Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 537

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д С  ХХК,

Хариуцагч: Ч******* дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ц.Ц, Б.А ,

Нэхэмжлэлийн шаардлага: Ч******* дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар актыг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэжлэгдсэн төлөөлөгч Х.Х , түүний өмгөөлөгч Л.Н , хариуцагчЦ.Ц, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Насанбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д С  ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ч******* дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц, Б.А  нар Д С  ХХК-ийн 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийсэн.

2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ******* дугаартай актаар зөрчил илрүүлсэн. Уг зөрчилд 23.674.145 төгрөгийн нөхөн татвар төлүүлэхээр улсын байцаагчийн акт тогтоосон.

Татварын улсын байцаагч нарын Д С  ХХК-ийн 2012 оноос 2014 оны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалтын төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалт хийж, энэ зөрчилд татвар төлөхөөс зайлсхийсэн байж болзошгүй гэж үзэж, 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 3500165 тоот татварын улсын байцаагч дүгнэлт бичиж, хэрэг бүртгэлд болон хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар шилжүүлсэн.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газар хянаад 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 482 тоот Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол гаргасан. Тогтоол гарснаас хойш 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр татварын улсын байцаагч, Татварын тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3-т зааснаар 23.674.145 төгрөгийн нөхөн татвар ногдуулах тухай акт гаргасан.

Энэ актад Татварын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.8-д заасан болон захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасныг зөрчсөн. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулж өршөөл үзүүлэх тухай хууль гарахаас 1 жилийн өмнө Д С  ХХК-нд үүсгэсэн Эрүүгийн хэргийг хяналтын прокурор Б.А  хянаж, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 482 тоот тогтоолыг гаргасан.

Эрүүгийн гэмт хэргийн асуудал хэрэг бүртгэх, мөрдөн байцаалт болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байхгүй төрийн эрх барих байгууллага болон татварын алба уг зөрчилтэй холбоотой татварын өрийг тогтоож захиргааны шийтгэл ногдуулаагүй.

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар захиргааны хариуцлага хүлээхээр заасан хугацаа өнгөрсөн. Д С  ХХК нь 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн болон уг хуулиар олгогдсон татвар төлөгчийн эрхийн хүрээнд мөн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д заасан.

Татварын ерөнхий хууль, тухайн төрлийн татварын тухай хууль, хуулийн дагуу албан татвар төлөхөөр Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу санхүүгийн тайлан гаргахаар заасан хуулийн зохицуулалт хамаарна. Хуулийн этгээдэд уг хууль үйлчилнэ гэж 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар татварын тухай хуулийн 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд санхүүгийн татварын тайлан гаргасан байвал зохих хуулийн этгээд ийнхүү бүртгүүлээгүй тайлагнаагүй боловч энэ заасан хугацаанд холбогдох байгууллагын сайн дурын үндсэн дээр тайлагнасан бол хөрөнгө орлогоо бүртгүүлээгүй хуулийн этгээд энэ хуулийн хэрэгжих хугацаа дуусгавар болохоос өмнө холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн бол доор дурдсан хуульд заасан албан татвар, орлогоо нуун дарагдуулсан тохиолдолд хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлнө гэж заасан байдаг.

Мөн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.7-д захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэг, мөн 5.2-т зааснаар чөлөөлөгдөх албан татварт дор дурдсан албан татвар хамаарна.

Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.4-д нэмэгдсэн өртгийн албан татвар гэж заасныг үндэслэн нэмэгдсэн өртгийн холбогдох асуудлыг сайн дурын үндсэн дээр тайлагнасан байтал татварын улсын байцаагч актаар нөхөн татвар ногдуулахдаа тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар энэ хуулийн 4.1, 5.1-д заасны дагуу хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөх хувь хүн, хуулийн этгээд чөлөөлөгдөхөөр заасан үндэслэлээр дахин эрүүгийн хэрэг үүсгэн захиргааны хариуцлага, гүйцэтгэх ажил явуулахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн.

Татварын улсын байцаагч Татварын тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар акт тавьсан боловч Д С  ХХК энэ заалтын аль хэсэгт зааснаар гэм буруутай болохыг нотлоогүй гэж үзэж байна. Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг үндэслэсэн Д С  ХХК бүх орлогоо тайландаа тусгасан. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2-т заасныг баримталсан нь ойлгомжгүй байна. Иймд Д С  ХХК-нд холбогдуулан гаргасан татварын улсын байцаагчийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ******* тоот актыг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэжээ.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д С  ХХК-ийн 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварт Цагдаагийн ерөнхий газрын 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн хяналт шалгалтын тухай 2933 тоот албан бичгийн дагуу татварын хяналт шалгалт хийх томилолт үүссэн.

Үүний дагуу татварын улсын байцаагч Б.А , Д.Ц нар хэсэгчилсэн хяналт шалгалт хийсэн. Албан бичгийн хүрээнд Д С  ХХК-ийн С******* ХХК, Б******* ХХК, Н******* ХХК-иудас 236.000.000 төгрөгийн хий бичилттэй худалдан авалт хийсэн мэдээллийн дагуу шалгалт хийсэн.

Д С  ХХК-ийн захирал мэдүүлэгтээ бараа материал худалдаж аваагүй, падааныг 3-3.5 хувийн мөнгө төлж худалдаж авсан гэсэн тайлбар өгсөн байдаг. Д С  ХХК-д нотлох баримт, анхан шатны баримт байхгүй. Мөн С******* ХХК , Б******* ХХК, Н******* ХХК-иуд байхгүй.

Хэн юу зарснаа мэдэхгүй, ямар бараа хаанаас худалдаж авснаа мэдэхгүй. Иймд цагдаагийн дүгнэлт бичээд н.Тамир гэх хүндээр 45 компанийн хуурамч зохиомлоор үүсгээд хүний нэр дээр энэ хүний нэр компани байгуулсан. Цагдаагийн газраас хэрэг нээсэн байдаг.

2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр прокурорын тогтоол гарч эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол гарсан.н.Тамир гэх хүний 45 компанид падаан зарсан үйлдлийг прокуророос хэрэгсэхгүй болгосон. Д С  ХХК үүнтэй холбоотой прокурорын тогтоолыг үндэслээд хувийн актаар өршөөл хуулийг хэрэглэж, зөвхөн нөхөн татвараар 15.000.000 төгрөгний төлбөр ногдуулсан байдаг.

Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль, хөөн хэлэлцэх хугацааг 5 жил байна. Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг татварын хууль тогтоомжид хамааруулахгүй. Иймд хөөн хэлэлцэх хугацаа болон Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль Д С  ХХК-нд хамааралгүй гэж үзэж байна. Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар худалдан авагч хуурамч үйлдлээр худалдан авсан нэмэгдсэн өртгийн падаан дээр хариуцлага тооцно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Ч******* дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2014 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн № 350000142 дугаар дүгнэлтээр Н******* ХХК-ийг, 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн № 350000165 дугаар дүгнэлтээр Д С  ХХК-ийг, Б******* дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2014 оны 02 дүгээр сарын 27-ны өдрийн № 24/0000224 дүгээр дүгнэлтээр Б*******хуа ХХК-ийг, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн № 25/0000781 дүгээр дүгнэлтээр Сод билэгт эрдэнэ ХХК-ийг тус тус татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, эсхүл их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан буюу бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн байж болзошгүй гэж хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар шийдвэрлэжээ.

Цагдаагийн Ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн байцаах газраас 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн № 9д/2933 тоот албан бичгийг Татварын ерөнхий газарт хүргүүлсэн байх бөгөөд уг албан бичгийн дагуу Д С  ХХК-ийн санхүүгийн анхан шатны баримтад шалгалт хийжээ.

Ч******* дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар акт1-аар нэхэмжлэгчийг 2012 онд Сод билэгт эрдэнэ ХХК-иас 20,440,909.09 төгрөгийн, 2013 онд Н******* ХХК-иас 109,040,909.0 төгрөгийн, Б*******хуа ХХК-иас 107,259,636.36 төгрөгийн, нийт 236,741,454.50 төгрөгийн хий бичилттэй падааныг бараа материал худалдан авсан мэтээр нэмэгдсэн өртгийн татварын ногдуулалт, төлөлтийн тайланд худалдан авалтаар хасалт хийж төсөвт төлөх албан татвар бууруулсан зөрчилд 23,674,145.50 төгрөгийн нөхөн татвар ногдуулжээ.

Хариуцагч маргаан бүхий захиргааны актын үндэслэлээ НӨАТ-ын падаан нь жинхэнэ боловч хий бичилт хийгдсэн дээрх 3 аж ахуйн нэгжүүд нь бодитойгоор үйл ажиллагаа явуулдаггүй гэж, харин нэхэмжлэгчээс татварын улсын байцаагч нар нь хяналт, шалгалтыг хууль, журамд заасны дагуу явуулаагүй, акт ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, зөрчилтэй холбоотойгоор Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу тайлагнасан гэж тус тус маргажээ.

Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна, 74.3-д энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна гэж тус тус заажээ.

Дээрхээс дүгнэвэл хүн, хуулийн этгээд нь татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлээ нуух гэсэн санаа зорилгыг агуулсан байхыг шаардах бөгөөд уг үйлдэл нь хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

Нэхэмжлэгч Д С  ХХК-ийн захирал З.Б******* нь Сод билэгт эрдэнэ, Н*******, Б*******хуа ХХК-ниудын нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг ашиглаж нийт 236,741,454.54 төгрөгийн хий бичилт бүхий худалдан авалт хийсэн мэтээр худалдан авалтын жагсаалт хийж, 23,674,145.5 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж татвал төлөхөөс зайлсхийсэн хэрэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул түүнийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №482 дүгээр тогтоолоор2 Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парлемент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Мөн 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн № 02 дугаар ярилцлагын тэмдэглэлд3 100 айл дээр НӨАТ-тай падаан гэж байдаггүй, НӨАТ-аас чөлөөлөгдөхийн тулд Тамирын компаниас падаан авсан. Цагдаа дээр энэ үнэн учраа хэлсэн, падаанаа 3-3,5% -аар авсан байсан гэх мэдүүлэгээр их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан, татвар төлөхөөс зайлсхийсэн зөрчил гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрчээ.

Иймд нэхэмжлэгчийн дээрх зөрчилд нөхөн татвар ногдуулсан хариуцагч нарын 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн № 350017416 дугаар актыг хуульд нийцжээ.

Нөгөөтэйгүүр Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй гэж заасан байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн нөхөн татвар ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж, шинээр тайлагнасан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн, улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн байх ба эдгээр үйл ажиллагаа нь хувь хүн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино, 5 дугаар зүйлийн 5.1-д Албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйл, нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогыг 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд нуун дарагдуулсан боловч энэ хуулийн 3.1-д заасан хугацаанд сайн дурын үндсэн дээр ил болгож, санхүүгийн болон албан татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг шинээр гаргаж харьяалах татварын алба, нийгмийн даатгалын байгууллагад сайн дурын үндсэн дээр мэдүүлсэн бол тухайн хувь хүн, хуулийн этгээдийг энэ хуулийн 4.1-д заасан хуульд заасан хариуцлагаас нэг удаа чөлөөлнө гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн зорилго нь гагцхүү хүн, хуулийн этгээд нь нуун дарагдуулсан орлого, түүнтэй адилтгах бусад орлогоо шударгаар, сайн дурын үндсэн дээр шинээр мэдүүлсэн, бүртгүүлсэн байхыг шаардахаар байна.

Гэтэл нэхэмжлэгчийн дээрх зөрчлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтны хяналт шалгалтын үндсэн дээр илрүүлсэн байх тул түүнийг нуун дарагдуулсан орлого, түүнтэй адилтгах бусад орлогоо шударгаар сайн дурын үндсэн дээр мэдүүлсэн гэж үзэхээргүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 74 дугаар зүйлийн 74.1, 74.3, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 5 дугаар зүйлийн 5.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д С  ХХК-ийн нэхэмжлэлтэй Ч******* дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ц.Ц, Б.А  нарт холбогдох Ч******* дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар актыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.МӨНХ-ЭРДЭНЭ