Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2018/0661/З |
Дугаар | 656 |
Огноо | 2018-10-23 |
Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 656
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.Б ,
Хариуцагч: НТГД ,
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн ТГД 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б/60 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Б ыг урьд нь эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийншаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, Д.О , шүүх хуралдааны нарын бичгийн дарга Б.Энхжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Д.Б нь Татварын байгууллагад тасралтгүй 9 жил ажиллаж, тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан тушаалтан. Нийслэлийн ТГД 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/47 дугаар тушаалаар С******* дүүргийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд томилогдсон.
Гэвч Нийслэлийн ТГД 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б/60 дугаар тушаалаар С******* дүүргийн Татварын хэлтсийн даргын албан тушаалаас бууруулж, үүрэгт ажлаас чөлөөлсөн. Тус тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д ...Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно, 23.1.1 ...албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-д ...Татварын улсын байцаагч нь албан тушаалын эрхээ хэтрүүлсэн, үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, энэ хуулиар хориглосон заалтыг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дараах сахилгын шийтгэл ногдуулна, 73.2.3-д ...албан тушаал, эсхүл цол бууруулах, Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/279 дүгээр захирамжаар батлагдсан тогтоолын төсөл боловсруулах, санал авах, өргөн барих, хянах, мэдээлэх журам-ын 2 дугаар зүйлийн 2.7.1 дэх хэсэгт заасан заалтуудыг баримтлан ажлаас чөлөөлсөн байсан.
Ажлаас чөлөөлөхдөө ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хангалтгүй биелүүлж, 2018 оны 01 дүгээр сараас 04 дүгээр сарын Нийслэлийн төсвийн орлогын төлөвлөгөөг 12.026.766.2 сая төгрөг төвлөрүүлэхээс 83.3% биелүүлж, Нийслэлийн төсвийг 2.013.885.7 сая төгрөгөөр тасалдсан гэсэн зүйлийг үндэслэл болгосон байсан. С******* дүүргийн Татварын хэлтсийн дарга үр дүнгийн гэрээгээ дүүргийн Засаг дарга болон НТГД тай тус тус байгуулдаг.
С******* дүүргийн Засаг даргаас Д.Б ын 2017 оны үр дүнгийн гэрээг дүгнэхдээ гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай сайн биелүүлсэн гэж 96 хувьтай дүгнэж "А буюу Маш сайн гэх үнэлгээг өгсөн. Түүнчлэн НТГД ас миний 2017 оны үр дүнгийн гэрээг дүгнэхдээ гэрээгээр хүлээсэн үүргээ сайн биелүүлсэн гэж 85.92 хувьтай дүгнэж В буюу сайн үнэлгээг өгсөн.
Харин 2018 оны үр дүнгийн гэрээг НТГД тай байгуулсан бөгөөд тус гэрээний 4-т гэрээг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар байгуулсан. Мөн үр дүнгийн гэрээний биелэлтийг миний бие 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор тайлагнаж, Төсвийн шууд захирагч буюу Нийслэлийн Татварын газрын дарга 2019 оны 01 дүгээр улиралд багтаан биелэлтийг дүгнэхээр гэрээнд заасан.
Гэвч үр дүнгийн гэрээ дүгнэх хугацаа болоогүй байхад ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үүрэгт ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна. Нийслэлийн төсвийн орлогын төлөвлөгөөг 12.026.766.2 сая төгрөг төвлөрүүлэхээс 83.3 хувиар биелүүлж, Нийслэлийн төсвийг 2.013.885.7 сая төгрөгөөр тасалсан гэх үндэслэлээр үүрэгт, ажлаас чөлөөлж, албан тушаал бууруулж байгаа нь үндэслэлгүй байна.
Иймд Нийслэлийн ТГД 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б/60 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Б ыг урьд нь эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Маргаан бүхий акт нь 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.3 дах хэсэгт заасныг баримтлан гарч, нэхэмжлэгч Д.Б ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх хэсэгт ...албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.3-д ...албан тушаал, эсхүл цол бууруулах гэж заасан байдаг. Хариуцагчаас энэ эрхээ эдлэхдээ хуульд нийцүүлсэн байх ёстой. Д.Б нь харьяа дүүргийн Засаг дарга болон НТГД тай үр дүнгийн гэрээ байгуулдаг. Үр дүнгийн гэрээ байгуулаад 2017 онд С******* дүүргийн Засаг даргаас А үнэлгээ, НТГД ас В үнэлгээ авсан.
Нийслэлийн Татварын ерөнхий газрын даргатай байгуулсан үр дүнгийн гэрээ нь 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс 2018 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаагаар байгуулсан. Өөрөөр хэлбэл биелэлтийг 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн дотор Нийслэлийн Татварын ерөнхий газрын даргад тайлагнаж, төсвийн шууд захирагч нь 2019 оны 1 дүгээр улиралд биелэлтийг дүгнэхээр байгаа. Гэтэл үр дүнгийн гэрээ байгуулсан хугацаа дуусгавар болоогүй байхад нэхэмжлэгчийг ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй гэж ажлаас нь чөлөөлсөн. С******* дүүргийн Татварын хэлтсийн дарга нь аймаг, нийслэл, сум дүүрэг, улсын гэсэн 3 төсвийн орлогыг бүрдүүлдэг. Улсын төсвийн орлогыг 142%, дүүргийн төсвийг 126%-тай давуулан биелүүлсэн бол нийслэлийн төсвийг 83.3%-тай В үнэлгээтэй биелүүлсэн. Дунджаар 109.6%-тай үйл ажиллагааны үр дүнгээ давуулан биелүүлсэн. 83.3% гэдэг нь ажлаас халах үндэслэл болдоггүй. Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлэх дүгнэх журмын 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт зааснаар 80-90 хүртэл оноо авсан бол 90% үнэлгээтэй сайн гэж ойлгоно гэсэн байна. Төсвийн гүйцэтгэл нь 80-90%-тай явж байгаа нь сайн үнэлгээтэй байна гэсэн үг. Ийм үнэлгээтэй байгаа нь тус журмын 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт ...дараагийн шатлалын цалин олгох, зохих шатны хамрагдах, цол, зэрэг дэв олгох, Төсвийн тухай хуульд заасны дагуу төсвийн урамшуулал олгох, мөнгөн болон бусад хэлбэрийн шагнал олгох, хөдөлмөрийн дотоод журамд заасан бусад хэлбэрийн урамшуулал олгох, одоогийн ажиллаж байгаа ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулах эсвэл өөрийнх нь хүсэлтээр сэлгэн ажиллуулах гэж заасан байдаг.
Гэтэл энэ үнэлгээгээр тухайн ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулах боломжтой байсаар байтал Нийслэлийн Татварын ерөнхий газрын дарга муу гэж үзэн ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хариуцагчийн зүгээс өөрийн бүрэн эрхээ хууль нийцүүлэн хэрэгжүүлж чадсангүй гэж үзэж байна. Мөн үр дүнгийн гэрээг дүгнэх хугацааг болоогүй байхад дүгнэсэн.
Ажлын байрны тодорхойлолтод заасан төсвийн орлогыг бүрдүүлэх үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдэг боловч хавтаст хэрэгт авагдсан баримт болон тушаал дээр сайн үнэлгээ авсан байдаг. Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн271.4 дэх хэсэгт ...Аймаг, нийслэлийн татварын газар, хэлтсийн даргыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, дүүргийн татварын хэлтсийн даргыг НТГД тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө гэж заасан байна. Гэтэл томилохдоо зөвшилцсөн байтлаа, ажлаас чөлөөлөхдөө зөвшилцөөгүй үйл баримт хавтаст хэрэгт авагдсан байна.
Хариуцагчийн зүгээс сонсох ажиллагаа хийсэн гэж үздэг. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа зорилгодоо нийцсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл оролцож байгаа этгээдийн эрхийг хөндөгдөж болзошгүй нөхцөл байдал байгаа бол урьдчилан сэргийлэх эрхээр нь хангуулж, үйл ажиллагаанд оролцох ёстой байдаг. Гэтэл энэ сонсох ажиллагаанд Д.Б ыг оролцуулаагүй байгаа нь зорилгодоо нийцээгүй байгааг харуулж байна.
Нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэдгийг мэдсэн, тэмдэглэлд тусгасан байсан. Иймд сонсох ажиллагааг явуулаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч нь 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл эмнэлэгт хэвтэж байсан гэдэг нь эмнэлгийн листнээс тодорхой харагддаг. Биеийн эрүүл мэндийн байдлын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх хугацаанд нь 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр албан тушаал бууруулах тушаал гаргаж байгаа нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна гэж үзэж байна.
Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх хэсгийг Монгол Улсын Дээд шүүхээс 2010 оны 08 дугаар тогтоолоор ...албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдэг нь ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохин ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно гэж заасан байна. Хугацаа хэтрүүлсэн болон үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн үйл баримт тогтоогдохгүй байна. Хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй байхад нь явуулсан мэтээр шууд шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй.
Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө зөвшилцөөгүй болох нь С******* дүүргийн Засаг даргын тодорхойлолтоор харагддаг. Зөвшилцөөгүй тохиололд харьяа агентлагийн албан тушаалтнууд даргын албан тушаалд томилох болоод чөлөөлөх хууль зүйн боломж байдаггүй. Энэ тухай Татварын ерөнхий хуульд тодорхой зааж өгсөн байгаа. Д.Б нь 2017 оны 05 дугаар сард сонгон шалгаруулалтад орж тэнцсэн. Гэтэл Татварын ерөнхий газрын дарга н.Зориг харьяа хэлтсийн дарга нараа жинхлэн томилохоор сонгон шалгаруулалт зарласан. Энэ шалгаруулалтад нэхэмжлэгч ороод жинхлэх боломжтой байсан боловч 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн орой н.Кориг нас барсан. Одоогийн байдлаар Монгол Улсын хэмжээнд байгаа Татварын газрын дарга нар бүгд түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Нэхэмжлэгчийн оронд ажиллаж байгаа н.Батжаргал гэж хүн ямар нэгэн сонгон шалгаруулалтад ороогүй, холбогдох зөвшөөрлийг авч томилогдоогүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...
НТГД Д.Б ыг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б/60 дугаар тушаалаар албан тушаалаас бууруулах сахилгын арга хэмжээ авсан. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73 дугаар зүйлийн 73.2.3 дэх хэсэгт заасныг үндэслэл болгосон. Нэхэмжлэгч нь ажлын байранд тавигдсан шаардлага, чиг үүргийг биелүүлж ажиллаагүй. Нэхэмжлэгч нь тухай Татварын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа 01-04 дүгээр сарын татварын орлогод 12 тэрбум төгрөг төвлөрүүлэх байснаас 2 тэрбум төгрөгийг дутуу төвлөрүүлж, Татварын албаны үндсэн гол зорилго буюу төсвийн орлогыг бүрэн хангана гэж заасныг хэрэгжүүлж ажиллаагүй тул сахилгын арга хэмжээ авсан.
Мөн нэхэмжлэгчийн зүгээс сонсох ажиллагаа хийгүй гэсэн тайлбар хэлдэг. Нэхэмжлэгчид Нийслэлийн Татварын газраас сонсох ажиллагааг утсаар болон e-mail хаягаар мэдэгдэж хийсэн. НТГД тай хийсэн 2017 оны үр дүнгийн гэрээг үндэслэл болгоогүй. 01-04 дүгээр саруудын төсвийн орлогын гүйцэтгэлийг 100% биелүүлээгүй гэж үзсэн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Татварын байгууллага, Татварын улсын байцаагчийн үндсэн чиг үүрэг бол улс, орон нутгийн төсвийг төлөвлөгөөтэй биелүүлэхэд оршдог. Сум дүүргийн төсвийн төлөвлөгөөний биелэлтийг Засаг даргын өмнө хариуцдаг бол аймаг, нийслэлийн төлөвлөгөөний биелэлтийг Нийслэлийн ТГД өмнө хариуцах ёстой. Нэхэмжлэгчийн зүгээс үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх хугацаа болоогүй байхад дүгнэсэн гэсэн тайлбар гаргаж байна. Үр дүнгийн гэрээний биелэлт дүгнэсэн асуудал яригдаагүй. Тухайн сар бүр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн буюу Нийслэлийн төлөвлөгөөг 100% биелүүлж чадаагүй гэдэг үндэслэлээр ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ биелүүлээгүй гэж үзсэн. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөөгүй, сахилгын шийтгэл ногдуулсан. Энэ тохиолдолд Засаг даргатай зөвшилцөх үндэслэл байхгүй. Сонсох ажиллагаа явуулсан талаар тухайн үед ажиллаж байсан ажилтан тэмдэглэл үйлдсэн байгаа бөгөөд нэхэмжлэгч өөрөө өвчтэй байгаа тухай нотлох баримтаа аливаа баримтыг харъяа шатны удирдлагадаа өгөөгүй. Шүүхэд гаргаж өгсөн байсан. Тиймээс сонсох ажиллагааг хийсэн гэж үзэж байгаа. Ажлаас халаагүй, сахилгын шийтгэл ногдуулж, албан тушаал буруулсан тул Засаг даргатай зөвшилцөх шаардлага байхгүй. Зөвхөн үр дүнгийн гэрээний биелэлтэд үндэслэн тухайн шийдвэр гараагүй гэдгийг анхаарч үзэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчээс Нийслэлийн ТГД 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Д.Б ыг албан тушаалаас нь бууруулах тухай Б/60 дугаар тушаалыг хүчингүй болгож, С******* дүүргийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх-ийг даалгах шаардлага гаргажээ.
Шүүх хуралдаанд явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Нийслэлийн ТГД 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Д.Б ыг албан тушаалаас нь бууруулах тухай Б/60 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх гэж тодруулсан тул уг шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцсэн болно.
1. Нийслэлийн ТГД 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б/60 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Б ыг урьд нь эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нийслэлийн ТГД үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Д.Б ыг албан тушаалаас нь бууруулах тухай Б/60 дугаар тушаал-аар нэхэмжлэгчийг ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хангалтгүй биелүүлж, нийслэлийн төсвийн орлогын 1 дүгээр сараас 4 дүгээр сарын төлөвлөгөөг 83,3 хувиар биелүүлсэн гэсэн үндэслэлээр албан тушаал бууруулжээ.
Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно, 23.1.1-д албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т Татварын улсын байцаагч нь албан тушаалын эрхээ хэтрүүлсэн, үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, энэ хуулиар хориглосон заалтыг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дараахь сахилгын шийтгэл ногдуулна, 73.2.3-д албан тушаал, эсхүл цол бууруулах гэжээ.
Дээрхээс дүгнэвэл хариуцагч НТГД нь дүүргийн Татварын хэлтсийн даргыг албан тушаал бууруулах эрхтэй байх хэдий ч энэ эрхээ гагцхүү хуульд заасан албан тушаал бууруулах үндэслэл бүрдсэн нөхцөлд эдлэхээр байна.
Өөрөөр хэлбэл Нийслэлийн төсвийн орлогын 1 дүгээр сараас 4 дүгээр сарын төлөвлөгөөг 83,3 хувьтай биелүүлсэн нь нэхэмжлэгчийг хэрэгжүүлбэл зохих ажлыг чанарын хувьд доголдуулсан, зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд түүнийг захиргаанаас албан тушаал бууруулах үндэслэл бүрдээгүй байхад албан тушаал бууруулсан гэж үзэхээр байна.
Учир Улсын Дээд Шүүхийн Улсын Дээд шүүхээс 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн № 08 дугаар Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолын 7 дахь хэсэгт Хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан ...хангалтгүй биелүүлсэн... гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно гэжээ.
Нөгөөтэйгүүр хариуцагчтай нэхэмжлэгч нь 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2018 оны үр дүнгийн гэрээг байгуулж, тус гэрээний 4.1-т гэрээг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаагаар байгуулав, 4.2-т менежер гэрээний биелэлтийг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны дотор багтаан тайлагнаж, төсвийн шууд захирагч 2019 оны 1 дүгээр улиралд багтаан биелэлтийг дүгнэнэ гэж зааснаас үзвэл үр дүнгийн гэрээг үнэлж, биелэлтийг дүгнэх хугацааг тогтоосон байна.
Гэтэл үр дүнгийн гэрээг дүгнэх хугацаа болоогүй байхад нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр албан тушаал буруулсан нь үндэслэлгүй байна.
Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Д.Б ыг түүнтэй байгуулсан үр дүнгийн гэрээг үндэслэж албан тушаал бууруулаагүй, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн үндэслэлээр албан тушаал бууруулсан гэж маргаж байх хэдий ч ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хэрхэн биелүүлснийг үнэлж, дүгнэх хэмжүүр нь үр дүнгийн гэрээ тул энэ талаарх тайлбар үндэслэлгүй байна.
Мөн нэхэмжлэгч тухайн улирлын төсвийг бүрдүүлэхдээ Аймаг нийслэлийн төсвийг 83.3, Сум дүүргийн төсвийг 126.7, Улсын төсвийг 142, нийт дүн 109.6 хувьтай биелүүлсэн, 2017 онд С******* дүүргийн Засаг дарга, НТГД тай үр дүнгийн гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээний биелэлтийг С******* дүүргийн Засаг даргаас 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 96 хувьтай, НТГД ас 85.92 хувьтайгаар тус тус дүгнүүлж байсан болохыг дурьдах нь зүйтэй байна.
Татварын ерөнхий хуулийн 271 дүгээр зүйлийн 271.4-д Аймаг, нийслэлийн татварын газар, хэлтсийн даргыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, дүүргийн татварын хэлтсийн даргыг НТГД тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө гэжээ.
Нэхэмжлэгч Д.Б ыг анх С******* дүүргийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилохдоо НТГД ас С******* дүүргийн Засаг даргатай зөвшилцсөн болох нь Нийслэлийн ТГД үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 01/771 тоот албан бичиг, С******* дүүргийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 01/1882 тоот албан бичгээр тус тус нотлогдож байна.
Харин Д.Б ыг С******* дүүргийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас бууруулж, чөлөөлөхдөө С******* дүүргийн Засаг даргатай зөвшилцөөгүй болох нь С******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 04/2456 тоот албан бичгээр нотлогдож байх тул хуульд заасан ажиллагааг бүрэн хийлгүй нэхэмжлэгчийг албан тушаал бууруулсан гэж үзэхээр байна.
Мөн Д.Б нь С******* дүүргийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан тул урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн томилох нь зүйтэй.
Тодруулбал нэхэмжлэгч нь Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орж тэнцсэн хэдий ч жинхлэн томилогдоогүй түр орлон гүйцэтгэгчийг шүүх төрийн жинхэнэ албанд жинхлэн томилох эрхгүй.
Харин нэхэмжлэгч Д.Б ыг албан тушаал бууруулсантай холбоотойгоор түүний оронд С******* дүүргийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаа Д.Батжаргал нь тухайн албан тушаалд түр томилогдсон, төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтад ороогүй болох нь Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1098 тоот албан бичгээр нотлогдож байх тул түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагагүй гэж үзсэн болно.
2. Ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ... ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасны дагуу Д.Б ын ажилгүй байсан 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан 4 сар 23 хоногийн нийт 4.888.302 /тооцооллыг хүснэгтээр хавсаргав/ төгрөгийг Д.Б т олгох, түүнээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.5, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.1.1, Татварын Ерөнхий хуулийн 271 дүгээр зүйлийн 271.4, 73 дугаар зүйлийн 73.2, 73.2.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Б ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн ТГД үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б/60 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.Б ыг урьд эрхэлж байсан С******* дүүргийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоосугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Д.Б ын ажилгүй байсан 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны олговор 4.888.302 төгрөгөөс зохих татвар, суутгалыг хасч олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг хариуцагч НТГД д даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ