Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2017/00222

 

 

2017 оны 01 сарын 16 өдөр Дугаар 102/ШШ2017/00222 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 92 дугаар байр, 103 тоот хаягт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, М.Дамдинсүрэнгийн гудамж, 90 дүгээр байр, 601 тоот хаягт оршин суух, Боржигоно овогт Төмөрбаатарын Ганбаатар /РД:АИ78060312/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 90 дүгээр байр, С тоот хаягт байрлах, Монтоп Трейд ХХК /РД: 5501431/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: м.кв-ын зөрүү болон хохиролд 12.647.196 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Ганбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Баттулга /ШТҮД: 0921/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Ганбаатарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т.Ганбаатар нь Монтоп Трейд ХХК-тай Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд байрлах Тэнүүн Апартмент гэх нэртэй 9 давхар орон сууцны 6 дугаар давхрын 601 тоотод байрлах нийт 56.44 метр квадрат орон сууцыг нэг метр квадрат талбайн үнийг 2.300.000 төгрөгөөр тооцож нийт 129.812.000 төгрөгөөр харилцан тохиролцож орон сууц захиалгаар барих тухай гэрээ байгуулсан. Ингэхдээ нэхэмжлэгчийн зүгээс банкны зээлийн шаардлага хангуулахын тулд тухайн гэрээн дэх нэг метр квадратын үнийг 2.200.000 төгрөгөөр тооцож, нийт 124.168.000 төгрөг байхаар харилцан тохиролцож, 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр орон сууц захиалгаар бариулах тухай 0029 тоот гэрээ байгуулсан. Дээрхи гэрээг байгуулахдаа нэг метр квадратын зөрүү болох 100.000 төгрөг буюу нийт 5.644.000 төгрөгийг бэлнээр, 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 37.250.000 төгрөгийг хариуцагч компанийн дансанд шилжүүлсэн. Улмаар 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Голомт банкнаас орон сууцны зээл авч 86.900.000 төгрөгийг хариуцагч компанид төлж, нийт 129.812.000 төгрөгийг нэхэмжлэгчийн зүгээс бүрэн төлж дуусгасан буюу гэрээний үүргийн дагуу захиалагчийн үүргээ бүрэн биелүүлсэн. Үүний дагуу үнийг бүрэн төлж дуусгаснаар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ Т.Ганбаатарын нэр дээр гарсан. Үүнээс хойш нэхэмжлэгчид орон сууцны метр квадрат бүрэн эсэхэд эргэлзээ төрж барилгын тусгай зөвшөөрөл бүхий компани болох Уран Асар ХХК-аар 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хэмжилт хийлгэсэн. Энэхүү хэмжилтээр тухайн орон сууцны нийт метр квадрат нь 51.89 метр квадрат гэж гарсан бөгөөд гэрээний дагуу 56.44 метр квадратаас 4.55 метр квадратын зөрүү гарсан. Үүнээс харахад нэхэмжлэгч нь хариуцагч компанид илүү метр квадратын үнэ төлсөн, банкнаас авах шаардлагагүй байсан үнийн дүнгээр зээл авсан гэх зэргээр хохирсон. Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6 дахь хэсэгт зааснаар захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй байдаг. Харин захиалагч энэ үүргийг зөрчсөн байх тул нэхэмжлэгч тал гурван жилийн хугацаанд гомдлын шаардлага гаргах эрхтэй байх тул нэхэмжлэгч тал 4.55 метр квадратын зөрүү үнэ болох 10.465.000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтлийг хохиролд тооцно гэсэн байдаг. Үүний дагуу зээлийн гэрээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ зэргийг нотариатаар баталгаажуулсан зардал болох 19.100 төгрөг, орон сууцны метр квадратын дүгнэлтийн ажлын хөлс болох 77.835 төгрөг, банкинд илүү төлсөн зээлийн хүү болох 2.885.261 төгрөг буюу нийт 12.647.196 төгрөгийг хариуцагч тал болох Монтоп Трейд ХХК-аас гаргуулж өгнө үү. Хариуцагч компанийн зүгээс гомдлын шаардлага гаргах хугацаа дуусаагүй болон орон сууцны метр квадрат дутуу гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн ажил гүйцэтгэх гэрээний хувьд маргаж байгаа. Харин хариуцагчийн зүгээс худалдах худалдан авах гэрээ гэж үзэж маргаж байна. Иргэний хуулийн 198 дугаар зүйл, 41 дүгээр зүйлд зааснаар гэрээг тайлбарлахдаа тухайн гэрээний үгийн шууд утгыг тайлбарлана гэж тодорхой заасан байдаг. Талуудын хооронд байгуулсан гэрээн дээр захиалагч буюу ажил гүйцэтгэгч гэж тодорхой бичсэн байдаг. Мөн Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар ашиглалтын хугацаа гурван жил байна гэж заасан байдаг. Иймээс дээрхи гэрээ нь худалдах худалдан авах гэрээ биш тул Иргэний хуулийн 255 дугаар зүйл хамаарахгүй гэж үзэж байна. Хариуцагч талд дутсан метр квадратыг мэдэх боломжтой байсан гэж байна. Нэхэмжлэгчийн хувьд энэ нь мэдэх боломжгүй зүйл бөгөөд хариуцагч компанид итгэж хүлээж авсан нь итгэл эвдсэн зүйл болж байна гэв.

Хариуцагч Монтоп Трейд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний харилцааг зөв тодорхойлсноор нэхэмжлэгчийн дээр дурдсан асуудлууд өөр өөрөөр шийдвэрлэгддэг. Нэхэмжлэгч Т.Ганбаатар болон Монтоп Трейд ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээ нь Орон сууц захиалгаар барих гэрээ бус харин Орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. 2013 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр тухайн маргаан бүхий орон сууц маань Улсын Комисс хүлээн авч ашиглалтанд орсон байдаг. Барилгын бүхий л компаниуд гэрээний нэршлийн хувьд орон сууц захиалгаар барих гэрээ гэж нэрлэгддэг боловч орон сууц худалдах худалдан авах гэрээний зохицуулалттай стандарт нөхцөлтэй гэрээ байдаг. Тухайн гэрээтэй дагалдаж байгаа бусад баримт бичгийг үндэслэж уг гэрээг ямар гэрээ болохыг тодорхойлох нь зүйтэй. Гэрээний дагуу нэхэмжлэгч Т.Ганбаатар нь орон сууцыг өмчлөлдөө шилжүүлж авсан бөгөөд талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж Т.Ганбаатар үнийг төлж, орон сууцыг түүний өмчлөлд шилжүүлсэн учир гэрээний зохицуулалтын дагуу орон сууцны метр квадратын үнийн зөрүүг шаардах эрхгүй. Энэ хэргийг шийдвэрлэхэд нэхэмжлэгч хэдэн төгрөг нэхэмжилсэн болон тухайн орон сууцанд хэдэн метр квадрат дутсан нь ач холбогдолгүй юм. Тухайн үед нэхэмжлэгч эд хөрөнгийн биет байдлын доголдлын талаар мэдэх боломжтой байсан бөгөөд өөрийн хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд одоо ийнхүү нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэгч гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэж байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Ганбаатар нь хариуцагч Монтоп Трейд ХХК-д холбогдуулан орон сууц захиалгаар бариулах гэрээний доголдолд, холбогдох гарсан зардал хохиролд төгрөг, нийт 12.647.196 төгрөг гаргуулахаар шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 

Хариуцагч нь зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд нэхэмжлэгч шалгаж авах үүргээ биелүүлээгүйн улмаас гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан гэж эс зөвшөөрч маргаж байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Т.Ганбаатар нь хариуцагч Монтоп Трейд ХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээг 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан ба гэрээгээр хариуцагч буюу гүйцэтгэгч нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Тэнүүн апартмент-ын орон сууцны 6 дугаар давхарт 601 тоотын 56.44 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч буюу захиалагч нь орон сууцны үнэ 124.168.000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээж, гэрээний дагуу орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн ба нэхэмжлэгч нь үнийг төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, дансны хуулга, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, хариуцагч татгалзлын үндэслэлээ зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж тодорхойлж мэтгэлцлээ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг бол Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Дээрх орон сууцыг захиалгаар бариулах гэрээг 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ нэхэмжлэгчийн нэр дээр 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гарсан байх ба маргаан бүхий орон сууцыг 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актаар ашиглалтад оруулсан зэрэг үйл баримтаас үзэхэд хариуцагч тал нэгэнт бий болсон орон сууцыг санал болгосон, нэхэмжлэгч тал тохирсон үнийг төлсөн байх бөгөөд энэ тохиролцоо нь талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэх дүгнэлтэд хүргэж байна.

Маргааны зүйл болох Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Тэнүүн апартмент, 90 дүгээр байрны, 601 тоотод байрлах орон сууцны талбайн хэмжээ 52.17 м.кв болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож, хариуцагч нь гэрээгээр тогтоосон тоо хэмжээ бүхий эд хөрөнгийг хүлээлгэж өгөөгүй байна.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч орон сууцны талбайн зөрүү 4.27 м.кв талбайн үнийг буцаан шаардах эрхтэй. Гэвч Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т зааснаар худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцдог ба эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан худалдан авагч эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдахаар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заажээ.

Орон сууцны талбайн хэмжээ дутуу гэх доголдол нь хүлээж авах үед мэдэх боломжтой эд хөрөнгийн доголдолд хамаарах буюу сууцны талбайг хэмжих бололцоотой тул орон сууцны талбайн хэмжээг эд хөрөнгийг хүлээж авах үед мэдэх боломжтой гэж үзэж, Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д Эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан тохиолдолд худалдан авагч нь шаардлага гаргах эрхээ алдана заасныг баримтлан хариуцагч Монтоп Трейд ХХК-д холбогдуулан гаргасан м.кв-ын зөрүү болон үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас учирсан хохиролд 12.647.196 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Т.Ганбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4, 255 дугаар зүйлийн 255.1.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Монтоп Трейд ХХК-д холбогдох 12.647.196 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.Ганбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 217.305 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.МӨНХЦЭЦЭГ