Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 21

 

Ц.Б-, Д.Х- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Я.Туул

Шүүгчид                                          Б.Манлайбаатар

Ц.Амаржаргал

Прокурор                                        А.Оргилбаяр

Шүүгдэгч                                         Д.Х-

Шүүгдэгчийн өмгөөлөгч                И.Атарбямба

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг даь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Одын даргалж 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 26 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Х- болон түүний өмгөөлөгч И.Атарбямба нарын бичсэн давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б-, Д.Х- нарт холбогдох эрүүгийн 1718000000170 тоот 1 хавтас хэргийг 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй Т- овогт Д-ийн Х- /РД: ********** /

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй Ц- овогт Ц-ийн Б- /РД:**********/ нар нь бүлэглэн 2017 оны 11 дүгээр зүйлийн 17-ны өдрийн 13 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг 15 дугаар байрны 70 тоотод оршин суух иргэн Д.Д-ийн гэрт нэвтрэн “I Phone 5s” загварын гар утас нэг ширхэг, нэхий дотортой богино түрийтэй эрэгтэй, хүний гутал 1 хос зэрэг эд зүйлийг  хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Ц.Б-, Д.Х- нарт холбогдох хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар Д.Х-д 2 жилийн, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 1 жил 1 сарын хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Ц.Б-, Д.Х- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч Д.Х-гийн ирүүлсэн давж заалдах гомдолд: “...миний бие нь хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй, надад тийм муухай хүний юм авъя гэсэн санаа байдаггүй тул энэ хэргийг үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү.”гэжээ.

Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч Д.Х-гийн өмгөөлөгч И.Атарбямбын ирүүлсэн давж заалдах гомдолд:”...Ц.Б- нь анх цагдаагийн хүмүүст мэдүүлэг өгсөн үеэс нүүрэлдүүлэн байцаах хүртэл гар утас болон гуталд ганцаараа холбоотойгоо хэлж айлаас авсныг нууж хогон дотроос олсон мэтээр ярьж хохирогч нь ил болоод ирэхээр Д.Х-г хулгай хийхийг зааж өгсөн зэргээр тогтворгүй зөрүүтэй олон янзаар мэдүүлдэг боловч өөрөөс нь өөр нотлох баримтаар нотлогддоггүй. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хэргийн талаар дүгнэлт хийхэд Д.Х-гийн оролцоогүйг тогтооход хүндрэлтэй биш юм. Д.Х-д холбоотой нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянан үзэж түүний үйлдэл холбогдлыг хэргийн материалд тулгуурлан хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.Х-:  Би орцыг жил гаруй хугацаанд цэвэрлэсэн. Намайг 8 дугаар сарын сүүлээр ирэхэд хогондоо дарагдсан цэвэрлэ гэж хэлсэн, би цэвэрлэж байгаа орцны айлаасаа хулгай хийх хүн биш, би хулгай хийж байгаагүй, намайг хувин аваад буугаад ирэхэд энд хог байна орлоо гээд Ц.Б- зогсож байхаар нь би дээшээ гарсан, хог байхгүй гэж би хэлсэн. Ц.Б- хогноос гар утас олсон гээд намайг дагуулаад байрны дэлгүүрт ороход дэлгүүрийн худалдагч ”кодыг нь мэдэх үү” гэж асуугаад гар утсыг авахгүй гэж хэлсэн. Би Ц.Б-ийг тийм хүн гэж бодоогүй, бид хоёр хамт хоолоо хүртэл хувааж идээд явж байсан. Гэтэл яагаад ингэж худал хэлж байгааг ойлгохгүй байна, Ц.Б- намайг зодсон, салаавч хүртэл гаргасан. Ц.Б- намайг дуудсан, дохио өгсөн гэж байгаа нь худлаа, би хулгайн гэмт хэрэг үйлдээгүй, дэлгүүр лүү ороход л хамт орсон, Ц.Б- “Үйлчилгээний төв”, “Олон улсын худалдааны төв” орчихоод ирье, энэ утсыг орхилоо гэхээр нь л авсан. Тэгээд подвал руу ороод байж байтал миний хамтран амьдрагч ирэхээр нь би Ц.Б- гар утас олсон гэж хэлсэн гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч И.Атарбямба: Анхан шатны шүүх Д.Х-г гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэсэн үндэслэлээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэл оногдуулсан. Д.Х- мэдүүлэгтээ “Ц.Б-тэй орцонд таарсан, гар утсыг олсон, гар утсыг хулгайлаагүй” гэж өгсөн мэдүүлэг бүртээ тогтвортой мэдүүлсэн бөгөөд дээрх мэдүүлгүүдээс Д.Х- нь тухайн гэмт хэрэгт оролцоогүй болох нь тодорхой байна. Д.Х-д худал хэлэх шаардлага байхгүй. Мөрдөн байцаагч Д.Х-гээс “хулгайн гэмт хэрэгт оролцсон уу” гэж асуухад оролцоогүй гэж хэлсэн. Ц.Б-ийн мэдүүлгээр л хэргийг шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-т “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж заасан. СӨХ-н дарга болон бусад хүмүүсээс хэргийн талаар асууж тодруулах шаардлагатай байсан. Дээрх үйлдлүүдээр тухайн хэрэг нотлогдоогүй учраас хэргийг тусгаарлаж өгнө үү. Д.Х- үнэхээр хулгайн гэмт хэргийг үйлдсэн бол байрныхаа дэлгүүрт орохгүй байсан, харин Ц.Б- орцноос гар утсыг олсон гэхээр нь л дэлгүүрт хамт орсон. Д.Х-г дэлгүүрт нөхөртэйгээ очсон байдлаар байцаалт авсан байсан, гэтэл эхлээд Ц.Б-, Д.Х- нар дэлгүүрт очсон, дараа нь Д.Х-гийн нөхөр нь очсон. Ц.Б- яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “Д.Х-г хайгаад орцонд ороход гар утас байсан” гэж хэлсэн. Хэрэг болсноос хойш 10-д хоногийн дараа дээрх байдлаар мэдүүлсэн, энэ мэдүүлгээс гар утсыг өөрөө олсон болох нь харагдаж байна. 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Ц.Б-ээс мөрдөн байцаагч: “Д.Х- та хоёр хулгайн гэмт хэргийг үйлдсэн юм биш үү” гэж асуухад “Би гар устыг олсон, Д.Х- хамааралгүй” гэсэн байдаг, “Д.Х-тэй нийлж гэмт хэргийг үйлдсэн үү” гэж асуухад “үгүй” гэж мэдүүлсэн байдаг. Д.Х- мэдүүлэгтээ: “Ц.Б- намайг зодсон, над руу муухай харсан, салаавч гаргасан” гэдэг. Д.Х-гийн хувьд 2 жилийн хугацаанд хорих ялыг биечлэн эдлэхэд хэцүү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд “Ц.Б-ийг оролцуулъя” гэж хэлсэн боловч “хүсэлтээ гаргаагүй” гэж хэлсэн, Д.Х-гийн үйлдлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байгаа гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оргилбаяр гаргасан тайлбар дүгнэлтэндээ: Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн тайлбар, гомдлыг сонслоо. Д.Х-, Ц.Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсний дагуу хэргийг шүүх хянан хэлэлцээд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад хохирогчид хохирол учруулсан болох нь тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр нь шүүгдэгч нарын хувийн байдал, үйлдсэн хэргийн нөхцөл байдалтай нийцсэн, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, хийгдвэл зохих бүхий л ажиллагаа хийгдсэн тул шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Тодорхойлох нь:

2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 13:00 цагийн орчим  Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг 15 дугаар байрны 70 тоотоос  иргэн Д.Д-ийн гэрээс “IPhone 5s” загварын гар утас болон нэхий дотортой эрэгтэй хүний өвлийн гутал алдагдсан үйл баримт тогтоогдсон байна.

Аймгийн прокурорын газраас дээрх үйл баримтыг  гэмт хэргийн шинжтэй гэж үзэж 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж Д.Х- болон Ц.Б- нарыг яллагдагчаар татан шалгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Ц.Б-, Д.Х- нарт холбогдох хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулйн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар ял шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.

Шүүдэгч Д.Х- болон түүний өмгөөлөгч И.Атарбямба нарын шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдлын үндэслэл болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно

Хэрэгт цугларсан нотлох баримтаар 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 13:00 цагийн  орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг багийн 15 дугаар байрны 70 тоотод оршин суугч Д.Д-ийг гэртээ амарч байхад нь түүний эзэмшлийн “I Phone 5s” гар утас болон нэхий дотортой эрэгтэй хүний өвлийн гутал алдагдсан үйл баримт тогтоогдсон байх бөгөөд дээрх эд зүйлийг орцны цэвэрлэгч Д.Х- болон Ц.Б- нарыг хүн байнга амьдардаг орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайн гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн тогтоогоогүй байна. Хулгайн гэмт хэргийг  шүүгдэгч Ц.Б-  дангаараа эсхүл Д.Х-тэй бүлэглэж үйлдсэн үү, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, зорилго, гэм буруугийн ямар хэлбэрээр үйлдсэн зэргийг хангалттай нотлоогүй, шүүгдэгч Ц.Б- хулгайн гэмт хэргийг Д.Х-тэй бүлэглэн үйлдсэн гэж мэдүүлж байгаа боловч тэднийг энэ гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэдгийг зөвхөн шүүгдэгч Ц.Б-ийн мэдүүлгээс өөр нотлох баримт хэрэгт авагдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шйидвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-д зааснаар Ц.Б-ийн мэдүүлэг нотлох баримт мөн боловч түүний мэдүүлэг нь дангаараа яллах баримт болохгүй байхад анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр Ц.Б-, Д.Х- нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д.Х-д  шүүгдэгч Ц.Б-ээс хүнд ял шийтгэсэн нь үндэслэлгүй болжээ.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.10 дугаар зүйлийн 1-д зааснаар мөрдөгч нь Ц.Б-, Д.Х- нарын хувийн байдлыг тогтоох ажиллагааг хангалтай хийгээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1.5-д заасан шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт шүүгдэгч Ц.Б-, Д.Х- нарын гэр бүлийн байдал, хэрэгт ач холбогдол бүхий биеийн байцааалтын талаарх мэдээллийг бүрэн тусгаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан ноцтой зөрчил хамаарч байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах үндэслэл болж байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Б-, Д.Х- нарт холбогдох 1718000000170 тоот 1 хавтас хэргийг  анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

2. Ц.Б-, Д.Х- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг  ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                                   ДАРГАЛАГЧ                                        Я.ТУУЛ

                                                   ШҮҮГЧИД                                            Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                                Ц.АМАРЖАРГАЛ