз Дийг дуудаж орой хамт архи уусан. Маргааш өглөө нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр гэнэт сэрээд хартал гараа зүсээд боолт хийлгэсэн байдалтай, хажууд Д сууж байсан. Өөр надад санах зүйл байхгүй. Би мансууруулах бодис хэрэглэснээ огт санахгүй байна. 2013 онд хамгийн анх каннабис өвс татаж үзсэн. 2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн...” /хх 34/,
гэрч Э.Дий: “...2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Д руу утсаар залгахад “гэртээ шартаад хэвтэж байна, хүрээд ирээч, ганц нэг пиво ууя” гэхээр нь гэрээсээ 21 цагийн үед очсон. Нилээн хугацаанд юм ярингаа ууж байгаад хоёулаа согтоод, үүрээр 4-5 цагийн үед буйдан дээр унтаж байтал Д гэнэт гал тогооны өрөөний шүүгээнээс жижиг маслын хутга шүүрч аваад гараа зүсчихсэн. Би сандраад түргэн тусламж, цагдаа дуудсан. Цагдаагийн албан хаагч нар ирээд болсон асуудлын талаар асууж байгаад Дыг тайвшруулж байх зуур би буйдан дээр унтчихсан байсан. Гэтэл нэг мэдэхэд цагдаа нар намайг сэрээгээд “босоорой, цагдаагийн хэлтэс рүү явъя” гээд дагуулаад Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр ирсэн. Цагдаа дээр ирээд миний шээснээс мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгана гээд тестээр үзээд намайг хар тамхи хэрэглээгүй байна гэж хэлсэн. Дыг өөр өрөөнд оруулсан байсан бөгөөд “ийм юм гарсан шүү” гээд надад үзүүлэхээр нь би юу хэлээд байгааг нь сайн ойлгоогүй...”/хх 31-32/,
гэрч Т.Батболдын: “...би 2014 оны 9 дүгээр сарын 24-нөөс 25-ны өдрийн жижүүрийн шуурхай албаны шуурхай бүрэлдэхүүний мөрдөгчийн үүрэг гүйцэтгэсэн. Ахлах ахлагч Алтанхуяг, ахлагч Мөнхцогт нар хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй гэх 2 залууг авч ирээд надад хүлээлгэж өгсөн. Х.Д нь биеэ авч явах чадваргүй, Э.Д нь өөрийгөө авч явах чадвартай байсан. Ингээд Даас хураан авсан гэх дугуй савтай зүйлийг онгойлгож үзэхэд олсны ургамлын шинжтэй ногоон өнгийн хурц үнэртэй, нүдэнд харагдахуйц нунтаг зүйл байсан. Хажуу талын 24 цагийн дэлгүүрт орж жинлэж үзэхэд савны хамт 50 грамм, харин дангаар нь жинлэхэд грамм заахгүй байсан. Дараа нь 2 залууг мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашиглах талаар хэлэхэд өөрсдөө сайн дураараа зөвшөөрсөн тул 00-ын өрөөнд оруулж бие засуулахад Д ямар нэгэн илүү үйлдэл гаргалгүй саванд шээсэн. Харин Д нь 00-ын уснаас хутгаж хийх гэж байхад нь болиулаад саванд шээлгэж авсан. Д нь их согтуу өөрийгөө удирдаж чадахгүй бас хөөрсөн байсан тул би тайвшруулж “жаахан унтчих, сэрэхээр нь болъё” гэхэд жаахан хэвтэж байгаад л босч ирээд орилоод байсан. Ингээд тестний үр дүнг харахад Дын шээстэй тестээр 6 төрлийн мансууруулах бодисын түвшинд ТНС хэсэгт 1 зураас буюу хэрэглэсэн гэж заагаад, Дд 6 түвшинд 2 зураас буюу хэрэглээгүй гэж заасан...” /хх 37-38/,
гэрч Н.Мөнхцогтын: “...Ахлах ахлагч Ж.Алтанхуягийн хамт үүрэг гүйцэтгэсэн. Жижүүрээс Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 29 дүгээр байрны, 19 тоотод “манай найз гараа зүсчихээд намайг ална, амиа хорлоно гээд айлгаад байна” гэсэн дуудлага ирсний дагуу уг хаяган дээр очиж шалгахад Д гэх залуу маш их согтолттой, гараа зүссэн байдалтай, ширээн дээгүүр архи пивоны шилтэй, ширээн доогуур 5-6 хутга хаячихсан байсан. Д нь зүгээр суухгүй байн байн босч ирээд “зодолдох уу, үзэлцэх үү, архи уух уу” гэх мэт согтуурхаад байсан. Ингээд Дыг аваад гарах гэтэл хувцсаа өмсөхгүй, гарахгүй “...та нар намайг дийлэхгүй буруу ажил хийж байна даа” гээд эсэргүүцэхээр нь гавлах гэтэл гараа зүссэн боолттой байсан болохоор гавлахгүйгээр авч явах болсон. Гэтэл “би бие засмаар байна 00 ормоор байна” гээд байхаар нь 00-ын өрөө рүү оруулахад гарч ирэхгүй удаад байхаар нь хойноос нь яваад ортол төмөр дугуй савтай ногоон өнгийн зүйл үнэрлэж байснаа бид нарыг хараад газар шидчихсэн.Тэрийг нь аваад хартал хурц үнэртэй, нунтаг ногоон өнгийн сэжигтэй зүйл байхаар нь автал өөдөөс ноцолдоод булааж авах гээд байсан...” /хх 39-40/,
гэрч Ж.Алтанхуягийн: “...болсон асуудлын талаар асуухад “манай найз согтуу амиа хорлоно гээд гараа зүсчихлээ, би гарыг нь боочихоод гараад ирлээ, намайг бас ална гээд байхаар нь айгаад энд зогсож байна” гэхээр нь дотогш орох гэтэл хаалга нь цоожтой, онгойлгож өгөхгүй, 10-15 орчим минут тогшиж байтал дотроос нэг залуу хаалга онгойлгосон. Хаалга онгойлгосон залуугийн зүүн гарны шуунаас цус гойжсон, архи пивоны шил, хутганууд хөглөрсөн байдалтай, цусаа гоожуулаад орилж хашгираад, эмчийн өөдөөс эсэргүүцээд гараа боолгохгүй, арай гэж эмч үзэж боолт хийгээд явсан. Хувцсыг нь өмсүүлээд гарах гэтэл нөгөө залуу “би бие засмаар байна” гээд байхаар нь 00-ын өрөө рүү оруулсан. 00-ын өрөөний хаалгыг онгойлготол суултуур дээр суучихсан нэг дугуй савтай зүйл үнэрлэж байснаа бид хоёрыг хараад савтай зүйлээ газар шидсэн. Тэр зүйлийг аваад харахад жижиг дугуй савтай нунтаг өвс байхаар нь аль алийг нь аваад цагдаагийн хэлтэс дээр ирээд мөрдөгч Батболдод хүлээлгэж өгсөн...” /хх 41-42/ гэх мэдүүлгүүд болон 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн офицер, ахлах ахлагч Ж.Алтанхуягийн бичсэн илтгэх хуудас /хх 6-7/, 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Х.Дын мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тест ашиглан шалгасан ажиллагааны тэмдэглэл /хх 13/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх 46/, эд мөрийн баримт “Apple drop” гэсэн бичигтэй ногоон өнгийн дугуй төмөр сав 1 ширхэгийг хураан авсан тухай тогтоол, тэмдэглэл, уг эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх 24, 25, 28/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 9179 дугаартай “... “Apple drop” нэртэй төмөр савтай зүйл гэж хаягласан төмөр савтай, ногоон өнгийн ургамал мэт зүйлд “дельта-9” тетрагидроканнабинол агууламж илэрсэн” гэсэн дүгнэлт /хх 49-50/ зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Х.Дын гэм бурууг хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Шүүх Х.Дад ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг хамгийн доод хэмжээгээр оногдуулж ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон байна.
Шүүгдэгч Х.Д, түүний өмгөөлөгч О.Сайнгэрэл нарын “...оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тэнсэж өгнө үү” гэсэн давж заалдах гомдол, тайлбарыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 111 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Д, түүний өмгөөлөгч О.Сайнгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТСАЙХАН
О.ЧУЛУУНЦЭЦЭГ