| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2020/0130/Э |
| Дугаар | 141 |
| Огноо | 2020-09-11 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 141
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Д.Бунжаа,
Шүүгдэгч: Ц.Б, Ц.Ш, Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Цийн Б, Б овогт Ц-ийн Ш, Г овогт Цийн Б нарт холбогдох эрүүгийн 2035000000110 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1963 оны 4 дүгээр сарын 20-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бага боловсролтой, барилгын шавар, будагчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн 4-03 тоотод оршин суух Б овогт Цийн Б /РД:/,
Монгол улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 14-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Түргэн сумын 2 дугаар багт оршин суух Б овогт Ц-ийн Ш /РД: /,
Монгол улсын иргэн, 1991 оны 5 дугаар сарын 25-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эцэн, эхийн хамт Увс аймгийн Тэс сумын 5 дугаар багт оршин суух Г овогт Цийн Б /РД:/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/:
Шүүгдэгч Ц.Б, Ц.Ш, Ц.Б нар нь бүлэглэн Увс аймгийн Цагаанхайрхан сумын Даланхуруу багийн нутаг Үзүүрийн булаг гэх газраас 2020 оны 6 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Завхан сумын иргэн Б.Б, Н.А, Б.Н, А.Т, Завхан аймгийн Ургамал сумын иргэн Х.Г нарын тус бүр нэг тооны, иргэн Б.Цы 2 тооны нийт долоон тооны тэмээ буюу олон тооны бод малыг машин механизм буюу мотоцикл ашиглан хулгайлж, нийт 9.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
I. Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар 2035000000110 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан эд мөрийн болон бичгийн баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
- Мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-10-р тал/,
- Тэмээнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-23-р тал/,
- хохирогч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 10 цагийн үед миний 9894-4849 дугаарын утас руу Увс аймгийн Завхан сумын 3 дугаар багийн иргэн С.Х гэдэг хүн залгаад “замд 7 тэмээтэй хоёр хүн Малчин сумын Урт булаг гэдэг газар таараад уулзаад зөрлөө. Танай тэмээний тамгатай 3 тэмээ 7 тооны тэмээ дотор нь байна. Мал зарсан зүйл байгаа юу?” гэж асуусан. Би түүнд “тэмээ зараагүй, чи холоос дагаад явж бай, бид нар одоо очлоо” гэж хэлэхэд миний төрсөн ах Ж, М, Б бид дөрөв тэмээ байна гэсэн газар руу явсан. Тэгээд замд Хтэй уулзаад хаана явж байгааг нь асуугаад би Хийн мотоциклын ард суугаад түрүүлж 7 тэмээ хөтөлж явсан, 2 хүн дээр ирсэн чинь миний өөрийн 5 настай хүрэн зүсмийн буур, миний төрсөн ах Б.Цы 1 тооны атан тэмээ, 1 тооны буур, манай сумын 1 дүгээр багийн иргэн Төмөрөө гэж хүний 1 тооны тэмээ, нийт 4 тооны тэмээ байсан. Энэ үед надтай хамт явсан хүмүүс ирээд тэр хоёр хүнийг “та нар хаашаа явж байгаа юм бэ?” гэж асуухад “энэ тэмээг худалдаж аваад явж байна” гэж хэлсэн. Тэгээд би эдгээр тэмээн дотор миний тэмээ байна гэж хэлэхэд тэр хоёр хүний арай ахимаг настай хүн нь надтай уулзаад “энэ тэмээг “Үзүүрийн булаг” гэдэг газраас хулгайлсан юм. Намайг уучлаарай зохицоод салах уу” гэж хэлсэн. Би хариуд нь “тийм юм байхгүй, шийддэг газарт нь өгч шийдүүлнэ” гэж хэлээд цагдаад хандсан юм. Би тухайн тэмээг хөтөлж явсан хүмүүсийг танихгүй ба харж байгаагүй хүмүүс байсан. Тэр настай хүн өөрийгөө Тэс сумын 2 дугаар багийн Баярлах гэдэг хүн гэж танилцуулсан. Нөгөө хамт явсан залуугийн нэрийг асуугаагүй юм. Би Завхан сумын иргэн. Одоо Хяргас нуурын хөвөөнд Довон булаг гэдэг газар амьдарч байна. Манайх 30 гаруй тооны тэмээтэй ба би тэмээгээ 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр гэр дээр авч ирээд ноосыг нь авч бүртгээд Үзүүрийн булагийн Шал гэдэг бэлчээсэн юм. Манай тэмээ зөв хацар дээрээ дагуулж дарсан зөв матаастай дэгрээ тамгатай, чихэнд нь бирктэй байсан, авч хаясан бололтой байхгүй байсан. Бусад 3 тооны тэмээ Завхан аймгийн Ургамал сумын Х.Г гэж хүний тэмээ байсан. Нөгөө тэмээ нь Завхан сумын 1 дүгээр байгийн Н.А гэж хүний тэмээ байсан, нөгөө тэмээний эзнийг нь танихгүй. Нэг ёсондоо 6 хүний 7 тооны тэмээ байсан юм. Тухайн тэмээг авсан хоёр хүн уг 5 тооны тэмээг цагаан өнгийн уяагаар буйлнаас нь холбосон. 2 тэмээг нь унаж явж байсан юм. ...Ц.Б надад хэлэхдээ 2020 оны 6 дугаар сарын 18-нд Ц.Б болон аймгийн нэг мотоциклтой хүнтэй хамт гурвуулаа Үзүүрийн булагт очсон бөгөөд нөгөө хүн нь аймгийн төв рүү түрүүлээд явсан гэж хэлсэн бөгөөд тэр хүний нэрийг хэлээгүй юм. ...Би хулгайд алдсан тэмээгээ олж авсан болохоор надад нэхэмжлэх зүйл байхгүй ” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27, 28-30-р тал/,
- хохирогч Н.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн Завхан сумын 1 дүгээр багийн нутаг Хатуугийн адаг гэх газарт эхнэр, хоёр хүүхдийн хамт мал маллаж амьдардаг. Би 60 орчим тооны тэмээтэй бөгөөд 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Завхан сумын 1 дүгээр багийн нутаг Цагаан түнгэ гэх газарт тэмээгээ ноосолж, ноосыг нь аваад бэлчээрт гаргасан. Манай тэмээнүүд манай нутгийн Н, Б, Т, Ц нарын тэмээнүүдтэй хамт Цагаанхайрхан сумын нутаг Үзүүрийн булаг, Долоон хуруу, Өндөр Улаан гэх газруудаар бэлчээрлэдэг юм. 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр манай сумын Хонгио буюу Б.Б утсаар залгаж, “манай сумын тэмээнүүдийг 2 хүн туугаад хулгайлж яваад баригдсан байна. Нийт 7 тооны тэмээ байна. Энэ дотор танай 1 тооны тэмээ байна” гэж хэлсэн. Тэгээд би Б.Бийн гэрт очиход 2 хүн манай 13 настай, шар зүстэй, зөв ташаандаа дэгрээ тамгатай тэмээг болон Б.Б, Н, Ц, Т нарын тэмээнүүдтэй хамт нийт 7 тэмээг хулгайлж яваад баригдсан байсан. Тэгээд би тэр хоёр хүнээс “яах гэж хулгай хийсэн юм бэ?” гэхэд ахмад настай хүн нь “би амьдралын шаардлагаар хулгай хийсэн юм” гэж хэлсэн юм. Тэр хоёр хүнийг Ц.Б, Ц.Б гэдэг гэж хэлж байсан. Тэр өдөр тэр хоёр хүн өөр бас нэг хүнтэй хамт явсан гэсэн ба тэр хүн мотоциклтой явж ирээд түрүүлээд Улаангом сум руу явсан гэж хэлж байсан. Тэгээд би Н, Т нарын тэмээг өөрийн тэмээний хамт авч яваад бэлчээрт гаргасан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34-р тал/,
- хохирогч Б.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн Завхан сумын 1 дүгээр багийн нутагт мал маллаж амьдардаг бөгөөд би 100 гаруй тооны тэмээтэй. 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр өөрийн тэмээний ноосыг аваад Увс аймгийн Завхан сумын 1 дүгээр багийн нутаг Цагаан түнгэ гэх газраас бэлчээрт гаргасан. Би тэмээгээ ноосолж явуулснаас 7 хоногийн дараа Увс аймгийн Завхан сумын нутаг болон Цагаанхайрхан сумын нутгуудаар 2 өдөр хайгаад олоогүй юм. Тэгээд манайх Увс аймгийн Завхан сумын 1 дүгээр багийн нутаг Цагаан толгой гэх газарт байж байтал манай сумын харьяат Б.Б 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр утсаар залгаад “энд хэдэн хүмүүс манайхны тэмээнүүдийг хулгайлж явж байгаад баригдсан байна. Энэ тэмээнүүдэд танай нэг тооны тэмээ байна, мөн Т, Н.А нарын тэмээнүүд байна” гэж хэлсэн. Тухайн үед мал хулгайлсан 2 хүнийг барьчихсан байна гэж хэлсэн бөгөөд би ажилтай байсан учраас тэмээгээ очиж авч чадаагүй, харин манай сумын Н.А, Т нар нь Б.Бийн гэрт очиж өөрийн болон миний хулгайд алдагдсан 12 настай, зөв ташаандаа хэлтэй саран тамгатай эр тэмээг мөн очиж авч ирсэн. Миний тэмээг хулгайлсан хүн ямар хүн байна, юу гэж хэлж байна гэж асуухад тухайн тэмээнүүдийг Ц.Б, Ц.Б гэх хоёр хүн хулгайлж яваад баригдсан байна. Тэр хоёр хүн нь бас нэг мотоциклтой хүнтэй хамт ирээд хулгайлсан байна” гэж хэлж байсан. Манай тэмээнүүд хулгайлагдах үедээ Увс аймгийн Цагаанхайрхан сумын Үзүүрийн булаг, Долоон хуруу, Өндөр Улаан гэх газруудад байсан ба тухайн газруудад Завхан аймгийн Ургамал сумын айлуудын тэмээнүүд бэлчээрлэдэг ба манайханы тэмээнүүдтэй нийлчихдэг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 36-39-р тал/,
- хохирогч Х.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манайх Завхан аймгийн Ургамал сумын Хулж багийн нутагт мал маллан амьдардаг юм. Манайх Хулжид байж байгаад энэ жил өвс ногоо муу гарсан учраас 2020 оны 4 сарын 28-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан сумын Морьт руу нүүсэн юм. Манайх Морьт руу нүүхдээ өөрийн 170 гаруй тооны тэмээнүүдийг Хулжид үлдээчихээд явсан бөгөөд манайх Морьтод 20 гаруй хоносон. Тэгээд 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Морьт гэх газраас Увс аймгийн Завхан сумын нутаг Хяргас нуурын Хатуугийн адаг гэх газарт мөн 20 орчим хоног малаа маллаж байгаад 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн нутаг Хулж гэх газарт ирж буусан ба манайх одоо Завхан аймгийн Ургамал сумын нутаг Хулж багт байгаа. Манайхыг нүүж ирэх үед манай тэмээнүүд Хулжид байгаагүй бөгөөд Хулж өнцгийн худаг, Увс аймгийн Цагаанхайрхан сумын нутаг Морьт, Хяргас нуурын орчмоор бэлчээрт явдаг юм. 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр миний гар утас руу Увс аймгийн Завхан сумын иргэн болох Б.Б утсаар залгаж, манайханы тэмээнүүдтэй хамт ард талын гуяндаа 88 гэх тамгатай тэмээ байна, манай тэмээнүүдтэй хамт хулгайлагдаад явж байхад нь барьж авлаа гэж хэлсэн. Тэгээд би Б.Бийн гэрт очиход миний 10 настай, ар талын гуяндаа 88 гэсэн тамгатай тэмээ, өөр хүмүүсийн 6 тооны тэмээний хамт хулгайлагдан явж байгаад тэр хүмүүс баригдсан байна. Хулгайлсан гэх Ц.Б, Ц.Б хоёр хүн бид нарт “тэмээ хулгайлж, мөнгө олох гэж байсан” гэж хэлсэн. Тэгээд бид нар өөр өөрсдийн тэмээнүүдийг авцгаасан юм. Би хулгайд алдсан тэмээгээ очоод авчихсан учраас надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-43-р тал/,
- хохирогч А.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би Увс аймгийн Завхан сумын 1 дүгээр багийн нутагт эхнэр, хоёр хүүхдийн хамт мал маллаж амьдардаг. Манайх 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр өөрийн тэмээнүүдийн ноосыг авч, бэлчээрт нь буюу Увс аймгийн Цагаанхайрхан сумын нутаг Үзүүрийн булаг нэртэй газар тавьж явуулсан. Манай тэмээнүүд нь Увс аймгийн Завхан сумын Н, Амгалан, Б.Б, Б.Ц нарын тэмээнүүдтэй нэг газар бэлчдэг бөгөөд Увс аймгийн Цагаанхайрхан сумын нутаг Үзүүрийн булаг гэх газарт байсан юм. 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр манай нутгийн Б.Б над руу утсаар залгаад манайхны бэлчээрт байсан тэмээнүүдээс нийт 7 тооны тэмээг 3 хүн Улаангом сумаас гарч ирээд өнгөрсөн шөнө хулгайлаад явж байгаад өнөө өглөө баригдлаа. Тэмээнүүдийг Ц.Б, Ц.Б гэх хоёр хүн туугаад явж байж, нөгөө хүн нь тэмээг хулгайлчихаад мотоциклтойгоо түрүүлээд аймаг руу явсан гэж байна. Тэмээнүүд манай дээр ирсэн байна, цагдаа дуудчихсан болохоор хүрээд ир гэж дуудсан. Би өөрийн гэрээсээ мотоциклтой Б.Бийн гэрт очиход тэдний гэрийн гадна хулгайлагдсан 7 тооны тэмээ байсан бөгөөд манай нутгийн Амгалан, Н, Б.Б, Б.Ц нарын тэмээнүүд, мөн Завхан аймгийн Ургамал сумын Х.Г гэгчийн нэг тэмээ байсан бөгөөд түүний тэмээ нь Үзүүрийн булаг гэх газарт бэлчээрлэдэг байсан юм. Би очиж харахад манай 7 настай зүүн хацар зүүн ташаан дээрээ А үсгэн тамгатай эр тэмээ хулгайлагдсан байсан юм. Тэгээд би тэмээгээ авчихаад тэмээ хулгайлсан гэх 2 хүнтэй уулзахад Тэс сумын гаралтай Баярлах, Баяраа гэх 2 хүн гэж өөрсдийгөө танилцуулсан ба нэг нь 55-57 орчим насны, нөгөө нь 23- 25 орчим насны эрэгтэй байсан. Тэгээд би тэр 2 хүнээс яагаад тэмээ хулгайлж байгаа юм гэж асуухад настай хүн нь “тэмээ хулгайлсан нь үнэн, уучлаарай” гэж хэлж байсан ба өөр ямар нэг юм хэлээгүй.
- хохирогч нь Б.Цы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би Увс Завхан сумын 3 дугаар багт эхнэр, 3 хүүхдийн хамт мал маллаж амьдардаг. Би 30 гаруй тэмээтэй. 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өөрийн тэмээнүүдээ ноосыг нь аваад Үзүүрийн булаг гэх газар руу бэлчээрт гаргасан байсан бөгөөд манай тэмээнүүдийн хамт манай дүү Б, Н, Т нарын тэмээнүүд бүгд нэг газар хамт байсан юм. Тэгээд би 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр өөрийн тэмээг эргэхээр Үзүүрийн булагт очиход миний тэмээнүүдээс 9 настай, зөв хацартаа дагуу дэгэрээ тамагтай атан тэмэээ 8 настай мөн ижил тамагтай атан тэмээ дутсан юм. Тэгж байтал манай ах Б надруу залгаж “манай тэмээнүүдийг 2 хүн хулгайлж аваад тууж яваад баригдсан байна” гэж хэлсэн. Тэгээд би Үзүүрийн булаг гэх газраас гэртээ ирээд байж байтал Б.Б ах М, Сүхбаатар, Ж нарын хамтаар тэмээ хулгайлсан гэх 2 хүнийг хулгайлсан 7 тооны тэмээний хамт авч ирсэн бөгөөд уг 7 тооны тэмээнд миний тэмээнээс дутсан 2 тооны тэмээ байсан. Б.Б ахын 1 тооны тэмээ, Н.Агийн 1 тооны тэмээ, Нгийн 1 тооны тэмээ, Тын 1 тооны тэмээ, Завхан аймгийн Ганзоригийн 1 тооны тэмээ буюу 6 айлын 7 тооны тэмээ байсныг Тэс сумын Ц.Б, Ц.Б нар нь өөр нэг хүний хамт гурвуулаа хулгайлсан бөгөөд Ц.Б, Ц.Б нар нь тууж яваад манай сумын Хтэй таарч баригдсан байсан. Хамт хулгайлсан гэх хүн нь аймгийн төв рүү мотоциклтойгоо явчихсан гэж тэр Ц.Б, Ц.Б нар хэлсэн. Би хулгайд алдсан хоёр тооны тэмээгээ буцааж авсан тул надад нэхэмжлэх зүйл байхгүй. Тэмээг хулгайлж авсан хүмүүст гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 48-50-р тал/,
- гэрч Б.Жн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр би дүү Б.Бийн гэрт байж байтал манай дүү Б.М, Б.Б хоёр тэмээ хулгайлагдсан явааг Хүрэлбаатар гэж хүн хараад утсаар ярьлаа гэж хэлсэн. Тэгээд би өөрийн эзэмшлийн 85-84 УНБ улсын дугаартай автомашинаар Б.Б, Б.М, Б.Сүхбаатар нарын хамт тухайн тэмээ авч явж байна гэсэн газар руу явсан юм. Замд Хүрэлбаатартай уулзаад Б.Б түүнтэй хамт мотоциклтой яваад араас нь бид 3 очсон. Бид нарыг очиход 2 хүн 5 тооны тэмээ уяагаар холбоод, 2 тэмээг нь уначихсан явж байсан. Уг 7 тооны тэмээн дотор манай дүү Б.Цы 2 тооны тэмээ, Б.Бийн 1 тооны тэмээ байсан. Бусад нь бас л манай сумын хүмүүсийн тэмээ байсан. Уг хоёр хүнээс яагаад эдгээр тэмээнүүдийг авч яваа талаар асуухад хулгайлж авч явсан гэдгээ хэлсэн юм. Тэр тэмээ авч явж байсан 2 хүнийг би танихгүй, харж байгаагүй хүмүүс байсан ба нэгийг нь Ц.Б гэсэн нөгөө залууг нь хэн гэдгийг нь мэдээгүй. Тухайн хоёр хүн нь бид нарт баригдчихаад тохирчих гэж гуйсан ба бид нар зөвшөөрөөгүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52-р тал/,
- гэрч Ц.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Манай нөхөр Ц.Ш нь 2020 оны 6 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө гэртээ ирж хоноогүй бөгөөд 2020 оны 6 дугаар сарын 17-ны өглөө 10 цагийн үед өөрийнхөө БНХАУ-д үйлдвэрлэсэн 67-00 УВЗ улсын дугаартай Мустанг загварын мотоциклтой гэрээс гараад явсан бөгөөд хаашаа явж байгаа талаараа надад ямар нэгэн зүйл хэлээгүй. Би тухайн шөнө Ц.Шг архи уугаад гадуур хоносон гэж бодож байсан бөгөөд маргааш нь буюу 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр аймгийн төв рүү орчихоод өдөр 17:00 цагийн үеийн гэртээ ирэхэд манай нөхөр Ц.Ш гэртээ мотоциклтойгоо ирчихсэн байсан. Тухайн үед түүнээс хаана хоносон талаар асуугаагүй ба архи уугаад ирсэн биз гэж бодоод загнаад өнгөрсөн. Шаравнямбуу цагдаад шалгагдаж эхэлсний дараа юу болсон талаар асуухад “Баяраа бид хоёр нэг хүнтэй хамт 7 тэмээ хулгайлсан. Нөгөө хоёр тэмээгээ туугаад ирж яваад баригдсан байна” гэж хэлсэн. Баяраа нь миний төрсөн дүү бөгөөд 2020 оны 6 дугаар сарыни 10-ны үед Улаангомд нэг охинтой танилцуулах гэж би дуудсан юм. Баярааг Улаангомд ирснийг мэдээгүй байж байгаад цагдаад шалгагдаж эхэлснийхэн дараа энд ирснийг мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54-р тал/,
- гэрч С.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би 2020 оны 6 дугаар сарын 18-ны өглөө 09 цагийн үед өөрийн тэмээгээ хайгаад Урт булагийн орчимд ганцаараа мотоциклтой явж байтал 2 танихгүй эрэгтэй хүн 2 тэмээг нэг нэгээр нь унаад араасаа 5 тэмээ хөтөлчихсөн уулын амаар явж байхад нь таарсан. Би тэр хоёр хүнээс эдгээр тэмээнүүдийг хаанаас авсан талаар нь асуухад арай ахимаг настай хүн нь “Хулжаас худалдаж аваад Улаангом руу явж байна” гэж хэлсэн. Тэгээд би уг 7 тооны тэмээг үзэхэд манай сумын Б.Ц, Б.Б нарын хацартаа хэвтээ дэгэрээ /зуузай/ тамгатай тэмээнүүд байсан. “Хулжаас авсан тэмээнүүд юм, худалдаж авсан хүн нь түрүүлээд явчихсан” гэж ахимаг насны эрэгтэй нь хэлсэн. Би түүнд “Хулжид манай нутгийн тэмээний тамгатай адил тамгатай тэмээ байдаг юм уу, манайханы тэмээ байна” гэж хэлэхэд “бид нар Улаангом сум руу явж байгаа, Улаангомд оруулж байгаад зураг хөргийг нь авч байж төхөөрдөг юм” гэж хэлээд цааш явсан юм. Тэгээд би утасны сүлжээтэй газарт гарч Б.Бтой утсаар холбогдож “танайх тэмээгээ зарсан уу, танай тамгатай тэмээг хүн хөтлөөд Урт булагт явж байна” гэж хэлэхэд Б.Б надад араас нь дагаад барааг нь харж бай, бид нар тэмээ зараагүй, одоо яваад очъё” гэж хэлсэн. Тэгээд нөгөө тэмээ тууж явсан хоёр хүн Урт булагаас цаашаа явсан юм. Тэгээд 1 цаг 30 минут орчмын дараа манай сумын Б.Б, түүний ах Б.Ж, Б.М, С гэх 4 хүн жижиг суудлын машинтай ирээд Б.Б миний мотоциклд сундлаад бид хоёр нөгөө тэмээ тууж явсан хүний араас явж очоод Б.Б уг хоёр хүнээс тэмээнүүдийг хаанаас худалдаж авсан юм бэ?” гэхэд ахимаг настай хүн нь“энэ урдаас худалдаж авсан, худалдааны тэмээ” гэж хэлсэн. Тэгж байтал Б.М, Б.Ж, С нар араас хүрч ирсэн. Тэгээд тэр хүмүүс тэмээ тууж явсан хоёр хүнд хандаж “эдгээр тэмээнүүд манайхны тэмээ байна, буцаж явъя гээд тэр хоёр хүнийг аваад явсан. Харин би цааш явж тэмээгээ хайсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 61-64-р тал/,
- шүүгдэгч Ц.Б-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр байх Ц.Штай тааралдаж, бид хоёр ойр зуурын юм ярьж байгаад би түүнд хандаж, “ах нь тэтгэвэрт гарах гэсэн чинь жил дутаад болдоггүй, нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлчихвөл болчих гээд байдаг. 3 сая төгрөг зээлэх боломж байна уу” гэхэд “тийм боломж байхгүй” гэж хэлсэн. Тэгэхэд нь би түүнд хандаж, “Хоёулаа Завхан сум руу яваад хэдэн тэмээ аваад ирье, би хүнээс авахаар болсон. Мотоцильд чинь бензин хийж өгнө. Тэмээгээ зарж байгаад мөнгө өгнө” гэхэд Ц.Ш зөвшөөрсөн. Түүнээс хойш 2-3 хоногийн дараа Ц.Ш манай гэрт ирээд тэр өдөртөө бид хоёр явахаар болж, Ц.Ш намайг мотоциклиороо хүргээд эргээд мотоциклиороо ирнэ гэхэд “би ганцаараа явж чадахгүй байх, хань болоод тэмээ туулцаад ирэх хүн хэрэгтэй байна. Тэмээгээ зарж байгаад цалин хөлс өгнө” гэж хэлэхэд Ц.Ш “манай хадам дүү хөдөөнөөс ирчихсэн байна. Түүнийг аваад явъя” гээд бид гурав цуг мотоциклдоо сундалдаад замдаа колонк орж мотоциклын банк дүүргэхэд 20.000 төгрөгийн бензин орсон. Тэгээд бид нар цааш нь сундалдаж яваад Адарганы цагдаагийн постыг араар нь тойрч Тээлийн гол гараад явж байгаад ер нь гурвуулаа нэг мотоцикл дээр явах эвгүй юм байна гээд Ц.Шг замын машинд гар өргөж суугаад Үзүүрийн булаг өнгөрөөд буугаад хүлээж бай гэж хэлээд явуулсан. Тэгээд Ц.Б гэх залуу бид хоёр мотоциклтойгоо Үзүүрийн булаг гэх газарт очиход Ц.Ш бид хоёрыг хүлээгээд хээр байж байсан. Тэнд 18 цагийн үед очоод цаашаа гурвуулаа мотоциклиороо явж байгаад нэг жижиг толгод дээр гарахад уулан дунд нэлээн олон тэмээ бэлчээрлэж явахаар нь “за миний авах тэмээ энд байна. Одоо хүн ирэх ёстой” гэж хэлээд Ц.Ш буцаж явна гээд яарч байсан болохоор мотоциклиор нь буцаасан. Ц.Бд “Одоо надад тэмээ өгөх хүн ирнэ” гэж хэлээд бид хоёр сууж байгаад нар орж бүрэнхий болохоор нь “Уулзах хүн ирэхгүй юм байна. Тэмээгээ барьж аваад явья” гэж хэлээд бэлчиж байсан тэмээнүүд дээр очиж, нэг тэмээ барьж Баярааг мордуулаад бусад тэмээг нь тогтоолгож байгаад дахин 6 тэмээ барьж аваад 7 тэмээнээс Ц.Б гэх залуу бид нэг нэг унаж, 5 тооны тэмээг нь оосорлож хөтөлсөн. Бид хоёр шөнөжин яваад маргааш өглөө нь 10-11 цагийн үед Үзүүрийн булаг зөрөөд явж байтал нэг мотоциклтой залуу тааралдаж, мэнд мэдэлцээд “ та нар хаанаас хаа хүрч байгаа хүмүүс вэ, энэ тэмээнүүд дотор манай сумын малчдын тамгатай 3 тооны тэмээ байна” гэхээр нь “худалдаж авсан тэмээнүүд байгаа юм” гэж хэлээд зөрсөн. Тэгээд нааш нь 10 км явж байтал араас өглөө нь таарсан залуу хажуудаа нэг залуутай хүрээд ирсэн. Тэгээд мотоциклийн ард нь сууж явсан хүн нь “таны тууж явсан тэмээн дотор миний 3 тооны тэмээ байна” гэхэд би тэр залууд “ах нь хулгайлсан юм, эндээ учраа олъё” гэхэд тэр залуу зөвшөөрөөгүй ба “буцааж хүргэж өг, та нарыг цагдаад өгнө” гэхээр нь тэр даруйд нь гэрт нь хүргэж өгөхөд цагдаа ирж Ц.Б бид хоёрыг Улаангомд авч ирсэн. Хулгай хийх санааг би өөрөө гаргасан. Би тэтгэвэрт гарах гэхэд хэдэн жил дутаад байхаар нь нийгмийн даатгалын нөхөн төлбөр хийх гэхэд мөнгөгүй байсан болохоор тухайн үед хулгай хийж мөнгө олох гэж байсан юм. Ц.Б, Ц.Ш нар хулгай хийж байгааг мэдээгүй ба би тэр хоёрт хулгай хийнэ гэж хэлээгүй. Хэлсэн бол хамт явах хүн олдохгүй байх гэж бодоод хэлээгүй юм. Ц.Ш намайг мотоциклиор хүргэж өгсөн ба би мотоциклд нь бензин хийж, тэмээгээ зарчихаад хөлс мөнгийг нь өгнө гэж хэлж авч явсан юм. ..Би Ц.Бг танихгүй, Ц.Б хулгай хийж байгааг огт мэдээгүй. Замд таарсан хүмүүс “миний тэмээ байна” гэж хэлснээс үүдэж Ц.Б тухайн тэмээнүүдийг хулгайлсан гэдгийг мэдсэн. Ц.Ш, Ц.Б нар нь тэмээг хулгайн гэдгийг мэдээгүй. Би тэр хоёрыг ахдаа туслаад өгөөч гэж гуйж туслуулсан болохоос биш хамт хулгай хийе гэсэн зүйл байхгүй. Би ийм үйлдэл хийсэндээ гэмшиж байна. Ц.Ш болон Ц.Б нар хулгайн хэрэгт оролцоогүй, мэдээгүй учир бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашигласан гэдэг зүйл ангийг нь зөвшөөрөхгүй байна. Шаравнямбуу байнга сүү зарж явдаг, нэг нутгийн залуу гэдгээр нь таньж мэддэг, ердийн харилцаатай. Баярааг огт танихгүй, Шаравнямбууг хамт тэмээ туулцаж ирэх хүн олж өгөөч гэхэд манай хадам дүү гэж хамт авч явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 123-125-р тал/,
- шүүгдэгч Ц.Шгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “2020 оны 6 дугаар сарын 14-ний үед Ц.Б ах бид хоёр Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багт байрлах зах дээр тааралдахад Ц.Б нь “чи ахдаа 3.000.000 төгрөг зээлээч, би тэтгэвэрт гарах гэсэн чинь мөнгө хэрэг болоод байна” гэсэн. Би “надад мөнгө байхгүй” гэсэн. Ц.Б ах надад “ах нь хөдөө явж мал авах гэсэн юм. Чи ахыгаа дөхүүлээд өгөөч, бас дахин нэг хүн хэрэгтэй байна. Тэмээгээ оруулж ирж зарж байгаад хөлс мөнгө өгнө” гэхээр нь би “манай хадам дүү Тэс сумаас ирчихсэн байгаа. Цуг аваад явъя гэж хэлсэн. Тэгээд бид гурав 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр аймгийн төвөөс миний эзэмшлийн 67-00 УВЗ улсын дугаартай Мустанг-5 загварын мотоциклд сундалдаж, Ц.Б ах мотоциклд бензин хийж өгөөд Тээлийн гүүр гараад явж байгаад гурвуулаа мотоциклтой явахад эвгүй байхаар нь би замын машинд гар өргөж дайгдаад Үзүүрийн булаг гэх газарт буугаад үлдсэн. Орой 17, 18 цагийн үед Ц.Б ах Ц.Б хоёр ирж тэндээсээ дахин цааш нь 20 км орчим яваад Ц.Б ах энд зогсчих гэсэн. Тэгээд нэг жижиг толгой дээр гарахад нэлээн олон тэмээ бэлчээрлэж байсан. Түүнийг хараад Ц.Б “миний авах тэмээнүүд энд байна, Энд уулзах хүн ирнэ. Чи одоо буц, би Ц.Бтай хамт Улаангом руу яваад орно” гэж хэлэхээр нь би мотоциклио унаад Улаангом руу буцаад явсан. Би аймгийн төв дээр ирээд байж байтал 2 хоногийн дараа намайг Цагдаагийн газар хүрээд ир гэж дуудсан. Тэгээд Цагдаагийн газар ирэхэд Ц.Б, Ц.Б нар цагдаад баригдчихсан байсан. Юу болсон талаар асуухад “Ц.Б ах хулгай хийсэн юм байна” гэж Ц.Б хэлсэн. Миний хувьд Ц.Б ахыг хүрэх газарт нь хүргэж өгсөн. Хулгай хийх талаараа юм хэлээгүй, мөнгө хэрэгтэй байна, хөдөөнөөс тэмээ оруулж ирж зарна, намайг хүргээд өгөөч” гэхэд нь зөвшөөрсөн. Ганцаараа явж чадахгүй, хань болох хүн байна уу гэхэд нь би хадам дүү Ц.Бг цуг явуулсан. Би хулгай хийгээгүй. Ц.Бг Увс аймгийн Тэс сумаас манай эхнэр нэг охинтой танилцуулахаар ирүүлсэн байсан. Ц.Б ах анхнаасаа надад хулгай хийнэ гэж хэлсэн бол би хадам дүү Ц.Бг огт түүнтэй явуулахгүй байх байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 114-116-р тал/,
- шүүгдэгч Ц.Бгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “2020 оны 6 дугаар сарын 14-ний өдөр би Тэс сумаас Улаангомд ирсэн бөгөөд зах дээр хүргэн ах Ц.Штай тааралдсан. 2, 3 хоногийн дараа Ц.Ш ах намайг “чи нэг хүнтэй цуг малд яваад өгөх боломж байна уу” гэхээр нь би зөвшөөрч 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Ц.Ш ахын мотоциклоор Ц.Б гэдэг хүн хүргэн Шаравнямбуу ах бид гурав сундалдаж, колонк дээрээс Ц.Б 20.000 төгрөгт бензин хийгээд Адарганы пост өнгөрч, тээлийн голын гүүр гараад явж байгаад гурван хүн мотоциклтой явах эвгүй байхаар нь Ц.Ш ах замын машинд суугаад Үзүүрийн булагт очоод хүлээж байхаар явсан. Би мотоцикл жолоодож, Ц.Б гэдэг хүнийг сундлаад орой 17-18 цагийн үед Үзүүрийн булаг гэх газарт очиход Ц.Ш ах бид хоёрыг хүлээж байсан. Тэгээд Ц.Б ах тухайн газар орныг сайн мэддэг бололтой, өндөрхөн газарт гарахад эзэнгүй тал дээр олон тэмээ бэлчиж байсан бөгөөд Ц.Б ах “миний авах тэмээнүүд энд байна. Энд уулзах хүн ирнэ” гэхэд Ц.Ш ах “за тэгвэл би буцлаа, та нар тэмээгээ аваад аймгийн төв рүү явна биз” гэж хэлчихээд яваад өгсөн. Ц.Б ах бид хоёр тэнд ирэх хүнийг нь хүлээгээд сууж байтал нар орж бүрэнхий болсон. Баярлах “Миний уулзах хүн ирэхгүй юм байна. Тэмээгээ барьж аваад явья” гэж хэлээд тухайн газарт бэлчиж байсан тэмээнүүд дээр очоод Ц.Б авч явсан уяагаар нэг тэмээ барьж өгөхөд нь би мордоод тэмээг тогтоож байтал Баярлах дахин 6 тооны, нийт 7 тооны тэмээ барьсан. Тэгээд Ц.Б ах бид хоёр тус бүр нэг нэг тэмээ унаж, 5 тэмээг хөтөлж Увс аймгийн Улаангом сум руу явсан. Бид хоёрыг явж байтал өглөөгүүр нэг мотоциклтой залуу таарч “та хоёр хаанаас явж байгаа хүмүүс вэ” гэхэд Ц.Б ах “худалдааны тэмээ аваад явж байна” гэж хэлсэн. Тэгэхэд тэр залуу “та хоёрын тэмээн дотор манай сумын малчдын тэмээ байна” гэж хэлчихээд яваад өгсөн. Бид хоёр цааш явж байтал 2 цаг орчмын дараа бид хоёрын араас өглөө таарсан залуу ардаа нэг хүн сундалчихсан ирсэн бөгөөд тэр залуу нь “миний 3 тооны тэмээ байна, хаанаас авсан юм бэ” гэж хэлсэн. Тэгэхэд Ц.Б ах тэр залуугаас “хоорондоо учраа олъё” гэж хэлэхэд би хулгайн тэмээ байж гэдгийг ойлгоод би Баярлахад “Та яагаад намайг ийм хэрэгт оруулж байгаа юм бэ? Хулгай хийх гэж байгаагаа хэлсэн бол би явахгүй байсан” гэж уурлахад “Ах нь хэргээ хүлээнэ. Бүх үнэнээ хэлдэг газарт нь хэлнэ” гэж хэлсэн. Баярлах тэр хүмүүсээс “Хоорондоо учраа ольё” гэж гуйсан боловч зөвшөөрөхгүй цагдаа дуудаж, Ц.Б ах бид хоёр цагдаад баригдаж аймгийн төв рүү орж ирсэн. Ц.Б ах тэмээг барьж авахдаа цагаан өнгийн уяа ашигласан ба тэр уяагаа тэмээг эзэнд нь хүлээлгэж өгөхдөө хамтад нь өгчихсөн. ...Би хулгай хийнэ гэж огт бодоогүй, би Увс аймгийн Тэс суманд аав ээжийн хамт амьдардаг бөгөөд Улаангом суманд нэг охинтой танилцах зорилгоор орж ирсэн байсан. Тэгээд Ц.Ш ах “чи ахдаа нэг хүний тэмээг хөдөөнөөс оруулж ирэхэд нь тусалчих” гэхээр нь би тусалсан. Ц.Б гэдэг хүн Ц.Улаангомоос гарч явахдаа “хүнээс авах авлагатай, тэмээ авна” гэж хэлсэн. Тэр үед нь хэдэн тэмээ авах гэж байгааг нь ч асуугаагүй. Би тэр хүнд туслаж байна гэж явсан. Тэгээд мотоциклтой хүн ирээд “манай тэмээ байна” гэж хэлээд Ц.Б ах “эндээ учраа олъё” гэж хэлэхэд нь би хулгайн тэмээ гэдгийг ойлгож мэдсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 132-134-р тал/,
- Увс финанс Аудит ХХК-ий 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн “2019 оны дугаар сарын байдлаар Увс аймагт 5 настай эр тэмээ 1.000.000 төгрөг, 7 настай эр тэмээ 1.100.000 төгрөг, 8 настай эр тэмээ 1.200.000 төгрөг, 9 настай эр тэмээ 1.300.000 төгрөг, 10 настай эр тэмээ 1.400.000 төгрөг, 12 настай эр тэмээ 1.500.000 төгрөг, 13 настай эр тэмээ 1.500.000 төгрөг нийт 7 тооны тэмээ 9.000.000 сая төгрөг болохыг тус тус тодорхойлов” гэх 203 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 81-р тал/-үүд хавтаст хэрэгт авагдсаныг шинжлэн судлав.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
А. Шүүгдэгч Ц.Ш, Ц.Б нарыг цагаатгах үндэслэлийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэрэг нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэдэг, шунахайн сэдэлттэй, шууд санаатай, ашиг, орлого олох зорилготойгоор үйлдэгддэг онцлогтой.
Шүүгдэгч Ц.Ш, Ц.Б нар нь энэ гэмт хэрэгт санаатайгаар нэгдэж оролцсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй харин шүүгдэгч Ц.Быг мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж байгааг мэдээгүй болох нь хэрэгт авагдсан шүүгдэгч Ц.Бын “2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр байх Ц.Штай тааралдаж, бид хоёр ойр зуурын юм ярьж байгаад би түүнд хандаж, “ах нь тэтгэвэрт гарах гэсэн чинь жил дутаад болдоггүй, нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлчихвөл болчих гээд байдаг. 3 сая төгрөг зээлэх боломж байна уу” гэхэд “тийм боломж байхгүй” гэж хэлсэн. Тэгэхэд нь би түүнд хандаж, “Хоёулаа Завхан сум руу яваад хэдэн тэмээ аваад ирье, би хүнээс авахаар болсон. Мотоцильд чинь бензин хийж өгнө. Тэмээгээ зарж байгаад мөнгө өгнө” гэхэд Ц.Ш зөвшөөрсөн. Түүнээс хойш 2-3 хоногийн дараа Ц.Ш манай гэрт ирээд тэр өдөртөө бид хоёр явахаар болж, Ц.Ш намайг мотоциклиороо хүргээд эргээд мотоциклиороо ирнэ гэхэд “би ганцаараа явж чадахгүй байх, хань болоод тэмээ туулцаад ирэх хүн хэрэгтэй байна. Тэмээгээ зарж байгаад цалин хөлс өгнө” гэж хэлэхэд Ц.Ш “манай хадам дүү хөдөөнөөс ирчихсэн байна. Түүнийг аваад явъя” гээд бид гурав цуг мотоциклдоо сундалдаад явсан.Тэнд 18 цагийн үед очоод цаашаа гурвуулаа мотоциклиороо явж байгаад нэг жижиг толгод дээр гарахад уулан дунд нэлээн олон тэмээ бэлчээрлэж явахаар нь “за миний авах тэмээ энд байна. Одоо хүн ирэх ёстой” гэж хэлээд Ц.Ш буцаж явна гээд яарч байсан болохоор мотоциклиор нь буцаасан. Ц.Бд “Одоо надад тэмээ өгөх хүн ирнэ” гэж хэлээд бид хоёр сууж байгаад нар орж бүрэнхий болохоор нь “Уулзах хүн ирэхгүй юм байна. Тэмээгээ барьж аваад явья” гэж хэлээд бэлчиж байсан тэмээнүүд дээр очиж, нэг тэмээ барьж Баярааг мордуулаад бусад тэмээг нь тогтоолгож байгаад дахин 6 тэмээ барьж аваад 7 тэмээнээс Ц.Б гэх залуу бид нэг нэг унаж, 5 тооны тэмээг нь оосорлож хөтөлсөн. Бид хоёр шөнөжин яваад маргааш өглөө нь 10-11 цагийн үед Үзүүрийн булаг зөрөөд явж байтал нэг мотоциклтой залуу тааралдаж, мэнд мэдэлцээд “ та нар хаанаас хаа хүрч байгаа хүмүүс вэ, энэ тэмээнүүд дотор манай сумын малчдын тамгатай 3 тооны тэмээ байна” гэхээр нь “худалдаж авсан тэмээнүүд байгаа юм” гэж хэлээд зөрсөн. Тэгээд нааш нь 10 км явж байтал араас өглөө нь таарсан залуу хажуудаа нэг залуутай хүрээд ирсэн. Тэгээд мотоциклийн ард нь сууж явсан хүн нь “таны тууж явсан тэмээн дотор миний 3 тооны тэмээ байна” гэхэд би тэр залууд “ах нь хулгайлсан юм, эндээ учраа олъё” гэхэд тэр залуу зөвшөөрөөгүй ба “буцааж хүргэж өг, та нарыг цагдаад өгнө” гэхээр нь тэр даруйд нь гэрт нь хүргэж өгөхөд цагдаа ирж Ц.Б бид хоёрыг Улаангомд авч ирсэн. Хулгай хийх санааг би өөрөө гаргасан. Би тэтгэвэрт гарах гэхэд хэдэн жил дутаад байхаар нь нийгмийн даатгалын нөхөн төлбөр хийх гэхэд мөнгөгүй байсан болохоор тухайн үед хулгай хийж мөнгө олох гэж байсан юм. Ц.Б, Ц.Ш нар хулгай хийж байгааг мэдээгүй ба би тэр хоёрт хулгай хийнэ гэж хэлээгүй. Хэлсэн бол хамт явах хүн олдохгүй байх гэж бодоод хэлээгүй юм. Ц.Ш намайг мотоциклиор хүргэж өгсөн ба би мотоциклд нь бензин хийж, тэмээгээ зарчихаад хөлс мөнгийг нь өгнө гэж хэлж авч явсан юм. Ц.Б хулгай хийж байгааг огт мэдээгүй. Замд таарсан хүмүүс “миний тэмээ байна” гэж хэлснээс үүдэж Ц.Б тухайн тэмээнүүдийг хулгайлсан гэдгийг мэдсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 123-125-р тал/, шүүгдэгч Ц.Шгийн “2020 оны 6 дугаар сарын 14-ний үед Ц.Б ах бид хоёр Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багт байрлах зах дээр тааралдахад Ц.Б нь “чи ахдаа 3.000.000 төгрөг зээлээч, би тэтгэвэрт гарах гэсэн чинь мөнгө хэрэг болоод байна” гэсэн. Би “надад мөнгө байхгүй” гэсэн. Ц.Б ах надад “ах нь хөдөө явж мал авах гэсэн юм. Чи ахыгаа дөхүүлээд өгөөч, бас дахин нэг хүн хэрэгтэй байна. Тэмээгээ оруулж ирж зарж байгаад хөлс мөнгө өгнө” гэхээр нь би “манай хадам дүү Тэс сумаас ирчихсэн байгаа. Цуг аваад явъя гэж хэлсэн. Тэгээд бид гурав 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр аймгийн төвөөс миний эзэмшлийн 67-00 УВЗ улсын дугаартай Мустанг-5 загварын мотоциклд сундалдаж, Ц.Б ах мотоциклд бензин хийж өгөөд Тээлийн гүүр гараад явж байгаад гурвуулаа мотоциклтой явсан. Орой 17, 18 цагийн үед Ц.Б ах Ц.Б хоёр ирж тэндээсээ дахин цааш нь 20 км орчим яваад Ц.Б ах энд зогсчих гэсэн. Тэгээд нэг жижиг толгой дээр гарахад нэлээн олон тэмээ бэлчээрлэж байсан. Түүнийг хараад Ц.Б “миний авах тэмээнүүд энд байна, Энд уулзах хүн ирнэ. Чи одоо буц, би Ц.Бтай хамт Улаангом руу яваад орно” гэж хэлэхээр нь би мотоциклио унаад Улаангом руу буцаад явсан. Би аймгийн төв дээр ирээд байж байтал 2 хоногийн дараа намайг Цагдаагийн газар хүрээд ир гэж дуудсан. Тэгээд Цагдаагийн газар ирэхэд Ц.Б, Ц.Б нар цагдаад баригдчихсан байсан. Юу болсон талаар асуухад “Ц.Б ах хулгай хийсэн юм байна” гэж Ц.Б хэлсэн. Миний хувьд Ц.Б ахыг хүрэх газарт нь хүргэж өгсөн. Хулгай хийх талаараа юм хэлээгүй, мөнгө хэрэгтэй байна, хөдөөнөөс тэмээ оруулж ирж зарна, намайг хүргээд өгөөч” гэхэд нь зөвшөөрсөн. Ганцаараа явж чадахгүй, хань болох хүн байна уу гэхэд нь би хадам дүү Ц.Бг цуг явуулсан. Би хулгай хийгээгүй. Ц.Бг Увс аймгийн Тэс сумаас манай эхнэр нэг охинтой танилцуулахаар ирүүлсэн байсан. Ц.Б ах анхнаасаа надад хулгай хийнэ гэж хэлсэн бол би хадам дүү Ц.Бг огт түүнтэй явуулахгүй байх байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 114-116-р тал/, шүүгдэгч Ц.Бгийн “2020 оны 6 дугаар сарын 14-ний өдөр би Тэс сумаас Улаангомд ирсэн бөгөөд зах дээр хүргэн ах Ц.Штай тааралдсан. 2, 3 хоногийн дараа Ц.Ш ах намайг “чи нэг хүнтэй цуг малд яваад өгөх боломж байна уу” гэхээр нь би зөвшөөрч 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Ц.Ш ахын мотоциклиор Ц.Б гэдэг хүн хүргэн Шаравнямбуу ах бид гурав сундалдаж, колонк дээрээс Ц.Б 20.000 төгрөгт бензин хийгээд Адарганы пост өнгөрч, тээлийн голын гүүр гараад явж байгаад гурван хүн мотоциклтой явах эвгүй байхаар нь Ц.Ш ах замын машинд суугаад Үзүүрийн булагт очоод хүлээж байхаар явсан. Би мотоцикл жолоодож, Ц.Б гэдэг хүнийг сундлаад орой 17-18 цагийн үед Үзүүрийн булаг гэх газарт очиход Ц.Ш ах бид хоёрыг хүлээж байсан. Тэгээд Ц.Б ах тухайн газар орныг сайн мэддэг бололтой, өндөрхөн газарт гарахад эзэнгүй тал дээр олон тэмээ бэлчиж байсан бөгөөд Ц.Б ах “миний авах тэмээнүүд энд байна. Энд уулзах хүн ирнэ” гэхэд Ц.Ш ах “за тэгвэл би буцлаа, та нар тэмээгээ аваад аймгийн төв рүү явна биз” гэж хэлчихээд яваад өгсөн. Ц.Б ах бид хоёр тэнд ирэх хүнийг нь хүлээгээд сууж байтал нар орж бүрэнхий болж байхад Баярлах “Миний уулзах хүн ирэхгүй юм байна. Тэмээгээ барьж аваад явья” гэж хэлээд тухайн газарт бэлчиж байсан тэмээнүүд дээр очоод Ц.Б авч явсан уяагаар нэг тэмээ барьж өгөхөд нь би мордоод тэмээг тогтоож байтал Баярлах дахин 6 тооны, нийт 7 тооны тэмээ барьсан. Тэгээд Ц.Б ах бид хоёр тус бүр нэг нэг тэмээ унаж, 5 тэмээг хөтөлж Увс аймгийн Улаангом сум руу явсан. Бид хоёрыг явж байтал өглөөгүүр нэг мотоциклтой залуу таарч “та хоёр хаанаас явж байгаа хүмүүс вэ” гэхэд Ц.Б ах “худалдааны тэмээ аваад явж байна” гэж хэлсэн. Тэгэхэд тэр залуу “та хоёрын тэмээн дотор манай сумын малчдын тэмээ байна” гэж хэлчихээд яваад өгсөн. Бид хоёр цааш явж байтал 2 цаг орчмын дараа бид хоёрын араас өглөө таарсан залуу ардаа нэг хүн сундалчихсан ирсэн бөгөөд тэр залуу нь “миний 3 тооны тэмээ байна, хаанаас авсан юм бэ” гэж хэлсэн. Тэгэхэд Ц.Б ах тэр залуугаас “хоорондоо учраа олъё” гэж хэлэхэд би хулгайн тэмээ байж гэдгийг ойлгоод би Баярлахад “Та яагаад намайг ийм хэрэгт оруулж байгаа юм бэ? Хулгай хийх гэж байгаагаа хэлсэн бол би явахгүй байсан” гэж уурлахад “Ах нь хэргээ хүлээнэ. Бүх үнэнээ хэлдэг газарт нь хэлнэ” гэж хэлсэн. Баярлах тэр хүмүүсээс “Хоорондоо учраа ольё” гэж гуйсан боловч зөвшөөрөхгүй цагдаа дуудаж, Ц.Б ах бид хоёр цагдаад баригдаж аймгийн төв рүү орж ирсэн. Би хулгай хийнэ гэж огт бодоогүй, би Увс аймгийн Тэс суманд аав ээжийн хамт амьдардаг бөгөөд Улаангом суманд нэг охинтой танилцах зорилгоор орж ирсэн байсан. Тэгээд Ц.Ш ах “чи ахдаа нэг хүний тэмээг хөдөөнөөс оруулж ирэхэд нь тусалчих” гэхээр нь би тусалсан. Ц.Б гэдэг хүн Улаангомоос гарч явахдаа “хүнээс авах авлагатай, тэмээ авна” гэж хэлсэн. Тэр үед нь хэдэн тэмээ авах гэж байгааг нь ч асуугаагүй. Би тэр хүнд туслаж байна гэж явсан. Тэгээд мотоциклтой хүн ирээд “манай тэмээ байна” гэж хэлээд Ц.Б ах “эндээ учраа олъё” гэж хэлэхэд нь би хулгайн тэмээ гэдгийг ойлгож мэдсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 132-134-р тал/-үүдээр нотлогдож байна.
Шүүгдэгч Ц.Б, Ц.Б нар 7 тооны тэмээг авч явж байхад нь анх тааралдсан хохирогч Б.Бийн “Би “Энэ тэмээн дотор миний тэмээ байна” гэж хэлэхэд тэр хоёр хүний арай ахимаг настай хүн нь надтай уулзаад “энэ тэмээг “Үзүүрийн булаг” гэдэг газраас хулгайлсан юм. Намайг уучлаарай. Зохицоод салах уу” гэж хэлсэн. Тэр настай хүн өөрийгөө Тэс сумын 2 дугаар багийн Баярлах гэдэг хүн гэж танилцуулсан. Нөгөө хамт явсан залуугийн нэрийг асуугаагүй юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27, 28-30-р тал/, хохирогч Н.Агийн “Би Б.Бийн гэрт очиход 2 хүн манай 13 настай, шар зүстэй, зөв ташаандаа дэгрээ тамгатай тэмээг болон Б.Б, Н, Ц, Т нарын тэмээнүүдтэй хамт нийт 7 тэмээг хулгайлж яваад баригдсан байсан. Тэгээд би тэр хоёр хүнээс “яах гэж хулгай хийсэн юм бэ?” гэхэд ахмад настай хүн нь “би амьдралын шаардлагаар хулгай хийсэн юм” гэж хэлсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34-р тал/, хохирогч А.Тын “Би би тэмээгээ авчихаад тэмээ хулгайлсан гэх 2 хүнтэй уулзахад Тэс сумын гаралтай Баярлах, Баяраа гэх 2 хүн гэж өөрсдийгөө танилцуулсан ба нэг нь 55-57 орчим насны, нөгөө нь 23- 25 орчим насны эрэгтэй байсан. Тэгээд би тэр 2 хүнээс яагаад тэмээ хулгайлж байгаа юм гэж асуухад настай хүн нь “тэмээ хулгайлсан нь үнэн, уучлаарай” гэж хэлж байсан ба өөр ямар нэг юм хэлээгүй” гэх мэдүүлэг, гэрч Б.Жн “Тэр тэмээ авч явж байсан 2 хүнийг би танихгүй, харж байгаагүй хүмүүс байсан ба нэгийг нь Ц.Б гэсэн нөгөө залууг нь хэн гэдгийг нь мэдээгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52-р тал/, гэрч С.Хүрэлбаатарын “Би 2020 оны 6 дугаар сарын 18-ны өглөө 09 цагийн үед өөрийн тэмээгээ хайгаад Урт булагийн орчимд ганцаараа мотоциклтой явж байтал 2 танихгүй эрэгтэй хүн 2 тэмээг нэг нэгээр нь унаад араасаа 5 тэмээ хөтөлчихсөн уулын амаар явж байхад нь таарсан. Би тэр хоёр хүнээс эдгээр тэмээнүүдийг хаанаас авсан талаар нь асуухад арай ахимаг настай хүн нь “Хулжаас худалдаж аваад Улаангом руу явж байна. Худалдаж авсан хүн нь түрүүлээд явчихсан” гэж ахимаг насны эрэгтэй нь хэлсэн. Би түүнд “Хулжид манай нутгийн тэмээний тамгатай адил тамгатай тэмээ байдаг юм уу, манайханы тэмээ байна” гэж хэлэхэд “бид нар Улаангом сум руу явж байгаа, Улаангомд оруулж байгаад зураг хөргийг нь авч байж төхөөрдөг юм” гэж хэлээд цааш явсан юм. Б.Б, түүний ах Б.Ж, Б.М, Сүхбаатар гэх 4 хүн жижиг суудлын машинтай ирээд Б.Б миний мотоциклд сундлаад бид хоёр нөгөө тэмээ тууж явсан хүний араас явж очоод Б.Б уг хоёр хүнээс тэмээнүүдийг хаанаас худалдаж авсан юм бэ?” гэхэд ахимаг настай хүн нь“энэ урдаас худалдаж авсан, худалдааны тэмээ” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 61-64-р тал/-үүдээс шүүгдэгч Ц.Б л хохирогч, гэрч нартай харилцсан, тохиролцох талаар санал тавьсан, хохирогч, гэрч нарын зарим нь шүүгдэгч Ц.Бгийн нэрийг ч мэдээгүй, шүүгдэгч нарын үйлдэлдээ хандаж байгаа хандлага, хохирогч, гэрч нартай харилцаж байгаа байдлаас нь харахад шүүгдэгч Ц.Б, Ц.Ш нар нь энэ гэмт хэргийг санаатайгаар бүлэглэн үйлдсэн гэж дүгнэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгч Ц.Бтай шүүгдэгч Ц.Б, Ц.Ш нар хамт явсныг нотолсоноос бус шүүгдэгч Ц.Б, Ц.Ш нар шунахайн сэдэлттэйгээр бусдын малыг хулгайлсан өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Быг хулгай хийж байгааг урьдаас мэдэж хамтран оролцсон гэдгийг нотлох чадахгүй байна.
гэрч Ц.Насантогтохын “Шаравнямбуу цагдаад шалгагдаж эхэлсний дараа юу болсон талаар асуухад “Баяраа бид хоёр нэг хүнтэй хамт 7 тэмээ хулгайлсан. Нөгөө хоёр тэмээгээ туугаад ирж яваад баригдсан байна” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54-р тал/ нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох бусад нотлох баримтаар нотлогдохгүй байгаа тул мэдүүлгийнхээ эх сурвалжийг чадаагүй гэж үзэх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3-т зааснаар дангаараа нотлох баримт болохгүй тул шүүх үнэлээгүй болно.
Гэрчийн энэ мэдүүлэг нь ердийн ухамсрын түвшинд шүүгдэгч Ц.Ш, Ц.Б нарыг 7 тооны тэмээ хулгайлсан гэмт хэрэгт холбогдсон гэдгийг илэрхийлснээс бус шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг шууд заасан нотлох баримт биш болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэрэг нь шунахайн сэдэлттэй, шууд санаатайгаар үйлдэгддэг онцлогтой бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тодорхойлсон бөгөөд шүүгдэгч Ц.Ш, Ц.Б нарын хувьд шунахайн сэдэлттэйгээр шүүгдэгч Ц.Бтай санаатайгаар нэгдэж энэ гэмт хэргийг үйлдсэн гэдгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Харин шүүгдэгч нарын мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч Ц.Б нь шүүгдэгч Ц.Ш, Ц.Б нарыг тэмээ авч ирэхэд нь тусалбал яг хэдэн төгрөг өгөхөө хэлээгүй боловч тодорхой хэмжээний хөлс мөнгө өгнө гэж Ц.Штай урьдын танилын хувьд тохиролцсон, Ц.Бг танихгүй боловч Ц.Шгаар дамжуулж танилцаад мөн хөлс мөнгө өгнө гэж тохиролцсоноос гадна шүүгдэгч Ц.Ш, Ц.Б нарын үйлдэлд Монголын уламжлалт зан заншлын дагуу хүнд туслах санаа, зорилготойгоор уг үйлдэлд оролцсон нөхцөл байдал харагдаж байна.
Хэрэгт хамааралтай бүх нөхцөл байдлыг шалгасан боловч шүүгдэгч Ц.Ш Ц.Б нар нь энэ гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэдгийг шууд нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүгдэгч нарын гэм буруутай эсэхийг тогтооход эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхийн нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх зарчмыг баримталсан болно.
Иймд шүүгдэгч Ц.Ш, Ц.Б нарын үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй гэж үзэж, цагаатгах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Б. Шүүгдэгч Ц.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь хохирогч нарын 7 тооны тэмээг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, бэлчээрээс нь авсан болох нь:
- Тэмээнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-23-р тал/,
- хохирогч Б.Б, Н.А, Б.Н, Х.Г, А.Т, Б.Ц, гэрч Б.Ж, С.Хүрэлбаатар, шүүгдэгч Ц.Ш, Ц.Б, нарын мэдүүлэг болон Ц.Бын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байх бөгөөд энэ үйлдэл нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбар: “Энэ зүйлд заасан “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна” гэж тодорхойлсон тул тэмээ нь энэ зүйлээр хамгаалагдсан мал гэдэг орно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-2.6, 3 дахь хэсгийн 3.1-3.2-т энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хуульчилсан байна.
Прокуророос шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүгдэгч Ц.Ш, Ц.Б нарын үйлдэлд гэмт хэргийн шинжгүй гэж үзэж цагаатгасан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэж үзэхгүй.
Мотоцикл нь “машин механизм” гэдэгт хамаарах боловч “Машин механизм ашигласан” гэж бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгийг зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгох тул хэргийн газарт мотоциклоор хүргүүлсэн үйлдлийг машин механизм ашигласан гэж үзэхгүй болно.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Бын хувьд хулгайн үйлдлээ хөнгөвчлөх, түргэвчлэх, хэргийн газарт очих зорилгоор Ц.Шгийн мотоциклыг ашигласан боловч тухайн гэмт хэргийн халдлагын зүйл болох тэмээг барьж авах, авч явахад ашиглаагүй тул энэ гэмт хэргийг үйлдэхдээ мотоцикл ашигласан гэж үзэхгүй.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Ц.Б 7 тооны тэмээг аваад тэдгээрийг зөөж тээвэрлэх, хэргийн газраас хурдан холдохын тулд зориудаар, урьдчилан бэлтгэж машин механизм буюу тээврийн хэрэгсэл ашиглаагүй. Харин хулгайлж авсан 7 тооны тэмээний 2 тооны тэмээг нь Ц.Бгийн хамт унаж, 5 тооны тэмээг уяагаар холбож хөтөлж явсан нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ц.Бын хэргийн газарт очихдоо Ц.Шгийн мотоциклоор хүргүүлсэн үйлдлийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ машин механизм ашигласан гэж үзэх үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “бусдын олон тооны малыг хулгайлсан бол...” гэж энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбар: “Энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно” гэж тодорхойлсон бөгөөд шүүгдэгч Ц.Б нь 7 тооны тэмээ хулгайлсан нь олон тооны мал гэдэгт хамаарна.
Иймд шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Б нь тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул прокуророос түүнд Эрүүгийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх Эрүүгийн хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршгийн талаар:
Увс финанс Аудит ХХК-ий 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн “2019 оны дугаар сарын байдлаар Увс аймагт 5 настай эр тэмээ 1.000.000 төгрөг, 7 настай эр тэмээ 1.100.000 төгрөг, 8 настай эр тэмээ 1.200.000 төгрөг, 9 настай эр тэмээ 1.300.000 төгрөг, 10 настай эр тэмээ 1.400.000 төгрөг, 12 настай эр тэмээ 1.500.000 төгрөг, 13 настай эр тэмээ 1.500.000 төгрөг нийт 7 тооны тэмээ 9.000.000 сая төгрөг болохыг тус тус тодорхойлов” гэх 203 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 81-р тал/-ээр шүүгдэгч Ц.Бын хулгайлсан 7 тооны тэмээ нь 9.000.000 төгрөгийн үнэтэй болох нь тогтоогдож байгаа тул энэ гэмт хэргийн улмаас хохирогч нарт 9.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзнэ.
Хохирогч нар өөрсдийн тэмээгээ зүсээр нь буцаан авсан болох нь тэдний хохирогчоор өгсөн мэдүүлгээр тогтоогдож байгаа бөгөөд хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэх бөгөөд тэмээг эрж хайхад гарсан зардлыг гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг гэж үзнэ.
Хохирогч нар тэмээ эрж хайхад зардал гарсан гэж мэдүүлсэн боловч холбогдох нотлох баримтыг мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгөөгүй тул хохирогч нар гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч энэ талаар маргаагүй болно.
II. Шүүгдэгч Ц.Бад эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Б нь Увс аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/78 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 5 жил 1 сарын хорих ял шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 146-р тал/-аар нотлогдож байна.
Шүүгдэгч Ц.Бын хувийн зан байдлын талаар: Гэрч С.Ядамжавын өгсөн: Би Баярлахыг сайн танина бид хоёр багаасаа нэг нутаг усанд өссөн найз нөхдийн холбоотой. Садан төрлийн холбоо байхгүй. Ц.Б одоогоор Увс аймгийн Улаангом суманд эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэрийг нь Цэвэлмаа гэдэг Увс аймагт шатахуун түгээх станцад ажилладаг. 2 хүүхэд нь Улаанбаатар хотод хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Ц.Б нь номхон дөлгөөн зантай, бусадтай нийтэч боловсон харилцаатай, ажилсаг хөдөлмөрч, цэвэрч нямбай хүн юм. Мөн гарын ур дүйтэй болохоор мод болон сураар ойр зуурын эд зүйл хийгээд зарж борлуулж амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй хүн байгаа юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 72-р тал / -үүд хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгч Ц.Бад ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хулгайлсан 7 тооны тэмээг зүсээр нь буцаан өгч учирсан хохирлыг барагдуулсан, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж заасан байна.
Шүүгдэгч Ц.Б нь хохирогч Б.Б, Н.А, Б.Н, Х.Г, А.Т, Б.Ц нарын 9.000.000 төгрөгийн үнэ бүхий 7 тооны тэмээг хулгайлсан тул гэмт хэрэг үйлдэж 9.000.000 төгрөгийн орлого олсон гэж үзнэ.
Хохирогч нарт 9.000.000 төгрөгийн үнэ бүхий 7 тооны тэмээг зүсээр нь буцаан өгч хохирлыг нөхөн төлсөн байх тул уг тэмээний үнийг хурааж улсын орлого болгох үндэслэлгүй болно.
Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж шүүгдэгч Ц.Шгийн мотоцикл битүүмжилсэн боловч уг мотоциклийг гэмт хэрэг үйлдэхэд ашиглаагүй болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан прокурорын тогтоолыг хүчингүй болгов.
Шүүгдэгч Ц.Б, Ц.Ш, Ц.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч Ц.Баас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.Шаравсамбуу, Ц.Б нарыг цагаатгаж шийдвэрлэсэн тул тэдэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Бад хорих ял оногдуулсан тул өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2035000000110 дугаартай эрүүгийн хэргээс шүүгдэгч Б овогт Цийн Ш, Г овогт Цийн Б нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан шүүгдэгч Б овогт Цийн Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
3. Шүүгдэгч Б овогт Цийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жил 2 /хоёр/ сар хорих ял шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т зааснаар хохирогч нар гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч Ц.Баас шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан шүүгдэгч Ц.Ш-гийн эзэмшлийн мотоциклыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
9. Шүүгдэгч Ц.Ш, Ц.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ