Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2018/01511

 

Д.И-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/00635 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 1229 дүгээр магадлалтай,

Д.И-ын нэхэмжлэлтэй,

Д.М-д холбогдох,

түрээсийн төлбөрт төлсөн 13.000.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтайваны гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнтогтох, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Д.И- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хариуцагчтай түрээсийн гэрээ байгуулсан. Ингээд үйл ажиллагаа явуулж байхдаа бие засах газар нь бохироо соруулдаг, бүх цахилгааны оролтууд нь 220 вольт буюу том хүчин чадалтай, хөгжмүүдийнх нь ажиллагаа доголдолтой байсныг, мөн дээрээ орон сууцтай гэдгээр галын дүгнэлт гаргаагүй болохыг мэдсэн. 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр мэйл хаягаар дээрх зөрчлийн тухай удаа дараа мэдэгдсэн боловч зөрчлөө арилгаагүй учир 2017 оны 12 дугаар сарын 30-ний өдөр Д.Чинбат гэдэг хүнд Лорд Лоунжийг хүлээлгэн өгсөн. Мөн түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4.-т заасныг зөрчсөн. Хохирлын тухайд 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Зүүн Алдар ХХК-тай Шинэ жилийн баяр тэмдэглэх гэрээг байгуулан 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 19 цагаас үйл ажиллагаагаа явуулж байтал 20 цаг 10 минутаас 22 цаг хүртэл тог тасарч, арга хэмжээг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон. Зүүн Алдар ХХК-ийн зүгээс 11.000.000 төгрөг нэхэмжилж байгаа. Иймд түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, түрээсийн төлбөр болон барьцаанд төлсөн 19.500.000 төгрөгөөс 12 дугаар сарын түрээсийн төлбөрт 6.500.000 төгрөгийг хасаад 13.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч Д.М- шүүхэд гаргасан тайлбартаа: Түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн мэргэшсэн зуучлагч Биг энд Бэст ХХК-иар дамжуулж хийсэн. Д.И-т тухайн үед хөрөнгийн мэдээллийг үнэн зөв өгсөн. Уг гэрээ холбогдох хуулийн заалтууд болон түрээсийн гэрээний шаардлагыг бүрэн тусгасан хүчин төгөлдөр гэрээ юм. Тус объектод 2017.12.17-ны орой 20.10 цагаас 22.00 цаг хүртэл буюу 1 цаг 50 минутын хугацаагаар тог тасраагүй. Харин тог богино хугацаагаар тасарсан боловч энэ нь манай хамааралтай шугам сүлжээнээс шалтгаалаагүй. Түрээслэгч шинэ жилийн баярын арга хэмжээ өнгөрч, орлого нь багасах төлөвтэй болмогц гэрээг гэнэт үндэслэлгүйгээр хугацаанаас өмнө цуцлах шийдвэр гаргасан нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр түрээсийн гэрээ байгуулаад, объектыг бүхэлд нь цоожилж явчихаад 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээлгэж өгөх хүртэл цоожтой байсан тул түрээсийн төлбөрийг 2018 оны 02 дугаар сарыг дуусталх хугацаанд төлөх ёстой гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/00635 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.М-ээс түрээсийн төлбөрт төлсөн 13.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.И-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 341.900 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 341.900 төгрөгийг гаргаж, нэхэмжлэгч Д.И-т олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 1229 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/00635 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.5 дах хэсэгт зааснаар хариуцагч Д.М-ийн давж заалдах гомдолд гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 294.860 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн Б.Энхтайван хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Хоёр тал түрээсийн гэрээг 2017 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр зохих журмын дагуу байгуулсны үндсэн дээр түрээслүүлэгч баарны зориулалтаар Баянгол дүүргийн баруун дөрвөн замд байрлах Талст дэлгүүрийн В1, В2 тоот үл хөдпөх хөрөнгийг шилжүүлж, түрээслэгч Д.И- нь урьдчилгаа төлбөрт 19,500,000 төгрөг төлсөн. Өөрөөр хэлбэл хоёр тал эхний ээлжинд гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн. Түрээслүүлэгчийн буруугаас Д.И-ын бизнесийн үйл ажиллагаа, ашиг сонирхолд ямар нэг зөрчил, доголдол гараагүй, хохирол учраагүй. Хамгийн гол нь маргаж буй зүйлийн талаар буюу гэрээний хугацаа, төлбөр, гэрээг цуцлах нөхцөл зэргийн талаар гэрээний зүйл заалтад тодорхой тусгагдсан байтал шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Тодруулбал, Гэрээ, хэлцэл бол хууль гэсэн хатуу зарчмыг шүүх өөрөө мөрдөж, иргэд байгууллагадаа ойлгуулсаар ирсэн атлаа энэ хэргийн хүрээнд хүчин төгөлдөр гэрээг авч хэлэлцэлгүй, Д.М-д төлбөрийг бүрэн хэмжээгээр хариуцуулсанд гомдолтой байна. Хариуцагч нь нэхэмжлэгч Д.И-аас эд хөрөнгийг одоог хүртэл албан ёсоор буцаан шилжүүлж аваагүй. Д.Чинбатад түлхүүр ч хүлээлгэн өгөөгүй, харин 2018 оны 02 дугаар сарын 14-нд Д.Чинбат өөрийн биеэр очиж түлхүүрийг тэднээс авсан. 2018 оны 02 дугаар сарын 14-нийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг буцаан өгөх үндэслэлгүй гэж үзнэ. Шүүх улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтууд болон хураамжийн тооцооллын талаарх гомдлын шаардлагыг дутуу хянаж, хэлэлцэлгүй орхигдуулсан.

Иймд хуулийн хүчин төгөлдөр гэрээ, гэрчийн мэдүүлэг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтуудыг үндэслэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хянаж үзэж, хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч Д.И- хариуцагч Д.М-ээс 13.000.000 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлийг гэрээ хүчин төгөлдөр бус гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргасан.

Зохигчид 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь үйлчилгээний зориулалттай залыг 5 жилийн хугацаагаар түрээсэлж, сард түрээсийн төлбөрт 6.500.000 төгрөг төлөхөөр тохирчээ.

Нэхэмжлэгч урьдчилгаа төлбөрт 19.500.000 төгрөг төлж эд хөрөнгийг хүлээн авч, үйл ажиллагаа явуулж байсан боловч үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй байсан, мөн гэрээ улсын бүртгэлд бүртгэгдээгүй гэсэн үндэслэлээр 2017 оны 12 дугаар сарын 30-ний өдөр обьектыг хүлээлгэн өгсөн нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Хариуцагч түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгэгдээгүйг үгүйсгээгүй боловч түлхүүрийг 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр өгсөн тул төлбөрийг буцаан төлөхгүй гэжээ.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3.-т “хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ”, 318.4.-т “энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэжээ.

Талууд үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзнэ.

Нэхэмжлэгч өөрийн шилжүүлсэн төлбөрөөс 1 сарын түрээсийн төлбөрийг хасч, үлдэх 13.000.000 төгрөгийг шаарджээ.

Шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах шаардлага гаргаагүй тул хариуцагчийн энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/00635 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 1229 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтайваны гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 341.900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ