Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2017/ШЦТ/371

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Хэргийн индекс: 166/2017/0332/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг,

Улсын яллагч А.Оргилбаяр,

Хохирогч Г.Б,

Хохирогчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир, Ч.Булган,

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Атарбямба,

Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Ба-н А-т холбогдох эрүүгийн 201409000812 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Б-н А /РД:.........../, 1973 оны 08 дугаар сарын 12-нд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамтаар Дархан-Уул аймгийн .......... сумын ......... дугаар багийн ..........дугаар байрны ....... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх,

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.А нь иргэн Г.Б өмнө үүссэн харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж ..... оны 10 дугаар сарын 15-ны өдөр “манай найз .... банкнаас зээл авах гэсэн чинь мөнгө байршуулах хэрэг болоод байна. найздаа туслаач” гэж 40.000.000 /дөчин сая/ төгрөг, ..... оны 12 дугаар сарын 27-ны өдөр “..... ХХК-ийн захирал мөнгө олоод өгөөч гэсэн юм. Удаахгүй өгнө” гэж 50.000.000 /тавин сая/ төгрөг нийт 90.000.000 /ерэн сая/ төгрөгийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж иргэн Б.Б-т их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.А нь ..... оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Манай найз ..... банкнаас зээл авах гэсэн чинь мөнгө байршуулах хэрэг болоод байна, чи найздаа туслаад 40.000.000 төгрөг хэд хоногийн хугацаатай өгөөч, ..... зээлийг бүтэхээр мөнгийг чинь эргүүлээд өгнө” гэж хэлэн хохирогч Г.Б-с 40,000,000 сая төгрөгийг дансаар авч ..... өгсөн ба ..... нь уг мөнгийг аваад хэрэглэх шаардлагагүй болсон тул 3 хоногийн дараа уг мөнгийг нь Б.А-т буцаан өгснийг Б.А нь Г.Б хэлэлгүй өөртөө ашигласан.

...... оны 12 дугаар сарын 28-нд “.......”ХХК нь цалингаа тавьж чадахгүй байна гэнээ, тэгээд найзыг нь мөнгө олоод өгөөч гэсэн юм. Чи найздаа хэд хоногийн хугацаатай 50 сая төгрөг өгч туслаач” гэж хэлэн хохирогч Г.Б 50,000,000 төгрөгийг дансаар авч нийт 90,000,000 /ерэн сая/ төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.А өгсөн: Би Ж.Б-н эхнэртэй нь найзууд байсан. Г.Б банкнаас зээл авахаар болж байгаа гэж надад анх хэлсэн. Банкинд өндөр хүү төлнө, тэгэхээр энэ мөнгөө тодорхой хэмжээгээр эргэлдүүлмээр байна, хоёулаа тохиролцоод ажиллах боломж байна уу гэсэн санал тавьсан. ..... оны 10 дугаар сарын 15-ны өдөр 50.000.000 төгрөг, 12 дугаар сарын 27-ны өдөр 40.000.000 төгрөгийг зээлж авсан. 40.000.000 төгрөгийг нь ..... байрны урьдчилгаанд өгөх гэсэн юм гэж хэлээд би Ж.Б-тай тохирсныхоо дагуу 5 хувийн хүү тооцож зээлж авсан. Тухайн үед ..... компанийн нягтлан С надаас удаа дараа мөнгө асууж байсан. Бид нар санхүүгийн холбоотой ажилладаг. Би тохиролцсоныхоо дагуу сар бүр 40.000.000 төгрөгт 5 хувийн хүү 2.000.000 төгрөг, 50.000.000 төгрөгт 2.500.000 төгрөг төлж явсаар байгаад хамгийн сүүлд 2014 оны 09 дүгээр сараас мөнгийг нь төлж чадахаа больж иймд байдалд орсон. Тухайн үед би энэ мөнгөнөөс 4, 5 хүнд зээлүүлсэн. Надаас мөнгө авсан хүмүүс мэдүүлгээ өгсөн. Эргээд би хүмүүсээсээ хүүгээ авч чадаагүй. Санхүүгийн бэрхшээлд орж ийм байдалд хүрсэн. Би Г.Б-с мөнгө зээлж авсан. Энэ мөнгөө төлөх ёстой. Би мөнгийг нь төлнө гэсэн мэдүүлэг,

Хохирогч Г.Б өгсөн: Б.А-г 10-аад жилийн өмнөөс танина. Манай эхнэртэй найзууд, би танилын төдий л явдаг байсан. Би өөрөө компанийнхаа санхүү хариуцсан дарга нь байсан болохоор бэлэн мөнгө миний гар дээр болон дансанд байдаг байсан. Би урьд нь хэд хэдэн удаа 10.000.000 төгрөг, 5.000.000 төгрөг, 20.000.000 төгрөгийг зээлээд 7 хоног юм уу, 14 хонуулаад өгдөг байсан. Тэр үеэс л миний итгэлийг олсон. Манай компани зочид буудал барихаар болж хөрөнгө оруулалт хийхээр 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 750.000.000 төгрөгийн зээл авсан. Зээл хөөцөлдөхөд хэрэглэхээр Б.А түрээсийн гэрээ, санхүүгийн баримтууд хэрэгтэй байна гээд авч байсан. 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдөр зээл авсныг би хэлээгүй. Г гэдэг хүн хэлсэн. Г Дархан-Уул аймгийн .... банкны зээлийн газрын дарга ажилтай байж байгаад одоо ажлаасаа гарчихсан. Б.А-тэй гэр бүлийн холбоотой. Би үүнийг сүүлд мэдсэн. Яагаад гэвэл Г миний данс руу хандалт хийсэн байсан. 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Б.А над руу яриад яаралтай мөнгө хэрэгтэй байна. Би Шарын голд он гараад Б-той хамтраад төсөл боловсруулж зээл авах гэж байгаа. Дээрээс нь би барилга барих гэж байгаа гээд 2013 оны 10 дугаар сарын       09-ний өдөр надаас 100.000.000 төгрөг зээлсэн. .....оны 10 дугаар сарын 15-ны өдөр ..... гэдэг хүнд байрны урьдчилгаа 40.000.000 төгрөг хэрэгтэй байна гэж над руу ярихаар нь би чамд 100.000.000 төгрөг өгсөн. 40.000.000 төгрөгөө хэд хонуулаад өгөх юм бэ гэхэд 7 хонуулаад өгнө ямар ч асуудал байхгүй. Дансанд нь 30 хувийг байршуулдаг учраас санаа зовох зүйлгүй гэхээр нь итгээд ..... банкны данс руу нь 40.000.000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш нилээн удаан хугацаа өнгөрч мөнгөө асуухад ...... дансанд байгаа 8 хувийнх нь зээл нилээн удаан шийдэгдэх юм шиг байна гэж надад хэлсэн. .... оны 12 дугаар сарын 27-ны өдөр над руу яриад он гараад мөнгө шийдэгдэх гээд байна. О-н мөнгө дансанд байршаад байж байгаа ...... компани цалингаа тавьж чадахаа байсан байна чи 50.000.000 төгрөг яаралтай зээлээч он гараад энэ мөнгийг өгчихнө гэхээр нь чи өмнө авсан мөнгөө өг гэхэд он гараад их хэмжээний зээл авах гэж байгаа нэг мөсөн бүгдийг нь өгнө гэж хэлээд 50.000.000 төгрөгийг ...... хөгжлийн банкны данс руу нь шилжүүлсэн. Ингээд надаас 90.000.000 төгрөг авсан. Өнөөдрийн байдлаар 90.000.000 төгрөгнөөс нэг төгрөг ч төлөгдөөгүй. Нэг ч хүү төлөгдөөгүй. Өөрөө мэдүүлэг дээрээ янз бүрийн юм зохиож ярьдаг. Хэрэг Дээд шүүхээс ирснээс хойш байцаагчтай хамт нотлох баримтуудаа тулсан. Тэр үед Б.А өмгөөлөгч байхгүй гээд ирээгүй. Тухайн үед 58.530.000 төгрөг өгсөн байдаг. Энэ нь гэрээтэй 100.000.000 төгрөгийнх. Зээлийн гэрээнд зээлийн хүүг төлөөгүй тохиолдол зээлдэгч нь 0.5 хувийн алданги төлнө гэж заасан байгаа. Б.А төлсөн мөнгө алдангид тооцогдсон. 100.000.000 төгрөгт төлөгдсөн мөнгөө 90.000.000 төгрөгийн хүү гэж яриад байна. Би өөрт нь байнга хэлдэг. 100.000.000 төгрөгийг чамд ямар ч барьцаагүй өгсөн. Зарим мөнгө нь алдангид тооцогдож байгаа шүү гэж хэлсэн. Өөрөө тэрнийг сайн мэдэж байгаа. 2014 оны 05 дугаар сараас хойшхи нь 100.000.000 төгрөгтэй холбоотой зүйл. Гражийн асуудал 100.000.000 төгрөгтэй холбоотой. 100.000.000 төгрөгийн хүү алданги төлж чадахгүй байна мөнгө зээлдэг хүн байна уу би гражаа барьцаанд тавъя гэсэн. Өөрөө зөвшөөрсөн учраас гражийг нь барьцаанд тавьсан. Түүнээс би хүний хөрөнгийг хүчээр барьцаанд тавих ямар ч боломж байхгүй. Хүүгээ төлж чадахгүй болохоор 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдөр итгэмжлэл хийлгэж гражийг барьцаалж 8.000.000 төгрөг зээлж аваад 100.000.000 төгрөгийн хүү алдангидаа авсан. Б.А мөнгөө төлөхгүй явсаар байгаад 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр худалдах худалдан авах гэрээ хийгдсэн. Энэ гражийг өр төлбөрт өгсөн мэтээр харагдуулах гээд байна. Худалдах худалдан авах гэрээгээр 7 дугаар сарын 20-ны өдөр шилжүүлсэн. Б.А-с удаа дараа би мөнгөө нэхдэг. Элдэв шалтгаан хэлдэг. Хойноос нь мөнгөө хөөцөлдөөд явахаар нөхөртэйгээ гэрлэлтийн баталгаа байхгүй. Бүх эд хөрөнгө нь нөхрийнх нь нэр дээр байдаг. Миний хамгийн их гомдож байгаа зүйл миний итгэлийг олоод итгэл эвдэж авсан. 100.000.000 төгрөгийг би Б.А залилсан гэж үздэг. Нөхөр нь юу гэж ярьдаг вэ гэхээр бид хоёрт баталгаа байхгүй. Б.А зөндөө л мөнгөтэй байсан гэдэг. Чи шоронд явуулбал чамд мөнгө өгөхгүй. Явуулахгүй бол би бодолцъё гэдэг. Б.А нэг ч удаа сэтгэлээсээ хандаж уулзаагүй. Хавтаст хэргийн нэгдүгээр хавтаст гэр бүлийнх нь битгий цагдаад өгөөч баталгаа гаргая гээд баталгаа гаргасан. Төрсөн эгч Д-гийн колонкийг зараад мөнгийг чинь гаргаж өгье гэж хэлсэн тэр нь зүгээр аман яриа. Г гэж нагац ах нь тариагаа хураахаар өгье гэсэн тэр нь бас л аман яриа. А надаас авсан мөнгөө төлөхгүй байх санаа зорилготой. Өөрийнхөө банкнаас авсан зээлүүдээ төлчихсөн. Гайхаж байгаа зүйл нь надаас авсан мөнгөө яаснаа мэддэггүй. Хоёр гурван удаа шүүх хуралдаан болоход би Д-хоо хүүхдэд өгсөн. Нэг найздаа өгсөн. Хувьдаа хэрэглэсэн. Үлдсэнийг нь хэнд өгсөнөө хэлэхгүй гэдэг. Өгсөн хүмүүсээсээ яагаад нэхэж болдоггүй юм бэ. Дэвтрээ алга болгочихсон тэр дэвтэр дээр хэн хэнд өгсөн нь бичсэн байсан гэдэг. Хэнд өгснөө мэддэггүй, эсвэл нууцалдаг. Би аргаа бараад шүүх цагдаад өгсөн. Хамгийн сүүлд 2014 оны 09 дүгээр сард 1.000.000 төгрөг өгсөн. Би энэ хүнд гомдож байна. Шүүх хуралд орохоор нөхөр нь мессеж бичдэг. Чи шоронд явуулаад үзээрэй тэгвэл чи юу ч үгүй хоцорно шүү. Нөхөр нь ч юм уу, ээж, аав нь ч юм уу надтай нэг ч удаа уулзаагүй. Өмгөөлөгч нь хэлэхдээ шинэ хууль гараад өнгөрч байгаа юм. Чи бараг юм олж долоохгүй байх гэдэг. 90.000.000 төгрөгөө нэхэмжилж байна. Өөрөө гэм буруугаа ойлгодоггүй. Ярьж байгаа зүйл нь тодорхой бус. Би дандаа нотлох баримттай юм ярьж байгаа. Энэ хүнийг гүтгэсэн зүйл нэг ч байхгүй гэсэн мэдүүлэг,

Мөрдөн байцаалтын шатанд:

Гэрч Б.У-гийн өгсөн: ... Ц.С нь “..........” ХХК-д мөнгө хэрэг болоод байна, оноос өмнө гээд надаас сарын 5 хувийн хүүтэй 2013 оны 12 дугаар сарын 24-нд 40 сая төгрөг зээлсэн. Хугацаа зааж гэрээ хийсэн үйлдэл байхгүй... гэх мэдүүлэг /хх—ийн 53/,

Гэрч С.О-н өгсөн: ...2013 оны 11, 12 дугаар сарын үед би яг сар өдрийн санахгүй байна, орон сууцны зээл авах гээд урьдчилгаа мөнгө хэрэг болоод нөхрийнхөө цалингийн зээлийг хаах шаардлага гарсан. А мөнгө асуухад надад 40 сая төгрөг олж өгсөн. Би уг мөнгийг өөр дээрээ 3 хонуулаад буцаагаад бэлнээр А-т өгсөн. А хаанаас мөнгө олж надад өгснийг мэдэхгүй. Миний зээл удах гээд байхаар нь би уг мөнгийг хэрэглэхгүйгээр А-т буцааж өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 54/,

Гэрч Ц.С-н мөрдөн байцаалтад өгсөн: “... 2013 оны 12 дугаар сарын 24-нд манай ажил дээр түүхий тосны гэрээний төлбөр хэрэг болоод Б.А-с 40 сая төгрөг байна уу гэж асууж байсан. Тэгээд Б.А олж өгнө гэж хэлээд ганц хоёр хоногийн дараа Б.А надад мөнгө олдохгүй байна гэж хэлсэн. Тухайн үед би Б.У гэдэг хүнээс 40 сая төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй зээлсэн юм. Миний бие 2013 оны 12 дугаар сарын      24-нд мөнгө хэрэг болоод Б.А нэг л удаа мөнгө асуусан, дахиж асуугаагүй. ... 2013 оны 12 дугаар сарын 26-нд Орос руу мөнгө шилжүүлсэн байна” гэх мэдүүлэг /хх-55, 260 дугаар хуудас/,

Гэрч О.Т-ын өгсөн: ...2013 оны 12 дугаар сарын сүүлээр би А 27 сая төгрөг зээлж аваад 2014 оны 4 дүгээр сарын дотор цувуулж төлөөд дуусгасан. Уг мөнгийг хүүгүй зээлсэн... гэх мэдүүлэг /хх-61/,

Гэрч Б.Д өгсөн: “Би А 2013 оны 12 дугаар сарын 20-оос хойш хүү И сургалтын төлбөрийг төлөхөөр 10.000.000 төгрөг зээлж авсан. Эргүүлж өгч чадаагүй байгаа... гэх мэдүүлэг /хх-247/,

Гэрч Ж.Б-ын өгсөн: ...А 2014 оны 1 дүгээр сард намайг зээл бүтээж өгөөч гэхээр нь би барилга барих зээлийг Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас хөөцөлдөж байсан боловч эх үүсвэргүй учир зээл бүтээгүй юм... гэх мэдүүлэг /хх-248/,

Гэрч Б.Х өгсөн: ... Б.А бид хоёрын дотно найз нөхдийн харилцаа Б.А нь миний нөхөр Г.Б-с мөнгө зээлээд өгөхгүй байх хүртэл үргэлжилсэн. Би найз нөхдийн хувьд А-т Б зээл авч байгаа талаар сонирхуулж ярьсан. Ингээд Б.А миний нөхрөөс О болон ..... ХХК-ийн нягтлан С нарт мөнгө хэрэг болоод байна чи надад мөнгө өгөөч гээд 40 болон 50 саяар 2 тасалж нийт 90 сая төгрөгийг зээлсэн боловч мөнгийг нь өгөөгүй. Сүүлдээ О болон С нар нь А-р дамжуулж Б-с мөнгө авахуулаагүй болох нь мэдэгдсэн. Б надад одоо он сар өдрийг нь санахгүй байна Б.А надаас мөнгө асуугаад байна ..... ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч С ажилчдынхаа цалинг тавих гээд мөнгө хэрэг болоод байна түр 50 сая төгрөг өгөөч гэж байна удаахгүй мөнгө орж ирэхээр эргүүлээд өгье гэж байна яахав гэж асуухаар нь би Б-т “Тийм бол Б.А-т мөнгө өгчихгүй юу даа, найз нөхөд хүмүүс байж, цаадах чинь чамд удаахгүй гэж хэлж байгаа болж удаахгүй өгчих байлгүй дээ гэж хэлээд өгүүлж байсан. Миний хувьд Б-т ингэж зөвлөж байснаас яг А-т энэ мөнгийг өгч авахад нь оролцоогүй ээ. Миний хувьд нөхрийнхөө авсан мөнгө, зээлийн асуудал болон ажилд нь оролцдоггүй ээ.

Б.А-с найзууд учраас би хүнээс булган шуба худалдаж аваад 3,0 сая төгрөгийг дутуу өгсөн байсан тэр мөнгийг чи өгчих Б-т өгөх мөнгөнөөсөө хасаад тооцчих гэж хэлээд шуба зарсан хүнд А-р 3,0 сая төгрөгийнхөө өглөгийг төлүүлж байсан. Үүний дараа надад мөнгөний хэрэг болоод А-с 1,0 сая төгрөг найздаа өгчих, Б-т өгөх мөнгөнөөсөө хасаад өгчих гэж хэлж байсан. Миний хувьд Б.А-с 4,0 сая төгрөгийг авсан, өөр өглөг, авлага байхгүй ээ. Миний хувьд Б.А-тэй өөрөө дээрх мөнгөнийхөө тооцоог хийнэ. Б.А-н хувьд нөхрөөс маань авсан мөнгөө бүрэн төлөөд хохиролгүй болгочихвол миний хувьд түүнээс дээрх байдлаар авсан 4,0 сая төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй болно гэх мэдүүлэг,

Г.Б-с Б.А-т 50.000.000 /тавин сая/ төгрөг хүлээлгэн өгсөн баримт /хх-ийн 6-7/, Г.Б-с 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Б.А-т 40 сая төгрөг шилжүүлсэн ..... банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 10/, Г.Б-н дансны хуулга /хх-ийн 16/, Г.Б-с 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Б.А-н ...... банк дахь ....... тоот дансанд 40.000.000 төгрөг шилжүүлсэн тухай дансны хуулга /хх-ийн 268-270/, Б.А ....... банкны .......тоот дансанд .... оны 12 дугаар сарын 27-ны өдөр 50 сая төгрөг Г.Б-с шилжүүлсэн баримт /хх-ийн 38-39/, 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Б.А-с Г.Б-т ..... сумын .... дугаар .... дүгээр байрны урд байрлах гражийг шилжүүлсэн худалдах, худалдан авах гэрээ, гэрчилгээний хуулбар /хх-ийн 211-212/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөн шүүгдэгч Б.А нь шүүхийн хэлэлцүүлэгт ... Би О мөнгө хэрэгтэй байна гэж 40 сая төгрөг, “.....”ХХК-д мөнгө хэрэгтэй байна гэж хэлэн 50 сая төгрөг тус тус авсан нь үнэн. Гэхдээ тухайн үед Г.Б надад хэлэхдээ “чи наад 90 сая төгрөгөө цааш нь яаж зарцуулахаа өөрөө мэд. 5 хувийн хүүгээ л өгөөрэй” гэсэн. Тийм болохоор би сар бүр 5 хувиар бодож хүү төлж байгаад санхүүгийн бололцоогүй болоод төлж чадахгүй болсон. Түүнээс залилах гэсэн санаа байгаагүй... гэж мэдүүлж байгаа боловч энэ байдал хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь хохирогч Г.Б нь 2013 оны 10 дугаар сарын 09-нд зээлийн гэрээ байгуулж 100 сая төгрөгийг Б.А-т сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Залилсан гэх 40 сая төгрөг, 50 сая төгрөгийг мөн ярилцаж тохиролцоод 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Б.А сар болгон 40 сая төгрөгийн хүүнд 2 сая төгрөг, 50 сая төгрөгийн хүүнд 2.5 сая төгрөг төлж байсан. Энэ нь хэрэгт авагдсан 1 дүгээр хавтаст хэргийн 17-19 дүгээр талд авагдсан Г.Б-н ...... банкны ...... дугаартай дансны хуулгаар нотлогдож байгаа. Иймд Б.А нь Г.Б-с 90 сая төгрөгийг залилсан гэж үзэх үндэслэлгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Гэвч энэ байдал байдлууд нь ...Би 90 сая төгрөгийг өгөхдөө 5 хувийн хүү авна гэж хэлээгүй. Сар бүр надад өгч байсан мөнгийг нь зээлийн гэрээтэй 100 сая төгрөгийнхөө хүү алдангид тооцлоо шүү гэж удаа дараа хэлж байсан. Граж барьцаалж зээл аваад 100 сая төгрөгийнхөө хүү алдангид тооцож надад өгсөн... гэх хохирогч Г.Б-н мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна.

Иймд шүүгдэгч Б.А-н ........ оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Манай найз С.О банкнаас зээл авах гэсэн чинь мөнгө байршуулах хэрэг болоод байна, чи найздаа туслаад 40.000.000 төгрөг хэд хоногийн хугацаатай өгөөч, С.О-н зээлийг бүтэхээр мөнгийг чинь эргүүлээд өгнө” гэж хэлэн хохирогч Г.Б-с 40.000.000 сая төгрөгийг дансаар авч С.О-д өгсөн боловч С.О нь уг мөнгийг аваад хэрэглэх шаардлагагүй болсон тул 3 хоногийн дараа уг мөнгийн Б.А-т буцаан өгснийг хохирогч Г.Б-т өгөлгүй өөртөө ашигласан, 2013 оны 12 дугаар сарын 28-нд “.....”ХХК нь цалингаа тавьж чадахгүй байна гэнээ, тэгээд найзыг нь мөнгө олоод өгөөч гэсэн юм. Чи найздаа хэд хоногийн хугацаатай 50 сая төгрөг өгч туслаач” гэж хэлэн хохирогч Г.Б-с 50.000.000 төгрөгийг дансаар авсан үйлдлүүд нь хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан мэхэлсэн буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т заасан “бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах” гэмт хэргийн бүх шинжийг агуулсан байна.

Гэвч 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж байгаа илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл агуулгад орсон өөрчлөлт, хүний эрх зүйн байдлыг ямар нэг хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн бусад зохицуулалтууд мөн адил багтдаг.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.2-т “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь оногдуулах ял хөнгөрсөн тул шүүгдэгч Б.Алтанцэцэгийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байна гэж үзэж 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Б.А-г 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.2-т заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Б-т 90 сая төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирогчид 70.500.000 төгрөг өгсөн гэж мэдүүлж байгаа боловч энэ байдал нь хохирогч Г.Б-н ...90 сая төгрөгнөөс нэг ч төгрөг төлөгдөөгүй, харин 100 сая төгрөгийн зээлийн хүү алдангид нийт 58.530.000 төгрөг авсан... гэсэн мэдүүлгээр няцаагдаж байна.

Иймд шүүгдэгч Б.А-с 90.000.000 төгрөг гаргуулж хохирогч Г.Б-т олгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Эрүүгийн хариуцлага болон бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.А нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Б.А-т оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй ба түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/  төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.А-н цагдан хоригдсон 220 хоногийн 1 хоногийг 15 нэгжээр тооцож эдлэх ялаас 3300 нэгж буюу 3,300,000 төгрөгийг хасаж тооцон торгох ялыг 6,700,000 төгрөгөөр тогтоож, түүний орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Мөрдөн байцаагчийн 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн Сони маркийн 42 инчийн ЛСД зурагт, Самсунг маркийн шарах шүүгээ, Тошиба маркийн хөргөгч, БСБ маркийн цахилгаан зуух, мөрдөн байцаагчийн 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн ..... сумын ..... дугаар баг ..... .... дугаар гудамж ..... тоотод байрлах улсын бүртгэлийн    Г-......дугаарт бүртгэгдсэн ..... метр квадрат талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар,  .... сумын .... дугаар баг .... ..... дугаар гудамж .....тоотод байрлах улсын бүртгэлийн Г-..... дугаарт бүртгэгдсэн ..... метр квадрат талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг хохиролд тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б овогт Бн А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар Б.А-с 90,000,000 /ерэн сая/ төгрөг гаргуулж, хохирогч ..... аймгийн ..... сумын ..... дүгээр баг, ..... дугаар хороолол, ..... дүгээр байрны ..... тоотод оршин суух Т овогт Г-н Б /....../-т олгосугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.А 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/  төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А урьдчилан цагдан хоригдсон 220 хоногийн 1 хоногийг 15 нэгжээр тооцож эдлэх ялаас 3300 нэгж буюу 3,300,000 төгрөгийг хасаж тооцон торгох ялыг 6,700,000 төгрөгөөр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.А-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхэр тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.А торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Мөрдөн байцаагчийн 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн Сони маркийн 42 инчийн ЛСД зурагт, Самсунг маркийн шарах шүүгээ, Тошиба маркийн хөргөгч, БСБ маркийн цахилгаан зуух, мөрдөн байцаагчийн 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн ..... сумын ..... дугаар баг ..... ..... дугаар гудамж ..... тоотод байрлах улсын бүртгэлийн Г-.....дугаарт бүртгэгдсэн .... метр квадрат талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар,  .... сумын .... дугаар баг ..... .... дугаар гудамж ..... тоотод байрлах улсын бүртгэлийн Г-..... дугаарт бүртгэгдсэн ..... метр квадрат талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

 

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бол тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.ИХТАМИР