Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 00085

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    Р.Хуягбаатарын нэхэмжлэлтэй

                                          иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШШ2017/000253 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Р.Хуягбаатарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Ж.Шалууд холбогдох

“Зээлийн гэрээний үүрэг 7.500.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч Ж.Шалуугийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Хуягбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

Нэхэмжлэгч Р.Хуягбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Р.Хуягбаатар нь Ж.Шалууд 2014.11.14-ний өдөр 7 500 000 төгрөг, 2015.01.20-ны хүртэл 0.5%-ийн хүүтэй зээлдүүлж зээлийн гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан. Гэвч одоог хүртэл хүү ч өгсөнгүй, үндсэн мөнгө 7 500 000 төгрөгийг ч өгсөнгүй удсан учраас шүүхэд хандахаас өөр аргагүй болоод байна. Иймээс миний үндсэн мөнгө 7 500 000 төгрөгийг Ж.Шалуугаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Шалуу шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Би өөрийн эхнэр болох Аръяа нь Хангайн бүс худалдааны төвд 2010 оноос 62 дугаар повилонийг 2014 он хүртэл ажиллуулсан. Өөрийн биеийн байдал мөнгөний хэрэгцээтэй байсан учир цаашид ажиллуулж чадахгүй болж уг повилоноо зарахаар зар гаргасан. Зарын дагуу Хангайн бүс худалдааны төвийн түрээслэгч Хуягбаатар дүү Хуягбат хоёр сонирхож авгайдаа повилоныг авч өгөхөөр болоод захын захиргаанд өргөдөл бичээд туслах захирал Уваад өргөдөл бичиж өгөөд улмаар зөвшөөрсөн. Гарын үсэг зуруулж нягтлан Баярмаад өгөөд гэрээгээ солиулж бичүүлэхээр болсон юм. Гэрээгээ бичүүлэх гэж байтал Баярмаа нягтлан хуралтай болчлоо дараа орж ирээд гэрээгээ бичүүл гэхэд Хуягбат түүний авгай Долгоржав бид хоёр орж ирээд бичүүлээд авчихъя гэж тохиролцоод, та одоо очоод мөнгө авчих гээд 15,0 сая төгрөгийг Аръяа тоолж авсан. Үүнээс хойш хоёр сар гаруй болсоны дараа уг 62 дугаар повилон газарт орчихлоо гэж хэлээд хэнч мэдэхгүй байхад та нар газарт орохыг мэдэж байсан гэж олуулаа дайраад явуулахаа больсон. Ингээд бид уулзаж зөвлөлдөөд уг 15 сая төгрөгөө 50%-ыг нь төлөхөөр болж 7,500,000 төгрөгийг тухайн үедээ надад мөнгө байхгүй учраас нотариатаар орсон юм. Гэрээний хугацаа болсон тул бэлэн мөнгө байхгүй 2005 оны 2012 онд орж ирсэн Кунда Тэрекон маркын 70-74 номертой жип машинаа 10.500.000 төгрөгт бодож Хуягбаатарын нэр дээр нь 2014 оны 12 сарын 29 нд авто тээврийн байцаагч дээр очиж нэр дээр нь шилжүүлж өгсөн боловч дахин 4.500.000 төгрөг нэхэж 1,500,000 төгрөг болгож авна гэж гэрт маань иргэн Шаалавыг даралт ихтэй босож чадахгүй байхад дарамталдаг байсан. Тэгээд үүнээс хойш хэсэг чимээгүй болчихсон байсан гэтэл 2017 сарын 02 дугаар сарын 08-нд 7.500.000 төгрөгийг хүүтэй нэхэмжилж шүүхэд өгсөн байсан. Бид энэ мөнгийг Хуягбаатараас тоолж аваагүй гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШШ2017/00253 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Шалуугаас 7 500 000 төгрөг гаргуулан Р.Хуягбаатарт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 134 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 134 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ж.Шалуу давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017-02-22 ны өдрийн 142\ШШ2017\00253 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагаагүй, Ж.Шалуу би “ ... Р.Хуягбаатараас зээлийн гэрээгээр 7.500.000 төгрөг бэлнээр тоолж аваагүй, харин павилон худалдсантай холбоотой маргаан байсан... 2005 оны 2012 онд орж ирсэн Кунда Тэрекон марын 70-74 номертой жип машинаа 10.500.000 төгрөгт бодож Хуягбатын нэр дээр нь 2014-12-29 нд авто тээврийн байцаагч дээр очиж нэр дээр нь шилжүүлж өгсөн ....” гэх тайлбар үэнэ зөвөөр нь гаргаж, хэрэгт ач холбогдол бүхий авто машины гэрчилгээ болон эхнэр Ч.Аръяагийн “Хангай бүс” худалдааны төв лангуу түрээслэн ажиллуулж байсан гэрээний хуулбаруудыг нотлох баримтаар өгсөн боловч шүүх үнэлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх “Хариуцагч Ж.Шалуу нь ... тайлбар татгалзлаа баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэсэн үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Хариуцагч бэлэн мөнгө тоолж аваагүй гэх боловч, зээлийн гэрээ болон зээлийн гэрээний ард бэлэн мөнгө тоолж авсан гэсэн хэсэгт гарын үсэг зурснаа үгүйсгээгүй.

Тиймээс зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй Зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзнэ...” шүүх дүгнэсэн хууль зүйн үндэслэл муутай хэтэрхий нэг талыг барьсан, хэрэгт ач холбогдол бүхий зээлийн гэрээний харилцаа анхнаасаа үүссэн эсэхэд шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй.ҮНДЭСЛЭЛ НЬ:

1.Хариуцагч Ж.Шалуу нь “ манай эхнэр болох Аръяа нь “Хангайн бүс” худалдааны төвд 2010 оноос 62 дугаар повилоныг 2014 он хүртэл ажиллуулсан... повилоноо зарахаар зар гаргасан.Зарын дагуу “Хангайн бүс” худалдааны төвийн түрээслэгч Хуягбаатар, дүү Хуягбат хоёр сонирхож ... захын захиргаанд өргөдөл бичээд туслах захирал Уваад өргөдөл бичиж өгөөд улмаар зөвшөөрсөн... Хуягбат түүний авгай Долгоржав бид хоёр орж ирээд бичүүлээд авчихъя гэж тохиролцоод, та одоо очоод мөнгөө авчих гээд 15.0 сая төгрөгийг Аръяа тоолж авсан.Үүнээс хойш хоёр сар гаруй болсоны дараа уг 62 дугаар повилон газарт орчихлоо гэж хэлээд хэн ч мэдэхгүй байхад та нар газарт орохыг мэдсэн байсан гэж олуулаа дайраад явуулахаа больсан.Ингээд бид уулзаж зөвлөлдөөд уг 15 сая төгрөгөө 50%-ыг нь төлөхөөр болж 7.500.000 төгрөгийг тухайн үедээ надад мөнгө байхгүй учраас нотариатаар орсон юм.Гэрээний хугацаа болсон тул бэлэн мөнгө байхгүй 2005 оны 2012 онд орж ирсэн Кунда Тэрекон марын 70-74 номертой жип машинаа 10.500.000 төгрөгт бодож Хуягбаатарын нэр дээр нь 2014-12-29 нд авто тээврийн байцаагч дээр очиж нэр дээр нь шилжүүлж өгсөн .... Бид энэ мөнгийг Хуягбаатараас тоолж аваагүй учраас шүүхэд хариу тайлбарыг гаргаж байна...” гэснийг “нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй...” гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Анхнаасаа Р.Хуягбаатар, Ж.Шалуу бидний хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй.Намайг таньж мэдэхгүй, дээр нь ямар ч барьцаагүйгээр бэлэн мөнгөө надад итгэж өгөх үү? ... Зөвхөн Наториатаар гэрчилсэн баримтаас гадна бэлэн мөнгө өгсөн эсэх, зээлийн гэрээ хийсэн цаг хугацаанаас хойш повилоныг худалдсан авсан гэх дүү Р.Хуягбатад Ж.Шалуу би авто машинаа шилжүүлээд түүний өмчлөлд өгсөн байдлыг шүүх тодруулаагүй, үнэлээгүйд гомдолтой байна.

2.Нэхэмжлэгч Р.Хуягбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “ Ж.Шалууд 2014-11-14 ний өдөр 7.500.000 төгрөг ... зээлдүүлж зээлийн гэрээ байгуулж наторитаар баталгаажуулсан.... одоог хүртэл хүү ч өгсөнгүй үндсэн мөнгө 7.500.000 төгрөгийг ч өгсөнгүй ... надаас хүүхдээ сургуульд явуулах гэж байгаа гээд мөнгө зээлсэн, дэлгүүр павилоны асуудал надад хамаагүй, манай дүүтэй л хамааралтай байх.Мөнгөө бэлэн тоолж авсан өөрөө гарын үсгээ зурсан...” гэсэн нь дүү Р.Хуягбат “Хангайн бүс” худалдааны төвийн 62 дугаар повилоныг Ж.Шалуугийн эхнэр Аръяагаас худалдаж авсантай шалтгаант холбоотой эсэх.Бэлэн мөнгийг ямар эх үүсвэрээс бий болгож, Ж.Шалуу надад зээлдүүлсэнээ Р.Хуягбаатар нотолж чадаагүй байна.

Шүүх хуралд болсны дараа наториатаар орсон Булгаа наториатч дээр эхнэр Аръяа очиж,’’чиний дэргэд бид мөнгө төгрөг өгөлцөж авалцаагүй...” чиний хариуцлагагүй ажлаас болж, бид аваагүй байж 7.500.000 төгрөг төлөхөөр шүүх шийдлээ гэж гомдол гаргахад “Ж.Шалуу гэдэг хүнээ явуулж, нотариатаар батлуулсэн гэрээг Орхон аймгийн архиваас авч, шүүхэд өгөх боломжтой...” гэсэн байна лээ.Энэ наториатчийг асуухад бид хоорондоо мөнгө өгөлцөж авалцаагүйг хэлэх л ёстой.

Шүүхээс зээлийн маргаан гэж үзсэн нь илт үндэслэлгүй байна.Энэ маргаан нь 62 дугаар повилоныг худалдсан асуудлаас энэ маргаан эх үүсвэртэй бөгөөд Ж.Шалуу миний хувьд хэлэлцэж тохиролцсоноор дүү Р.Хуягбатад 11.500.000 төгрөгт бодож, жип автомашинаа шилжүүлсэн байхад нэхэмжлэгч Р.Хуягбаатар нь зээлийн гэрээ дүр үзүүлэн хийгээд үндэслэлгүй мөнгө нэхэмжилж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй.

Иймд хэргийг тал бүрээс нь нягтлан үзэж, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017-02-22 ны өдрийн 253 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Р.Хуягбаатар 7.500.000 төгрөгийг бэлнээр өгсөн эсэхээ нотолж чадсан эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Р.Хуягбаатар нь хариуцагч Ж.Шалуугаас зээлийн гэрээний үүрэгт 7.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2014.11.14-ний өдрийн зээлийн гэрээнд үндэслэн тодорхойлжээ.

Зохигчид 2014.11.14-ний өдөр 7.500.000 төгрөгийг 2015.01.20-н хүртэл хүүгүйгээр, хугацаа хэтэрсэн хоног дутамд үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор гэрээ байгуулан тухайн өдрөө 7.500.000 төгрөгөө бэлнээр шилжүүлэн өгсөн болохоо нотолж мөнгөн дэвсгэртээр жагсаалт үйлдэж баталгаажуулжээ.

Хариуцагч Ж.Шалуу Р.Хуягбаатарын дүү Р.Хуягбатад 15.000.000 төгрөгөөр павилон худалдсан түүний тал болох 7.500.000 төгрөгөнд зээлийн гэрээ хийсэн. Р.Хуягбаатараас мөнгө зээлж аваагүй гэж мэтгэлцэж байгаа боловч тайлбараа нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

Анхан шатны шүүх хариуцагч Ж.Шалуу нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн үндэслэлээр зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн харилцаа үүссэн байна гэж дүгнэлт хийж, хариуцагч Ж.Шалуугаас 7.500.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч Ж.Шалуугийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШШ2017/00253 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ж.Шалуугийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Ж.Шалуугийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135.000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР

 

         ШҮҮГЧИД                                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                            С.УРАНЧИМЭГ