Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 14

 

 

                                           Б.Өлзийсайханд холбогдох эрүүгийн

                                                              хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор М.Буяннэмэх,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Майбаяр,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 742 дугаар магадлалтай, 201525022064 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Майбаярын гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2007 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.5 дахь хэсгүүдэд зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 6 хоногийн хорих ялаас өршөөгдөж суллагдсан, Хас овогт Батнасангийн Өлзийсайхан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Өлзийсайханыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Б.Өлзийсайханыг 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Б.Өлзийсайханыг 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Б.Өлзийсайханыг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, ялтан Б.Өлзийсайхан, өмгөөлөгч Д.Тунгалаг нарын “... хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж өгнө үү ...” гэсэн хэсгийг хүлээн авч, өмгөөлөгч Ц.Майбаярын гомдлыг бүхэлд нь, ялтан Б.Өлзийсайхан, өмгөөлөгч Д.Тунгалаг нарын гомдлын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Майбаяр нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Өлзийсайханы өмгөөлөгч Ц.Майбаяр хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “... Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт ач холбогдолтой нотлох баримт болон үйл баримтад бодитой үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Хохирогч Э.Нямлхагва, Шинэтөр, гэрч Ганцэцэг, Буяндэлгэр, Ганчимэг нарын мэдүүлгээр “хохирогчийг 2-3 хүн зодсон” нь тогтоогдсон. Шинэтөр, Ганчимэг нар зодоон болох үед хохирогчийн хажууд байж болсон явдлыг харсан талаараа тогтвортой мэдүүлдэг. Эдгээр мэдүүлгүүд нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой баримтууд юм. Хохирогчийн мэдүүлгийг хууль бусаар авсан байж болзошгүй. Учир нь урьд мөрдөн байцаагч Энхтөр хохирогчийн эд зүйлийг хулгайд алдаагүй, буцаан авсан талаар худал мэдүүлэг авсан байдаг, мөн улсын яллагч хохирогчийг танд хууль сануулсан, та худал мэдүүлэг өгсөн эрүүгийн хариуцлагад татагдана гэж удаа дараа айлган сүрдүүлж байсан бөгөөд энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй боловч бичлэгээс тодорхой харагдана. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэгт төрсөн өдөр тэмдэглэж байсан хажуу ширээний хүмүүс бүгд зодооныг харж, салгаж байгаа нь харагдсаар байхад тэдгээрийг гэрчээр байцааж хэргийн талаар асууж тодруулалгүй, зөвхөн баарны ажилтан болох Чинзориг, Дэндэвсамбуудорж, Мягмарбаатар нарыг удаа дараа гэрчээр байцааж, тэдний мэдүүлэгт үндэслэн хэргийг шийдвэрлэлээ. Гэрчээр асуугдаагүй буюу төрсөн өдөр тэмдэглэж байсан гэх дээрх хүмүүсийн нэг нь баарны эзний хүүгийнх нь найз гэх бөгөөд тухайн зодооныг өөрийн гар утсан дээр бичиж авсныг мөрдөн байцаагч Энхтөр хуулж авсан байсан. Уг бичлэгт үзлэг хийж тэмдэглэл үйлдэн, түүнийг гэрчээр байцаана гэж байсан боловч тухайн ажиллагаануудыг огт хийгээгүй, бичлэг яасан нь тодорхойгүй байна. Гэрч Чинзориг, Дэндэвсамбуудорж, Мягмарбаатар нар нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа танхайрч, бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулж байсан талаар хавтаст хэрэгт авагдсан зөрчлийн тэмдэглэл байдаг. Хэрэгт авагдсан камерын бичлэг, тэмдэглэлд “... зодоон дууссаны дараа Өлзийсайхан дахин дахин Нямлхагва дээр очиж өшиглөж байгаа ...” үйлдэл болон зодооны талаар тодорхой харагддаггүй. Хохирогчийг 00 өрөө рүү Мягмарбаатар авч явсан нь түүний өөрийнх нь болон гэрч Чинзориг, Дэндэвсамбуудорж нарын мэдүүлгээр тогтоогддог. Хохирогч Э.Нямлхагва 00-ын өрөөнд өөрөө ухаан алдаж унасан уу, эсхүл бусдад зодуулж ухаангүй хэвтэж байсан уу гэдгийг болон эдгээр нөхцөл байдлаас түүний биед хүнд гэмтэл учирсан уу, Б.Өлзийсайханы үйлдлээс учирсан уу гэдгийг хөдөлбөргүй шалгаж тогтоогоогүй. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү ...” гэв.

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд: “... шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Б.Өлзийсайхан нь 2015 оны 10 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ви” бааранд хохирогч Э.Нямлхагватай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, толгойн тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримтыг хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн тогтоосон анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Б.Өлзийсайханы гэмт үйлдлийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, уг зүйл хэсэгт заасан хэмжээний дотор хорих ял оногдуулсныг давж заалдах шатны шүүх түүний ялтай байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, материаллаг хохирлоо төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ялын хэмжээг 3 жил 6 сар болгон хөнгөрүүлэн өөрчлөхдөө Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Б.Өлзийсайханы төрсөн өдрийг буруу бичсэн бичиглэлийн алдааг давж заалдах шатны шүүх залруулсныг тэмдэглэх нь зүйтэй.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, хэргийн үйл баримтыг шинээр тогтоож дүгнэлт хийх эрх хэмжээ хяналтын шатны шүүхэд хуулиар олгогдоогүй бөгөөд хэргийн материалыг бүхэлд нь хянахад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн нотлох баримт, ажиллагаанд тулгуурлан үйл баримтыг тогтоосон нөхцөл байдал тогтоогдоогүй тул “... Э.Нямлхагвыг 2-3 хүн зодсон. Хохирогчийг 00-ын өрөө рүү хамгаалагч Мягмарбаатар авч яваад зодсон байж болзошгүй ...” гэх сэжиг, таамаг бүхий гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Майбаярын “хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 742 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Өлзийсайханы өмгөөлөгч Ц.Майбаярын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                    ДАРГАЛАГЧ,

                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                       Т.УРАНЦЭЦЭГ

                    ШҮҮГЧ                                                                            Д.ГАНЗОРИГ