Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 08

 

 

Т.Энхболдын нэхэмжлэлтэй

                           иргэний хэргийн тухай

 

 

                                                                           Хэргийн индекс: 150/2018/00038/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                            Даргалагч:

                           Ерөнхий шүүгчийн үүргийг

                           түр орлон гүйцэтгэгч шүүгч    Б.Батзориг

                             Шүүгчид                                 Д.Буянжаргал

                                                                             Г.Давааренчин

 

                             Оролцогчид

                                Нэхэмжлэгч                             Т.Энхболд

                                Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Ц.Бямбадорж

                               

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг  оролцуулж,  Сэлэнгэ аймгийн Сайхан  сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 183 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлоор Т.Энхболдын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт  холбогдох “Түрээсийн гэрээний үүрэгт 6.000.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Т.Энхболд анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Т.Энхболд би Сайхан сумын засаг даргын захирамжаар орон сууцны барилга барих зориулалтаар 3500м2 талбай бүхий газрыг эзэмшилдээ авч ногоон өнгөтэй төмөр карказан хашаа барьж байсан. Ингээд газрын маргаан үүсч шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны албан хаагчид 15 хоригдлуудын хамтаар 2016 оны 04 сарын 10-ны өдөр дайран орж гэр хороо барьж ажлаа эхлүүлсэн байсан. М.Энхболд нь асуудал шийдтэл танай хашааг шавар зуурагч машин, конторын зориулалттай байрыг манай байгууллага нь албан хаагчаа байрлуулах зорилгоор түрээслэе гэсэн саналыг тавьсан. Би үүнийг бодож үзээд шавар зуурагч машин бол үгүй, конторын зориулалттай байрыг түрээслэх гээд яахав цэвэрхэн эдлээрэй. Харин хашааг бол сарын 2.000.000 /хоёр сая төгрөг/-өөр түрээслэнэ гэхэд "Манай байгууллага нэг сарын 1.500.000 /нэг сая таван зуун мянган төгрөг/-өөр түрээслэе" гэснээр сард нь өгч авахаар тохиролцож аман гэрээ хийгдсэн. 2016 оны 05 сарын 12-нд 1 сарын түрээсээ нэхэхэд "Удахгүй өгнө, дээд даргадаа хэлсэн чинь нэг мөр түрээслэсэн юм чинь өгнө. Төсвөөр баригдаж байгаа болохоор хэцүү юм" гэсэн аар саар шалтаг тавьсан. 2016 оны 07 сарын 16-ны өдөр очиж түрээсээ нэхэхэд мөн л шалтаг тавьсаар байсан. 2016 оны 08 сарын 11-нд очиж түрээсээ нэхэхэд "Өгнө өө 2016 оны 09 сарын 12-нд нэг мөсөн төлье" гэснээр Иргэн Т.Энхболд би аман хэлцлээ зөрчиж түрээсээ төлөхгүй байна гэж үзээд 2016 оны 08 сарын 12-нд ажилчдаа авч очоод хашаагаа буулган авсан. ...М.Энхболдоос буюу шийдвэр гүйцэтгэх хэсгээс 6.000.000 /зургаан сая төгрөг/-ийг нэхэхэд "Чадахгүй сүртэй амьтан бэ? Үхрийн сүүлэн дээр хутга гэгчээр чи хашаагаа буулгаад аваад явсан биз дээ? Шүүхдээд аваарай гэснээр шүүхэд хандаж байна. Бидний хооронд хийсэн аман гэрээ, хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэж байгаа тул 2016 оны 04 сарын 12-ны өдрөөс 2016 оны 08 сарын 12 хүртэлх 1 сарын түрээсийн үнэ болох 1.500.000 /нэг сая таван зуун мянган төгрөг/ нийт 4 сарын түрээс болох 6.000.000- /зургаан сая төгрөг/-ийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхболд анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Т.Энхболд гэдэг хүнтэй манай байгууллага ямар нэгэн аман гэрээ байгуулаагүй. Т.Энхболд нь манай байгууллагын авсан байсан газрыг өөрийнхөө авсан газартай нийлүүлэн том хэмжээний хашаа барьсан. Манай  байгууллага барилгын ажилаа хавар эхлэх болсон. Т.Энхболд орон сууц барина гээд олон иргэдээс урьдчилгаа мөнгө авчихсан байсан. Тэгээд барилга нь баригдахаа больсон гэхэд иргэд манай байгууллага дээр ирж хэл ам хийсэн. Т.Энхболдыг олдохгүй байхаар нь Засаг даргад хашааг нь холдуулж өгнө үү гэдгийг тухайн үед нь хэлж байсан. Манайх төсөв багатай бүх зүйл нарийн тооцоотой учир түрээсийн гэрээ хийх шаардлагагүй гэж ерөнхий газарт батлагдаж байсан. Хорих ангиудаас тусламж авах ёстой байсан. Т.Энхболдод орон сууцны урьдчилгаанд мөнгө өгсөн иргэд манай байгууллагаас мөнгөө нэхдэг байсан. Би Т.Энхболдтой ижил нэртэй болохоор нэг залуу мөнгөө авах гээд намайг ална, манай өвөө, эмээгийн мөнгийг өг гээд асуудал болж байсан удаа ч байгаа. Тэгээд манай байгууллагад хамаагүй гэхээр иргэд “Бид нарын мөнгөөр авсан байгаа энэ хашааг мөн зуурмагийн машиныг нь би авна би авна гэж” дайрч байсан. Бидний зүгээс иргэдэд ингэж болохгүй, Т.Энхболд гэдэг хүнийг дагуулж ир. Хэрвээ болохгүй бол Т.Энхболд гэдэг хүний харьяаллыг тогтоож, шүүхээр шийдвэрлүүлэхгүй бол та нар хэрэгт орно. Хохирсон байдал дээрээ дахиад хохирно гэж 2-3 сарын хугацаанд маш сайн ойлгуулсан. Т.Энхболдоос бид нар мөнгө нэхэмжлэх ёстой юм. Яагаад гэвэл манаач нь цалингаа өгөхгүй байна гээд нүүгээд бүх юмыг нь хаяад явчихсан. Гэтэл манай байгууллага Т.Энхболдын бүх эд хөрөнгийг өөрөө ирж автал нь нэг ч хадаас дутаахгүйгээр харж хандаж байгаад хүлээлгэж өгсөн. Бид гэрээ байгуулах бол  ерөнхий газарт хянуулж, ерөнхий газар зөвшөөрвөл олгосноор гэрээ байгуулдаг.  Т.Энхболдтой бид ямар ч гэрээ хэлцэл хийгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бямбадорж анхан шатны  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед барилга баригдах үед Т.Энхболд гэдэг хүнтэй би хальт нэг удаа тааралдаж байсан. Тухайн үед надтай ярилцаагүй. Хашааны хувьд ярихад иргэд тухайн үед манай дарга байсан М.Энхболдын ярьснаар маш олон хүмүүс ирж Т.Энхболдын тоног төхөөрөмжийг авна гэж ярьж байсан. Манаач нь Т.Энхболд бид нартай холбогдохгүй байгаа. 2-3 сарын цалингаа аваагүй гэж ажлаа хаяад явчихсан. Мөн “Сөгнөгөр хайрхан” ХХК-ийн нүх ухаж овоолсон шороог иргэд бид нарыг зайлуулж өг гэдэг байсан. Тухайн үед Т.Энхболд аман гэрээ хийсэн гэж ярьж байгаа боловч манай дарга надад энэ талаар хэлж байгаагүй юм. Би энэ талаар мэдээгүй. Хэрвээ аман гэрээ хийсэн бол би цааш нь даргатайгаа ярилцах байсан. Би энэ асуудлыг анх 2018 онд мэдсэн. Т.Энхболд алга болсон гэх 04 дүгээр сараас 08 дугаар сар хүртэлх хугацаанд манай байгууллагатай аман гэрээ хийсэн. Мөн түрээсийн төлбөр авах ёстой гэж нэг ч удаа ирж уулзаж байгаагүй гэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан  сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 183 шийдвэрээр:

            “1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар үндэслэлгүй тул Т.Энхболдын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт холбогдох эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 6.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 110.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Энэ хэрэгт нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримт болох СD-ийг хэрэгт хавсаргасугай...” гээд эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний бие Сэлэнгэ аймгийн Сайхан сумын шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх хэсгээс хашаа хөлслүүлсэний төлбөр буюу эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт холбогдуулан 6.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан. Шүүх миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. ...Бидний хооронд гэрээ хийгдсэн гэдгийг нябо Ц.Бямбадорж ямар ч байсан 300.000 төгрөгөөс дээш хөлсөлсөн нотолсон. Манай ажилчид ямар ч байсан Т.Энхболд хашаагаа хөлсөлсөн юм гэдгээ хэлээд гэрчлээд хашаагаа авалгүй буцсанаа хэлээд байгаа. Иймд  үндэслэлгүй шийдвэр гаргасан анхан шатны шүүхийн 183 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  энэ хүн хашаагаа түрээслүүлсэн нэж ярьдаг. Бидний хувьд түрээсийн гэрээ гэж огт хийгээгүй. Анх барилга барих үед хашаа нь байсан түүнийгээ аваад явсан. Биднээс хашааг ашигласан гээд нэхээд байсан тул арга буюу би хувиасаа 300.000 төгрөг өгье. гэсэн түүнээс биш ямар нэгэн гэрээ хэлцул хийгдээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гэрсэн гэж үзэж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Энхболд нь хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  хэсэгт холбогдуулан түрээсийн төлбөр 6.000.000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч  бидний хооронд ямар нэгэн гэрээ хэлцэл хийгдээгүй, Т.Энхболд нь манай барилга барих газарт хашаа барьсан байсан тул түүнийгээ ав гэсэн шаардлага гаргаж байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч Т.Энхболд нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын засаг даргын захирамжаар орон сууцны барилга барих зориулалтаар  олгосон газарт буюу  Сайхан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт  төмөр краказан  хашаа барьсан  бөгөөд хашаа барьсаны дараа талуудын хооронд барилга барих газар давхцсан гэсэн маргаан гарчээ.

Маргаан шийдвэрлэх явцад   нэхэмжлэгч Т.Энхболдын эзэмшиж байсан газрын тодорхой хэсэг нь хариуцагч  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт шилжиж түүнтэй холбогдуулан газар чөлөөлөх асуудал  гарах үед зохигчид  газар дээр баригдсан хашааг тодорхой хугацаагаар ашиглах талаар талууд тохирсоноор хариуцагч нь тодорхой хугацаагаар хашааг ашигласан  байна. Зохигчид хашааг ашигласан талаар хэн аль нь маргадаггүй.

 Харин зохигчид хашааг ашигласны төлбөрийн талаар тохирсон эсэх талаар маргадаг.  Нэхэмжлэгч Т.Энхболд  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “2018 оны 04 сарын 12-ны өдөр ирээд хашаагаа буулгаад аваад явах гэтэл хариуцагчийн төлөөлөгч М.Энхболд нь барилга барих хугацаанд ашиглуулаач гээд сарын 1.500.000 төгрөгөөр тохирч, 4 сарын хугацаанд хашаагаа ашиглуулсан” гэж тайлбарладаг бол хариуцагчийн төлөөлөгч М.Энхболд нэхэмжлэлийн татгалзалаа  “Т.Энхболдыг  хашаагаа буулгаад газар чөлөөл гэдэг шаардлага тавьсан хашааг ашиглах хөлслөх талаар бид огт ярилцаагүй, манайх төсвийн хөрөнгөөр барилгаа барьсан. Нэгэнт хашаагаа барьчихсан, Т.Энхболд хашаагаа аваагүй тул бид тодорхой хугацаагаар ашигласан. Хэрэв хашааг нэхэмжлэгч аваад явсан бол бид өөрсдийн хашаагаа барих л байсан“ гэж, хариуцагчийн төлөөлөгч Ц.Бямбадорж тухайн үед манай дарга  тэр хашааг түрээсэлж байгаа, гэрээ хийсэн гэдэг талаар хэлээгүй. 8 сар хүртэл түрээс мөнгө гэж нэхэмжилсэн зүйл огт байхгүй. Харин Т.Энхболд нь маргаан үүсгээд байсан тул би 300.000 төгрөг өгье гэсэн, энэ бол зөвхөн бид хоёр дунд л яригдсан. Түүнээс биш  гэрээ болон түрээсийн  гэрээ хийсэн зүйл байхгүй. Т.Энхболд нь 08 сард хашаагаа буулгаад аваад явсан гэж  тус тус    тайлбарлажээ.

 

Хэргийн  үйл баримтаас үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-т заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн бөгөөд  нэхэмжлэгч Т.Энхболдын  хашааг хариуцагч байгууллага нь  4 сарын хугацаанд ашигласан  болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Харин ашигласан хугацааны төлбөрийн хувьд талууд маргаантай байгаа бөгөөд  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын хүсэлтээр Хөрөнгийн үнэлгээний “Тод үнэлгээ” ХХК-иар тухайн орон нутагт  барилгын хамгаалалтын  бүсийн хашаа түрээслэх зах зээлийн ханшийг тодорхойлуулжээ.

 Зохигчид хашаа хөлсөлсөн үнийн талаар тодорхой мөнгөн дүнгээр тохиролцсон эсэх нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй, энэ талаар зохигчид маргаантай байгаа тул шинжээчийн үнэлгээний тайланг үндэслэн  барилгын хамгаалалтын бүсийн хашааны түрээсийн сарын төлбөрийг 739.881 төгрөгөөр тооцон   Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-т зааснаар хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хэлтсээс барилгын хамгаалалтын бүсийн хашааны түрээсийн  4 сарын төлбөр /739.881х 4 сар =2.959.524/  2.959.524 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Энхболдод олгох нь зүйтэй  зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

   Анхан шатны шүүх хэрэгт авагдсан  нотлох баримт, зохигчдын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь  хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй боловч давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан  нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын заримыг хангах үндэслэлтэй гэж  үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   1. Сэлэнгэ аймгийн Сайхан  сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 183 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн

1 дэх заалтыг:

“1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-т зааснаар хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хэлтсээс барилгын хамгаалалтын бүсийн хашааны түрээсийн төлбөр 2.959.524 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Энхболдод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.040.476 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж

2 дахь заалтыг :

“2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч  Т.Энхболдоос тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110.950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж,  хариуцагчаас 62.302  төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Т.Энхболдоос давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 110.950 төгрөгөөс гомдол хангагдсан хэмжээгээр буюу 62.302 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй                     

 

 

                                   ДАРГАЛАГЧ                           Б.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧИД                              Д.БУЯНЖАРГАЛ

                                                                                   Г.ДАВААРЕНЧИН