Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 24

 

Б.А-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Я.Туул

Шүүгчид                                          Д.Буянжаргал

Ц.Амаржаргал

Прокурор                                        А.Оргилбаяр

Хохирогч                                        Г.Б-

Хохирогчийн өмгөөлөгч                Ч.Булган

Шүүгдэгчийн өмгөөлөгч                И.Атарбямба

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 371 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч Б.А-, хохирогч Г.Б- нарын давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-ийн А-т холбогдох эрүүгийн 201409000812 тоот, 6 хавтастай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Б- овогт Б-ийн А-/РД:**********/

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч Б.А- нь иргэн Г.Б-тай өмнө үүссэн харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “манай найз Онон банкнаас зээл авах гэсэн чинь мөнгө байршуулах хэрэг болоод байна. найздаа туслаач” гэж 40.000.000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “Алтан тос” ХХК-ийн захирал мөнгө олоод өгөөч гэсэн юм. Удаахгүй өгнө” гэж 50.000.000 төгрөг нийт 90.000.000 төгрөгийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж иргэн Г.Б-т их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд 371 дугаартай шийтгэх тогтоолоор:

-2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан шүүгдэгч Б- овогт Б-ийн А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар Б.А-ээс 90.000.000 /ерэн сая/ төгрөг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, 1 дүгээр байрны 8 тоотод оршин суух Тугчин овогт Гомбын Б- /ТИ79052891/-т олгож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.А-ийг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ийн урьдчилан цагдан хоригдсон 220 хоногийн 1 хоногийг 15 нэгжээр тооцож эдлэх ялаас 3300 нэгж буюу 3.300.000 төгрөгийг хасаж тооцон торгох ялыг 6.700.000 төгрөгөөр тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.А-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхэр тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.А- торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

-Мөрдөн байцаагчийн 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн “Сони” маркийн 42 инчийн ЛСД зурагт, “Самсунг маркийн шарах шүүгээ, “Тошиба” маркийн хөргөгч, “БСБ” маркийн цахилгаан зуух, мөрдөн байцаагчийн 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн Дархан сумын 18 дугаар баг, Малчин Хөтөл, 16 дугаар гудамж, 16а тоотод байрлах улсын бүртгэлийн Г-2003007853 дугаарт бүртгэгдсэн 674 метр квадрат талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, Дархан сумын 18 дугаар баг, Малчин Хөтөл, 16 дугаар гудамж, 16б тоотод байрлах улсын бүртгэлийн Г-2003007854 дугаарт бүртгэгдсэн 654 метр квадрат талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, шүүгдэгчид урьд авсан Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр... тус тус заажээ.

Шүүгдэгч Б.А- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...-Би Б.Б-аас 90.000.000 төгрөгийг залилах сэтгэлээр аваагүй, 5 хувийн хүүтэй амаар тохиролцон авч 2013.10.15-нд 40.000.000 төгрөг зээлсэн хүүнд 2013.11.05-нд 2.000.000 төгрөг, 2013.12.09-нд 2.000.000 төгрөг, 2014.01.15-нд 2.000.000 төгрөг, 2014.02.17-нд 2.000.000 төг, 2014.03.20-нд 2.000.000 төг, 2014.04.16-нд 1.000.000 төг, 2014.05 сард 2.000.000 төг, 2014.06.27-нд 1.000.000 төгрөг тус тус өгсөн. Нийт 15.000.000 төгрөг болж байна.

2013.12.28-нд 50.000.000 төгрөг амаар зээлж 5 хувийн хүү тохирсон бөгөөд хүүнд 2014.01.30-нд 2.500.000 төг, 2014.02.28-нд 2.500.000 төг, 2014.03.28-нд 2.500.000 төг, 2014.04.28-нд 2.500.000 төг, 2014.05 сард 2.500.000 төг, 2014.06.27-нд 1.250.000 төгрөгийг тус тус өгч, нийт хүүнд 13.750.000 төгрөгийг Б-т бүгд 90.000.000 төгрөгөнд хүү гэж 28.250.000 төгрөг өгсөн. Энэ өгсөн мөнгөн дүн дээр Б.Б- маргадаггүй.

6 сар буюу хагас жилийн хугацаанд түүнд хүү гэж өгсөн мөнгө маань эхнээсээ түүнийг залилах гэсэн санаа байхгүйг нотлох байх.

-Г.Б- 40.000.000 төгрөг болон 50.000.000 төгрөгөнд нэг ч төгрөг төлөөгүй гэдэг ч баримтаар гараад ирэхээр гэрээтэй 100.0 сая төгрөгийн үндсэн зээлээс хасагдах мөнгө гэж гуйвуулдаг мөртөө мэдүүлэгт нь үндсэн зээлээс хасагдаагүй, багасаагүй байгаа нь 2017.07.27-ны түүний мэдүүлгээс тодорхой харагдана. Нөгөө талаар түүнд 40.000.000 төгрөг болон 50.000.000 төгрөгөнд 5 хувийн хүү төлж байсан нь мөнгөний хүүний дүн, төлөлт хийсэн сар өдрөөр ялгагдаад байхад мушгиж хандаад байгаа нь үнэхээр ойлгомжгүй байна. Намайг 40.000.000 болон 50.000.000 төгрөгөнд хүү төлсөнийг ойлгон ялгаж салгаж чадахгүй байгаа юм бол мэргэжлийн хүмүүс болон банк санхүүгийн хүнийг шинжээчээр томилуулж дүгнэлт гаргуулъя гэсэн хүсэлтийг хангаж өгөөгүй нэг талыг барьж хандлаа.

90.000.000 төгрөгийн зээлийг барагдуулахын тулд 20.000.000 төгрөгийг зах зээлийн ханш бүхий дулаантай, байрлал сайтай гаражыг 2014 оны дундуур Г.Б-т зээлийн хүү 8.000.000 төгрөгт тооцож хүртэл өгч байсан.

Нөгөө талаар Г.Б- үнэн худал мэдэгдэхгүй “чи гражаа миний нэр дээр болго, Л.Бөхбилэг гэгчид барьцаалж би зээл авна, түүний хүүг чи төл” гэхээр нь сар бүр 400.000 төгрөгийг төлж, 2014.05 сараас 2015.03 сар хүртэл хугацаанд 2.800.000 төгрөгийг Г.Б-т өгч байсан.

Г.Б-ийн эхнэр Б.Хишгээ “надад 4.0 сая төгрөг өгчих, Г.Б-т хэлээд өгөх мөнгөнөөс чинь хасуулъя” гэхээр нь итгээд өгсөн байгаа, үүнийг Б.Хишгээгийн 2015.10.12-ны мэдүүлэгт “2013.11 сард шуба 7.0 сая төгрөгөөр худалдаж аваад, 4.0 сая төгрөгийг нь өгчихсөн байж байгаад үлдэгдэл мөнгийг нь 2014 оны 01 сард өгөх байсан учир Г.Б- тухайн үед байхгүй байсан тул Б.А-тэй уулзаад Г.Б-т өгөх мөнгөнөөсөө хасаад 3.0 сая төгрөгийг шубаны хүнд аваачаад өгчих” гэж хэлээд шубаны 3.0 сая төгрөгийг өгүүлсэн. Мөн бэлнээр 1.0 сая төгрөг авч байсан. Ингээд нийт 4.0 сая төгрөг Г.Б-ийн мөнгөнөөс хасагдах ёстой” (2-р хавтас 309-р хуудас) гэсэн байтлаа энэ мөнгийг Г.Б-, Б.Хишгээ 2 зээлээс хасаж суутгаагүй мөнгийг надад одоо хүртэл буцааж өгөөгүй, намайг залилсан гэж үзсэнийг анхаарч үзнэ үү. Энэнээс болж би ч гэсэн хохирч байна.

Зээлийг барагдуулахын тулд гражаа тал үнэнд өгч надад хамааралгүй Г.Б-ийн зээлийн хүүг төлж эхнэрт нь мөнгө өгч ирсэнийг яахаараа ойлгож өгөхгүй намайг буруутгаад байгаа учрыг үнэхээр мэдэхгүй байна. Би залилах гэж байгаа юм бол өөрт ашиггүй дээрх үйлдлүүдийг хийж, нийт хүү, зээл гэж 70.0 сая гаруй төгрөгийг Г.Б-т өгч өөрийгөө зовоож явах шаардлага байхгүй, бодит байдлыг ойлгож өгнө үү.

Мөн л зээлийг барагдуулахын тулд Г.Б-ийн бүх зээлийг барагдуулчих 2 ширхэг 10 давхар байр баригдах техникийн нөхцөл нь хийгдсэн газрыг Г.Б-тай тохиролцон түүнд шилжүүлсэн бөгөөд харамсалтай нь Аймгийн газрын албанаас хууль бусаар эзэмших эрхийг хүчингүй болгосонг Захиргааны хэргийн шүүхээр энэ газрыг сэргээлгэж авсан (хавтаст хэрэгт материал нь байгаа болно). Өмчлөлийн биш эзэмшлийн газар болохоор тэр газрыг дахин Г.Б-т өгөх гэхээр альчгүй болох гээд байгааг Г.Б- мэдэж байгаа билээ. Зээлийг барагдуулах талаар бололцоот бүхий л үйлдлийг хийж байсан.

Г.Б- банкнаас дээрх зээлүүдийг авахдаа өөрөө гуйж манай нөхрийн компанитай газрын түрээсийн гэрээ хийх шаардлагатай байна гэж нотариатаар гэрээ хийж зээлийн материалыг хуурамчаар бүрдүүлсэн байтлаа намайг залилахын тулд Хөдөө аж ахуйн банкны эдийн засагч Гансүхээс намайг зээл авсан талаар мэдээлэл авч залилсан гэж 2016.12.13-ны шүүх хурал дээр намайг буруутгахын тулд гүтгэсэн, энэ байдлыг давхар нотолсон зүйл хавтаст хэрэгт байдаггүй. Гансүхийг асуулгах талаар хүсэлт тавьсан боловч хангаагүй.

Шүүх Г.Б-аас авсан 40.0 сая төгрөгийг С.Онон 3 хоногийн дараа буцааж өгсөн байхад авч ашигласан гэж үзжээ. Гэвч Г.Б- өөрөө “зээл авчих найдвартай хүн байна уу. Чи зээлэх үү, хүүгээ өгч л байвал хэрхэн зарцуулах нь хамаагүй” гэж хэлж байсан. Намайг С.Ононгоос эргүүлэн авсан мөнгийг залилах гэсэн бол Г.Б- дараа сараас нь цагдаад өгч шалгуулах байсан. Амаар тохироолцон хүү өгч 6 сар гаруй болоход Г.Б- мөнгөө шаардаагүй, залиллаа гэж үзсэн бол тэр даруйдаа шаардаад бөөн юм болох байсан. Би тэр даруйдаа Г.Б-аас мөнгө авч залилах гэсэн бол хагас жил гаруй хугацаанд хүү болон бусад эд зүйлийг (граж) өгч нийт зээлсэн мөнгөнийхөө 70.0 гаруй саяыг төлж байсан байхад залилсан гэж үзэх нь санаанд оромгүй юм. Залилах гэсэн бол нэг ч мөнгө өгөх шаардлага байхгүй байсан байх.

Мөн Ц.Сарантуяа яалт ч үгүй надаас мөнгө асууж байсан, тэр талаар Г.Б-т хэлж байсан. Ц.Сарантуяа өндөр хүүтэй байна гэж ташаа ойлгон зээл бүтэх үед өөр хүнээс мөнгө авсан байсан. Ц.Сарантуяа 2015.07.21-нд мэдүүлэгтээ «Ундарьяагаас 50.0 сая төгрөг аваад валютын данс руу хийсэн. ... хүүтэй мөнгө байна гэхээр хүү нь өндөр байна, өндөр хүүтэй бол авч чадахгүй гэсэн. Ундарьяагаас мөнгө авсан тэр өдөртөө юу маргааш нь уу гэдгийг би санахгүй байна, “А- утасдаад мөнгө олсон уу гэж асуухаар нь мөнгө бүтчихсэн” гэж хэлсэн.

Мөн Ц.Сарантуяагийн 2014.11.01 мэдүүлэгт «...мөнгө хэрэг болоод А-ээс... төгрөг байна уу гэж асууж байсан ... А- хэлэхдээ: хэрэв олдвол 5 хувийн хүүтэй олдоно гэж хэлсэн. Тэгэхээр нь би “тийм өндөр хүүтэй мөнгө авахгүй” гэдгээ хэлсэн... Би сарын 5 хувийн хүүтэй 40.0 сая төгрөг зээлсэн... Би сарын 5 хувийн хүүтэй тохиолдолд авах боломжтой байсан » гэсэн байгаа. Би үнэхээр шуналтай байсан бол Г.Б-аас авсан мөнгийг 5 хувиас дээш бодож бусдад зээлэх байсан, тэгэхэд өөрт ямар ч ашиг бодоогүй Г.Б-аас авсан мөнгөө хүү нэмэхгүйгээр найз нөхөддөө зээлэх болон зээлж байсан маань Ц.Сарантуяагийн мэдүүлгээс харагдана.

Г.Б-т би Сарантуяад мөнгө зээлсэн гэж яриагүй, зээл асууж байсан гэж хэлж байсан. Ер нь Г.Б-ийг би залилах байсан бол миний дансанд орсон түүний 32.0 сая төгрөгийг би буцааж 2013.11.15-нд шилжүүлэхгүй байх байсан. Энэ нь намайг залилаагүйг нотлох нотолгоо болно.

40.0 сая болон 50.0 сая төгрөгийг авах гэсэн үеэсээ намайг залилсан гэж үзжээ, гэвч би мөнгө зээлсэн дараагийн сараас эхлээд хүү төлсөн бөгөөд 7 сарын дараа залилахдаа биш, төлбөрийн чадваргүй болчихоод байхад Г.Б- “чи намайг залиллаа, цагдаад өгнө” гэхчлэн дарамтанд оруулж ирсэн. Би Г.Б- болон түүний эхнэртэй олон жилийн найз нөхдийн харилцаатай бөгөөд бие биедээ мөнгө төгрөгийг авалцаж өгөлцөж ирсэн, энэ их мөнгийг нь залилаад хол явах газаргүй, би тодорхой хаягтай, гэр орон, үр хүүхдүүдтэй болохоор зугтаад явчихгүй, залилаад хаа холдох билээ. Би хэргийн бодит байдлыг үнэн зөвөөр тогтоолгох зорилгоор 90.0 сая төгрөгөнд хүү төлж байсанг шинжээчээр дүгнэлт гаргуулах, Гансүх, Бөхбилэг нарыг асуулгах талаар хүсэлт тавьсан ч хангаагүй, Дээд шүүхээс шалга гэсэн асуудлуудыг бүрэн дүүрэн шалгаагүй байж намайг буруутгасанд нь гомдолтой байна.

Би сар бүр хүү гэж Г.Б-т 9.500.000 төгрөг төлдөг, түүнээс гадна бусад хүмүүст болон банкны зээл төлдөг, улс орон даяар хямрал болсон надад өглөг өгөх бүхий хүмүүс миний адил надад өглөгөө өгөхөө байсан болохоор би төлбөрийн чадваргүй болж зээлээ төлж чадахгүйд хүрсэн бодит шалтгаан байсан болохоос биш би залилан хийгээгүй байдлыг минь хэргийн материалд тулгуурлан харгалзан үзэж үйлдэл, холбогдолыг хэрэгсэхгүй болгон анхан шатны шүүхийн 371 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хохирогч Г.Б- давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо:

“...Шүүх шүүгдэгч Б.А-т оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй ба түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна гэж дүгнэсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна.

Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т энэ гэмт хэргийг бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох,эсхүл 2-8 жил хүртэл хорих ял шийтгэнэ гэж заажээ. Гэтэл шүүгдэгч Б.А- нь хохирогчид их хэмжээний буюу 90 сая төгрөгийн хохирол учруулсан, нэг төгрөг ч төлөөгүй байхад яагаад хамгийн бага хэмжээгээр ял оноох үндэслэлтэй гэж дүгнэсэн нь эргэлзээтэй байна.

Хорихоос өөр төрлийн ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөрчсөн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хулээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, шинж чанар хувийн байдлыг харгалзан шүүх ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно. Энэ зүйлийн 1.3-т хорих ялын доод хэмжээг 2 жилээс дээш, доод хэмжээг 8 жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулна гэж заасан байхад гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, их хэмжээний хохирол учруулчихаад төлөөгүй, төлнө гэдгээ илэрхийлээгүй хүнд энэ заалтыг буруу хэрэглэж ял завшуулсан гэж гомдолтой байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хохирогч Г.Б- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Давж заалдах гомдлоо дэмжиж байна... Б.А- гадуур олон хүнийг залилсан, гэтэл Б.А- нь мөнгийг төлье гэсэн үйлдэл хийдэггүй. Газар шилжүүлнэ гэж янз бүрийн дүр эсгэдэг. Б.А- нь миний итгэл эвдэх аргаар залилсан учраас гомдолтой байна, төлөгдөж байсан мөнгө, алдангийн мөнгө бүгд тодорхой байгаа. Шүүх хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Ч.Булган давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Б.А- иргэний гэрээ, хэлцэл хийсэн мэтээр гомдлоо бичсэн байна. Амаар тохирсон гэж Б.А- нь ял шийтгэлээс мултарч байна. Б.А-ийн давж заалдах гомдол үндэслэлгүй, түүнд оногдуулсан ял шийтгэл хөнгөдсөн гэж үзэж байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Атарбямба давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Б.А- 7 сар хүү төлж байхад хохирогч гомдлоо гаргаагүй, гэтэл хүү төлөхгүй сараас гомдол гаргасан. Улсын дээд шүүхийн даалгавар тогтоогоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Г.Б-ийн н.Ганхуяг болон гражтай холбоотой асуудлын талаар ярьж байгаа үндэслэлгүй” гэв.

Прокурор А.Оргилбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

“...Анхан шатны шүүхийн шийдвэр тохирсон гэж үзэж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Тодорхойлох нь:

Иргэн Г.Б- нь 2013 оны 10 сарын 15-ны өдөр 40.000.000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 50.000.000 төгрөг, нийт 90.000.000 төгрөгөө Б.А-т залилуулсан үйл баримт тогтоогдсон байна.

Аймгийн Прокурорын газраас дээрх үйл баримтыг гэмт хэргийн шинжтэй гэж үзэж 2014 оны 10 сарын 30-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар яллагдагчаар татан шалгаж, Прокуророос Б.А-ийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “манай найз Онон банкнаас зээл авах гэсэн чинь мөнгө байршуулах хэрэг болоод байна. найздаа туслаач” гэж 40.000.000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ““Алтан тос” ХХК-ийн захирал мөнгө олоод өгөөч гэсэн юм. Удаахгүй өгнө” гэж 50.000.000 төгрөг нийт 90.000.000 төгрөгийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж иргэн Г.Б-т их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Б.А-ийг “...хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Б.А-ээс 90.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Б-т олгох, шүүгдэгчийн цагдан хоригдсон 220 хоногийн 1 хоногийг 15 нэгжээр тооцож, эдлэх ялаас 3300 нэгж буюу 3,300,000 төгрөгийг хасаж тооцон, торгох ялыг 6.700.000 төгрөгөөр тогтоож, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхэр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт битүүмжлэгдсэн “Сони” маркийн 42 инчийн ЛСД зурагт, “Самсунг маркийн шарах шүүгээ, “Тошиба” маркийн хөргөгч, “БСБ” маркийн цахилгаан зуух, 674 метр квадрат болон 654 метр квадрат талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрууд зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, шүүгдэгчид урьд авсан Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр зааж шийдвэрлэжээ.

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч, хохирогч нарын давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.А-т холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар шинжлэн судлахад шүүгдэгч Б.А-, хохирогч Г.Б- нар гэр бүлээрээ найзалж нөхөрлөдөг, найз нөхдийн харилцаатай байж хэн хэндээ итгэдэг, Б.А- нь Г.Б-аас урьд нь мөнгө зээлж, буцаагаад өгдөг байсан, Г.Б- нь Б.А-ийг итгэлтэй хүн гэж итгэдэгийг нь Б.А- урвуулан ашиглаж, 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “манай найз Онон банкнаас зээл авах гэсэн чинь мөнгө байршуулах хэрэг болоод байна. Чи найздаа туслаад 40.000.000 төгрөг хэд хоногийн хугацаатай өгөөч, Ононгийн зээлийг бүтэхээр мөнгийг чинь эргүүлээд өгнө” гэж хэлж Г.Б-аас 40.000.000 төгрөгийг дансаар авч С.Ононд өгсөн боловч С.Онон уг мөнгийг аваад 3 хоногийн дараа хэрэглэхгүйгээр буцаагаад Б.А-т өгсөн байтал мөнгийг Г.Б-т өгөлгүй түүнийг мөнгөө нэхэхэд нь “Ононгийн дансанд байгаа, 8%-ийнх нь зээл нэлээд удаан шийдэгдэх юм шиг байна, он гараад мөнгө шийдэгдэх гээд байна” гэж худал хэлж өөртөө авсан, ингэхдээ Б.А- нь С.Онон мөнгийг буцаан өгсөн, үүнийг өөрөө хэрэглэж байгаа талаараа Г.Б-т ч хэлээгүй, Г.Б- нь Б.А-ийг  С.Ононд мөнгийг нь зээлдсэн гэсэн ойлголттой байсан, мөн “Монгол Алтан тос” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Ц.Сарантуяа нь ажилчдын цалин тавих гэж биш, харин түүхий тосны гэрээний төлбөр төлөхөд 40.0 сая төгрөг хэрэг болж байгаа талаар Б.А-ээс асууснаас хойш нэг, хоёр хоногийн дараа “мөнгө олдохгүй байна” гэж Ц.Сарантуяад хэлсэн атлаа бодит байдал дээр Ц.Сарантуяад мөнгө зээлдэж өгөх биш, өөртөө ашиглах зорилгоор 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ““Монгол Алтан тос” ХХК нь цалингаа тавьж чадахгүй байгаа гэнээ, тэгээд найзыг нь мөнгө олоод өгөөч гэсэн юм, чи найздаа хэд хоногийн хугацаатай 50.0 сая төгрөг өгч туслаач” гэж 50.000.000 төгрөгийг Г.Б-т худал хэлж авч, улмаар зээлсэн мөнгөө төлөхгүй Г.Б-ийг мөнгөө нэхэхээр янз бүрийн шалтаг тоочин, “ах дүү нарын нэр дээрх колонк буюу шатахуун түгээх станц, эсхүл газар ав” гэдэг атлаа өгдөггүй, мөнгийг эргэн төлөх бодит боломжгүй, ямар ч баталгаагүй, төлөх талаар ямар ч санаачлага, бодит оролдлого гаргадаггүй хэрнээ “удахгүй өгнө” гэж байнга худал хэлж, зээлсэн мөнгийг буцааж өгөхгүй гэсэн санаа агуулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж нийт 90.000.000 төгрөгийг залилж иргэн Г.Б-т их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон, энэ талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч Б.А- нь хохирогч Г.Б-аас нийт 90.0 сая төгрөгийг залилсан үйлдэл нь хохирогч Г.Б-ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа өгсөн “...Б.А-ийг 10-аад жилийн өмнөөс танина. Манай эхнэртэй найзууд. Би компанийхаа санхүү хариуцсан дарга нь байсан болохоор бэлэн мөнгө миний гар дээр болон дансанд байдаг байсан. Урьд нь хэд хэдэн удаа надаас 5.0, 10.0, 20.0 сая төгрөгийг зээлээд 7 юм уу 14 хонуулаад өгдөг байсан. Тэр үеэс миний итгэлийг олсон. Манай компани зочид буудал барихаар банкнаас 750.000.000 төгрөгийн зээл авсан байсан ба энэ үед зээл хөөцөлдөхөд хэрэглэхээр Б.А-ээс түрээсийн гэрээ, санхүүгийн баримтууд авч байсан. “Төсөл боловсруулж зээл авах гэж байгаа” гээд надаас урд нь 100.0 сая төгрөг зээлсэн. 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Онон гэдэг хүнд байрны урьдчилгаа 40.000.000 төгрөг хэрэгтэй байна” гэж над руу ярихаар нь “чи 100.0 сая төгрөг авсан. 40.0 саяыг хэзээ өгөх юм бэ” гэхэд “7 хонуулаад өгнө, ямар ч асуудалгүй, дансанд нь 30%-ийг байршуулдаг учраас санаа зоволтгүй” гэхээр нь итгээд данс руу нь шилжүүлсэн. Түүнээс хойш нэлээд хугацаа өнгөрөөд мөнгөө асуухад “Ононгийн дансанд байгаа, 8%-ийнх нь зээл нэлээд удаан шийдэгдэх юм шиг байна, он гараад мөнгө шийдэгдэх гээд байна, мөнгө дансанд байршаад байж байгаа” гэж хэлсэн. “Алтан тос” компани цалингаа тавьж чадахаа байсан байна, чи 50.0 сая төгрөг яаралтай зээлээч, он гараад өгчихнө” гэхээр нь “чи өмнө авсан мөнгөө өг” гэхэд “он гараад их хэмжээний зээл авах гэж байгаа, нэг мөсөн бүгдийг нь өгнө” гэхээр нь данс руу нь 50.0 сая төгрөг шилжүүлсэн. Ингээд 90.0 сая төгрөг авснаас нэг ч төгрөг одоо болтол төлөөгүй, янз бүрийн зүйл зохиож ярьдаг. 58.530.000 төгрөгийг гэрээ хийж авсан 100.0 сая төгрөгний алдангид тооцож авсан. Зээлийн гэрээнд зээлийн хүүг төлөөгүй тохиолдолд зээлдэгч нь 0.5%-ийн алданги төлөхөөр заасан байгаа. А- нь 100.0 сая төгрөгт төлсөн мөнгөө 90.0 сая төгрөгт тооцоод байгаа юм. Мөнгөө нэхэхээр шалтаг тоочоод, нөхөртэйгээ гэрлэлтийн баталгаагүй, нөхрийнх нь нэр дээр бүх хөрөнгө нь байгаад байдаг. Нөхөр нь “бид хоёрт баталгаа байхгүй, шоронд явуулбал чамд мөнгө өгөхгүй, явуулахгүй бол би бодолцъё” гэдэг хүн. Төрсөн эгч Должингийн колонкийг зараад мөнгийг чинь өгнө, нагац ах Ганболд тариагаа хураахаар өгнө гэдэг боловч худлаа аман яриа болдог. А- банкнаас авсан зээлүүдээ төлчихсөн хэрнээ миний мөнгийг л өгдөггүй, яаснаа мэдэхээ байчихдаг. Намайг хохиролгүй болгож өгнө үү. 100.0 сая төгрөгийн асуудал нь гэрээтэй тул иргэний журмаар шийдүүлэх тул 90.0 сая төгрөгөөс тусдаа асуудал юм..” гэсэн мэдүүлэг, гэрч С.Ононгийн “...2013 оны 11, 12 сарын үед сар, өдрийг сайн санахгүй байна, орон сууцны зээл авах гээд урьдчилгаа мөнгө хэрэг болоод нөхрийнхөө цалингийн зээлийг хаах шаардлага гарсан. А-ээс мөнгө асуухад надад 40.0 сая төгрөг олж өгсөн. Би мөнгийг 3 хонуулаад А-т бэлнээр буцааж өгсөн. А- хаанаас мөнгө олсныг мэдэхгүй. Миний зээл удах гээд байхаар нь уг мөнгийг хэрэглэхгүйгээр А-т буцааж өгсөн...” гэх мэдүүлэг /хх 54-р тал/, гэрч Ц.Сарантуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн “...2013.12.24-нд манай ажил дээр түүхий тосны гэрээний төлбөр төлөх болоод А-ээс 40.0 сая орчим төгрөг хэрэг болоод байна” гэж асууж байсан. Тэгээд А- “олж өгнө” гэж хэлээд ганц хоёр хоногийн дараа “олдохгүй байна” гэж хэлсэн. Дахиж асуугаагүй. 2013 оны 12 сард “ажилчдын цалин тавих гэсэн юм, 50.0 сая төгрөг олж өгөөч” гэж асууж байгаагүй. Тухайн үед би Б.Ундарьяа гэдэг хүнээс 40.0 сая төгрөгийг сарын 5%-ийн хүүтэй зээлсэн юм...” гэх мэдүүлэг /хх 55, 260-р тал/, гэрч Б.Хишгээгийн “...Б.А- бид хоёрын найз нөхдийн дотно харилцаа нь миний нөхөр Г.Б-аас мөнгө зээлээд өгөхгүй байх хүртэл үргэлжилсэн. Би найзын хувьд А-т Б-ийг зээл авч байгаа талаар сонирхуулж ярьж байсан. Ингээд А- миний нөхрөөс “Онон болон “Алтан тос” компанийн нягтлан Сарантуяа нарт мөнгө хэрэг болоод байна” гэж 40.0 сая болон 50.0 саяар тасалж нийт 90.0 сая төгрөгийг зээлсэн боловч мөнгийг өгөөгүй. Сүүлдээ Онон болон Сарантуяа нь А-ээр дамжуулж Б-аас мөнгө аваагүй болох нь мэдэгдсэн. Б- надад “А- надаас мөнгө асуугаад байна, “Алтан тос” компанийн нягтлан Сарантуяа ажилчдынхаа цалинг тавих гээд мөнгө хэрэг болоод 50.0 сая төгрөг өгөөч, удаахгүй мөнгө орж ирэхээр нь өгнө гэж байна гэнэ, яах вэ” гэж асуухаар нь “тийм бол өгчихгүй юу даа, найз нөхөд хүмүүс байж, цаадах чинь удаахгүй гэж байгаа бол өгчих байлгүй дээ” гээд өгүүлж байсан...” гэх мэдүүлэг, хохирогч Г.Б-аас Б.А-ийн ХААН банкны данс руу нь 40.0 сая төгрөг, Худалдаа хөгжлийн банкны данс руу нь 50.0 сая төгрөг шилжүүлсэн баримтууд, дансны хуулгууд, дээрх мөнгөнүүдийг Г.Б-аас авсан талаар шүүгдэгч Б.А-ийн өөрийнх нь мөрдөн байцаалт, шүүхэд мэдүүлсэн мэдүүлгүүд, хэрэгт цугларсан бусад баримтуудаар тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.А- нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Би Ононд 40.0 сая төгрөг, “Монгол Алтан тос” ХХК-д 50.0 сая төгрөг хэрэгтэй байна гэж Г.Б-аас авсан нь үнэн. Гэхдээ тухайн үед Г.Б- “чи наад 90.0 сая төгрөгөө цааш нь яаж зарцуулахаа өөрөө мэд, 5%-ийн хүүтэй л өгөөрэй” гэсэн. Тийм болохоор би сар бүр хүү төлж байгаад санхүүгийн бололцоогүй болоод төлж чадахгүй болсон. Түүнээс залилах санаа байгаагүй...гэж мэдүүлсэн байх боловч Б.А- нь анх С.Ононд 40.0 сая төгрөгийг Г.Б-аас зээлж авч өгсөн боловч С.Онон уг мөнгийг аваад 3 хоногийн дараа хэрэглэхгүйгээр буцаагаад Б.А-т бэлнээр өгсөн байтал мөнгийг Г.Б-т өгчихөөр байхад өгөлгүй түүнийг мөнгөө нэхэхэд нь “Ононгийн дансанд байгаа, 8%-ийнх нь зээл нэлээд удаан шийдэгдэх юм шиг байна, он гараад мөнгө шийдэгдэх гээд байна, мөнгө дансандаа байршиж байгаа” гэж санаанаасаа худал зохиож хэлж өөртөө авсан, мөн “Монгол Алтан тос” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Ц.Сарантуяа нь ажилчдын цалин тавьж чадахгүй боллоо, мөнгө олоод өгөөч гэж Б.А-ээс асууж байгаагүй,  харин гэрээний төлбөр төлөхөд 40.0 сая төгрөг хэрэг болж байгаа талаар Б.А-т хэлэхэд “олдохгүй байна” гэж хэлсэн атлаа бодит байдал дээр Ц.Сарантуяад мөнгө зээлдэж өгөх биш, Ц.Сарантуяа мөнгө хайж байснаас санаа төрж, түүний нэрийг барьж залилах зорилгоор “Монгол Алтан тос” ХХК нь цалингаа тавьж чадахгүй байгаа гэнээ, тэгээд найзыг нь мөнгө олоод өгөөч гэсэн юм, чи найздаа хэд хоногийн хугацаатай 50.0 сая төгрөг өгч туслаач” гэж 50.000.000 төгрөгийг Г.Б-т худал хэлж аваад дээрх мөнгөнөөс нэг ч төгрөг төлөөгүй байна.

Б.А- үнэхээр залилах санаагүй байсан бол Г.Б-т бодит байдлыг үнэнээр хэлэх, С.Онон авсан мөнгөө хэрэглэхгүй буцааж өгөх үед Г.Б-т мөнгийг нь өгөх боломжтой байсан бөгөөд Ц.Сарантуяагийн нэрийг барьж худал хэлж мөнгө авах шаардлага байхгүй юм.

Шүүгдэгч Б.А-ийн дээрх байдлаар худал хэлж, хохирогч Г.Б-аас 90.0 сая төгрөг авч байгаа үйлдлээс харахад хохирогч нь шүүгдэгчид энэ мөнгийг хүүтэй зээлдүүлжээ гэж үзэх үндэслэлгүй, харин тэдний хооронд урьд нь 100.0 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээгээр хүү, алданги төлөхөөр тохиролцсоны дагуу Б.А- нь сар бүр Г.Б-т тодорхой хэмжээний хүү төлж байсан байх боломжтой бөгөөд хохирогч ийм байдлаар тайлбарлаж мэдүүлдгийг үгүйсгэх үндэслэлгүй тул Б.А-ийн сар бүр Г.Б-т мөнгө төлж байсан гэх, хохирогч  Г.Б-ийн “58.530.000 төгрөг Б.А-ээс авсан гэснийг 90.0 сая төгрөгийн хохирлоос төлөгдсөн мөнгө гэж үзэх боломжгүй байна.

Дээрх гэмт хэргийн улмаас учирсан 90.0 сая төгрөгийн хохирол төлөгдөөгүй талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэлтэй.

Шүүх хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шийдвэрлэсэн, анхан шатны шүүхээс хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв хэдий ч шүүгдэгч Б.А-т оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т зааснаар түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй, хэт хөнгөдсөн, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, төлөх талаар ямар ч санаачлага гаргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа зэргийг харгалзахгүйгээр 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь үндэслэл муутай болжээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т  зааснаар шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хүндрүүлж, дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулахаар давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.   

Хохирогч Г.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

Хууль тогтоомжийн тухай Монгол улсын хуулийн 28.6 дугаар зүйлийн 28.6.3-т “ зүйлийг араб тоогоор ард нь “дүгээр” эсхүл “дугаар” зүйл гэж бичгээр /1 дүгээр зүйл г.м/, 28.6.4-т “зүйлийн доторх хэсгийг баруун талдаа цэгтэй араб тоогоор /1.1 г.м/, 28.6.5-д “зүйлийн доторх хэсгийн доторх заалтыг баруун талдаа цэгтэй араб тоогоор /1.1.1 г.м/ дугаарлаж бичихээр заасан байх тул прокурорын яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд хуулийн зүйл заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2” гэх мэтээр хэрэглэж бичсэн нь буруу, харин “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн  2.2” гэх мэтээр бичихийг цаашид анхаарах нь зүйтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 11-ний өдрийн 371 дугаартай шийтгэх тогтоолын 3, 4 дэх заалтуудыг:

“3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.А-ийг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй”  гэж,

“4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.А-т оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Б.А-т урьд Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

  

 

                                                   ДАРГАЛАГЧ                                        Я.ТУУЛ

                                                   ШҮҮГЧИД                                            Д.БУЯНЖАРГАЛ

                                                                                                                Ц.АМАРЖАРГАЛ