Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 120/2021/0014/З |
Дугаар | 221/МА2022/0555 |
Огноо | 2022-08-17 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2022/0555
Д.Аийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н
Нэхэмжлэгч Д.А
Хариуцагч: Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Засаг дарга
Гуравдагч этгээд: Б.Д
Нэхэмжлэлийн шаардлага: “...Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын гуравдугаар багийн нутагт өвөлжөөний зориулалттай газар эзэмших эрх хүссэн өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, уг өргөдлийг холбогдох журмын дагуу шийдвэрлэж хариу өгөхийг даалгах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 0015 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч Д.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М, гуравдагч этгээд Б.Д, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н нар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамсүрэн
Хэргийн индекс: 120/2021/0014/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын гуравдугаар багийн нутагт өвөлжөөний зориулалттай газар эзэмших эрх хүссэн өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, уг өргөдлийг холбогдох журмын дагуу шийдвэрлэж хариу өгөхийг даалгах” талаар маргасан байна.
2. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 0015 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн:
1 дэх заалтаар Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/71 дүгээр захирамжийг дахин шинэ акт гарах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж,
2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргахгүй бол Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/71 дүгээр захирамж хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н-с гаргасан давж заалдах гомдлын агуулга:
3.1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 120/ШШ2022/0015 дугаартай шийдвэрийг хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй хэмээн үзэж бүхэлд нь эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү хэмээн давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
3.2. Шүүхийн шийдвэрт Газрын асуудал эрхэлсэн байгууллагын тайлбараар 2017 онд “Хүрэн хад”-ны өвөлжөөний газрыг газрын кадастрын мэдээллийн санд хилийн заагийг оруулсанаар маргаан бүхий газар нь Баян-Овоо сумын нутаг дэвсгэрт харьяалагдах болсоноос анх эзэмшүүлсэн шийдвэр хүчингүй болж, уг өвөлжөөний газрыг бусдад эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн гэж нэхэмжлэгчийн зүгээс тайлбарлан маргадаг... хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Газрын асуудал эрхэлсэн байгууллага гэж ямар байгууллага нь тодорхойгүйн зэрэгцээ газар эзэмшүүлэх эрхийг Газрын тухай хуулийн 21.4.3-т зааснаар сумын Засаг дарга хэрэгжүүлдэг. Маргаан бүхий газар нь 1924 оноос хойш Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын газар нутагт хамаарч ирсэнийг хэргийн хүрээнд авагдсан сумдын хилийн цэс тогтоох тухай эрх бүхий байгууллагын шийдвэрээр батлагддаг. 2017 онд сумдын хилийн цэсийг шинэчилэн тогтоосон асуудал байхгүй. Харин газар нутгийн хэмжээ байршилыг нэгдсэн шинэ системд оруулсан үйл явдал болохоос сумдын хилийн цэсийг өөрчлөх, шинэчлэх ажил хийгдээгүй болохыг шүүх анхаарч үзээгүй. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй, нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн зэрэг гуравдагч этгээдийн тайлбарт дүгнэлт хийхгүйгээр хэтэрхий нэг талыг барьж шийдвэрлэсэн. Тухайлбал: Нэхэмжлэгч Д.А нь 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргадаг. Нэхэмжлэлийн шаардлага нь: Баян-Овоо сумын Засаг даргад 2019 онд газар хүссэн өргөдөл өгөхөд түүнийг хүлээн авч шийдвэрлээгүй эс үйлдэхүй байгааг тогтоолгох тухай. 2021 оны 11 дүгээр сарын 24-нд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн гуравдагч этгээд Д-д газар эзэмшүүлсэн Баян-Овоо сумын Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/71 дүгээр захирамжийн Б.Дд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Түүний нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх болсон шалтгаан нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Ц.О-ас Д.Ат олгосон итгэмжлэлийн үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлдэг. Шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Д.А-г нь нөхөр Ц.О-с 2019 онд салсан одоо тус тусдаа гэр бүлтэй болсон талаар мэдүүлдэг. Ийм байхад Ц.Оын газар эзэмших эрх нь 2019 онд хүчингүй болсон талаарх гомдпыг 2021 оны 11 дүгээр сарын 24-нд Аптанцэцэг төлөөлөн шүүхэд нэхэжмлэл гаргах эрхтэй эсэх. А-н эрх хөндөгдсөн үү, Отгонбаярын эрх ашгийг төлөөлж байгаа эсэх талаарх гуравдагч этгээдийн тайлбарыг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч няцаагаагүй байхад шүүх өөрийн санаачилгаар дүгнэлт хийж байгаа нь хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр болсон гэж үзэж байна.
3.3. Өөрөөр хэлбэл: О гэдэг хүн Баян-Овоо сумын Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А71 дүгээр захирамжийн Б.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэл, Д.А-н газар хүссэн өргөдөлд хариу өгөөгүй эс үйлдэхүй байгааг тогтоолгох тухай Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Засаг даргад хариуцагдах нэхэмжлэлтэй захиргааны хэргийг нэг хэрэг гэж үзэн хамтад нь шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн гуравдагч этгээд Д-д газар эзэмшүүлсэн захирамжийг 2012 онд буюу газрын кадастрын системд оруулахаас өмнө буюу 2017 оноос өмнө олгосон байгааг анхааран үзээгүй.
3.4. Иргэн Ц.О-н эзэмшлийн “Хүрэн хад” Цавчирын худаг, Цавчир хүрэн, Цавчирийн хүрэн хад зэрэг нэршлүүдтэй, эдгээр нь нэг газар болохыг хэргийн оролцогчид зөвшөөрдөг. Өвөлжөөний газар нь Өмнөговь аймгийн Ханхонгор, болон Баян-Овоо сумын хилийн заагт оршдог болох нь Ханхонгор сумын ИТХурлын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “Хилийн цэс тодотгон баталгаажуулах тухай” 27 дугаар тогтоолоор, нэхэмжлэгч гуравдагч этгээд нарт эзэмшүүлсэн газарт тухайн үед кадастрын зураг хийгдэж байгаагүй, 2021 онд нөхөн хийлгүүлсэн болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч гуравдагч этгээдийн тайлбар, эзэмшил газрын нэгж талбарын хувийн хэрэгт тухайн кадастрын зураг байхгүй байгаа зэрэг нөхцөл байдлуудаар тус тус тогтоогдож байна хэмээн дүгнэсэн нь маргааны үйл баримтыг зөв тогтоогоогүй байна.
3.5. Тодруулбал хоёр сумын хилийн цэсийг 2015 онд шинэчлэн тогтоосон мэт агуулгатай дүгнэлт болсон. Ханхонгор сумын ИТхурлын энэхүү тогтоолоор Цавчирын хүрэн хад хэмээх газрыг Баян-овоо сумын нутаг биш Ханхонгор сумын нутаг гэж тогтоогоогүй. Энэ хоёр сумын хилийн цэстэй холбоотой маргаан гарч байгаагүй. Гуравдагч этгээд Д нь газрын зураг хийгдсэн бөгөөд 2021 онд нөхөн бүртгүүлсэн болохоос огт шинээр хийлгэсэн зүйл биш. Харин нэхэмжпэгч болон Ц.От газар эзэмшүүлсэн захирамжид кадастрын зураг хийгдэж байгаагүй юм.
3.6. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 1999 оны 12 дугаар сарын18-ны өдөр Ц.От 15.11000443 дугаартай гэрчилгээг олгож газар эзэмших гэрээ байгуулсанаас үзвэл түүнд газар эзэмших эрх үүссэн гэж үзэх бөгөөд энэ эрх нь газрын тоо бүртгэлийн нэгдмэл сангийн программын бүртгэлийн үйл ажиллагаа буюу захиргааны байгууллагын зохион байгуулалтын үйл ажиллагаанаас шууд хамааран хүчингүй болжээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.
3.7. Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд зааснаар Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээ гаргах болохоос өөр сумын газар нутгийг өөрийн сумын иргэнд эзэм ашиглуулах тухай шийдвэр гаргах эрхгүй бөгөөд энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3-д заасанаар илт хууль бус захиргааны акт гэж үзнэ. 47.2-д заасанаар илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна гэж зааснаар Ц.От эзэмших эрх үүссэн гэж үндэслэлгүй юм. Түүний үр дагавараар Д.А, О нарыг тухай газрын эзэмшигч гэж үзэх нь учир дутагдалтай. Мөн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж Ц.О-н газар эзэмших эрх хүчингүй болсон гэж үзэх боломжгүй юм. Уг захирамжийн хугацаа дууссан тул хүчингүй болгож шийдвэрлэсэн. Харин эсэргээрээ хууль бус актыг үндэслэн нэхэмжлэгч нь бусдын газрыг 10 жил хууль бусаар эзэмшиж, Б.Д-н шударгаар олж авсан газар эзэмших эрхийг ноцтойгоор зөрчсөн.
3.8. Гуравдагч этгээд Д-н хувьд Өмнөговь аймгийн Баян-Овоо суын Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 09-ний А/71 дугаар захирамжийг үндэслэн 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 000455671 дугаартай гэрчилгээгээр 1600 мкв газрыг “Цавчирын хүрэн хад”-ны өвөлжөөний бууцны хэмжээгээр эзэмшүүлэхээр шийдвэрлэж гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон нь Д-д газар эзэмших эрх үүссэн гэж үзэхээр байх тул Д.А өвөлжөөний газрыг суллаж өгөхгүй байгаагаас газар эзэмших эрх нь зөрчигдөж, маргаан бүхий өвөлжөөний зэргэлдээ хүү Б.Т-н өвөлжөөг аргагүйн эрхэнд ашиглаж байгаа гэх тайлбарыг буруутгах боломжгүй гэж дүгнэсэн атлаа тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Б.Д-д газар олгосон Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/71 дүгээр захирамжийн биелэлтийг 6 сарын хугацаанд түдгэлзүүлсэн. Хоёр дахь заалтаар шүүхээс тогтоосон хугацаанд шинэ акт гаргахгүй бол Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн а/71 дүгээр захирамжийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүйн зэрэгцээ өөрөө өөрийгөө үгүйсгэсэн ойлгомжгүй байгаа төдийгүй гуравдагч этгээдийн эрхийг ноцтойгоор зөрчиж байна.
3.9. Тодруулбал гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн захирамжийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийгээд түүнийг буруутгах буюу хүчингүй болгох үндэслэлгүй байна гэж дүгнэсэн атлаа уг захирамжийг түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд хүчингүй болгохоор шийдвэрлэж болохгүй гэж үзэж байна.
3.10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “орон нутгийн иргэдийн эзэмшиж, ашиглаж буй газрын зааг хязгаарыг 2017 оноос програмд оруулж эхэлсэн, тухайн үед ийм программ байдаггүй байсан, уг газар нь манай сумын нутагт хамаардаг бөгөөд сумын Засаг даргаас эзэмшиж ашиглах талаар ямар нэгэн захирамж шийдвэр гараагүй байсан..” гэж тайлбарлаж байх боловч Баян-Овоо сумын Засаг дарга нь газар эзэмших талаар гаргасан иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн авч шийдвэр гаргахын өмнө тухайн газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцсан эсэх, тухайн нэгж талбаруудын хилийн зааг ямар байдпаар тодорхойлогдсон, өвөлжөө бууцыг хэрхэн ашиглаж байгаа зэргийг өөрийн бүрэн эрхийн хүрээнд нягтлан шалгасны үндсэн дээр шийдвэр гаргаагүйгээс үүдэн уг маргаан гарчээ... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
3.11. Хэрэгт авагдсан баримтаар Д.А нь 2018 онд Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд шилжиж ирсэн. Түүнээс өмнө тус суманд отор нүүдэллэн амьдарч байгаа айл гэсэн байр суурьтай байсан. Мөн Баян-Овоо сумын Засаг дарга нь газар хүссэн иргэний өргөдөл өөр хүний газартай давхцаж байгаа эсэхийг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хянах болохоос өөр сумын Засаг даргын захирамжтай тулгах, өөр сумаас асуух хууль зүйн үндэслэлгүй бөгөөд бодит байдалд хэрэгжих боломжгүй нөхцөл юм. Тиймээс 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн захирамжаар Б.Д-д газар эзэмшүүлэх хүртэл өөр хүнд уг газрыг эзэмшүүлээгүй байсан тул Б.Д-д газар эзэмшүүлж шийдвэрлэсэн. Засаг даргын үйл ажиллагаа нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Газрын тухай хуульд бүрэн нийцэж байхад хуульд байхгүй шаардлага тавьж түүний үр дагаврыг хүчингүй болгуулж байгаа нь үндэслэлгүй байна.
3.12. Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т зааснаар өвөлжөөний тодорхой нутаг бэлчээрийг талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлал, газрын даац, чадавхийг харгалзан, багийн иргэпийн нийтийн хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга малчдад болзол, гэрээний дагуу хэсэг бүлэгээр ашиглуулах, 52-7 зааснаар өвөлжөө, хаваржааны доорх газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болох хэдий ч уг маргааны хувьд иргэний бодитойгоор эзэмшиж ашиглаж буй өвөлжөөг чухам ямар шалгуураар давхардуулан эзэмшүүлсэн нь тодорхойгүй байна гэж дүгнэсэн нь шүүх хэрэглэх хуулийг хэрэглээгүй, Газрын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Давхардуулан гэдэг нь нэг байршил дээр хоёр удаа буюу давхцуулан олгосон гэдэг утгаар ойлгогдоно. Өөрөөр хэлбэл өмнө нь Баян-Овоо сумын Засаг даргын шийдвэрээр Цавчир хүрэн хад хэмээх газарт газар эзэмшүүлэх тухай шийдвэр гараагүй байсан. Өөр сумын Засаг дарга захирамж гаргаад харьяа сумын иргэнд өмчлүүлсэн хууль бус үйлдлийг зөвтгөх, эрх зүйн үр дагавар үүссэн гэж үзэх боломжгүй юм. Хэргийн материалд авагдсан баримтаар маргаан бүхий газар нь Баян- Овоо сумын нутаг болох нь маргаангүй тогтоогддог. Газрын тухай хуульд зааснаар тухай газар нутагт Баян-Овоо сумын Засаг даргын захирамжаар эзэмшүүлэх ашиглуулах асуудлыг шийдвэрлэх бөгөөд Д-с өөр иргэнд маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн шийдвэр байхгүй. Шүүхээс бусдын эзэмшилд буй өвөлжөөний газрыг давхардуулан олгосон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
3.13. Газрын хил заагийг хэрхэн төлөвлөсөн байсан, ямар шалтгаанаар өөрчлөгдсөн зэрэг тухайн үеийн бодит нөхцөл байдпыг тодруулах, шаардлагатай, энэ нөхцөл байдлууд тодорхой бус, тохиолдолд шүүх хариуцагчийн эрх хэмжээнийхээ хүрээнд гүйцэтгэх боломжтой ажиллагааг нөхөн тодруулах замаар маргааны үйл баримтад дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй буюу шүүхийн шинжлэн судлах боломж, хүрээнээс хэтэрсэн, эдгээр тодорхой бус нөхцөл байдлыг тодруулах ажиллагааг захиргааны байгууллага гүйцэтгэж, зохих байдлыг тодруулсаны үндсэн дээр дахин шинээр захиргааны акт гаргах шаардлагатай байна хэмээн дүгнэсэн нь гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхолыг ноцтой хохироосон шийдвэр болсон. Маргааны хүрээ шүүхийн шинжлэн судлах боломж хүрээнээс хэтэрсэн гэж үзэх ямар нөхцөл байдал байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй байна.
3.14. Газрын хилийн зааг өөрчлөгдөөгүй. Өөрчлөх эрх нь сумын Засаг даргад хамаарахгүй асуудал гэж хариуцагч болон гуравдагч этгээд шүүхийн шатанд маргадаг. Энэ асуудалд дүгнэлт хийгээгүй байж ямар баримт тайлбарыг үндэслэж шүүгч сумын хилийн зааг өөрчлөгдсөн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Мөн шүүхийн шийдвэр бодит байдал дээр хэрэгжих боломжгүй байгаа тул 6 сарын хугацаанд дахин шинэ акт гаргах боломжгүй. Засаг дарга дахин шинэ акт гаргах боломжгүй учраас гуравдагч этгээд Б.Д-д газар эзэмших эрх олгосон Баян-Овоо сумын Засаг даргын 2012 оны А/71 дүгээр захирамж хүчингүй болох нөхцлийг бүрдүүлсэн шүүхийн шийдвэр болсон гэж үзэж байна.
3.15. Иймээс Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 120/ШШ2022/0015 дугаартай шийдвэрийн үндэслэлийг давж заалдах журмаар хянан үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3-д зааснаар хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байх тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол, тайлбарыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв. Үүнд:
3. Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Засаг даргад холбогдуулан “тус сумын гуравдугаар багийн нутагт өвөлжөөний зориулалттай газар эзэмших эрх хүссэн өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, уг өргөдлийг холбогдох журмын дагуу шийдвэрлэж, хариу өгөхийг даалгах” тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/71 дүгээр захирамжийн Б.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлсэн байна.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шүүх хүн, хуулийн этгээд захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүсгэж, нэхэмжлэл гаргасан хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй үндэслэлийг хянадаг.
5. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгч Д.А нь Ц.О-тай гэр бүл болсон, Ц.О тухайн газрын асуудлаар маргах, гомдол гаргах, төлөөлөх эрхийг Д.А-т итгэмжлэлээр олгосон, маргаж буй газрыг анх Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг дарга 1999 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1511000443 дугаар гэрчилгээгээр, 2003 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 32 дугаар захирамжаар Ц.О-т өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлж, улмаар мөн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 37 дугаар захирамжаар газрын хэмжээг 3 600 м.кв болгон нэмэгдүүлсэн байна.
6. Түүнчлэн Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг дарга 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/135 дугаар захирамжаар тухайн газрыг 2017 онд нэвтрүүлсэн газрын кадастрын санд бүртгэхэд Баян-Овоо сумын нутаг дэвсгэрт хамаарч байна гэх үндэслэлээр Ц.О-н өвөлжөөний зориулалттай газар эзэмших эрхийг хүчингүй болгож,
Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/71 дүгээр захирамжаар нэгж талбарын 4603001088 дугаартай газрыг гуравдагч этгээд Б.Д-д өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлж тус тус шийдвэрлэжээ.
7. Ц.О болон Б.Д нарын газар нь давхцалтай, үүнтэй хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар маргаагүй, маргаж буй газрыг нэхэмжлэгч, түүний гэр бүл бодитойгоор өнөөдрийг хүртэлх хугацаанд ашигласан, дээр дурдсан Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын захирамжууд гарч байсан зэргээс гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолдоо “...нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж дурдсаныг хүлээн авч, Д.А-н нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлгүй байна.
8. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасны дагуу цаг хугацааны хувьд Ханхонгор сумын Засаг даргын захирамжаар газар эзэмшиж байсан нэхэмжлэгчийн газартай сүүлд газар эзэмших эрх үүссэн гуравдагч этгээдийн газар давхацсан эсэх, түүнийг бодитоор шалган тогтоосон эсэх, мөн хуулийн 52 дугаар зүйлд заасны дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд маргаж буй газрыг ерөнхий хуваарийн өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа, отрын нөөц нутаг гэсний алинд хамааруулж байсан зэргийг хариуцагч шалган тогтоохгүйгээр 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/71 дүгээр захирамжаар Б.Д-д газар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.
9. Нэгэнт хариуцагч хуулиар хүлээсэн үүргээ бүрэн гүйцэт хэрэгжүүлээгүй, маргаж буй газар ямар шалтгаан нөхцөл, хэний буруутай үйл ажиллагааны улмаас давхцах болсон зэргийг тодруулах нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн тул анхан шатны шүүхийн Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/71 дүгээр захирамжийг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.
10. Нэхэмжлэгч “тус сумын гуравдугаар багийн нутагт өвөлжөөний зориулалттай газар эзэмших эрх хүссэн өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, уг өргөдлийг холбогдох журмын дагуу шийдвэрлэж, хариу өгөхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариу өгөөгүй бус хариу өгөхдөө зохих журмын дагуу нөхцөл байдлыг тогтоохгүйгээр зохих журмын дагуу шийдвэрлээгүй эс үйлдэхүйг гаргасан” хэмээн тайлбарлан маргаж байх тул дээрх актыг 6 сарын хугацаатайгаар түдгэлзүүлж шийдвэрлэсэнтэй холбогдуулан дүгнэлт өгөх боломжгүй юм.
12. Хариуцагч шүүхийн шийдвэрт дурдсан үйл баримт, түүнтэй холбоотой нотлох баримтуудыг цуглуулан шинжлэн судлаад нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авах, эсхүл гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн захирамж дахин гаргах эсэх нь түүний эрх хэмжээ бөгөөд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “...шүүхийн шийдвэр бодит байдал дээр хэрэгжих боломжгүй байгаа тул 6 сарын хугацаанд дахин шинэ акт гаргах боломжгүй, Б.Д-д газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгох нөхцөлийг бүрдүүлсэн” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
11. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ