Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 00088

 

 

 

 

 

 

 

 

                            Д.Анхбаяр, Г.Болор-Эрдэнэ, Э.Эрдэнэсүх,

                                 Б.Хаянхярваа нарын нэхэмжлэлтэй

                                             иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 291 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Д.Анхбаяр, Г.Болор-Эрдэнэ, Э.Эрдэнэсүх, Б.Хаянхярваа нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдох

“Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон хөдөлмөрийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхболд, Б.Чинбат нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Ганзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаяр, нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Д.Анхбаяр нь 2015 оны 05 сарын 15-нд Эрдэнэт үйлдвэр ХХК-д баяжуулах фабрикийн засварын хэсэгт цахилгаан ба хийн гагнуурчнаар, Г.Болор-Эрдэнэ нь 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тус үйлдвэрийн баяжуулах фабрикийн засварын хэсэгт тоног төхөөрөмжийн засварчнаар, Э.Эрдэнэсүх нь 2015 оны 11 сард тус үйлдвэрийн баяжуулах фабрикийн засварын хэсэгт тоног төхөөрөмжийн засварчнаар, Б.Хаянхярваа нь 2003 онд Баяжуулах фабрикт засварын хэсэгт цахилгаан ба хийн гагнуурчнаар тус тус ажилд орсон.

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ерөнхий захирлын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/1783 тоот тушаалаар Г.Анхбаяр, Г.Болор-Эрдэнэ, Э.Эрдэнэсүх, Д.Хаянхярваа нарын хөдөлмөрийн гэрээг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Уг тушаалд НР-400 бутлуурын сольсон гуулин втулкийг хууль бусаар үйлдвэрээс авч гарч, завшин үрэгдүүлсэн, бусдад худалдахыг завдсан зэрэг хөдөлмөрийн гэрээгээр урьдчилан тохиролцсон ноцтой зөрчил гаргасан тул гэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь уг бутлуурын сольсон втулкийг 2016 оны 09 дүгээр сарын 16-23-ны өдрийн хооронд ажиллахгүй болж эвдэрсэн тул сольсон. Тоног төхөөрөмжийн жижиг эд ангийг солиход акт үйлддэггүй. Хуучин сэлбэг хэрэгслийг хадгалах нэгдсэн журам байхгүй бөгөөд хаягдал өнгөт төмрийг засвар механикийн заводод тушаадаг ба Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Энэ хэрэггүй болсон эд ангийг компани эд хөрөнгө гэж тооцож бүртгэдэггүй, бөгөөд Эрдэнэт үйлдвэр ХХК-д ямар нэгэн хохирол учраагүй, эрх ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагавар биш тул тус байгууллагын ерөнхий захирлын Б/1783 тоот тушаал нь үндэслэлгүй юм. Иймд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ерөнхий захирлын Б/1783 тоот тушаалаар үндэслэлгүй халагдсан тул Д.Анхбаяр, Б.Хаянхярваа нарыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ний баяжуулах фабрикийн засварын хэсгийн цахилгаан ба хийн гагнуурчины, Г.Болор-Эрдэнэ, Э.Эрдэнэсүх нарыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ний баяжуулах фабрикийн засварын хэсэгт тоног төхөөрөмжийн засварчин ажилд тус тус эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Эрдэнэт үйлдвэр ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбарлахдаа: Д.Анхбаяр, Г.Болор-Эрдэнэ, Э.Эрдэнэсүх, Б.Хаянхярваа, нар нь засварын хэсгийн багаж засварлах байранд хадгалагдаж байсан. Өөрөө нунтаглах хэсгийн HP-400 бутлуурын сольсон 58 кг 405 гр жинтэй гуулин втулкийг хавтгайлж тайрч, жижиглэн зохих зөвшөөрөлгүй, үйлдвэрээс авч гарч, завшиж үрэгдүүлсэн, бусдад худалдахыг задвсан зэрэг хөдөлмөрийн гэрээгээр урьдчилан тохиролцсон ноцтой зөрчил гаргасан тул ерөнхий захирлын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдаж ажлаас чөлөөлөгдсөн. Дээрх ажилтнуудын втулкийг хавтгайлж тайрч, жижиглэн зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар компаний үйлдвэрийн бүсээс хулгайлан авч гарч, завшин үрэгдүүлсэн, бусдад худалдахыг завдсан үйлдэл нь Орхон аймаг дахь цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтсийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн албан мэдэгдэл, цагдаагийн ажилтан Э.Цогтсайханы 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн захиргааны шийтгэл ногдуулах тухай шийдвэр, манай компаний баяжуулах үйлдвэрийн дарга Д.Эрдэнэцогтын захиргаа хүний нөөцийн хэлтсийн дарга О.Хонгорт явуулсан 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 11-936 дугаар албан бичиг, Д.Анхбаяр, Г.Болор-Эрдэнэ, Э.Эрдэнэсүх, Б.Хаянхярваа нарын баяжуулах үйлдвэрийн захиргаанд болон хууль эрх зүйн газрын дарга Д.Цэрэнбадамд бичсэн тайлбарууд зэргээр нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинбат шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Цагдаагийн байгууллага шалгасан байгаа. Мөн уг хаягдал төмөр нь 175 000 төгрөг байсан талаар шинжээчийн дүгнэлт гарсан. Тэгэхээр байгууллагыг хохиролгүй гэж үзэх боломжгүй юм. Үйлдвэрийн хэмжээнд байгаа хаягдал, тэдгээрийг хэрхэн ашиглах талаар журам байдаг. Нэхэмжлэгч нар нь үнэхээр сайн ажиллаж, урлаг спортын амжилт үзүүлж байсан байна, гэхдээ хулгайн үйлдэл нь буруу, эдгээр ажилчдын, ийм зүйлийг нуугаад аваад явчихдаг юм гэсэн сэдэл бусад ажилчдад нар төрүүлэх аюултай. Хууль бус байдлыг өөгшүүлэх байдал бий болгох учиргүй... гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 291 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Д.Анхбаяр, Б.Хаянхярваа нарыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ний баяжуулах фабрикийн засварын хэсгийн цахилгаан ба хийн гагнуурчны, Г.Болор-Эрдэнэ, Э.Эрдэнэсүх нарыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ний баяжуулах фабрикийн засварын хэсэгт тоног төхөөрөмжийн засварчны ажилд тус тус эгүүлэн тогтоож, Эрдэнэт үйлдвэр ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 3 447 404 төгрөгийг Э.Эрдэнэсүхэд, 5 396 378 төгрөгийг Б.Хаянхярваад, 4 142 592 төгрөгийг Д.Анхбаярт, 3 008 746 төгрөгийг гаргуулан Г.Болор-Эрдэнэд тус тус олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар Д.Анхбаяр, Б.Хаянхярваа, Г.Болор-Эрдэнэ, Э.Эрдэнэсүх нарын цалинтай тэнцэх олговор 15 995 120 төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг Эрдэнэт үйлдвэр ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-аас 237 926 төгрөг гаргуулж төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинбат, Н.Энхболд нар давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 291 дүгээр шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт: “Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийг ажилтанд ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгох нь хуульд нийцэх ба тухайн ажилтанд сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сар өнгөрсөн бол сахилгын шийтгэл оногдуулж болохгүй.

Б.Хаянхярваа, Д.Анхбаяр, Г.Болор-Эрдэнэ, Э.Эрдэнэсүх нарын гаргасан гэх зөрчлийг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Орхон аймгийн Цагдаагийн газрын Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн гэрээт цагдаагийн хэлтэс илрүүлэн шалгах ажиллагааг хийж, улмаар 2016.11.28-ны өдөр Захиргааны хариуцлагын тухай хуулийн 36 дугаар зүйлд зааснаар торгуулийн арга хэмжээ авсан болох нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн хэргийн 56-74 дүгээр хуудас дахь захиргааны арга хэмжээ авсан материал, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдсон.

Эрдэнэт үйлдвэр ХХК дэргэдээ гэрээт цагдаагийн хэлтэстэй, гэрээт цагдаагийн хэлтэс гэмт хэрэг, захиргааны зөрчлийг ирүүлсэн бол ажил олгогч нь шууд мэдэж байх ёстой, тухайн хэргийг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ажил олгогч хэзээ мэдсэн нь цагдаагийн байгууллага, компани хоёрын, тэдний хоорондын ажлын уялдаа холбооны асуудал гэж Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэж, шийдвэр гаргасан нь хууль ёсны бус, эрх зүйн үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэсэн заалтыг шүүгч шүүхийн шийдвэрийн үндэслэл болгожээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт ажил олгогч гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг ойлгохоор хуульчилжээ. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хувьд ажил олгогч нь компанийн Ерөнхий захирал байдаг. Ерөнхий захирал тухайн гарсан хэргийн талаар 2016.12.05-ны өдөр шуурхай зөвлөгөөн дээр мэдсэн байна.

Хэргийн 65 дугаар хуудас “Шинжээчийн дүгнэлт 2016.11.23-ны өдөр гарсан”, хэргийн 73 дугаар хуудас “2016.11.28-ны өдөр Захиргааны шийтгэл ногдуулах тухай шийдвэр” гаргасан зэргээс харахад цагдаагийн байгууллагын илрүүлсэн захиргааны хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа Захиргааны хариуцлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар 2016.11.28-ны өдөр дууссан байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.3.8 дахь хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа дууссаны дараа хэргийн бүх материалтай танилцах” гэж хохирогчийн эрхийг тодорхойлсон байдаг.

Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын материалыг гагцхүү прокурорын зөвшөөрснөөр, түүний бололцоотой гэж үзсэн хэмжээгээр нийтэд мэдэгдэж болно”, 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын бүх ажиллагааг хийж дууссан, хэргийг шийдвэрлэх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзвэл энэ тухай яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний өмгөөлөгч, төлөөлөгчид мэдэгдэж, тэмдэглэл үйлдэнэ” гэж заасан шаардлагын дагуу цагдаагийн байгууллага манай компанид 2016.12.05-ны өдөр албан мэдэгдлээр мэдэгдсэн. Хэргийн 49 дүгээр хуудсанд Гэрээт цагдаагийн хэлтсийн 2016.12.02-ны өдрийн 143 дугаар албан мэдэгдэл байгаа. Энэ албан мэдэгдлийг Эрдэнэт үйлдвэр ХХК хүлээн авснаар гарсан хулгайн хэргийн талаар мэдэж, гарсан хэргийн талаар ажилтнууд, албан тушаалтнуудаас тайлбар авч, гэрээт цагдаагийн хэлтэст албан бичгээр хандаж, захиргааны шийтгэл ногдуулах тухай шийдвэр, шийтгэврийн хуудас зэргийг авч танилцсан болно. Хэргийн материалд авагдсан нотлох баримтуудын огноо бодит байдлыг нотлох болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт “Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж болохоор хуульчилсан.

Баяжуулах үйлдвэрийн хэсгийн дарга нарын тайлбараар /хэргийн 109-110 дугаар хуудас/, тогтоосон.

Хэргийн 113 дугаар хуудсанд байгаа Зах зээл судалгааны хэлтсийн даргын 2016.12.21-ний өдрийн 127-78 дугаар албан бичгээр хулгайд алдагдсан эд зүйлийн зах зээлийн үнийг тогтоож, Эрдэнэт үйлдвэр ХХК-д учирсан хохирлыг тооцож, Баяжуулах үйлдвэрийн ажилтнууд болох Б.Хаянхярваа, Д.Анхбаяр, Г.Болор-Эрдэнэ, Э.Эрдэнэсүх нарын гаргасан зөрчлийг Хөдөлмөрийн ноцтой зөрчилд тооцсон.

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийг ажилтанд ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийн хэлбэрийг хуульд нийцүүлэн сонгох үүрэгтэй, Б.Хаянхярваа, Д.Анхбаяр, Г.Болор-Эрдэнэ, Э.Эрдэнэсүх нарын гаргасан зөрчлийг Цагдаагийн байгууллага шалган тогтоож, Эрдэнэт үйлдвэр ХХК-д 8 463 217 төгрөгийн хохирол учирсан тул Хөдөлмөрийн ноцтой зөрчилд тооцож хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Шүүгч шийдвэр гаргахдаа Хэргийн 163, 166, 168 дугаар хуудсанд байгаа нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн: “Эрдэнэт үйлдвэр ХХК-д гэрээт цагдаагийн байгууллага ажилладаг, цагдаагийн хэлтэс үйлдвэрийн районд байрладаг, эдгээр байгууллагуудын хэрхэн уялдаа холбоотой ажиллах нь өөрсдийнх нь асуудал гэсэн тайлбаруудыг өөрийн дотоод итгэл үнэмшил болгон, бодит байдлыг тогтоолгүй хэргийг шийдвэрлэсэн байна.

Шүүхийн шийдвэр гарсаны дараа 2017.03.17-ны өдөр шүүх хурлын тэмдэглэлтэй танилцах хүсэлт гаргахад шүүх хурлын тэмдэглэл хэргийн материалд байгаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1, 96.2 заасан журмыг шүүх зөрчиж шүүхийн шийдвэр гаргасан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд, тэдгээрийн цаг хугацаа, Эрүүгийн байцаан шийтгэх болон цагдаагийн албаны тухай хуулийн дээр дурьдагдсан заалтууд зэрэгт дүгнэлт хийхэд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал буюу ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэсэн заалтыг зөрчөөгүй болох нь тогтоогдож байна.

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 291 дүгээр шийдвэрийн үндэслэх хэсэг нь нотлох баримтад тулгуурлаагүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг баталсан, гэрээт цагдаагийн хэлтэс Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн бүтцийн нэгж, түүний удирдлагад байдаг, Эрдэнэт үйлдвэрийн гэрээт цагдаа гэсэн тодотголыг итгэл үнэмшил болгосон, цагдаагийн байгууллага гэмт хэрэг, захиргааны зөрчлийг илрүүлсэн бол Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн удирдлага, ажил олгогч мэдэж байх ёстой гэсэн байдлаар тодорхойлогдсон бөгөөд шүүхийн шийдвэр нь дээрх үндэслэх хэсэгт тулгуурласан байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дахь хэсэгт зааснаар Шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гарна гэсэнтэй зөрчилдөж байна.

Иймд Б.Хаянхярваа, Д.Анхбаяр, Г.Болор-Эрдэнэ, Э.Эрдэнэсүх нарын нэхэмжлэлтэй Эрдэнэт үйлдвэр ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 291 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Б.Хаянхярваа, Д.Анхбаяр, Г.Болор-Эрдэнэ, Э.Эрдэнэсүх нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Д.Анхбаяр, Г.Болор-Эрдэнэ, Б.Хаянхярваа, Э.Эрдэнэсүх нар тус компаний Баяжуулах фабрикийн засварын хэсгийн цахилгаан ба хийн гагнуурчин, засварчны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Д.Анхбаяр, Г.Болор-Эрдэнэ, Б.Хаянхярваа, Э.Эрдэнэсүх нар хариуцагч  компаний засварын хэсгийн багаж засварлах байранд хадгалагдаж байсан 58 кг 405 гр жинтэй гуулин втулкийг хавтгайлан тайрч жижиглэж зохих зөвшөөрөлгүйгээр үйлдвэрийн бүсээс гаргасан, бусдад худалдахыг завдсан зөрчил гаргасныг 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр илрүүлсэн болох нь хэрэгт авагдсан Орхон аймгийн Цагдаагийн газрын Эрдэнэт үйлдвэр ХХКомпаний гэрээт цагдаагийн хэлтсээс эд зүйлд үзлэг хийсэн болон хураан авсан тухай тэмдэглэл, нэхэмжлэгч нараас авсан тайлбар болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон ба шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Ажил олгогч нэхэмжлэгч Д.Анхбаяр, Г.Болор-Эрдэнэ, Э.Эрдэнэсүх, Б.Хаянхярваа нарыг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлийг зааж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэхь зохицуулалтыг баримтлан 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн  №Б/1783 дугаар тушаалаар ажилтан нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, гагнуурчин, засварчний үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө хуулиар тогтоосон хугацаанд сахилгын шийтгэл ногдуулах журамтай.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нарын гаргасан сахилгын зөрчлийг 2016 оны 11 дүгээр сарын 4-ны өдөр илрүүлсэн ба хуульд заасан хугацаанд сахилгын шийтгэл ногдуулаагүй өөрөөр хэлбэл 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр сахилгын арга хэмжээ авсан нь хуулийн уг зохицуулалтанд нийцэхгүй юм.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “... нэхэмжлэгч нарын гаргасан зөрчлийг тус үйлдвэрийн дэргэдэх Цагдаагийн хэлтсээс 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдөр мэдэгдсэн ба хуулинд заасан хугацаанд сахилгын арга хэмжээ авсан, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсоэн эрхийг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих  хуулийг зөв тайлбарлан  хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 291 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237.925 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.УРАНЧИМЭГ

 

                                           ШҮҮГЧИД                               Б.БАТТӨР

                                                                                           Б.ОЮУНЦЭЦЭГ