Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 221/MA2022/0464

 

Ц.У-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч Ц.У

Нэхэмжлэлийн шаардлага: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 3/1 дүгээр тогтоол, Өмнөговь аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Б/36 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, ажилгүй байсан хугацааны нөхөх олговрыг гаргуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 11 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.У,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц,

Хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Хариуцагч Өмнөговь аймгийн Цогтцэцийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмгөөлөгч Н.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 120/2021/0017/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.У-ээс Өмнөговь аймгийн Засаг дарга, тус аймгийн Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдуулан “Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 3/1 дүгээр тогтоол, Өмнөговь аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Б/36 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, ажилгүй байсан хугацааны нөхөх олговрыг гаргуулах”-аар маргасан байна.

2. Өмнөговь аймаг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 11 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн, түүний удирдлагын тухай хууль /2006/-ийн 18 дугаар зүйлийн 18.1-ийн “г”, 25 дугаар зүйлийн 25.1, 32 дугаар зүйлийн 32.3, 32.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Ц.У-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2-т “... Хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбараас үзвэл Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 28 дугаар тогтоолоор Хурлын ээлжит гуравдугаар хуралдаанаас ... сумын Засаг дарга Ц.У-т итгэл үзүүлэх, эс үзүүлэх тухай ... асуудлыг хэлэлцүүлэхээр тогтоосон, уг баримтыг хуралдаан болохоос 1 хоногийн өмнө тараасан байх ба энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй байна” гэсэн байдаг. Гэтэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.2-т “Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны хурал түүний бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ” гэж заасанчлан шүүх Засаг даргыг огцруулах үндэслэлүүдээс аль үндэслэлд хамаарах нотлох баримтыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд хэлэлцүүлэхээр хуульд заасан хугацаанд иргэдийн Төлөөлөгчдийн ажлын албанд ирүүлснийг ялгаж тогтоогоогүй бөгөөд тогтоогоогүй асуудлыг үндэслэн шийдвэр гаргасан.

3.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5-д тайлбарласан “... захиргааны хэргийн шүүхийн хяналтад хамаарахгүй...” гэх харилцааг Захиргааны ерөнхий хуулийн 3.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.2-т заасан. Гэтэл Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь захиргааны хэрэг үүсгэн, шийдвэр гаргасан үйлдэл нь өөрөө шийдвэрийн үндэслэл болгосон тайлбараа үгүйсгэж байна.

3.3. Захиргааны ерөнхий хуульд захиргааны үйл ажиллагаа нь 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг баримтална гэж заасан. Энэ зарчмын дагуу захиргааны хэргийн анхан шатны шүүх нь үйл баримтыг захиргааны үйл ажиллагаа гэж үзэн захиргааны хэрэг үүсгэсэн тул “огцруулах санал, огцруулсан шийдвэр”-ийн үндэслэлийг хянах ёстой байтал хянаагүй.

3.4. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... нэхэмжлэгчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-д зааснаар улс төрийн албан тушаалд хамаарч буй учир захиргааны хэргийн шүүхийн хяналтын цар хүрээ нь хурлын үйл ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан эсэх буюу “огцруулсан” шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэлийг “хэлбэр”-ийн талаас шалгах учиртай” гэсэн байна. Гэтэл Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид улс төрийн албан тушаалтныг огцруулж буй тохиолдолд үндэслэлийг зөвхөн “хэлбэр”-ийн талаас үнэлж, хянан шийдвэр гаргах зохицуулалт байхгүй.

3.5. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Засаг даргыг огцруулах асуудлын хүрээнд “чиг үүргээ биелүүлсэн эсэх” зэрэг бодлого (улс төр)-ын шийдвэрт шүүх эрх зүйн үнэлэлт, дүгнэлт өгөх боломжгүй” гэсэн байна. Гэтэл бүх шатны Засаг даргын чиг үүргийг хуулиар тусгайлан заасан байдаг. Мөн бодит үйл баримтад Ц.У-ийг Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа /2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд/ ямар хуульд заасан, ямар чиг үүргээ биелүүлээгүй хэрэгжүүлж чадаагүй мөн хууль тогтоомж зөрчсөн эсэхийг нотлох баримт байхгүй мөн харилцагчид үүнийг нотлоогүй төдийгүй гаргасан шийдвэрийнхээ үндэслэл болгоогүй. Гэтэл шүүх баримт материалгүй, нотлогдоогүй асуудлыг шийдвэрийнхээ үндэслэл болгосон.

3.6. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... захиргааны хэргийн шүүх нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад Үндсэн хуулиар олгогдсон онцгой бүрэн эрхийг хэрхэн хэрэгжүүлснийг хянахдаа гагцхүү шийдвэр гаргах ажиллагаа хуульд заасан журмыг баримталсан эсэхийг хянах бөгөөд...” гэсэн байна. Монгол Улсын Үндсэн хуульд Засаг даргыг томилох, Засаг дарга өөрөө хүсэлтээ өгч огцрох зохицуулалт байдаг. Харин сумын Засаг даргыг томилох санал гаргах, томилох эцсийн шийдвэр гаргах эрх бүхий субъектүүдээс “огцруулах санал болон огцруулсан шийдвэр” гаргах, түүнийг шүүх хэрхэн хянах тухай тусгайлсан зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуульд байхгүй.

3.7. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 7-д “...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006/-д Засаг даргын бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө “огцруулах” үндэслэл, журам, шийдвэрлэх байдлыг тусгайлан зохицуулсан...” гэж тайлбарласан. Энэ нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь сумын Засаг даргыг хугацаанаас нь өмнө огцруулах санал гаргах онцгой бүрэн эрхтэй хэдий ч гагцхүү хуульд заасан огцруулах үндэслэл, журмын дагуу гэдгээ тодорхой дурдсан байна. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэртээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006/-ийн 18 дугаар зүйлийн 18.1-д “сум, дүүргийн Хурал нь ... дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ; …г/Засаг даргыг ... огцруулах санал гаргаж аймаг нийслэлийн Засаг даргад уламжлах” гэх заалтыг үндэслэсэн нь зөрчилдөж байна.

3.8. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д “... Хурлаас гаргасан огцруулах саналыг “хянах” дээд шатны Засаг даргын эрх хэмжээ нь Хурлын санал хуульд нийцсэн эсэх хүрээгээр хязгаарлагдах бөгөөд “огцруулах” эсхүл “эс огцруулах”-аар шийдвэрлэх бүрэн эрхийг аймгийн Засаг даргад ямар нэгэн шалгуургүйгээр олгосон...” гэх тайлбар нь ойлгомжгүй, салаа утгатай байна. Мөн салаа утгатай тайлбараар хуульд заасан үндэслэл, журмыг үгүйсгэсэн атлаа тухайн журамласан зохицуулалт болох Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006/-ийн 32.3 дахь заалтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон.

3.9. Шүүх шийдвэрийн үндэслэлээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006/-ийн 32 дугаар зүйлийн 32.2-г баримтлан тогтоосон. Гэтэл шүүх “сумын Засаг даргыг огцруулах” хуулийн дээрх үндэслэлтэй холбоотой салаа утга бүхий тайлбарууд хийснээс гадна харилцагчдын шүүхээр гэм буруу нь тогтоогдоогүй асуудлаар гаргасан шийдвэр, үйл ажиллагааг зөвтгөсөн мэт тодорхой бус, өөр хоорондоо уялдаа холбоогүй, нотлогдоогүй үндэслэлээр тайлбар хийж шийдвэр гаргасан байна.

3.10. Ц.У Цогтцэций сумын Засаг даргаар ажилласан 2021 оны 08 дугаар сарын 02-ноос 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан огцруулах үндэслэл бүхий үйл баримт болсон эсэх, тэр нь нотлогдож буй эсэхэд шүүх тайлбар, дүгнэлт хийгээгүй байна.

3.11. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар сумын Засаг дарга нь нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгч тул аливаа шийдвэр, үйл ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан захиргааны үйл ажиллагааны зарчмыг хангаж ажиллах үүрэгтэй. Шүүх шийдвэртээ хариуцагч огцруулах шийдвэр гаргахдаа энэ зарчмыг хангаж ажилласан эсэхэд дүгнэлт хийгээгүй байна.

3.12. Сумын Засаг даргыг огцруулах эсэх эцсийн шийдвэрийг гаргах эрх бүхий этгээд болон аймгийн Засаг даргын захирамжийн үндэслэх хэсгийг шүүх хянахгүй орхигдуулсан.

Сумын Засаг даргыг огцруулах үндэслэл гэж үзэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөлөгчөөс санал оруулсан асуудлыг холбогдох байгууллага, албан тушаалтнаар шалгагдан шийдвэрлэгдсэн эсэхийг шүүх нягтлахгүй орхисон. Тодруулбал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс рүү хүргүүлсэн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 43 тоот албан бичгийн дагуу Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчөөс хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн 212900211 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хэргийг хаах тухай санал ирүүлснийг хүлээн авч Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 30 дугаар прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлийн хэргийг хаасан байдаг. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаан 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр болсон бөгөөд уг прокурорын тогтоолыг нотлох баримтаар хэрэгт аваагүй.

3.13. Шүүх шийдвэрийнхээ тодорхойлох хэсэг дэх зарим нотлох баримтын шаардлага хангаагүй, шүүх хурлаар хэлэлцээгүй тайлбар зэргийг үндэслэн шийдвэр гаргасан байна.

Дээрх үндэслэлээр шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн, шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хуулийн шаардлага хангаагүй болон шүүх хуралдаанаар хэлэлцээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон, хэрэглэх ёстой бусад хуулийг хэрэглээгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчин болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2.1. Өмнөговь аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Б/36 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 32 дугаар зүйлийн 32.3, 32.7 дахь хэсэг, Санхүүгийн хяналт, аудитын 2021 оны 72 дугаартай хяналт шалгалтын танилцуулга, Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 3/1 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ц.У-ийг Цогтцэций сумын Засаг даргын албан тушаалаас огцруулсан байна.

2.2. Анхан шатны шүүх маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөлгүйгээр “...захиргааны хэргийн шүүх нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийг хэрхэн хэрэгжүүлснийг хянахдаа гагцхүү шийдвэр гаргах ажиллагаа хуульд заасан журмыг баримталсан эсэхийг хянах бөгөөд төрийн “ардчилсан зарчим”-ийн дагуу олонхоор шийдвэрлэсэн, ялангуяа Засаг даргыг огцруулах асуудлын хүрээнд “чиг үүргээ биелүүлсэн эсэх” зэрэг бодлого (улс төр)-ын шийдвэрт шүүх эрх зүйн үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй, энэ нь захиргааны хэргийн шүүхийн хяналтад хамаарахгүй” хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.

2.3. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006/-ийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ:”, 18.1.1-ийн “г”-д “Засаг даргыг томилуулах, чөлөөлөх болон огцруулах санал гаргаж аймаг нийслэлийн Засаг даргад уламжлах” гэж заасан байна.

2.4. Тодруулбал, мөн хуулийн 32 дугаар 32.2-т “Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ” гэж Засаг даргыг огцруулах үндэслэлүүдийн талаар тодорхой заажээ.

2.5. Хариуцагч нараас маргаан бүхий захиргааны актуудыг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасныг баримталсан байна.

2.6. Өөрөөр хэлбэл, дээрх хуульд заасан Засаг даргыг огцруулах үндэслэл нь гагцхүү Засаг дарга бүрэн эрхээ хэрхэн хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор тайлбарлагдах юм.

2.7. Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны явцад хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-оос “... чиг үүргээ хэрэгжүүлж чадахгүй байна гэж үзсэн...”[1] гэж, хариуцагч Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмгөөлөгч Н.Г-ээс “... хууль тогтоомж зөрчсөн, чиг үүргээ хэрэгжүүлээгүй...”[2] гэж маргаан бүхий актын үндэслэлээ тайлбарлажээ.

2.8. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Ц.У-ийг ямар чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлээгүй, ямар хуулийг хэрхэн зөрчсөн талаар хариуцагч нараас тодруулаагүй, маргаан бүхий актыг “улс төрийн шийдвэрт шүүх эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй” гэж дүгнэн үйл баримтын талаар бүрэн дүгнэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу байх тул маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл тус бүрд бүрэн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна.

Нөгөөтээгүүр, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн “г”, 32 дугаар зүйлийн 32.2-т зааснаас үзэхэд иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Засаг даргыг томилох, чөлөөлөх, огцруулах бүрэн эрхтэй боловч энэ нь захиргааны байгууллагын дур зоргын асуудал биш бөгөөд уг бүрэн эрх хуульд нийцэж хэрэгжих учиртай.

Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Засаг даргад итгэл үзүүлээгүй гэх үндэслэлээр Засаг даргыг огцруулахаар заасан зохицуулалт байхгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

2.9. Нэгэнт анхан шатны шүүх маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд  дүгнэлт өгөөгүй энэ тохиолдолд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

 

 

ШҮҮГЧ                                                                       А.САРАНГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

 

[1] Хавтаст хэргийн 209 дэх талд,

[2] Хавтаст хэргийн 212 дахь талд,