Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 082

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 9 дүгээр багт оршин суух, утас 95531340, РД:БЛ71110518 Санырау овогт Көлбайн Серикбай нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 3 дугаар цэцэрлэг / эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Майгүл, утас 99415686/-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саулеш, хариуцагчийн өмгөөлөгч Я.Сьезд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Айбек нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Цэнгэл сумын 3 дугаар цэцэрлэгийн галчийн орон тоонд эгүүлэн тогтоолгох тухай.

Нэхэмжлэгч К.Серикбай шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Цэнгэл сумын 3 дугаар цэцэрлэгт 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр галчаар ажилд орсон. Ажлаа зохих журмын дагуу хийж байсан. Ажилласан хугацаанд ямар нэгэн зөрчил гаргаагүй. Ажлаа хэвийн хийж байхад хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ш.Майгүл 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Б/19 дугаартай тушаалаар гэнэт ажлаас чөлөөлсөн. Ямар нэгэн зөрчил гаргаагүй хэвийн ажиллаж байсан намайг ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Учир нь намайг ажилд авахад 2016 оны төсөв хүрэлцээтэй гэж ажилд оруулсан 2017 онд төсөв батлагдаагүй байхад төсөв хүрэлцэхгүй гэдэг нь үндэслэлгүй. Миний хөдөлмөрийн гэрээг ямар ч зөрчилгүйгээр цуцалж байгаа нь хууль зөрчиж байна гэж үзэж байна. Миний бие хөдөлмөрийн гэрээг цуцлах санаачилга гаргаагүй. Миний хууль ёсны эрх ашгийг хамгаалж хуулийн дагуу ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч К.Серикбайн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саулеш шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч К.Серикбайн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч К.Серикбай нь 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхэлж Цэнгэл сумын хүүхдийн 3 дугаар цэцэрлэгт галчаар ажилд орсон. Энэ ажлын байран дээр хөдөлмөрийн гэрээг нь 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаатай байгуулсан. Өөрөөр хэлбэл энэ хүн хугацаатай хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан. Гэтэл шинээр томилогдсон эрхлэгч Ш.Майгүл нь 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/16 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37, 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалтуудыг үндэслэл болгож К.Серикбайн хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Нэгэнт хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж хөдөлмөрийн харилцаа үүссэн тул хугацаатай хөдөлмөрийн гэрээний хугацаанд ажиллах боломжтой гэж үзэж эрхээ сэргээхээр шүүхэд гомдол гаргасан юм. Хууль зүйн үндэслэл нь ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлгүй. Ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль нэг заалтыг баримтлах ёстой. Энэ дээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Мөн хөдөлмөрийн гэрээний 5 дахь хэсэгт зааснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль нэгийг баримтлан гэж заасан байдаг. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Цэнгэл сумын 3 дугаар цэцэрлэгийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Майгүл шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч К.Серикбайн нэхэмжлэлийн шаардлагыг дараах хууль зүйн үндэслэлээр эс зөвшөөрч байна. Боловсролын сайд, Сангийн сайдын 1995 оны 227/199 тоот хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтаар хөдөө сумдад үйл ажиллагаа явуулж буй Хүүхдийн цэцэрлэгийн орон тооны дээд жишгийг тогтоосон байдаг юм. Боловсролын сайд, Сангийн сайдын 1995 оны 227/199 тоот хамтарсан тушаалыг үндэслэл болгон тус хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 1 дүгээр сарын 01-ны өдрийн Б/01 тоот тушаалаар тус хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн 2016 онд ажиллах орон тоо, бүтцийг өдрийн 3 бүлэг, 75 хүүхэдтэй, нийт 16 багш, ажилчидтай байхаар баталсан байна. Тус цэцэрлэг нь 2016 оны 1 дүгээр сарын 01-нээс эхлэн 16 орон тоотойгоор ажиллаж байгаад 2016 оны 03 дугаар сарын 01-нээс Баян-Өлгий аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаас төсөвт тодотгол хийсэн учраас Цэнгэл сумын хүүхдийн 3 дугаар цэцэрлэгт нэг бүлэг нэмж байгуулах шийдвэр гаргасан тул Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Бүлэг нэмж ажиллуулах тухай № Б/232 захирамжаар гарсан юм. Одоо тус цэцэрлэгт өдрийн 1 бүлэг нэмэгдсэн учраас өдрийн бүлгийн багш 1, туслах багш 1 нийт 2 орон тоо нэмэгдэн нийт 18 орон тоотой багш, ажилчид ажиллаж байна. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байгаад 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн Х.Марина нь ажлаас чөлөөлөгдөхийн өмнөхөн тус сумын иргэд Х.Бахыт, Т.Бахытжан, К.Серикбай, С.Хамария нарын 4 хүнийг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр галчийн ажилд тус тус томилжээ. Гэтэл 2016 оны 1 дүгээр сарын 01-нд баталсан орон тоогоор цэцэрлэгт 3 галчийн орон тоонд Б.Хосымбек, Ш.Кенжетал, А.Аманкелди, слесарь Х.Төлепберген нар одоо хүртэл ажиллаж байна. Үүнээс үзэхэд 18 ажилтантай 1 цэцэрлэгт 7 галч ажиллана гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Иймд цаашид тус цэцэрлэгт ажиллуулъя гэхэд орон тоо нь байхгүй учраас ажиллуулах ямар ч боломжгүй тул нэхэмжлэгч К.Серикбайн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3-д зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Майгүлд мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй ба мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хэргийг хариуцагчийн эзгүйд хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хянан шийдвэрлэсэн болно.

Шүүх хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь, хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/15 дугаартай ажилд томилох тухай тушаалаар К.Серикбайг тус цэцэрлэгийн галчийн орон тоогоор авч ажиллуулан, мөн өдөр Хөдөлмөрийн гэрээг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаатай байгуулан нэхэмжлэгч К.Серикбай, хариуцагч Цэнгэл сумын Хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Х.Марина нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Гэхдээ Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах болсон шаардлага, шалтгаан, харилцан тохиролцсон нөхцөл байдлын талаар хөдөлмөрийн гэрээнд тодорхой тусгаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь заалт зөрчигдсөн байна.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч нь 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/19 дугаар тушаалаар Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1,16.5.3 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4 дэх заалт, 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалт, Сургуулийн Өмнөх Боловсролын тухай хуулийн 11.1, Монгол Улсын Боловсролын сайд, Сангийн Сайдын 1995 оны 227/199 тоот хамтарсан тушаалын 2 дугаар хавсралт ба аймгийн боловсролын газрын 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн шинэчилсэн орон тооны дээд жишгийг тус тус үндэслэн галч К.Серикбайг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлөхөд доорх байдлаар хууль зөрсөн байна. Үүнд:

-Монгол Улсын Төсвийн тухай хууль 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүчингүй болсон байхад энэ хуулийг үндэслэл болгосон нь буруу байна. 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Төсвийн тухай хууль дагаж мөрдөгдөж байгаа.

-Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-д заасны дагуу хэзээ ямар эрх бүхий байгууллагын шаардсанаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь тодорхойгүй.

-Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-ийн дагуу хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нь болохыг баримтлаагүй,

-Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасан үүргээ зөрчиж, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар хөдөлмөрийн гэрээг хугацаанаас нь өмнө өөрийн санаачилгаар цуцлах тухайгаа бичгийн хэлбэрээр ажилтан К.Серикбайд мэдэгдээгүй, мэдэгдэх хуудас өгөөгүй,

-Хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Б/01 дугаартай Орон тоог батлах тухай тушаалын хавсралтаар баталсан орон тооны 7 дугаарт галчийн орон тоо 3 гэсэн ба уг галчийн орон тоонд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Б/04 дугаар тушаалаар А.Амангелд, мөн өдрийн эрхлэгчийн Б/03 дугаар тушаалаар Б.Косымбек нарыг тус тус түр томилон, Хөдөлмөрийн гэрээг 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 4,5 сарын хугацаатайгаар тус тус байгуулан ажиллуулж байгаа нь тогтоогдож байна.

Гэтэл төсөв мөнгө хүрэлцэхгүй гэдэг нь тухайн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэл болж чадахгүй, мөн нэхэмжлэгч К.Серикбай, хариуцагч Цэнгэл сумын Хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч нарын хооронд байгуулсан 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ-ний Ерөнхий зүйлд хөдөлмөрийн гэрээний хугацаа 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр дуусах ёстой байхад хөдөлмөрийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах болсон үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадаагүй болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан хариуцагч талаас гаргаж өгсөн доорх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй болно. Үүнд:

1) Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/232 дугаартай Бүлэг нэмж ажиллуулах тухай захирамж, уг захирамж гарсантай холбогдуулан Баян-Өлгий аймгийн Засаг Даргын Тамгын Газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 6-04/825 дугаартай шаардагдах санхүүгийн болон хүний нөөцийн асуудлыг даруй шийдвэрлэж, цэцэрлэгийн үйл ажиллагааны хэвийн байдлыг хангаж ажиллахыг цэцэрлэгчийн эрхлэгчдэд даалгасан албан бичиг нь энэ хэрэгт ач холбогдолгүй тул,

2)Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн 2016 оны 01-09 дугаар сарын цалингийн тооцооны хүснэгт нь нэхэмжлэгч К.Серикбай ажилд томилогдохоос өмнөх материал тул,

3)2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн СТСХ-ийн мэргэжилтний гарын үсэг тэмдэг дарж баталгаажуулж өгсөн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн 2017 оны төсөв, санхүүжилтийн сар, улирлын хуваарийн өөрчлөлт, мөн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/03 дугаартай Орон тоог батлах тухай тушаалаар тус цэцэрлэгийн орон тоог хавсралтаар баталсан ба хавсралтын 8 дугаарт галчийн орон тоо 3 гэж баталсан боловч энэ тушаал нь К.Серикбайг ажлаас чөлөөлсний дараа гарсан эрхийн акт тул энэ хэрэгт хамааралгүй болно.

4) Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Б/04 дугаар тушаалаар Х.Төлепбергенийг слесарь сантехникийн ажилд түр хугацаагаар томилсон тухай тушаал, мөн 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 4,5 сарын хугацаатай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, мөн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ш.Кенжетал нарын 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 4,5 сарын хугацаатай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ нь тус тус энэ хэрэгт хамааралгүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй болно.

Иймд дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгч К.Серикбайг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн нь нотлогдож байгаа тул Цэнгэл сумын Хүүхдийн 3 дугаар цэцэрлэгт галчийн орон тоонд эгүүлэн тогтоож, энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх маргаан тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Цэнгэл сумын 3 дугаар цэцэрлэгийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан РД:БЛ71110518 Санырау овогт Көлбайн Серикбайг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 3 дугаар цэцэрлэгт галчийн орон тоонд эгүүлэн тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч К.Серикбай нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Цэнгэл сумын 3 дугаар цэцэрлэгийн санхүүгээс 70200 /далан мянган хоёр зуун/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК