Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 00083

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             Д.Буянхүү, О.Даваа нарын нэхэмжлэлтэй

                                          иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 142/ШШ2017/000130 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Д.Буянхүү, О.Даваа нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Эрдэнэт Булганы Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-нд холбогдох

“Гэм хорын хохирол 27.157.010 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Д.Буянхүү, О.Даваа, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Буянхүү, О.Даваа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн, хариуцагчийн төлөөлөгч С.Энхбат, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Буянхүү, О.Даваа нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн салбар нь Эрчим хүчний тухай хууль ба Цахилгаан эрчим хүч хэрэглэх тухай дүрэм болон хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй, техник технологийн дүрэм журмаа мөрдөж ажиллаагүйгээс болж Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8-р багийн 11-р гудамжны 8 тоотод оршин суух иргэн Д.Буянхүү, О.Даваа бидний өвлийн 2 давхар сууцны 2 дугаар давхрын цахилгааны сүлжээний оруулгын кабелийн зангилаа хэсэгт халалт үүссэнээр гал гарч хохирол учраад байгаа ба гал хаанаас гарсныг Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч Б.Батсайхан, Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Д.Цэцэгмаа, Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Өвөрхангай аймаг дахь салбарын дэргэдэх техникийн комисс газар дээр нь шалгаж тогтоосон ба гал гарсан шалтгаан нөхцөл нь Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн салбарын буруутай үйл ажиллагаанаас болсон нь Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын байцаагч Д.Цэцэгмаагийн дүгнэлт болон Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 02 тоот шийдвэрээр нотлогдсон байх тул галын аюулын улмаас учирсан хохирол 27 157 010 төгрөгний хохирлыг гаргуулж, биднийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Д.Буянхүүд Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ний зүгээс эрчим хүчээр хангах гэрээ хийхийг удаа дараа шаардсан боловч гэрээгүйгээр эрчим хүч хэрэглэж байсан. Тэгэхдээ цахилгаан эрчим хүчийг гэрээгүйгээр хэрэглэж байснаас гал гараагүй юм.

Нэхэмжлэгч хувийн орон сууцандаа нэмэлт халаагуур тавих гэж эрчим хүчний байцаагч Пүрэвсүрэнгээс ямар халаалт сайн байдаг талаар хувиараа зөвлөгөө авч 5 халаагуур тавьсан байх бөгөөд манай байгууллагад хандаж хүсэлт тавьж, техникийн нөхцөл, зөвшөөрөл аваагүй байна.

Эрчим хүчний сайдын 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 тоот тушаалаар Цахилгаан, Дулаан эрчим хүчээр хангах техникийн нөхцөл олгох журмын нэгдүгээр хавсралтын 3 дугаар зүйлийн 3.5, болон Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3-т зааснаар цахилгаан дамжуулах, түгээх шугам сүлжээнд шинээр холболт хийх, хэрэглэгчийн холбогдсон чадлыг нэмэгдүүлэх шаардлага гарах бүрт техникийн нөхцөл өгөх ёстой байдаг.

Гэтэл нэхэмжлэгч нь халаагуур тавих гэж байгаа талаар нэг ч удаа хариуцсан байцаагч Наранцацралтад болон манай байгууллагад мэдэгдээгүй. Д.Буянхүү нь өөрөө дураараа эрчим хүчний чадлыг хэрэглэгчийн заагт 5 халаагуур тавьж нэмэгдүүлснээс болж гэрийн доторхи цахилгааны утас ачааллаа даахгүй халалт үүссэнээс болж гал гарсан байдаг. Тийм учраас манай байгууллага хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 142/ШШ2017/00130 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг баримтлан хариуцагч Эрдэнэт Булганы Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-с 13 578 505 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Буянхүү, О.Даваа нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13 578 505 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 375 972 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Эрдэнэт Булганы Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-с 225 843 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Буянхүү, О.Даваа нарт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Буянхүү, О.Даваа нараас 150 000 төгрөг, хариуцагч Эрдэнэт Булганы Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-с 150 000 төгрөг тус тус гаргуулан хөрөнгийн үнэлгээний Лэндс ХХК-н Өвөрхангай аймаг дахь салбарт олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Буянхүү, О.Даваа нар давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэгдсэн нотлох баримтуудыг хуульд заасан хэм хэмжээний дагуу үнэлээгүйгээс болж нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын 50 хувийг хэрэгсэхгүй болгосон нь хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч тал үзэж байна.

Нэхэмжлэгчийн орон байранд гал гарсан шалтгаан нь ЭБЦТС ТӨХК-ийн салбарын буруутай үйл ажиллагаанаас болсныг тухайн салбарын техникийн комисс, мэргэжлийн хяналтын газрын эрчим хүчний хяналтын байцаагч Д.Цэцэгмаагийн дүгнэлт болон Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2015.03.24-ний өдрийн 02 тоот шийдвэрээр нотлогдсон нотлох баримтыг анхан шатны шүүх үнэлээгүй байна.

Шүүх бүрэлдэхүүн дээрх нотлох баримтыг зөв үнэлсэн бол нэхэмжлэгчийн орон сууцанд гарсан галын аюул, ЭБЦТС ТӨХК-ийн Өвөрхангай дахь салбарын ажилтнууд болох Пүрэвсүрэн, Наранцацралт, Мөнхбаяр, Тогоодорж нар хөдөлмөрлөх явцдаа албан үүргээ мэргэжлийн түвшинд биелүүлээгүй, хэрэглэгчийн холбодог гадна байрлах хайрцагт цахилгааны хүчдэл хязгаарлах техник хэрэгслийг засварлахгүй шууд холболт хийснээс галын аюул гарсан байхад хэрэглэгч талыг техникийн нөхцөл авалгүй дур зоргоороо халаах төхөөрөмж тавьсан гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагаас дутуу хангасан 13.578.198 төгрөг нэмж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг давж заалдсан гомдолдоо: Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй бөгөөд хууль буруу хэрэглэсэн байна.

Эрдэнэт Булганы Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ны ажилтан Тогоохүү нь гал гарахаас 1 сар орчмын өмнө хүчдэлгүй боллоо гэсэн дуудлагаар Буянхүүгийнд очиж ажиллахдаа гэмтлийн шалтгааныг тогтоож залгаж өгөөд цахилгааны гол утас халж байна.гал гарч болзошгүй солих монтажийг ил гаргах талаар Буянхүүд анхааруулаад явсан байхад галын аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй байснаас 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр яг тэр анхааруулсан газраас нь гал үүсвэрлэн гарсан байна.

Шүүх хариуцагч байгууллагын ажилтнууд хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцдаа гэм буруутай үйлдэл,эс үйлдэхүйгээрээ бусдад учруулсан гэм хорыг хариуцна гэсэн үндэслэлээр хохиролын зарим хэсгийг төлүүлэхээр шийдвэрлэхдээ ийнхүү үзэж байгаа үндэслэлээ тодорхойлж чадаагүй байна.Өөрөөр хэлбэл хэний ямар үйлдэл, эс үйлдлийн улмаас гал гарсан болохыг тогтоогоогүй. Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон ажилтнууд болох Пүрэвсүрэн, Наранцацралт, Тогоодорж нарын ямар үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гал гарсан болох тэдгээрийн хоорондох шалтгаант холбоо нь юу болохыг тогтоож чадаагүй юм.

Харин гал гарсан шалтгааныг Онцгой байдлын газрын улсын хяналтын байцаагч Б.Батсайхан “ цахилгааны аюулгүй байдлыг хангаагүйн улмаас гал түймэр гарсан байх магадлалтай” гэж дүгнэсэн байдаг.

Тэгвэл Эрчим хүчний тухай хуулийн 30.1.3-т техникийн ашиглалтын болон аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөж ажиллах “,30. 1,- 8-д “ өөрийн эзэмшлийн шугам сүлжээ тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн аюулгүй байдал засвар үйлчилгээ баталгаажуулалтыг бүрэн хариуцах” гэж хэрэглэгчийн үүргийг хуульчилсан байна. Хэрэглэгчийн эзэмшлийн зааг гэдгийг “ Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм”-ийн 1.2.1-д ... дамжуулагч.түгээгч, хангагч болон хэрэглэгчийн цахилгаан дамжуулах түгээх сүлжээг өмчлөлийн буюу эзэмшлийн харьяаллаар нь зааглаж байгаа цэгийг хэлнэ гэж тайлбарлажээ. Энэ нь хэрэглэгч өөрийн өмчлөлийн харьяанд байгаа цахилгааны шугамыг эзэмшинэ” гэсэн үг юм.

Мөн түүнчлэн Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн 25.11-д “ иргэн өөрийн орон сууц байрны цахилгаан шугам дотоод холболт цахилгаан хэрэгслийн ашиглалт аюулгүй ажиллагаа галын аюулаас урьдчилан сэргийлэх шаардлагыг бүрэн хариуцах үүрэгтэй” гэсэн байна. Мөн Цахилгаан эрчим хүчээр хангах техникийн нөхцөл олгох журам гэж байдаг бөгөөд уг журмын 3.5-д “ иргэн хуулийн этгээдийн обьект нь анх авсан техникийн нөхцөлд заасан хүчин чадлаас 20 хувиар нэмэгдсэн тохиолдолд техникийн нөхцлийг дахин авна” гэж үүрэг болгосон байхад техникийн нөхцөлөө тогтоолгож аваагүй, шаардлага хангахгүй цахилгааны утас хэрэглэсэн буруутай юм.

Түүнчлэн Даваа Буянхүү нар нь “Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм “-ийн 25.8-д хяналтын болон хангагч байгууллагын шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах тавьсан шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлэх“ гэсэн үүргээ зөрчсөн. Өөрөөр хэлбэл дуудлагаар очсон Тогоодорж “утас чинь халсан байна ачаалал өгч болохгүй шүү” гэж анхааруулсаар байхад өөрсдөө галын аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй, анхаараагүй буруутай юм.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрийг хүчингүй болгоно уу гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Д.Буянхүү, О.Даваа нар нь хариуцагч Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-нд холбогдуулан гэм хорын хохиролд 21.040.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 27.157.010 төгрөг болгон нэмэгдүүлжээ. Харин ЭБЦТС ТӨХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргасан байна.

Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2015 оны 01 дүгээр сарын 20-ны шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг 11-8 тоотод байрлах 2 давхар өвлийн байшингийн мансардны хэсэгт гал гарсны улмаас эд хөрөнгө шатаж үгүй болсон нь Өвөрхангай аймаг дахь салбарын ажилтнуудын буруутай үйл ажиллагаанаас болсон болох нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон гэж Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн болон Онцгой байдлын ерөнхий газрын гамшгаас хамгаалах улсын байцаагчийн дүгнэлтэнд үндэслэн тодорхойлжээ.

2015.01.20-ны шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн 11-8 тоотод байрлах нэхэмжлэгч Д.Буянхүү, О.Даваа нарын өмчлөлийн 2 давхар сууцны мансардны хэсэгт гал гарч шатсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчдын тайлбар, Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2015.01.26-ны өдрийн 137/03 дугаартай дүгнэлт, Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрчим хүчний улсын байцаагчийн 2015.02.17-ны өдрийн 15/07/024/16 дугаартай дүгнэлт, 2015.03.04-ний өдрийн 01 дугаартай гал түймрийн хамтарсан акт, протокол, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр тогтоогджээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын талаар манай байгууллагаас эрчим хүчээр хангах гэрээ байгуулахыг хэрэглэгчээс удаа дараа шаардсан боловч гэрээ байгуулаагүй, үүргээ биелүүлээгүй техникийн нөхцөл авахгүйгээр халаагуур тавьж эрчим хүчний чадлыг нэмэгдүүлсэн, дулаалгын хөөсөнцөр дээр цахилгаан дамжуулагч кабелийг тусгаарлагчгүйгээр шууд наалдуулан байршуулсан нь галын аюулгүй байдлыг хангах дүрэм зөрчсөн зэрэг өөрсдийнх нь буруутай үйл ажиллагаанаас гал гарах шалтгаан болсон учраас манай байгууллага хариуцахгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч нар нь зохих зөвшөөрөлтэй энгийн халаагуур суурилуулсан, техникийн нөхцөл авах талаар мэргэжлийн хүмүүс хэлээгүй, аюулгүй байдлаа хангах үүднээс автомат /пускател/ -ыг мэргэжлийн хүнээр тавиулсан, монтёр Тогоодорж, Пүрэвсүрэн, Наранцацралт нарт дуудлага өгч пускатель, халаагуур тавиулсан, мэргэжлийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж гол гарч хохирол учирсан гэсэн тайлбар гаргаж мэтгэлцсэн байна.

Анхан шатны шүүхийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн дүгнэлт техникийн комиссын акт, гал түймрийн тухай хамтарсан актуудад гал гарсан шалтгаан нөхцөл нь цахилгааны утаснаас үүсвэрлэсэн байх магадлалтай, галын аюулгүй байдлыг хангаагүйн улмаас гал гарсан байх магадлалтай, монтёр Тогоодорж цахилгааны гэмтлийн шалтгааныг тогтоож, тэжээлийн гол утас халж байгаа ачаалал өгөхгүй байхыг хэрэглэгчид сануулсан, байцаагч монтёр Пүрэвсүрэн цахилгааны хэрэглээ нэмэгдсэнтэй холбогдуулан нэмэлт самбар суурилуулах шаардлагатай эсэхийг судлахгүйгээр холбогдох инженер ажилтнуудад мэдэгдээгүй, байцаагч монтёр Наранцацралт цахилгааны сүлжээний гэмтлийг тогтоож чадаагүй, дуудлага хэрхэн барагдуулсан талаар удирдах албан тушаалтнууд хяналт тавьж ажиллаагүй зэрэг үйлдэл эс үйлдэхүй нь гал гарах шалтгаан болсон зэргээр зохигчдын хэн алины гэм буруутай үйлдэл эс үйлдэхүй байсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй юм.

2015.01.20-ны өдрийн орой 22 цагийн үед иргэн Д.Буянхүүгийн сууцны 2 давхарт гал гарсан шалтгааныг аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалахын улсын байцаагч үзэж шалгаад цахилгаан сүлжээнээс гал гарсан гэсэн дүгнэлт хийсэн байх ба Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр Д.Буянхүүгийнх 2014 онд өрөөнүүдээ халаах зориулалтаар 0,8 м2 нэгж хүчин чадалтай 5 ширхэг цахилгаан халаагчийг Ц.Пүрэвсүрэнгээс зөвлөгөө авч ашиглаж байсан

2014.03.12-нд монтёр Ц.Мөнхбаяр, Г.Дэлгэрбат нар иргэн Д.Буянхүүгийн хүсэлтээр байцаагч монтёр Ц.Пүрэвсүрэнгийн шийдвэрээр нэгдүгээр давхарт зочны болон гал зуухны өрөөний цахилгаан сүлжээний зангилаа хэсэгт 63 амперийн 2 ширхэг автоматыг тавьж өгсөн. Цахилгаан халаагчуудыг тавихдаа техникийн нөхцөл олгоогүй. Иргэн Д.Буянхүүгийн ЭБЦТС ТӨХК-ийн Өвөрхангай аймаг дахь салбарт 2014.11.24-ний өдөр хүчдэлгүй болсон талаар дуудлага өгсөн байна. /Дуудлагын журналд бүртгэгдсэн боловч Наранцацралт утсаа аваагүй гэж тэмдэглэсэн/

Байцаагч монтёр Э.Наранцацралт иргэн Д.Буянхүүгийн сууцны цахилгаан сүлжээнд шалгалт хийхэд 2 давхрын хэсэг хүчдэлгүй болсон байсан, тэрээр цахилгаан монтажийг яаж хийснийг мэдэхгүй ганцаараа хийх боломжгүй гэж хэлээд явсан ба энэ талаар удирдах инженер техникийн ажилтнууддаа мэдэгдээгүй.

Ц.Пүрэвсүрэн нь Тогоодоржийн утсыг өгч түүнтэй холбогдсоноор Тогоодорж ирж шалгахад 2 дугаар давхрын 00-ийн утас ажилгүй болсныг ил утсаар 2 дугаар давхар луу баруун талын өрөөний розетканд холбож гэрэлтүүлэгтэй болгосон ба шалгах үед 1 дүгээр давхраас 2 дугаар давхар луу орсон кабель бүлээн байсан бөгөөд гол тэжээлийн кабель ачаалалтай зүйл залгаж болохгүйг гэрийн эзэнд сануулсан байх ба Д.Буянхүүгийнх 00-ийн утасны халаалтыг шалгаж байгаагүй байна гэсэн /хэргийн 1 дүгээр хавтас 9-10 дахь хуудас/ дүгнэлтүүдээс үзэхэд цахилгаан эрчим хүч хэрэглэгч, хангагч байгууллага хоёулаа буруутай болох нь тогтоогдсон байх тул анхан шатны шүүхийн Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар учирсан хохирлыг 50 хувиар бууруулан багасгаж шүүхээс томилогдсон хөрөнгийн үнэлгээний “Лэндс” ХХК 2015.07.27-ны өдрийн үнэлгээг үндэслэн хариуцагч байгууллагаас 13.578.505 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв байна.

Хариуцагч байгууллага гэм буруугүй болохоо нотлох баримтаар нотолж чадаагүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т заасан гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөх зарчим хэрэгжих боломжгүй байна.

Иймд хариуцагч байгууллагын болон нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 142/ШШ2017/00130 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Буянхүү, О.Даваа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар нэхэмжлэгч Д.Буянхүү, О.Даваа нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225.843 төгрөгийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбатын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225.843 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР

 

         ШҮҮГЧИД                                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                            С.УРАНЧИМЭГ