Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2022/0194

 

 

 

 

 

 

   

 

 

   2022           03          17                                    128/ШШ2022/0194

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Б даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Г” ХХК, /РД:***/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.А,

Хариуцагч: Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч: Т.Э нарын хооронд худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүгнэлттэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, хариуцагч Ч.Б, хариуцагчийн өмгөөлөгч Т.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. “Г” ХХК-аас Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б-д холбогдуулан “Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/46 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэл гаргажээ.

 

2. Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн  “Хяналт шалгалтын тухай” УБ/46 дугаар дүгнэлтээр: “...“Г” ХХК нь Сүхбаатар дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 38 дугаар албан бичгээр СБД-ХААА/ОН21-021 дугаартай “19 дүгээр хороо, Хуурай мухарт гал командын зүүн талд иж бүрэн спорт талбайн тохижилт” тендер шалгаруулалтад оролцохдоо Н.Огийн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн D201123864 дугаар “барилгын инженер” бакалаврын дипломыг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй тул тендер оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамааруулах”-аар шийдвэрлэжээ.

 

3. Уг дүгнэлтийг хүчингүй болгуулахаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргасныг Сангийн яамны 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн УБ/54 дүгээр албан бичгээр “худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүгнэлт үндэслэлтэй” гэх хариуг авснаар нэхэмжлэгч нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд ханджээ.

 

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

 

4.1. Маргаан бүхий дүгнэлтийг гаргахдаа улсын байцаагч хяналт шалгалтын удирдамж, улсын байцаагчийн дүрэмд зааснаар гэм буруутай этгээдийг олж тогтоох ажиллагаа явуулаагүй тухайд: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 “...хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийнэ...” гэж заасны дагуу тус хяналт шалгалтыг Монгол Улсын Сангийн яам Худалдан авах ажиллагааны Улсын ерөнхий байцаагчийн 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн УБ/04 тоот Хяналт шалгалт хийх удирдамжийг баримтлан хийсэн. Тус удирдамжийн хоёр дугаар зүйлд хяналт шалгалтын зорилгод “...буруутай этгээдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх...” гэж заасны дагуу гэм буруутай этгээдийг олж тогтоох нь хяналт шалгалтын зорилгуудын нэг байна.

Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах нь Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлд заагдсан гэмт хэрэг. Энэхүү хэрэгт гэм буруутай этгээдийн гэм бурууг тогтоодог байгуулга нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар зөвхөн Монгол Улсын шүүх байна. Үүний дагуу манай компанийн зүгээс гэм буруутай этгээдийг олж тогтоолгохоор Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргасан. Энэ тухайгаа Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Бд мэдэгдсэн. Улсын байцаагч Ч.Б нь илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн эсэхийг тогтоох, гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх хяналт шалгалтдаа Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 “хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил гэмт хэргийн шинжтэй бол энэ тухай улсын ерөнхий байцаагчид танилцуулж, шалгалтын акт, холбогдох бичиг баримтыг эрх бүхий байгууллагад шилжүүлэх” гэж заасны дагуу гэм буруутай этгээдийг хуульд заасны дагуу тогтоолгохоор хянан шалгах эрх бүхий байгууллагад шилжүүлэхээр байна. Манай байгууллагын хувьд тус хуурамч баримт бичиг ашигласан этгээд нь дипломтой, өмнө хоёр газар ажиллаж байсан нь нийгмийн даатгалын дэвтрээр баталгаажсан, ажлын туршлагатай зэрэг итгэл хүлээхүйц шалтгаанууд байсан учир ажилд авсан. Баянголд дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст шалгагдаж байгаа эрүүгийн хэрэгт хохирогчоор оролцож байгаа. Мөн улсын байцаагч Ч.Б нь хяналт шалгалт явуулах удирдамж, хяналт шалгалтын ажиллагаанд баримтлах улсын байцаагчийн дүрэмд зааснаар гэм буруутай этгээдийг эрх бүхий байгууллагаар тогтоолгохоор байна. Гэвч улсын байцаагчаас тэдгээрийг баримтлаагүй. Мөн хуулиар эрх олгогдсон хууль шүүхийн байгууллага гэм буруутныг олж тогтоогоогүй байхад манай байгууллагад хариуцлага хүлээлгэж байгаад гомдолтой байна.

 

4.2. Гаргасан тайлбар, өргөдөл гомдлыг хүлээн авахаас татгалзсан, хяналт шалгалтыг урьдчилан гаргаж, батлах замаар хийсэн тухайд: Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5. “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны явцад өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар гаргасан тайлбар болон өргөдөл, гомдлыг хүлээж авахаас захиргааны байгууллага татгалзаж болохгүй” гэж заасан. Мөн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Бгийн 6-1/5218 дугаартай албан бичигт Худалдан авах ажиллагааны ерөнхий байцаагчийн 2021 оны УБ/05 дугаартай удирдамжийн дагуу хяналт шалгалтын хугацааг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд 30 хоногоор сунгаж байгаа тухай мэдэгдсэн. Үүний дагуу бид тус хугацааны дотор худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Бд Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4. “захиргааны шийдвэр гаргахаас өмнө оролцогч нотлох баримт гаргах, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгөх” эрхийн хүрээнд 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тайлбар, шаардлагатай баримт бичиг, хүсэлтийг хүргүүлсэн. Мөн тус хуурамч дипломын асуудлаар Цагдаагийн байгууллагад хандсан тухай нотлох баримт болон цагдаагийн байгууллага гэм буруутай этгээдийг олж тогтоох хэрэг хянан шийдвэрлэх хүртэл нэмэлт хугацаа олгох тухай хүсэлт хүргүүлсэн боловч нэгэнт шийдвэр гарсан тул хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэлтийг 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гардуулсан. Ийнхүү хяналт шалгалтын хугацаанд гаргасан гомдлыг хүлээн аваагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дугаар зүйлийн 24.5-д заасанд нийцэхгүй. Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4. “Хяналт шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн байна.

 

4.3. Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заагдсан шийдвэр гаргахад шаардлагатай бодит нөхцөл байдалд үндэслэгдээгүй, асуудалд бодитой хандаж, шалгалтыг зөвхөн нотлох баримтад тулгуурлан явуулна гэснийг зөрчсөн тухайд: Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйл “Нөхцөл байдлыг тогтоох” буюу шийдвэр гаргах ажиллагааны нэг чухал зарчим нь шийдвэр гаргахад хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох гэж хуульчилсан байдаг. Хууль болон Улсын ерөнхий байцаагчаас гаргасан удирдамжаар бодит нөхцөл байдлыг тогтоож, гэм буруутай этгээдэд зохих хариуцлага ногдуулах шаардлагатай байна. Манай байгууллага өмнө дурдсанчлан Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдлөөр үүссэн Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 23.2.1-т заагдсан хуурамчаар баримт бичиг үйлдэх ашиглах гэмт хэрэгт гэх хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчоор оролцож байгаа. Энэхүү хэргийг эцэслэн шийдвэрлэх нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйл “нөхцөл байдлыг тогтоох” буюу шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооход, мөн улсын ерөнхий байцаагчийн гаргасан хяналт шалгалтын удирдамжийн хоёрдугаар зүйлд заагдсан хяналт шалгалтын зорилгод шууд хамааралтай. Гэвч улсын байцаагч Ч.Б нь хяналт шалгалтад баримтлах дүрэмд заасны дагуу эрх бүхий байгууллагад хандаагүй. Манай байгууллагаас гаргасан өргөдлөөр үүссэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд манай байгууллагыг хянан шалгах хугацааг сунгуулах хүсэлтийг хүлээн авалгүйгээр дүгнэлт гаргасан нь шийдвэр гаргахад шаардлагатай бодит нөхцөл байдалд үндэслэгдээгүй. Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрмийн 2 дугаар зүйл “Улсын байцаагчийн үйл ажиллагааны зарчим” 2.1.3 “асуудалд бодитой хандаж, шалгалтыг зөвхөн нотлох баримтад тулгуурлан хийнэ” гэснийг зөрчиж байна.

 

5. Иймд 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/46 дугаар Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүгнэлт нь хяналт шалгалтын удирдамж, дүрэмд заагдсанаар гэм буруутай этгээдийг эрх бүхий байгууллагаар тогтоолгоогүй, хяналт шалгалт явуулахаар тогтоосон хугацаанд гаргасан тайлбар, өргөдөл, гомдлыг хүлээн авахаас татгалзсан, хяналт шалгалтыг урьдчилсан дүгнэлт гаргаж, батлах замаар хийсэн, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заагдсан шийдвэр гаргахад шаардлагатай бодит нөхцөл байдалд үндэслэгдээгүй, шалгалтыг зөвхөн нотлох баримтад тулгуурлан хийнэ гэснийг тус тус зөрчиж байх тул тус дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Худалдан авах ажиллагааны улсын байцаагч нь  нөхцөл байдалд тохирсон дүгнэлт гаргах ёстой. Дүрэм нь өөр дүрэм байдаг. Дүрмийн үйл ажиллагаандаа баримтлах буюу тухайн дүрмийн удирдлага болгож буй хууль нь Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль зэргээс бүрдэж байна. Өөрийнх нь дүрмийн 2.5-д зааснаар хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил нь гэмт хэргийн шинжтэй бол улсын байцаагчид танилцуулж тайлбарын акт холбогдох бичиг баримтыг шилжүүлэх эрх үүрэг байдаг. Манай байгууллага татвар зэргийг цаг тухайд нь төлдөг мөн олон хүнийг цалинжуулдаг. Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

7. Хариуцагч Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбартаа: “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 521 дүгээр зүйлийн 521.2.1 дэх заалтад “энэ хуулийн 14.1.4, 14.1.6, 14.1.7-д заасан нөхцөл үүссэн нь тогтоогдсон тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргах” эрхийг худалдан авах ажиллагааны улсын байцаагчид олгосон ба тус заалтад дурдсан 14.1.6 дахь заалтад “илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон” гэж заасан байдаг. Дээрх хуулийн дагуу зохион байгуулсан худалдан авах ажиллагаанд “Г” ХХК нь хуурамч баримт бичиг бүхий тендер ирүүлсэн тухай мэдээллийг захиалагч байгууллагаас тус яаманд ирүүлсэн тул хуульд зааснаар хяналт шалгалтын ажил хийсэн. Сонсох ажиллагааны үеэр “тус компанийн ажилтан Н.Огийн 2011 оны Шинжлэх ухаан технологийн их сургуулийн диплом хуурамч гэдгийг тендер шалгаруулалт явагдаж дууссаны дараа мэдсэн тул компанид хамааралгүй гэж үзэж байна” гэсэн. Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 255 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам”-ын 7.4 дэх заалтад “Тендерт оролцогч нь өөрийн ирүүлсэн тендер, түүнд хавсаргасан аливаа баримт бичгийн үнэн зөв эсэхийг нягтлах, алдаатай тохиолдолд тендер хүлээж авах эцсийн хугацаанаас өмнө залруулах үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүйтэй холбоотой хариуцлагыг дангаар хүлээнэ” гэж заасан байдаг. Тендерт оролцогч өөрийн хүргүүлсэн тендерийн үнэн зөвийг захиалагчийн өмнө хариуцдаг бөгөөд тэрхүү хуурамч баримт бичгийг хэн үйлдсэн нь илт худал мэдээлэл бүхий тендер гэдгийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм. Харин хуурамч баримт бичиг үйлдсэн этгээдэд хариуцлага хүлээлгэх асуудал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байгаа эсэхээс шалтгаалан хууль хяналтын байгууллагын тогтоох асуудал юм. Түүнчлэн тендерт оролцогч өөрийн хүргүүлсэн баримт бичигт холбогдох хариуцлагыг бүрэн хүлээх ба тендер шалгаруулалтад тухайн тодорхойлолтыг шаардсан байсан эсэх асуудал нь түүний тендерт хуурамч баримт бичиг байсан үйл баримтыг үгүйсгэх үндэслэл болохгүй. “Г” ХХК-ийн тендертээ ирүүлсэн Шинжлэх ухаан технологийн их сургуулийн D201123864 дугаар диплом хуурамч бичиг болохыг Шинжлэх ухаан технологийн их сургуулийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 15/21 дүгээр албан бичгээр тодорхойлсон байдаг ба худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн хувьд энэхүү мэдээлэлд үндэслэн дүгнэлт гаргахдаа Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм”-ийн 2.1.3-д заасан “асуудалд бодитой хандаж, шалгалтыг зөвхөн нотлох баримтад тулгуурлан хийх” зарчмыг хэрэгжүүлэн ажилласан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

 8. Хариуцагчийн өмгөөлөгч Т.Э шүүх хуралдаан дээр гаргасан  тайлбартаа: “...Улсын байцаагчийн гаргасан дүгнэлт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа эсхүл Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээлгэж байгаа хэлбэр биш. Төрийн худалдан авах ажиллагаа нь аливаа оролцогчийг хариуцлагатай, үнэн шударга оролцож буйг тогтоож байгаа явдал юм. Илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн байвал дараа дараагийн худалдан авах ажиллагаанд оролцохдоо хариуцлагатай оролцохгүй байх үндэслэлтэй. Тухайн этгээдийг хуурамч баримт бичиг үйлдсэнд нь гэмт хэрэг, ял шийтгэл хүлээлгэх асуудал яригдахгүй. Төсвийн хөрөнгийн худалдан авах ажиллагаанд оролцоход нь тодорхой хугацаанд хязгаарлалт тавьж байгаа зохицуулалт юм. Тухайн компани “бид энэ ажилтны хуурамч дипломтой байсныг мэдээгүй, тиймээс худал мэдээлэл бүхий тендер явуулсан” гэх тайлбарыг хэлдэг. Энэ нь тухайн компанийн бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлсэн үйлдлийг нь зөвтгөх үндэслэл болохгүй. Илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн байвал хуульд заасан хариуцлага хүлээлгэхээ мэдэж, ойлгож ухамсарласны үндсэн дээр ирүүлдэг. Цахим системээр тендер ирүүлэхэд баримталдаг журам нь хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтны тоон гарын үсгээр эсхүл итгэмжлэлээр эрх олгогдсон этгээдийн тоон гарын үсгээр баталгаажуулж ирүүлдэг. Тендерээ ирүүлчхээд шалгарсан тохиолдолд гэрээ байгуулахгүй бол тухайн компани хуульд заасан тендерийн баталгааг улсын орлого болгодог. Тендерийн баталгааг улсын орлого болгож байгаа нь тухайн этгээдийг эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн гэж хариуцлага хүлээлгэж байгаа явдал биш. Тэгэхээр өөрөө ойлгож ухамсарласны үндсэн дээр илгээсэн тендерт байгаа баримт бичгийн үнэн зөвийг шалгах үүрэг нь хуулиар тогтоосноос гадна худалдан авах ажиллагааны цахим системээр хяналт шалгалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журмын  7 дугаар зүйлийн 7.4-т тодорхой заасан. Үүнд тендерт оролцогч нь өөрөө ирүүлсэн тендер түүнд хавсаргасан аливаа баримт бичгийн үнэн зөв эсэхийг нягтлах алдаатай тохиолдолд тендер хүлээж авах эцсийн хугацаанаас өмнө залруулах үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүйтэй холбоотой хариуцлагыг дангаар хүлээнэ гэж заасан. Энэ тендерийг ажилтнаараа бэлтгэсэн, энэ хүн хуурамч бичиг баримт өгснийг мэдэлгүйгээр явуулсан гэдэг нь тухайн этгээд худалдан авах ажиллагаанд оролцохдоо баримтлах дүрэм журам зөрчсөнийг нь зөвтгөх үндэслэл болохгүй. Тухайн баримт бичгийг үйлдсэн этгээд нь Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь тусдаа асуудал. Хэн хуурамч баримт бичиг хийснийг улсын байцаагч тогтоох боломжгүй, тийм эрх ч байхгүй. Худалдан авах ажиллагааны улсын байцаагч тухайн компани нэр бүхий тендер шалгаруулалтад оролцохдоо ямар тендер ирүүлсэн, тэр тендер дотор байгаа баримт бичиг нь холбогдох эрх бүхий байгууллагаас ирүүлсэн нотлох баримтаас үзэхэд үнэн зөв үү эсхүл илт худал мэдээлэл байна уу гэдгийг шалгаж тогтоодог чиг үүргийг хэрэгжүүлдэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаагаар хэн үйлдсэн байсан болохыг шалгуулахаар Цагдаагийн байгууллагад хандах эсхүл Цагдаагийн байгууллага тодорхой шийдвэр гартал хүлээх ёстой байсан гэдэг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь үндэслэлгүй байна. Харин тусдаа хууль хяналтын байгууллага нь шалгаж байгаа гэж ойлголоо. Энэ нь улсын байцаагчийн дүгнэлт гарахад саад болохгүй.

 

Улсын байцаагчийг тодорхой асуудалд бодитоор хандах үүргээ хэрэгжүүлээгүй, урдаас тогтоосон нөхцөл байдлыг нотлох зорилгоор хяналт шалгалт хийсэн гэсэн тайлбар хэлж байна. Улсын байцаагчийн удирдамжийн хувьд нийт 46 хуулийн этгээдтэй холбоотой хяналт шалгалт хийгдсэн. Бүх хуулийн этгээдийн нөхцөл байдлыг тогтоогоод хуульд заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд эрхийг нь хязгаарлах этгээдийн бүртгэлд хамруулахаар дүгнэлт гаргасан. Бүх нөхцөл байдлыг улсын байцаагчийн үндэслэл болгоод сонсох ажиллагаа явуулаад тэмдэглэл хөтөлсөн. Огт аль нэг гомдлыг тоогоогүй нөхцөл байдал байхгүй. Дүгнэлт гаргах ажиллагаагаа хойшлуулж өгнө үү гэдэг эсхүл Цагдаагийн байгууллагаас ямар нэгэн хариу гартал хойшлуулаад өгөөч гэх хүсэлт нь хууль зүйн үндэслэлгүй. Удирдамж гарсан бол дүгнэлт гаргах ёстой. Илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн нөхцөл байдлыг улсын байцаагч тогтоохоор заасан. Энэ нөхцөл байдал нь тендерт оролцогчийн санаатай үйлдлээс болсон уу, мэдээгүй юу, хайхрамжгүй хандсан уу гэдгийг мэдэхгүй байна. Илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн бол улсын байцаагч дүгнэлт гаргах зохицуулалттай.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

9. Нэхэмжлэгч “Г” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

10. Сүхбаатар дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас зарласан СБД-ХААА/ОН21-021 дугаартай “19 дүгээр хороо, Хуурай мухарт Гал командын зүүн талд иж бүрэн спорт талбайн тохижилт ажил”-ын тендер шалгаруулалтад оролцогч “Г” ХХК /РД5474167/ нь ажиллах хүчний мэдээллийг хуурамчаар үйлдэж, илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн байж болзошгүй гэж үзэж, захиалагч Сүхбаатар дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 38 дугаар албан бичгээр Сангийн яаманд ханджээ.

 

11. Ингэхдээ, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2021 оны А/162 дугаар захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хорооны хурлын 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаар тэмдэглэлээр: “тендерт оролцогч “Г” ХХК-ийн барилгын инженер Насандорж овогтой О /РД: МП89051874/-ийн ШУТИС-ийг Барилгын инженер мэргэжлээр төгссөн D201123864 дугаартай дипломыг тус сургуулийн https://www.must.edu.mn/alumni?optaradio=dip&searchval=D201123864 холбоосоор шалгаж үзэхэд уг диплом нь Тогтохбаяр овогтой Э /РД:ТБ86072001/-ийн Төмөрлөгийн үйлдвэрийн технологи  мэргэжлээр төгссөн бакалаврын диплом гэж гарч ирсэн тул сургуулиас нь тодруулга авах”-аар,

 

12. Мөн Үнэлгээний хорооны 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 04 дүгээр тэмдэглэлээр: “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/162 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтаар зохион байгуулагдах СБД-ХААА/ОН21-021 дугаартай “19 дүгээр хороо, Хуурай мухарт, гал командын зүүн талд иж бүрэн спорт талбайн тохижилт”-ын ажлын тендерийн талаар ШУТИС-аас ирүүлсэн тодруулгыг хэлэлцээд “Г” ХХК нь илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн байж болзошгүй тухай холбогдох материалыг Сангийн яамны Хууль эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтэст хүргүүлэх”-ээр шийдвэрлэж, холбогдох материалыг хүргүүлэхээр тогтжээ.

 

13. Үүний дагуу Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагч С.Наранцогтын 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн “Хяналт шалгалт хийх тухай” УБ/04 дүгээр худалдан авах ажиллагааны хяналт шалгалтын удирдамж батлагдсан, уг удирдамжийн хавсралтын 24-рт нэхэмжлэгч “Г” ХХК-ийн нэр бичигдсэн байна.

 

14. Хариуцагчаас 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 6-1/4712 дугаар албан бичгээр сонсох ажиллагаанд оролцохыг нэхэмжлэгч “Г” ХХК-д мэдэгдсэний дагуу “Г” ХХК-аас Сангийн яаманд хандан 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Залруулга хүргүүлэх тухай” №21/08/23-11 дүгээр албан бичгээр “...тухайн ажилтны бакалаврын диплом нь хуурамч эсэхийг бид мэдэхгүй бөгөөд 2011 онд хийлгэж үйлдэж авсан хуурамч диплом байсныг уг тендерийн дараа мэдсэн, тус дипломыг ашиглаж тендер аваагүй, ажлаас чөлөөлж арга хэмжээ авсан, диплом нь 2020 оноос өмнөх Н.Огийн өөрийн хүсэлтээр хийлгэж авсан манай компанитай огт хамааралгүй, манай компани нь тус дипломыг хуурамчаар үйлдээгүй тул компанийн эрхийг хязгаарлах ямар нэгэн арга хэмжээ авахгүй байхыг хүсэж байна” хэмээн хүргүүлсэн, 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч “Г” ХХК-ийн захирал Б.Баярбат нь хариуцагчийн явуулсан сонсох ажиллагаанд оролцсон, тэрээр “Насандоржийн Огийн нийгмийн даатгалын төлбөрийг манай компани 2020 оны 08 дугаар сараас төлж эхэлсэн, энэ үеэс дипломын эх хувийг тухайн хүнээс авсан, 2011 онд хуурамчаар хийгдсэн диплом гэдгийг тухайн тендер шалгаруулалт явагдаж дууссаны дараа Сүхбаатар дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас мэдсэн” зэргээр тайлбарлан гарын үсгээ зуржээ.

 

15. Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1. “Энэ хуулийн дагуу худалдан авах ажиллагааны талаар төрөөс хэрэгжүүлэх бодлого, арга зүй, хяналтын асуудлыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхэлж дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 52.1.3. “Худалдан авах ажиллагаатай холбоотой журам, заавар, аргачлал, жишиг баримт бичгийн төсөл, цахим тендер шалгаруулах журам, тендер шалгаруулалтын материалыг тухайн тендерт оролцогчдод ил болгох журам, цахим худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тендерийн урилга, үр дүнг зарлан мэдээлэх журам, худалдан авах ажиллагаанд мэдээллийн технологи, цахим хэрэгслийг нэвтрүүлэх нөхцөл, журам, батлах” 52.1.5. “Захиалагч худалдан авах ажиллагаанд зохих журмыг мөрдөж байгаа эсэхэд хяналт тавьж, шинжилгээ, үнэлгээ хийх” гэж хуульчилсан бол,

 

16. Харин худалдан авах ажиллагааны улсын байцаагч /хариуцагч/-ийн хэрэгжүүлэх захиргааны үйл ажиллагааг зохицуулж, Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 521 дүгээр зүйл. “Худалдан авах ажиллагааны улсын байцаагч”, 521.1. “Худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий улсын ахлах байцаагч, улсын байцаагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад байна”, 521.2. “Худалдан авах ажиллагааны улсын байцаагч нь худалдан авах үйл ажиллагаанд тавих мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 521.2.1. “энэ хуулийн 14.1.4, 14.1.6, 14.1.7-д заасан нөхцөл үүссэн нь тогтоогдсон тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргах”, 521.3. “Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм болон тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журмыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, Засгийн газар батална” гэж заажээ. 

 

17. Маргаан бүхий энэ тохиолдолд Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/46 дүгнэлтээр “Г” ХХК-аас тендер шалгаруулалтад оролцохдоо барилгын инженерээр ажиллахаар мэдээлсэн Н.Огийн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн D201123864 дугаартай барилгын инженер мэргэжлийн диплом нь хуурамч болох нь тогтоогдсон, өөрөөр хэлбэл, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 15/21 дүгээр албан бичигт:  “Н.Огийн D201123864 тоот бакалаврын диплом төгсөгчдийн мэдээлэл төгсөгчдийн санд бүртгэлгүй” гэснээр нотлогдож байна гэж үзэж, нэхэмжлэгч компанийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 521.1-д зааснаар эрх бүхий улсын байцаагч тогтоосон, 521 дугаар зүйлийн 521.2.1. “энэ хуулийн 14.1.4, 14.1.6, 14.1.7-д заасан нөхцөл үүссэн нь тогтоогдсон тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргах”, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6. “илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон” гэж заасантай нийцэж байна.

 

18. Нэхэмжлэгчийн зүгээс Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Г” ХХК-г хохирогчоор тогтоосон тогтоол, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “...Н.О /РД:МП89051874/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсэн...” 2022/ШЦТ/139 дүгээр шийтгэх тогтоолыг тус тус нотлох баримтаар үнэлүүлж, хариуцагчаас Засгийн газрын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Дүрэм, журам батлах тухай” 274 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм”-ийн 4 дүгээр зүйлийн 4.2.5. “хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил гэмт хэргийн шинжтэй бол энэ тухай улсын ерөнхий байцаагчид танилцуулж, шалгалтын акт, холбогдох бичиг баримтыг эрх бүхий байгууллагад шилжүүлэх” үүргээ биелүүлж ажиллаагүй, гэм буруутай этгээдийг эрх бүхий байгууллагаар шалгуулахаар шилжүүлээгүй, улмаар хууль шүүхийн байгууллага гэм буруутай этгээдийг тогтоогоогүй байхад манай байгууллагад хариуцлага хүлээлгэсэн нь хууль бус зэргээр тайлбарлан маргасныг хүлээн авах үндэслэлгүй.

 

19. Учир нь Сүхбаатар дүүргийн Худалдан авах ажиллагааны алба болох захиалагч нь Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1. “Улсын болон орон нутгийн төсвөөс хөрөнгө оруулалтаас бусад зардалд хуваарилсан хөрөнгө, бусад эх үүсвэр, түүнчлэн өөрийн хөрөнгөөр санхүүжигдэх бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг захиалагч энэ хуульд заасан журмын дагуу зохион байгуулна” гэж зааснаар нэхэмжлэгчийн оролцсон СБД-ХААА/ОН21-021 дугаартай “19 дүгээр хороо, Хуурай мухарт Гал командын зүүн талд иж бүрэн спорт талбайн тохижилтын ажил”-ын тендерээс татгалзаж байгааг мэдэгдэж нэхэмжлэгчид мэдэгдэл хүргүүлсэн, түүнчлэн тендерт оролцогчийн хувьд илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн байж болзошгүй тухай холбогдох материалыг Сангийн яаманд хүргүүлснээр хариуцагч худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б холбогдох хяналт шалгалтыг хэрэгжүүлсэн, ийнхүү хэрэгжүүлэх явцад нэхэмжлэгч нь тендерийн баримт бичгийн хаана нь алдаа гаргаснаа дурдаж “Залруулга хүргүүлэх тухай” албан тоот явуулж байсан, тайлбар өгч байсан нь үйл баримтаар тогтоогдсон, түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1. “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчим баримтална” гэж зааснаар захиалагч, нэхэмжлэгчийн хууль зөрчсөн байж болзошгүй үйлдлийг шалгуулахаар эрх бүхий улсын байцаагчид хүргүүлсэн, хариуцагч улсын байцаагч нь холбогдох мэдээллийг шалгаж тогтоон хуулийг хэрэгжүүлсэн нь “худалдан авах ажиллагаанд хариуцлагатай байх” зарчмыг хангаж ажилласан гэж үзнэ.

 

20. Нөгөөтээгүүр Засгийн газрын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Дүрэм, журам батлах тухай” 274 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм”-ийн зорилго нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, худалдан авах ажиллагааны хяналтыг хэрэгжүүлэх, худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн үйл ажиллагааг зохицуулахад байх ба маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгч нь дээрх дүрмийн 4 дүгээр зүйл. Улсын байцаагчийн эрх. 4.2. “Улсын байцаагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 521.2-т зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 4.2.5. “хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил гэмт хэргийн шинжтэй бол энэ тухай улсын ерөнхий байцаагчид танилцуулж, шалгалтын акт, холбогдох бичиг баримтыг эрх бүхий байгууллагад шилжүүлэх” гэж заасан бүрэн эрхийг хэрэгжүүлээгүй, ингэхдээ мөн дүрмийн 2 дугаар зүйл. Улсын байцаагчийн үйл ажиллагааны зарчим. 2.1.3. “асуудалд бодитой хандаж, шалгалтыг зөвхөн нотлох баримтад тулгуурлан хийх” зарчмыг хангаагүй гэж үзсэнийг шүүх шийдвэрлэхдээ, улсын байцаагч /хариуцагч/ нь дээрх 4.2.5-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэхийн тулд “шалгуулагч этгээд нь өөрөө зөрчил гаргасан байхыг, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хуулийн этгээдийн хувьд гэмт хэргийн шинжтэй зөрчил гаргасан байхыг ойлгоно” энэ тохиолдолд акт үйлдэх ёстой байна. Тодруулбал, 4.2.5-д хоёр агуулга байна, нэгдүгээрт, илэрсэн зөрчил нь гэмт хэргийн шинжтэй байх, тухайн зөрчлийг гаргагч нь шалгуулагч этгээд өөрөө буюу энэ тохиолдолд нэхэмжлэгч компани байх, хоёрдугаарт, “шалгалтын акт” үйлдэх. Ингэснээр эрх бүхий байгууллагад шилжүүлэхээр байна.

 

21. Энэ байдал нь дүрмийн 4.5-д “Улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч нь акт, дүгнэлт, албан шаардлагын хэвлэмэл хуудас, үнэмлэх, тэмдэг хэрэглэнэ”, 5.5-д “Улсын байцаагч хяналт шалгалтын явцад болон төрийн байгууллага, албан тушаалтнаас ирүүлсэн мэдээлэл, баримт бичиг, иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийг судлах явцад хууль, тогтоомж зөрчигдсөн тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 521.2, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9-д тус тус заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх, хяналт шалгалттай холбогдуулан албан даалгавар, акт, санал, дүгнэлт гаргаж, тэмдэглэл үйлдэнэ” гэж зааснаар улсын байцаагчийн “дүгнэлт”, “акт” гаргах нь тус тусдаа хэрэгжих захиргааны үйл ажиллагаа болохыг харуулахаас гадна маргааны үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн тендерийн баримт бичгийг хүргүүлэхдээ нягталж шалгаагүй, хууль болон журамд зааснаар залруулах эрхээ эдлээгүй, “хуурамч диплом бүхий” ажиллах хүчний мэдээлэлтэй тендерийн баримт бичиг хүргүүлсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй бус, үүний цаана байгаа баримт бичиг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг улсын байцаагч нь шалган тогтоох үүрэггүй байна. Түүнчлэн нэхэмжлэгчээс “акт” үйлдээгүй нь буруу буюу эс үйлдэхүйгээр маргаагүйг дурдах нь зүйтэй.

 

22. Тиймээс нэхэмжлэгчийн тендерийн баримт бичиг хүргүүлэхдээ алдаатай буюу зөрчилтэй байсан болохыг шалган тогтоож, үүний үр дагавраар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д заасан нөхцөл үүссэнийг тогтоосон, нэхэмжлэгч компанийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхээр гаргасан маргаан бүхий дүгнэлт нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж шүүх үзлээ.

 

23. Нэхэмжлэгчийн бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, хяналт шалгалтын хугацаанд гаргасан гомдлыг хүлээн аваагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дугаар зүйлийн 24.5-д заасныг, түүнчлэн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4. “Хяналт шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэх тайлбар үндэслэлгүй, нотлох баримтаар тогтоогдоогүй болохыг тэмдэглээд хариуцагч улсын байцаагчийн үйл ажиллагаа, бүрэн эрх нь хууль болон дүрмийн хүрээнд хэрэгжих ба энэ тохиолдолд хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.

 

24. Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Журам батлах тухай” 255 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам”-ын 7 дугаар зүйлийн 7.4. “Тендерт оролцогч өөрийн ирүүлсэн тендер, түүнд хавсаргасан аливаа баримт бичгийн үнэн зөв эсэхийг нягтлах, алдаатай тохиолдолд тендер хүлээж авах эцсийн хугацаанаас өмнө залруулах үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүйтэй холбоотой хариуцлагыг дангаар хүлээнэ” гэж заасныг иш татан тайлбарласан хариуцагч болон түүний өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй гэж үзсэнийг дурдах нь зүйтэй.

 

25. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэл гаргагчаас мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3. 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 52 дугаар зүйлийн 52.1.3, 521.2, 521.2.1, 521.3-д заасныг баримтлан “Г” ХХК-аас Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Бд холбогдуулан гаргасан “Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/46 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             У.Б