Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2022/0545

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Бын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагч Н.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б

Нэхэмжлэгч Э.Б,

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Н.А,

Гуравдагч этгээд: “Т” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 6167 дугаар дүгнэлтийн “Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205018474 дугаарт бүртгэгдсэн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 11-896900 дугаартай мэдүүлэг бүхий бүртгэлийг хүчингүй болгох” хэсгийг хүчингүй болгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 439 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамсүрэн

Хэргийн индекс: 128/2022/0071/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Э.Б нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагч Н.Ат холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 6167 дугаар дүгнэлтийн “Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205018474 дугаарт бүртгэгдсэн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 11-896900 дугаартай мэдүүлэг бүхий бүртгэлийг хүчингүй болгох” хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 439 дүгээр шийдвэрээр:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.4, 6.6, Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 6167 дугаар дүгнэлтийн “Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205018474 дугаарт бүртгэгдсэн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 11-896900 дугаартай мэдүүлэг бүхий бүртгэлийг хүчингүй болгох” хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

3. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагч Н.А-с гаргасан давж заалдах гомдлын агуулга:

3.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 0439 дүгээр шийдвэрээр шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй ... байна.

3.2. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч нь Улсын ерөнхий байцаагчаас олгогдсон эрхийн хүрээнд Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулинд зааснаар өргөдөл гомдлыг хүлээн авч тухайн бүртгэл улсын бүртгэлийн хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчилтэй баримт бичиг эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгуулах талаар холбогдох иргэн хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулж ажилладаг.

3.3. Хяналтын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 6167 дугаар дугнэлт нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5 дахь хэсэг мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1 дэх хэсгийг тус тус үндэслэж гарсан байхад Захиргааны хэргийн анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамааралгүй Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.2, 183.3 дахь хэсгийг үндэслэл болгож шийдвэрлэсэн гэж үзэж байна.

3.4. Захиргааны хэргийн анхан шатны шүүх Э.Б-н өргөтгөлийн барилга нь тусдаа орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ /2 тоот/ байсаар байхад давхардуулж бүртгэсэн гэж Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, мен газар эзэмших эрхийн гэрчилгээгүй байхад бүртгүүлсэн нь Газрын тухай хууль, орон сууцны 1 болон 2 тоот нийт 59 м.кв талбайд үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгосон байхад орон сууцыг өргөтгөж орон Сууцны тухай хуулийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн байна гэж дүгнэсэн хэдий ч нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

4. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-с гаргасан  давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/736 дугаар захирамжаар "Т" ХХК-ийг Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон, нийтийн зориулалттай орон сууцны 11, 12 дугаар байрны барилгажилтын төслийн хэрэгжүүлэгчээр батламжилж, эрх олгосон бөгөөд төсөл хэрэгжих газрыг тус компанид эзэмшүүлсэн. Тус төслийг хэрэгжүүлэхэд Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр байрны 1 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ хууль зөрчиж олгогдсоноос төсөл хэрэгжих боломжгүйд хүрч, олон оршин суугч, иргэд болон газар эзэмшигч гуравдагч этгээдийн эрх, ашиг зөрчигдөж, хохироод байна.

4.2. Тодруулбал, Улсын мэргэжлийн хяналтын газрын 2014 оны 07 дугаар сарын 10 ны өдрийн 01-01/05, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 01-01/08 дугаар шийдвэрээр тус тус Баянгол дүүргийн 1-р хороо, орон сууцны 11 дугээр байр нь Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалт "Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм ба дүрэм БНбД 22.01.01 /2006”-ын холбогдох заалтуудыг хангахгүй болсон, улсын ахлах байцаагчийн дугнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон тул тус байшингийн ашиглалтыг 2014 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хориглосон.

4.3. Улмаар Нийслэлийн Засаг дарга 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах тухай А/977 дугаар захирамж гаргаж, Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны 11 дүгээр байрыг дахин төлөвлөж, барилгажуулж, тус орон сууцны барилгад уйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг хэрэгжих хугацаанд түр төсөл түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн.

4.4. Мөн Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 02-01/1387 дугаар захирамжаар Орон сууцны тухай хуулийн 151 дугаар зүйлийн 151.6-д "Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцыг буулгах, дахин төлөвлөх, шинээр орон сууц барих талаар аймаг, нийслэлийн Засаг даргын шийдвэр гарснаар тухайн орон сууцыг мэдээллийн нэгдсэн сангаас хасч ашиглах эрх дуусгавар болно" гэж заасны дагуу орон сууцанд үл хөдлөх эд хөрөнгийн өмлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргах ажлыг түдгэлзүүлэх арга хэмжээг авах тухай захирамжийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлсэн байдаг.

4.5. Гэтэл ашиглахыг хориглосон Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр 11 дүгээр байрны 1 тоотод 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Y-2205018474 бүртгэлийн гэрчилгээг олгож, хууль зөрчсөн бүртгэл хийгдсэн байсан тул гуравдагч этгээдийн зүгээс Улсын буртгэлийн ерөнхий газарт гомдол гаргасныг хүлээн авч, хуулийн дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

4.6. Гэтэл анхан шатны шүүх хуулийг илтэд буруу тайлбарлан, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь дараах байдлаар үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх энэхүү маргааны үйл баримтад хамааралгүй буюу Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.2, 183.3 дахь хэсгийг үндэслэл болгож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзнэ.

4.7. Мөн шүүх “Т” ХХК-ийн гомдлоор Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагч бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж хуулийг буруу тайлбарласан. Маргаан бүхий газар нь “Т” ХХК-ийн эзэмшлийн газар, уг газар дээр төсөл хэрэгжүүлэхээр батламжлагдсан этгээд байтал тус компанийг газартай холбоотой асуудлаар гомдол гаргах эрхгүй гэж үзсэн нь үндэслэлгүй ба төрийн захиргааны байгууллагад ямар ч этгээд гомдол гаргах эрх хуулиар олгогдсон.

4.8. Анхан шатны шүүх "нэхэмжлэгч нь нэг үл хөдлөх эд хөрөнгийг давхар бүртгүүлсэн, мөн уг үл хөдлөх эд хөрөнгө нь газар эзэмших эрхийн гэрчилгээ байхгүй хууль зөрчиж баригдсан байна" гэж дүгнэсэн атлаа газар эзэмшигч "Т" ХХК-иас тус газартай холбоотой гомдол гаргах эрхгүй гэх үндэслэлгүй тайлбараар нэхэмжлэгчийн зөрчилтэй эрхийг сэргээсэн нь хуульд нийцэхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

2. Шүүх дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрлэлээ. Үүнд:

3. Нэхэмжлэгч Э.Б нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Н.Ат холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 6167 дугаар дүгнэлтийн “Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205018474 дугаарт бүртгэгдсэн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 11-896900 дугаартай мэдүүлэг бүхий бүртгэлийг хүчингүй болгох” хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ. 

4. Нэхэмжлэгчээс “... хууль тогтоомжийн дагуу зөвшөөрлүүдийг зохих газруудаас авч, ... 11-р байр 1, 2 тоотыг өргөтгөлтэй нийлүүлж зурсан хэмжилтийн зургийн дагуу 239.1 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болгон ... гэрчилгээ авсан” гэж,  хариуцагчаас “...орон сууцны барилгыг үйлчилгээний зориулалттай болгож бүртгүүлэхдээ өөрсдийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ... 11 дүгээр байрны 2 тоот орон сууцны талбайг нийт талбайн хэмжээнд давхардуулж бүртгүүлсэн” гэж, гуравдагч этгээдээс “Нийслэлийн Засаг даргын захирамжаар ... ашиглахыг хориглосон Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх ...Ү-2205018474 дугаарт бүртгэж, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ хууль бус олгогдсоноос төсөл хэрэгжих боломжгүйд хүрч, олон оршин суугч, иргэд хохирч байна” гэж тус тус маргажээ.

5. Хариуцагч нь “Т” ХХК-аас ирүүлсэн гомдлын дагуу хяналт шалгалт хийж, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Бүртгэл хүчингүй болгох тухай” 6167 дугаар дүгнэлтээр нэхэмжлэгч Э.Б болон иргэн Я.Гэрэлмаа нарын эрхийн улсын бүртгэлийн Ү-2205018474  дугаарт бүртгэгдсэн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 11-896900 дугаартай мэдүүлэг, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205032435 дугаарт бүртгэгдсэн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 11-1288843 дугаартай мэдүүлэг бүхий бүртгэлийг тус тус хүчингүй болгосон байна.

6. Анх нэхэмжлэгч Э.Б нь Я.Г-н хамт маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө болох Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2-р хороолол, 11-р байрны 1 тоот орон сууцны зориулалттай 44 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг өмчлөгчөөр бүртгэгдэж, Ү-2205048474 дугаар гэрчилгээ олгогджээ.

7. Нэхэмжлэгч нь Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2004 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Зөвшөөрөл олгох тухай” 59 дүгээр тушаал /хавсралтын 16 дугаар/-д уг орон сууцны зориулалтыг цайны газрын зориулалттай болгон өөрчлөн, улсын бүртгэлийн Ү-2205018474 дугаарт бүртгэж, 239.1 м.кв бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байна.

8. Улмаар хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд маргаан бүхий өргөтгөлийн бүртгэлийг 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хийснээс хойш буюу “Т” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/736 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон, нийтийн зориулалттай орон сууцны 11, 12 дугаар байрны барилгажилтын төслийг боловсруулан хэрэгжүүлэх эрхийг олгож, газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/100 дугаар захирамжийг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг мөн оны 6 дугаар сарын 18-ны өдөр олгосон болох нь тогтоогдож байна.

9. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн  02-01/1387 тоот албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газар луу ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон барилгыг үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргах ажлыг түдгэлзүүлэх арга хэмжээ авч ажиллах талаар мэдэгджээ. Энэ талаар талууд маргаагүй байна.

10. Өөрөөр хэлбэл, ашиглалтын шаардлага хангахгүй байгаа нийтийн орон сууцны зориулалттай барилгыг улсын бүртгэлд бүртгүүлэх тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргах ажлыг түдгэлзүүлэх арга хэмжээ авах албан бичиг нь нэхэмжлэгчийн дээрх бүртгэл хийгдсэнээс хойш гарсан байна.

  11. Анхан шатны шүүх уг бүртгэлийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй талаар зөв дүгнэлт хийсэн тул энэ талаар гаргасан хариуцагчийн болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

  12. Түүнчлэн нэхэмжлэгч Э.Б-н маргаан бүхий барилгын зориулалтыг өөрчлөн бүртгэж, гэрчилгээ олгосноос хойш гуравдагч этгээд “Т” ХХК-ийн өргөдлийн дагуу Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.3 дахь хэсэгт зааснаар бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, Иргэний хууль болон Захиргааны ерөнхий хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд “Т” ХХК нь улсын байцаагчид хандах, шаардах эрхгүй гэж тайлбарласан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй зөв байна.

   13. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 439 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

  

 

 

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

             ШҮҮГЧ                                                          Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ