Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2018/01480

 

Ж гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/01130 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

             2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1122 дугаар магадлалтай,              

             Ж гийн нэхэмжлэлтэй,

              Э д холбогдох

             Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,920,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

            2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Ариунжаргал, хариуцагч Э , хариуцагчийн өмгөөлөгч Т.Баярдалай, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч З.Ариунжаргал нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Э  нь 2017 оны 07 сарын 18-ны өдөр надаас 6,200,000 төгрөг бэлнээр авч, уг мөнгийг 1 сарын хугацаатай, хугацаанд нь төлөөгүй тохиолдолд өдрийн 0.5 хувийн алданги тооцох болзолтой зээлийн гэрээ байгуулсан. Гэвч Э  нь гэрээний үүргээ биелүүлээгүй, үндсэн зээл болон сарын хүүгээ ч төлөөгүй. Иймээс Э гаас үндсэн зээл 6,200,000 төгрөг, зээлийн хүү 620,000 төгрөг, алданги 3,100,000 төгрөг, нийт 9,920,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Э , түүний өмгөөлөгч Т.Баярдалай нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Э  нь Ж гаас 2017 оны 03 сарын 09-ний өдөр 3,000,000 төгрөг, 2017 оны 03 сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2017 оны 03 сарын 21-ний өдөр 5,000,000 төгрөг, 2017 оны 04 сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг, 2017 оны 05 сарын 21-ний өдөр 1,500,000 төгрөг, 2017 оны 06 сарын 27-ны өдөр 3,000,000 төгрөг буюу нийт 6 удаа зээл авахдаа 14,500,000 төгрөгийг тус бүр 1 сарын 10 хувийн хүүтэй зээлж байсан. Харин зээлүүдийнхээ эргэн төлөлтийг тухайн сард оногдох хүүтэй нь хамт тооцон, мөн тухайн сарынхаа 30 хоногт хуваан сарын турш өдөр бүр тэнцүү хэмжээгээр төлөх нөхцөлтэйгөөр хийж байсан ба би түүнээс авсан бүх мөнгийг хүүтэй нь төлчихсөн. Харин 2017 оны 07 сарын 18-ны өдөр буюу түүний нэхэмжлэлийн үндэслэл болгосон бичгийг бичүүлсэн өдөр Ж тай зээлийн тооцооны талаар маргасан. Би 2017 оны 07 сарын 11-ний өдрөөс 2017 оны 07 сарын 18-ны өдөр хүртэл 7 хоног Улсын баяр наадмын амралтаар Архангай аймаг явсан ба уг хоногуудад зээлийн төлөлт хийгдээгүйтэй холбогдуулан тэрээр манай хүүхдүүд рүү залгаж элдвээр дарамталсан байсан тул би 2017 оны 07 сарын 18-ны өдөр хөдөөнөөс ирээд түүнтэй очиж уулзсан. Гэтэл Ж  намайг зээлээ төлсөнгүй олон хоногоор утас чинь холбогдохгүй зугтлаа гэж уурлаад өмнөх зээлийн үлдэгдэл чинь хүүгийн хамт 6,200,000 төгрөг болсон байна гэсэн. Гэвч тэрээр дансныхаа хуулгыг авч ирж тооцоо нийлэхгүй атлаа надаас тасралтгүй мөнгө нэхсээр байсан. 2017 оны 11 сарын сүүлээр Ж  манай ажил дээр ирж 2017 оны 07 сарын 18-ны өдөр 6,200,000 төгрөг бэлнээр авсан, хүүтэй нь төлнө гэж хэлсэн. Мөн Ж  манай хүүхдүүдээс миний зээлийн төлбөрт шилжүүлсэн 3,000,000 гаруй төгрөгийг тооцоондоо оруулж хасалт хийгээгүй төдийгүй, хүү тооцон 6,200,000 төгрөг зээлсэн гэж бичүүлсэн болох нь Э  миний Хаан банкны 5029565746, 5561057521 дугаарын данс, хүргэн Б.Багатулгын 5111226256, хүү О.Жамбалцанжидын 5064785294, охин О.Зандраарагчаагийн 5029605033 дугаарын дансны хуулгаас шүүлт хийхэд тогтоогдож байгаа төдийгүй надаас үндэслэлгүйгээр илүү мөнгө авсан нь харагдаж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Э гийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: Би Ж гаас 2017 оны 03 сарын 09-ний өдөр 3,000,000 төгрөг, 2017 оны 03 сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2017 оны 03 сарын 21-ний өдөр 5,000,000 төгрөг, 2017 оны 04 сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг, 2017 оны 05 сарын 21-ний өдөр 1,500,000 төгрөг, 2017 оны 06 сарын 27-ны өдөр 3,000,000 төгрөг буюу нийт 6 удаа зээл авахдаа 14,500,000 төгрөгийг тус бүр 1 сарын 10 хувийн хүүтэй, мөн зээл тус бүрийг нэг сарын хугацаатай зээлсэн. Дээрхи мөнгийг хүүтэй нь төлж дуусгасан. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 281.2 дахь хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө...шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан...мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхийн зэрэгцээ мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно” гэж заажээ. Гэтэл Ж  нь 2017 оны 07 сарын 18-ны өдөр Э  надад нэг ч төгрөг олгоогүй тул зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна. Иймээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 281.2 болон мөн хуулийн 56.1.1, 60 дугаар зүйлд заасныг тус тус үндэслэн 2017 оны 07 сарын 18-ны өдөр 6,200,000 төгрөг 10 хувийн хүүтэй зээлж байна, зээлээ төлөөгүй тохиолдод зээлийн барьцаанд хэвлэлийн тоног төхөөрөмж, канон, принтер, хулдаасан хэвлэлийн машин, фото машин зэргийг хураалгахад гомдолгүй, хуулийн байгууллагаар шийдүүлэхгүй үл маргах журмаар шийдүүлнэ, 2017 оны 07 сарын 18-ны өдөр 6,200,000 төгрөг бэлэн авсан гэж бичүүлсэн зээлийн гэрээ гэх хууль болон нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн бичгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.                      Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/01130 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар Ж гийн нэхэмжлэлтэй хариуцагч Э гаас 9,920,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд байгуулсан 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай Э гийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 173,570 төгрөг, хариуцагч Э гийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 173,670 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1122 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/01130 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э гаас 4,030,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,890,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч Э гаас 79,430 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Э гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1122 дугаар магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Учир нь шүүх хэргийн үйл баримтыг буруу тогтоосон. Хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж ИХШХШТХ-ийн 40.2-р зүйлийг зөрчихийн зэрэгцээ, ИХ-ийн 281.1, 282.4 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл, ИХ-ийн 281.1, 282.4 дэх хэсэгт “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл,... хэмжээний эд хөрөнгө мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. Мөнгө эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно” гэж заасан. Гэтэл хэрэгт зохигч нарын хооронд 2017.07.18-ны өдөр байгуулагдсан 6,200,000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээ авагдсан боловч уг зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч мөнгө шилжүүлээгүй. Учир нь бодит байдал дээр Ж  уг гэрээний дагуу надад мөнгө шилжүүлэх шаардлагагүй байсан буюу тэрээр тухайн өдөр “Э  чиний өмнө авсан зээлийн чинь үлдэгдэл, хүүгийн хамт 6,200,000 төгрөг болсон байна гэрээгээ шинэчилж бич” гэж уг бичгийг бичүүлсэн. Тухайн өдөр би Ж гаас авсан 6 зээлээс хэдэн төгрөгний үлдэгдэлтэй байгааг мэдэхгүй, мэдэх боломжгүй байсан. Яагаад гэвэл тэрээр зээлийн төлбөрийг өдөр бүр авдаг байсан ба нэг, хоёр өдөр төлж чадахгүй тохиолдолд маш өндөр алданги тооцдог байсан тул төлсөн мөнгийг түүндээ суутгагдана гэж дайрдаг байсан. Мөн Э  миний бэлэн төлсөн мөнгөний баримтууд үрэгдсэн учраас зээлүүдийн төлбөрөөс бэлэн төлсөн мөнгөний дүн Ж гийн дансны хуулгаас харагдах ёстой байсан. Гэвч тэрээр хуулгаа гаргаж ирж тооцоо нийлэхгүй байсаар шүүхээр дансыг гаргуулж байж тооцоог тулгаж үзэхэд би 2017.07.18-ны өдөр түүнд төлөх өргүй байснаа мэдсэн. Учир нь манай хүүхдүүдийн данснаас мобайл банк, АТМ-ээр миний өмнөөс шилжүүлсэн мөнгөний “Долгормаа-с” гэх утга нь Ж гийн дансан дахь гүйлгээнээс харагдахгүй байгаагаас тэрээр намайг зээлээ төлөхгүй 3,000,000 төгрөгний үлдэгдэлтэй байна гэх үндэслэл болсныг сая уг хэргийг шүүхэд хянан шийдвэрлэгдэх шатанд нэхэмжлэгчийн дансыг шүүж байж л 2018 оны 3 сард мэдсэн. Гэтэл шүүх түүний дарамт шахалтын үндсэн дээр зээлийн үлдэгдэлтэй эсэхээ мэдэхгүйн улмаас 2017 оны 10, 12 сард нийт 4 удаагийн үйлдлээр 2,170,000 төгрөг шилжүүлсэн байсан үйлдлийг зээлийн гэрээ байгуулагдсан байна, мөн энэ гэрээний дагуу мөнгө төлсөн байна, өмнөх 6 удаагийн зээл төлөгдөж дууссан гэдгээр дүгнэлт хийсэн нь өрөөсгөл юм. Иймээс Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1122 тоот магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

       Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй.

        Нэхэмжлэгч Ж  нь хариуцагч Э д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,920,000.00 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 7 сарын 18-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргажээ.

           Анхан шатны шүүх үндсэн болон  сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  давж  заалдах шатны шүүх  хариуцагч Э гаас 4,030,000.00 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,890,000.00  төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

       Нэхэмжлэгч Ж  нь 2017 оны 07 сарын 18-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгож, үндсэн зээл 6,200,000.00 төгрөг, зээлийн хүү 620,000.00 төгрөг, алданги 3,100,000.00 төгрөг, нийт 9,920,000.00  төгрөг гаргуулна гэсэн,  хариуцагч Э  нь дээрх гэрээнд гарын үсэг зурснаа зөвшөөрч байгаа боловч гэрээнд заасан мөнгийг хүлээн аваагүй, харин өмнө нь 6 удаа зээл авч байсныгаа бүрэн төлсөн гэж маргасан.

         Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, Хаан банкны дансны гүйлгээний хуулга зэргээс  үзэхэд Ж , Э  нарын хооронд 2017.03.09-ний өдөр 3,000,000.00 төгрөг, 2017.03.15-ны өдөр 1,000,000.00  төгрөг, 2017.03.21-ний өдөр 5,000,000.00 төгрөг, 2017.04.01-ний өдөр 1,000,000.00 төгрөг, 2017.05.21-ний өдөр 1,500,000.00 төгрөг, 2017.06.27-ны өдөр 3,000,000.00 төгрөгийг зээлж, зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа өмнө нь үүсч байсан  бөгөөд дээрх гэрээнүүдийн үүрэг дуусгавар болсон талаар зохигчид  маргаагүй болно.

            Дээрх 6 удаагийн зээлийн гэрээгээр Ж  нь Э гийн Хаан банкны данс руу шилжүүлж байсан бөгөөд нэхэмжлэгч Ж  нь 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээгээр мөнгийг хариуцагчид бэлнээр өгсөн гэх боловч энэ тухай нотолж чадаагүй, тэрээр хариуцагчийн тайлбарыг няцаасан баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шаардлагаа нотолж чадаагүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

            Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй 2017 оны 07 сарын 18-ны өдрийн гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасан бичгээр хийх шаардлагыг хангасан боловч мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлдүүлэгч нь 6,200,000.00 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэн өгсөн гэж үзэх үйл баримт зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

           Хариуцагч Э  нь нэхэмжлэгч Ж д холбогдуулан талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 60 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл  болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон  нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т нийцжээ.

          Давж заалдах шатны шүүх “...өмнөх зээлийн гэрээнүүдийн мөнгийг дансаар шилжүүлж байсан гэдэг нь бэлнээр мөнгийг авлаа гэж бичиж гарын үсэг зурсан хэргийн 3 дугаар талд авагдсан бичгийн баримтыг шууд үгүйсгэх нөхцөл байдал болохгүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан байна.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нотлох баримт үнэлэх зарчмыг “хэргийн оролцогчийн гаргасан   нотлох баримтыг  тал бүрээс нь, бодитойгоор, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ, шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж тогтоосон байх бөгөөд давж заалдах шатны шүүх  хэргийн 3 дугаар талд авагдсан зээлийн гэрээ гэсэн бичгийн баримтыг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болгосон нь хуульд нийцсэнгүй.

           Учир нь, давж заалдах шатны шүүх дээрх баримтыг үндэслэн хариуцагчаар зээлийг төлүүлэх ёстой гэж дүгнэсэн атлаа хүү, алдангийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо “зээлийг 10 хувийн хүүтэйгээр харилцан тохиролцов, хугацаанаас нь өмнө төлсөн тохиолдолд хүү болон алдангийг 0,5 хувиар хүлээн зөвшөөрч байна” гэж уг баримтад бичсэнээс үзэхэд тухайн зээлд ямар хэмжээний хүү, үүрэг гүйцэтгэх хугацаа хэзээнээс тооцогдох нь ойлгомжгүй” гэж дүгнэсэн байх тул шүүхийг эргэлзээ бүхий баримтыг шийдвэрийн үндэслэл болгосон гэж үзлээ.

         Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хариуцагчийн гаргасан   гомдлыг   хангах нь зүйтэй гэж хяналтын  шүүх бүрэлдэхүүн тогтоов.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

             1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1122 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/01130 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Э гийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173,680.00 /нэг зуун далан гурван мянга зургаан зуун ная/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН