Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2018/01462

 

   Т ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

           Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Сэлэнгэ аймгийн Сайхан дахь Сум дундын шүүхийн

            2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 47 дугаар шийдвэр,

            Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 30 дугаар магадлалтай,

            Т ын нэхэмжлэлтэй,

             Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт холбогдох

             Түрээсийн төлбөр 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчТ , нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

            НэхэмжлэгчТ ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Би Сайхан сумын засаг даргын захирамжаар орон сууцны барилга барих зориулалтаар 3500 м.кв талбай бүхий газрыг эзэмшилдээ авч ногоон өнгөтэй төмөр карказан хашаа барьсан. Ингээд газрын маргаан үүсч шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны албан хаагчид 15 хоригдлуудын хамтаар 2016 оны 04 сарын 10-ны өдөр дайран орж гэр хороо барьж ажлаа эхлүүлсэн. М.Энхболд нь асуудал шийдэгдтэл танай хашаа, шавар зуурагч машин, конторын зориулалттай байрыг манай байгууллага нь албан хаагчаа байрлуулах зорилгоор түрээслэе гэсэн саналыг тавьсан. Би үүнийг бодож үзээд “шавар зуурагч машин бол үгүй, конторын зориулалттай байрыг түрээслэх гээд яахав цэвэрхэн эдлээрэй. Харин хашааг бол сарын 2,000,000 төгрөгөөр түрээслэнэ” гэхэд "Манай байгууллага нэг сарын 1,500,000.00 төгрөгөөр түрээслэе" гэснээр сар сард нь өгч авахаар тохиролцож аман гэрээ хийсэн. 2016 оны 05 сарын 12-нд 1 сарын түрээсээ нэхэхэд "Удахгүй өгнө, дээд даргадаа хэлсэн, нэг мөр түрээслэсэн юм чинь өгнө. Төсвөөр баригдаж байгаа болохоор хэцүү юм" гэсэн шалтаг тавьсан. 2016 оны 07 сарын 16-ны өдөр очиж түрээсээ нэхэхэд мөн л шалтаг тавьсаар байсан.  2016 оны 08 сарын 11-ний өдөр түрээсээ нэхэхэд "Өгнө өө, 2016 оны 09 сарын 12-нд нэг мөсөн төлье" гэснээр миний бие аман хэлцлээ зөрчиж түрээсээ төлөхгүй байна гэж үзээд 2016 оны 08 сарын 12-нд ажилчдаа авч очоод хашаагаа буулган авсан. Хашаагаа буулгаж байх үед Дарга М.Энхболд, нягтлан бодогч н.Бямбадорж нар нь "Нэг cap сунгачихаач, одоо 300,000.00 төгрөг өгье. 2016 оны 09 сарын 12-нд нэг мөсөн 7,200,000.00 төгрөгийг төлье гэсэн. Би үүнийг зөвшөөрөөгүй хашаагаа буулгаад аваад явсан. 2016 оны 04 сарын 12-нд ангийн дарга М.Энхболдтой уулзахад манай гэр бүлийн хүн Т.Амарбаясгалан, барилгын даамал Ж.Мөнхбаатар нар нь хамт очсон. Тэр хоёрт хашаагаа нэг сарын 1,500,000 төгрөгөөр түрээслэхээр боллоо гэдгээ хэлж байсан. Хашаа буулгасан өдөр Дарханы хорих ангиас нэмэгдэж 2 ширхэг машин, 4 хянагч ирсэн. М.Энхболдоос буюу шийдвэр гүйцэтгэх хэсгээс 6,000,000 төгрөгийг нэхэхэд "Чадахгүй сүртэй юм бэ, үхрийн сүүлэн дээр хутга гэгчээр чи хашаагаа буулгаад аваад явсан биз дээ. Шүүхдээд аваарай” гэснээр шүүхэд хандаж байна. Бидний хооронд хийсэн аман гэрээ, хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэж байгаа тул 2016 оны 04 сарын 12-ны өдрөөс 2016 оны 08 сарын 12 хүртэлх 1 сарын түрээсийн төлбөр болох 1,500,000 төгрөг, нийт 4 сарын түрээс 6,000,000 төгрөгийг гаргуулж, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

НэхэмжлэгчТ ын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Эд хөрөнгийг хөлслөх гэрээний үүрэгт холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгээс 6,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Сайхан сумын Засаг даргын захирамжаар орон сууцны газар барих зориулалтаар газар авсан байсан. Эднийх газраа 3 жил ашиглаагүй гээд манайд газрыг олгосон. Газрыг давхардуулж олгосон гээд маргаан гарсан. Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн шүүхээр манайд өөр газар олгохоор шийдвэрлэсэн. Урьд нь энэ асуудлаар танай байгууллага болон цагдаагийн байгууллагад хандаж байсан. Тухайн үед М.Энхболд дарга нь байсан бөгөөд “Танай хашааг 5-6 сарын хугацаатай хөлсөлье. Манайх хоригдол ажиллуулж байгаа. Мөн шаврын машин болон конторын зориулалттай угсармал орон сууцыг түрээслэнэ” гэсэн. Конторын зориулалттай байранд хянагч нар нь байрлаж байсан. Мөн хоригдлууд дээр эргэлт ирэхэд ашиглаж байсан. Эхлээд хашааг 2,000,000 төгрөгөөр хөлсүүлнэ гээд сүүлдээ 1,500,000 төгрөгөөр түрээслэхээр болж аман гэрээг байгуулсан. Түрээсийн мөнгийг сар сард нь өгөхөөр тохирсон боловч 6, 7, 8 сарын түрээсийг өгөөгүй. Би ажилтан авчирч хашаагаа буулгаж эхэлтэл М.Энхболд 9 сарыг хүртэл хүлээж бай гэсэн саналыг тавьсан. Мөн нягтлан Ц.Бямбадорж нь 300,000 төгрөг бэлэн өгье нэг сар сунгачих гэсэн. Одоо 6,000,000 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгээс нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч М.Энхболдын шүүхэд гаргасан тайлбарт: Юуны өмнө энэ барилгын талаарх мэдээллийг өгөх нь зүйтэй байна. Манай барилга 3 давхар. Энэ барилгыг барихад зах зээлийн ханш нь 700,000,000 төгрөг болж байна. Гэтэл манай  барилга 300,000,000 төгрөгөөр баригдсан барилга. Илүү дутуу зардалгүй маш нарийн тооцоолол дээр хатуу чанга хяналтын доор баригдсан барилга юм. Энэ хүнтэй хашааны түрээсийн талаар ярьсан зүйл байхгүй.Т  манай газар дээр хашаа барьсан. Хашаагаа ав гэж шаардаж байсан. Хорих ирээд газар шорооны ажил эхлэх гээд хашаан дотор ортолТ  манай эд хөрөнгийг эвдсэн гэж цагдаад хандсан байдаг. Энэ хүн их том хашаа барьсан байсан. Манай газар жижигхэн хэсэг нь байсан. Юу болсон юм бэ гэж асуутал  манаач нь цалин өгөөгүй учир миний мэдлийн юм гээд хашаан дотор оруулчихсан байсан. Ийм асуудлаар цагдаа дээр очоод бид хоёр анх удаа уулзсан. Та манай газар дээрээс хашаагаа буулгаж ав гэсэн шаардлагыг өгсөн. Энэ хүнтэй нэг удаа утсаар та манай газрыг чөлөөл хашаагаа ав гэж ярьсан. Гэтэл урдаас “чи намайг дийлэхгүй би наад газрыг чинь авна. Би мөнгөтэй хүн” гэсэн. Түүнээс хойш энэ хүнтэй дахиж яриагүй. Засаг даргад манай газрыг чөлөөлж өг гэж 2-3 удаа хандаж байсан.Т  олдохгүй байсан. Цагдаа дээр таарсан. ТэгээдТ  эргээд алга болчихсон.Т од мөнгө өгсөн авмаар байна гэсэн хүмүүс хашаа руу дайрдаг байсан. Тэрнээс түрээсийн талаар 1,500,000 төгрөг 2,000,000 төгрөг гэж ярьсан зүйл байхгүй. Энэ хүн яагаад тэгж ойлгосон юм мэдэхгүй байна гэжээ.                                              

Сэлэнгэ аймгийн Сайхан дахь Сум дундын шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 47 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан үндэслэлгүй тулТ ын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт холбогдох түрээсийн төлбөр 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д  зааснаарТ ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 30 дугаар магадлалаар: Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 72 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1” гэснийг “Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Миний бие нь Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр болоод давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна. Учир нь ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах заалтыг зөрчиж бодит байдалд нийцээгүй шийдвэр гаргасан. Миний бие нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум, шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгээс хашаа хөлслүүлсэний төлбөр буюу эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт холбогдуулан 6,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан. Анх би шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчид хашаа түрээслүүлсэн гэж бичсэн ч шүүх хурал дээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт холбогдуулан хариуцагчаас хашаа хөлсөлсөн төлбөр шаардаж байгаагаа тодорхой хэлсэн. Гэтэл анхан шатны шүүх миний нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсаныг анхааран үзэлгүй түрээсийн гэрээгээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон гэх үндэслэлээр бидний хооронд хийсэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Давж заалдах гомдол гаргахад давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1” гэснийг “Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1” гэж өөрчлөөд бусад заалтыг хэвээр үлдээсэн. Гэтэл магадлалын үндэслэх хэсэгт “Зохигчдын шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчид хашааг, эд хөрөнгө хөлслөх гэрээний дагуу шилжүүлж өгөөгүй, харин өөрөө барилга барих зориулалтаар ашиглахаар барьсан бөгөөд талуудын газрын маргааны улмаас хариуцагчид тодорхой хугацаагаар ашиглах боломж олгосон байна, ... гэрээний дагуу эд хөрөнгө шилжүүлэн өгсөн эсэх болон гэрээний үнэ хугацааны талаар тохирсон, талуудын хүсэл зоригийн нэгдэл зэрэг гэрээний гол нөхцөлийн талаар зөвшилцсөн байдал тогтоогдохгүй байх тул зохигчдын хооронд эд хөрөнгө түрээслэх гэрээ байгуулагдаагүй, хариуцагч Сэлэнгэ аймаг Сайхан сумын шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг нь нэхэмжлэгчийн өмнө Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-т заасан хөлс төлөх үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэлгүй байна гэж бичсэн нь ойлгомжгүй байна. Тогтоох хэсэг, үндэслэх хэсэг хоёр зөрүүтэй, тогтоох хэсэгт зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээ хийсэн байна гэж үзсэн юм бол яагаад ... эд хөрөнгө шилжүүлсэн эсэх нь тогтоогдохгүй байна гэж үзээд байгаа юм бэ.

Эд хөрөнгө хөлслөх гэрээг заавал бичгээр хийхийг хууль шаардахгүй, мөн 1 жилээс доош хугацаагаар хийж байгаа эд хөрөнгө хөлслөх гэрээг заавал бичгээр хийх албагүй, аман хэлцлээр хийж болохыг хууль зөвшөөрсөн байгаа. Намайг хашаагаа буулгаад ачаад явах гэж байхад дарга М.Энхболд нь “хашааг чинь хөлсөлж авъя” гэж санал тавьсаныг би зөвшөөрч хашаагаа буулгахаа болиод машин техник, тоног төхөөрөмж ажилчидаа аваад буцсан гэдгийг гэрчүүд гэрчилж нотолж байхад шүүх гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй атлаа, нотлох баримтгүй хариуцагчийн тайлбарт үнэлэлт дүгнэлт өгч газрын маргааны улмаас хариуцагчид хашааг ашиглах боломжийг олгожээ гэж үзсэн нь хэт нэг талыг барьсан шийдвэр болжээ гэж үзэхээр байна.

Харин ч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн дарга М.Энхболд нь намайг ажилчдынхаа хамтаар хашаагаа буулгаж авахаар очиход “Танай хашаа, шавар зуурагч, конторын барилгыг хөлсөлж авъя, бид хөлсийг нь өгье гэж санал тавьж, саналыг нь би хүлээн зөвшөөрч, гэрээний гол нөхцөлөө харилцан тохиролцоод сарын 1,500,000 төгрөгөөр 4 сарын хугацаатай хашаагаа хөлслүүлэх болсон. Ингэж бидний хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлд зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдаж эд хөрөнгийг хөлслөгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлсэн, хөлслөгч тохирсон хугацаанд тохирсон үнийг төлөх үүрэг хүлээсэн. Эд хөрөнгө хөлслөх гэрээг хэдийгээр бичгээр хийгээгүй ч нэг талын тавьсан саналыг нөгөө нь зөвшөөрсөн, талууд харилцан тохирч гэрээний гол нөхцөлөө тохирсон байгаа учраас гэрээ байгуулсанд тооцож болох хуулийн зохицуулалт байгааг анхааран үзээгүйд гомдолтой байна.

Хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн учраас мөнгөө өгөхийг удаа дараа шаардсан. Ингээд би мөнгөө өгөхгүй болохоор нь ажилчдаа авч очоод хашаагаа буулгаж авсан. Энэ үед ня-бо н.Бямбадорж нь “хашаагаа битгий аваач одоо 300,000 төгрөгийг чинь өгье, үлдэгдлийг нь удаахгүй өгнө” гэж гуйсан ч би хашаагаа ачаад явсан. Үүнийг би нотлох баримтаар нотолсон шүүх энэ баримт утасны бичлэгийг анхан шатны шүүх хурлын явцад нотлох баримт шинжлэн судлахад хэлэлцүүлсэн байхад энэ баримтыг яагаад 2 шатны шүүх үнэлэхгүй орхигдуулаад байгааг асуумаар байна. Энэ чинь эд хөрөнгө хөлслөх гэрээ хийгдсэн, үнэ нь ямар ч байсан 300,000 төгрөгөөс дээш гэрээний үнэ яригдсан гэдгийг нотлоод байгаа нотлох баримт юм. Ийнхүү шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн дарга М.Энхболд намайг хууран мэхэлж миний хашааг ашиглачихаад хөлсийг минь өгөхгүй, гэрээ хэлцэл хийгээгүй гэж мэлзэж, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байх бөгөөд түүний башир худал мэдүүлгийг баримтгүйгээр шүүх хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

                                                                  ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэнгүй. 

НэхэмжлэгчТ  нь хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт холбогдуулан түрээсийн гэрээний үүрэг 6,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, манай газар дээр барьсан хашаагаа ав гэж шаардаж байсан, түрээсийн талаар тохиролцсон зүйл байхгүй, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан үндэслэлгүй гэж дүгнэн нэхэмжлэгчТ ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ. Давж заалдах шатны шүүх эд хөрөнгө хөлслөх гэрээний үүргийн эрх зүйн зохицуулалтыг хэрэглэх ёстой гэж дүгнэн, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангаагүй байна.  

НэхэмжлэгчТ  нь Сайхан сумын Засаг даргын захирамжаар орон сууцны барилга барих зориулалтаар олгосон газартаа төмөр карказан хашаа барьсны дараа газар давхцсан гэсэн үндэслэлээр маргаан гарчТ ын эзэмшиж байсан газрын тодорхой хэсэг нь хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт шилжсэн, нэхэмжлэгч газрыг чөлөөлөх үед  нэгэнт баригдсан хашааг тодорхой хугацаагаар ашиглах талаар талууд ярилцаж, хариуцагч нь тодорхой хугацаагаар нэхэмжлэгчийн хашааг ашигласан,    нэхэмжлэгч 2016 оны 08-р сарын 12-нд  хашааг буулгаж аваад явсан үйл баримтын   талаар талууд маргахгүй байна.

НэхэмжлэгчТ  хашаагаа буулгаад аваад явах гэтэл хариуцагч байгууллага нь барилга барих хугацаанд ашиглуулаач гээд сарын 1,500,000 төгрөгөөр тохирч 4 сарын хугацаанд хашаагаа ашиглуулсан, төлбөрөө төлөхгүй болохоор хашаагаа буулгаж авсан гэсэн тайлбар гаргадаг бол хариуцагчийн төлөөлөгч М.Энхболд нэхэмжлэгч талыг хашаагаа буулгаад газар чөлөөл гэдэг шаардлага тавьсан хашааг ашиглах хөлслөх талаар бид огт ярилцаагүй манайх төсвийн хөрөнгөөр барилгаа барьсан. Нэгэнт барьчихсан хашаагаа аваагүй тул бид тодорхой хугацаагаар ашигласан. Хэрэв хашааг нэхэмжлэгч аваад явсан бол бид өөрсдийн хашаагаа барих л байсан гэж тайлбар гаргажээ.

  Гэрч Т.Амарбаясгалан, Т.Энхжавхлан, Ж.Мөнхбаатар нарын шүүхэд өгсөн  мэдүүлгээр 2016 оны 04 дүгээр сарын 02-ны  өдөр нэхэмжлэгчТ той хамт хашаа буулган авахаар ирэхэд хариуцагч нэхэмжлэгчийн хашааг буулгах шаардлагагүй, хашааг ашиглах талаар талууд тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй, хариуцагч нь дээрх мэдүүлгийг няцаасан баримт гаргаагүй байна.

Нэхэмжлэгч нь хашааг ашиглуулсны хөлсийг хариуцагчтай нэг сарын 1,500,000.00 төгрөгөөр тохиролцсон гэж 4 сарын хөлс 6,000,000.00 төгрөг шаардсан боловч боловч зохигчид хэлцлийг бичгийн хэлбэрээр хийгээгүй, хариуцагч хөлс төлөхөөр тохиролцоогүй гэсэн тайлбар гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын барилга барих төсөвт тусгагдсан “хашаа барих зардал”-ын хэмжээгээр хашаагаа ашиглуулсны хөлсөө тодорхойлуулах зорилгоор шүүхэд хүсэлт гаргасан байна. Шүүх уг хүсэлтийг хангасан боловч хариуцагч байгууллагаас “санхүүжилтийн хуваарь”-ийг шүүхэд ирүүлсэн нь учир дутагдалтай байхад нэхэмжлэгчТ ыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлага түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт үндэслэл муутай болжээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааны төрлийг тодорхойлж, хууль хэрэглэн  дүгнэлт хийх боломжгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх өөр өөр дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.   

Иймээс нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

           1. Сэлэнгэ аймгийн Сайхан дахь Сум дундын шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 47 дугаар шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 30 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчТ ын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950.00 /нэг зуун арван мянга есөн зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.АМАРСАЙХАН

 ШҮҮГЧ                                                        Д.ЦОЛМОН