Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2018/01552

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2018/00627 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1320 дугаар магадлалтай,

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“М” ХХК-д холбогдох,

99105990, 99104838, 99055464 дугаарын лизингийг төлбөрийг 2.211.750 төгрөгөөр тогтоолгох тухай үндсэн,

гар утасны төлбөрт нийт 3.376.741 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Чинхүүний гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Ууганбаяр, хариуцагчийн төлөөлөгч Ш.Чинхүүн, Ц.Ариунболд, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч “Г” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр “М” ХХК-тай Үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний гэрээ байгуулан 9910-5990, 9910-4838, 9905-5464 дугааруудыг тогтмол ашиглаж ирсэн. Компани дээрх дугаар дээр 3 удаа нийт 8 гар утас лизингээр авч гэрээнд заасны дагуу төлбөрийг төлж ирсэн боловч 2016 оны 5 дугаар сарын 23-нд байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэл 2016 оны 11 дүгээр сараас доголдож 2016 оны 11 дүгээр сар, 2016 оны 12 дугаар сар, 2017 оны 01 дүгээр сарын хэрэглээний болон лизингийн төлбөр 887,910 төгрөгийг хугацаа хэтрүүлэн 2017 оны 5 дугаар сарын 16-нд төлсөн. Тухайн асуудлаар харилцагчийн менежер, ахлах менежертэй зөвшилцөхөөр удаа дараа оролдсон боловч Гар утас төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээний 2.5 дахь заалтыг барьж Гар утасны лизингийн төлбөрийг үндсэн үнээр тооцож 3,376,742 төгрөгийн төлбөрийг бөөнөөр нь төлөхөөс нааш үйлчилгээ үзүүлэхгүй гэж давуу байдлаа ашиглан гэрээгээ дангаар цуцлаад байна. Манай компани анх тухайн гар утсыг худалдан авахад олон удаа лизингээр гар утас авсан тул хөнгөлөлттэй үнэ санал болгосны дагуу Самсунг Галакси Эс7 эдже, Ай-фонө бэс розегоулд 64 гигабайт болон Ай-фоне бэс гоулд 16 гигабайт утсыг лизингээр авсан. Иймд хөнгөлөлттэй үнээр нь тооцож лизингийн төлбөрт 2.211.750 төгрөг төлөх хүсэлт гаргасан боловч огт хүлээж аваагүй. Иймд нэхэмжлэгчийн хэрэглээний төлбөрийн үлдэгдэлгүй дараа төлбөрт 9910-5990, 9910-4838, 9905-5464 дугааруудын лизингийн үлдэгдэл төлбөрийг 2.211.750 төгрөгөөр тогтоож өгнө үү.

Дээрх дугааруудыг “Г” ХХК-ийн нэр дээр буцаан шилжүүлэх шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.        

Хариуцагч “М” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компанийн зүгээс 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгч нь дээрх дугаарууд дээр хөнгөлөлттэй үнээр “Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ”-г байгуулан 3 ширхэг гар утас худалдан авсан боловч гэрээний үүргээ гүйцэтгээгүй тул 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр “Г” ХХК-д албан тоот хүргүүлсэн. Одоогийн байдлаар нэхэмжлэгчийн төлөөгүй үлдэгдэл төлбөр эцсийн байдлаар 3.376.741 төгрөг байгаа бөгөөд одоог хүртэл төлөлгүй манай байгууллагыг хохироосоор байна. Иймд шүүхийн зүгээс манай байгууллагад холбогдуулан гаргасан үндэслэлгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “М” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай “Үйлчилгээний нөхцөл“-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 20171591 тоот гэрээ байгуулан 9910-5990, 9910-4838, 9905-5464 дугааруудтай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн “Гар утас, төхөөрөмж худалдах худалдан авах нэмэлт гэрээ" байгуулан Iрhоnе 6S Gold /16GВ/, Iphonе 6S Rose Gold /64GB/, Samsung Galaxy S7 /EDGE/ утаснуудыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагчийн төлбөрөөс барьцаа 230,000 төгрөгийг буцаасан болно. Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утаснуудын төлбөрт нийт 3.376.741 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Г” ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн анх санал болгосон Iрhоnе 6S Gold, Iphonе 6S Rose Gold, Samsung Galaxy S7 /EDGE/ утаснуудыг хөнгөлөлттэй нөхцөлөөр тодорхой хэмжээний урьдчилгаа төлбөр /428,000 төгрөг/ төлж гэрээгээр худалдаж авсан. Мөн 9910-4838, 9910-5990, 9905-5464 дараа төлбөрт дугаарууд нь одоогоор хэрэглээний ямар нэг үлдэгдэл төлбөргүй бөгөөд ямар нэгэн анхааруулах хуудас ирүүлээгүй болно. Мөн Гар утас, төхөөрөмж худалдан авах болон дараа төлбөрт багцын үйлчилгээ үзүүлэх гэрээний зүйл заалт нь хэрэглэгчийн эрх ашгийг хохироосон, үйлчилгээ үзүүлэгчид давуу байдал олгосон тэгш бус гэрээ /Иргэний хуулийн 189.4 дүгээр заалт/ гэж үзэж байна гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2018/00627 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д заасныг тус тус баримтлан 99105990, 99104838, 99055464 дугаар дээрх лизингийн төлбөрийг 2.211.750 төгрөгөөр тогтоолгох “Г” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утаснуудын төлбөрт нийт 3.376.741 төгрөгийг “Г” ХХК-аас гаргуулж “М” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан 99105990, 99104838, 99055464 дараа төлбөрт дугааруудыг “Г” ХХК-ийн нэр дээр буцаан шилжүүлэх шаардлагаасаа “Г” ХХК татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Г” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120.540 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68.978 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 68.978 төгрөг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1320 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ний өдрийн 182/ШШ2018/00627 дугаар шийдвэрийн, тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсгийн баримтлан 9910-5990, 9910-4838, 9905-5464 дугаар дээрх лизингийн төлбөрийг 2.211.750 төгрөгөөр тогтоолгох Г ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Г ХХК-иас нийт 2.211.750 төгрөгийг гаргуулж хариуцагч М ХХК-д олгосугай” гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 3 дах заалтыг “68.978” гэснийг “50.338” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 50.340 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Чинхүүн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дүгээр сарын 08-ны өдрийн 1320 тоот магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Талуудын хооронд харилцан тохиролцсоны үндсэн дээр 2011 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 20171591 тоот дугаартай “Үүрэн холбооны дараа төлбөрт болон хосолсон төлбөрт үйлчилгээний гар утас төхөөрөмжтэй багцын гэрээ” байгуулсан. Гэтэл “Грийн сутунь” ХХК-ийн зүгээс гар утас хугацаатай лизингээр худалдан авах хүсэлт гаргасны дагуу 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 3 төрлийн гар утсыг “М” ХХК-тай 20171591 тоот дугаартай “Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ” байгуулан хөнгөлөлттэй нөхцөлтэйгөөр зээлээр худалдан авсан. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс талуудын хооронд байгуулагдсан 20171591 тоот дугаартай гэрээ нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасны дагуу хариуцагч нь гэрээгээр нэхэмжлэгчид гар утас, дугаарыг шилжүүлэх, нэхэмжлэгч нь гэрээнд заагдсан нөхцлийн дагуу үнийг хариуцагчид төлөх үүргийг тус тус хүлээсэн гэсэн зөв дүгнэлт гаргаж, үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Тухайлбал “Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ”-ний Ерөнхий зүйл гэсэн хэсгийн 1.2-т “Үндсэн үнэ гэж Хөнгөлөлт тооцогдоогүй гар утасны үндсэн үнийн дүнг хэлнэ.” мөн гэрээний 1.3 дахь хэсэгт “Хөнгөлөлттэй үнэ гэж Энэхүү гэрээний дагуу хэрэглэгчид санал болгож буй хөнгөлөлттэй үнийн дүнг хэлнэ. ” гэж т0дорх°й тусгаснаас гадна Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.3.2-т “...Нөгөө тал нь дээрх нөхцөлтэй танилцах боломжтой байсан бөгөөд уг нөхцөлийг зөвшөөрсөн бол...” гэж зааснаар “Г” ХХК нь “М” ХХК-иас гар утас зээлээр авах хүсэлт гаргасны дагуу гэрээний заалтуудтай нэг бүрчлэн танилцан хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т зааснаар талууд “Гар утас, төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээ”-г байгуулсан бөгөөд уг гэрээгээр “Г” ХХК нь гар утаснуудыг хөнгөлөлттэй үнээр зээлээр худалдан авч байгаа бөгөөд хэрэв нэхэмжлэгч сар бүрийн зээлийн төлбөрийг 2 сараас их хугацаагаар төлөөгүй тохиолдолд гэрээний 3.2-т заасны дагуу үндсэн үнээр нэхэмжлэх эрхтэй гэсэн бөгөөд талууд уг нөхцөлийг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцож гэрээг байгуулсан. Түүнчлэн “М” ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ хавсарган өгсөн харилцагчийн тооцоог хөтөлдөг Харилцагчийн гүйлгээ бүхий баримтыг сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн нотлохгүй гэж үзсэн нь Нийслэлийн иргэний хэргийн анхан шатны шүүх ИХШХШТХуулийн 40.2-т заасныг баримтлалгүй хэт нэг талыг барьж үндэслэлгүй магадлал гаргасан нь илэрхий байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн 00627 тоот шийдвэрийг хэвээр үлдээж, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дүгээр сарын 08-ны өдрийн1320 тоот магадлалын зарим хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан 99105990, 99104838, 99055464 дугаарын лизингийн төлбөрийг 2.211.750 төгрөгөөр тогтоолгох нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, гар утасны төхөөрөмжийн төлбөрт 3.376.741 төгрөг шаардаж сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Зохигчийн хооронд байгуулагдсан үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний болон үүрэн телефон холбооны дараа төлбөрт болон хосолсон төлбөрт үйлчилгээний гар утас, төхөөрөмжтэй багцын гэрээгээр нэхэмжлэгч нь 9910-5990, 9910-4838, 9905-5464 дугаарыг эзэмших, гар утас, төхөөрөмж худалдан авахаар харилцан тохиролцсон нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Дээрх гэрээгээр хариуцагч гар утасны төхөөрөмжийг нэхэмжлэгчид шилжүүлэх, нэхэмжлэгч төхөөрөмжийн үнийг сар бүр хэсэгчлэн төлөхөөр тохирсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.-т заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангахдаа үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

Хариуцагч Iрhоnе 6S Gold 16GB, Iphonе 6S Rose Gold 64GB, Samsung Galaxy S7 EDGE утаснуудын төхөөрөмжийг нэхэмжлэгчид худалдахдаа үндсэн ба хөнгөлөлттэй гэсэн 2 үнийг гэрээнд тусгажээ.

Хариуцагч үйлчилгээний төлбөр шаардаагүй, харин гар утасны төхөөрөмжийг үндсэн үнээр тооцож нэхэмжилснийг нэхэмжлэгч эс зөвшөөрчээ.

Гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэнэ.

Гар утасны төхөөрөмжийг зээлээр худалдсан тохиолдолд худалдагч эд зүйлийн үнийг гэрээнд тодорхой тусгасан байх шаардлагатай боловч гэрээнд 2 төрлийн үнэ тусгагджээ.

Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1.-т стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана гэж заасан.

Давж заалдах шатны шүүх дээрх заалтыг үндэслэн гар утасны төхөөрөмжийг хөнгөлөлттэй үнээр тооцож сөрөг нэхэмжлэлээс 2.211.750 төгрөгийн шаардлагыг хангасныг буруутгах үндэслэлгүй боловч сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулжээ.

Түүнчлэн сөрөг нэхэмжлэлийг хангасан хэмжээгээр үндсэн нэхэмжлэл хангагдаж байгааг давж заалдах шатны шүүх анхаараагүйгээс магадлалын тогтоох хэсгийг ойлгомжгүй тодорхойлжээ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалд найруулгын өөрчлөлт оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1320 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.-т заасныг баримтлан “Г” ХХК-иас 2.211.750 төгрөг гаргуулж “М” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 1.164.991 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Чинхүүний гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 32.510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ