Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 288

 

                                                                     

 

 

 

 

 

                                                       

А.А, С.Б нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Н.Батсайхан, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Х.Ням-Эрдэнэ,

шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Л.Ононбаяр,

шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Б.Нармандах,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч А.Аын гаргасан давж заалдах гомдлоор А.А, С.Б нарт холбогдох эрүүгийн 201725011409 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Боржигин овогт Алтангэрэлийн А, 1979 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 38 настай эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер, эрх зүйч мэргэжилтэй, "Отгон тэнгэрийн өвөр” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Хан-Уул дүүргийн  тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ИЮ/,

 

2. Тайж овогт Санжаасүрэнгийн Б, 1987 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хэв журам хамгаалах газрын харуулын цагдаа ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн  тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:/,

А.А нь 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 04.30 цагийн орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Вьетнам улсын элчин сайдын яамны харуулын пост дээр Цагдаагийн ерөнхий газрын харьяа Нийтийн хэв журам хамгаалах газрын Хамгаалалтын газрын Дипломат байгууллагын хэлтсийн харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч С.Быг албан үүргээ гүйцэтгэж байхад нь “шалгуулах гэсэн хүнийг шалгасангүй” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас түүнийг цохиж, улмаар харилцан зодолдсоны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,

С.Б нь нь 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 04.30 цагийн орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Вьетнам улсын элчин сайдын яамны харуулын постны хажууд А.Атай хувийн таарамжгүй харьцааны улмаас харилцан зодолдож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруусан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: А.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, С.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос С.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчилж, Тайж овогт Санжаасүрэнгийн Быг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Боржигин овогт Алтангэрэлийн Аыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Аыг 2700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Аыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Ат оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн А.Аын нийт эдлэх торгох ялыг 3.150 нэгж буюу 3.150.000 төгрөгийн торгох ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Ат оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 1 жил 6 сарын дотор хэсэгчлэн төлөхийг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.А нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар тооцож сольж болохыг сануулж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүжпэгдэн ирсэн хөрөнгөгүй, А.А, С.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, С.Б бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, С.Б нь өөрт учирсан хохирол болон эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс /А.А/ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А, С.Б нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

                                               

Шүүгдэгч А.А гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Баянзүрх дүүрийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Хэргийн талаар нотолвол зохих байдлыг бүрэн гүйцэд тогтоосонгүй талаар санал хүсэлтээ урьдчилсан хэлэлцүүлгээс эхлэн тавьсаар байхад хэрэгсэлгүй шүүхэд шилжүүлсэн.

2. Уг урьдчилсан хэлэлцүүлгээр мөрдөн шалгах ажиллагаа хангалтгүй хийгдсэн тул нэмж хийлгэх шаардлагатай талаар үндэслэл бүхий хүсэлтээ тавьсан. Прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр миний бие хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан ...харьцаагүй, харин ч зөв шаардлага тавьж байгаад хэлмэгдсэн. Энэ Б гэгч нь хууль сахиулагч биш.

3. Ажил үүргийн хуваарийг хавтаст хэрэгт авсангүй. Алтаншагайгийн мэдүүлэг дотор энэ тухай тодорхой дурдсан. А.А нь Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн субъект биш.

4. Бын гэмтлийн зэрэг хүндэвтэр гэсэн 2 удаагийн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, 5 эмчийн бүрэлдэхүүнтэй дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай байсан.

5. Зүйлчлэл буруу байна гэж манай өмгөөлөгчийн гаргасан удаа, дараагийн хүсэлтийг хэрэгсээгүй, А.А миний үйлдэл аргагүй хамгаалалтын хүрээнд хийгдсэн.

6. Зарим этгээдийг олж гэрчээр мэдүүлэг авах, цагдаагийн хуурамч үнэмлэхтэй явсан өвөр монгол залуу, 2 эмэгтэй нарыг олж байцаалт авах зэрэг нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр дахин мөрдөн байцаалтад буцаахыг хүссэн хүсэлтийг ч анхааралдаа авсангүй.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч А.Аын өмгөөлөгч Л.Ононбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би энэ хугацаанд шүүхийн шат болгонд нэг л хүсэлт тавьж байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан” гэж ял сонсгож байгаа юм. Гэтэл С.Б нь элчин сайдын яамны газрын гадна талын хамгаалагч шүү дээ. Тэгээд ч албан үүргээ гүйцэтгэж байгаатай нь холбогдуулан энэ хүн очиж янз бүрийн байдлаар контакт үүсгээгүй. Би А.Аын хэлсэн үгэнд итгэж байгаа бөгөөд зөв шаардлага тавьсан гэж бодож байна. Ер нь бол үйл явдал нь “хоёр хүнийг дайлсан. Нэгийг нь гэрт нь хүргэж өгөөд нөгөө хүнийг нь авах гээд очсон чинь өөрсдийнхөө урьдах төлбөрөө төлүүлнэ гэсэн байгаа юм. Тэгэхээр тийм зүйл байхгүй гэж А.А хэлтэл цагдаагийн тэмдэг үзүүлээд “би цагдаагийн хүн чи мөнгө төлнө” гэсэн байгаа юм. Тэгээд “үгүй” гэж хэлээд маргалдаад хэрэг болсон газарт цуг очиход С.Б нь гарч ирээд нөгөө хүмүүсийг явуулаад А.Аын биед халдсан” гэх ийм үйлдэл болсон. Гэмтэл бол харилцан гэмтэл учирсан үүнийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтаар зүйлчилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй...” гэв.

 

Шүүгдэгч С.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би цагдаагийн албан хаагч, хууль сахиулагч албан үүргээ биелүүлж байсан. Надад гомдолтой байна. Шүүх үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

 Шүүгдэгч С.Бын өмгөөлөгч Б.Нармандах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А.Аын биед хийсэн шинжээчийн дүгнэлтийн он, сар нь хэрэг болсон он, сартай зөрдөг буюу хэрэг болсон он, сар, өдрөөс өмнөх шинжээчийн дүгнэлт байдаг. Тэгэхлээр энэ гэмтлүүдийг С.Б учруулсан юм уу гэдэг нь эргэлзээтэй. Мөн шүүгдэгч А.А нь шүүгдэгч С.Бд учруулсан гэм хор арилаагүй байхад анхан шатны шүүхээс А.Ат оногдуулсан ял хөнгөн оногдсон гэж үзэж байна. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй...” гэв.

 

Прокурор Х.Ням-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...С.Б нь хууль сахиулагч биш, цагдаагийн алба хаагч биш гэж гомдолдоо дурдсан байна. Цагдаагийн алба хаагчийн үүрэгт нь Вьетнам элчин сайдын газарт ажиллаж байгаа хүмүүс хамт ороод явдаг. Мөн хавтаст хэрэгт авагдсан С.Бын өөрийнх нь ажилд томилогдсон тушаал болон алба хаагчийн үнэмлэх зэргээр нь цагдаагийн алба хаагч мөн гэдэг нь тогтоогдсон. Өмгөөлөгчийн зүгээс зүйлчлэл буруу гэж ярьсан. Тухайн алба хаагчийг үүргээ гүйцэтгэж байхад нь А.А нь ирж хэрэг болсон үйл явдлыг үүсгэж дээрх гэмт хэрэг болох шалтгаан нөхцөл гарсан. Цагдаагийн алба хаагч хүнд дээрх хүмүүсийг шалгуулах гэж ирж байсан гэх өөрсдийнх нь яриаг үгүйсгэж байгаа юм. Өмгөөлөгчийн ярьсан зүйл нь “Вьетнам элчин сайдын газрын пост дээр ирж цагдаагийн албан хаагчаас тусламж гуйж ирсэн” гэж байгаа боловч одоогийн мэдүүлэгт нь цагдаагийн алба хаагч биш мэтээр яриад байгаа юм. Тэгэхээр зүйлчлэл тохирсон гэж үзэж байна. Мөн хятад хоёр хүн байсан. Түүнийг шалгаагүй гэж яригдсан асуудал нь хэрэг болохоос өмнө дээрх хүмүүс яваад өгсөн бөгөөд хэрэгт шалгаж асуух нь ач холбогдолгүй юм. Тийм учраас шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд А.А, С.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 87 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39. 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан шаардлагыг хангаагүй байна.

 

1. Баянзүрх дүүргийн прокурорын газраас А.Аыг 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 04.30 цагийн орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Вьетнам улсын элчин сайдын яамны харуулын пост дээр Цагдаагийн ерөнхий газрын харьяа Нийтийн хэв журам хамгаалах газрын Хамгаалалтын газрын Дипломат байгууллагын хэлтсийн харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч С.Быг албан үүргээ гүйцэтгэж байхад нь “шалгуулах гэсэн хүнийг шалгасангүй” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас түүнийг цохиж, улмаар харилцан зодолдсоны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт буруутгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, харин С.Быг 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 04.30 цагийн орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Вьетнам улсын элчин сайдын яамны харуулын постны хажууд А.Атай хувийн таарамжгүй харьцааны улмаас харилцан зодолдож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруусан гэмт хэрэгт буруутгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар А.А, С.Б нарт холбогдох эрүүгийн хэрэгт нотолбол зохих байдлуудыг мөрдөн байцаалтын явцад бүрэн шалгаж тодруулаагүй байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзвэл:

Шүүгдэгч С.Бын: “...Тэгээд би пост руугаа алхахад хойноос “хөөе цагдаа” гэхээр нь эргээд харахад миний нүүр лүү 5-6 удаа цохиод намайг бариад авсан. Би ноцолдож байгаад тавиулсан. Тэгсэн А.А нь замын урагшаа гаргаад гүйсэн бөгөөд би араас нь хөөгөөд очсон бөгөөд Жулия төв рүү орсон. Би араас нь ороод нэг давхарт байхад нь бариад авсан юм...” /хх-ийн 11-12/, “...барьж авах болсон шалтгаан нь гавлах зорилготой байсан гэтэл тэр доошоо суусан. Түүнээс биш бид хоёр барилцаж хашаа руу унасан асуудалгүй. Хашаанаас 2-3 метр байсан ба тэнд таксины жолооч нар ирж салгасан асуудал байхгүй, хүн ирээгүй. ...А.Аын хэлсэн шиг шанаа руу нь цохих, бүдүүн гуя руу нь болон бэлэг эрхтэн рүү нь өшиглөсөн асуудал байхгүй, намайг гүтгэж байна...” /хх-ийн 122-123/, шүүгдэгч А.Аын “...тэгээд би нөгөө цагдаадаа машиных нь дугаарыг бичээд аваач, та ингэж болохгүй шүү дээ, гадаадын иргэн манай монголын цагдаагийн читоныг аваад явж байна шүү дээ цагдаа дуудаад шалгуулаад өгөөч гэж дахин хэлсэн. Тэгсэн чинь цагдаа “чамайг өөрийг чинь цагдаад өгнө” гээд намайг бариад авахаар нь би барицалдаад зууралдаж байгаад хашаа руу хамт унасан. Ингэж байхад таксины жолооч “боль” гээд салгаж байсныг санаж байна. Босоод ирсэн чинь цагдаагийн нүүр нь цус болсон байсан, яг хаанаас нь цус гарсаныг мэдэхгүй. Ингээд зууралдаж байгаа салцгаагаад нөгөө цагдаад хандаж “дуудлагын цагдаа дуудаад өгөө, би өөрийгөө шалгуулъя” гээд постных нь үүдэнд сууж байгаад Амарзаяа ахыг гэрлүү нь явуулж өгөх гэж Жулья руу явсан. Амарзаяа ахыг Жульягаас аваад таксинд суулгаж өгөх гээд ирчихсэн байсан чинь хэв журмын цагдаа нар араас орж ирээд барьж аваад Сүхбаатар дүүргийн эрүүлжүүлэх байр луу аваад явсан. ...Цагдааг цохисоноо мэдэхгүй байна. Цагдаа залуу намайг “өөрийг чинь цагдаад шалгуулна” гээд цамцаар хоолой боосон. Мөн зүүн гараараа хоолой боочихоод баруун гараараа баруун шанаа руу цохисон. Хөлийн бүдүүн гуя болон бэлэг эрхтэн рүү өшиглөсөн. /хх-ийн 33-35/, “...тэгэхээр нь та яагаад намайг ингэж байгаа юм бэ гээд ухартал бид хоёр элчин сайдын яамны хашаа руу унасан. Тухайн үед амьсгал боогдож, ухаан балартсан. Тэгээд босоод ирэхэд Бын нүүрнээс цус гарсан байсан. ...Цохисон зүйл байхгүй боож байсан учраас гартай нь ноцолдож байсан ба арагшаа унахад юунд гэмтсэнийг би мэдэхгүй байна...” /хх-ийн 78-80, 119-120/ зэрэг мэдүүлгүүд авагджээ.

 

Дээрх мэдүүлгүүдийг харьцуулан дүгнэж үзвэл шүүгдэгч А.А, С.Б нар нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлын талаар харилцан зөрүүтэй эсрэг мэдүүлэг өгсөн байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд зааснаар мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлуудыг нэг бүрчлэн хянаагүй, уг үүргээ бүрэн биелүүлээгүй гэж үзнэ.

 

Түүнчлэн анхан шатны шүүхийн дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлийг шийтгэх тогтоолдоо заавал заах ёстой. Гэтэл шүүгдэгч нар гэмт хэрэг гарсан байдлыг өөр өөр мэдүүлсэн байхад нөгөөг нь няцаасан үндэслэлээ шийтгэх тогтоолдоо заагаагүй байна.

 

Шүүгдэгч  А.А, С.Б нарт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтын гэмт “гэмт хэрэг гарсан байдал”, мөн 1.3 дахь заалтын “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр” зэргийг мөрдөн байцаалтын явцад шалгаж тодруулах шаардлагатай.

 

2. Шүүгдэгч А.Аын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5552 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 101/ 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр буюу гэмт хэрэг гарснаас хойш 8 хоногийн дараа гаргасан байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч А.Аын биед “тархи доргилт, зүүн гуя, баруун хөмсөг, зүүн хацрын цус хуралт” гэмтэл тогтоогдсон ба уг гэмтлүүд нь гэмт хэрэг гарсан цаг хугацаанд учирсан байх боломжтой эсэхийг шалгаж тогтоогоогүй байна.

Түүнчлэн тухайн гэмт хэрэг гарсан хэрэг учирлын газарт очсон дуудлагын цагдаа очсоны дараа шүүгдэгч А.Аыг Сүхбаатар дүүргийн эрүүлжүүлэх байранд оруулсан талаар мэдүүлдэг ба түүнийг эрүүлжүүлсэн бол А.Аын биед үзлэг хийсэн эсэх, үзлэг хийсэн тохиолдолд үзлэгийн тэмдэглэл үйлдсэн болох, мөн түүний эрүүл мэндэд хохирол учирсан байсан эсэхийг холбогдох этгээдүүдээс мэдүүлэг авч нэг мөр шалгаж тогтоох шаардлагатай.

Энэ нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн болон Эрүүгийн хуулийн зорилго, зарчимд нийцэх юм.

 

3. А.А, С.Б нарт холбогдох эрүүгийн хэрэг нь 2002 оны Эрүүгийн хууль мөрдөгдөж байх цаг хугацаанд гарсан байна.

 

Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

 

Буцаан хэрэглэх шинжийг агуулж байгаа буй эрх зүйн байдлыг хөнгөрүүлсэн илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй, хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх зүйн байдлыг ямарваа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг учир Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх талаар үндэслэлтэй дүгнэлт хийх ёстой.

 

Дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч А.А, С.Б нарт холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбоотойгоор шүүгдэгч А.Аын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлийг энэ удаа хянан шийдвэрлээгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь: