Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 110/2022/0006/З |
Дугаар | 221/MA2022/0465 |
Огноо | 2022-06-29 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 221/MA2022/0465
З.Х-ны нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Гуравдагч этгээд У.А
Нэхэмжлэлийн шаардлага: Бугат сумын 4 дүгээр багийн Засаг даргад олонхын санал авсан З.Х миний санал хураалтын дүнг Бугат сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд гаргаж өгөхийг тус багийн иргэдийн Нийтийн Хурлаас байгуулагдсан Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэгт, мөн Бугат сумын 4 дүгээр багийн Засаг даргад З.Х намайг нэр дэвшүүлсэн тогтоол гаргахыг иргэдийн Нийтийн Хуралд тус тус даалгах
Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: Баян-Өлгий аймгийн Бугат сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан даргалагч Р.Х нь багийн Засаг даргад сонгогдохоор хамгийн олон санал авсан У.А намайг багийн Засаг даргаар томилох тухай тогтоол гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцож, Бугат сумын 4 дүгээр багийн Засаг даргаар томилох тухай тогтоол гаргахыг хуралдаан даргалагч Р.Х-т даалгах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 22 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С
Хариуцагч Бугат сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан даргалагч Р.Х
Хариуцагч Бугат сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлаас байгуулагдсан 4 дүгээр багийн Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийн дарга Д.Г
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул
Хэргийн индекс: 110/2022/0006/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч З.Х-аас Баян-Өлгий аймгийн Бугат сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал, тус хурлаас байгуулагдсан 4 дүгээр багийн Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэгт тус тус холбогдуулан “Бугат сумын 4 дүгээр багийн Засаг даргад олонхын санал авсан З.Х миний санал хураалтын дүнг Бугат сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд гаргаж өгөхийг бус багийн иргэдийн Нийтийн Хурлаас байгуулагдсан Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэгт, мөн Бугат сумын 4 дүгээр багийн Засаг даргад З.Х намайг нэр дэвшүүлсэн тогтоол гаргахыг иргэдийн Нийтийн Хуралд тус тус даалгах” гэж
2. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд У.А-ээс Баян-Өлгий аймгийн Бугат сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан даргалагч Р.Х-т холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Бугат сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан даргалагч Р.Х нь багийн Засаг даргад сонгогдохоор хамгийн олон санал авсан У.А намайг багийн Засаг даргаар томилох тухай тогтоол гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцож, Бугат сумын 4 дүгээр багийн Засаг даргаар томилох тухай тогтоол гаргахыг хуралдаан даргалагч Р.Х-т даалгах”-аар тус тус маргасан байна.
3. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 22 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8.4, 56 дугаар зүйлийн 56.5.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
4. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
4.1. З.Х-ны нэхэмжлэлтэй хэрэгт гуравдагч этгээд болох У.А би “Баян-Өлгий аймгийн Бугат сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан даргалагч Р.Х нь багийн Засаг даргад сонгогдохоор хамгийн олон санал авсан У.А намайг багийн Засаг даргаар томилох тухай тогтоол гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцуулж, Бугат сумын 4 дүгээр багийн Засаг даргаар томилох тухай тогтоол гаргахыг хуралдаан даргалагч Р.Х-т даалгаж өгнө үү” гэх бие даасан шаардлага гаргасан юм. Шүүхээс миний бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон гэж үзэж байна.
Багийн иргэдийн нийтийн хуралдаанд санал өгсөн хүний саналыг хүчинтэйд тооцох эсхүл хүчингүйд тооцох талаар хуралдаан эхлэхээс өмнө журам тогтоож өгсөн билээ. Тухайн журмаараа санал өгөх иргэдэд нэр дэвшсэн 2 нэр дэвшигчийн урд талын тоог бөглөсөн тохиолдолд саналыг хүчинтэйд тооцох бөгөөд бусад байдлаар өгсөн саналыг хүчингүйд тооцно гэдгийг тогтоосон. З.Х нь 199 иргэний саналыг авч би 200 хүний саналыг авсан болно. 12 хүний саналын хуудас тогтоосон журмыг зөрчсөн учраас хүчингүйд тооцогдох ёстой байсан. Гэтэл хуралдаан даргалагч 202, 202 хүний саналаар тэнцсэн хэмээн хүчингүй саналын хуудаснуудыг З.Х-д нэмж тоолж намайг томилох тухай тогтоол гаргахгүй байгаа нь хууль бус юм.
Анхан шатны шүүхээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.3-д заасныг хэрэглэсэн нь хууль бус байна.
Учир нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйл нь сум, дүүрэг, аймаг, нийслэлийн Засаг даргыг иргэдийн Төлөөлөгчдийн хуралдааны төлөөлөгчид дундаас сонгох журам юм. Гэтэл анхан шатны шүүх нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.3-д заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа нь хуулийг илтэд буруу тайлбарласан явдал болсон юм. Иймээс нийт сонгогчдоос хамгийн олон санал авсан У.А намайг Бугат сумын 4 дүгээр багийн Засаг даргаар томилон шийдвэрлүүлэх ёстой байсан.
Анхан шатны шүүх нь “...багийн Засаг даргад нэр дэвшүүлэх болон санал хураалтын асуудлыг шийдвэрлэж зохицуулах зорилгоор ажлын хэсгийг Бугат сумын иргэдийн Нийтийн Хурал байгуулсан ба энэ нь хуулийн дээрх заалтуудтай нийцсэн тул нэхэмжлэгчийн хариуцагчаар тодорхойлсон ажлын хэсгийг захиргааны байгууллага мөн гэж үзсэн болно” хэмээн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна. Ажлын хэсгийг Бугат сумын иргэдийн Нийтийн Хурал байгуулаагүй, түүнийг сумын Засаг дарга хөндлөнгөөс оролцож байгуулсан. Хэрэгт авагдсан нотлох баримтад зөв үнэлэлт дүгнэлт өгөхгүйгээр хэргийг буруу шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Багийн Засаг даргыг томилох бүрэн эрхийг Бугат сумын иргэдийн Нийтийн Хуралд хуулиараа олгосон байхад сумын Засаг даргаас багийн Засаг даргыг томилох ажлын хэсэг байгуулж, сонгууль явуулж байгаа нь хууль бус байсан гэдэг миний гомдлыг анхан шатны шүүх хүлээн аваагүйд гомдолтой байна.
Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 22 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд У.А миний нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн гомдлын дагуу хэргийг хянаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Шүүх давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангасангүй. Үүнд:
2.1. Баян-Өлгий аймгийн Бугат сумын 4 дүгээр багийн Засаг даргыг сонгох хуралдааныг 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулжээ.
2.2. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд уг багийн Засаг даргыг сонгох санал хураалтад З.Х, У.А нар нэр дэвшиж өрсөлдсөн ба санал хураалтад нийт 411 иргэн оролцож санал өгчээ. Бугат сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлаас байгуулагдсан Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгээс 7 саналын хүчингүйд тооцож, үлдсэн 404 саналын хуудсыг хүчинтэй тооцсон байна.
2.3. Уг 404 саналын хуудасны 202 саналыг нэхэмжлэгч З.Х, үлдсэн 202 саналыг гуравдагч этгээд У.А авсан бөгөөд нэр дэвшигчдийн хэн аль нь олонхын санал аваагүй байх тул багийн Засаг даргын санал хураалтыг дахин явуулахаар шийдвэрлэжээ.
2.4. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, нийт 404 саналын хуудас дээрх тэмдэглэгээ нь тогтоосон журамд заасны дагуу хийгдсэн байх тул хүчинтэй, үүнээс тооцоход нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдэд өгсөн санал тэнцсэн, нийт саналын хуудасны 7 нь тогтоосон журмын дагуу тэмдэглэгээ хийгдээгүй үндэслэлээр хүчингүй болсон байх ба энэ нь шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
2.5. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д “Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал дараах нийтлэг бүрэн эрхтэй”, 32.8.4-д “баг, хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх”, 56 дугаар зүйлийн 56.5-д “Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг дараах журмаар явуулна”, 56.5.1-д “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болон аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь нам, эвслийн бүлэг, түүнчлэн иргэдийн Нийтийн Хуралд оролцогч дангаараа буюу хамтарч энэ хуулийн 56.3, 56.4-т заасан шаардлага хангасан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэхээр санал гаргана”, 56.5.2-т “энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх”, 56.5.3-д “хэрэв санал хураалтаар хэн ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хураалт явуулж олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх” гэж тус тус заасан.
2.6. Өөрөөр хэлбэл, багийн Засаг даргын санал хураалтад оролцсон 2 нэр дэвшигчдийн хэн аль нь олохын санал аваагүй байгаа энэ тохиолдолд дахин санал хураалт явуулахаар шийдвэрлэсэн нь дээрх хуульд нийцсэн байх ба энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
2.7. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн “Бугат сумын 4 дүгээр багийн Засаг даргад З.Х намайг нэр дэвшүүлсэн тогтоол гаргахыг иргэдийн Нийтийн Хуралд даалгах”, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн “Баян-Өлгий аймгийн Бугат сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан даргалагч Р.Х нь багийн Засаг даргад сонгогдохоор хамгийн олон санал авсан У.А намайг багийн Засаг даргаар томилох тухай тогтоол гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцож, Бугат сумын 4 дүгээр багийн Засаг даргаар томилох тухай тогтоол гаргахыг хуралдаан даргалагч Р.Х-т даалгах” шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
3. Дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзсан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй байна.
3.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлээр захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах учиртай. Захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулж, гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, захирамжилсан шинж бүхий захиргааны актын улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй гэж үзэж хүн, хуулийн этгээдээс гаргасан нэхэмжлэлийг харьяалан шийдвэрлэх бөгөөд хуульд заасан “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах” үндэслэл тогтоогдсон тохиолдолд тухайн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан.
3.2. Тодруулбал, нэхэмжлэгчээс Бугат сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлаас байгуулагдсан 4 дүгээр багийн Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэгт холбогдуулан гаргасан “Бугат сумын 4 дүгээр багийн Засаг даргад олонхын санал авсан З.Х миний санал хураалтын дүнг Бугат сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд гаргаж өгөхийг тус багийн иргэдийн Нийтийн Хурлаас байгуулагдсан Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэгт даалгах” шаардлага нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасныг үндэслэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.
3.3. Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно”, 5.1.1-д “төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага”, 5.1.2-т “хууль тогтоомжийг биелүүлж, захирамжилсан шийдвэр гаргадаг Засгийн газрын бус бие даасан агентлаг, түүнтэй адилтгах нийтийн эрх зүйн бусад байгууллага”, 5.1.3-д “захиргааны чиг үүргийг хууль болон нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээд”, 5.1.4-д “үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг төрийн ба холимог өмчийн сургууль, эмнэлэг, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, тээвэр, эрчим хүчний зэрэг байгууллагын захиргаа”, 5.1.5-д “нутгийн өөрөө удирдах байгууллага болон шийдвэр, үйл ажиллагаанд нь захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахаар хуульд тусгайлан заасан байгууллага” гэж тус тус зааснаас үзэхэд Бугат сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлаас байгуулагдсан 4 дүгээр багийн Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэг нь захиргааны байгууллага биш байх төдийгүй уг ажлын хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан шинжүүдийг агуулсан захиргааны акт гаргах эрх бүхий этгээд гэж үзэхээргүй байна.
3.4. Гэтэл анхан шатны шүүхээс “Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал нь хуралдаанаараа хэлэлцэж, нэг удаагийн шинжтэй асуудлыг тодруулбал, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх болон санал хураалтын асуудлыг шийдвэрлэж зохицуулах зорилгоор ажлын хэсгийг байгуулсан ... нэхэмжлэгчийн хариуцагчаар тодорхойлсон ажлын хэсгийг захиргааны байгууллага мөн ...” гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.
3.5. Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн зарим шаардлага болох Бугат сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд гаргаж өгөхийг тус багийн иргэдийн Нийтийн Хурлаас байгуулагдсан Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэгт холбогдуулан гаргасан “Бугат сумын 4 дүгээр багийн Засаг даргад олонхын санал авсан З.Х миний санал хураалтын дүнг Бугат сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд гаргаж өгөхийг тус багийн иргэдийн Нийтийн Хурлаас байгуулагдсан Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэгт даалгах” шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
4. Гэвч энэ нь давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 22 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8.4, 56 дугаар зүйлийн 56.5.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З.Х-ны Бугат сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасан “Бугат сумын 4 дүгээр багийн Засаг даргад З.Х намайг нэр дэвшүүлсэн тогтоол гаргахыг иргэдийн Нийтийн Хуралд даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг, гуравдагч этгээд У.А-ийн Баян-Өлгий аймгийн Бугат сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан даргалагч Р.Х-т холбогдуулан гаргасан “Баян-Өлгий аймгийн Бугат сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан даргалагч Р.Х нь багийн Засаг даргыг сонгох багийн иргэдийн нийтийн хуралдаанд багийн Засаг даргад сонгогдохоор хамгийн олон хүний санал авсан У.А намайг багийн Засаг даргаар томилох тухай тогтоол гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцож, Бугат сумын 4 дүгээр багийн Засаг даргаар томилох тухай тогтоол гаргахыг хуралдаан даргалагч Р.Х-т даалгах” бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж,
Тогтоох хэсэгт “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч З.Х-ны Бугат сумын иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаас байгуулагдсан багийн Засаг даргад нэр дэвшүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсэгт холбогдуулан гаргасан “Бугат сумын 4 дүгээр багийн Засаг даргад олонхын санал авсан З.Х миний санал хураалтын дүнг Бугат сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд гаргаж өгөхийг тус багийн иргэдийн Нийтийн Хурлаас байгуулагдсан Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэгт даалгах” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн 2 дахь заалт нэмж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын дугаарыг “3” гэж өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд У.А-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН