Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 13

 

                                           Т.Оюунжаргалд холбогдох эрүүгийн

                                                           хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор М.Буяннэмэх,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 90 дүгээр шийтгэх тогтоол,

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 79 дүгээр магадлалтай, 201610000185 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Т.Оюунжаргалын гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1985 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Уужаа овогт Төрмандахын Оюунжаргал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан “Хориглосон эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх” гэмт хэрэгт холбогджээ.

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Т.Оюунжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан “... хориглосон эд зүйлийг бага бус хэмжээгээр Монгол улсын хилээр  нэвтрүүлсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эд хөрөнгө хураахгүйгээр, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй  тэнцэх хэмжээний буюу 9,792,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар торгуулийн ялаас ноцтойгоор зайлсхийвэл торгуулийн хэмжээнээс хамааруулан 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 500,000 төгрөгийг шүүгдэгч Т.Оюунжаргалаас гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Оюунжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэхийн саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Т.Оюунжаргал хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... Миний бие Дундговь аймагт нөхөр болон 0-11 насны 3 охины хамт амьдардаг. Цөөн хэдэн малтай байсан боловч 2009 оны зуднаар бүх малаа барж, ээжийгээ зуданд осолдуулж, аймгийн төвд амьдрах болсон бөгөөд ам бүлд тодорхой ажил эрхэлдэг хүнгүй, хүүхдэд сар бүр халамжаас олгодог 20,000 төгрөг буюу 3 хүүхдийн 60,000 төгрөгийн л тогтмол орлоготой. Хаягдал бүтээгдэхүүн, хоёрдогч түүхий эд цуглуулан өрхийн амжиргаандаа нэмэрлэн, тодорхой хэмжээний орлого олж, ам бүлээ тэжээж, чадлаараа хөдөлмөрлөж байсан. Хаягдал зэсийг хилээр нэвтрүүлэхэд хориглосон байдгийг мэдээгүй. Хил нэвтрэх үед зэсийг түмпэн, авч явсан чемодан, газын баллон зэрэгт хийж явсан бөгөөд эдгээр нь машины арын суудал дээр хэн ч харсан ил байсан. Гаалийн хяналт шалгалтаас зориуд нууж, хилээр хориотой эд зүйлс гаргах санаа зорилго огт байгаагүй. Миний авч явсан зэсний үнэлгээг 800,000 төгрөгөөр тогтоосон бөгөөд энэ үйлдлийн улмаас улсад ямар нэг хохирол учраагүй, зэс бүхэлдээ хураагдаж улсын орлого болсон. Би хийсэн буруутай үйлдэлдээ туйлын их гэмшиж байна. Шүүхээс надад оногдуулсан торгох ял нь баривчлах болон албадан ажил хийлгэх ялаас ч илүү хүнд тусаж байна. Торгууль төлөгдөхгүй бол 3 жилийн хорих ялаар солигдоно гэж шийтгэх тогтоолд бичигдсэн байсан бөгөөд үүнээс маш их айж байна. Бидэнд энэ торгуулийг төлөх ямар ч боломж, эх үүсвэр байхгүй. Албадан ажил хийлгэх ял өгвөл нөхөр маань 3 охиноо харж байх тул надад саад болох зүйлгүй. Эрүүл мэндийн хувьд ч надад харшлах шалтгаан байхгүй. Өмгөөлөгчөөс туслалцаа авах гэхээр төлбөрийн боломж чадвар үнэндээ байхгүй, төлбөрийн чадваргүй хүмүүсийг өмгөөлдөг өмгөөлөгчид маш ховор, тэднээр эрхээ хамгаалуулахад маш их саад дамжлагатай санагдсан. Ингээд миний бие Эрүүгийн хуулийг өөрийн хэмжээнд олж судалсан бөгөөд тус хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч ялимгүйн учир нийгэмд аюулгүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж зааснаар шийдвэрлэх боломж байвал энэ заалтыг хэрэглэж шийдвэрлэж өгнө үү ...” гэжээ.

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд: “... хуулийн дагуу хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэлт шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

Шүүгдэгч Т.Оюунжаргал нь 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сум, 5 дугаар баг, Ханги хилийн боомтоор Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон 800,000 төгрөгийн үнэ бүхий 160 кг зэсийг тээврийн хэрэгсэлд нуун далдалж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх Т.Оюунжаргалын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх бөгөөд хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон, хууль ёсны болжээ.

Эрүүгийн хуулийн 46 дугаар зүйлд ялын төрлүүдийг хөнгөнөөс хүнд рүү дараалуулан томъёолж, албадан ажил хийлгэх, баривчлах ялыг гурав хүртэлх насны хүүхэдтэй эхэд оногдуулж болохгүй байхаар хуульд заасан байх бөгөөд Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулж болох сонгох хамгийн хөнгөн, боломжит ял шийтгэлийг шүүх Т.Оюунжаргалд хэрэглэсэн байна гэж үзэв.

Шүүгдэгч Т.Оюунжаргал “зэсийг хилээр гаргахыг хориглосон байсныг мэдээгүй, нууж далдлаагүй” гэж гомдол гаргасан боловч автомашинд үзлэг хийсэн тухай акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шалгалт хийсэн гаалийн байцаагч Г.Болдгэрэлийн мэдүүлэг зэргээр зэсийг тээврийн хэрэгслийн суудлын доор, арын хаалганууд, урд хөмсөг хэсэг, газын баллон, хойд паарны хайрцаг, хувцасны чемодан зэрэгт зориуд бэлтгэн хийсэн, улмаар үүнийгээ гаальд мэдүүлээгүй нь уг үйлдлийг хийж болохгүй гэдгийг мэдсэн, улмаар гэм буруугийн санаатай хэлбэрийг нотолж байна.

Мөн хуулиар хориглосон бараа гэдгийг мэдээгүй буюу хууль мэдэхгүй байсан гэх үндэслэл нь Эрүүгийн хуулиар хариуцлагаас чөлөөлөх, гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл болохгүй.

Иймд шүүгдэгч Т.Оюунжаргалын “ялын төрөл өөрчлүүлэх, хэргийг хэрэгсэхгүй болгуулах” талаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 90 дүгээр шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 79 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Оюунжаргалын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                       ДАРГАЛАГЧ,

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      Т.УРАНЦЭЦЭГ

                       ШҮҮГЧ                                                                            Д.ГАНЗОРИГ