Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 04

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 116/2018/0004/3

 

 

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баясгалан би тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, Хивсний үйлдвэрийн урд байрлах, “Хөх тугт” ХХК-ийн захирал Л.А нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Дорнод аймгийн Засаг даргад холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Дорнод аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/400 дугаар захирамжийн хавсралтын 5 дахь заалтыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Хөх тугт” ХХК-ийн захирал Л.А-, түүний өмгөөлөгч З.Н-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д-, гуравдагч этгээд “Дорнод Онон” ХХК-ийн захирал Д.Б-, түүний өмгөөлөгч В.Д-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Долгоржав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Хөх тугт” ХХК-ийн захирал Л.А-  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, Хивсний үйлдвэрийн урд /хуучнаар/, Шүр захын зүүн талд үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай барилгыг 2005 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн улсын бүртгэлийн V-0611003858 дугаартай, №000109497 тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэйгээр манай компанид хууль ёсоор олгосон.

Гэтэл өмчлөх эрхийн гэрчилгээтэй барилгын доорх газрыг 2012 оны А/400 тоот захирамжаар, мөн захирамжийн хавсралтын 5-д заасан 4069м2 газрын эзэмшигчээр “Дорнод-Онон” ХХК-д хамруулж хууль бусаар эзэмшүүлсэн байна.

Аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/400 тоот захирамжийн 3-р заалтад “Дорнод-Онон” ХХК-ний эзэмшил газрын хэмжээ, байршил, заагийг тогтоон өгч, газар эзэмших гэрээ байгуулан гэрчилгээ олгох, улсын бүртгэлд бүртгэх ажлыг зохион байгуулахыг аймгийн ГХБХБГ-ын дарга Д.Д-т зөвшөөрсүгэй гэж заасан ба манай компанид мэдэгдэлгүйгээр “Дорнод-Онон” ХХК-нд манай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийн доорх ойролцоо эзэмшлийн газрыг уг захирамжаар оруулан тооцсон байна. Иймд аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/400 тоот захирамжийн хавсралт 5 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч “Хөх тугт” ХХК-ийн захирал Л.А- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өмч хувьчлалын гэрчилгээ авахдаа өөрийнхөө барилгын зургийг харж зурж өгсөн. Би шүүхэд өргөдөл өгөхийнхөө өмнө гуравдагч этгээд Б-той, өөртэй нь уулзахдаа “би банкинд барилгаа тавьж зээл авах гэтэл газар нь чиний нэр дээр байна гэхэд Б таны өмч би танд тодорхойлолт хийж өгье”, наад складыг чинь би авъя гэж байсан. Би энэ складаа 60 000 000 төгрөгөөр зарах гэж байгаа гэтэл танд нэг өрөө байр өгье гэж хэлж байсан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байх тул Дорнод аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/400 тоот захирамжийн хавсралт 5 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Н- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6.2, 6.4, 6.6 дугаар заалтуудад улсын бүртгэлийн эрхийн гэрчилгээг хууль бусаар авсан байвал өөрсдөө хүчингүй болгож болно гэж заасан байдаг.

   ... Нэхэмжлэгч тал нь 1991 оноос эхлээд 28 жил энэ складыг эзэмшиж, ашиглаж байна. Үүнийг 28 жил хүлээн зөвшөөрч байснаа шүүхэд өгөнгүүт манайх юм байна гэж гуравдагч этгээд үзээд байна. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгч талтай давхацуулаад гэрчилгээ авсан. Хариуцагчийн хувьд харилцан тохиролцож, хэргийг хэрэгсэхгүй болгох шаардлагыг хүлээн зөвшөөрчихье гэж байгаа нь зөв асуудал юм. Энэ бол хууль ёсны эзэмшилтэй обьект юм.

   2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/400 тоот захирамж гаргахдаа тус газар дээр байгаа обьектуудыг харж, судалж үзээгүй. Хэмжилтүүд хоорондоо бүгд зөрүүтэй байдаг. Анхнаасаа “Хөх тугт” ХХК-ийн обьект тэнд байсныг мэдсээр байж “Дорнод Онон” ХХК-нд давхардуулж эзэмшүүлсэн. 1990 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн барилга угсралтын 3 дугаар ангийн бүртгэлд уг обьект байсан. Үл хөдлөхийн актад анхнаасаа бүртгэлтэй акт юм гэдэг нь харагддаг. Өмч хувьчлалын бүх гишүүдийн хуралдааны 83.1% саналаар 55.000 төгрөгөөр “Хөх тугт” ХХК авч байсан нотлох баримт нь байна. Гэрч нар бүгдийг нотолдог. Тийм учраас хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар уг обьект байсан байна гэдэг нь нотлогдож байна. Мөн шинжээчийн дүгнэлт нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдолгүй учир нотлох баримтаас хасаж өгнө үү. 1990 оноос эхлээд эзэмшээд 2005 онд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авсан зэрэг нотлох баримтууд нь байдаг учир Дорнод аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/400 тоот захирамжийн хавсралт 5 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү? гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д-, М.Н- нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...1. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр хивсний үйлдвэрийн урд /хуучнаар/ Шүр захын зүүн талд үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай өмчлөх эрхийн гэрчилгээтэй барилгын доорх газрыг аймгийн Засаг даргын 2012 оны А/400 дугаар захирамжаар “Дорнод Онон” ХХК-д хууль бусаар олгосон гэж дурдсан бөгөөд тус асуудлын хүрээнд газрын асуудал хариуцсан мэргэжлийн байгууллага буюу Газрын харилцаа барилга хот байгууллагын газраас лавлагаа тайлбар мэдээлэл авахад “Хөх тугт” ХХК нь үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай 710м2 талбай бүхий үл хөдлөхийн гэрчилгээг 2005 онд авсан боловч уг барилгын доорх газрыг эзэмшиж аваагүй учраас газрын кадастрын мэдээллийн сан, жижүүрлэлтийн зурагт тэмдэглэгдээгүй гэж дурдсан байна.

2. “Хөх тугт” ХХК*-д үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай,  710м2 талбай бүхий складны үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул улсын бүртгэлийн Y-0611003858 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон бөгөөд үүнийг газар, түүний хэвлийг эзэмших эрх олгосон эрх зүйн үр дагавар бүхий шийдвэр гэж үзэх боломжгүй.

Тухайн газрын асуудлыг зохицуулсан салбарын хууль буюу Газрын тухай хуулийн /33.1.2 энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж тусгайлан зохицуулж, тус хуулийн 34.1 дэх заалтад газрын асуудал хариуцсан мэргэжлийн байгууллага буюу Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар нь газар эзэмшүүлэх тухай Засаг даргын шийдвэр буюу захирамжийг үндэслэн тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэдэг. Мөн тус компанид газар эзэмших эрх олгосон эрх бүхий Засаг даргын шийдвэр байхгүй болох нь аймгийн архивын тасгийн лавлагаа, мэдээллээс харагддаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Газрын тухай шинэчилсэн хуулиар хуучин олгосон газрын хэмжээ хэмжээнд нь гэрчилгээ олгож байсан. Энэхүү шинэ гэрчилгээг олгохтой холбогдуулаад тухайн үед олгогдсон гэрчилгээг яг хэвэнд нь шинэчлэн олгож байсан.

Энэхүү газрын маргаан үүсээд байгаа асуудал нь зөвхөн энэ 2 компаний хооронд үүсэж буй асуудал биш юм. Тухайн үед зах зээлийн эдийн засаг хүнд байхад манай хувийн компаниуд идэвхитэй үйл ажиллагаа явуулах чадваргүй байсан. 1992-2001 он хүртэл манай барилгын компаниуд ашигтай ажил хийгээгүй юм. Өмч хөрөнгөө сайн мэдэхгүй, тэр үеийн архивт байсан материалуудад үндэслэн газрын шинэчилсэн гэрчилгээ олгож байгаа. Тэр үед эдгээр хүмүүс өмч хөрөнгөө яаж хуваасныг бид мэдэхгүй. Өмч хувьчлалын комисс яаж шийдсэн эсэх нь эргэлзээтэй. Өмчийн баланс, үнийн дүнг харсан үгүй нь мэдэгдэхгүй. Тийм учраас тухайн үед олгогдсон хүсэлт, өргөдөлд нь үндэслэн газрын эзэмшлийг тогтоон бид Засаг даргын захирамж гаргаж, газар олгож өгсөн. Обьектийг бүтэн бүтнээр нь зааж өгч байсан болохоос өнцөг булан бүрээр нь бид заагаагүй. Мөн шинэ, хуучин хүмүүсийн бүрэлдхүүнтэй баг гаргаад шинжээчийн дүгнэлт гаргаад хэрэгт хавсаргачихсан байгаа. Энэ асуудалд аймгийн Засаг дарга буруутаад байх зүйл байхгүй. Бидний зүгээс тэр нь энэ нь гэх юмгүй. Зааж ялгаж өгөөгүй гэж байгаа боловч өөрсдөө бүдүүвч хар зураг, тайлбараа гаргаж өгөөгүй юманд бид дүгнэлт хийх гэдэг нь худлаа асуудал юм. Иймд нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүд энэ асуудалаа тохиролцоод өөрсдөө шийдэлд хүрэхгүй бол асар их цаг хугацаа алдсан асуудал болно.

... Аймгийн Засаг даргын захирамжийг хууль зөрчсөн гэж үзэхгүй байх тул нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.

Гуравдагч этгээд “Дорнод Онон” ХХК-ийн захирал Д.Б- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Манай компани хүсэлт гаргасны дагуу Дорнод аймгийн Засаг даргын 12 дугаар сарын 20-ны өдрийн А/400 тоот захирамжаар манай “Дорнод-Онон” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээ, байршил, заагийг тогтоон өгч газар эзэмших гэрээ байгуулан гэрчилгээгээ авсан.

Анх уг газрыг Хэрлэн сумын Засаг даргын 1997 оны 280 дугаар захирамжаар, газар эзэмших эрхийн 071400009 тоот гэрчилгээтэйгээр эзэмшиж байсан. Хуульд заасан журмын дагуу эрх бүхий этгээдэд хүсэлт гаргасны үндсэн дээр манай компанид уг газрыг эзэмшүүлсэн бөгөөд үүнд хууль бус зүйл байхгүй. Захирамжийн дагуу газар эзэмшсэнээс хойш хуульд заасны дагуу газрын төлбөр, үл хөдлөх хөрөнгийн татварыг тухай бүр тасралтгүй төлсөн. Газар эзэмших гэрээнд заасан үүргээ хуулийн дагуу биелүүлсээр байна.

“Хөх тугт” компани дээр олгогдсон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хэргийн материалтай танилцах явцдаа олж мэдлээ. Дээрхи хөрөнгө нь манай компанийн үндсэн хөрөнгийн бүртгэлд одоо хүртэл байдаг, анх 2001 оны 12 сарын 11-ний өдөр “Дорнод барилга” ХК-ийн нэр дээр нэр бүхий 6 объектын гэрчилгээ гарсан бөгөөд 2012 оны 03 сарын 10-ны өдөр Улсын бүртгэлийн Y-0614006321 тоот гэрчилгээгээр 1209 м.кв “Тоосгон агуулах”-ын зориулалттайгаар манай “Дорнод-Онон” ХХК-д олгосон. Харин “Хөх тугт” ХХК үл хөдлөхийн гэрчилгээтэй гэдгийг хэргийн материалаас олж мэдсэн бөгөөд компани хуулийн дагуу шилжүүлээгүй тул уг компанийн эзэмшиж байгаа 2005 оны гэрчилгээг хууль бус гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан газрын тухайд манай компани зохих журмаар эзэмшиж байгаа тул аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/400 тоот захирамж хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд “Хөх тугт” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “Дорнод Онон” ХХК-ийн захирал Д.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай барилга нь 8 хуваагдаж хувьчлагдахад би өөрөө байсан. Би энэ дотор болж буй процессийг бүгдийг нь мэднэ. Би энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. “Хөх тугт” ХХК-иас захиргааны хэргийн шүүхэд хандаж Дорнод аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/400 тоот захирамжийн заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан байна.

Манай компаниас гаргасан хүсэлтийн дагуу, мэргэжлийн байгууллагаас хийсэн холбогдох үндэслэлийн дагуу Дорнод аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/400 тоот захирамжаар, “Дорнод-Онон” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээ, байршил, заагийг тогтоон өгч 15 жилийн хугацаатайгаар газар эзэмших гэрээ байгуулан гэрчилгээ олгосон.  Иймд манай компани бол хуулийн дагуу ажиллаж байгаа. Анх уг газрыг Хэрлэн сумын Засаг даргын 1998 оны 12 сарын 24-ний өдрийн газар эзэмших эрхийн 071400009 тоот гэрчилгээтэйгээр 60 жилийн хугацаатайгаар эзэмшиж, гэрээ байгуулан манай компанид эзэмшүүлсэн байдаг.

“Дорнод-Онон” ХХК нь 2005 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 4 дүгээр тогтоолоор “Дорнод барилга” ХХК-ийг татан буулгаж, “Дорнод Онон” ХХК-д нэгтгэхээр шийдвэрлэсэн. Тухайн үеийн хууль тогтоомжын дагуу тус компаниуд нэгдсэн. Хуульд заасан журмын дагуу эрх бүхий этгээдэд хүсэлт гаргасны үндсэн дээр манай компанид уг газрыг эзэмшүүлсэн бөгөөд үүнд хууль бус зүйл байхгүй.

Нэхэмжлэгч тал эрх мэдлээр хүч түрэн энэ газрыг эзэмшиж байна. Анхнаасаа энэхүү обьект нь манай обьект байсан, үүнийг анхаарч үзнэ үү. Ингээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч В.Д- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/400 тоот захирамжийн хавсралтын 5 дах заалтад буй 4069 м2 газарт залгаа 3 обьект байдаг. Эдгээр обьектуудыг бүхэлд нь хамарсан орчны газар нь 4069 м2 юм. Нэхэмжлэгчийн зүгээс хууль ёсны эрх ашиг зөрчигдөж байна гэж үзээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалтад заасан шаардлага гаргуулахыг шүүхээс хүссэн.

Захиргааны актыг хүчингүй болгуулах гээд байгаа бол маргаан бүхий захиргааны акт нь хууль бус байх ёстой. 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/400 тоот захирамж хууль зөрчсөн зүйл байхгүй. Гол баримтлах хууль зүйн заалтууд болон холбогдох баримтуудаа үндэслээд гарчихсан захирамж юм. Тэгэхээр маргаан бүхий захиргааны акт бол хууль бус байх ёстой гэдэг шаардлагыг хангахгүй байна.

   Мөн уг хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдсөн байх ёстой. Гэтэл эрх зүйн зөрчилгүй актын хувьд хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн гэж яригдахгүй юм. “Хөх тугт” ХХК-ийн обьектын доодох газар нь анхнаасаа тэдний эзэмшилд байгаагүй гэдэг нь нэхэмжлэгчийн тайлбаруудад гарч байна. Ийм учраас эрх ашиг сонирхол нь хөндөгдөхгүй юм. Тэгэхээр энд эрх ашиг зөрчигдсөн хууль зүйн үндэслэл байхгүй юм.

   “Хөх тугт” ХХК нь анхнаасаа нэхэмжлэл гаргах эрхтэй юу? гэдэг асуудлыг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг шүүх бүрэлдэхүүн анхаараасай гэж хүсэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь заалтад, энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтаас 14.4  дэх заалтад заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаа юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх заалтад заасан хугацаа гэдэг нь “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэж заасан байдаг. Тэгэхээр энэхүү акт гаргагч нь аймгийн Засаг дарга учир урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдэхгүй шууд шүүхэд хандах заалттай байсан. Шүүхийн мэтгэлцээний явцад “Дорнод Онон” ХХК-д 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/400 тоот захирамжаар 4069 м2 газар олгосон гэх 590 тоот албан бичгийг Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газраас “Хөх тугт” ХХК-д хүргүүлсэн нь харагдаж байна. Гэтэл нэхэмжлэгч /хууль мэдэхгүйн улмаас/ 4 сарын дараа Иргэний хэргийн шүүхэд, 5 сарын дараа Захиргааны хэргийн шүүхэд хандсан байна.

Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл харагдаад байна. Үүнийг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд харж үзээсэй гэж хүсэж байна.  Ингээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.            

                                            

ҮНДЭСЛЭХ нь:

 

“Хөх тугт” ХХК нь Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан “...Дорнод аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/400 дугаар захирамжийн хавсралтын 5 дахь заалтыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

Тухайн нэхэмжлэл нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан байна.

Нэхэмжлэгч нь Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамжийг хүлээн аваад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1-д заасан хугацаанд буюу 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцэж байгаа болно.

Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцох боломжгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д- оролцох тул надгүйгээр шүүх хуралдааныг явуулахад татгалзах зүйлгүй гэдгээ утсаар мэдэгдсэн. 

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч хариуцагч нар харилцан буулт хийж, хоорондоо тохиролцож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгоё гэсэн боловч гуравдагч этгээд эвлэрэх боломжгүй гэснийг дурдах нь зүйтэй.

Шүүх хуульд заасан журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг хянаад дараахи үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

“Хөх тугт” ХХК-д 2005 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг, Хивсний үйлдвэрийн урд талд байрлах, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай 710 м2 талбай бүхий складыг 000109497 дугаар, үл хөдлөх эд хөрөнгийн /хууль ёсны өмчлөгч мөн тул/ эрхийн улсын бүртгэлийн Ү-0611003858 дугаарт бүртгэж гэрчилгээ[1] олгосон байна.  

Улмаар аймгийн Засаг дарга 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр А/400 тоот захирамж гарган, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2 дахь хэсэгт заасныг баримтлан, тухайн захирамжийн хавсралтын 5 дахь заалтаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг, Шүр захын зүүн хойд талд 4069 м2 газрыг 15 жилийн хугацаатайгаар “Дорнод Онон” ХХК-д эзэмшүүлэн, гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээг[2] шинэчлэн олгожээ.

Нэхэмжлэгчээс Дорнод аймгийн Засаг даргын гаргасан маргаан бүхий 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/400 тоот захирамжийн хавсралтын 5 дахь заалтыг хүчингүй болгуулах шаардлагын үндэслэлээ “...манай компанид мэдэгдээгүй, мөн үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчийн гэрчилгээтэй, үл хөдлөх хөрөнгөний доорх газрыг ойролцоо /бусдын/ эзэмшлийн газарт хамруулан олгосон” гэх агуулгаар маргаж байна. 

Хариуцагчаас “...Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас лавлагаа тайлбар мэдээлэл авахад “Хөх тугт”  ХХК нь үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай 710 м2 талбай бүхий үл хөдлөхийн гэрчилгээг 2005 онд авсан боловч уг барилгын доорх газрыг эзэмшиж аваагүй учраас газрын кадастрын мэдээллийн сан, жижүүрлэлтийн зурагт тэмдэглэгдээгүй байна. Тухайн үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул улсын бүртгэлийн Ү-0611003858 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон. Энэ нь газар түүний хэвлийг эзэмших эрх олгосон эрх зүйн үр дагавар бүхий шийдвэр биш. Тус компанид газар эзэмших эрх олгосон Засаг даргын шийдвэр байхгүй”[3] гэсэн тайлбар гаргажээ.

Гуравдагч этгээд “Дорнод Онон” ХХК нь тайлбартаа “.... манай компани хүсэлт гаргасны дагуу Дорнод аймгийн Засаг дарга 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/400 тоот захирамжаар “Дорнод Онон” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээ, байршил, заагийг тогтоон өгч газар эзэмших гэрээ байгуулан гэрчилгээгээ авсан. Анх уг газрыг Хэрлэн сумын Засаг даргын 1997 оны 280 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн 071400009 тоот гэрчилгээтэйгээр эзэмшиж байсан. “Хөх тугт” ХХК-д олгогдсон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хэргийн материалтай танилцах явцдаа олж мэдлээ. Дээрх хөрөнгө нь манай компанийн үндсэн хөрөнгийн бүртгэлд одоо хүртэл байдаг. Анх 2001 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Дорнод барилга” ХК-ийн нэр дээр нэр бүхий 6 объектын гэрчилгээ гарсан. 2005 онд “Дорнод барилга” ХК-ийн хувьцааг 100 хувь худалдаж авснаар “Дорнод Онон” ХХК-д нэгтгэсэн. 2012 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Улсын бүртгэлийн Ү-0614006321 тоот гэрчилгээгээр 1209 м2 Тоосгон агуулахын зориулалттайгаар манай компанид олгосон ” [4]гэжээ.

Дорнод аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газраас 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 664 тоот “...Дорнод барилга ХК-д 1998 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 56541 м2 газрыг 60 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн гэрчилгээг Хэрлэн сумын Засаг дарга П.Алтангэрэл /хуучнаар/ олгосон байна. Дээрхи гэрчилгээг аливаа нэг захирамж, шийдвэрийн дагуу олгосон байх тул захирамжийг архиваас шүүлт хийж, лавлагаа гаргаж өгөхийг хүсье“ гэсэн албан бичгийг тус аймгийн Архивын тасагт хүргүүлжээ. Дорнод аймгийн Архивын тасагаас 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 185 тоот “...танай хүсэлтийн дагуу Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 1998 оны захирамжийг шүүж үзэхэд “Дорнод барилга” ХХК-д газар эзэмшүүлсэн тухай баримт байхгүй байна” гэсэн хариу албан бичиг[5] хүргүүлсэн байна.

“Хөх тугт” ХХК нь 2004 оны 12 дугаар сарын 22-нд Үл хөдлөх хөрөнгийн газарт гэрчилгээ авах хүсэлт[6] гаргаж байсныг, мөн Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсээс “Хөх тугт” ХХК-ийн эзэмшилд өнөөдрийн байдлаар газар эзэмших эрх эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй[7]  гэснийг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхээс маргаан бүхий газарт шинжээч томилсон бөгөөд шинжээчийн дүгнэлтэд[8] “...1-т Хэрлэн сумын Засаг даргын 1992 оны 13 тоот захирамжаар Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт Хивсний үйлдвэрийн урд талд “Хөх тугт”ХХК-д 1,17 га газрыг үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, гэрээ, гэрчилгээ олгосон байна. Энэхүү газрын байршил нь одоогийн Үүрийнтуяа хотхоны чанх урд байрлалтай байна,  ... 2-т “Хөх тугт” ХХК-ийн үндсэн хөрөнгөд 710м2 хэмжээ бүхий склад байхгүй, ...3-т Үүрийнтуяа хотхоны чанх урд талд үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар эзэмших эрх авсан 1.17 га газрын 0042533 дугаартай гэрчилгээг ашиглан өөр байршилд буюу Шүр захын зүүн хойд талд “Дорнод Онон ”ХХК-ийн үндсэн хөрөнгийн тооллогод бүртгэлтэй тоосгон агуулахын зориулалттай барилгын дунд хэсгийг хэсэгчлэн давхцуулж 710м2  талбайг авсан байгаа нь нотлогдож байна” гэжээ. 

Нэхэмжлэгч “Хөх тугт“ ХХК-ийн захирал ЛАмарсайхан: Шинжээчдийн дүгнэлтийн 1,2-р заалтууд нь миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй. Шинжээч нар 2005 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр олгосон Улсын бүртгэлийн Ү-0611003858 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгөний доод талын болон орчны газарт хэмжилт, дүгнэлт хийх ёстой байсан. Шинжээчдийн дүгнэлтээр 7 жилийн өмнө тухайн объект миний өмчлөлд шилжсэн болох нь тогтоогдсон, би тухайн үл хөдлөх хөрөнгийг банкинд барьцаанд тавьж байсан гэж няцаалт өгчээ.

Мөн гэрч О.Сарнай “...”Дорнод барилга” ХХК-ийн захирал асан Н.Очиржав нь миний төрсөн эцэг, ..агуулахын улаан тоосгон барилга “Хөх тугт” ХХК-ийн өмч гэж сонссон, уг компани тэр барилгад үйл ажиллагаа явуулж байна лээ” гэж,  гэрч И.Сүхбаатар “...би 1990 оноос “Хөх тугт” ХХК-д гагнуурчинаар ажилд орсон. Намайг ажилд ороход агуулахын улаан тоосгон барилга манай компаний өмчлөлд байсан. 2004-2005 оны үед үл хөдлөхийн гэрчилгээ авсан байх. Тэр үед газар өмчлөлийн хууль гараагүй байсан байх” гэж, гэрч С.Цэцэгмаа “... 2001 оноос эхлэн уг барилгыг агуулахын зориулалтаар ашигладаг болохыг мэдсэн. Баруун талын залгаа 3 хаалга бүхий барилга нь Б- гэдэг хүнийх, харин зүүн талын залгаа 2 хаалга нь Амарсайхан эгчийнх, би 2002 оноос хойш агуулахын журмаар түрээслэн ашиглаж байсан. 2005 онд Амарсайхан эгч банкинд гэрчилгээгээ тавьж зээл авч байсан”[9] гэж тус тус гэрчийн мэдүүлэг өгсөн байна.

   Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 8/2934 тоот[10] албан бичгийг “Дорнод Онон” ХХК-ийн захирал Д.Б-д хүргүүлжээ. Үүнд: “Таны гомдлыг хүлээн авч, холбогдох баримт бичиг, улсын бүртгэлийг хянан үзлээ. “Хөх тугт” ХХК-ийг Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг, Хивсний үйлдвэрийн урд талд байршилтай, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай 710 м2 талбай бүхий складын үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсныг нотолж, 2005 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн Ү-0611003858 дугаар гэрчилгээг тус аймаг дахь Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас холбогдох нотлох баримтыг үндэслэж олгосон байна. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэгт “... энэ хуулийн 7.3, 7.5-д зааснаас бусад тохиолдолд эрхийн улсын бүртгэлийг зөвхөн шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоно” гэж заасан байх тул таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна”  гэсэн хариу хүргүүлснийг дурдах нь зүйтэй.

Захиргааны ерөнхий хуулийн 43, 32 дугаар зүйлд зааснаар захиргааны актыг эрх ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэх, холбогдох баримт бичигтэй танилцах боломжоор хангах үүргийг захиргааны байгууллага зөрчсөн гэж үзэж байна. Хууль бус захирамж /захиргааны акт/ гаргасан хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын үйлдлийг зөвтгөх боломжгүй, төрийн захиргааны байгууллага буруутай үйл ажиллагаагаа зөвтгөх үйлдэл хийгээгүй байна.

Дорнод аймгийн Засаг дарга 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/400 дугаар захирамж гаргахдаа Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “...хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж,  мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д “...хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг газрын алба /төрийн захиргааны байгууллага/ нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаархи үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна” гэж,  мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “...энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж заасныг тус тус анхаарч үзэх ёстой байжээ. 

Дүгнэвэл: Дорнод аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/400 тоот захирамж /хавсралтын 5 дахь заалт/ нь хуулийн шаардлагад нийцээгүй, үндэслэл бүхий хуулийн зүйл заалтыг баримтлаагүй, хэрэглэвэл зохих ёстой хуулийг хэрэглээгүй, утга агуулгын хувьд алдаатай, захирамжийг /актыг/ гаргах бодит нөхцөл байдал, зөрчлийг шалган тогтоогоогүй, захиргааны байгууллага газрын гэрчилгээ олгох ёстой боловч үүргээ биелүүлээгүй, захиргааны байгууллагаас чиг үүргийн хүрээнд ямар үйл ажиллагаа явуулсан болох, хууль бус эс үйлдэхүй гаргасан эсэх,  үүнтэй холбоотой нотлох баримт байхгүй  байна.

Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “...хуульд үндэслэх”, 4.2.5-д “...зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн зарчимд нийцэхгүй байна. 

Иймд дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэхэд, хариуцагч нь тухайн шийдвэрийг гаргахдаа зохицуулалт бүхий хуулийн заалтыг буруу хэрэглэж маргаан бүхий захиргааны акт гаргасны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь нотлогдож байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106,3, 106.3.1, 106.3.12 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч “Хөх тугт” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/400 дугаар захирамжийн хавсралтын 5 дахь заалтыг хүчингүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорнод аймгийн Засаг даргаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Хөх тугт” ХХК-д олгосугай. 

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

            4. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд энэ хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

            Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.БАЯСГАЛАН

 


[1] Хавтаст хэргийн 7-р хуудас

[2] Хавтаст хэргийн 12-13, 48-49-р хуудас

[3] Хавтаст хэргийн 33-р хуудас

[4] Хавтаст хэргийн 35-р хуудас

[5] Хавтаст хэргийн 15-р хуудас, 50-51-р хуудас

[6] Хавтаст хэргийн 55-р хуудас

[7] Хавтаст хэргийн 67-р хуудас

[8] Хавтаст хэргийн 77-84-р хуудас

[9] Хавтаст хэргийн 94-96, 110-114-р хуудас

[10] Хавтаст хэргийн 239-р хуудас