Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 635

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2018/00635

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 14б-69 тоотод оршин суух Өгөөмөр овогт Дашнямын Иын /РД:ЧП88052810/    нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Оранж таун 17 тоотод оршин суух Тайжууд овогт Данаагийн Ид /РД:ИЮ68081204/ холбогдох,

            Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, түрээсийн төлбөрт төлсөн 13 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2018 оны 1 дүгээр  сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнтогтох, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтайван, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бердигүл нар оролцов.   

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч  Д.И  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

          Д.И би 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр түрээсийн гэрээ байгуулсан. Уг гэрээг байгуулахад гэрээний эх хувийг өгөөгүй бөгөөд тухайн үед Д.И нь “бүх төрлийн тусгай зөвшөөрөлтэй, ямар нэгэн асуудал байхгүй" гэж тайлбарлаж энэхүү түрээсийн гэрээг байгуулсан. Уг гэрээг байгуулан үйл ажиллагаагаа явуулж байхдаа бие засах газар нь механик буюу бохироо соруулдаг, бүх цахилгааны оролтууд нь 220 вольт буюу том хүчин чадалтай хөгжмүүдийнх нь ажиллагаа доголдолтой бөгөөд дээрээ орон сууцтай гэдэг үндэслэлээр галын дүгнэлт гаргадаггүй болохыг нь олж мэдсэн. Үүнээс хойш 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр болон мэйл хаягаар дээрх зөрчлийн тухай удаа дараа мэдэгдсэн боловч зөрчлөө арилгаагүй учир 2017 оны 12 дугаар сарын 30-ний өдөр Д.Чинбат гэдэг хүнд Лорд Лоунжийг хүлээлгэн өгсөн. Мөн түрээсийн гэрээ байгуулснаас хойш хугацаанд улсын бүртгэлд бүртгүүлээгүй нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 59.1-т заасныг зөрчсөн гэж үзэхээр байна. Хохирлын тухайд 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Зүүн Апдар ХХК-тай Шинэ жилийн баяр тэмдэглэх хувь хүн, хамт олонтой хийх гэрээг байгуулан 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 19 цагаас үйл ажиллагаагаа явуулж байх хугацаанд буюу оройн 20 цаг 10 минутаас 22 цаг хүртэл тог тасарч, Зүүн Алдар ХХК-ийн арга хэмжээг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон тул Зүүн Алдар ХХК-ийн зүгээс 11,000,000 төгрөг нэхэмжилж байна. Иймд 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Д.И, Д.И нарын түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, түрээсийн төлбөр болон барьцаанд төлсөн 19 500 000 төгрөгөөс 12 дугаар сарын түрээсийн төлбөрт 6 500 000 төгрөгийг хасаад 13 000 000  төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнтогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Иргэн Д.И нь Д.Итэй 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж, 5 жилийн хугацаатайгаар, сарын 6 500 000 төгрөгийн түрээсийн төлбөрийг төлж, баарны зориулалтаар ашиглахаар үл хөдлөх хөрөнгийг хүлээн авч, түрээсийн төлбөрийн урьдчилгаанд 19 500 000 төгрөг төлсөн. Гэтэл уг үл хөдлөх эд хөрөнгө нь гэрээнд заасан зориулалтын дагуу буюу баарны зориулалтаар ашиглах боломжгүй, тусгай зөвшөөрөл, бусад зөвшөөрөлгүй байсан. Өөрсдөө анх гэрээ байгуулж, үл хөдлөх хөрөнгийг хүлээлгэн өгөхдөө ямар ч асуудалгүй сунгаж байгаа, зөвшөөрөл байгаа гэхээр нь үйл ажиллагаа явуулсан. Үүнээс хойш үйл ажиллагаа явуулж байтал тусгай зөвшөөрлийн хугацаа нь дууссан, огт зөвшөөрөл өгөх боломжгүй байсан гэдгийг мэдсэн. Манай тог цахилгааныг тасалсан, бидэнд хохирол учирсан, энэ талаар бид мэдэгдсэн боловч арга хэмжээ авч өгөөгүй. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлье гэхэд бүртгүүлээгүй. Энэ талаар буюу доголдлыг засах талаар мэдэгдсэн боловч арга хэмжээ авахгүй байгаа бид ч үйл ажиллагаа явуулах боломжгүй байгаа тул түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож түрээсийн төлбөрт төлсөн 13 000 000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү. Хэдийгээр гэрээ хүчин төгөлдөр бус учраас бид түрээсийн төлбөрт төлсөн мөнгөө нэхэмжлэх эрхтэй боловч 2017 оны 12 сарын 27-ны хүртэл үйл ажиллагаа явуулах гэж үзсэн учраас 1 сарын төлбөрийг хасч тооцоод 13 000 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтайван шүүхэд гаргасан хариу  тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн мэргэшсэн зуучлагч Биг энд Бэст ХХК-иар дамжуулж хийсэн. Д.Ит тухайн үед хөрөнгийн мэдээллийг үнэн зөв өгсөн болно. Тэр зохих мэдээлэлтэй танилцаж, хөрөнгийн байдлыг нүдээр үзэж, холбогдох ажилтнуудтай уулзаж санал солилцож, харилцан тохиролцсоны үндсэн дээр өөрийн хүсэл сонирхолын дагуу хүлээн зөвшөөрч энэхүү гэрээг байгуулсан. Уг гэрээ нь холбогдох хуулийн заалтууд болон түрээсийн гэрээний шаардлагыг бүрэн тусгасан хүчин төгөлдөр гэрээ юм. Тус объектод 2017.12.17-ны орой 20.10 цагаас 22.00 цаг хүртэл буюу 1 цаг 50 минутын хугацаагаар тог тасраагүй. Харин тог богино хугацаагаар тасарсан боловч энэ нь манай хамааралтай шугам сүлжээнээс шалтгаалаагүй бөгөөд нэхэмжлэгчийн зохион байгуулалтын үйл ажиллагаа бүхэлдээ тасалдах нөхцөл болохгүй. Мөн нэхэмжлэлд дурдсан тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах зэрэг бусад асуудпыг шийдвэрлэх бүрэн боломжтой. Би тухайн үед гадаадад байсан гэдгийг нэхэмжлэгч мэдэж байсан. Түрээслэгч шинэ жилийн баярын арга хэмжээ өнгөрч, орлого нь багасах төлөвтэй болмогц гэрээг гэнэт үндэслэлгүйгээр хугацаанаас өмнө цуцлах шийдвэр гаргасан нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь анх гэрээ байгуулахдаа бид мэргэжлийн компаниар гэрээг байгуулуулсан. Энэ компанийн төлөөлөгч нь нэхэмжлэгч тал болон хариуцагч талтай уулзаад гэрээний ач холбогдол, үндэслэл, учир зүйг тайлбарласан байдаг. Нэхэмжлэлийн тухайд тусгай зөвшөөрөл, гэрэл тог тасарсан гэх асуудлууд нь гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Иийн Ит түрээслэсэн обьект нь 5-7 жил түрээслэсэн обьект бөгөөд 2015 оны хэрэглэгчийн байгууллагын найдвартай түншээр шалгарч байсан. Гэхдээ нэхэмжлэлд тусгасан зохих зарим тусгай зөвшөөрөл буюу хоолны газрын ангилал зэрэг, стандартын зөвшөөрөл, өндөр болон сул агууламжтай согтууруулах ундааны үйлчилгээний зөвшөөрөл, галын аюулгүй байдлын зөвшөөрөл 2016 оны 2 дугаар сараас 2017 оны 12 дугаар сарын хугацаанд дууссан байсан. Гэрээ байгуулахдаа талууд хоорондоо урьдчилан зөвшилцөж тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах талаар тохиролцсон байдаг. Энэ үндэслэлээр нэхэмжлэгч Д.И нь түрээсийн гэрээ байгуулж мөнгөө төлсөн. Нэхэмжлэгчийн тайлбарт дурдсан тусгай зөвшөөрлийн асуудлаас болж Д.Иын үйл ажиллагаанд саад учраагүй гэж үзэж байна. Энэ гэрээ үргэлжилсэн бол 2018 оны 1, 2 дугаар сард л доголдол арилсан байх байсан. Нэхэмжлэгч талтай 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр түрээсийн гэрээ байгуулаад, нэхэмжлэгч тал нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гэрээнээс татгалзаж, цуцлах тухай мэдэгдлээ өгөөд 12 дугаар сарын 30-ний өдөр түрээслэж байсан обьектоо лацдаж хүлээлгэж өгсөн байдаг. Ингээд талууд  имэйл хаягаар харилцаж, хариуцагч талын бүрэн төлөөлөх эрхтэй хүмүүс нь Д.Иийг гадаадад явж байгаа тухай ярьж асуудлыг эв зүйгээр зохицуулж, нэхэмжлэгчийг үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулах тухай санал болгож тайлбарлахад И нь зөвшөөрөөгүй бөгөөд 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Хариуцагч нь 2017 оны 11 дүгээр сарын 29-нд гэрээг ёсчлоод 2018 оны 1 дүгээр сарын 30-ний өдөр гадаад руу явсан учраас гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлэх боломж байгаагүй. Иймд түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх ёстой байсан боловч хариуцагч нь гадаад руу явсан тул хүндэтгэн үзэх нөхцөл байдал гэж үзэж байна. Хэрэв гэрээг цуцлах юм бол нэхэмжлэгч тал нь обьектийг бүхэлд нь цоожилж явчихаад 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүлээлгэж өгөх хүртэл цоожтой байсан тул түрээсийн төлбөрийг 2018 оны 2 дугаар сарыг дуусталх хугацаанд төлөх ёстой гэв. 

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд                                                                                                               

                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.И нь хариуцагч Д.Ид холбогдуулан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, түрээсийн төлбөрт төлсөн 13 000 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.      

 

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

 

            Нэхэмжлэгч Д.И, хариуцагч Д.И нар нь 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж, хариуцагч нь баарны зориулалтаар эзэмшүүлж, ашиглуулахаар Баянгол дүүргийн баруун дөрвөн замд байрлах Талст дэлгүүрийн В1, В2 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай заал бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх, нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ, мэдэгдлийн хариу хүргүүлэх тухай баримт, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 25-28-р хуудас/

           

            Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авсан боловч зориулалтын дагуу ашиглах боломжгүй, гэрээнд зааснаар үйл ажиллагааг явуулах зөвшөөрөлгүй, мөн гэрээ нь хууль зөрчсөн тул хүчин төгөлдөр бусад тооцож, түрээсийн төлбөрт шилжүүлсэн 13 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн.

            Хариуцагч нь түрээсийн гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь ямар нэгэн доголдолгүй, зөвшөөрлүүдийг сунгуулчих юм бол гэрээнд заасны дагуу ашиглах бүрэн боломжтой, түрээсийн гэрээг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас бүртгүүлээгүй байсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

           

            Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байна.

            Мөн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т “түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ”, 318.4-т “энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж тус тус заажээ.

            Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээг бичгээр байгуулсан боловч үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй, хууль зөрчсөн гэсэн бөгөөд хариуцагчийн төлөөлөгч нь түрээсийн гэрээ хууль зөрчөөгүй үл хөдлөх эд хөрөнгийн мэргэшсэн зуучлагч “Биг энд Бэст” ХХК-иар дамжуулан байгуулсан гэж мэтгэлцсэн боловч гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлээгүй талаар маргаагүй болно.

            Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” хүчин төгөлдөр бус байна гэж заасан байх бөгөөд “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн” гэдгийг эрх бүхий этгээдээр гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийг хамааруулан үзэх бөгөөд талууд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэж байгаа бол уг гэрээг мөн хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх хуулийн шаардлагыг зөрчсөн байна гэж үзэв.

            Хариуцагчийн төлөөлөгч нь гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас болсон, түрээслэгч буюу хариуцагч Д.И нь гадаад улсад явсан байсан нь түүний нислэгийн тийз, “Талст тайжууд” ХХК-ийн мэдэгдлээр нотлогдоно гэсэн боловч энэ нь түрээсийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэл болохгүй.

            Зохигч талууд түрээсийн гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг Д.Иийн эзэмшил, өмчлөлд байдаг талаар болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээтэй болох талаар хэн аль нь маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно. 

            Иймд талуудын хооронд байгуулсан нь 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасныг зөрчсөн байх тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж үзэв.

            Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчид түрээсийн гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг буцаан өгсөн гэж тайлбарласан тул хариуцагчаас түрээсийн төлбөрийн барьцаа буюу урьдчилгаанд төлсөн 19 500 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

            Хариуцагч нь түрээсийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 12 сарын 30-ний өдөр хүлээлгэн өгсөн боловч 2018 оны 2 дугаар сарын 14-ний хүртлэх хугацаанд түлхүүрийг нь өгөөгүй тул энэ хугацааны түрээсийн төлбөрийг буцаан өгөхгүй гэж маргасан боловч талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл тул уг хэлцлээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцаан өгөх үүрэгтэй болно.

            Гэвч нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний барьцаа болон урьдчилгаанд төлсөн 19 500 000 төгрөгнөөс 6 500 000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэж тайлбарлаад үлдэх 13 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул хариуцагчаас 13 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар хариуцагч Д.Иээс түрээсийн төлбөрт төлсөн 13 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ит олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 341 900 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 341 900 төгрөгийг гаргаж, нэхэмжлэгч Д.Ит олгосугай.

           

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.ХУЛАН