Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 19

 

М.С-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Я.Туул

Шүүгчид                                           Б.Манлайбаатар

Ц.Амаржаргал                

Прокурор                                         О.Доржмаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 06 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн улсын яллагчийн эсэргүүцлээр Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1-т хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М-ын С-д холбогдох эрүүгийн 1718002950146 тоот, 1 хавтастай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ц- овгийн М-ын С- /**********/

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч М.С- нь 2017 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр цэцэрлэгийн урд талын замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасныг зөрчин согтуугаар “Тоёота Приус” маркийн 6822 УБЧ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа мөн дүрмийн 9.2-т заасныг зөрчсөнөөс явган зорчигч А.Батзоригийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, мөн М.С- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-д заасныг зөрчиж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 06 дугаартай шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Ц- овгийн М-ын С-г согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан, Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн хэсгийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан М.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-т зааснаар М.С-г 1 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох хязгаарлалт тогтоож,

-Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.С-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж,

-Шүүгдэгч М.С-гээс гаргуулах төлбөргүй, хохирогч А.Батзориг нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдаж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон "тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох” хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг сануулж,

-Энэ хэрэгт хураагдан ирсэн М.С-гийн №1175866 тоот жолоочийн үнэмлэхийг “тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох” хязгаарлалт тогтоосон шийдвэрийг биелүүлэх зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, хуульд заасан журмын дагуу хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч М.С- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр... тус тус заажээ.

Прокурор О.Доржмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:

“...Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд, шүүгдэгч М.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан М.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-т зааснаар М.С-г 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “...согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заасан байна.

Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг тодорхой хугацаагаар заавал хасаж, зорчих эрхийг хязгаарлах ял, эсхүл хорих ялын аль нэгийг сонгох байдлаар хуульчилж өгсөн байхад анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан шүүгдэгч М.С-д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна...” гэж заасны дагуу шүүгдэгч М.С-д тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг заавал оногдуулж шийдвэрлэх нь хуулийн үндэслэлтэй байсан.

Түүнчлэн шүүгдэгч М.С-гийн үйлдсэн гэмт хэрэг тус бүрд ял оногдуулсан тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг тус бүрд оногдуулсан ялыг нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэх эсэх асуудлыг шийтгэх тогтоолд дурдаагүй байх тул М.С-д холбогдох Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 39.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалт, 39.7 дугаар зүйлийн 1, 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заалтыг тус тус баримтлан Прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор О.Доржмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

“...Эсэргүүцлээ дэмжиж байна. М.С-д тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг заавал оногдуулах ёстой байтал оногдуулаагүй учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.

Тодорхойлох нь:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.С-г 2017 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай 11 дүгээр цэцэрлэгийн урд талын замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасныг зөрчин согтуугаар “Тоёота Приус” маркийн 6822 УБЧ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа мөн дүрмийн 9.2-т заасныг зөрчсөнөөс явган зорчигч А.Батзоригийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-д заасныг зөрчиж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд, шүүгдэгч М.С-г согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн хэсгийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-т зааснаар М.С-г 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.С-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, хохирогч А.Батзориг нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, торгох ял оногдуулсан шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих, шүүхээс тогтоосон "тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох” хязгаарлалтыг зөрчвөл прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг тус тус сануулж, шүүгдэгч М.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч М.С- нь 2017 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай 11 дүгээр цэцэрлэгийн урд талын замд согтуугаар “Тоёота Приус” маркийн 6822 УБЧ улсын дугаартай автомашиныг 0.81 хувийн согтолттойгоор жолоодож явснаас зам тээврийн осол гаргаж, улмаар осол гаргасан даруй тээврийн хэрэгслээ зогсоож, ослын дохионы гэрлээ асаах, хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасах, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах, осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн тусламж үзүүлэх, түргэн тусламж дуудах, ослын тухай цагдаагийн байгууллага, ажилтанд мэдэгдэх, тэднийг иртэл хүлээх зэрэг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5 а, б, в, 2.7а, 9 дүгээр бүлгийн 9.2-т заасан жолоочийн үүргийг зөрчсөний улмаас явган зорчигч А.Батзоригийг мөргөж биед нь зүүн шилбэний битүү хугарал бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, улмаар ослын хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн үед хохирогч А.Батзоригийг мөргөчихөөд цааш хөдлөөд явж байхад нь саатуулсан Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын харуулын цагдаагаар ажилладаг Д.Нэмэх-Очирын “...эргүүлийн үүрэг гүйцэтгэж дуусаад гэртээ амарч байтал манай гэрийн ойролцоо согтуу хүмүүсийн дуу гараад байхаар нь 04.50 цагийн орчим гэрээс гараад харахад цэнхэр өнгийн “Приус-20”  маркийн машин зам дээр нэг хүн мөргөсөн. Тэгэхээр нь “яах бол” гээд хараад байж байтал дотроос нь нэлээд хэдэн хүн бууж ирээд “өө, хүн мөргөчихлөө ш дээ” гээд хоорондоо ярилцаж байгаад нөгөө хүнийг замын хойд талд гаргаж орхиод миний чиглэлд явахаар нь машиныг саатуулсан. Дотор нь 3 эрэгтэй, 2 эмэгтэй байсан. С- гэх залуу “Приус-20” маркийн 6822 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож явсныг жижүүрийн бүрэлдэхүүн дуудаж хүлээлгэн өгсөн. Тэр машин нэлээд хурдтай явж байсан” гэж мөрдөн байцаалтанд гэрчээр өгсөн мэдүүлэг, хэргийн хохирогч болох А.Батзоригийн “...тэр шөнө зам дагаад алхаж явтал нэг машин өмнөөс ирээд намайг мөргөсөн. Тэгээд эмнэлэг дээр ирсэн чинь миний зүүн хөл шилбэ хэсгээрээ 2 хугарсан байсан. Тэр дороо л хөлөө хугарсныг мэдсэн. Гишгэж болохгүй, маш хүчтэй өвдөөд байсан. “Зүгээр, яв” гэж хэлснээ санахгүй байна. Ямар ч байсан тэд намайг чирээд замын хойно гаргаад яваад өгсөн. Жолооч залуу нь “миний найз охин жирэмсэн, та биднийг бодооч” гээд байсан санагдаж байна. Надад гомдол, санал байхгүй, эмчилгээний зардалд 600.000 төгрөг авсан” гэж мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Б.Цэндбаярын “...С-гийн машинтай явж дэлгүүрээс 5 ширхэг лаазтай пиво аваад бид машин дотор ууцгаасан. Нэг хүн зам голлоод 2 тийшээ гуйваад явж байсан. С- тулж ирээд тоормосоо гишгээд зогсоход тэр хүн өөрөө гуйвж орж ирээд машины толинд цохигдоод газар унасан. Бид тэр ахыг замын хажууд суулгаад машиндаа суугаад 50 метр орчим явж байтал нэг цагдаа машин зогсоож шалгасан” гэх, гэрч А.Нарангэрэлийн “...тэр хүн миний сууж явсан машины хаалга мөргөөд цаашаа унасан. Бид нар тэр ахыг машин замаас нөгөө тал руу гаргаж орхиод цаашаа явж байтал цагдаа таараад биднийг саатуулсан” гэж ослын талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5 а, б, в, 2.7а, 9 дүгээр бүлгийн 9.2-т заасан заалтуудыг жолооч М.С- зөрчсөн талаар гарсан Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн № 105 дугаартай дүгнэлт, осол гарахад техникийн хувьд нөлөөлсөн зүйлгүй гэсэн Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай шинжээчийн № 39 тоот дүгнэлт, хохирогч А.Батзоригийн биед хүндэвтэр гэмтэл учирсан талаархи Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн №1022 дугаартай дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, жолооч М.С-  нь 0.81 хувийн согтолттой байсан тухай согтуурлыг шалгасан тэмдэглэл, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдсон байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.С-гийн үйлдсэн хэргийн талаар хийсэн дүгнэлт хуулийн үндэслэлтэй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл анги зөв байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан М.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэхдээ энэ зүйлд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасахаар заасныг хэрэглэхгүйгээр зөвхөн үндсэн ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-т “энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэснийг зөрчсөнөөр шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзнэ.

Нэгэнт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тодорхой хугацаагаар хасах ялыг шүүгдэгчид заавал оногдуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэсэн тул тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох хязгаарлалт тогтоох нь зохимжгүй, харин согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч М.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар ялыг хооронд нь нэмж нэгтгэх шаардлагагүй, торгох ялыг тусад нь эдлүүлэхээр байна.

Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалт нь утга найруулгын хувьд дээр доороо давхардсан агуулгаар бичигдсэнийг өөрчлөн найруулахаар тогтов.   

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хүндрүүлж, эрх хасах ялыг оногдуулж, дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулахаар давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.   

Хууль тогтоомжийн тухай Монгол улсын хуулийн 28.6 дугаар зүйлийн 28.6.3-т “ зүйлийг араб тоогоор ард нь “дүгээр” эсхүл “дугаар” зүйл гэж бичгээр /1 дүгээр зүйл г.м/, 28.6.4-т “зүйлийн доторх хэсгийг баруун талдаа цэгтэй араб тоогоор /1.1 г.м/, 28.6.5-д “зүйлийн доторх хэсгийн доторх заалтыг баруун талдаа цэгтэй араб тоогоор /1.1.1 г.м/ дугаарлаж бичихээр заасан байх тул яллагдагчаар татсан тогтоол, прокурорын яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд хуулийн зүйл заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1” гэх мэтээр хэрэглэж бичсэн нь буруу, харин “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1” гэх мэтээр бичихийг цаашид анхаарах нь зүйтэй. 

Улсын яллагчийн эсэргүүцлээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах тухай бичсэн заалтыг хангах үндэслэлгүй, харин эсэргүүцлийн бусад заалтуудыг хүлээн авах үндэслэлтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 27-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолын 1, 2, 6, 7 дахь заалтуудыг:

“1. Шүүгдэгч Ц- овгийн М-ын С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-т заасан “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг согтуугаар үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-т заасан “энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,  

“2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан шүүгдэгч М.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3-т заасныг баримтлан 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар М.С-г 1 /нэг/ жилийн хугацаагаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай” гэж,

“6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай” гэж,

“7.Энэ хэрэгт хураагдан ирсэн М.С-гийн №1175866 тоот жолоочийн үнэмлэхийг хязгаарлалт тогтоосон шийдвэрийг биелүүлэх зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, хуульд заасан журмын дагуу хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч М.С- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

  

 

                                                 ДАРГАЛАГЧ                                        Я.ТУУЛ

                                                 ШҮҮГЧИД                                            Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                              Ц.АМАРЖАРГАЛ