Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 724

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэдаргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ЭЭТ ХХК,

Хариуцагч: БОАЖЯ,

Нэхэмжлэлийн шаардлага: БОАЖС-ын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын ЭЭТ ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Насанбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ЭЭТ ХХК-д Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаалаар Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазад газарт Зайсангийн аманд аялал жуулчлалын зорилгоор 0,5 га талбайг 5 жилийн хугацаанд ашиглах эрх авсан. 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаал буюу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын уг тушаалаар манай компанийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон тул уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан сонсох ажиллагааг хийгээгүй бөгөөд яагаад хийгээгүй талаараа тайлбарлаагүй. Хуульд заасан сонсох ажиллагааг явуулсан бол манай компани мэдээлэл авах, санал хүсэлт болон нотлох баримт гаргах гэх мэт эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан.

Маргаан бүхий захиргааны актад Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг үндэслэсэн. Газар ашиглах эрх бол Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр дуусгавар болдог.

Маргаан бүхий захиргааны актад Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлийг тусгасан. Тухайлбал газрын төлөв байдал болон унаган төрхийг алдагдуулах гэсэн заалтууд байгаа. Манай компанийн зүгээс газар ашиглах эрх авснаасаа хойш тухайн дархан цаазат газрын уулыг нураах, газрыг хөндөх хуульд хориглосон үйл ажиллагаануудыг явуулж байгаагүй. Маргаан бүхий захиргааны актын хавсралтад ЭЭТ ХХК-ийн тайлбар хэсэгт Зайсан толгойг нураах, уулын төлөв байдал алдагдуулах эрсдэлтэй гэж тайлбарласан байна. Бодит хохирол учруулсан, хууль зөрчсөн үйлдэл байхгүй байхад эрсдэлтэй гэдгийг урьдаас таамаглаж манай газар ашиглах эрхийг хүчингүй болгосныг зөвшөөрөхгүй байна. Иймээс 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын 1 дүгээр заалт, түүний хавсралтын ЭЭТ ХХК-д холбогдуулах хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Газар ашиглах эрхийг дуусгавар болгох гэсэн гарчигтай тушаал байгаа. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд газар ашиглах эрх дуусгавар болох хуулийн зохицуулалт нь мөн хуулийн холбогдох зүйл заалт байгаа. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийг зөрчсөн бол газар ашиглах эрхийг дуусгавар болгодог. Мөн хамгаалалтын горимыг удаа дараа зөрчсөн бол дуусгавар болно.

Уг тушаалаас үзэхэд хамгаалалтын горимыг удаа дараа ноцтой зөрчсөн гэсэн заалтыг үндэслэл болгосон. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.2-т мөн Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан байгаа. Уг тушаалд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримтлаагүй хамгаалалтын горим зөрчсөн гэдгээр баримталсан. Хамгаалалтын горим зөрчсөн гэдэг нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан хориглосон үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн заалт юм. Тухайн жагсаалтад байгаа зөрчлийг гаргасан бол хамгаалалтын горимыг зөрчсөн гэсэн заалтад багтвал бид буруутах гэж үзэж байна. Тухайн газар ямар нэгэн байдлаар эрүүл, унаган байгалиараа байгаа учраас зөрчил гаргаагүй гэж үзэж байна.

Уг тушаалыг гаргахдаа усны эх ундаргыг хамгаалж нийтэд нь гаргасан болохоос биш ЭЭТ ХХК-д зориулж яг зөрчил дээр тусгайлсан ийм зүйл заалт хэрэглэж нарийвчилж гаргаагүй юм байна гэсэн зүйл харагдаж байна. Уг тушаалын үндэслэлдээ усны сан бүхий газар гэж журмыг баримталсан. Үүнд эрүүл мэндийн, онцгой, энгийн гэсэн 3 хамгаалалтын бүс байгаа. Энэ журмыг баримталж байгаа бол манай тухайн газар уг 3 бүсийн алинд хамаарсан бэ.

Хэрвээ уг 3 бүсэд хамаарсан бол түүнтэй холбоотой баримтаа бид хэрэгт хавсаргах ёстой байсан гэж үзэж байна. Уг 3 бүсэд манай компанийг орсон, давхцсан, хилийг зөрчсөн гэсэн баримт хэрэгт байхгүй учраас бид 3 төрлийн усны хамгаалалтын бүсэд ороогүй түүнийг зөрчөөгүй.

Захиргааны акт гарч байгаа нөхцөлд Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.3, 40.4-т гэсэн заалтуудаар тухай актыг гаргах бодит нөхцөл байдлыг судалж дүгнэсэн. Тухайн нөхцөл байдалтай уялдуулж хуулийн заалтыг хэрэглэж хууль зүйн үндэслэлтэй акт гаргах ёстой гэж Захиргааны ерөнхий хууль зохицуулсан. Үүний дагуу бодит нөхцөл байдлыг ЭЭТ ХХК-ийн ямар байгаа вэ гэдгийг тусгайлж судлаагүй гэж үзэж байна.

Сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл заалтаар зохицуулсан. Мөн хуулийн 28 дугаар зүйл заалтаар сонсох ажиллагааг явуулах шаардлагагүй нөхцөлүүдийг зохицуулсан байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасныг нотолсон нотлох баримтыг ирүүлээгүй, бидэнд мэдэгдсэн, саналыг авсан тухай нотлох баримтыг мөн ирүүлээгүй гэж үзэж байна. Захиргааны акт нь хууль тогтоомжид нийцээгүй, хууль зөрчсөн, бодит нөхцөл байдалд тулгуурлаагүй, Захиргааны ерөнхий хуульд заасан процесс ажиллагаанууд хийгдээгүй учраас акт алдаатай байна. Ийм учраас актыг хүчингүй болгож өгнө үү.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно, 22.2.1-д онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг  хориглоно, 22.6-дИргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 22.4-т заасан дэглэм  зөрчихийг хориглоно, 22.4-д Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг  байгаль орчны болон газрын харилцааны  асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтооно гэж тус тус заажээ.

Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөхийг хориглоно гэж заасан. Барилга хот байгуулалтын сайд, Байгаль орчны сайдын 2015 оны хамтарсан А-230/127 дугаар тушаалаар баталсан Усан сан бүхий газар, эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам-ын 2.4, 2.8, 3.9, 3.10 дахь хориглох заалтыг тус тус үндэслэх Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 434 дүгээр албан бичгээр ирсэн газар ашиглах эрхийг дуусгавар болгох саналыг үндэслэх ЭЭТ ХХК-ийн 0.5 га газар ашиглах эрхийг дуусгавар болгосон гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаалаар[1] нэхэмжлэгчид Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд 0.5 га газрыг аялал жуучлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа БОАЖС-ын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын[2] ЭЭТ ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж тодорхойлон ..газар ашиглах эрх авснаасаа хойш тухайн дархан цаазат газрын уулыг нураах, газрыг хөндөх хуулиар хориглосон үйл ажиллагааг явуулаагүй гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчиж болзошгүй, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 250 тоот албан бичгийг[3] үндэслэсэн гэж тус тус маргажээ.

Маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 250 тоот албан бичгээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд усны нөөц бохирдохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулах эрсдэл бүхий иргэн, аж ахуй нэгж, байгууллагын жагсаалтыг хүргүүлсэн байх боловч нэхэмжлэгч ЭЭТ ХХК-ийн нэр дээрх жагсаалтанд багтаагүй байна.

Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх гэжээ.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 12/1126 тоот албан бичгээр ирүүлсэн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаагаар нэхэмжлэгчийг аялал жуулчлал, гадаад худалдаа, ариун цэврийн цаас, нойтон сальфетка үйлдвэрлэх, борлуулах-ын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэжээ.

Нэхэмжлэгч нь түгээмэл болон ердийн дархацтай ашигт малтмал хайх, олдворлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүй бөгөөд шүүхийн үзлэгээр газрын хэвлийг хөндсөн, мод, бут тайрсан зэрэг үйл баримт тогтоогдоогүй тул түүнийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийг хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулаагүй байхад нь хариуцагчаас байгалийн унаган төрхийг алдагдуулах эрсдэл бүхий гэж хийсвэр дүгнэлт хийж маргаан бүхий актыг гаргасан нь хуульд нийцэхгүй байна.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа Усны тухай хуулийг дурьдсан байх бөгөөд тус хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, үер, усны гамшгаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс тогтооно гээд 22.2-т Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно гэжээ.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн №2/1591 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн маргаан бүхий газрын 2015-2018 оны агаар сансрын зураг, хариуцагчаас ирүүлсэн кадастрын зураг зэргээс дүгнэхэд Туул голоос нэхэмжлэгчийн ашиглаж буй газрын хашаа хүртэл нилээдгүй хэмжээний зайтай бөгөөд зүүн /зайсан вилла хотхон /болон хойд /зайсан хилл цогцолбор/ талаараа орон сууц болон үйлчилгээний зориулалтын барилгатай байх тул нэхэмжлэгчийг Усны тухай хуульд заасан энгийн болон онцгой хамгаалалтын бүсийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн, БОАЖС-ын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу Богдхан Уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Газар ашиглах эрх цуцлах тухай 323[4] тоот албан бичгийг хүргүүлснээр сонсох ажиллагааг хийсэн гэж хариуцагчаас тайлбарлажээ.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 26.2-т Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ гэж тус тус заажээ.

Богдхан Уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ЭЭТ ХХК-нд тусгай зөвшөөрөл цуцлах талаар мэдэгдлийг хүргүүлснээс 2 хоногийн дараа маргаан бүхий захиргааны актыг гаргаж байгаа нь нэхэмжлэгчид эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах, тайлбар, мэдүүлэг гаргах боломжийг олгоогүй, сонсох ажиллагааг бүрэн гүйцэд хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, БОАЖС-ын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын хавсралтын ЭЭТ ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, -т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч ЭЭТ ХХК-ийн нэхэмжлэлтэй БОАЖЯанд холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгал орчин, аялал жуучлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын хавсралтын ЭЭТ ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэдхянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

   

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.МӨНХ-ЭРДЭНЭ