Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2022/0499

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.У нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Б.У, Ч.Т, Г.Ж,

Нэхэмжлэгч: Б.У нар

Хариуцагч: Завхан аймгийн Алдархаан сумын Сонгуулийн хороо

Нэхэмжлэлийн шаардлага: “Завхан аймгийн Алдархаан сумын Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай 05 дугаар тогтоолын Монгол Ардын намаас нэр дэвшигч Б.Ж нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Завхан аймгийн Алдархаан сумын Өгөөмөр багийн сонгуулийн дүнг хүчингүй болгуулах, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг Өгөөмөр багт дахин явуулахыг хариуцагчид даалгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 13 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Ч.Тойвгоо, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Ц, хариуцагчийн төлөөлөгч Д.Т, гуравдагч этгээд Ж.Б-ын өмгөөлөгч О.М нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамсүрэн

Хэргийн индекс: 118/2020/001/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.У нар нь Завхан аймгийн Алдархаан сумын Сонгуулийн хороонд холбогдуулан “Завхан аймгийн Алдархаан сумын Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай 05 дугаар тогтоолын Монгол Ардын намаас нэр дэвшигч Б.Ж нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Завхан аймгийн Алдархаан сумын Өгөөмөр багийн сонгуулийн дүнг хүчингүй болгуулах, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг Өгөөмөр багт дахин явуулахыг хариуцагчид даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

2. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 13 дугаар шийдвэрээр: Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 74 дүгээр зүйлийн 74.3, 74.6, 77 дугаар зүйлийн 77.1, 79 дүгээр зүйлийн 79.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Завхан аймгийн Алдархаан сумын Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай 05 дугаар тогтоолын Монгол Ардын намаас нэр дэвшигч Б.Ж нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Завхан аймгийн Алдархаан сумын Өгөөмөр багийн сонгуулийн дүнг хүчингүй болгуулах, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг Өгөөмөр багт дахин явуулахыг хариуцагчид даалгуулах шаардлага бүхий иргэн Б.У нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч нараас анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

3.1. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шийдвэрийнхээ үндэслэл хэсэгт “...Ю.Д-д холбогдох зөрчлийн хэргийн материалаас харахад гуравдагч этгээд нар сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн гэх үйл баримт тогтоогдоогүй байна. Монгол Ардын намаас Алдархаан сумын Өгөөмөр багт нэр дэвшигч Б.Ж нар нь ...Улаанбаатар хотоос сонгогчдыг үнэ төлбөргүйгээр тээвэрлэсэн, ...зэргээр сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн тухай зөрчлийн болон эрүүгийн хэрэг эрүүгийн хэргийн шүүхээр шийдвэрлэгдээгүй... тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т заасан энэ хуулийн 47.1, 47.5.1, 47.5.2-т заасныг зөрчсөн болох нь санал хураалтын дүн гарсны дараа шүүхийн шийдвэрээр тогтоогдсон гэх урьдчилсан нөхцөл хангагдаагүй байх тул ...сонгуулийн хорооны тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй ба нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.

3.2. Тодруулбал Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 64 дугаартай шийтгэврээр, 2023000261 дугаартай Ю.Д-д холбогдох зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэж, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 16 дахь хэсгийн 16.1-т заасан “... аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон төлбөргүйгээр үзүүлсэн’’ гэх зөрчил гаргасан болохыг тогтоож, түүнд хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэж, улмаар Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.12.08-ны өдрийн 2021/ДШМЗ/18 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэврийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

3.3. Уг эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхүүдээс зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэхдээ “...Завхан аймгийн Алдархаан сумын Монгол Ардын намын дарга Ю.Д- нь Улаанбаатар хотоос 34 оюутан болоод бусад иргэдийг үнэ төлбөргүй тээвэрлэсэн асуудлыг зохион байгуулсан, тэдгээр иргэдийг аймгийн төвөөс зайтай орших Загастайн даваанаас сонгуулийн санал өгөх байрууд руу хуваан авч, хувийн автомашинуудаар тээвэрлэн хүргэсэн, зарим оюутнуудыг намын байрандаа аваачиж, сонгуулийн саналд нь нөлөөлөх оролдлого хийсэн, мөн тэдгээр автобусаар ирсэн оюутнуудын 8 оюутан нь Алдархаан сумын Өгөөмөр багт сонгуулийн санал өгсөн” зэрэг үйл баримтууд нотлох баримтаар тогтоогдсон талаар дүгнэсэн байна.

3.4. Хэдийгээр уг зөрчлийн хэргээр уг захиргааны хэргийн нэр бүхий гуравдагч этгээд нартай холбоотойгоор зөрчлийг шалгаж тогтоогоогүй хэдий ч тэдэнтэй хамаарал бүхий Монгол Ардын намын даргын үйлдлийг шалган тогтоож, түүний хууль бус үйлдлээр сонгуулийн дүнд нөлөөлөхүйц тооны иргэд үнэ төлбөргүй үйлчилгээ авсны үндсэн дээр Алдархаан сумын Өгөөмөр багт сонгуулийн санал өгсөн үйл баримт нь маргаан бүхий Сонгуулийн хорооны шийдвэр хууль бус болохыг тогтоож шийдвэрлэх хангалттай үндэслэл болохоор байхад анхан шатны шүүхээс буруу дүгнэсэн.

3.5. Өөрөөр хэлбэл хуулиар хориглосон үйлдэл буюу хууль бусаар үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлсэн үйл баримт хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, мөн тэрхүү хууль бус үйлчилгээг нь авсан 8 иргэн Алдархаан сумын Өгөөмөр баг сонгуулийн санал өгсөн үйл баримт нь мөн шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, түүнчлэн тэрхүү 8 гэх тоо нь өөрөө Өгөөмөр багт явагдсан сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөхүйц хэмжээний гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар бүрэн тогтоогдсон байхад тэр хэсгийн сонгуулийн дүн болон сонгуулийн хорооны шийдвэрийг хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй.

3.6. Мөн дээрх зөрчлийн хэрэгт авагдаж, шийтгэвэр болон магадлалын тодорхойлох хэсэгт дүгнэгдсэн Өгөөмөр багт сонгуулийн санал өгсөн иргэд нэхэмжлэгч нарын эсхүл гуравдагч этгээдүүдийн хэний нь төлөө саналаа өгснөөс үл хамаараад сонгуулийн дүнд ноцтой нөлөөлсөн гэж үзэхээр байх ба тэрхүү санал нь өөрөө хууль зөрчсөн үйлдэлтэй холбоотойгоор сонгогчийн саналд нөлөөлсөн үйлдэлтэй холбоотой тул хуульд нийцэхгүй юм.

3.7. Мөн анхан шатны шүүхээс дүгнэхдээ “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.1, 79.1.2-т заасан “сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөх” гэдгийг мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.5-д “Сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөх гэж санал хураалтын явцад гарсан зөрчил нь сонгуулийн дүнд илт нөлөөлөхүйц буюу сонгогдсонд тооцогдсон нэр дэвшигч ба түүний дараах нэр дэвшигчийн авсан саналын зөрүүтэй тэнцүү, эсхүл их байхыг олгоно” гэж тайлбарласан байна. Үүнээс үзэхэд урьд зарласнаас өөр байран санал авсан, санал авахаар зарласнаас өөр өдөр санал авсан, саналын хуудас бүхий зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгийг алдсан, үрэгдүүлсэн зэрэг санал хураалтын явцад гарсан зөрчил нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөхөөр бол санал хураалтыг хүчингүйд тооцож, дахин санал хураалт явуулах талаар зохицуулсан байгуулга бүхий байна. Энэхүү маргааны хувьд тус хуулийн 79.1.1, 79.1.2-т заасан нөхцөл байдал үүсээгүй, нэхэмжлэгч нараас дахин санал хураалт явуулах талаар биш дахин сонгууль явуулах талаар маргаж байгаа энэ тохиолдолд мөн хуулийн 79.5-д заасан зохицуулалт хэрэглэгдэхгүй.

3.8. Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 64 дугаартай шийтгэврээр зөрчилд холбогдогч Ю Дэлгэрнасанг Зөрлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 16 дахь хэсгийн 16.1 дэх заалтад заасан сонгогчдын саналыг татах зорилгоор үнэ төлбөргүй зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлсэн зөрчил үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хариуцлага ногдуулсан байна. Түүний энэ үйлдлийн улмаас нэр бүхий 8 сонгогч Алдархаан сумын Өгөөмөр багт очиж санал өгснөөр тэдгээр сонгогчдын санал нэр дэвшигч Б.У, Ч.Т, Г.Ж нарын сонгуулийн дүнд илт нөлөөлөхүйц байх хэдий ч 8 сонгогч Өгөөмөр багт очиж санал өгсөн энэ байдал нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.1, 79.1.2-т хамаарахгүй байна” гэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.

3.9. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх сонгогчдын тоо нь нийт сонгогчдын 1 хувьд ч хүрдэггүй, санал авах өдөр, байрыг өөрчлөх тохиолдол бараг л гардаггүй байхад эдгээрийг үндэслээд дахин санал хураалтыг явуулж болохоор хуульчилсан атлаа бүхэл бүтэн сонгуулийн хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарчхаад, тэрхүү хэсэгт хууль зөрчигдсөн нөхцөл байдал тодорхой байхад хууль зүйн зохицуулалт нь тусдаа гэдгээр дахин сонгууль явуулахгүй байх нь Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай холбогдох хууль тогтоомжуудын агуулга зарчимд нийцэхгүй.

3.10. Энэхүү агуулгаараа зөвхөн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.1, 79.1.2-т заасан дахин санал хураалтад мөн хуулийн 79.5-т заасан “сонгуулийн дүнд ноцтой нөлөөлсөн” гэдэг зохицуулалт хамааралтай, бусад заалтуудад хамааралгүй мэтээр тайлбарлаж байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна.

3.11. Түүнчлэн сонгогчдын саналыг татах зорилгоор, хууль зөрчин Монгол Ардын намаас зохион байгуулалттайгаар явагдсан үнэ төлбөргүй үйлчилгээний хариуцлагыг ганц хүнд төлөөлүүлэн хүлээлгээд, түүнийх нь үр шимийг бусад намын нэр дэвшигчид нь хүртсэн асуудлыг зөвтгөж болохгүй.

3.12. Хууль зүйн хувьд Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.5-т “Сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөх гэж санал хураалтын явцад гарсан зөрчил нь сонгуулийн дүнд илт нөлөөлөхүйц буюу сонгогдсонд тооцогдсон нэр дэвшигч ба түүний дараах нэр дэвшигчийн авсан саналын зөрүүтэй тэнцүү, эсхүл их байхыг ойлгоно гэж зааснаас үзэхэд Өгөөмөр багт Монгол Ардын намаас үнэ төлбөргүй үйлчилгээ авсны үндсэн дээр сонгуульд санал өгсөн 8 иргэн нь тухайн хэсгийн сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөхүйц нөхцөл байдлыг бий болгосон гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

3.13. Тухайлбал Алдархаан сумын Өгөөмөр багт Ардчилсан намаас нэр дэвшигч, нэхэмжлэгч Б.У-ын хувьд 1 хүний саналаар, Г.Жамъяндорж нь 6 хүний саналаар, Ч.Т, Л.Т нар нь тус бүр 8 хүний саналаар сонгуульд ялагдсан байдаг.

3.14. Түүнчлэн Алдархаан сумын Өгөөмөр баг буюу 4-р тойрогт сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн Б.У нь 186 санал буюу Ардын намаас нэр дэвшигч Ж.Б 187 саналаас ганцхан хүний саналын дутуугаар ялагдсан нь саналын зөрүү 1, зөрчилтэй саналын тоо нь 8 байгааг нь дээрх хуульд заасны дагуу сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөх хэмжээний зөрчил гарсан, цаашлаад дахин сонгуулийг зохион байгуулах хууль зүйн үндэслэл бүрдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагч талаас давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж хуулиар тогтоосон хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

3. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, нөхөн, ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд сонгуулийн сурталчилгаа хийх, сонгогчдын саналыг татах зорилгоор болон дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 47.1.1-д “мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон үнэ төлбөргүйгээр үзүүлэх;”, 47.5-д “Сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд сонгуулийн сурталчилгааны явцад дараах үйлдэл гаргах, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:”, 47.5.1-д “энэ хуульд зааснаас өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийх;”, 47.5.2-т “зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийх;”, 74 дүгээр зүйл “Нэр дэвшигчийг хасах”, 74.3-т “Энэ хуулийн 34.3, 37.2, 47.1, 47.5.1, 47.5.2, 55.2-т заасныг зөрчсөн болох нь санал хураалтын дүн гарсны дараа шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол тухайн шатны сонгуулийн хороо тухайн этгээдийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ” гэж тус тус хуульчилжээ.

4. Дээрх хуулийн зохицуулалтыг маргааны үйл баримттай холбогдуулан авч үзвэл мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон үнэ төлбөргүйгээр үзүүлэх буюу хуульд зааснаас өөр арга хэлбэрээр зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийсэн нь тогтоогдсон бол тухайн этгээдийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон шийдвэрээ тухайн шатны сонгуулийн хороо хүчингүй болгохоор байх бөгөөд Монгол Ардын намаас нэр дэвшиж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон Б.Ж нар нэхэмжлэлийн шаардлагад дурдаж буй сонгуулийн сурталчилгаа дууссан өдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн орой 20 цагаас шөнийн 03 цаг хүртэл Алдархаан сумын Өгөөмөр багийн малчин айлуудаар очиж сонгуулийн сурталчилгаа хийсэн, сонгуулийн өдөр Улаанбаатар хотоос 45 хүний суудалтай автобусаар Өгөөмөр багийн 8 сонгогчийг үнэ төлбөргүй тээвэрлэж,  сонгогчдын санал өгөх эрхэд халдсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, харин уг Өгөөмөр багийн 8 сонгогчийг үнэ төлбөргүй тээвэрлэж, сонгогчдын санал өгөх эрхэд халдсан зөрчлийг Сонгуулийн хорооны дарга Ю.Д үйлдсэн болох нь Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ЗШ/64 дүгээр шийтгэвэр, Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2021/ДШМЗ/18 дугаар магадлалаар тус тус тогтоогдож байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 106.3.14-т заасантай нийцжээ.

5. Нэхэмжлэгч нараас “Завхан аймгийн Алдархаан сумын Өгөөмөр багийн сонгуулийн дүнг хүчингүй болгуулах, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг Өгөөмөр багт дахин явуулахыг хариуцагчид даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Б.Ж нарыг сонгуулийн сурталчилгаа дууссан өдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн орой 20 цагаас шөнийн 03 цаг хүртэл Алдархаан сумын Өгөөмөр багийн малчин айлуудаар очиж биднийг багаар нь дэмжээрэй, намайг сонгоорой гэх агуулга бүхий сонгуулийн сурталчилгаа хийсэн. Мөн дээрх айлуудаар орохдоо архи, ундаа тарааж өгсөн. Сонгуулийн сурталчилгааг зөвшөөрснөөс бусад хугацаанд явуулсан нь бидний Үндсэн хуулиар хамгаалагдсан сонгогдох эрхийг ноцтой зөрчсөн” гэж тайлбарлаж байна.

6. Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 14-т “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно;” гэж зааснаас үзэхэд Сонгуулийн хорооны даргын үйлдсэн зөрчил нь Монгол Ардын намаас нэр дэвшсэн нэр бүхий хүмүүст хамааралгүй бөгөөд нэхэмжлэгч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр сонгуулийн хорооны Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай 05 дугаар тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

7. Учир нь маргааны энэ тохиолдолд Улаанбаатар хотоос ирсэн 8 сонгогч Монгол Ардын намын нэр дэвшигчдэд санал өгсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байхад Сонгуулийн хорооны дарга нь Монгол Ардын намын харьяалалттай гэх агуулгаар сонгуулийн дүнд ноцтой нөлөөлсөн гэж дүгнэх боломжгүй.

8. Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7-д ““Дахин сонгууль” гэж төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг хүчингүйд тооцсон бол тухайн тойрогт энэ хуульд заасны дагуу шинээр явагдах сонгуулийг ойлгоно”, 74 дүгээр зүйлийн 74.6-д “Энэ хуулийн 74.3-т заасны дагуу Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг хүчингүйд тооцсон бол дахин сонгууль явуулна”, 77 дугаар зүйлийн 77.1-д “Сонгуулийн дүн гарсан шийдвэр хүчингүй болсон болон энэ хуулийн 4.7, 74.6-д заасан үндэслэлээр дахин сонгууль явагдана” гэж тус тус зааснаас үзэхэд Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай Сонгуулийн хорооны шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй энэ тохиолдолд хуульд зааснаар дахин сонгууль явуулах үндэслэл  бүрдээгүй байх тул энэ агуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

9. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий 05 дугаар тогтоолоор Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 73 дугаар зүйлийн 73.2, 73.3, 73.4 дэх заалтуудыг үндэслэн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2020 оны сонгуулийн санал хураалтын дүнгээр хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийн нэрсийг хавсралтаар баталж, тэднийг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож, уг шийдвэрийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн, олонхийн санал авсан нэр дэвшигчид нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн  34.3, 37.2, 47.1, 47.5.1, 47.5.2, 55.2-т заасныг зөрчсөн болох нь санал хураалтын дүн гарсны дараа шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, энэ талаар аливаа этгээдээс гомдол, санал гаргаж байгаагүй  нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул гуравдагч этгээд нарыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон тооцсон Завхан аймгийн Алдархаан сумын сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаар тогтоол нь хуульд нийцсэн төдийгүй нэхэмжлэгч нарын сонгогдох эрхийг зөрчөөгүй байна.

10. Иймд нэхэмжлэгч нарын хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэх гомдлыг хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

             ШҮҮГЧ                                                                   Э.ЛХАГВАСҮРЭН

  

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ