Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 030

 

К.Серикбайн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 82 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 9 дүгээр багт оршин суух Санырау овогт Көлбайн Серикбайн нэхэмжлэлтэй, тус сумын 3 дугаар цэцэрлэгт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, хариуцагчийн төлөөлөгч С.Бахытгүл, хариуцагчийн өмгөөлөгч Я.Сьезд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 3 дугаар цэцэрлэгийн галчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Миний бие Цэнгэл сумын 3 дугаар цэцэрлэгт 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр галчаар ажилд орсон. Ажлаа зохих журмын дагуу хийж байсан. Ажилласан хугацаанд ямар нэгэн зөрчил гаргаагүй. Ажлаа хэвийн хийж байхад хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ш.Майгүл 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Б/19 дугаартай тушаалаар гэнэт ажлаас чөлөөлсөн. Ямар нэгэн зөрчил гаргаагүй хэвийн ажиллаж байсан намайг ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Учир нь намайг ажилд авахад 2016 оны төсөв хүрэлцээтэй гэж ажилд оруулсан 2017 онд төсөв батлагдаагүй байхад төсөв хүрэлцэхгүй гэдэг нь үндэслэлгүй. Миний хөдөлмөрийн гэрээг ямар ч зөрчилгүйгээр цуцалж байгаа нь хууль зөрчиж байна гэж үзэж байна. Миний бие хөдөлмөрийн гэрээг цуцлах санаачилга гаргаагүй. Миний хууль ёсны эрх ашгийг хамгаалж хуулийн дагуу ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгч К.Серикбайн нэхэмжлэлийн шаардлагыг дараах хууль зүйн үндэслэлээр эс зөвшөөрч байна. Боловсролын сайд, Сангийн сайдын 1995 оны 227/199 тоот хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтаар хөдөө сумдад үйл ажиллагаа явуулж буй Хүүхдийн цэцэрлэгийн орон тооны дээд жишгийг тогтоосон байдаг юм. Боловсролын сайд, Сангийн сайдын 1995 оны 227/199 тоот хамтарсан тушаалыг үндэслэл болгон тус хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 1 дүгээр сарын 01-ны өдрийн Б/01 тоот тушаалаар тус хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн 2016 онд ажиллах орон тоо, бүтцийг өдрийн 3 бүлэг, 75 хүүхэдтэй, нийт 16 багш, ажилчидтай байхаар баталсан байна. Тус цэцэрлэг нь 2016 оны 1 дүгээр сарын 01-ээс эхлэн 16 орон тоотойгоор ажиллаж байгаад 2016 оны 03 дугаар сарын 01-ээс Баян-Өлгий аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаас төсөвт тодотгол хийсэн учраас Цэнгэл сумын хүүхдийн 3 дугаар цэцэрлэгт нэг бүлэг нэмж байгуулах шийдвэр гаргасан тул Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Бүлэг нэмж ажиллуулах тухай № Б/232 захирамжаар гарсан юм. Одоо тус цэцэрлэгт өдрийн 1 бүлэг нэмэгдсэн учраас өдрийн бүлгийн багш 1, туслах багш 1 нийт 2 орон тоо нэмэгдэн нийт 18 орон тоотой багш, ажилчид ажиллаж байна. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байгаад 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн Х.Марина нь ажлаас чөлөөлөгдөхийн өмнөхөн тус сумын иргэд Х.Бахыт, Т.Бахытжан, К.Серикбай, С.Хамария нарын 4 хүнийг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр галчийн ажилд тус тус томилжээ. Гэтэл 2016 оны 1 дүгээр сарын 01-нд баталсан орон тоогоор цэцэрлэгт 3 галчийн орон тоонд Б.Хосымбек, Ш.Кенжетал, А.Аманкелди, слесарь Х.Төлепберген нар одоо хүртэл ажиллаж байна. Үүнээс үзэхэд 18 ажилтантай 1 цэцэрлэгт 7 галч ажиллана гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Иймд цаашид тус цэцэрлэгт ажиллуулъя гэхэд орон тоо нь байхгүй учраас ажиллуулах ямар ч боломжгүй тул нэхэмжлэгч К.Серикбайн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 82 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан К.Серикбайг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 3 дугаар цэцэрлэгт галчийн орон тоонд эгүүлэн тогтоожээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ш.Майгүл би Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 82 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх К.Серикбайн нэхэмжлэлтэй Цэнгэл сумын Хүүхдийн 3 дугаар цэцэрлэгт холбогдох хөдөлмөрийн маргаантай иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт ач холбогдолтой, хамааралтай талаас үнэн зөв үнэлж чадаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэн хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна. Боловсролын сайд, Сангийн сайдын 1995 оны 227/199 тоот хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтаар сумдын Хүүхдийн цэцэрлэгийн орон тооны дээд жишгийг тогтоосон байдаг юм. Боловсролын сайд, Сангийн сайдын 1995 оны 227\199 тоот хамтарсан тушаал ёсоор Цэнгэл сумын хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч 2016 оны 01 дүгээр сарын 01-ны өдрийн Б\01 тоот тушаалаар Хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн 2016 онд ажиллах орон тоо, бүтцийг баталж, өдрийн 3 бүлэг, 75 хүүхэдтэй, нийт 16 багш, ажилчидтай байхаар тогтоожээ. Тус цэцэрлэг нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ээс 16 орон тоотойгоор ажиллаж байгаад 2016 оны 3 дугаар сарын 01-ээс Баян-Өлгий аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаас төсөвт тодотгол хийсэн тогтоол, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 14-ны өдрийн Бүлэг нэмж ажиллуулах тухай" № Б\232 захирамжаар тус Хүүхдийн 3 дугаар цэцэрлэгт нэг бүлэг нэмж байгуулах шийдвэр гарсан юм. Ингээд тус цэцэрлэгт өдрийн 1 бүлэг нэмэгдсэн учраас өдрийн бүлгийн багш 1, туслах багш 1, нийт 2 орон тоо нэмэгдсэнээр нийт 18 орон тоотой багш, ажилчид ажиллаж байна. Үүнээс илүү бүр болон түр орон тоо тус цэцэрлэгт байхгүй юм. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Х.Марина нь 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ажлаас чөлөөлөгдөхөөс хэдхэн хоногийн өмнөхөн орон нутгийн сонгууль болох гэж байгааг далимдуулан Х.Бахыт, Т.Бахытжан, К.Серикбай, С.Хамария нарын 4 хүнийг 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдөр галчийн ажилд томилох шийдвэр гаргаж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. Гэтэл 2016 оны 01 дүгээр сарын 01-нд баталсан орон тоогоор тус цэцэрлэгт 3 галчийн бүр орон тоон ажилд Б.Хосымбек, Ш.Кенжетай, А.Аманкелди, слесарь Х.Төлепберген нар одоо хүртэл ажиллаж байгаа нь тэднийг томилсон тушаал, цалин хөлс олгож байсан хүснэгтээр нотлогдож байна. Иймд К.Серикбайг тус цэцэрлэгт шүүхийн шийдвэрээр ажиллуулъя гэхэд бүр орон тоо болон гэрээт ажилтан гэсэн орон тоо байхгүй учраас түүнийг цаашид ажиллуулах боломжгүй юм. Тус цэцэрлэгт ажиллаж буй үйлчилгээний албан хаагчид нь өвлийн улиралд галчийн ажилтай хамт манаачийн ажлыг хавсран гүйцэтгэдэг ба зуны цагт байгууллагын халаалт зогсоодог учраас манаачийн ажил болон байгууллагын засварыг гүйцэтгэдэг юм. Үйлчилгээний ажилтан нарын ажил үүргийг ийнхүү зохицуулсан байхад тус цэцэрлэгт 7 галч ажиллана гэсэн боломж байхгүй гэдгийг анхан шатны шүүх анхаарч үзээгүй явдалд гомдолтой байна. Галч бөгөөд манаач Ш.Кенжетайг 2016 оны 01 дүгээр сарын 01-ээс 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл галч, манаачаар ажиллуулж цалин хөлс олгож байсан санхүүгийн баримт хэрэгт авагдсан байгаа юм. Төсвийн тухай хуулиар төсвийн шууд захирагч нь тухайн байгууллагын батлагдсан төсвийн дагуу санхүүгийн үйл ажиллагаа явуулж, төсвийн сахилгыг нарийн чанд сахин биелүүлэх ёстой юм. Иймээс батлагдсан орон тооноос илүү хүн авч ажиллуулах нь Төсвийн тухай хуулийг ноцтой зөрчсөн үр дагавар үүсгэх юм. Тус цэцэрлэгийн 2017 оны төсөвт гэрээт ажилтны хөлсөнд нэг ч төгрөг тусгагдаагүй байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна. Иймд Баян-Өлгий аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 82 дугаар шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэгч К.Серикбайн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх К.Серикбайн гаргасан гомдлыг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/19 дүгээр тушаалаар 2016 оны жилийн эхэнд тус байгууллагын батлагдсан орон тооноос илүү ажлын байранд ажиллаж буй гэсэн үндэслэлээр ажилтан К.Серикбайг тус байгууллагын галчийн ажлаас чөлөөлжээ. Ажил олгогчийн санаачилгаар ажилтныг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4.-т заасныг баримталсан боловч шийдвэртээ батлагдсан орон тооноос илүү ажлын байранд ажиллаж буй гэж үндэслэсэн нь хоорондоо зөрүүтэй буюу хуульд нийцээгүй ба хэрэгт цугларсан баримтаар хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон үйл баримт тогтоогдоогүй байна.

 

Ажил олгогчоос батлагдсан орон тоо байхгүй, цалингийн сан хүрэлцэхгүйн улмаас ажилтныг ажиллуулах боломжгүй гэсэн үндэслэлээр 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 17 дугаартай албан бичгээр К.Серикбайд мэдэгдэх хуудас хүргүүлсэн гэх боловч тухайн мэдэгдэх хуудсыг ажилтанд гардуулсан нь нотлогдоогүй, ажилтныг ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-т заасан аль нэг үндэслэлийг баримталсан нь тодорхойгүй байх тул Цэнгэл сумын хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/19 дүгээр тушаалын К.Серикбайд холбогдох хэсгийг хууль ёсны байх шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэлгүй.

 

Хариуцагчийн тайлбар болон давж заалдах гомдолд К.Серикбайг Цэнгэл сумын хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Х.Марина нь өөрөө ажлаас чөлөөлөгдөхөөс хэдхэн хоногийн өмнө галчийн ажилд томилох хууль бус шийдвэр гаргасан гэх боловч энэ нь ажилтныг ажлаас чөлөөлөх, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэл болохгүй юм.

 

Иймд дээрх үндэслэлээр К.Серикбайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ. Хуульд зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 82 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ

 

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

 

 

С.ӨМИРБЕК