Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2022/0355

 

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2022/0355

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   “Гп” ХХК-ийн нэхэмжлэлтэй 

    захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “Гп” ХХК

Хариуцагч Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/46 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 194 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А,

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох

Хэргийн индекс: 128/2022/0001/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Гп” ХХК-иас Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Бд холбогдуулан “Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/46 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 194 дүгээр шийдвэрээр: 

“...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 52 дугаар зүйлийн 52.1.3, 521.2, 521.2.1, 521.3-д заасныг баримтлан Гп ХХК-иас Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Бд холбогдуулан гаргасан Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/46 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.Хэргийн нөхцөл байдал, нотлох баримтыг буруу үнэлсэн тухайд:

Шүүхээс нэхэмжлэлд тусгагдсан “Хяналт шалгалтын хугацаанд гаргасан гомдлыг хүлээн аваагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д зааснаар “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны явцад өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар гаргасан тайлбар болон өргөдөл, гомдлыг хүлээж авахаас захиргааны байгууллага татгалзаж болохгүй” гэснийг зөрчиж хяналт шалгалтын хугацаанд гаргасан гомдлыг хүлээн аваагүй нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т “Хяналт шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэх тайлбар үндэслэлгүй, энэ нь нотлох баримтаар тогтоогдоогүй” гэж нотлох баримтыг буруу үнэлсэнд гомдолтой байна. Маргаан бүхий актыг гаргах явцад хариуцагчийн зүгээс биднээс ямар нэгэн нотлох баримтыг шаардаагүй, хүсэлт хүлээн аваагүй, шийдвэрлээгүй тул хэрэгт нотлох баримт байхгүй байгаа. Хэрэв хүлээн авч шийдвэрлэсэн бол энэ тухай баримт цугларч нотлох баримтаар тогтоогдоно. Нөгөөтээгүүр нотлох баримт байхгүй байгаа нь тухайн хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан нөхцөл байдлыг тогтоох нотлох баримт болно.

Улсын байцаагч бодит нөхцөл байдлыг огт тогтоогоогүй, зөвхөн Худалдан авах ажиллагааны алба, Шинжлэх ухаан, технологийн их сургуулиас ирүүлсэн лавлагаа, албан бичгийг дахин авснаас өөр ямар нэгэн ажиллагаа хийгээгүй, түүнчлэн нэхэмжлэгчид учирсан бодит байдлыг тогтоох ямар ч оролдлого хийгээгүй. Хуулиар хүлээсэн үүрэг болох улсын байцаагчийн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасны дагуу ямар нэгэн арга хэмжээ аваагүй, ийнхүү аваагүй шалтгаан нь хянан шалгаж байгаа зөрчил нь гэмт хэргийн шинжийг агуулсан хэдий ч хуулийн этгээдийн хувьд тус хуурамч баримт бичгийг үйлдээгүй юм байна хэмээн нөхцөл байдлыг ямар ч нотлох баримтад үндэслэхгүйгээр өөрийн үзэмжээр тогтоон хяналт шалгалтыг үргэлжлүүлж маргаан бүхий дүгнэлтийг гаргасан, өөрөөр хэлбэл чухам ямар зөрчил үйлдсэн эсэхийг тогтоосон талаарх баримт байхгүй байна. Нотлох баримтаар тогтоогдох үндсэн асуудал нь улсын байцаагч хэрхэн, яаж бодит нөхцөл байдлыг тогтоосон тухай үйл баримт юм. Харин дээрх хийгдвэл зохих ажиллагаа хийгдээгүй тул энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, иймд шүүхээс хэргийн нөхцөл байдал, нотлох баримтыг буруу үнэлсэнд гомдолтой байна.

3.2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүргээ” бүрэн хэрэгжүүлээгүй тухайд:

Хариуцагч “Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн “Журам батлах тухай” 255 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам”-ын 7 дугаар зүйлийн 7.4-т заасны дагуу “Тендерт оролцогч өөрийн ирүүлсэн тендер, түүнд хавсаргасан аливаа баримт бичгийн үнэн зөв эсэхийг нягтлах, алдаатай тохиолдолд тендер хүлээж авах эцсийн хугацаанаас өмнө залруулах үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүйтэй холбоотой хариуцлагыг дангаар хүлээдэг” гэснийг дүгнэлтдээ баримталсан тул бичиг баримтыг хуурамч гэдгээс өөр ямар ч нөхцөл байдлыг тогтоохгүй, тогтоох шаардлагагүй” гэж тайлбарладаг.

Гэтэл бодит нөхцөл байдал дээр бүх зүйл эсрэгээр байдаг нь хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогддог. Өөрөөр хэлбэл “Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагч С.Наранцогтын 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн “Хяналт шалгалт хийх тухай” УБ/04 дүгээр худалдан авах ажиллагааны хяналт шалгалтын удирдамж батлагдсан тул 46 хуулийн этгээдэд хяналт шалгалт хийсэн тухай хэлдэг бөгөөд үүнээс 20 гаран байгууллагад холбогдох хэргийг хар жагсаалтад бүртгэхгүй байх дүгнэлт гарган хүргүүлсэн” гэх тайлбарыг гаргадаг, гэвч илт худал мэдээлэл бүхий 46 орчим байгууллага хяналт шалгалтад орсноос 20 байгууллагын бодит нөхцөл байдлыг тогтоож хар жагсаалтад оруулахгүй байх дүгнэлтийг гаргасан байна. Товчхондоо Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасны дагуу улсын байцаагч шалгуулагч этгээдэд тэгш хандах зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. 

Түүнчлэн хариуцагчийн тайлбарт “Худалдан авах ажиллагааны албанаас илрүүлэн хүргүүлсэн “Илт худал мэдээлэл бүхий” материалыг ямар шалтгааны улмаас хүргүүлсэн болон бодит нөхцөл байдлыг тогтоох шаардлагагүй” үүнээс дүгнэвэл хариуцагчийн тайлбар, үйлдэл нь хоорондоо зөрүүтэй, өөрөөр хэлбэл улсын байцаагч нар хяналт шалгалт хийсэн компаниудад тэгш хандсан эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Угтаа хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, үйлдлээсээ зөрсөн байх тул гомдолтой байна.

3.3.Хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд:

Шүүхээс нэхэмжлэгчийн “Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Гп” ХХК-ийг хохирогчоор тогтоосон тогтоол, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн “...Н.О /РД:МП89051874/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан боловсролын дипломын хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсэн” 139 дүгээр шийтгэх тогтоолыг тус тус нотлох баримтаар үнэлүүлсэн, хариуцагчаас Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн “Дүрэм, журам батлах тухай” 274 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил гэмт хэргийн шинжтэй бол энэ тухай улсын ерөнхий байцаагчид танилцуулж, шалгалтын акт, холбогдох бичиг баримтыг эрх бүхий байгууллагад шилжүүлэх” үүргээ биелүүлж ажиллаагүй, гэм буруутай этгээдийн эрх бүхий байгууллагаар шалгуулахаар шилжүүлээгүй, улмаар хууль шүүхийн байгууллага гэм буруутай этгээдийг тогтоогоогүй байхад манай байгууллагад хариуцлага хүлээлгэсэн нь хууль бус зэргээр тайлбарлан маргасныг хүлээн авах үндэслэлгүй” гэж үзсэн.

Улсын байцаагчийн дүрмийн зорилго нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, худалдан авах ажиллагааны хяналтыг хэрэгжүүлэх, худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн үйл ажиллагааг зохицуулахад байх ба маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгч нь дээрх дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.2-д “Улсын байцаагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 521.2-т зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 4.2.5-д “хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил гэмт хэргийн шинжтэй бол энэ тухай улсын ерөнхий байцаагчид танилцуулж, шалгалтын акт, холбогдох бичиг баримтыг эрх бүхий байгууллагад шилжүүлэх” бүрэн эрхийг хэрэгжүүлээгүй, ингэхдээ мөн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.3-т “асуудалд бодитой хандаж, шалгалтыг зөвхөн нотлох баримтад тулгуурлан хийх” зарчмыг хангаагүй гэж үзсэнийг шүүх “...улсын байцаагч дээрх 4.2.5-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэхийн тулд шалгуулагч этгээд нь өөрөө зөрчил гаргасан байхыг”, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хуулийн этгээдийн хувьд гэмт хэргийн шинжтэй зөрчил гаргасан байхыг ойлгоно. Тодруулбал дээрх журмын 4.2.5 дараах агуулгатай, нэг талаас “илэрсэн зөрчил нь гэмт хэргийн шинжтэй байх, зөрчил гаргагч нь нэхэмжлэгч компани байх”, нөгөө талаас “хяналт шалгалтаар акт үйлдэгдэх ёстой”, үүний үр дүнд эрх бүхий байгууллагад шилжүүлэхээр байна” энэ тохиолдолд акт үйлдэх ёстой хэмээн хуулийг буруу тайлбарласан байна.

Бодит байдал дээр бидний хүргүүлсэн материалд хуурамч диплом илэрсэн тул эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг холбогдох байгууллагаар шалгуулах нь зохистой, ингэсний үр дүнд хариуцагч дүгнэлт гаргах эрх үүснэ, гэтэл улсын байцаагч нэхэмжлэгч компанийг тус хуурамч дипломыг үйлдээгүй гэж өөрийн үзэмжээр дүгнэлт хийж байгаа нь ч нотлох баримтад үндэслэх зарчмыг зөрчсөн нь хуульд нийцэхгүй болно.

Улсын байцаагчийн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д гипотез буюу нөхцөл тогтоосон хэсэгт шалгуулсан этгээд нь өөрөө зөрчил гаргасан байх талаар агуулаагүй, тус зохицуулалт нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан “нөхцөл байдлыг тогтоох”-д чиглэсэн тул эрх бүхий байгууллагаар бодит нөхцөл байдлыг тогтоолгох, шалгуулахаар шилжүүлэх эрх хэмжээ олгосон дотогш чиглэсэн шийдвэр гаргана, энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заагдсан захиргааны актын шинжийг хангахгүй.

Гэтэл шүүхээс Улсын байцаагчийн дүрмийн 4.2.5-д заасан зохицуулалтыг буруу тайлбарлахдаа хэргийн оролцогчдоос дурдаагүй, хэргийн нөхцөлд хамааралгүй, мөн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.5-д “Улсын байцаагч хяналт шалгалтын явцад ...тогтоомж зөрчигдсөн тохиолдолд” буюу хяналт шалгалтын процесс ажиллагааны үед тулгарсан хууль бус үйлдлийг таслан зогсоох, даван гарах, хуульд заагдсан арга хэмжээ авах гадагш чиглэсэн шийдвэр гаргах зохицуулалттай хэм хэмжээтэй андуурч тайлбарласан. Түүнчлэн “нэхэмжлэгчээс “акт” үйлдээгүй нь буруу буюу эс үйлдэхүйгээр маргаагүйг дурдах нь зүйтэй” гэж тайлбарлан хэрэглэсэн нь дүрмийн 4.2.5-д заагдсан хэм хэмжээний зохицуулалт гадагш чиглээгүй тул эс үйлдэхүйд хамаарахгүй хоёр өөр нөхцөлд хэрэгжих, өөр өөр зорилготой, эрх зүйн үр нөлөөллийн хувьд хоёр эсрэг чиглэлтэй хэм хэмжээнүүдийг хольж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна.

Улсын байцаагч дүгнэлт гаргахдаа гэмт хэргийг шалган тогтоох үүрэггүй байгаа нь гэмт хэргийн шинжтэй зөрчилд бодит нөхцөл байдлыг эрх бүхий байгууллагаар тогтоолгох, тогтоолгохоор шилжүүлэх үүрэггүй гэсэн ойлголт биш. Харин шүүхээс хариуцагчийн нотлох баримтад тулгуурлах, бодит нөхцөл байдлыг тогтоох үүргүүдээс чөлөөлж байгаа нь захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хүнд суртал, авлига, танил тал харах, дур зорго, өөрийн үзэмжээр дүгнэлт гаргах, шалгагдагч этгээдүүдэд адил тэгш хандахгүй байх нөхцөл, боломжийг бүрдүүлнэ. Захиргааны байгууллага шийдвэр гаргах нь нотлох баримтад тулгуурлах, бодит нөхцөл байдлыг тогтоох зэрэг зарчмыг баримталдаг.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 194 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

4.Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж тайлбарлаж байна.

ХЯНАВАЛ:

Шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

1.Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 255 дугаар тушаалаар батлагдсан “Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам”-ын 7.4-т “Тендерт оролцогч өөрийн ирүүлсэн тендер, түүнд хавсаргасан аливаа баримт бичгийн үнэн зөв эсэхийг нягтлах, алдаатай тохиолдолд тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө залруулах үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүйтэй холбоотой хариуцлагыг дангаар хүлээнэ” гэжээ.

Улсын байцаагчаас нэхэмжлэгчийг хуурамч баримт бичиг үйлдсэн гэдэг агуулгаар бус харин тендерийн баримт бичигтээ хавсаргасан барилгын инженер Н.Огийн ШУТИС-ийн барилгын инженерээр төгссөн D... тоот диплом хуурамч болох нь тогтоогдсон энэ тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д заасан “илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон” гэсний дагуу хянан шалгаж, дүгнэлт үйлдсэнийг хууль бус гэж үзэх боломжгүй.

Түүнчлэн улсын байцаагч хяналт шалгалт хийхдээ дээрх зөрчилтэй холбоотой бодит нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоосон байна. Тухайлбал ШУТИС-ийн 2021 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 15/21 дүгээр албан бичгээр Н.Огийн D... тоот баклаврын диплом төгсөгчдийн мэдээллийн санд бүртгэлгүй болохыг гэрчилсэн, мөн хяналт шалгалтын явцад нэхэмжлэгч “Голден прогресс” ХХК-иас Сангийн яаманд хүргүүлсэн 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн албан бичгээр “…Н.Огийн мэргэжлийн диплом хуурамч байсныг тендерийн дараа мэдсэн, тус дипломыг ашиглаж тендер аваагүй, түүнийг ажлаас чөлөөлсөн…” гэснээс тус тус үзэхэд тендерийн баримт баримт бичигт хуурамч дипломын хуулбар хавсаргасан зөрчилтэй холбогдуулж улсын байцаагчаас өөр тодруулах ажиллагаа явуулах шаардлагагүй болно.

2.Хариуцагчийн тухайд дипломыг хуурамчаар хийсэн гэм буруутай этгээдийг олж тогтоох эрхгүй бөгөөд хуурамч дипломыг тендерийн баримт бичигт хавсаргаж, тендерт оролцсон эсэхийг л өөрийн чиг үүргийн хүрээнд шалгах эрх хэмжээтэй.

Харин Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолоор батлагдсан “Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм”-ийн 4.2.5-д “Улсын байцаагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 521.2-т зааснаас гадна хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил гэмт хэргийн шинжтэй бол энэ тухай улсын ерөнхий байцаагчид танилцуулж, шалгалтын акт, холбогдох бичиг баримтыг эрх бүхий байгууллагад шилжүүлэх” гэсэн нь нэг талаас үүрэг бус бүрэн эрх, нөгөө талаас ийнхүү шилжүүлээгүй нь нэхэмжлэгчийг зөвтгөх буюу дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

3.Сүхбаатар дүүргийн Тамгын газраас зарлагдсан СБД-ХААА/ОН21-021 дугаартай 19 дүгээр хороо, Хуурай мухарт Гал компандын зүүн талд иж бүрэн спорт талбайн тохижилт хийх ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичигт “…ерөнхий инженер нь барилгын инженер байх, ерөнхий инженер, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан нь тендерт оролцогч байгууллагын үндсэн ажилтан байх, үндсэн ажилтны сургууль төгссөн диплом, нийгмийн даатгалын дэвтэр, иргэний үнэмлэхийн хуулбарыг нотариатаар батлуулж ирүүлнэ…” гэсэн шаардлага тавигдсан, гэвч нэхэмжлэгчээс ирүүлсэн тендерийн баримт бичигт ерөнхий инженер гэх Н.Огийн мэргэжлийн диплом хуурамч болох нь захиалагчаас Сангийн яаманд ирүүлсэн гомдлын дагуу шалгах явцад тогтоогдсон энэ тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 521 дугаар зүйлийн 521.2.1-д заасны дагуу тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргах” эрхийнхээ хүрээнд дүгнэлт гаргасныг буруутгахгүй.

Өөрөөр хэлбэл компанийн ерөнхий инженер Н.Огийн диплом хуурамч эсэхийг шалган тогтоох эрх нэхэмжлэгчид байхгүй байж болох ч энэ нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Учир нь ажилтны мэргэжил, боловсролын талаарх мэдээллийг нягтлан шалгаж ажилд томилох нь ажил олгогчийн хувьд нэхэмжлэгчийн үүрэг болно.

4.Хохирогчоос авсан 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн мэдүүлгийн тэмдэглэлээс үзэхэд тус компанийн менежер Г.А нь Н.Ог 2020 оны 8 дугаар сарйн 30-ны өдөр ажилд авахдаа түүний нийгмийн даатгалын дэвтэрийн болон дипломын хуулбарыг харсанаас бус диплом хуурамч эсэхийг шалгуулалгүйгээр ажилд томилсон болохоо хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 2022ШЦТ/139 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Н.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэснээр тендерийн баримт бичигт уг хуурамч дипломыг хавсаргасан нэхэмжлэгчийг илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлээгүй, өөрөөр хэлбэл энэ нь нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгаан гэж дүгнэх боломжгүй.

Иймд давж заалдах гомдлын хүрээнд шийдвэрийг хянахад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3-т заасан үндэслэлүүд тогтоогдсонгүй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 194 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Агийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                                        

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                         Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН